05 сарын 04, Бямба
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулав.

Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар Үндэсний их баяр наадам, Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой болон тус Ерөнхий консулын газар Сан Франциксо хотод үйл ажиллагаагаа эхлүүлсэнтэй холбогдуулан хүндэтгэлийн арга хэмжээг 6 дугаар сарын 28-ний өдөр зохион байгуулав.

Энэхүү арга хэмжээнд АНУ-ын Төрийн департаментийн Сан Франциско дахь гадаад орнуудын Дипломат төлөөлөгчийн газруудыг хариуцсан Бүсийн захирал Патрисиа Г.Хаес, Азийн сангийн Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Сузанне Сискел, Сан Франциско хотын Захирагчийн Тамгын газрын удирдах ажилтнууд, мөн тус хот дахь бусад улсын консулын байгууллагуудын төлөөлөгчид, Бектел зэрэг хувийн хэвшлийн компаниуд  болон тус хотод оршин суугаа монгол иргэдийн төлөөлөл оролцов.

Хүндэтгэлийн арга хэмжээг нээж Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Н.Анхбаяр үг хэлэв.

Тэрээр Тулгар төр байгуулагдсаны 2221 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн Үндэсний их баяр наадмын мэндчилгээг дэвшүүлээд, Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших өнгөрсөн 25 жилийн хугацаанд хоёр улсын харилцаа улс төр, худалдаа, эдийн засаг, батлан хамгаалах болон боловсролын зэрэг бүхий л салбарт амжилттай хөгжсөнийг онцлон тэмдэглэж, ирэх жилүүдэд улам илүү хөгжинө гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв. 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-д, АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жой Байден Монгол Улсад хийсэн айлчлалууд нь хоёр талын харилцаа амжилттай хөгжиж буйн нотолгоо болохын зэрэгцээ Сан Франциско хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээгдсэн нь хоёр улсын харилцаанд гарсан томоохон үйл явдал болсныг тэмдэглэж, тус газар Монгол Улс болон АНУ, нэн ялангуяа консулын тойргийн муж улсууд хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны болон худалдааны гүүр болон ажиллахаа илэрхийлэв.

АНУ-ын Төрийн департаментийн Сан Франциско дахь гадаад орнуудын Дипломат төлөөлөгчийн газруудыг хариуцсан Бүсийн захирал Патрисиа Үндэсний их баяр наадам, Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн баярын мэндчилгээг дэвшүүлж, Монгол Улс АНУ-ын Сан Франциско хотод Ерөнхий консулын газар нээсэн явдал нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаанд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэн, үйл ажиллагаанд нь амжилт хүсэв. Тэрээр хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж, өндөр, дээд түвшний айлчлалын давтамж тогтмолжиж, хамтын ажиллагаа бүх салбарт тодорхой агуулгаар баяжин хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв.

Арга хэмжээний үеэр Монголын урлагийн тоглолт болов гэж ГХЯ-ны ОНХГ-аас мэдээлэв.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.