04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

Аминаас үнэтэй эрх чөлөө 2-р хэсэг

Энэ маань өмнөх бичлэгийн үргэлжлэл бөгөөд бичих гээд байгаа түүх маань Сан Франциско хотын сонирхолтой үзмэрүүдийн нэг, аялагч жуулчлагч болгоны заавал орж үздэг Алкатраз арлын домогт шоронтой холбоотой юм аа.

Одоо бол музей болчихсон, ийшээ хотоос 15 минут усан онгоцоор аялаад л оччихно. Бас 10 ногооноор арал дээр гарахгүй зөвхөн гадуур нь тойроод Голден Гэйт гүүрийн доогуур гарч Номхон далайн зах руу орж үзүүлдэг хувийн жижиг онгоц, мотортой завьтай "халтуурчингууд" зөндөө байдаг юм. 

Хүмүүсийн үүнийг үзэх дуртай гэж, тусгай том рейсийн усан онгоцоор арал дээр очиж, музейн тайлбарлагчаар үүх түүхийг нь яриулж, эд мөрийн баримтуудийг үзэх нь багадаад нөгөө цуутай гэмт хэрэгтнүүдийн хоригдож байсан өрөөнд нь орж торон хаалгыг нь хааж байгаад хоригдол шиг л дурсгалын зураг татуулж ч байх шиг. Зарим нь бүр хүүхдүүдээ ч торны цаана "суулгаад" зургийг нь авч байх юм, мөн ч саваагүй улсууд шүү. 

1934 онд Алкатраз арал дээр хатуу чанга харуул хамгаалалтаас гадна далайн булангийн ширүүн урсгалт, хүйтэн усаар эх газраас бүрэн тусгаарлагдсан "Рок" шоронг байгуулж америк орны өнцөг булан бүрээс гэмт ертөнцийн "босс"-уудыг шилжүүлэн авчирлаа.

Уг шоронг нэрд гарахад "хувь нэмрээ" оруулсан, одоо ч хоригдож байсан өрөө, хэрэглэж байсан эд хогшлыг нь үзэж сонирхохоор өчнөөн хүн цувж байдаг, "улсын дайсан, нэг дугаарын гэмт хэрэгтэн" гэхчилэн "хар" жагсаалтыг тэргүүлсэн олон хүн энд амьдралынхаа урт богино хугацааг өнгөрөөжээ.

Томуудаас нь товч дурдвал чулуун зүрхт алуурчин, хорь хүрээгүй байхдаа эхний хүн амины хэргээ үйлдэж, долоон жилийн дараа мянга нэг зуун хоригдлын өмнө шоронгийн хуягийг хутгалж алаад цаазлуулах ял авсан ч ээж нь хөөцөлдөж байж бүх насаар нь хорих ялаар солиулж дөнгөсөн, "алкатразын шувуучин" хочит Роберт Страуд энд 17 жил "амьдарчээ".

Нэг удаа шоронгийн хашаан дотроос бэртсэн шувуу олж асран тэжээснээс хойш нийтдээ 300 гаруй шувууг өсгөн үржүүлж, тэдний амьдралд ажиглалт судалгаа хийж тэр ч байтугай "Канарын бялзуухай", "Шувууны өвчин" гэж хоёр ном бичиж хэвлүүлсэн байна.

Бага залуу насандаа зэвсэгт дээрэмчдийн бүлгийг толгойлж явсан америк-италийн мафийн сүлжээний томоохон удирдагчийн нэг, 1929 онд" Валентины өдрийн хядлага" гэгчийг зохион байгуулж нэг дор долоон хүнийг цааш нь харуулж явсан, итали гаралтай цагаачийн хүү Аль Капоне буюу Том Аль нэрээр алдаршсан Алфонсе Капоне энд дөрвөн жил хагас суужээ.

1920-иод оны "хуурай хууль"-ны үеэр нууцаар архи дамлах, янхны ба мөрийтэй тоглоомын газар, шөнийн клубуудыг хяналтандаа байлгаснаар ихээхэн ашиг орлого олж , хөрөнгөнийх нь хэмжээ 1929 онд тэр үеийн ханшаар 62 сая долларт хүрсэн байна. Тиймээс "нарс"-анд биш амралтанд амарч буй хүн шиг л тансаг амьдарч байжээ.

Мөн энд галт зэвсэг хэрэглэн банк тоногч, хүн барьцаалагч "автомат" хочит Жорж Келли болон өөр бусад хүнд гэмт хэрэгтнүүд хоригдож байв. Энэ шорон байгуулагдсанаас хойших 29 жилийн хугацаанд оргох оролдлого 14 удаа гарснаас ганцаас бусад нь амжилтгүй болж зарим нь харуулд буудуулж, усанд живж эсвэл баригджээ.

Энэ ганц "амжилттай" тохиолдлыг бичих гээд л оршил болгож олон юм нуршаад байгаа нь энэ. Зэвсэгт дээрэмчин, банк ухагчид болох Фрэнк Моррис, ах дүү Жон ба Кларенс Энглин нар 1962 оны 6-р сарын 11-ний шөнийн 10 цагт "гэр"-ээсээ гарч явжээ.

Үүний тулд тэд удаан хугацааны туршид маш нарийн бодож боловсруулсан төлөвлөгөөний дагуу ажилласан байна. Шоронгийн дотор ба гадна талын хамгаалалт, өчүүхэн сэжиг авхуулбал өчиггүй буудуулах аюүлыг давлаа гэхэд завьгүй улс чинь арлын эргэн тойронд буй их усыг сэлээд эх газар хүрнэ гэдэг үнэхээр бүтэшгүй зүйл ч тэд азаа туршихаас буцсангүй.

Далайгаас орж ирдэг ширүүн урсгалтай 10- 12 градусын хүйтэн усанд байнгын дасгал сургуулилт хийгээгүй, чанартай хоол ундаар тордоогүй сул биетэй, шоронгоос хулгайлж авсан борооны резинэн цувыг ашиглаж хийсэн сал (за үүнийг яаж хийснийг би мэдэхгүй, ингэж бичсэн байна лээ, бодвол хийлдэг барьдаг юм байсан юм болов уу ), модон сэлүүр төдийхөнтэй наад зах нь 1600 м газар сэлнэ гэдэг бол хэн хүн зориглох юм биш ээ.

Адаглаад ийм хүйтэн усанд удахаар гар хөлийн шөрмөс татчихна биз дээ.Тэд бүх юмыг тал бүрээс нь нарийн нямбай бодож, явахдаа орон дээрээ цаас, хүний үсийг ашиглаж хийсэн хиймэл толгой тавьж тогтмол цагуудад эргэлт хийдэг шөнийн эргүүлүүдийг молигодож өглөөний босолт болтол цаг хожсон байгаа юм.

Гэсэн ч тэднийг дахиад хэн ч хэзээ ч хараагүй, нисдэг тэрэг, хөлөг онгоц бүхий нэмэлт хүчний хамт бүх далайн булан, эрэг орчмыг самнаад олж чадаагүй. Тэднийг орон даяар эрэн сурвалжилж зуун мянган долларын шагнал амласан ч үр дүнгүй болж тэр гурвыг усанд живсэн гэж таамаглаж сураггүй алга бологсдын жагсаалтанд оруулжээ.

Эрлийнхэн, Голден Гэйт гүүрийн орчмоос усанд нэвтэрдэггүй цаасанд боосон ах дүү Энглин нарын зураг захиа сэлт, сэлүүр, хоёр аврах хантааз зэргийг олсноос гадна хэдэн долоо хоногийн дараа Сан Францискогийн эрэгт их ойрхон шоронгийн хувцастай ижил хөх өнгийн хувцастай хүний цогцос олдсон ч усанд удаж муудсанаас хэн болохыг нь таниагүй байна. 

Уг нь дөрвүүлээ зугтахаар тохирсон ч дөрөвдэх этгээд болох Аллен Уэст оргож чадаагүй үлджээ. Энэ бодит түүхээс үндэслэн 1979 онд хийж Клинт Ийствудын гол дүрд нь тоглосон "Алкатразаас оргосон нь " гэдэг кинон дээр их тодорхой харуулдаг.

Энэ шоронг 29 жилийн дараа, 1963 онд хааж татан буулгасан нь дээрх гурван хоригдол оргосонтой холбоогүй огт өөр шалтгаанаас болжээ. Учир нь бүх хоол хүнс, ахуйн хэрэгцээний зүйлсийг хотоос усан онгоцоор тээж авчирдаг, арал дээр цэвэр усны эх үүсвэр байхгүй тул долоо хоногт нэг сая галлон (аймаар их тоо байгаа биз, далайн ус чинь хүнд ямар ч хэрэггүй эд дээ, 1 галлон нь 3,78 литртэй тэнцэнэ ) ус шаардагддаг нь үйлчилгээний зардлыг үлэмж ихэсгэж бусад ижил зэрэглэлийн шоронтой харьцуулахад нэг өдөрт 3,3 дахин их мөнгө зарцуулж байв. 

Хүнд эрх чөлөө хичнээн хэрэгтэй ч энэ насны амьдрал, амь нас илүү үнэтэй биз дээ. Амь амьдралаараа дэнчин тавьж эрх чөлөөний төлөө зориг гарган тэмцсэн ч тэд санасандаа хүрч чадаагүй. 

Сүүлд 2003 онд хоёр нөхөр, яг эд нар шиг хувцас хэрэгсэлтэй, ижил нөхцөл байдалд арал дээрээс "оргосон" нь амжилттай болж дээрх гурвыг амьд гарсан гэж одоо болтол яригддаг таамаг, цуу яриаг дэвэргэсэн ч энэ туршилт нь юуг ч батлахгүй юм. 

Сэтгэл зүйн болон биеийн сайн бэлтгэлтэй, тогтмол дасгал хийдэг хүмүүс энэ зайг төвөггүй туулдаг бөгөөд бүр 10 - аад настай хүүхэд ч сэллээ гээд сонин дээр гарсан байсан. 

Тэдгээр эрх чөлөөний "эрэлчин" оргодлуудад тэр шөнө чухам юу тохиолдсоныг зөвхөн тэнгэр бурхан л мэдэх байх даа. Хүч тамираа баран хувь заяатайгаа эвлэрээд хүйтэн усны гүн ёроол руу үүрд одсон уу, "од" шүүрч амьд гараад "хавтгай" дэлхийн хаа нэгтээ нууцхан амьдарч өөрсдийнхөө тухай үлгэр домгоо сонсоод хөх инээд нь хүрч суудаг ч юм уу, бүү мэд дээ. 

 



Алкатраз арал

Рок шорон - музей

Шоронгийн гол коридор буюу Бродвэй гэж нэрлэдэг байжээ

Хорих өрөөнүүд

    
"Хүндэт самбарынхан" буюу цуутай  хоригдлууд                       

1963 оны 3-р сарын 31-ний  өглөөний цайны цэс. Дунд зэрэглэлийн зочид буудлын өглөөний цайнаас илүү байгаа юм даа !

 

Оргодлууд хиймэл толгой хийж орон дээрээ тавиад шөнийн харуулуудыг хуурсан нь

Энийг харсан шөнийн харуулууд огт сэжиг аваагүй гэнэ лээ


Оргодлуудын нууцаар ухаж бэлдээд оргосон нүх

"Сайн дур"-ын хоригдол

Харуулын цамхаг

Харуул хамгаалалтын хяналтын төв

Харуулын цамхаг

 

Нисэх онгоцноос авсан арлын зураг

 

Алкатраз аралд тавтай морилно уу


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.