12 сарын 15, Бямба
°C
USD 2,634.99
USD 2,634.99
EUR 2,992.69
JPY 23.20
GBP 3,327.07
RUB 39.68
CNY 382.22
KRW 2.33

БӨМБӨРЦГИЙН УДИРДААЧ, ТӨГӨЛДӨР ХУУРЧ ХОЁРЫН ГАЙХАМ ХОРШИЛ

(КОНЦЕРТЫН ТУХАЙ ШҮҮМЖ)
 2018 оны 11 – р сарын 17 - ны хагас сайны үдэш америкийн гурав дахь том хотын Чикаго Симфони Төвд Чикаго Симфони найрал хөгжмийн (Chicago Symphony Orchestra) тоглолт үзэв. Энэхүү танхимаас урьд нь бичсэн шүүмжээ зохиогч "Америкт учирсан урансайхан" https://mongolamericans.wordpress.com/…/%D0%B0%D0%BC%D0%B5…/ номондоо оруулсан билээ.

Чикаго Симфони найрал хөгжмийн хамтлагийн хөгжимчний доод цалинг энэ оноос жилд $159,016 ам. доллар
https://www.bizjournals.com/…/chicago-symphony-orchestra-mu… байхаар хөгжимчидтэй нь 3 жилийн гэрээ хийсэн ба америктаа нэлээд дээгүүр цалинтайд тооцогдох хамтлаг болно.
Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Шотландын Хааны Үндэсний Найрал Хөгжмийн уран сайхны удирдагч Дани гаралтай найрал хөгжмийн гоц удирдаач Томас Сөндөргард (Thomas Søndergård _1966) ) анх удаагаа энэхүү хөгжмийн хамтлагтай дөрвөн үдэш дараалан дохих зар түгээсэн нь анхаарал татсан бөлгөө.
Учир юун хэмээвээс 2015 онд П. Чайковский олон улсын уралдаан болон "Кардифын дэлхийн дуучин 2015" уралдаануудын тухай бичихдээ https://www.orloo.info/…/%D0%BC%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0…/ энэхүү удирдаачийн МУГЖ Э. Амартүвшин өөртэй нь хэрхэн хамт дуулсан https://www.youtube.com/watch… тухай бичсэн шүүмж үнэлгээг нь орчуулан тавьж байсан тул цахим цонхоор эчнээ мэдэх болсон билээ.
Т. Сөндөргард удирдаач энэ удаад хөтөлбөртөө П. Чайковскийн төгөлдөр хуур, найрал хөгжмийн алдарт 1 - р концерт, С. Рахманиновын 1 - р симфони гээд орос уянгын их дуучдын бүтээл багтааснаас гадна швед гарвалт финландын хөгжмийн зохиолч Ян Сибелиус (1865 - 1957) - ын "Кристиан хааны чуулбар II" - ийн Ноктьюрн болон Баллад хэсгүүдийг оруулж.
П. Чайковскийн төгөлдөр хуурын концертыг хөгжимдсөн. А Гаврилюкийг (1984) огт таньж мэдэхгүй залуу байна. Америкууд энэ хөгжимчнийг "...цахилгаан цахилах мэт, яруу найраг эгшгийн тоглолттой...гойд ур чадвартай" гэх маягийн тодотголтой тодорхойлолт өгч. Аргагүй тийм байна.
Энэ төгөлдөр хуурчийн хөгимдөхүйг хэрхэн хүлээж авахаа энэхүү концертыг хамт үзсэн төгөлдөр хуурч Б. Алунгоотой (энэхүү тоглолтыг хийлч Ж. Хадбаатар ч үзсэн гэдгийг сүүлд мэдсэн) түр завсарлагаар умдаан тамшаалангаа санал солилцлоо. Бид ийн хөөрөлдөв. - Ямартай ч орос хөгжимдөх дэг биш шиг байна. Оросууд их хүчилдэг. С. Рихтер бол хүчлэх, хүчлэхгүйн завсар байдаг. Горовицын https://en.wikipedia.org/wiki/Vladimir_Horowitz тоглолтыг л санагдуулаад байх юм. Тийм эмзэг, зөөлөн, нандин бас уран шаглаатай" гэхчилэн ярилцлахын завсар Москвагийн Консерватори төгссөн төгөлдөр хуурч Б. Алунгоо мэргэжлийн хүний хувьд онцлох хэдэн зүйл чухалчилан "үсэг шувуу" - гаар дараа өдөр нь илгээсэн юм.
Тэрбээр төгөлдөр хуурч А. Гаврилюкийг ийн өгүүлж байна: "...халуун цустай хирнээ хүйтэн тархитай байх нь хөгжимчин хүний гол үнэлэх шинж чанаруудын нэг. Зөөлөн мөртөө сувдан өнгөтэй. Хичнээн аяархан ч бүх өнгө нь чихэнд сонсогдож буй. Олон зүйл хэсэгт хөгжимдөхдөө бидний сурсан дадсанаас өөр, заримдаа бүр эсрэгээр хөгжимдөнө. Хөгжимчин хүн яаж ч хөгжимдөж болно гэсэн бичигдээгүй хууль буй ч гагцхүү "сонсогч бүрд түүнээ итгүүл" ! Тэгэж чадах аваас хөгжимчин бие хүний өөрийнх нь хэзээ ч давтагдашгүй хөгжимдөн илэрхийлэх урлаг болж чадна гэж боддог. Бас маш нарийн бодож, ухаан нэрж бүтээсэн тэр хөгжимдөх аргаа сонсогчдод хүргэх агшиндаа нээлт мэт өгч чадаж байгаа шинэчлэгч илэрхийлэлт ...." хэмээсэн ба цааш Б. Алунгоо"... П. Чайковскийг сайн төгөлдөр хуурч байгаагүйгээс төгөлдөр хуурын нэгдүгээр концерт төгөлдөр хуур хөгжимчин хүнд хөгжимдөхөд барууны сонгодогуудтай харьцуулахад гарын барил тун эв дүйгүй зохиол..." гэсэн юм.
.
Төгөлдөр хуурч А. Гаврилюкийг Горовицтай адил байна хэмээн онцолж онош тавьсаны дараа концертын хөтөч номыг шагайтал бидний таамаг ортой болоод явчихлаа.
А. Гаврилюк ( http://www.alexandergavrylyuk.com/ ) Украйнд төрөөд, долоотойгоосоо хөгжмөөр хичээллэж эхлээд, 9 настай анхны бие даасан тоглолтоо хийж байсан гоц авьяастан хүү байж. Тэгээд 13 настайдаа гэр нь Австрали руу нүүж, тэндээ өсч том болжээ.
Яагаад Горовиц шиг сонсогдоод байсны учиг нь тэрбээр 1999 онд Украйны нийслэл Киев хотноо болсон В. Горовицын нэрэмжит олон улсын уралдааны тэргүүн байр, алтан медаль хүртэж байж.
В. Горовицыг 1986 онд Ленинградын Филармонийн танхимд ирж хөгжимдөхөд нь анх сонсч, тун биширч бас гайхшран алмайрч байж билээ. Эл төгөлдөр хуурч маань эх орноосоо америкт одоод, бараг хагас зууны дараа өтөл насандаа орос үзэгчидтэйгээ эгэн учирсан нь энэ байж. Хожим мэдэхнээ. Ойрхи цагийн дэлхийн хөгжмийн түүхэн дэхь хамгийн агуу суут төгөлдөр хуурчийг амьдаар нь анх харсан бас сүүлийнх нь тохиол энэ байж дээ...
Сонирхолтой нь өдгөөгөөс яг 90 жилийн өмнө В. Горовиц америкт анх хөл тавьж, Карнеги Холлд хөгжимдөхдөө П. Чайковскийн төгөлдөр хуурын эл концертыг хөгжимдөж байж. Энэ удаад бол А. Гаврилюкийн зориудын бодож хийсэн урын сангийн төлөвлөлт байх аа. Энэ концертын хөтөлбөрийн хувьд.
Т. Сөндөргард удирдаач Ян Сибелиус (1865 - 1957) - ын "Кристиан хааны чуулбар II" - ийн Ноктьюрн болон Баллад мөн С. Рахманиновын нэгдүгээр симфонийг дохиж үзүүллээ. Эхний хөгжмийг сонсож амжсангүй. Машины түгжрэлд ороод.
Харин С. Рахманиновын ре минорын нэгдүгээр симфонийг (I. Grave - Allegro ma non troppo; II. Allegro animato; III. Larghetto; IV. Allegro con fuoco (зох. 13) эл удирдаач дохиж, симфони найрал хөгжмөөр эгшиглүүлэхийг тун ойроос ажих завшаан тохиолоо.
Энэхүү симфонийг үүнийг сийрүүлэгч консерваторийн оюутан ахуйдаа ч тэр коллежид багшилж байхдаа ч хичээлийн хөтөлбөрт огт оруулж байгаагүй, партитурыг нь сөхөж ч байгаагүй, анхаарлаас ангид явсан бүтээл байх юм.
Энэ нь ч аргагүй хэрэг аж. Учир нь С. Рахманиновын 23 настайдаа тэрлэсэн энэхүү анхдугаар симфонийн эхний тоглолт 1897 оны гуравдугаар сарын 15 - нд Петербургт болоход А. Глазунов удирдан хөгжимдүүлэхдээ хөгөөн хөлдөө чирч, үзэгчид хэл амаар баалж, "хөсөр хогийн хөгжим" гэж зүхүүлсэн түүхтэй аж. С. Рахманиновын шинэчлэл хийх гэсэн санааг туршлагагүй залуу байсан удирдаач А. Глазунов огт ойлголгүй ийн шившигээ тарьсан байна.
Уг нь бол энэ симфонийн өмнө их хөгжмийн зохиолч маань "Алеко" дууриар дипломоо хамгаалаад Москвагийн Консерватори төгсөхдөө л чамгүй хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, удирдаач хэмээн алдаршчихсан ихэд додигор, хүчийг аваад байсан тул энэ удаад ч "бут авна" гэсэн дэврүүн бодол, зангарагтай байж.
Нэгдүгээр симфонийн тоглолтынх нь дараанаас л сонин дээр хөгжмийн шүүмжүүд ар араасаа бөмбөгдөж өгч. Тэр цагийн оросын алдарт хөгжмийн шүүмжич Ц. Кюи "...зохиогч авьяастай хэдүй ч хэрвээ тамд Консерватори байдагсан бол С. Рахманинов хамгийн түрүүчийн оюутнаар очих байлаа ..." хэмээн тавлан бичиж байжээ. Аюултай хэрэгээ мөн чиг.
Энэхүү сүйрэлт явдлын дараа тэрбээр сэтгэл санааны гутрал уналтын байдалд орж, бүтэн гурван жилийн турш ямар ч хөгжим цоохорлолгүй уран бүтээлийн гүн хямралын байдалд оршжээ...
Бөмбөрцгийн удирдаачийн ур чадварын тухай дэнслэн өгүүлэхийн өмнө симфони найрал хөгжим хийгээд түүнийг удирдан хөгжимдүүлэх монгол ур ухааны түүхээс эргэн сөхмөөр санагдлаа.
"Симфони" гэдэг нь "эв зохиост эгшиг, ая дууны нийлэмж " гэсэн монгол утгатай дүйцэхүйц "συμφωνία" гэх грек үг ажээ.
Бидний эх оронд "симфони" гэдэг гадаад үгийг нийтийн өмнө анх 1958 оны хоёрдугаар сарын 25 - нд анх хэрэглэсэн шиг байна. Энэ явдлаас жилийн өмнө 1957 оны 6 - р сарын 05 - ны өдөр Радио Хорооны харьяанд байгуулагдсан Улсын Яруу Тунгалаг Найрал Хөгжмийн анхны тоглолтын зарлалын хуудаснаа "Улсын Симфони Найрал Хөгжим" - гэх нийлмэл үгс хэрэглэж.
 Монгол оронд албан ёсоор анх байгуулагдсан Симфони найрал хөгжмийн ерөнхий удирдаачаар Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц. Намсрайжав (1926 - 1987), туслах удирдаачаар Төрийн шагналт, УГЗ Г. Бирваа (1916 - 2006) нарыг томилсон тушаал - түүх буй.
Монгол хүн анх хэзээ баруун мутрынхаа гурван хуруугаар хулс модон савхан дохиур чимхлээд, босоогоороо европ зүгийн найрал хөгжмийг удирдан хөгжимдүүлсэн бэ ? гэх асуултын хариу судлагч эзнээ хүлээж буй нь маргамгүй.
Ямартай ч Богд хааны зуны ордон зүгээс янгинах "ямаан бүрээ" - н дуутай энэ үйлс хамтдаа яригдах ч одоогоор найрал хөгжмийн өмнө анх гарсан гэх ноттой баримт 1942 оны дөрөвдүгээр сарын 29 - ний өдрийн "Учиртай гурван толгой" манай анхны дуурийн,орос хэлээр бичсэн анхны зарлал дээр үзэгдэнэ.
"Среди печальных гор" http://www.sonin.mn/news/culture/45624 гэсэн энэхүү зарлалын дэлгэмэл бичгийн нэлээн доор "Гл. дирижер – Дамдин-Сурун” - “Ерөнхий удирдаач (Билэгийн Б.Б) Дамдинсүрэн” https://mn.wikipedia.org/…/%D0%91%D0%B8%D0%BB%D1%8D%D0%B3%D… гэсэн бичиг анхаарал татна.
Тэгэхээр манай Одон Тэмдэгт Улсын Төв Теат буюу Бөмбөгөр Ногоон театрын холимог симфони найрал хөгжмийн анхны удирдаач нь Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Билэгийн Дамдинсүрэн (1919 - 1991) байжээ.
Хамгийн сонирхолтой нь Б. Дамдинсүрэн гуайн дохиурын зангаан дор өрнийн Консерваторид симфон найрал хөгжмийн боловсрол эзэмшсэн манай анхны онцгой удирдаач болох Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Ц. Намсрайжав багш "солгой" угалзан бүрээ үлээж, "Уран Хас" - ыг зохиогч манай дуурь, балетын аугаа удирдаач Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Ж. Чулуун (1928 - 1996) багш хийлээр хөгжимдөж байсан бөлгөө.
Жамцын Бадраа (1926 - 1993) гуай "...сайн юм бүхэн өрнөөс гарсан бус дорноос ч гарсан нь буй..." гэх үзэлтэй байж дээ !. Энэ утгаар дэнслэвээс Баруун Европод симфони найрал хөгжим үүсэхээс даруй хагас мянганы өмнө Монгол Юань Улсын төрийн ёслолын найрал хөгжим өдгөөгийн "хөгжмийн удирдаач" гэх ухагдахууныг өөр арга, маягаар хэрэглэж байсан түүх тодорхой байдаг. Энэ тухайд эл бичвэрийн эзэн өмнө дурьдсан бөлгөө .
https://www.facebook.com/batjargal.badamjav.1/posts/10215860824167997
Монгол - Юань Улсын үед найрал хөгжмийн удирдаачийн үүргийг гурван зүйл хөгжмийн зэмсэг гүйцэтгэж байж.
Нэгд, "Эхлэгч" (ᠡᠬᠢᠯᠡᠭᠴᠢ᠃ эхлэгч - голдоо нүхтэй, цүлхэгэр модон авдрын хэлбэртэй цохиж дэлдэх зэмсэг ба хөгжмийн анги бүлэг эхлэх дохио болгон дэлдэнэ) хоёрт, "Хураагч" (ᠬᠤᠷᠢᠶᠠᠭᠴᠢ᠃ хураагч – хэвтэж буй барсын нуруун дахь товгор товрууг хулс модоор нидрэн, хөгжмийн анги бүлгийг төгсгөх зорилгоор цохиж дэлдэх нэгэн зүйл хөгжмийн зэмсэг) эцэст нь "Туяалагч". Туяалагч хэмээх нь шөнийн цагт дэнлүүгээр удирдан хөгжимдүүлэх арга болой.
Монгол оронд Бурхан шашин Өндөр Гэгээний цагаас газар авахад 700 сүм хийд бүр өөрийн найрал хөгжмийг байгуулж, хурал номоо явуулж ирсэн. Чингэхдээ Их Юанийн төрийн найралаас уламжилсан нь ч буй төвдөөс ирсэн нь ч буй билээ. Энэхүү уншлага ёслолын найрал хөгжмийг удирдах үүргийг тухайн хийдийн "унзад лам" өдгөө ч залгуулсаар буй уламжлал хадгалаастай.
Шар нохой жилийн босгон дээр монгол түмэнд дуурь, бүжгэн жүжгийн удирдаач Ардын жүжигчин Жагваралын Бүрэнбэх төрсөн бол оны сүүл рүү симфони хөгжмийн удамт хөгжмийн удирдаач, эрдүү хийлч, МУ - ын Филармонийн ерөнхий удирдаач , профессор МУ -ын УГЗ Намсрайжавын Бүтэнбаяр (1952 - 2018) маань тэнгэрт харуусалтайгаар одлоо.
Юутай гарз, юутай гаслан...
Симфони хөгжмийн Б. Батбаатар, Б. Лхагвасүрэн, Д. Нямдаш нарын зэрэг сайхан сайхан залуу халаа удирдаачид төрөн гарсаар.
Бид дунд үеийн симфони болон дуурийн удирдаачид болох УГЗ Ц. Баатаржав, УГЗ В. Боролдой, АЖ Ж. Бүрэнбэх, УГЗ Ч. Жамсранжав, УГЗ Д.Жанчив, УГЗД. Жигжидсүрэн, М. Санжмятав, УГЗ Н. Туулайхүү нарын зэрэг зүтгэлтнүүдийн манай хөгжмийн урлаг дахь түүхэн үүрэг, давтагдашгүй арга барил, ажиллагааг нь нэн даруй судлан тодруулан тодорхойлж хойч үед өвлүүлэх шаардлагатай.
Манай шинэ цагийн хөгжмийн амьдралын түүхэнд хөгжмийн удирдаачийн онол, арга зүйн анхдагч бүтээл "Удирдаачийн ур зүйн үндэс" (2011) номыг МУ - ын Ардын Жүжигчин Ж. Бүрэнбэх туурвисан билээ.
Хэдхэн хоногийн өмнө удирдаач Баатаржавын Энхбаатар Уралын Залуучуудын Симфони Найрал хөгжмийн хамтлагтайгаа Парисын Елисейн тал театрт уригдсан бол Б. Лхагвасүрэн удирдаач Куба Улсын Гавана хотноо энэ хавар Куба Улсын Үндэсний Симфони найрал хөгжмийг удирдан http://soyol-urlag.mn/төрийн шагналт, хөгжмийн зохиолч З. Хангалын "Эрдэнэсийн ууланд" бүжгэн жүжгийн адажиоЛ.Бетховены “Кориолан” удиртгал, А.Дворжакийн “”Шинэ ертөнцөөс” хэмээх IX симфони, Төрийн шагналт, УГЗ Б.Шаравын “Үлэмжийн ертөнц” бүжгэн жүжгийн хөгжим зэргийг сонордуулжээ.
Дэлхийн симфони найрал хөгжимтэй холбогдох ойрхи цагийн нэгэн сургамжтай гэмээр түүхийг энд заавал дурьдах ёстой санагдана. Нутагтаа айргийн тавд жагсдаг америкийн Филадельфийн Симфони Найрал Хөгжмийг эх орондоо авчирна гэсэн зар http://www.baabar.mn/article/7642 хоёр жилийн өмнөөс түгсэн нь манай соёлын тун содон үзэгдэл болохоор байв. Америк төр их симфони найралаа гадаад улсад аялан хөгжимдүүлэх нь улс төрийн харилцааны эргэлтийн шинжтэй тэмдэг болдогийг "Хойд Солонгост" 2008 онд айлчлан хөгжимдсөн Нью - Йоркийн Филармонийн https://www.youtube.com/watch?v=TGGPWy3UtdU арга хэмжээнээс ажигласан билээ.
Филадельфийн Симфони Найрал хөгжмийн бүрэлдхүүнд багтддаг 140 хөгжимчнөөс манай оронд 18 нь л ирэх болсон нь хүсэн хүлээсэн улсыг https://mn.usembassy.gov/philadelphia-orchestra-musicians-…/ сэтгэл ихээхэн гонсойлгоход хүргэсэн билээ.
Энэхүү шүүмжийн гол баатар Т. Сөндөргардын найрал хөгжмийг удирдахуйн ур дүй онцгой сэтгэгдэл төрүүлж байна. Түүний хөдөлгөөний эвсэл, хөдлөл нь өмнө хэзээ ч харж, ажиж байгаагүй этгээд сонин төрхтэй юм.
Үндэстэн ястан хүн бүр хөлийн явдал, алхаа гишгээ, гарын дохио зангааны өөрийн гэсэн дахин давтагдашгүй донжтой байдаг. Тэр өнцгөөс ажвал магад Дани үндэстэн хүний хөдөлгөөний маяг ийм байдаг байх хэмээн ойлгомоор. Цахилж буй гөрөөс ч шиг, дүүлэн нисэх ирвэс ч гэмээр. Үг онож хэлж мэдэхгүй нь.
Ямартай ч түүний найрал хөгжмийн ая, хамсраа, бүлэг хэсгийн аялбар бүрийн илэрхийлэлт, симфони найрал хөгжмийг бүрдүүлэгч хөгжмийн бүл төрөл зэмсэгийн анги бүрийн хуваарилалт, солигдолт хийгээд хөгжмийг эхлүүлэх ба төгсгөх, аажим хурдлах, удаашруулах хэм хэмнэлийн дохио зангаа зэрэгт нь өөлөх өчүүхэн ч зүйл мэдээж алга. Хүссэнээрээ л найрал хөгжмийг нааш цааш нь чангааж, хөгжмөн өнгө будгийн дуурьслын их найралыг өөрийн дур хүслээрээ зуран бүтээх ажээ.
 Найхал хөгжмийн бичгийг ийн урнаар, яруу тунгалагаар уншин илэрхийлэхийн үлгэрлэлт жишээ мөнөөсөө мөн л гэж хэлэх байна даа !
Ийнхүү хойд америк тивд монгол хүмүүн бөмбөрцгийн удирдаач, төгөлдөр хуурч хоёрын гайхам хоршлыг сонордсон сониноосоо дуулгахад ийм байна аа !
Монголын гэх тодотголтой симфони найрал хөгжмийн хөг эгшиг нь тэгш, аялгуу дуу нь энхэд яруу тунгалаг оршиг ээ !
 
 
 
Хөгжмийн шүүмжич, доктор Бадамжавын Батжаргал

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

БОЛОВСРОЛЫН САЛБАРААРАА БИТГИЙ ТОГЛООД БАЙ, ЭРХ МЭДЭЛТНҮҮД ЭЭ.
БОЛОВСРОЛЫН САЛБАРААРАА БИТГИЙ ТОГЛООД БАЙ, ЭРХ МЭДЭЛТНҮҮД ЭЭ.
12/15/2018
Энэ зургийг миний нэг шавь Монголоос над руу явуулсан юм. Шинээр зохиогдсон 11 р ангийн "Монгол хэл"-ний сурах бичиг дээр миний нэг бичвэрийн хэсгийг оруулсан байгааг шавь минь бахархалтайгаар мэдэгдлээ. Харин надад баярлах юу ч байсангүй. Сурах бичгийг ямар ч шалгуургүйгээр энд тэнд байгаа эрээвэр хураавар бичвэрүүдээс түүж зохиодог юм бол, эрдэмтэд гэж байгаад ямар хэрэг байгаа юм бол? ШУБСЯ ны хувьд сүрах бичиг зохиох, түүнийг хэвлүүлэх эрхийн тѳлѳѳ маш их ѳрсѳлдѳѳн бий болж энэ нь аажим аажимдаа бизнес болж, эрх мэдэлтнүүдийн авилгалын сүлжээг үүсгэдэг тухай баттай бус мэдээлэл сонсож
БИД ЯАГААД “ШИНЭЧ”- ИЙГ БҮТЭЭЖ БАЙГАА ВЭ?
БИД ЯАГААД “ШИНЭЧ”- ИЙГ БҮТЭЭЖ БАЙГАА ВЭ?
Энэ тѳслийг санаачлан эхлүүлэх гэж байхдаа Д.Эрдэнэбат, Э.Бүжинлхам бид 3 шинэ нэр хайцгаав. “Шинэ санаа”, “шинийг санаачлагч” гэсэн утга агуулж буй “ШИНЭЧ” нэрийг Э.Бүжинлхам минь толь бичгээс хайж олсноор тѳсѳл минь нэртэй боллоо. 3 жилийн ѳмнѳ эрэлд гарч 108 мэдээлэл цуглуулахдаа 1 сар хагас орчим хугацаа зарцуулсан юм. 2 жилийн ѳмнѳ дахин замд гарч 1 сар хүрэхгүй хугацаанд 80 орчим мэдээлэл цуглуулснаар, АНУ д бизнес эрхэлж буй 188 монголчуудын мэдээллийн багцыг багтаасан “Шинэч” гэдэг тѳсѳл хүмүүст танил болж чадсан юм. Саяхан бид шинэ баг бүрдүүлж дахин эрэлд гарснаар бизнэс эрхэлж буй
ӨМХИЙ ХАНХЛУУЛСААР БАЙГАА “БААС”- НУУД
ӨМХИЙ ХАНХЛУУЛСААР БАЙГАА “БААС”- НУУД
11/30/2018
“ Баас хатавч ѳмхийгээ тавихгүй” гэдэг хэллэгээр Монголын Тѳр бүхэлдээ ѳмхийрчээ. Тэр үнэрэнд нь дургүйцсэн монголчууд уурлан хилэгнэж байна. Хэн нэгэн гэрт нь орж ирээд бааж орхивол хэн ч уурлана шүү дээ. ЖДҮ ийн залилангийн асуудал, зээлээ тѳлж ядаж байгаа хүн болгоны дургүй зэвүү хоёрыг зэрэг хүргэсэн хэрэг.
(дэлгэрэнгүй…)

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2018 Орлоо-Инфо ХХК.