05 сарын 15, Лхагва
°C
USD 3,381.52
USD 3,381.52
EUR 3,647.65
JPY 21.61
GBP 4,244.48
RUB 37.02
CNY 467.21
KRW 2.47

А.Амарсайхан: Үзэгчдийг олон ангит киногоор “залхаах”-ыг хүсдэггүй

Монгол Улсын тусгаар тогтнолын хамгийн эгзэгтэй үе болох 1930- аад оны түүхэн цаг үеийг  харуулсан “Улаан эрэг” 60 ангит телевизийн уран сайхны бүтээл  дэлгэцнээ гарахад бэлэн болжээ. “Aranzai”, “Zaya Sh” студийн хамтын бүтээлийг  та бидний сайн мэдэх “Хэцүү анги”, “Тусгай салаа” телевизийн олон ангит киногоор үзэгчдийн танил болсон А.Амарсайхан   ерөнхий зохиолчоор  ажилласан байна.  Уг киноны талаар түүнтэй ярилцлаа. 

-Миний мэдэхээр та  телевизийн олон ангит гурав дахь киноны зохиол дээр ажиллаж  дэлгэцэнд гарахад бэлэн болжээ. Мөн хамгийн анхны түүхэн олон ангит гэсэн тодотголыг дагуулж байна.  Баяр хүргэе?

-Баярлалаа. “Улаан эрэг” хэмээх түүхэн сэдэвт Монголын анхны олон ангит уран сайхны кино  энэ сарын долоонд  Монголын үндэсний  олон нийтийн телевизээр гарахад бэлэн болсон. Киноны зохиол 1930 -аад оны хэлмэгдүүлэлтийн үеийн ард түмний амьдрал, тэмцэл, түүхэн ээдрээтэй үеийн нугачаа, бидний өвөг дээдсийн эх орныхоо төлөө ажиллаж хөдөлмөрлөж  хэрхэн зовлон зүдгүүрийг давж байсан тухай өрнөдөг. Мөн тэр нийгмийн амьдралыг энгийн иргэдийн амьдралаар , залуусын хайр сэтгэлийг  харуулахыг хичээсэн.

-Кино хийх санаа хэрхэн төрсөн бэ?

-Солонгос , Оросууд   хоёрдугаар дайны тухай ч  юм уу  олон ангит уран бүтээл хийж ард түмэндээ хүргээд байдаг. Гэтэл манайд яагаад түүхэн сэдэвтэй олон ангит кино хийж болохгүй гэж хэмээн бодогдсон. Ингээд өнгөрсөн жилийн гуравдугаар сараас  ярилцаж байгаад 1930 –аад оны их хэлмэгдүүлэлтийн үеийг сонгож тэр үеийн ном зохиол  уншиж судалгаагаа явуулж эхэлсэн. Мөн өмнөх “Хэцүү анги” “Тусгай салаа” киног хийх явцад  амьдралыг их  энгийнээр харах ухаанд суралцсан юм.  Тиймээ энэхүү кинонд жирийн ард иргэдийн амьдралыг тусгахыг хичээсэн. Зовлон бэрхшээл, хайр дурлалыг энгийнээр тусгахаар үзэгчдэд хүрээд байгаа нь мэдрэгдсэн л дээ. Тиймээс аль болох 1930 –аад оны хэлмэгдүүлэлтийн үеийн харуулаад байгаа хэрнээ энгийн амьдралыг түлхүү үзүүлэхийг хичээсэн юм.  

-“Тусгай салаа” “Хэцүү анги” кинонд л гэхэд доод тал нь гурван айлын амьдрал гардаг  шүү дээ. Энэ киноны тухайд?

-Мөн адил. Нэг нь ноёны гэр бүл байхад, өнөөх нь ардын хувьсгалын дараахан барьцаалагдсан гэр бүл байх жишээний. Нэг айлын хүн хэлмэгдлээ гэхэд тэр айлд  ямар их хор уршиг учирч байгааг тод харуулахыг хичээсэн. Мөн аавгүй болсон өнчин охин үлдчихээд хэрхэн зовж буйг харуулна. 

-Та бас тэр үеийн хүмүүсийн сэтгэл зүй хэрхэн байсныг харуулахыг зорино гэж байсан?

-Тэгэлгүй яахав. 1930 –аад оны хүмүүсийн сэтгэл зүй гэдэг одоогийн нийгмээс тэс  өөр. Тиймээс судалгааны  ажил  маш их хийсэн. Кино зохиол бичиж байх үед “Монголч эрдэмтэдийн чуулга” болж таарсан. Түүнд сууж байхад Чехийн нэгэн эрдэмтэн “ Энэ монголчууд юу ч болж байсан өөрийнхөө төлөө л яваад байсан” хэмээн хэлж байсан. Энэ нь  социализмын үе байгуулсан ч тэр нь өөрсдийнхөө л төлөө гэдэг санаа юм. Тиймээс монголчуудын хүнд хэцүү байдлаас гарах гарц нь Оросуудыг дагах байсан. Үүний үндсэн дээр сэтгэл зүй талыг ч сайн судалж кино зохиол дээр ажилласан. 

-Нийт хэчнээн уран бүтээлч оролцсон бэ?

-100 гаруй хүнтэй уран бүтээлийн баг бүтэн жилийн хугацаанд ажилласан. Киноны гол дүрүүдэд залуу уран бүтээлчдийг түлхүү оруулсан. Туршлагатай жүжигчдээс Монгол Улсын гавьяат   жүжигчин Цогоо, Магсаржав, Сүххуяг, Дамдин нар тоглосон. Харин гол дүрийн Дөлийн дүрийг   залуу жүжигчин Анхбаяр  амьдруулсан. 

-Бүх зураг авах обьект, жижиг хэрэглэлүүд энэ цаг үед байхгүй. Тиймээс бүгдийг нь шинээр бий болгосон уу?

 -Тийм ээ. 

-Таны бүтээсэн зохиолууд дандаа л 60 ангитай кино байх юм. Ямар утга учиртай юм бэ. “Хэцүү анги” “Тусгай салаа” ч тэр 60 ангитай байсан?

-Үзэгчдийг олон ангит киногоор “залхаах”-ыг хүсдэггүй юм. Нөгөө талаараа 60 ангит кино өдөрт хоёр ангиар гарахаар яг 45 хоногийн дараа дуусдаг. Тиймээс л 60 ангит кино хийхийг зорьсон. 

-Тун удахгүй сонгууль боллоо. Гэтэл “Улаан эрэг” түүхэн киног аль нэг намын захиалгаар хийгдэж байгаа гэсэн яриа  гарах болж?

-Ямарч тийм зүйл байхгүй. Түүхээс сэдэвлэсэн л кино. Аль нэгэн намын захиалгаар хийгээд, заавал сонгуулийн үеэр гарах гэж байна гэсэн хүмүүс байна. Энэ ор үндэсгүй яриа. Уран бүтээлчид бид ч гэсэн хийсэн зүйлийнхээ үр шимийг хүртмээр байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.