04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

Дэлхийн хамгийн ажил хэрэгч Вашингтон Ди Си хот

Америкчууд нийслэл хотоо Ди Си гэж нэрлэдэг нь Дистрикт Оп Колумбия буюу Колумбияагийн дүүрэг гэсэн утгатай юм. Энд Америкийн төрийн тэргүүн нар ажил хэргээ залгамжлан явуулж ирсэн онцлогтой бөгөөд Төрийн төв байгууллагууд, Яам тамгын газрууд байрладаг учраас “Үндэстний хамгийн ажил хэрэгч хот” хэмээн үздэг. Энд дарж үзнэ үү.
Та бидний сайн мэдэж байгаачлан, Америкийн улс төр, эдийн засаг, гадаад харилцааны төв Вашингтон Ди Си хот, Хойд Америкийн зүүн эрэгт Мэрилэнд, Виржиниа мужаар хүрээлэгдэн 108 хавтгай дөрвөлжин км газар нутгийг хамран оршдог. Ингэхдээ Мэрилэнд мужтай хуурай газраар, харин Виржиниа мужтай Потомак голоор хиллэдэг.
2008 оны байдлаар, Вашингтон хот 638,5 мянган хүн амтайгаас 60 хувь нь өнгөт арьстан, 27,8 хувь нь цагаан арьстан, 7,9 хувь нь Испани хэлтэн, Нутгийн уугуул Индианууд ердөө 0,8 хувь, Хятадууд 0,7 хувь бусад үндэстэн 6 орчим хувийг эзэлж байна. 
Ди Си хотноо байрлах Цагаан ордон, Капитолын толгод, түүнчлэн Үндэсний цэнгэлдэх хүрээлэн, Америкаас дэлхийн орнуудад явуулсан дайны түүхийг өгүүлэх дурсгалын хөшөөнүүдийг үзэхээр жилийн 4 улирлын турш дэлхийн сая сая жуулчдын хөл тасардаггүй.

Конгресс- Дэлхий нийтийн сайн мэдэх Вашингтон хот бол яах аргагүй ажил хэрэгч дүр төрхтэй бөгөөд Америк хүн бүрийн бахархал болсон төв хот юм. Ди Си-д байрлах Конгресс нь Америкийн Төрийн институтын  хууль хэлэлцэх дээд шатны байгууллага бөгөөд Төлөөлөгчдийн танхим, Сенат гэсэн Парламентын сонгодог хоёр хэсгээс бүрддэг. Үүнээс Төлөөлөгчдийн танхим нь 435 гишүүнтэй, тэд хоёр жилийн хугацаанд хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлдэг. Харин Сенатын танхим 100-н гишүүнтэй, тэдний хувьд Америкийн 50 мужаас зургаан жилд нэг удаа явагдах сонгуулиар сонгогддог. Одоогийн байдлаар Америкийн 110 дахь удаагийн Конгресс үйл ажиллагаагаа явуулж байна.

Цагаан ордон бол Америкийн үе үеийн Ерөнхийлөгч нар амьдарч, ажил хэргээ явуулж ирсэн газар юм. Хоёр зуун жилийн турш Америкийн Төрийн төв, Засгийн газар, мөн ард түмний билэг тэмдэг болсоор ирсэн энэ ордон Ди Си-гийн гол өргөн чөлөөний нэг болох Пенсильвания-д оршдог. Тус ордон 132 өрөө, 35 угаалгын өрөөтэйгээс гадна 6 давхар юм.

Пентагон  дэлхий дахины анхаарлын төвд ямагт оршдог гэдэгтэй санал нийлэх хүн олон байхын адил дэлхийн хэмжээнд тэргүүлдэг зарим нэг зүйлсийг нь онцлон тодруулья.  Америкийн батлах хамгаалахын билэг тэмдэг болсон энэ байгууламж, шалныхаа хэмжээгээр дэлхийд гуравдугаарт, мөн оффис барилгын хэмжээгээр нэгдүгээрт бичигддэг. Одоогоор Пентагонд цэргийн салбарын  23 мянга, цэргийн бус салбарын 3 мянган хүн ажиллаж байна.
Пентагон хэдийгээр Ди Си-г заагладаг хилийн гадна талд буюу Виржиниагийн Арлингтон хотод байрладаг ч Конгресс, Цагаан ордонтой нягт холбоотой ажилласаар ирсэн билээ.

Вашингтон хотноо АНУ-аас дэлхийн улс орнуудтай хийсэн дайнд оролцсон дайчдын дурсгалд зориулсан хөшөөнүүд байдаг.Үүнээс, хамгийн түрүүнд 24 цэрэг эрсийг бүтээсэн хөшөө бүхий байгууламж Та бүхний анхаарлыг өөрийн эрхгүй татах болов уу? гэж бодож байна.

Солонгосын дайнд оролцсон дайчдын хөшөө

Галын шугаманд тулалдаж байгаа Америк цэргүүдийг дүрсэлсэн энэ хөшөөний гол утга санаа нь “эрх чөлөө үнэгүй олдоогүй “ гэдгийг ойлгуулахыг зорьсон юм.  
Өөрөөр хэлбэл, 1950 1953 оны хооронд үргэлжилсэн Солонгосын хойгийн дайнд Америкийн 1.5 сая цэрэг болон цэргийн албан хаагчид оролцжээ. Дайнд амь үрэгдсэн нэр нь үл мэдэгдэх 2400 цэргийн дурсгалд зориулж, боржин чулуун дургалын хөшөөг зэрэгцүүлэн байгуулснаар нэлээд санхүүжилт зарсан цогцолбор бүтээл болжээ.

Вьетнамын дайнд оролцсон дайчдын хөшөө

Мөн Америкийн цэргийн эр зоригийг хүндэтгэсэн өөр нэгэн дурсгалын газар тус Үндсэн хуулийн цэнгэлдэх хүрээлэнд холгүйхэн оршиж байгаа. Хэн бүхний нүдэнд маш энгийн харагдах энэ ханыг Америкчууд бүгдээрээ зүгээр л “Хана” гэж нэрлэдэг. Энд ирсэн хүн бүр, дайнд амь үрэгсдийн ар гэр, найз нөхдөөс нь хүндэтгэл үзүүлж, үргэлж хамт байгаагаа илэрхийлсэн цэцэг, зөөлөн тоглоом, фото зурагнуудыг хөшөөний дэргэд тавьсан байхыг олж харах болно. Хэдийгээр Америк Вьетнамын дайнд ялалт байгуулж чадаагүй ч тэр дайнд амь үрэгдсэн  цэргийн дурсгалыг хүндэтгэх байгууламж барихыг, Ахмад дайчин Жан Скрунгс  1979 онд санаачилснаар бүтээсэн юм.
Түүнчлэн дайнд оролцсон эмэгтэйчүүд, эрчүүдэд зориулсан хөшөөнүүдийг дараа нь цувралаар бүтээж, мөн л нэгэн цогцолбор байгууламж болгожээ.

Бас нэгэн өөр хөшөө бол дэлхийн 2-р дайны төгсгөлд Японы Иова Жимагийн тулалдаанд оролцогчдод зориулсан цэрэг эрсийн хөшөө Ди Си-тэй зэргэлдээ орших Арлингтон хотод бий. Энд жуулчдын анхаарлыг татах онцгой зүйл бол амь үрэгдсэн цэргүүдийг хүндэтгэсэн Парад, ёслолын ажиллагаа 2,5 өдөр бүрийн үдэш 17 цагаас болдог. 

Үндэсний цэнгэлдэх хүрээлэн
Вашингтон хотын төв хэсэгт орших  NATIONAL MALL буюу “Үндэсний цэнгэлдэх хүрээлэн” хэмээгдэх энэхүү өргөн чөлөө нь жуулчдын цугладаг төв газар гэж болно. Энд Баруун Потомок парк, Үндсэн хуулийн цэцэрлэг, Америкийн түүхийн музей, Дэлхийн байгалийн түүхийн музей, Линкольны дурсгалд зориулсан байгууламж болон Вашингтоны алдарт “Харандаа хэлбэрт” хөшөө  гээд дургалт байгууламжууд байрладгаараа онцлог юм. National Mall дахь музей руу нэвтрэхэд үнэ төлбөргүй бөгөөд музейн үзмэрүүд нь таны сэтгэлийг хөдөлгөхөөр зохиомжилсон, олон хэсгүүдтэй.

Энэ бүх түүхийн дурсгалт газрууд Вашингтоныг улс төрийн төв гэдгээс гадна  аялал жуулчлалын томоохон бааз болгожээ.  Мөн энэ хотод ирсэн гадны жуулчид хотын гудамж талбайн тэмдэглэгээний зохион байгуулалт маш ойлгомжтой байдагт бас ам сайтай байдаг. Учир нь Ди Си-гийн газар нутгийг ерөнхийдөө дөрвөлжлөн хуваасан тул тэмдэглэгээ хийхэд илүү хялбар дөхөм болжээ. Ингэхдээ Конгрессийн ордныг “хотын төв” гэж үзэн, тус төв цэгээс дөрвөн зүгт хуваасан байдаг. Ингээд хөндлөн гудамжуудаа төв цэгээс эхлэн хоёр зүгт цагаан толгойн үсгийн дарааллаар, харин хэвтээ гудамжуудаа төвөөс эхлэн мөн хоёр зүгт тоогоор тэмдэглэжээ.
Жишээлбэл “нортвест, 7” гэж бичсэн гудамжинд явж байгаа бол,  хотын төвөөс баруун хойд зүгт долдугаар гудамжинд явж байгаа гэдгээ хялбархан ойлгож болох юм. 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.