04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

МАРК К МИНТОН: Ажлын өнөөгийн эрчинд өөдрөг байна

2007 онд шилжих шинэ жилийн өмнө АНУ-аас МУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Марк. К. Минтон  Итгэмжлэх жуух бичгээ Монгол улсын Ерөнхийлөгчид өргөн бариад удаагүй байхдаа “15 минут студи”-ийн хүндэт зочноор уригдаж, Монголын телевизийн эфирт анх удаа “Хөгжлийн гарц” нэвтрүүлгээр дамжуулан алба ёсны ярилцлага өгснийг толилуулж байна.

- Таныг манай студид хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлэхийн хамт Зул сарын баярын мэнд хүргэе. Юуны өмнө, Та өөрийгөө бидэнд танилцуулна уу?
- Баярлалаа. Миний хувьд, 25 жил гаруй хугацаанд дипломат албыг хашиж байгаа мэргэжлийн дипломатч хүн юм. Өмнө нь Япон, Солонгос болон Нью-Йорк дах Нэгдсэн Үндэсний байгууллагад ажиллаж байгаад, 2 сарын өмнө Би Монгол Улсад суух Элчин Сайдаар томилогдон ирсэн. Энэ нь миний АНУ-ын Элчин Сайдаар ажиллах анхны томилолт юм. Энэ албыг хаших болсондоо сэтгэл их хангалуун, таатай байгаа.

- 2007 он Таны хувьд Монголд өнгөрүүлж буй анхны Шинэ жил болов уу? Шинэ гараа, шинэ оныг хэрхэн үнэлж цэгнэн, төлөвлөж байна?
- Биднийг их онцгой жил хүлээж байна.  Учир нь, ирэх 2007 онд Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн жил тохионо. Энэ ойн онцгой өдрийг тэмдэглэх ажлын хүрээнд соёл урлагийн сайхан хөтөлбөрүүд, семинар уулзалтууд болон АНУ-өндөр түвшний албан айлчлалуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Түүнээс гадна 1 жил орчмын өмнө АНУ-ын Ерөнхийлэгч Жорж Буш Монгол Улсад айлчилсан байгаа. Энэ айлчлалын үр дүнг бид амссаар байна. Тухайлбал, Америкийн ард түмэн “Монголын түүх соёл, орчин цагийн Монгол Улсын тухай” телевизийн хөтөлбөрөөр үзэх боломжийг олгосон явдлыг онцолж болох  юм.

- АНУ-ын Ерөнхийлэгч Жорж Бушийн Монгол Улсад хийсэн түүхэн айлчлалын ач холбогдлыг хэрхэн дүгнэж байгаа вэ?
- Гол ач холбогдол нь гэвэл, миний түрүү хэлснээр шинэ дотно болсон харилцаа холбоог, Монгол улсын гурав дахь хөршийн харилцааг олон нийтэд ил болгосонд оршино. Бид 20-хон жилийн харилцаатай ч гэсэн энэ харилцаа холбоо маань маш хурдацтайгаар амжилттай өсөж чадлаа.
Америкийн олон тооны бизнес эрхлэгчид Монголд ирэх сонирхолтой байна. Мөн одоогийн байдлаар,  Энх тайвны сайн дурын 105 ажилтан ажиллаж байна. Бидний зүгээс бүх хамтын ажиллагааны хүрээнд тусламж дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд энд соёлын өвийг хамгаалах асуудал хүртэл багтаж байна. Түүнчлэн Монголд өөр ашигтай замаар тусламж үзүүлэхийг оролдож байгаа. Та бүхэн мэдэж байгаа нэг зүйл бол, Мянганы Сорилын Сангийн шугамаар бид Монгол Улсад илүү их хэмжээний тусламжийн багцыг хүргүүлэхээр харилцан тохиролцож байгаа билээ. 

- АНУ нь бүх салбар дахь хөгжлийн амжилт болон ардчиллын бэлэг тэмдэг гэж хэлж болно. Мөн төрийн дээд хэмжээний айлчлалын үеэр эрхэмсэг ноён Буш Монгол улсын 3 дахь хөрш хэмээн зарласан. Иймээс Монгол нөхдөдөө ардчилалыг илүү хүчтэй болгож, бэхжүүлэх тал дээр ямар зөвлөгөө өгөх вэ?
- Миний бодлоор Монголчуудад хэн нэгний шууд зөвлөмж шаардлагагүй. Яагаад гэвэл социализмаас хойших энэ 20 жил, бүүр илүүтэйгээр сүүлийн 15 жилд Монголын ард түмэн тэмдэглэхүйц үр дүнд хүрсэн. Та нарт чөлөөт хэвлэл мэдээлэл байна, бүх нийтийн улс төрийн сонгуультай, бас улс төрийн эрх мэдэл нь нэг улс төрийн жигүүрээс нөгөөд шилжсэн  гээд амжилтанд хүрсэн ардчилал та нарт байгаа. АНУ юу хүсч байна вэ гэвэл Монголын ард түмний, өөрсдийн ардчилал ба эдийн засгийг цаашид хөгжүүлэхэд явуулж буй чиглэл болон үйл явцад дэмжлэг үзүүлэхэд оршино. Бид яг үүнд л дэмжлэг үзүүлж туслахыг хүснэ.  

- Монголчууд Мянганы Сорилын Сангийн гэрээ хэлэлцээрээс сайн мэдээг хүлээж суугаа. Хэзээ эцсийн шийд гарах вэ?
- Бид хэсэг хугацааны туршид Мянганы Сорилын Сантай ярилцан тохиролцож байна. 2006 оны төгсгөл болж байгаа энэ үед бид тус үйл явцын нэн нарийвчилсан яриа хэлэлцээр бүхий шийдвэрлэх шатанд ороод байна. Бид энэхүү хэлэлцээрээ 2007 онд дуусгах зорилготой байгаа бөгөөд аль болох ойрын хугацаанд хийх бодолтой ажиллаж байна. Ажлын өнөөгийн эрчид би өөдрөг байгаа.

- Манай хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд ойрын үед  яг ямар ямар ажил хийхээр төлөвлөөд байгаа мэдээллээсээ хуваалцана уу?
- Ноён Батбаяраа, миний өмнө хэлсэнчлэн Монгол Улстай бид олон төсөл хөтөлбөрийн хүрээнд ажиллаж байгаа. Үүнийгээ цаашид үргэлжлүүлэх бэхжүүлэх хүсэлтэй. Тухайлбал, НҮБ-ын олон улсын энхийг сахиулах ажиллагааны гүйцэтгэх ажлын хүрээнд Монгол Улсын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор АНУ-ын цэргийнхэн  Монгол Улсын цэргийн албан хаагчтай хамтран ажиллаж байгаа. Энэ ирэх жил мөн үргэлжлэх болно.
Англи хэлийг Монгол Улсад хоёрдох хэл болгосонтой холбогдуулан англи хэлний сургалтыг дэмжихээр бид өөрсдийн чадах бүхнээ зориулж байгаа. Манай Энхтайвны сайн дурын 105 ажилтан Монгол Улсын хөдөө орон нутгийн сургуулиудад англи хэлийг зааж байна. Би тэдний зарим нэг дээр нь очиж зочилсон.
Мөн Ерөнхийлэгч Бушийн айлчлалын шууд үр дүн гэвэл монгол оюутнуудад өгч байгаа англи хэл сурах тэтгэлэг нэмэгдсэн.  Бид 2 орны хоорондох боловсролын солилцоог хөхүүлэн дэмжиж байгаа. Өнгөрсөн жилд л гэхэд, бид АНУ-дахь төрөл бүрийн хөтөлбөрт оролцох зорилготой 1400 оюутнуудад виз олгосон. Дээр нь мэдээж, өмнө дурьдсан Мянганы Сорилын Сангийн хэлэлцээрийн дүн бас бий.

- Ноён Элчин Сайдаа, таньд Монголд Америкийн хэдэн компани үйл ажиллагаа явуулдаг талаар мэдээлэл байна уу?
- Яг хэд вэ гэсэн тоо надад одоо алга. Яагаад гэвэл, компаниудын үйл ажиллагаа төрөл бүрийн шатанд байгаатай холбоотойгоор маш их өөрчлөгддөг тоо юм. Нэг хэсэг нь аль хэдийн байгуулагдчихсан байх жишээтэй. Тухайлбал, Катэрфильер - үйлдвэрийн болон уул уурхайн зориулалтай хүнд машин механизм үйлдвэрлэдэг АНУ-ын том компани юм. Гэтэл зарим нь дөнгөж бизнесээ эхэлж байгаа компаниуд ч байна. Ер нь Америкийн компаниудын Монголд бизнес эрхлэх сонирхол маш эрчимтэй байгаа. Монгол улс нь өссөн ардчилал, зах зээлийн эдийн засагтай орон бөгөөд Монголчууд Америкийн бизнесменүүдийн найдвартай түнш юм.
Чин үнэнээр хэлэхэд уул уурхайн салбар маш их анхааралд өртсөн. Энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг Америкийн компаниуд нь уул уурхайн чиглэлээр болон байгаль орчныг хамгаалах талаар дэлхийн хэмжээнд хамгийн шилдэг туршлагыг эзэмшсэн, бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа орны хууль дүрмийг мөрдөн сахихдаа шилдэг компаниуд гэдгийг би хэлэх ёстой болов уу.

- Ярилцлагын сүүлийн хормыг таньд үлдээе. Бидний ярилцлага UBS Tелевизийн үзэгчид болон “Зууны мэдээ” сонины уншигчдад хүрнэ. Та тэдэнд хандан юу хэлэхсэн бол…? 
- Хамгийн сүүлд гэж хэлэхэд, миний дипломатчийн амьдралд тохиосон хамгийн сайхан мөч бол Монгол Улсад Элчин Сайдаар томилогдсон явдал юм. Би Монгол оронд айлчилж байгаа болон боловсролын хөтөлбөрийн хүрээнд ирсэн олон тооны Америкчүүд Монгол гэдэг яасан сайхан орон бэ, Монголчууд Америкчуудын сайн найз, хамтран ажиллагсад хэмээхийг өдрөөс өдөрт мэдэрдэг. Хамгийн гол зүйл гэвэл, энд ирсэн Америк хүн болгон эцсийн эцэст Монголд, Монгол хүмүүст хайртай болж байна. Мөн Монголчууд Америкийн талаар халуун дотно бодолтой байдаг байхаа. Тэгээд ч би Элчин Сайдын хувьд, хэнээс ч илүүтэйгээр  Монголчууд Америкчуудыг, Америкчууд Монголчуудыг илүү хүчтэй мэдрэх боломжийг нэмэгдүүлэх, нэг нэгэнтэйгээ дахин дахин уулзах нөхцлийг хангах талаар хичээж, чармайн ажиллана аа.
- Танд баярлалаа.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.