03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

Монгол залуус зэвсэгт дээрэмчнийг үйлдэл дээр нь баривчиллаа

Пүрэв гарагийн орой Оакланд хотноо хоёр Монгол залуу Солонгос дэлгүүрт зэвсэглэн халдсан этгээдтэй нүүр тулан үзэлцэж аюулгүй болгох үедээ буудуулан шархадсан хэдий ч дээрэмчнийг баривчлан гавлаад цагдаад тушаасан байна. Гэмт этгээдүүд хоёулаа байсан бөгөөд дор бүрдээ гар буугаар зэвсэглэсэн байжээ. Монгол залуусын нэг Лхамжавын БАТ-ӨЛЗИЙТЭЙ очиж уулзлаа. Тэрээр гэрээр эмчилгээ хийлгэхээр эмнэлэгээс гарсан байв. Сум түүний зүүн гарын шууг нэвтлээд гарахдаа азаар ясыг нь дайраагүй гэнэ. Ийм явдал болжээ. Тэр үдэш Бат Өлзий, Зоригоо хоёр Монголчууд төвлөрөн суудаг Жексон гудамжны захад байдаг Солонгос дэлгүүрт тамхи авахаар оржээ. Энэ үеэр дэлгүүрт худалдагч Солонгосоос өөр хүнгүй эл хуль байж...

Өлзий бие чинь яаж байна. Өчигдөр юу болов оо?

bat-ulziiБие гайгүй ээ, гар л янгинаад өвчин орж байна, эмч нар сум яс дайрч гэмтээгээгүй байна гэсэн. Зоригоо маань хүндхэн байгаа байх, сум Зоригоогийн баруун шанааг сэтлэж ороод хүзүүгээр нь гарсан гэнэ, бас нэг сум баруун уушиг хавьцаа нь тусаад тогтсон байгаа, тэр сумыг одоохондоо авахгүй гэхдээ амь насанд аюулгүй болгосон гэсэн. Өчигдөр Зоригоо бид хоёр тамхи авахаар булангийн дэлгүүрт орсон юм. Тэгээд үг сольж ч амжаагүй байтал гэнэт нэг хар залуу лангуу тойрсноо худалдагч дээр очиж буу гаргаад шууд тулгасан, хажуу тийшээ хартал Зоригоогийн ард бас нэг хар залуу ирчихсэн нуруунд нь гар буу тулгаад зогсож байв. Гэтэл нөгөө Солонгос юм аваад шидэх шиг болох үед буу дуугарсан, яг энэ үеэр Зоригоо эргээд ардаа байгаа харыг цохиод унагасан. Зоригоо яг онож сайн цохисон доо, Тэр хар унахдаа буудаад эхэлсэн, Зоригоо ч дээрээс нь дараад унасан, би буу барьсан гар руу нь үсрээд ноцолдоод эхэлсэн. Тэр үеэр нөгөө хар нь гарч зугтасан байх. Бүх юм яах ийхийн зуургүй болоод өнгөрсөн.

Хэдий хэр насны харууд вэ, буунаас нь яаж байж салгав, суманд оногдохоо мэдэрсэн үү?

Хорь гаруй насны байхаа, нөгөө л нэвсийсэн өмд цамцтай юмнууд. Тэд юм (хар тамхи) хэрэглэсэн байсан байх гэж санаж байна. Нилээн өндөр, цул булчин шөрмөс болсон бяртай залуу байсан, би буу барьсан гарынх нь шуун дээр нь эрхий хуруугаа гүн шигтгэж байж бууг нь салгаад худалдагч руу шидсэн. Тэгээд Зоригоо бид хоёр доош нь харуулаад гарыг нь нугалах үед нөгөө Солонгос худалдагч бидэнд гав шидэж өгсөн. Тэгээд гавлаад Зоригоог хартал нүүр нь нил цус, Зоригоо -Өлзий ахаа таны гарнаас цус олгойдоод байна дараарай... гэсэн, би Зоригоогийн цээжнээс урсч байгаа цусыг тогтоох санаатай будилж байтал цагдаа орж ирсэн байх. Суманд оногдохоо мэдэрсэн тийм юм байхгүй, бөөн ноцолдоон болсны эцэст нөгөө мууг гавлаад нил улаан цус болсон улс л бие биенээ харж байгаа юм чинь. Ийм л юм болсон.

Нөгөө хар хаашаа зугтаасан бэ, тэр буудсан уу, Цагдаа хэр удаж байж ирсэн бэ, хэн дуудсан бол, түргэн тусламж зэрэгцээд орж ирсэн үү?

Худалдагч нууц дохиололоо тэднийг орж ирэнгүүт дарж амжсан байх, цагдаа түргэн хоёр бараг зэрэгцээд орж ирсэн дээ. Нөгөө хар буугаа алдангуутаа зугтаасан байх, гэхдээ амжаад Солонгосыг хэд хэд буудсан байсан.

Цагдаа нар орж ирээд нөгөө харыг аюулгүй болгосныг хараад яаж байх юм?

Гав тэр худалдагчид бэлэн байжээ. Цагдаа нар бөөнөөрөө орж ирээд алга ташаад байсан, тэгээд түргэн биднийг аваад гарсан, эмнэлэг дээр очоод надаас товч мэдүүлэг авч байсан. Шууд тариа хийгээд дусал залгадаг юм билээ.

Нөгөө Солонгос худалдагч хаанаа буудуулсан бол, тэр та хоёртой юм ярьсан уу, дэлгүүрийн эзэн энэ тэр хүмүүс эмнэлэг дээр ирж уулзав уу?

Тэрийг харж амжаагүй лав л бууны суманд оногдсон, шархадсан. Арай гайгүй бололтой эмнэлэг явахдаа бид хоёр руу Солонгосоор баярлалаа гээд байсан. Эмнэлэг дээр Солонгос энэ тэр хүмүүс надтай уулзаагүй, тааралдаагүй.

Мэдээж дэлгүүр болгон камертай байдаг, бичлэг олж үзвэл бүх юм тодорхой харагдах байх даа?

Камерын бичлэгийг цагдаа нар авсан байхаа, нээрээ олж үзэх юмсан. Биднийг орoход дэлгүүрт өөр хүн байхгүй л байх шиг байсан, нэг мэдэхэд буутай хар хоёр талаас гараад ирсэн.

Та нарын салгасан тэр буу ямар буу болохыг нь анзаарсан уу?

Анзаарсан, сумны хүхээ нь дээрээ эргэлддэг орос револвер шиг буу байсан, харин ардаа татдаг замаг нь байхгүй автомат цэнэглэгчтэй буу байсан.

Бүх юм болоод өнгөрсний дараа юу бодогдож байна вэ?

Үгүй яахав дээ. Бид хоёр азтай л амь гарлаа. Одоо бодoход амь алдaхад ойрхон очжээ. Тухайн үед ийм тийм юм бодохтой манатай шууд улайраад ноцолддог юм билээ. Ер нь тэгээд хүмүүст захихад сэрэмж болгоомтой яваарай л гэж хэлмээр байна.

Ардаа ажилтай цаг давчуу явсан тул Бат Өлзийтэй ийнхүү товч хөөрөлдөөд гарлаа. Оакландын Highland эмнэлэгт эмчлүүлж байгаа Ганболдын ЗОРИГООТОЙ утсаар ярьж биеийг нь асуулаа. Тэрээр дусал залгуулаад хэвтэж байгаа тул удаан ярилцаж чадсангүй. Удахгүй түүнийг уншигч тантай уулзуулнаа, Зоригоодоо хурдан эдгэрэхийг хүсэн ерөөе!

Д. Цэрэндорж
2009.3.20
Оакланд хот

Эх сурвалж: zamdaan.com

Англи хэл дээрх мэдээллийг энд дарж уншиж болох нь

http://www.insidebayarea.com/ci_11958166?source=most_emailed


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.