04 сарын 23, Мягмар
°C
USD 3,376.32
USD 3,376.32
EUR 3,598.82
JPY 21.83
GBP 4,176.00
RUB 36.23
CNY 466.11
KRW 2.45

Ямар ч нөхцөлд тоглолт болдог

Өнгөрөгч ням гаригт Бэй Аэриа орчимд хүйтэн аадар бороо цутгаж, хуйсагнуур салхи сэвэлзсэн , нэг үгээр хэлбэл ёстой "борцтой будаатай цайгаа уугаад орондоо хэвтэж" өнжихөөр өдөр байлаа. Гэвч амралтын энэ өдөр Бэй Аэриа орчмын монголчуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээний хагас шигшээ тоглолтууд болох товтой байсан болохоор өглөөнөөс эхлээд усан бороо, хүйтэн салхийг эс тоон хөлбөмбөгчид маань цуглалаа. "Ямар ч нөхцөлд тоглолт болдог" гэсэн хөлбөмбөгийн бичигдээгүй хууль байдаг болохоор арга ч үгүй биз. Эхлээд "Отгон од"-"Хүлэг" багууд өрсөлдөв. Тойргийн тоглолтод ердөө ганцхан удаа хожигдсон "Отгон од"-ынхон ганц ч хожил авч чадаагүй "Хүлэг" багийг нэг их төвөггүй хожино гэж үзэгч сонирхогчид таамаглаж байсан болов уу? Гэвч "бөмбөг бөөрөнхий" гэдэг, мөн хасагдах тоглолтод, яс юман дээр ямар ч багуудад бололцоо адилхан байдаг даа. Үнэхээр ч "Хүлэг"-ийнхэн энэ тоглотод тун чамбай бэлтгэсэн нь тоглолтын эхнээс л тодорхой байв. Нягт нямбай хамгаалалт, сөрөг довтолгоо, өрсөлдөгчийнхээ эсрэг "тусгайлан бэлдсэн" тактик гээд л. Тиймээс ч тэд тоглолтын салхийг хагалан эхний гоолыг оруулж чадлаа. "Отгон од"-ынхон ч энэ гоолыг тохиолдлын гоол гээд нэг их сандраагүй байх.

Хурдтай, залуу довтлогч олонтой "Отгон од"-ынхон төдөлгүй оноог тэнцүүлж, нэгдүгээр үе дуусах дөхөж байхад дахин нэг гоол оруулж , хошуучилж эхэллээ. Талбай дээрх тэмцэл ч ширүүсч хоёр багийнхан нилээд "нервтэх" болов. Хоёр багийн ахлагч "Отгон од"-ын Пүрэвдаваа, "Хүлэг"-ийн Эрдэнэхүү нар сэтгэлийн хөдөлгөөн, хожих гэсэн хязгааргүй эрмэлзлэлээ барьж дийлэлгүй маргалдан, улмаар бяцхан "зэвсэггүй мөргөлдөөн" үүсч, багийнхнаас нь ч цөөнгүй тоглогчид оролцлоо. Гэвч тоглолтын дараа өнөө хоёр "болдоггүй хоёр ахлагч" маань инээлдэн тэврэлдчихсэн, бие биеэндээ амжилт хүсээд гар барьсан. Талбай дээрх тэмцэл, тоглолтын дараах эв нэгдэл , нөхөрлөл хэмээх спортын агуу зүйлийг эндээс тодхон харж болж байлаа. Хоёрдугаар хагаст тоглолт бүр ч сонирхолтой болсон. "Хүлэг"-ийн өрсөлдөгчийнхөө алдааг ашиглан хийсэн сөрөг довтолгоо амжилтад хүрч төдөлгүй тооны харьцаа 2:2 болов. "Отгон од"-ынхон дахиад л бүгдийг эхнээс нь эхлэх болж, довтолгоогоо эрчимжүүлсэн. Тэд зорьсондоо хүрч дахин нэг гоол оруулж, 3:2-оор дахин тоглолтыг хошуучиллаа. Гэвч "Хүлэг" энэ өдөр үнэхээр зохион байгуулалт сайтай, ялалтын төлөө гэсэн зориготой маш сайн тоглосон. Эсрэг багийн хаалга руу удаа дараа довтолсны хүчинд "Хүлэг" тоогоо тэнцүүлж 3:3 болголоо. Тоглолт дуусахад хэдхэн минут үлдээд байв. "Отгон од"-ынхон ч ихэд сандарч дахин довтолж эхэллээ.

Хэрэв тоглолтын үндсэн болон нэмэлт цагт тооны харьцаа тэнцүү хэвээр байвал 11 метрийн торгуулийн цохилтоор ялагчийг тодруулах, хөлбөмбөгт "пенальти"-аар хожлыг шийдэх гэдэг ёстой л "азын сугалаа" байдаг болохоор арга ч үгүй биз. Хэдхэн хором үлдээд байхад "Отгон од"-ынхон баруун жигүүрээр довтолж, хаалганы өмнүүр дамжуулалт хийхэд "Хүлэг"-ийн хаалгач барьж авсан боловч, нойтон бөмбөг хальтираад хөлнийх нь завсраар гарчихлаа. Ховор олдох энэ  боломжийг "Отгон од"-ынхон алдсангүй хожлын гоолыг орууллаа. "Хүлэг"-т энэ удаа тоогоо дахин тэнцүүлэх цаг байсангүй ээ. "Отгон од" ийнхүү их үнэтэй ялалт аван шигшээ тоглолтод шалгаран үлдлээ. "Хүлэг" энэ тэмцээний туршид хамгийн сайн тоглосон тоглолтдоо харамсалтайгаар хожигдсон ч хүрэл медалийн төлөө илүү сайн тоглох итгэлтэй болсон болов уу? Энэ өдрийн хоёрдахь тоглолт бас л олон жил яригдах, дурсагдахаар болсон. Хоёр ч талбайд "нүүн" байж болсон "Хийморь"-"Таван цагариг" багуудын тоглолтын үед юун хөлбөмбөг тоглох нь байтугай хүн гэрээсээ толгойгоо цухуйлгамааргүй хүчтэй бороо орж, хүйтэн салхи шуурч, хоёр багийнхны эр зориг, хөлбөмбөгөө гэсэн сэтгэл зүтгэлийг нь шалгасан. Эхний тоглолт хиймэл зүлэгтэй талбайд болсон болохоорхэдийгээр бороо орсон ч ус тогтохгүй, шавар шавхай байхгүй байсан бол энэ хоёр багийн тоглолт "ориг" зүлэгтэй, "брэнд шавартай" талбайд болсон болохоор үнэхээр тоглоход тун хүнд байлаа. Товчхон хэлбэл усан дээр ч, "мөсөн" дээр ч болсон гэхэд хэтрүүлэг болохгүй байх. Америкт л лав ийм талбайд, ийм нөхцөлд хөлбөмбөг тоглож буй хүмүүс ховор, бүүр бараг байхгүй байсан байх. "Таван цагариг"-ийн хашруудад , "Таван цагариг"-ийнханч юу байхав "Хийморийн" зарим тоглогчдод ч Монголдоо шавартай, шалбаагтай талбайдаа эргээд ирсэн мэт сэтгэгдэл төрж байсан нь лав. Тоглолтын дараа л лав хэдийгээр нов нойтон, "нуль" шавар болсон хувцас гуталтай ч "ёстой дурсгалтай тоглолт" боллоо гэж аль аль багийнхан ярьж байсан.

За энэ ч яахав тоглолтын явцаас жаал сонирхуулья. Тоглолтын эхний бөмбөгийг "Таван цагариг"-ийнхан оруулсан. Тойргийн тоглолтын үед энэ багийнхан учир зүйгээ ололцохгүйгээс болж , "Отгон од"-д хоёр ч хожигдож, "Хийморь"-той тэнцсэн. Тиймээс ч энэ тоглолтод эв эеээ эрхэмлэж, тун эвсэг тоглосон . Нөгөөтэйгүүр шийдвэрлэх, "яс юман" дээр багийн эрх ашгаа хувийнхаас дээгүүр тавьж чадах, тэрнийг ойлгох хашрууд олон болохоор бас нөлөөлсөн байх. "Хийморь"-ийн хувьд тойргийн тоглолтод ганц ч хожигдолгүй явсан "Отгон од"-ыг хожиж, "Таван цагариг"-тай тэнцэж байсан болохоор ялна гэсэн итгэл нь , хожигдохвий гэсэн болгоомжлолоосоо давсан ч байж мэдэх юм. 1:0-ээр "ТЦ"-ийнхан хошуучлаад удаагүй байхад "Хийморь"-ийнхон тооны харьцааг тэнцүүлж дөнгөлөө. Гэвч "Таван цагариг"-ийнхан байрлал бүр дээрээ хянуур тоглож, боломж л гарвал довтолсоор дахин гурван гоол оруулж, 4:1-ээр илүүрхэж эхлэв. "Айдаггүйгээ авдрандаа" хийсэн тэд бага зэрэг тайвширсан бол "Хийморь" үүнийг ашиглан тооны зөрүүг багасган 2:4 болголоо. Хэрэв дахиад нэг гоол оруулчихвал сүүлчийн хэдэн минут хэрхэн өрнөх байсныг хэлэхэд бэрх. "Хийморь" зогсоо зайгүй довтолсоор. Гэвч эгзэгтэй энэ үед "Таван цагариг"-ийнхан хаaлгач Бадрал хэд хэдэн удаа тун ч аюултай цохилтуудыг туршлага заан хааж, багийнхаа ялалтад томоохон хувь нэмэр оруулсан. Ингээд тоглолтын цаг дуусч, өрсөлдөгчөө 4:2-оор хожсон "Таван цагариг"-ийнхан шигшээ тоглолтод шалгаран үлдлээ. Бэй Аэриагийн Монголчуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн өндөрлөхөд хоёрхон тоглолт үлдлээ. Аварга багт очих цом, алт, мөнгө, хүрэл медалийн эздийн зүүх медалиуд, шилдэг тоглогчдод очих цомууд бүгд бэлэн эздээ хүлээсээр. Хүрэл медалийн төлөө "Хүлэг"-"Хийморь" багууд өрсөлдөх бол аваргын цом, алтан медалийн төлөө "Отгон од"-"Таван цагариг" багууд хүч үзэхээр бэлэн болж, өөрсдийнхөө "уяа сойлгыг тааруулж", өрсөлдөгчөө "өвдөглүүлэх" тактикаа боловсруулж байна.

P.S. Шигшээ тоглолт, тэмцээний хаалтын ажиллагаа, медаль гардуулах товыг жич зарлана.

 

Ц. Энхтүвшин


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.