04 сарын 23, Мягмар
°C
USD 3,376.32
USD 3,376.32
EUR 3,598.82
JPY 21.83
GBP 4,176.00
RUB 36.23
CNY 466.11
KRW 2.45

Аминаас үнэтэй эрх чөлөө

Энэ бичлэг маань уг нь эрх чөлөө, түүний үнэ цэнийн тухай их сайхан сэдэвтэй мөртөө сонгож авсан жишээ маань жаахан бараан өнгө аястай болгочихсон юм аа.

Тэгэхдээ энэ бол жинхэнэ "сонгодог" жишээ мөн, зөвхөн би ч сонгож байгаа юм биш, түүхийн энэ баримтан дээр үндэслэж хийсэн бөгөөд гол дүрд нь нэрт жүжигчин, найруулагч Клинт Ийствуд тоглосон нилээд алдартай кино бий. Дашрамд сонирхуулахад Клинт Ийствуд Сан Францискод төрсөн юм билээ. 

Эрх чөлөө гэж ...

Дэлхийн түүхэнд хичнээн улс орны хүмүүс зөвхөн үүний төлөө тэмцэж амь амьдралаа өргөв дөө. Хүн, нийгэмд амьдардаг учир мэдээж эрх чөлөө нь хязгаартай, тодорхой хуулийн хүрээнд байж таарна. Хэн юуг эрх чөлөө гэж үзэхээс үнэ цэнэ нь хамаардаг, аливаа юмны адил харьцангуй ойлголт юм даа. Хүнд ер нь өөрт нь байхгүй, дутуу юм л үнэтэй байдаг шүү дээ.

Миний дуртай "Flying Daggers" ("нисдэг чинжал" гэх юм уу даа) киноны гол баатар залуугийн хэлдэг "салхи мэт эрх чөлөө" гэдэг үг надад их таалагддаг. Нээрээ л салхи мэт эрх чөлөөтэй, юунд ч тэр, бүр гал халуун дурлалд ч баригдахгүй хүн дээ. Түүний энэ "салхи"-наас болж залуу сайхан бүсгүй амь үрэгддэг.

Энэ бол эртний сэдэвтэй, хутга сэлмээр байлддаг, үсэрч нисдэг хятадын панаалтай киноны нэг боловч чухамхүү эмэгтэй хүн л жинхэнэ ёсоор дурлаж бас түүнийхээ төлөө үхэж чаддаг гэдгийг харуулсан, гол дүрд нь бас нөгөө "Гейшагийн дурсамж"-д тоглож шуугиан тарьсан хятадын нэртэй жүжигчин сайхан бүсгүй тоглосон болоод ч тэр үү их дажгүй санагдсан.

За энэ кино ч яахав, та нар үзээ л байлгүй, тэр үедээ л юу юм гэхээс одоо салхи шиг эрх чөлөө ч гэж хаа байсийм. Гэхдээ л би үүнийг хэлэхдээ нээрээ л эрх чөлөөгөө илүү мэдрэх шиг болдог юм даа. Та нар ч гэсэн хэлээд үзээрэй.

Гэм буруутайн улмаас эрх чөлөөгөө хасуулсан хоригдол, хэн нэгнээс хараат болсон эрх мэдэлгүй нэгэн, тэр байтугай тор хашаанд хашигдсан амьтан ч хүртэл боломж олдвол "сараалж"-наас мултрахыг бодно доо.

Энэ ч хаа ч байдаг л үзэгдэл, манайд ч зөндөө л оргож л байдаг. Харин миний өгүүлэх түүх бол амьд гарах магадлал нь өчүүхэн бага, бараг байхгүйтэй адил байхад л оргоод, тэгээд мэдээж үхчихэж байгаа юм. Уг нь тэгж үхсэнээс торон дотроо ч болов "амьдаараа" сууж байвал дээр баймаар.

Чухам үүнд л эрх чөлөөний үнэ цэнэ оршдог бололтой. Эрх чөлөө эсвэл үхэл... амь нас, амьдрал нь зорьсон зорилго, зүтгэсэн үйлсийнх нь дэргэд өчүүхэн санагдах эх оронч юм уу эсвэл шашин шүтлэгтэй холбоотой үзэл санааны итгэл үнэмшлээс огт өөр бөгөөд амьд гарах найдлагагүй ч эрх чөлөөгөө олохын төлөө үзээд алдахаас буцахгүй, хэдийгээр хар мөртэй хазгай явдалтай нэгэн атугай ч жирийн хүнд баймгүй дэндүү их зүрх, зориг харагддаг юм аа. 

За энэ түүхийг өгүүлэхийн өмнө жаахан тайлбар хэлээдхий. Бас л Сан Франциско гээд эхлэхээс, энүүхэндээ гэхэд сонин хачин зүйл ихтэй, газар газрын жуулчны хөл тасардаггүй энэ хот надад таалагддаг аа.

Сан Францискогийн далайн булангийн усанд эх газраасаа хааш хаашаагаа 1 -1,4 орчим миль (гэж бичсэн байсан, минийхээр бол хамаагүй л хол юм шиг санагдаад байгаа юм, 1 миль нь 1,6 км-тэй тэнцүү) зайтай оршдог нэг бяцхан арал бий.

Америкийн нэгэн үеийг донсолгож байсан хамгийн дуулиант гэмт хэрэгтнүүд, мафийн толгойлогчид, гангестерууд буюу зэвсэгт дээрэмчид гэх мэт "хар ертөнцийн" алдар цуутай хүнд гаруудыг хорьдог байсан Рок гэдэг нэртэй шорон энэхүү Алкатраз хэмээх арал дээр байрлаж байсан бөгөөд хожим нь татан буугдаж музей байгуулсан нь хэрэгт дуртай аянчин, жуулчин нарын сонирхон үздэг газрын нэг болжээ.

19-р зууны тавиад оны үед Калифорнид алтны ордууд нээгдэж дэлхийн өнцөг булан бүрээс олз омог хайн аз туршсан олон зуун мянган хүмүүс цуглан Сан Францискогийн буланг дүүргэснээс түүнийг хамгаалалтанд авах зорилгоор уг арлыг цэргийхний мэдэлд өгчээ.

Алтны эрэлчдийн эмх замбараагүй урсгал нь Калифорнийн алтны хумхаа хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Энэ "сайн дур"-ын алтны хайгуулчид нь манай одоогийн нинжа нарын "өвөг" байсан бололтой. Калифорни муж нь цаг агаар дулаан, амьдрах орчин нөхцөл таатай, байгаль нь үзэсгэлэнтэй, газар шороо нь үржил шимтэйгээс гадна алтны нөөц баялаг ихтэйгээс Golden State гэж нэрлэгджээ.

Мэдээж энд ажил хэрэгч хүмүүсээс гадна хаа газрын ажилгүйчүүд, тэнэмлүүд, хялбар олз олохыг горилогчид, гэнэт баяжихыг хүсэгчид, адал явдал хайгчид гэх мэт буруу гарынхан олноор цугласнаар хулгай, луйвар, дээрэм, биеэ үнэлэх, хүн амины гээд гэмт хэргийн бүх л "нарийн мэргэжил"-ийн "үйл ажиллагаа " тасардаггүй байсан биз.

Бас алтны эрэлчдийн хөлөг онгоц, завь хэт олширсон тул осол аюулаас сэргийлж зүг чиг заах анхны гэрэлт цамхгийг арал дээр байгуулав. Дараа нь манан татаж үзэгдэх орчин муудах үед чиглэл зааж өгөх дуут дохиог нэмж байpлуулжээ. Сүүлд 1909 онд барьсан 84 фут ( 26 м)- ийн өндөртэй гэрэлт цамхаг нь одоо хүртэл өдөр шөнийн аль ч цагт хугацааны ижил давтамжтайгаар гялалзан дохио өгч үүргээ гүйцэтгэсээр байгаа.

Цэргийнхэн уг арал дээр армийн гэмт хэрэгтний хорих газрыг байгуулж бараг 80 жил орчим "эзэгнэх"-дээ Рок шоронгийн барилга, туслах аж ахуйн байрнууд, цэргийхний сууц, хамгаалалтын торон хашаа зэргийг барьжээ. 1906 оны газар хөдлөлтөөс болж гарсан гал түймэрт Сан Франциско шатах үед хотын бусад шоронгуудаас хоригдлуудыг арал дээрх цэргийн шоронд нүүлгэн шилжүүлснээр хамгийн олон "орон тоо"-той буюу 302 (400 гаруй, бүүр 500-гаад хүнтэй болсон гэж зарим хүмүүс бичсэн байдаг юм билээ) хоригдолтой болж байв.

Ингээд 1934 онд уг арлыг Холбооны хорих газруудыг удирдах товчоонд хүлээлгэн өгснөөр Америкийн гэмт хэргийн ертөнцийн акулуудын "орон гэр" болсон онцгой дэглэмт Рок шоронгийн түүх эхэлж байгаа юм даа...

Үргэлжлэл бий...

 

           
                 Алкатраз арал                  
                   1895 онд                 
                                                    
 

Харуулын цамхаг ба тэр үед үйлчилж байсан машин 
  
                                               


 
Арлын ерөнхий байдал, цаана нь Сан Франциско хот харагдаж байна 

Голд нь байгаа байшин бол "The Rock" шорон

Усан онгоцноос харагдаж буй арлын нэг тал

    

            Хорих байрны гол хаалга

         
 
                 Шорон руу ордог хаалга



     Алкатраз арал дахь АНУ-ын хорих газар

    Рок шоронгийн хаяг одоо болтол байдаг

        

Энэ харуулын цамхаг дээрээс арлыг бүхэлд нь     
                 харж болно.                

Гэрэлт дохионы цамхаг, цаана нь 1970 онд шатсан харуул хамгаалагч нарын байр. Энэ байрыг 1910 онд барьсан гэсэн.

 
Арал дээр цэвэр усгүй тул хотоос зөөж энэ 250,000 галлон буюу 950 мкуб багтаамжтай бункерт хадгалаад унданд биш угаалга зэрэг ахуйн хэрэгцээнд хэрэглэж байжээ. Наана нь түймэрт шатаад балгас болчихсон офицеруудын ордон

 

 

 

Шоронгийн гаднах байдал

 

  Шөнийн Алкатраз

Үргэлжлэл бий....


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.