05 сарын 02, Пүрэв
°C
USD 3,378.90
USD 3,378.90
EUR 3,602.25
JPY 21.40
GBP 4,218.56
RUB 35.95
CNY 466.63
KRW 2.44

Las Vegas - 2012 Монголчуудын Хөл бөмбөгийн Аварга шалгаруулах 7-р тэмцээний тэмдэглэл /Фото/

Монгол Халимгийн Нэгдсэн баг Сор болсон Наадам Невада мужийн Лас Вегас хотноо 2012 оны 5 сарын 25, 26-нд болж өнгөрсөн Монголчуудын Хөл бөмбөгийн Аварга шалгаруулах 7-р тэмцээнд “Жангар” баг хэрхэн оролцсон тухай тэмдэглэл Монголчуудын Хөл бөмбөгийн Аварга шалгаруулах тэмцээнд Нью Жерси мужаа төлөөлөн, Халимаг тоглогчидтой нэгдэн “Жангар” нэрийн дор оролцсон баг маань даруй Мөнгөн медалийн эзэд болж, нийт Монголчууддаа дуулгах сайхан мэдээтэй, Тоглоом, зугаа цэнгэлийн дэлхийн “нийслэл” гуншинтай хотын “Лас Вегаст болсон юм Лас Вегастаа л үлддэг” (Whatever happens in Las vegas, stays in Las Vegas) гэсэн албан бус лоозонг эвдэх эрхэм нэгэн завшааны далимд хэдэн мөр эвлүүлэн, “ганзага” хуваалцаж байна. Үзэж амжаагүй сонирхолтой олон тоглолтуудыг буулгах боломжгүйг ми нь болгооно биз ээ.

24-ний үдээс хойш газардахад шууд л талбайн зүг хөдөлж, “бөмбөг хөөчихмөөр” нар салхи нь жигдэрсэн налгар өдөр биднийг угтлаа. Цөл дунд босгоод тавьчихсан хотын дэвжээнд наадна гэдэг (хавар цагт) Дорноговь аймгийн наадамд зодоглохтой өөрцгүй тул баг бүрийн санаа тавьж байсан зүйлийн нэг бол цаг агаарын байдал байсныг нуух юун.  Үдэш нь нийт 10 багийн төлөөлөл бүхий сугалааны ажиллагаа албан ёсоор явагдаж, 3 группт багууд дараахь маягаар оноолт таарсан юм.

Групп А - MonUnited, Seattle Hawks, NJ Djangar, LA Stars (4 баг)

Групп В - Chicago B.O.S, Denver Golden Ball, Bay area Гарьд (3 баг)

Групп С - Bay area Raiders, Washington DC Монгол морьд, Bay area Хийморь (3 баг)

 

Аливаа баг оноолтоос үл хамааран өрсөлдөөнд бэлэн байх учиртай хэдий ч А группт өнгөрсөн жилийн чансаагаар эхний 4-т бичигдсэн багуудын аль нь ч багтаагүй нь сугалаа бидэнд “ээлтэй” болсныг та бүхэн анзаараа биз ээ.

Баасан гаригийн өглөө тэмцээн болох талбай, Лас Вегас хотын хойд дүүрэгт оршдог Buckskin Basin паркт ирцгээлээ. Лас Вегас хотын захиргаа энэхүү байгууламжийг үерийн аюулын нөхцөлд ус хуримтлуулах / хадгалах зориулалтаар барьсан хэдий ч нэгэнт үерлэх аадар нь өдрийн од мэт тул хөл бөмбөгийн цогцолбор парк болгон тохижуулж, хос зорилгоор ашиглах ухаалаг шийдлийг гаргажээ. Харин цаг агаарын хувьд урьд өдрийн байдал эрс өөрчлөгджээ. Хаврын тэнгэр хартай гэж..., цөл нутгийн салхины хурд огцом дээшилж, саравч хатгах нь бүү хэл, туг мандуулахад ч бэрхшээлтэй, “тэмцээн маань хот дунд болж байгаа тулдаа л говийн угалз биднийг тойрлоо доо”.

Эхний тоглолт гэдэг бие тэнхээ, сэтгэл зүйн байдал, наадах талбай зэргээ мэдрэх ач холбогдолтой. Анхны учраа: Очироо ахлагчтай, өндөр сахилга бат бүхий шажигнасан залуустай Seattle Hawks. Аль аль нь өрсөлдөгчөө таних, ялангуяа хурдтай салхитай цаг агаарын байдалд тоглолтоо уялдуулахад бишгүй цаг зарцуулсан. Тоглолт эхлээд удаагүй байхад салхины эрчинд эргэлттэй ирсэн бөмбөг манай хамгаалагч Борисын (#2) хөлд цохисноор чиглэл нь өөрчлөгдөж, бид анхны гоолыг алдлаа. Тэмцээний туршид манай баг ердөө ганцхан гоол алдсан нь энэ бөмбөг байсныг эхлээд дуулгая. Бид нэхэн тоглох шаардлагатай болов. Байраа солилоо, цаг явсаар... Жангар багийн шахалт улам нэмэгдсээр цаг дуусахаас 10-аад минутын өмнө довтлогч Энхээ (#66) уран чадварлаг хайчилттай цохилтоор гоол оруулж, оноог тэнцүүлсэн. Чамин гоолын шагнал гэж байсан бол санал нэгтэйгээр Энхээд маань гардуулах байсан биз ээ. Нэгэнт цаг шувтарсан тул тоглолт хайнцаж дууслаа.

Удаахь учраа: Самбуу ахлагчтай, ОУХМ Буман-Учрал “Генералтай” MonUnited баг энэ тэмцээнийг зохион байгуулах нүсэр үүргийг гүйцэтгэснээр дүрмийн дагуу А группыг ахалсан. 2 багийн хурц довтолгоонуудаар дүүрэн байсан энэ тоглолт харьцангуй сонирхолтой өрнөж, аль аль нь оноогоо ахиулан хувиргах олон сайхан боломжийг ашиглаж чадсангүй. Энэ багт данстай Бостоны Баатар мастер илт үгүйлэгдэж байлаа. Тоглолтын 2-р үеийн дунд хэсэгт Борисын (#18) эгзэгтэй, хөндлөн дамжуулсныг Наран (#4) чихэж гүйцээн оруулсан нь хожлын суурийг тавьж, бид анхны ялалтаа авлаа. Эхний тоглолтоо 5-0-ийн харьцаагаар төвөггүй дуусгасан MonUnited-ийн авъяаслаг залуус манай багийн нягт хамгаалалттай тулснаар туршлагатай ах нарынхаа босгож өгсөн олон “шаансуудыг” чулуу болгож чадсангүй ээ.

Группын сүүлийн тоглолт үдээс хойш 4 цагийн үед эхэллээ. Энэ удаагийн учраа бол Лос Анжелос хотын Одод баг. Зөвхөн хожсон тохиолдолд хагас шигшээд шалгарах энэ тоглолтонд тэнцвэл Жангар багийн цаашдын алхам мухардалд орох болзошгүй байв. Эхнээсээ довтлох тактиктайгаар ширүүхэн гарч, Энхээ (#66) техниктэй тоглолтоор, Алекс (#17) дундын зайн цохилтоор, “playmaker” Шоон (#9) 16-ын талбайн гаднаас торгуулийн цохилт гүйцэтгэн тус тус гоол оруулснаар манай баг 3-0-ийн харьцаагаар чамбай хожлоо.

АМХбХ-ны тэргүүлэгч гишүүн Т. Лхагвын бүрдүүлж дасгалжуу лсан ЛА-гийн баг жигдхэн чадварлаг тоглогчидтой нь ихэд таалагдлаа, цаашдаа дунд нь манлайлаад тоглочих сайн “пол”-той болчихвол ч юм дуулгах багийн тоонд орох ойрхон байна гэдгийг тэмдэглүүштэй.

Ингээд А группд Seattle Hawks оруулсан бөмбөгний давуугаар хошуучилж, Жангар баг аман хүзүүдлээ. Тэмцээний форматын дагуу В болон С группын хагас шигшээ тоглолтуудад хожсон багууд А группээс шалгарсан багуудтай тоглох учиртай. Иймээс өрсөлдөгчөө тодортол дараа өдрийн үд дунд хүртэл хүлээх болов оо.

Тэмцээний 2 дахь өдөр, Бямба гариг В болон С группын хагас шигшээ тоглолтуудадаар эхэллээ. В группын тэргүүн баг Chicago B.O.S-д амлуулсан Хийморь баг мөчөөгөө өгөлгүй ач тачь тэнцүүхэн үзсэн хэдий ч тоглолтын хувь заяа торгуулийн цохилтоор шийдэгдэж, тэмцээнээс хасагдсан бол С группээс нэгээр шалгарсан, жигд бэлтгэлтэй Raiders, В группээс 2-оор гарсан, өргөнөөр довтолдог арга барилтай Denver Golden Ball нарын оноолт үнэхээр хатуухан таарсан. Өндөр хурдтай, ширүүн өрсөлдөөнд болж өнгөрсөн эл тоглолтод Алтан бөмбөг 0-2 гаар өвдөг шороодож, мөн тэмцээний талбарыг орхилоо.

Ийнхүү шөвгийн дөрвийн оноолт тодорхой болов. Chicago B.O.S - Seattle Hawks. Тоглолтын үндсэн цагт мөн л ялагч нь тодроогүй тул торгуулийн цохилтоор “хайнцаа” хагалж, Chicago-гийн B.O.S аваргын төлөө наадах эрхээ олж авлаа. Bay area Raiders - Нью Жерси Жангар. Манай баг тоглолтын барилаа өөрчлөлгүй, урьдын адил өөрсдийн хэмнэлээ өрсөлдөгчдөө тулгах заавартай эхэлж, тэдний Денверийн багтай тоглосны дараахь цуцсан байдлыг тооцож тоглолоо.

Raiders багийн гол тоглогч болох өд шиг дэрвэсэн цэмцгэр тоглолттой, хувийн ур чадвараар илт онцгойрсон Мөрөнг “барьж” тоглох үүргийг Нямаад (#8) олгосон нь чухал алхам болсон, тэрээр ч үүргээ ягштал биелүүлсэн юм. Эхний үед Энхээ (#66) 16-ын талбайн гаднахь ташуу өнцөгөөс торгуулийн цохилтыг маш хүчтэй цохиж гүйцэтгэхэд алсын буланд хагас хамгаалагч Низи (#7) тосон авч “боогоод”, оноог 1-0 болгосон бол 2-р үед баруун жигүүрийн хагас хамгаалагч Бумбаяр (#14) Raiders багийн хоёр тоглогчоос мултран гарч урагшлаад, хажуугаас өргөж дамжуулсныг Шоон (#9) хүлээн авч, “чулуу” болголоо. Манай “midfielder” Шоон Бурушкин тэмцээний туршид багийнхаа тоглолтын ерөнхий хэмнэл, довтолгооны түлхүүрийг чадварлагаар тааруулж, нийт хагас хамгаалагчдаас илт онцгойрч байсныг энд дурсахгүй байхын аргагүй ээ. Тоглолтын цаг хэвийж байсан хэдий ч Raiders багийн идэвхи буурсангүй, дуусахаас 2 минутын өм нө торгуулийн цохилт гүйцэтгэх эрх авсан. 11 метрээс цохисон Мөрөн бөмбөгийг хаалгачийн баруун тал руу чиглүүлэхэд манай хаалгач Бямба (#12) эргэлзэлгүй зөв шийдлээр хааж чадсан юм. Төдөлгүй цаг дуусснаар Жангар баг түрүү булаалдах тоглолтонд зүй ёсоор шалгарлаа. Raiders багийн хувьд урьд оны адил биеийн хүчний болон сэтгэл зүйн бэлтгэл өндөр байсан ч гол тоглогчоо түшиж тоглох барил биеллээ олсонгүй, түүнд довтолгооны үед туслах “вариантийг” бэлдээгүйгээс медальгүй хоцорлоо гэж ойлголоо.

Тэмцээний аваргын тоглолт баруун эргийн цагаар 5 цагт эхэллээ. Өнгөрсөн жилийн аварга Chicago-гийн B.O.S бол залуу насаар аагьж, хурдаар таних тэмдэгээ хийсэн баг. Тэдний аюултай довтлогч, тэсрэмтгий хурдаар илт ялгарсан Улсболдыг “барьж” тоглохыг Нямаад (#8) үүрэгдэж, бусад маань нийт багийнх нь хурдыг тогтоон, уяж тоглох бодолтой талбайд гарцгаалаа. Энэ зорилго хэдийгээр биелсэн ч B.O.S багийн байнгын шахалттай, түрэмгий тоглолттой тулгарсан баг маань энэ удаа гоол оруулсангүй. 2 баг аль аль нь хурц байдлыг бишгүй үүсгэж байсан ч бүтэн цагий н туршид бөмбөг орсонгүй, 0:0-ийн харьцаатай тоглолт дууслаа.

Ингээд Монголчуудын Хөл бөмбөгийн Аварга шалгаруулах 7-р тэмцээний аваргын тоглолтын хувь заяа торгуулийн цохилтоор шийдэгдэхэд Chicago хотын B.O.S дахин босоо үлдэж, шилжин явах цомыг хадгалахаар боллоо.

Тэмцээний ерөнхий дүн, шилдгүүд:

Алтан медаль, аваргын шилжин явах цом - Чикаго хотын " B.O.S " баг
Мөнгө медаль - Нью Жерси мужийн "Жангар" баг
Хүрэл медаль – Сиатл хотын “Hawks” баг
MVP (шилдэгийн шилдэг тоглогч) - " B.O.S " багийн ахлагч Жавхаа
Шилдэг хамгаалагч – “B.O.S” багийн Тулгаа
Шилдэг хаалагч – Сиатл хотын “Hawks” багийн Итгэл
Мэргэн довтлогч – СФ-ийн “Raiders” багийн Мөрөн (5 гоол)
"Өсөх ирээдүйтэй залуу тоглогч" - "Жангар" багийн 17 настай хагас хамгаалагч Ганболдын Батням (Замдаан сэтгүүлийн нэрэмжит тусгай шагнал)
Ахмад багуудын цом булаалдах анхны тэмцээн зэрэг явагдаж, “Хүлэг” (Бэй Айриа), “Алтан бөмбөг” (Денвер), “МонЮнайтед” багууд байрыг дараалан эзэллээ.

Салхинаас шалтгаалав уу, жижиг хаалга нөлөөлөв үү, үнэхээр багуудын хамгаалалт сайжраа юу, оруулсан бөмбөг цөөтэй, 11-ийн цохилт элбэгтэй онцлогоор МХбАШ 2012 оны тэмцээн өндөрлөлөө. 2 өдөр Невадагийн наранд шаруулж, салхинд нүдүүлэн хацар сайртаж, уруул хагарсан ч энгэртээ гялалзах мөнгөн медалийн эзэд болсон Нью Жерси мужийн "Жангар" багийн шинэ амжилтанд баяр хүргэе. Тэмцээнээ чимж, идэвхитэй оролцсон нийт баг, тамирчиддаа цаашдын амжилтыг хүсье.

Аварга баг Chicago-гийн B.O.S-д давхар баярыг хүргэе!

2013 онд Вашингтон ДиСи хотноо уулзацгаая!

В. Ганхуяг. Нью Жерси муж. 2012

 

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.