05 сарын 17, Баасан
°C
USD 3,381.05
USD 3,381.05
EUR 3,676.55
JPY 21.90
GBP 4,287.17
RUB 37.16
CNY 468.44
KRW 2.52

“Лас Вегас-2012” Монголчуудын хөлбөмбөгийн тэмцээн “ланжгар” болох нь

Америкийн Монголчууд жилийн жилд спортын нилээд хэдэн төрлөөр аваргаа шалгаруулдаг билээ. Энэ дотроос хамгийн өргөн хүрээтэй, хамгийн олон хүнийг хамардаг, хамгийн нэр хүндтэй, хамгийн сайн зохион байгуулалттай, бас хамгийн өрсөлдөөнтэй, хамгийн сонирхолтой болдог нь Америкийн Монголчуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн билээ. Анх 2006 онд Дэнверээс үүх, түүхээ бичиж эхэлсэн энэхүү тэмцээн “Чикаго-2007”, “Вашингтон Ди Си-2008”, “Дэнвер-2009”, “Сан Франциско-2010”, “Чикаго-2011” гэж өртөөлсөөр энэ жил мөрийтэй тоглоом, зугаа цэнгэлийн “Дэлхийн нийслэл” хэмээгдэх АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотноо зохиогдох юм.

 

Америкийн төдийгүй дэлхийн хамгийн авьяастай уран бүтээлчид зөвхөн Лас Вегаст л тоглолтоо хийж, шоугаа үзүүлэхийг мөрөөдөж, хамгийн шилдэг мэргэжлийн боксчид чухамдаа энд л “тулаан” хийж байж дэлхийн хэмжээний гэдгээ харуулдаг, мөн нэр цуутай бизнесмэнүүд, саятан тэрбумтнууд “халаасаа хоослоод” буцаж байдаг бол ганц доллартай энгийн нэгэн ч аз нь шовойвол “хэтэвчээ дүүргээд” харих нь ч байдаг ийм л газар бол Лас Вегас. За энэ ч яахав.

 

Америкт ажиллаж, сурч, амьдарч байгаа Монголчуудын дундаас анх удаагаа хөлбөмбөгийнхөн алдар цуут Лас Вегаст аваргаа тодруулах нь. Урьд өмнө нь Монголчууд олноор төвлөрөн суурьшсан хотуудад хөлбөмбөгийн тэмцээн маань “айлчилж” байсан бол энэ удаа Америкийн Монголчуудын хөлбөмбөгийн холбоо, “Мон Юнайтед” баг энэ удаагийн тэмцээнийг хамтран зохион байгуулахаар болж, тэмцээнийг зохион байгуулах ажлын хэсэг ид ажиллаж байна.

2012 оны тавдугаар сарын 25-26-нд Лас Вегас хотноо болох Америкийн Монголчуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах долоо дахь удаагийн тэмцээн олон онцлогтой болох нь. Юуны өмнө энэ жилийн тэмцээнээс эхлэн уг тэмцээн насны хоёр ангиллаар (насанд хүрэгчдийн болон 35-аас дээш насны гэсэн ) явагдах болсон нь тэмцээний хамрах хүрээг улам өргөн болгож байгаа.

Мөн энэ жил Америкийн Халимагуудын баг энэ жилийн тэмцээнд оролцох болсон нь тэмцээн маань зөвхөн Монголчуудынх гэсэн хүрээнээс хальж цаашид Монгол Туургатны тэмцээн болох эхлэлийг тавих юм. Цаашлаад буриад, өвөр монгол гээд Монгол туургатнаар зогсохгүй Америкийн Азиудын аварга гээд өргөжих ч юм бил үү хэн мэдлээ.

Тэмцээнд оролцох багууд урьдчилсан мэдүүлгээ 2012 оны хоёрдугаар сарын 25-ны дотор зохион байгуулах хороонд электрон шуудангаар буюу утсаар өгөх бөгөөд тэмцээнд оролцох эрхийн төлбөр (талбайн түрээс болон шүүгчдийн хөлсөнд зарцуулагдана)-ийг Америкийн Монголчуудын Хөлбөмбөгийн Холбооны дансанд 2012 оны гуравдугаар сарын нэгний дотор шилжүүлсэн байх шаардлагатай ажээ. Тэмцээнд оролцох эрхийн төлбөр нь насанд хүрэгчдийн баг тус бүр 440 ам.доллар, 35-аас дээш насны ангилалд тоглох баг тус бүр 300 ам.доллар.

Тэмцээнийг зохион байгуулагчдаас тэмцээнд оролцох баг тамирчдад хөнгөлөлт бүхий багц үйлчилгээний үнийг санал болгож буй бөгөөд буудлын нэг өрөөнд 2 хүн орсон тохиолдолд нэг хүн 175 ам.доллар, хэрэв дөрвөн хүн нэг өрөөнд орсон тохиолдолд нэг хүн 121 ам.доллар байх бөгөөд дараах ажил, үйлчилгээ үнийн багцад орсон. Үүнд:

2012 оны 05/24-05/28-ны хооронд Gold Coast зочид буудалд байрлах үнэ, 05/25 болон 05/26-ны өдрүүдэд тамирчдад өгөх үдийн хоол, oнгоцны буудлаас

тосох, гаргаж өгөх (багаар ирж, явж буй тамирчдад хамаатай), талбай болон зочид буудлын хооронд явах автобус үйлчилгээ

ЖИЧ: Тэмцээнийг хөгжөөн дэмжихээр ирж буй зочид, тамирчдын гэр бүлийн гишүүд болон найз нөхөд дээрх үйлчилгээний үнийн хөнгөлөлтөд

бүрэн хамрагдаж болох бөгөөд хөл бөмбөгийн талбай болон зочид буудлын хооронд явах автбусын үнэд нэг өдрийн 5 ам.доллар нэмж төлөхийг

анхаарна уу.

Энэ тохиолдолд тэдний багц үнэ :

125.00$

нэг хүн

Дашрамд хэлэхэд тэмцээн маань Дурсгалын өдрийн баяртай давхацдаг тул хувиараа буудал захиалбал дээрх багцаас хамаагүй үнэтэй болох юм билээ.

“Лас Вегас-2012” Америкийн Монголчуудын тэмцээн нь хэвлэл мэдээллийн төвд байх бөгөөд Монголын спортын төв хэвлэл “Таван цагариг”, Үндэсний өдөр тутмын “Өнөөдөр”, хамгийн олон захиалагчтай “Соронз” сэтгүүл, мөн “Таван цагариг-Америкт” сэтгүүл( тэмцээний албан ёсны вэб сайтwww.argamag.com/sport) , www.zamdaan.com, www.dayarmongol.com, www.orloo.com,www.medeelel.com, болон тэмцээний сурвалжлах албан ёсны ТВ ньUMON TV (http://umontv.us ) байх бөгөөд хэвлэл мэпээллийн энэ олон хүчтэй “зэвсэгээр” үйл ажиллагаа, бизнесээ сурталчлан, хамтран ажиллахыг Америкийн Монголчуудын Хөлбөмбөгийн Холбоо урьж байна.

УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ

Америк дахь Монголчуудын Хөл Бөмбөгийн Холбоо (MSAA). Washington DC

ЕРӨНХИЙЛӨН ГҮЙЦЭТГЭГЧ

Аялал Жуулчлалын USA Tours LLC. Невада муж. Las Vegas xот

ХОЛБОО БАРИХ

Б. Баярсайхан. MSAA-н Тэргүүлэгч. Утас: 720 226 7762

Ш. Баасансүрэн. MSAA-н Ерөнхий Нарийн Бичгийн Дарга. Утас: 755 561 6263

С. Ренцэнсамбуу. MonUnited багийн ахлагч. Indiana муж. Jeffersonville хот. Утас: 502 810 7094

Ж. Пүрэвдаш. USA Tours LLC-н Менежер. Nevada муж. Las Vegas хот. Утас: 702 290 8501

E-Mail: mongoliansoccer@yahoo.com

 

Мөрийтэй тоглоом, зугаа цэнгэлийн дэлхийн “нийслэл”

...1829 он. Дорноос өрнө зүгт, бүүр тодруулбал Лос Анжелес хотыг зүглэн явах худалдаачдын жингийн цуваа Мохаве цөлийн дунд саатлаа. Дээрээс шатаам хурц наран ээж, доороос гишгэж боломгүй төөнөх халуун элсэнд , тэгээд дээр нь “нохой гаслам” халуун тул амьтай голтой болгон бүүр цөхрөнгөө барж, цааш явах тэнхэлгүй болжээ. Ихэнх нь морин тэрэг, ачааны өчүүхэн сүүдрийг бараадан сульдан уналаа. Хэдэн хүн сайн дураараа усны эх хайхаар ийш тийш явсны нэг нь болох идэр залуухан Рафаэль Ривера гэгч аз болоход зах нь үл харагдах элсэн цөлийн дундаас бяцхан баян бүрд, хэсэгхэн ногоон нугыг олсон байна. Эндээс л эдүгээ дэлхий даяараа андахгүй болсон Лас Вегас хотын үүх, түүх эхэлсэн ажгуу. Vegas гэдэг үг испаниар бол нуга гэсэн утгатай гэнэ.

Элсэн цөл дэх амьдралын эх ундарга, энэ л жаахан баян бүрд, бяцхан ногоон нугыг тойрон он жилүүдийн эргэлтэд хүмүүс амьдрах болж, эхлээд бяцхан тосгон болж, сүүлдээ олон жилийн турш өрнийг чиглэх төмөр замын зангилаа, моторт хөлгийн шатахуун сэлбэх өртөө байсан энэ бяцхан гацаа 1905 оны тавдугаар сард албан ёсоор хот болон тэмдэглэгдсэн аж.

Энэ хотын түүхэнд тодоор бичигдэх бас нэгэн хүн бол Тобин гэгч эрхэм. Лас Вегаст мөрийтэй тоглоом ХХ зууны эхээр бий болж, энд тэндгүй үүд хаалгаа нээжээ. Мөрийтэй тоглоомын газрууд эхэндээ “аз нь шовойсон аавын хүүд” мөнгөний оронд согтууруулах ундаа, тамхи өгч байсан гэнэ. Гэвч 1931 оны тавдугаар сард Невада муж улсад “Мөрийтэй тоглоом”-ыг хуульчлан баталж, албан ёсоор зөвшөөрсөн бөгөөд энэ хуулийн төслийг санаачлагч нь дээр дурьдсан Тобин байсан аж. Хачирхалтай нь эгэл даруухан, ёс журамтай энэ эр өөрөө хэзээ ч казинод тоглож байгаагүй гэдэг. Энэ хууль гарснаар Лас Вегасын хувь заяа 360 градус эргэжээ.

Энэ цагаас эхлэж Лас Вегас дахь казино, зочид буудал, тоглох хүмүүсийн тоо гэрлийн хурдаар өссөн байна.

1950-аад оны үед Лас Вегас бас нэгэн хачин жигтэй явдлаар жуулчид, аялагчдыг татаж байсан гэнэ. Хотоос ердөө 100 км-ийн зайд цөмийн зэвсгийн туршилтын талбай байсан бөгөөд цөмийн зэвсгийн туршилтын дэлбэрэлтийн улмаас үүссэн , аймшигт “Мөөгөн үүл”-ийг Лас Вегасын зочид буудлын цонхноос харах гэсэн саваагүйчүүд хэдэн мянгаараа ирдэг байсан ажээ.

Түүхийн шарласан хуудаснаас ганц нэгийг эргэн сөхвөл Лас Вегасын тухай иймэрхүү зүйлийг мэдэн авч болно. Тэгвэл эдүгээ 100 гаруйхан настай залуухан энэ хотын нэрийг мэдэхгүй хүн үгүй болжээ. Тиймээ, Америкийн хамгийн хурдан хөгжиж буй хотын тоонд Лас Вегас зүй ёсоор орно.

Дэлхийн хамгийн баян, хамгийн нэртэй пүүс компаниуд чухам энд л танилцуулгаа хийж, хамгийн алдартай спорт, урлагийн одуудын сонирхолтой, үзүүштэй шоу тоглолтууд энд болж, сая сая хүмүүс мөрийтэй тоглоомд азаа сорьж, өдөр шөнөгүй амьдрал буцалж байдаг болохоор л “мөрийтэй тоглоом, зугаа цэнгэлийн нийслэл” гэдэг алдрыг хүртээ биз ээ.

Америк гэж юу байдгийг, жинхэнэ эрх чөлөө, эгэлгүй боломж гэж юу байдгийг үзэж, харж мэдье гэвэл Невада муж, тэр тусмаа Лас Вегаст очоорой гэсэн яриа байдаг. Оргүй үг биш ээ.

Нэгэн цагт Лас Вегасыг баячууд, саятангууд л очдог газар гэж эндүү ташаа бодож , хэр баргийн хүн хүрч чадамгүй “диваажин” хэмээн төсөөлж байсан бол эдүгээ манайхан мөрийтэй тоглоом, зугаа цэнгэлийн дэлхийн нийслэлд хэдэн мянгаараа хөл тавьж, бүүр энэ хотод суурьшин амьдарч ч байгаа билээ.

Монголчуудтай холбоотой үйл явдлууд ч бас цөөнгүй болсоон, энд. Тухайлбал мэргэжлийн боксын дэлхийн аварга цолыг 2004 онд Лас Вегасын “Мандалэй Бэй”-д манай Д.Лхагваа хүртэж, 100 шахам монголчууд дэлхийн аварга хүүгээ балиашиглаж, баярлаж хөөрч байлаа. Жилийн дараа буюу 2005 онд мэргэжлийн сүмочдын дээд зиндааны бөхчүүд мөн л Лас Вегаст “десант” буулган, хоёр өдөр ид хаваа гайхуулан барилдахад Их аварга Асашёрю тэргүүтэй монгол бөхчүүд маань хуран цугласан зуу зуун монголчуудынхаа магнайг тэнийлгэсэн. Их аварга маань ч энэ тэмцээний тэргүүн бөхийн цомыг хүртсэн. Тэр үед Америкийн өнцөг булан бүрээс 400 гаруй монголчууд Лас Вегаст цуглаж, тэмцээний сүүлийн өдөр “Мandalay Bay” хэмээх нэр хүндтэй, асар том казино, зочид буудлын цогцолборын хамгийн дээд 64 дүгээр давхарт орших “MIX” хэмээх алдартай баарыг манай залуус түрүүслэн аваад “Монголчуудын үдэшлэг”-ээ хийж байлаа.

Ер нь зүгээр нэг амралт, баяр ёслолын үеэр Лас Вегас орж, алжаалаа тайлж, азаа үзэж, авч, бас өгч , дэлхийд нэртэй шоунуудыг үзэж сонирхсон монголчууд бишгүй л байгаа. Тэгэхээр алдартай аялагчдын оргилд нь гарсан ууланд авираад шинэ зүйл олоход бэрх байдгийн адил, хүн болгоны сайн мэдэх, ихэнх нь очоод үзсэн газрын тухай илүү олныг нурших хэрэггүй хэмээн ганц , нэг зүйлийг л товч өгүүлсү.

Лас Вегас руу машинаар бол Лос Анжелесаас таваас зургаан цаг, Сан Францискогоос бол арван цаг орчим давхиад хүрчихдэг билээ. Лас Вегас руу дөхөөд ирэхээр аргагүй л “тоглоомын вант” улсад дөхөж яваа нь мэдрэгдэхээр саатсан дэлгүүр, хоршоо, дэн буудал, шатахуун түгээгүүр, хоолны газар хаа л бол хаа өнөөх слот машин таныг угтана. Урьд өмнө нь казинод орж үзээгүй нэгэн бол яах аргагүй л тогломоор санагдана. Нэгэнт л нэр цуу нь түгсэн газар очих гэж яваа тул замын ийм жижиг “өгөөшт” автаж, цаг заваа барах хэрэггүй шүү!

Холхон газраас бол “төмөр шувуугаар” ирэх нь мэдээж. Лас Вегасын олон улсын “МакКарран” нисэх онгоцны буудал нь хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй дүүрэг “Strip”-ээс ердөө л 5-хан миль зайтай оршдог. Таксигаар 15 доллараар л яг төвд нь хүрчихнэ. Онгоцны буудалд ч мөн таныг жингэнэн дуугарах чимээтэй автомат тоглоомын машинууд угтах болно.

Лас Вегаст 6-8 сард болж өгвөл л бүү очоорой гэж хэлэх байна. Энэ саруудад дундаж температур фаренгейтээр бол нэмэх 100-аас дээш, бидний сайн мэдэх цельсээр бол нэмэх 40 орчим градусаас буухгүй гээд л төсөөл дөө. Шууд л хөлөрч норон бие барьсан хувцас, амьсгалахад хэцүү бүгчим агаар санаанд чинь бууж байгаа биз?

Өмнө нь хоёр, дөрөв, аравдугаар саруудад очиход Лас Вегасыг цөл газар боссон хот, халуун газар шүү гэдгийг огтхон ч санаж байгаагүй бөгөөд өнгөрсөн жил наймдугаар сард очиж хэд хонохдоо ёстой “үгээ хэлсэн” болохоор ийн сануулж байгаа юм шүү.

За бас нэг гол анхаарах зүйл бол буух буудлаа заавал урьчилан захиалах хэрэгтэй. Очоод хямдхан буудал олчихно гэвэл андуурал болно. Ялангуяа амралтын өдрүүдэд (тав дахь өдрөөс эхлэн ням гаригийг дуустал жирийн өдрийн үнээс хамаагүй өндөр үнэтэй болдог) бол нөгөөх Strip буюу гол дүүрэгт ойрхон буудал бол бараг л олдохгүй дээ. Олдсон ч нэг эсвэл өндөр үнэтэй, эсвэл бүүр гол дүүргээсээ хол зайтай л олдоно. Тэгэхээр цагаа, бас мөнгөө хэмнэе гэвэл урьчилаад буудлаа захиалах нь чухал.

За тэгээд Strip хавьд буудалд олоод орчихсон бол дахиж унаа, тэрэг такси энэ тэр бараг хэрэг болохгүй ээ. Учир нь нөгөө нэртэй том буудлууд, казиногууд, үзэж харах гол юм чинь энд л бөөгнөрсөн, Las Vegas Boulevard-ийг дагаад л эгнэн байрласан байдаг билээ. Явган тааваараа яваад, ядарвал эцэс төгсгөлгүй үргэлжлэх казиногийн аль нэгэнд орж, жаахан тоглоод, амны цангаагаа гаргаж аваад (аль ч казинод сэрүүн ундаа, шар айргийг тоглож буй үйлчлүүлэгчид үнэгүй өгдөг ба ширээн дээр тоглож буй хүмүүст “чанга юм ч” өгдөг билээ) аваад цаашид аялалаа үргэлжлүүлээд байж болох. Эсвэл ихэвчлэн 3,20 долларын суурь үнэтэй, миль тутамд 2 доллар нэмэгдэх такси хөлөглөж, автобус(1.25$), троллейбусаар ч (2.50$) зорчиж болно. Бас томоохон зочид буудлуудын хооронд үнэгүй явдаг MONORAIL-аар ч сүнгэнүүлж болох юм даа. Хэрэв бүүр тансаглаад жолоочтой лимузин хөлсөлбөл цагийн 30-40 доллар хавьцаа байдаг юм. Гэхдээ л хамгийн шилдэг сонголт бол “хоёр зээрд” хэмээх шатахуун хэрэглэдэггүй , элдэв зогсоол шаардахгүй “унаа” гэх байна. Strip бол нэг захаас нь нөгөө зах хүртлээ тийм ч хол биш, бас дээр нь замдаа алхам тутам үзэж харах зүйлтэй болохоор энэ л дээр болов уу.

Лас Вегаст яг хэдэн зочид буудал байдаг юм ёстой бүү мэд. Лав л Америкийн 10 том зочид буудлын ес нь, дэлхийн 25 том зочид буудлын 19 нь энд байдаг аж. Гэхдээ бүүр Strip хэмээх энэхэн дүүрэгт. Тэднээс мэдээж хамгийн алдартай нь MGM Grand Hotel&Casino. Манай гаригийн хамгийн том зочид буудал болох 5044 өрөөтэй энэ аварга буудлын төв үүдийг араатны хаан “Лео” хэмээх арслан сахиж зогсдог. Энэхүү буудлын бэлгэ тэмдэг нь энэхүү Лео арслан ажээ. Буудлын дотор танхимд ч шилэн хоргонд амьд арслан бий.

Ноднин “MGM”-д алдарт илбэчин Дэвид Копперфильд шоу тоглолтоо хийж байсан. Нэр цуу нь дэлхий даяар түгсэн энэ илбэчний гайхамшигт шоуг 100 доллараар үзэж болно.

“MGM”-ийн үүдийг арслан “сахиж” буй бол түүнээс тун холгүй орших эртний Египтийн пирамид хэлбэрээр баригдсан “Luxor”-ийг аварга том Сфинкс өдөр шөнөгүй манана. Ер нь зочид буудал, казино болгон өөр өнгийн өнгө төрх, хийц загвар, бахархах зүйл, нэрд гарсан шоу тоглолттой байдаг.

Нэг үгээр та Лас Вегаст зөвхөн элдэв шоу үзэж, аз хийморио сориод зогсохгүй дэлхийн алдартай хотуудад “зочлох” болно.

“New York New York” буудлын орчимд л гэхэд “Эрх чөлөөний хөшөө”, “Эмпайр билдинг” гэх мэт Нью Йоркийн бахархал, бэлгэдэл болсон зүйлсийн багасгасан хувилбарыг харж, “Өндөр чацтай хот”-ын дээгүүр “такси цоохор” машинд суун “Roller Coaster” хэмээх агаарын замаар давхиж болох юм.

Эсвэл цуут “Ялалтын хаалга”, “Лувр” музей бүхий Парис хотноо зочилж, Эйфелийн цамхагийг сонирхоорой! Эртний Ромын Эзэнт гүрэнд ч та очиж болно. Таныг домогт жанжин Юлий Цезарь “тосон авч” , Гладиаторуудын цуст тулаан болдог байсан цуут “Колизеум”-д орж болно шүү. Энд харин “мэсчин боолуудын” тулаан бус Селин Дионы “A new day…” концерт болж байх жишээтэй. Анх 2003 оноос эхлэн тоглогдсон “Титаник”-ийн дууг амьдруулагчийн шоу (өнгөрсөн оны арванхоёрдугаар сард л хаалтын тоглолтоо хийсэн) Лас Вегаст хамгийн удаан тоглогдсон шоуны нэгэнд тооцогддог юм билээ.

За тэгээд усан доторх хот Италийн Венеци, чамин гоё Монте Карлод “очиж”, Африкийн Сахарын цөл, эсвэл “Эрдэнэсийн арал” дээр ч хөл тавьж болох юм.

Мөн Мадам Тюссогийн лааны тосон барималын музей, “Титаник”-ийн бодит үзэсгэлэн,”морьт баатруудын тулаан”, “Нарны цирк”(Дэлхийд нэртэй энэ нүүдлийн циркийн нэг группэд нь Монголын дөрвөн уран нугарагч охин тоглодог бөгөөд тэр дөрвийн зураг Лас Вегасын сурталчилгааны сэтгүүл дээр байсан шүү, харамсалтай нь тоглолтыг нь үзэж чадаагүй), махчин акултай далайн аквариум, Оросын уран гулгагчдын шоу тоглолт, өнөө эзнээ барьдаг цагаан бартай тоглолт, “Blue man group”, домогт АББА хамтлагийн дуунуудаар хийсэн “Mamma Mia” мюзикл, Ливерпулийн алдарт дөрвөл “БИТЛЗ”-ийн тухай шоу гээд л өдөр болгон зочид буудал бүрт болох шоу тоглолтуудаас шилж л ганц нэгийг үзнэ үү гэхээс бүгдийг нь үзнэ гэвэл нилээд олон хоног орж, хэтэвч чинь нилээн л нимгэрэх байх аа. Урьдчилан захиалахгүй л бол бас тасалбар нь тэр бүр олдохгүй бололтой юм билээ.

Гэхдээ бас “сохор зоос ч” төлөлгүй үзэж болох, хүн таны төлөө бүтээсэн үзвэрүүд ч бас бий. “Эрдэнэсийн арал” зочид буудлын гадаа үдшийн бүрийнээр болдог далайн дээрэмчдийн дарь утаа болсон тулаан, “Bellagio” зочид буудлын өмнөх хөгжмийн аянд “бүжиглэх” усан оргилуурыг хэлж болно.

Энд “Bellagio”-ийн усан оргилуур үнэхээр гайхамшигтайг зориуд дурьдсу. Селин Дионы “My heart will go On” буюу “Титаник” киноны дуу, алдарт Элвис Преслигийн “Viva Las Vegas” гээд л төрөл бүрийн дуу, цуутай симфони, аязын эгшигт зохицон “бүжиглэн” байх энэ усан оргилуурыг зохиосон оюун ухаантан, зориглож хөрөнгө бэл гарган бүтээсэн хүмүүст мэхийн ёслох хэрэгтэй байх аа.

Ямар ч зочид буудалд орсон өвөрмөц дизайн, хачин сонин зүйлүүдийг үзэж сонирхож болно.

Лас Вегасаас та бас байгалийн гайхамшигт тогтоц “Grand Canyon” руу газраар, тэнгэрээр аялж болно. Нисдэг тэргээр явдаг аялал нь 250 орчим, автобусаар бол 90 орчим доллараар аялуулдаг турууд байдаг юм билээ. Морь унаад, ковбой хоол зооглосон шиг яваад ирдэг нь бас бий гэсэн.

За тэгээд “Welcome to Fabulous LAS VEGAS” гээд бүхий үлгэр домгийн гэмээр, үнэхээр гайхамшигтай, итгэмээргүй хот Таныг урьж байна. Тавтай зочилж, тухтай саатаарай!

Ц.Энхтүвшин(“ТАВАН ЦАГАРИГ”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч)


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.