05 сарын 03, Баасан
°C
USD 3,380.31
USD 3,380.31
EUR 3,622.00
JPY 21.74
GBP 4,235.02
RUB 36.63
CNY 466.82
KRW 2.46

Монголоо санан дуулсан үдшийн тэмдэглэл

Америкийн тусгаар тогтнолын баяраар сайхан амарцгаав уу?
Бямба гарагт Оакланд хотноо “Монголоо санан дуулъя
” нэртэй уран бүтээлийн тоглолт цэнгүүн урамтай сайхан боллоо. Соёл урлагийн их сургуулийг дуулаачийн мэргэжилээр төгссөн ангийн андууд Д.Өнөрбаатар, Ц.Батхуяг нар Америкийн баруун эрэгт хамтарсан тоглолтоо ийнхүү амжилттай эхлээд байна.

Эгшиг аялгуу бүхэнд нь эх нутгийн салхи шингэсэн энэ үдшийн цэнгүүнд хүрэлцэн ирсэн монголчууд маань залуу дуучидтай хамтдаа дуулж ханатлаа бүжиглэн амралтын нэгэн үдэш ая дуугаар нутгаа санан амьсгалав.

Тоглолтын салхийг хагалж Нюанс хамтлагын дуучин Өнөрөө “Аялгуут нутаг”, мөн өөрийн зохиосон нэгэн шинэ дууг, Хуягаа “Сайхан Монгол орон”, “Ононы шугуй” дуугаа дуулмагц үзэгчид тэдний дараагийн дуулсан дуу бүрийг даган түрж гарлаа.
Авъяаслаг залуус тоглолтынхоо дундуур дуулаачийн эрдмийг заалгасан багш нараа дурсан сэтгэлийн үг хэлцгээв. Өнөрбаатарын багш нь Үндэсний дуурь бүжгийн театрын гоцлолд дуучин "Зэрэг нэмэхийн өмнө" киноны Долдойн дүрээр олны сэтгэлд хоногшсон, гавъяат жүжигчин Жамъянжав гуай юм байна. Харин Батхуягын багш бол эх орондоо төдийгүй дэлхийд "монголын аргил хоолойт" хэмээх нэрээр танигдан хүндлэгдсэн Монгол Улсын ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Пүрэвдорж агсан ажээ. Батхуяг - Би тэр агуу хүний отгон шавийн нэг, багш минь өндөр настай хэдий ч надад хичээлээ заахаар таягаа тулаад ирдэг байсан даа ... хэмээн дурссан.
Тоглолтын дундуур Батхуягын охин Болороо аавдаа зориулж хөгжим найруулыг нь өөрөө гардан хийсэн Vanessa дууг дуулж сайхан бэлэг барьлаа. Тэрээр бас аавынхаа тоглолтыг сонирхуулахаар Америкт анх ирээд сагсан бөмбөг заалгасан дасгалжуулагч багшаа урьсан нь үзэгчдийн дундах “гадаадын” ганц хүн байлаа. Өвөр эгнээнд суугаа биерхүү хижээл эртэй танилцаж хэдэн үг солиход – Намайг Морел Смит (Morrel Smith) гэдэг, би Болороог Линколн бага сургуульд (Lincoln Elementary) орсон цагаас сагсан бөмбөг зааж байна, Болороо маш олон талын авъяастай идэвхтэй сайн хүүхэд, манай багийн шилдэг тоглогч хэмээн магтаалын үг харамгүй урсгав. Монгол хүүхдүүд маань хаа ч очсон сурлага, урлаг, спортыг хослуулан хиймортой сайн явааг сонсоход таатай.

Өнөрөөгийн 3 настай охин тайзан дээр гарч ирж аавдаа амьд цэцгийн баглаа барин баяр хүргэн олны өхөөрдөл хайрыг эрхгүй татаж байлаа. Өнөрөө "Нюанс" хамтлагтайгаа үргэлж хамт гэдгээ нотлон “Parla piu piano” дууг италаар, “Москва орчмын үдэш”-ийг оросоор дуулсны дээр бас америкт аж төрж буйгаа батлан Falling in Love дууг англиар дуулж сонирхуулав. Мөн Батхуяг “Ононы шугуй”, “Балжийн гол”, Өнөрөө “Тоонот нутаг” зэрэг буриад ардын дууг чадварлаг дуулж байсан нь Хэнтий, Сэлэнгэ нутгийн хоёр багшынх нь шавь нартаа шигтгэж өгсөн дуулах эрдмийн нөлөө болов уу.

{youtubejw}7b4HNwXtSog{/youtubejw}

{youtubejw}D1PoIrkzcPI{/youtubejw}

{youtubejw}XFaGwoYhO60{/youtubejw}

Энэ үдшийн цэнгүүнд шигтгээ болсон олон хөтөлбөр байсан. Тухайлбал яруу найрагч Ганбаатар найраг шүлгийн дээжээсээ уншиж үзэгчдийн дундаас Шинээ, Сараа нар тайзнаа гарч дуучидтай хамтдаа ая дуулав. Мөн билетийн дугаараар хонжворт сугалаа явуулж дөрвөн азтанг монгол руу хайрцаг ачаа үнэгүй илгээх эрхээр шагнасан нь хүрэлцэн ирсэн цөөхөн үзэгчдэд хүндэтгэн барьсан урамтай бэлэг байлаа. Залуу дуучдын гэр бүл хоёр бүсгүй идээ ундаа зууш амттан халуун цай кофегоор үзэгчдэд үйлчлэн арын албыг ая тухтай саадгүй залгуулсныг онцлон дурдмаар байна.

Тоглолтын дараа БАМХ-ноос дуучин залууст дурсгалын бичиг гардуулж уран бүтээлийн улам их амжил хүссэн юм. Зарим дууны аранжировк бичлэгийг Бэй Аэриад аж төрөн суугаа авъяаслаг хөгжимчин Отгоо гардан хийж хөгжмийн найруулга тохиргоог Оакландын Төмөрбаатар, Баяраа нар үдшийн турш мэргэжилийн өндөр төвшинд явууллаа. Мөн Оакалнд хотноо саяхан байгуулагдаад ажиллаж байгаа Тулгаа захиралтай “MGL Printing” компани зар сурталчилгааны хуудас, билетийг хэвлэн Конкордын Сайнаа эх бэлтгэл дизайныг, Батзаяа, Эрдэнээ нар видео эхийг бэлтгэн хийж тусалжээ. Тоглолтын видео сурвалжлагыг зураглаач Эрдэнээ бүрэн хийж онлайнд хэлбэрээр байрлуулахаар бэлтгэж байна.

Ийнхүү баруун эргийн монголчууд баяр наадмын өмнө мэргэжилийн дуучдынхаа тоглолтыг сайхан зохион байгууллаа. Залуу дуучдын уран бүтээлийн зам уудам саруул байж америкт суугаа Монголчууддаа ая дууныхаа дээжийг ахин дахин өргөсөөр явах болтугай!

Д.Цэрэндорж
Оакалнд хот, 2009.7.04 .

Замдаан сэтгүүл


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.