04 сарын 24, Лхагва
°C
USD 3,376.83
USD 3,376.83
EUR 3,605.78
JPY 21.81
GBP 4,175.11
RUB 36.20
CNY 466.00
KRW 2.45

Вашингтон хотоор сонин юу байна?

  Дэлхийн их гүрний нийслэл Вашингтон хот Улаанбаатараас хоёр дахин цөөн хүн амтай гэвэл та үнэмших үү? Тиймээ, хотын үндсэн хүн ам шинэ мянгантай залгаснаас хойшхи долоон жилд тавьхан мянгаар нэмэгдэж, одоо  582 мянга болжээ. Жилийн аль ч улиралд энэ хотод жуулчдын хөл тасардаггүй бөгөөд өдөр бүр хотын хүн амтай нь тэнцэх тооны гадныхан ирж холхилддог гэх. Дэлхийн 180 орны элчин сайдын яамд, дээр нь хэдэн зуун олон улсын байгууллагын ажилтнууд мэдээж Вашингтоны үндсэн оршин суугчид гэж тоологдохгүй. Өөрөөр хэлбэл жинхэнэ оршин суугч нь цөөхөн боловч манай нийслэлийн хэмжээний хүн тэнд байнга амьдарч байнаа гэсэн үг.

  Хотын хүн амынх нь судалгааг авч үзвэл ам бүлийн тоо хоёр гэж бүртгүүлэх айлууд дийлэнхийг эзэлж, хаа газар эмс бүсгүйчүүд зонхилдог хорвоогийн жишгээр гоонь эрчүүд зонхилдог энэ хотод  100 эмэгтэйчүүдэд 85 эрс ногддог аж.

  Шүтдэг шашнаар ангилбал эндхийн дөрвөн хүний гурав нь бүтэн сайн өдөр болгон Христийн сүмд цуглаж, зуун хүнээс дөнгөж дөрөв нь өөрийгөө Далай ламын дагалдагч гэж үздэг гэнэ.

  Нийслэл хотыг найман сая хүн бужигнасан Нью Иорктой  зүйрлэх юм бол хөдөөний бяцхан тосгон нь л гэсэн үг. Тэнд Нью Иорктой адил тэнгэр баганадсан өндөр барилгууд бүү хэл ерөнхийлөгч Вашингтоны дурсгалд зориулан босгосон 169 метр цул чулуун хөшөөнөөс өндөр ганц ч байшин байхгүй гээд бодчих.

  Ийшээ гадна дотнын жуулчид сая саяараа хөврөх нь аргагүй юм. Америкдаа хамгийн олон музей дурсгалын газруудтай энэ хот руу зорчих боломж гардаг юм бол та мэдээж конгрессын танхим, цагаан ордноор орж үзэхээс эхлээд Америк орны бахархал болсон ерөнхийлөгч Вашингтон, Жефферсон, Авраам Линкольн, Франклин Рузвельд, ХХ зууны манлай эрдэмтэн Альберт Эйнштейн нарт зориулсан дурсгалын цогцолборуудад заавал очиж хүндэтгэл үзүүлээрэй.

  Чухам эндээс л энэ орны хүүхэд багачуудад үе үеийн баатруудаараа бахархах, эх орноо хайрлах үзэл төлөвшдөг юм шиг санагдсан.

  Дэлхийд алдартай Смитсоны институтыг бүгдийг нь үзнэ гэвэл танд нэг хоёр өдөр яагаад ч хүрэлцэхгүй. Агуу энэ том цогцол­бор нь түүх дурсгал, урлаг соёл, ан амьтан, өвс ургамал гээд өчнөөн төчнөөн үзмэр агуулсан хорь гаруй том музей, амьтны хүрээлэнгээс бүрдэх аж. Та энд хамгийн олон хүний гар дамжин худалдагдаж, авсан эзэн болгондоо гай гамшиг учруул­саар хамгийн сүүлд музейн мөнхийн үзмэр болон тавигдсан, дэлхийд одоогоор хамгийн үнэтэй эдлэлд тооцогддог “итгэл” гэгч нэртэй цэнхэр алмасан зүүлтийг үзэж болно.

  Цогцолборт мөн эрдэм шинжил­гээ, судалгааны 12 төв үйл ажиллагаагаа явуулдаг юм билээ. Цаанаасаа тогтоогоод өгчих­сөн цаганд нь хавчигдан байж, халтууртаж үзсэн хосгүй нэгэн газар бол “Байгалийн түүхийн музей” байлаа. Энд цуглуул­сан ургамал амьтан шавьж хорхойны 125 сая үзмэрийг монгол маягаа­раа нэг бүрчлэн тэмтэрч үзнэ гэвэл миний нас ч хүрэхгүй юм билээ.

  Түүхийн музейн хоёр давхарт гарвал Марта Вашингтоноос авахуу­лаад Лаура Буш хүртэл бүх тэргүүн хатагтай нарын гоёлын даашинзтай баримлуудтай мэн­дэлж, түүний нь дээд давхарт нь мэдээж хатагтай нараа алдаршуулсан эр нөхрүүдийнх нь баримлыг суурилуулсан байх жишээтэй.

  Номыг дээдэлдэг хүмүүсийн хувьд таван зуугаад хэл дээр бичигдсэн 58 сая эх гар бичмэл, 30 сая номтойгоороо дэлхийн хамгийн томд тооцогдох Америкчуудын бахархал болсон Конгрессын номын санд нь ядаж хагас өдрийг өнгөрөөхөөр төлөвлөхөд алзахгүй. Юун Лениний номын сан, энэ мангасын хажууд ёстой юу ч биш юм шиг санагдсан шүү.

  Орой үдэш нь хэрэв зав гараад мөнгөтэй бол Авраам Линкольний буудуулдаг алдарт Фордын театрт жүжиг үзэх ч юм уу, эсвэл Кеннедийн төвд очиж симфони хөгжим сонсож алжаалаа тайлахад гэмгүй болов уу.

Эх сурвалж: www.news.mn


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.