03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

Вашингтон мужийн монголчууд сайхан наадлаа

Мөнх ногоон Вашингтон мужид амьдарч буй монголчууд 2012 оны долдугаар сарын 8-ны өдөр бөх барилдаж, шагай харваж, хүүхдүүдээ уралдуулж, монгол дуугаа сонсож, бүжгээ харан баясаж, сагсан бөмбөг тоглож сайхан наадлаа. Наадмын ажиллагааг сонирхохоор алс холын муж, хотын монголчууд, Сиатл орчмын америкчууд ч цөөнгүй ирсэн байлаа. Тэнгэрт бөртийх ч үүлгүй, наран гийсэн тунгалаг өдөр ногоон зүлэг бүхий дэвсэг дээр зургаан цагийн турш хүмүүс зөвхөн Монголоороо амьсгалсан юм. “Эрхэм хүндэт наадамчид аа... “ хэмээн хөтлөгч Х.Ширчингийн хүнгэнэсэн дуу задгай агаарт түгэхэд наадамчдын анхаарал төв асрын зүгт хандсанаар наадмын үйл ажиллагаа эхэлсэн юм.

 Хөтлөгч Б.Тогтуурын цангинасан дуу ч талбайд хадаж, хоёр хөтлөгч ээлжлэн найргийн үгсээр бялхаалаа. Монгол улсын төрийн далбааг Сиатл орчим амьдран суугаа тамирчин, спортын одууд залан орж ирэхэд тэднийг Улсын начин П. Эрдэнэбаяр тэргүүлж явлаа. Удаад нь талбайн теннисний спортын мастер Ж.Батжаргал, хоккейн спортын мастер А.Болд, тэшүүрийн спортын мастер Г. Жаргаланчулуун болон спортын мастер Д.Цэрэн-Очир ахлагчтай хөлбөмбөгийн “Сиатл Хокс” багийнхан алхана.

Тугаа өргөн мандуулсны дараа Ц.Мөнгөнчулуун, Ю.Алтанбагана нар гоцлон наадамчидтайгаа Монгол улсынхаа төрийн дууллыг дууллаа. Монголын тулгар төр байгуулагдсаны 2221, Их Монгол улсын 806, Ардын хувьсгалын 91 жилийн ойд зориулсан энэхүү баяр наадмын ажиллагааг нээж Монгол улсын начин Пунцагийн Эрдэнэбаяр үг хэлж, наадмыг дэмжигч Нью Порт Коммъюнити Хиллс сүмийн пастор Пол Бөрнэм мэндчилгээ дэвшүүлэв.

 Дараа нь Ю. Алтанбат монгол ардын “Хулсан ташуур” дуугаар ая өргөж, Ц.Мөнгөнчулуун “Үелзүүр” бүжгээ наадамчдадаа сонирхуулав. Авьяаслаг хүүхдүүдийг төлөөлж Ц.Заяа, Э.Энэрэл нар Бетховений сонатыг төгөлдөр хуур дээр тоглож, Б.Номингэрэл Б.Явуухулангийн “Би хаана төрөө вэ?” шүлгийг уншиж, С.Ану “Эртээ урьд цагт” дууг англи хэлээр дуулж цугласан олныг баясгалаа. Наадамд 32 бөх барилдсанаас арал, хүч, бяраар ойролцоо үзүүр түрүүний хоёр бөхийн барилдаан нэлээд удааширсны эцэст барьц хангуулан барилдуулснаар Л.Мягмарсүрэн давж наадмын түрүү бөх болж, Ц.Ванчинсүрэн үзүүрлэлээ.

 Өсвөрийн бөхчүүдийг насаар ангилан барилдуулахад 6-8 настнуудын барилдаанд найман настай М.Санчир түрүүлж, долоон настай Т.Гэлэгбалсан үзүүрлэсэн юм. М.Санчир нь наадамд түрүүлсэн Л.Мягмарсүрэнгийн хүү юм. Тиймээс бөхийн тайлбарлагч “Энэ жилийн Сиатлийн наадам аав хүү хоёрынх боллоо” гэж тодотгов. Харин 9-12 настнуудын барилдаанд арван настай Мэйсон Сандт түрүүлж, есөн настай О.Эрхэм үзүүрлэжээ. Америк хүү Мэйсон монгол наадамд гурав дахь удаагаа барилдаж байгаа ажээ. Түүнийг барилдахад аав, ээж, эгч гурав нь дэмжиж суулаа. Хүүхдүүдийн дунд уламжлал болсон зургийн уралдааныг насны гурван ангиллаар зохиож тус бүр хоёр байр, мөн гүйлтийн тэмцээнийг гурван насны ангиллаар тус бүр явуулж гурван байр эзлүүлж ивээн тэтгэгчдийн шагналаар урамшууллаа. Баян ходоод болсон хүүхдээ ч урамшуулахаа мартаагүй. Түүнчлэн наадамд ирсэн бүх хүүхдүүд гарын бэлэг хүлээн авсан юм.

 Үндэснийхээ хувцсаар гоодож ирсэн хүмүүсээс “Сайхан монгол хувцас” шалгаруулахад Б.Сэлэнгэ, Ө.Ууганжаргал, Ц.Цацралын нарын бүсгүйчүүдийн дээл ялгарлаа. Цайвар өнгийн дээлээр ижилсэн гоёсон хос Д.Рагчаасүрэн, Д.Алтай нар олны зүгээс тусгай үнэлгээ авлаа. Сагсан бөмбөгийн тэмцээнд “Фамили 2” багийнхан тэргүүлж шагнал хүртэв. Хийлсэн байшин дотор үсэрч, хөөсөн бөмбөлөг үргээж гүйлдэх хүүхдийн дуу хадсан наадмын талбайд Вашингтон мужийн монголчууд ийнхүү цэнгэн хөгжиж, хуушуур хорхогоо амтлан наадлаа. Наадамчид “Халуун элгэн нутаг” дуугаар наадмаа өндөрлөв. Наадмын үйл ажиллагааг Сиатлийн Монгол цуглааныхан хоёр дахь жилдээ зохион байгуулсан юм.

 А.Гэрэл Жич: Наадмын зурагнууд www.orloo.com болон Facebook дээр тавигдах болно.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.