07 сарын 18, Лхагва
°C
USD 2,461.17
USD 2,461.17
EUR 2,886.58
JPY 21.91
GBP 3,258.84
RUB 39.43
CNY 368.60
KRW 2.19

“ХҮНГИЙ”-н ГОЛЫН ХҮҮХДҮҮД \бага насны гэгээн дурсамж\

Би Завханы Завханмандал суманд тѳрж, бага насаа Завханмандал, Эрдэнэхайрхан, Ургамал сумдад ѳнгѳрүүлсэн юм. Аав минь бага сургуулийн захирал байсан болохоор Эрдэнэхайрхан сумд 1-р ангид орж, Ургамал сумд 4-р ангиа тѳгсѳн, тэр үеийн тойргийн дунд сургууль болох Завханмандал сумд 5-7 р ангидаа суралцаж, 8-10 ангиа Улиастай хотын “Элдэв Очирын нэрэмжит “10 жилийн сургуульд суралцаж тѳгсѳв. Саяхан нүүрномын найз болох Ѳ.Тайванхүү багш “Энэ жил Завханмандал сумын дунд сургуулийн 90 жилийн ой болох гэж байгаа болохоор та жижигхэн дурсамж бичиж явуулаач” хэмээн хүссэн болохоор энэ дурсамжийг тэрлэв.

“Хүнгий” гол бол Завханы Завханмандал, Ургамал сумдыг дамжин, Их Монголын элснээс эх аван урсдаг доороо элсэн хѳрстэй мѳртлѳѳ эргээрээ нов ногоон зүлэгтэй их говийн сувдан гол. Жаахан байхад их гүнзгий мэт санагддаг байсан ч хожим нь очоод харахад жижигхэн атлаа сэтгэлийн чанадад хэзээ ч ширгэшгүй ундрага болон мяралздаг аж. Зүүн талаараа “Хараатын дѳрѳлж”, Урд талаараа “Шар дѳрѳлж”, баруун талаараа “Хар үзүүр”, ард талаараа “Хүнгий” голд хашигдсан түнгэнд Завханмандал сум оршдог. “Хараатын дѳрѳлж” даваад Эрдэнэхайрхан сум руу, “Шар дѳрѳлж” даваад Дѳрвѳлжин сум руу, “Хар үзүүр” даваад Ургамал сум руу зорьдог болохоор энэ 3 сумын хүүхдүүд бага сургуулиа тѳгсѳѳд энэ л дѳрѳлжүүдээр даван Завханмандал сумд ирж 5-8 р ангидаа суралцана. Хѳгшин ээж минь салхи сэвэлзтэл исгэрэн бохийг нь чулуугаар нүдэн түүх түлээн дээр суун, энэ л дѳрѳлжүүдийг даван айсуй машины тоосон дунд л мѳрѳѳдлѳѳ зэрэглээ мэт сүүмэлзүүлэн ѳссѳн бага нас минь одоо ч зүүдэн дунд минь наадмын хүлэг морь шиг янцгаан ирэх аж.

1969 оны намар Ургамал сумын бага сургуулийг дүүргэсэн манай ангийнхан 5-р ангидаа дэвшин суралцахаар Завханмандал сумд ирлээ. Ургамал сумаас Завханмандал сумын хооронд 75 орчим км зайтай болохоор хичээлийн жилийн улирал бүрээр сум нэгдлийн ачааны машины тэвшин дээр ачигдан ирж бас ачигдан буцна. Нэг сумаас нѳгѳѳ сумд ирж суралцаж байгаа болохоор манай ангийнхэн хэрдээ “амь нэгтэй”. Монголын хэл шинжлэлийн нэрт судлаач эрдэмтэн Доржпаламын Сумъяа “ангийн дарга”, “Монголын Нүүрс” Ассиоцацийн тэргүүн Түвдэндоржийн Наран “бүлгийн дарга” байсан гээд бодохоор муу ч үгүй хүүхдүүд байжээ. 5-р ангид биднийг монгол хэл уран зохиолын багш Б.Зэдбазар багш дааж авсан юм. Сургуулийн захирлаар Усны-Эх, хичээлийн эрхлэгчээр Мягмаржав, математикийн багш Аюурзана, орос хэлний багш Чулуунхүү, биеийн тамирын багш Хасбазар, дуу хѳгжим, хѳдѳлмѳрийн багшаар Балжинням, түүх газарзүйн багш Лхаасүрэн багш нар ажиллаж байсан санагдана. Бараг 50 жилийн дараа гэхэд олон нэрс мартагджээ.

Хожим нь эргэж очихдоо “Ийм жижигхэн байсан гэж үү?” хэмээн эргэлзэнгүй сэтгэлдээ дуу алдсан сургуулийн хэдэн барилгууд, хүүхдүүд бидэндээ том л “ордон” байсан сан. Мод чихэж галлахаар бѳѳр нь улайсдаг тѳмѳр зуухаа, дулаацах гэж завсарлагаанаар тойрон шавна. Анзааргагүй хэн нэгний үстэй дээлний хормой галд хуйхлагдан шатаж хярвас үнэртэхэд, хуйхалсан толгой шийрний үнэр адил ангиар нэг ханхалдагсан. Тэр үеийн сурагчдын дүрэмт хувцас нь эрэгтэй хүүхдүүд хѳх ѳнгѳѳр, эмэгтэй хүүхдүүд ногоон ѳнгѳѳр ижилссэн дулааны улиралд тэрлэг, хүйтний улиралд үстэй дээл байдаг байв. Дээлнийхээ захад хадсан цагаан даавуу нь хүзүүнд үрэгдээд хир болоход 7 хоног бүр угааж солих үүрэгтэй. Сурагчдын дүрэмд зааснаар 14 хоног тутамд заавал усанд орж үсээ авахуулах ба, 7 хоног тутам хумсаа авч, захны даавуугаа солих ёстой. Эсгий гуталтай мѳртлѳѳ заавал гутлын арчуураа шалгуулах гэж хармаандаа авч явах бѳгѳѳд нусаа арчдаг, эс арчдагаас үл хамааран нусны арчуураа биедээ авч яван хичээлдээ орох бүрдээ ариун цэврийн даргадаа шалгуулах дурэмтэй. “Хиртүүлэхгүй” гэсэндээ тэр арчууруудаа гялгар уутанд хийж явсан удаа бий бѳлгѳѳ. Tэр арчуурууд ихэвчлэн нугалаасаараа л хиртэнэ.

Элемэнтийн болон дѳрвѳлжин, тууш шугамтай дэвтрүүд дээр саванд найруулсан орос чернилэнд дүрж, шоргоолжин хошуутай үзгээр хичээлээ хичээнгүйлэн бичнэ. Зарим хүйтэн ѳдѳр хѳлдсѳн чернилээ гэсгээх гэж ханцуйдаа чихэж, гаднаас нь үлээх биднийг багш нар минь анзаарч, “Та нар социализмын ачаар үнэхээр жаргаж байгаа шүү. Бидний үед юун черниль манатай үнсэн самбар дээр хулсаар бичдэг байлаа” хэмээн сургахад бид зориг бадрангуйгаар гэрэлт ирээдүй болсон коммунизмын тухай ѳѳдрѳг сайхнаар мѳрѳѳднѳ. “Коммунизмд орчих л юм бол бид огтоос ажил хийхгүйгээр барахгүй дэлгүүрт ороод л хүссэн бүхнээ үнэгүйгээр авах” тухай багш нарын ярианд “хурдан том болж, тэрхүү коммунизмд хѳл нийлүүлэн орох” хүсэл минь дурэлзэн бадрах авай. Хичээлийн даалгавраа хэрхэн хийснээр болон хувийн, ангийн ариун цаврийг хэрхэн сахиснаар нь “социалист уралдаан” зохион байгуулж, 7 хоног бүрт шалгаруулан түрүүлсэн ангид шилжин явах “улаан туг” гардуулна. Манай анги тэрхүү уралдаанд дандаа түрүүлэх бѳгѳѳд нэг удаа тэргүүн байраа алдсаны тѳлѳѳ манай ангийн дарга Д.Сумъяа шалан дээр унаж, цурхиртал уйлж байсан нь ѳдгѳѳ ч санаанаас үл гарах.

Сумдаас сурахаар ирсэн хүүхдүүд “дотуур байр” гэх дотор нь модон наар зассан гэрүүдэд эрэгтэй, эмэгтэйгээрээ ялгаран амьдрах бѳгѳѳд “хоолны гэр” нь тусдаа байрлаж тодорхой хуваарийн дагуу хүүхдүүдэд хоол хийж ѳгнѳ. Хагас, бүтэн сайн ѳдрүүдээр сумын клубт “нийтийн бужиг” явагдана. Балжинням багш, бас захирал Усны -Эхийн хүү Баяраа нарын баянхуур хѳгжимд тоглох “Манжуурын толгод” мэтийн аялуунд бие биенээ урин бүжиглэх мѳчүүдэд болон гараас гарт дамжин олноороо уншигдах хайрын захидлын тусаар хожим нь олон сайхан хосууд гэр бүл зохион амьдарсан бүлгээ. Ѳвлийн цагт бидний хамгийн дуртай мѳч нь “Хүнгий” голын мѳсѳн дээр тэшүүрээр гулгах байдаг сан. Нилээд тансаг нь “норвеги”, олонхи нь “какс” гэж нэрлэдэг тэшүүрүүдийг эсгий гутал дээр сураар баглан хүлж мѳсѳн дээр гулган уралдацгаана. Конькины ир нь муудаад халтираад байх аваас тѳмрийн хуурайгаар үрж ирлэнэ. Тэгж гулгахын тулд ундны ус болгон голын уснаас мѳс зѳѳх ажил тийм ч хэцүү биш санагддаг сан. Сумын дэлгүүрээс хааяадаа амттай идэх юм авч идэх, заримдаа 50 мѳнгѳѳр клубт кино үзэхэд ээжийн минь нэг улиралд ѳѳртѳѳ зарцуулаарай гэж ѳгсѳн 10 тѳгрѳгийг хүргэх ухаан багаддаггүй л байсан сан. Хожим нь тэмдэглэлийн дэвтэр дээрээ “Наранд 30 мѳнгѳ”, “Ганбаярт 1 тѳгрѳг” гэхчилэн зээлдүүлсэн мѳнгѳѳ нэг бүрчлэн бичсэн байсан нь ѳнѳѳгийн бидний санхүү эдийн засгийн ухааны эхлэл болсон гэлтэй.

Тэр үед ахмадууд болон багш нар “Бидний багад ямар байсныг яривал та нар үнэмшихгүй дээ” хэмээн учирлан ѳгүүлдэг байсан санаашрал ѳдгѳѳ бидэнд эргэн иржээ. Социализмын үзэл сурталжсан нийгэмд биднийг ингэж сурган тѳлѳвшүүлэхэд сумдын сургуулиуд мундаг үүрэг гүйцэтгэсэн дээ. Хэцүү орчинд байхгүй зүйлийг бий болгох амаргүй. Бий болсон бүтээгдэхүүнүүд нь “ѳнѳѳдрийн бид” гээд бодохоор намхан давжаа тэр л хэдэн байшингуудыг хайрлан дурсахгүй байхын аргагүй. Нусаа гоожуулан гүйдэг байсан биднийг нусаа арчаад цэх алхдаг болгосон багш нараа хайрлан хүндэтгэхгүй байхын аргагүй. “Нэг ангийнхан” гээд л хѳтлѳлцѳѳд гүйдэг байсан, ачааны машины тэвшин дээр идэр есийн хүйтэнд бие биенээ налан илч гэрлээрээ дулаацуулан түшиж байсан олон хүүхдүүдийг ч мартах аргагүй. Гэрийн гадаа гараад алсын зэрэглээн дунд тоосрон айсах машин их л удаан явах шиг санагддаг асан цаг хугацаа, ѳнѳѳдрийн хүч хурдтай хѳнгѳн тэрэгнүүдийн хурд шиг л довтолгосоор. Мартах аргагүй бас мартаж болохгүй дурсамж гэж байдаг. Зундаа усанд нь шумбаж, ѳвѳлдѳѳ мѳсѳн дээр нь гулгаж ѳссѳн “Хүнгий” голын эрэг дээрх Завханмандал сумаа “Хараатын дѳрѳлж” давуулан дурсаж сууна.

…”Хэн байгаад хэн болсноо мартаж болохгүй” гэгээн дурсамжууд сургуулийн жилүүдтэй заавал сүлэлддэг. 90 жил гэдэг их хугацаа. Бидний хѳгшин аав “Дайдаа” Дугэржавын үүсгэн байгуулж, ажиллаж байсан Завханмандалын дунд сургуульд аав ээж хоёр минь багшилж, олон ах эгч нар минь суралцаж тѳгссѳн болохоор бид тэдний ѳмнѳѳс ч ѳѳрсдийнхѳѳ ѳмнѳѳс ч энэ сургуульд заавал талархах учиртай. Хэдэн зуун мянган хүүхдүүдийн ухааныг нь задалж, ирээдүй рүү хѳтѳчлѳн дагуулсан Завханмандалын дунд сургуулийн 90 жилийн ойд нь дурсамжаа сэргээн, хүндэлж мѳргѳв. Тэр л нутгаас үүрээ орхин жигүүрээ дэлгэн алсын алсад ниссэн хэдэн зуун мянган шувууд таны л хүүхдүүд. Бид хаанаас нисч хаана хүрч яваагаа үргэлж санаж явдаг.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

www.galbadrakh.com 2018-01-09

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

СУМЫН НААДАМ
СУМЫН НААДАМ
07/10/2018
Завханы Завханмандал суманд миний бага нас ѳнгѳрсѳн. Наадмын урд ѳдрүүдэд аав ээж минь худалдаж авч оёж ѳгсѳн цоохор даавуун ѳмд цамц, цагаан ултай гутлаар гоёсон хүүхэд насны наадам. Ѳглѳѳ эртээ тугалыг нь тавьсан эхлээр үнээнүүд. Хүнгий голыг гатлан элсэн манхан тал рүү билчээсэн эхлээр хонь хурганууд хүүхэд бидний л адил жаргаж асан наадмын ѳдрүүд. Голын зүлэг ногоон дэнж дээр салхины аясаар дэрвэх асар майхнууд бидний сэтгэлийг адил хѳвсѳлзүүлнэ. Хааяа тургилах адуунуудын чимээ, хѳлснийх нь дотно үнэр тэр гэхийн аргагүй сэтгэлд үнэртэнэ. Салхины аясаар дэрвэх майхны хаяагаар хамар сэтлэм
ТѲР ба ШАШИН
ТѲР ба ШАШИН
07/04/2018
Би хэдийгээр аль нэгэн шашныг онцгойлон шүтдэггүй ч бүх шашинд хүндэтгэлтэй ханддаг. Аливаа нэгэн шашины ард, олон зуун сая хүний итгэл үнэмшил оршиж байдаг. Нѳгѳѳ талаасаа шашин нь хуулиар зохицуулж болдоггүй хүмүүс хоорондын харилцааны олон асуудлыг зохицуулж чаддаг. Хувь хүмүүсийн итгэл үнэмшил хийгээд нѳхѳрлѳл, ойлголцлыг тодорхой чигт залж чиглүүлж байдгийнх нь тѳлѳѳ шашинд хүндэтгэлтэй хандах учиртай. Гэхдээ хүн болгон заавал шашин шүтдэг байх бас албагүй. Ѳѳрийн мѳн чанар, үнэт зүйлсээ ѳѳрѳѳ бүтээж, ѳѳртѳѳ итгэж, бусдад чин сэтгэлээсээ хандаж чаддаг хүмүүс ѳѳрийн дотоод сэтгэлгээний
 НОМ УНШИХ “УРЛАГ” \  Лос- Анжелэс хотын “Монгол номын сан”-гийн 10 жилийн ойн баярын тэмдэглэл \  
 НОМ УНШИХ “УРЛАГ” \  Лос- Анжелэс хотын “Монгол номын сан”-гийн 10 жилийн ойн баярын тэмдэглэл \  
 Хүмүүс амьдралынхаа ээдрээтэй олон асуултын хариуг номноос уншиж ухаардаг. Бусад хүмүүсийн амьдрал хийгээд хүний амьдралд байж болох олон учрал тохиолуудын талаар ч номноос олж уншина. Их зүйл олж мэдэхийг хүссэн хүнд ном илүү тус болдог. Ном их уншдаг хүний бодол эргэцүүлэл нь тэнцэрч үг хэл, яриа нь хүртэл тэгширдэг. Ном амьдралын баяр, гунигийн их далай. АНУ ын Лос- Анжелэс хотноо ажиллаж амьдардаг миний дотны найз нар болох Г. Алтанхуяг, Б.Ган- Энхбаяр нар маань гэртээ “Монгол номын сан” байгуулаад 10 жилийг үджээ. Анх “Монголчуудын Холбоотой”- гоо хамтраад эхэлж байсан бол ѳдгѳѳ 1000

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2018 Орлоо-Инфо ХХК.