05 сарын 09, Пүрэв
°C
USD 3,381.47
USD 3,381.47
EUR 3,630.68
JPY 21.77
GBP 4,217.37
RUB 36.86
CNY 467.97
KRW 2.48

Б.Эрхэмбаяр: Тасдаж үл болох сарнай

Гэгээн хайрын өдөр буюу энэ сарын 14-ны өдөр анхны утга зохиолын ном болох “Тасдаж үл болох сарнай” түүвэр өгүүллэгийн номын нээлтээ хийсэн авьяаслаг, залуу зохиолч Б.Эрхэмбаяртай ярилцлаа.

Тэрээр эмэгтэйчүүдийн нийгмийн асуудал, банк санхүү, эдийн засгийн чиглэлээр голлон нийтлэлүүдээ бичдэг бөгөөд эмэгтэйчүүд, залуу бүсгүйчүүдийн хувь хүний хөгжилд зөвлөмж болох "Сайхан төрөх санааных" номоо 2014 онд хэвлэн нийтлүүлж уншигчдын хүртээл болгосон байна.

Ингээд түүнтэй цөөн хором ярилцсанаа  хүргэе.

ТАНЫГ САЯХАН “ТАСДАЖ ҮЛ БОЛОХ САРНАЙ” ГЭХ НОМЫНХОО НЭЭЛТИЙГ ГЭГЭЭН ХАЙРЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ХИЙСЭН ГЭЖ СОНСЛОО. ЭНЭ НОМЫНХОО ТАЛААР ЯРИХГҮЙ ЮУ?

“Тасдаж үл болох сарнай” гэдэг өгүүллэгийн түүвэр маань миний утга зохиол чиглэлээр бичсэн анхны ном. Ихэвчлэн хайрын сэдэвтэй болохоор Хайрын өдөр буюу Валентины өдөр нээлтээ хийлээ. Энэ өдөр шинэхэн зохиолч миний номыг хүмүүс үнэхээр талархан хүлээж авсанд баяртай байгаа. Борлуулалт ч муугүй байна. Гэхдээ ашиг олох зорилгоор гаргасангүй. Өөрийн дуртай зүйлийг сэтгэл зүрхээрэ хийхийг зорьж энэ номоо туурвисан юм.

НИЙТ ХИЧНЭЭН ӨГҮҮЛЛЭГ БАГТСАН БЭ?

Нийтдээ 25 өгүүллэг багтсан.

20150217-006

“ТАСДАЖ ҮЛ БОЛОХ САРНАЙ” ГЭЖ НОМОО НЭРЛЭСЭН БАЙНА. ЭНЭ ЯМАР УЧИРТАЙ ЮМ БЭ?

- Энэ бол миний номонд багтсан  нэг өгүүллэгийн маань нэр юм.  Өгүүллэгийн гол баатар залуу нэгэн сайхан бүсгүйд сэтгэл алдардаг. Гэвч тэрээр гэр бүлтэй түүнд, сайхан гэр бүл эхнэр хүүхэд гээд 40 эргэм насны хүний тогтсон амьдрал байгаа. Харин гол баатар маань гэр бүлийн үнэ цэнэ, ариун нандин сэтгэл, эхнэртээ  өгсөн хайраа бодон ухаалаг шийдвэр гаргадаг.

 Мөн нөгөөтэйгүүр тэр залуухан бүсгүй ч түүний хувьд “тасдаж үл болох сарнай” шиг санагдаж, амьдралын их замын өмнө зогсож буй түүнийхээ ирээдүйг гэрэл гэгээтэй эхлүүлэхийг хүсч буй сайхан түүхийг энэхүү өгүүллэг маань уншигчдад хүргэнэ.

ЭНЭ НОМОНД БАГТСАН ӨГҮҮЛЛЭГҮҮД БҮГД ХАЙРЫН СЭДЭВТЭЙ ЮУ?

Ихэнх нь хайрын сэдэвтэй. Гэхдээ хэд хэдэн далд ёгт агуулгатай буюу сэтгэлгээний өгүүллэгүүд багтсан байгаа. Энэ нь шууд утгаараа бус уншигчиддаа ургуулж бодож, төсөөлөх орон зайг үлдээсэн өгүүллэгүүд юм. Тухайлбал, “Ховсдогч”, “Хуримын даашинз”, “Болзоо”, “Мөнхийн залуу нас”, “Өвлийн дурлал” гэх мэт их сонирхолтой төсөөлөн бодож унших өгүүллэгүүд бий. Мөн “Удмын судар” гээд өвөг дээдэс,  өв соёлоо дээдлэхийг залууст уриалсан өгүүллэгтээ би өөрөө их дуртай. Үүнийгээ миний гайгүй болсон чамбай өгүүллэгүүдийн маань нэг гэж боддог.

20150217-007

ЭНЭ НОМООРОО ДАМЖУУЛАН ТА ЮУГ УНШИГЧДАД ХҮРГЭХИЙГ ЗОРЬСОН БЭ?

Номонд маань багтсан олон өгүүллэг тэдгээрийн дүрүүдээр дамжуулж хүн чанар, цэвэр ариун хайр сэтгэл, гэр бүлийн үнэ цэнийг уншигчиддаа хүргэхийг зорьсон. Цэвэр ариун хайр сэтгэл дээр тогтсон гэр бүл аз жаргал амжилт бүтээлтэй байж цаашлаад улс орны хөгжил, нийгмийн амьдралд  энэ нь эргээд эерэг нөлөөтэй. Өнөөдөр Монгол улсад маань энэ нийгмийн эс ширхэг нь болж буй гэр бүлийн үнэ цэнэ их чухал сэдвүүдийн нэг болж. Иймд би номоороо дамжуулж уншигчиддаа цэвэр ариун хайр сэтгэл дээр үндэслэсэн гэр бүлийн үнэ цэнийг, хүний сэтгэлийн нандин эрхэм ариун чанарыг сургамжтай байдлаар хүргэж, ойлгуулахыг хичээсэн.

ЭНЭ НОМ ТАНЫ АНХНЫ УТГА ЗОХИОЛЫН НОМ ГЭСЭН ШҮҮ ДЭЭ. ӨМНӨ НЬ ЯМАР ЧИГЛЭЛЭЭР НОМ БИЧСЭН ЮМ БЭ?

Би өмнө нь “Сайхан төрөх санааных” гээд хувь хүний хөгжлийн зөвлөмж хэлбэрээр бичигдсэн  номоо гаргасан. Энэ номонд ялангуяа эмэгтэйчүүдийн карьер, нийгмийн амьдрал, биеэ авч явах байдал болон эрүүл аж төрөх тухай өгүүлсэн юм.

ТЭГВЭЛ ЭНЭ УДААГИЙН ТАНЫ НОМЫГ ХУДАЛДАН АВАХ УНШИГЧИДДАА ЮУ ГЭЖ ЗӨВЛӨХ ВЭ?

Сүүлийн үед хүмүүс илүү эдийн засаг, нийгмийн карьер харж ирээдүйн ханиа сонгоод байх шиг. Энэ сонголт нь цэвэр ариун хайр дурлал гэхэд хэцүү. Жинхэнэ сэтгэлийн бус сулхан холбоог үүсгэдэг. Хамтын амьдрал зохиогоод ирэхээр нөгөө хүн төсөөлсөн шиг нь биш байвал асуудал үүсч тэр хэрээр бэрхшээлийг давж гарч чадахгүй хэврэг байх нь элбэг. Үнэхээр сэтгэлтэй хүмүүс бол нэг нэгнээ хайрлахаас эхлээд ойлгох, уучлах сэтгэлтэй, тэдний хоорондхүчтэй цэвэр сэтгэлийн нандин холбоос байдаг. Ийм зүрх сэтгэлийн нандин холбоосоор учирсан хосууд юу ч тохиолдсон бие биедээ итгэж, уучилж асуудлыг хамтдаа шийдэж, давж гарч чаддаг. Тиймээс ямагт өөрийнхөө зүрх сэтгэлээ дагаж, сонголтоо хийх нь чухал гэж би боддог. Мөн хүн тэр тусмаа энэ ертөнцийн эх болсон бүсгүй хүн эрхэм нандин байгаасай өөрөө өрийнхөө бие сэтгэлийг цэвэр ариун байлгаасай гэж би хүсдэг.  

20150217-008

ТЭГЭХЭЭР ТАНЫ НОМЫГ ХУДАЛДАН АВСАН ХҮМҮҮС ӨӨРСДИЙН АМЬДРАЛД ТОХИОЛДСОН АСУУДЛАА ХАРЬЦУУЛАН ХАРЬЖ, ӨӨРТӨӨ ДҮГНЭЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ ГЭЖ ОЙЛГОЖ БОЛОХ УУ?

Тийм ээ. Хүний амьдралд тохиолддог харилцаа, байдаг асуудлуудыг дүрсэлсэн болохоор зохиолын баатруудаас үлгэр жишээ авах болон эмэгтэй хүнийг илүү ойлгож мэдрэх боломжтой юм. Эмэгтэй хүн гэдэг бол сарнай цэцэг л гэсэн үг. Ихэнхдээ эмэгтэй хүнийг цэцэгтэй адилтган зүйрлэдэг шүү дээ. Учир нь цэцгийг услах тусам дэлбээлж сайхан үнэр ялгаруулдаг. Энэ ус нь эр хүний хайр, халамж гэсэн үг. Хэрвээ цэцгийг услахгүй л бол хатаж, хорчийж, хог болон хөлд хөглөрдөг шүү дээ. Үүн шиг эмэгтэй хүнийг хайр, халамжаар дутаавал гандаж, гунддаг тийм л эмзэг тавилантай юм.

Сүүлийн үед гэр бүлээс гадуур харилцаа их болж. Тэр бүхэнд хэн нэгэндээ өгсөн хайраа эргэн бодож, гэр бүлийн үнэ, хайрынхаа ариун нандин байдлыг хадгалж үлдэхийг ухаарах хэрэгтэй гэж бодож байна.

20150217-009

УНШИГЧИД МААНЬ ДОР БҮРНЭЭ ДҮГНЭЛТЭЭ ХИЙХ БАЙХ. ҮНЭХЭЭР АМЬДРАЛ ДҮРСЭЛСЭН МЭТ САНАГДАЖ БАЙНА. ИНГЭХЭД НОМ МААНЬ ХААГУУР ХУДАЛДААЛАГДАЖ БАЙГАА ВЭ?

“Интерном”, Мажестик, “Скай” их дэлгүүрийн номын дэлгүүр, “Аз хур” “Мир ном” “Golden book”, Алтан төгрөг, Билэг их дэлгүүрийн номын дэлгүүр зэрэг номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж байгаа.

ҮНИЙН ХУВЬД?

9900 төгрөг. Энэ үнэ номонд шимтэгч, ном сонирхогч хүмүүст бол боломжийн үнэ гэж бодож байна.

ТАНЫ ДАРААГИЙН УРАН БҮТЭЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ?

90-ээд оны залуусын амьдралыг харуулсан нэг тууж бичээд эхэлсэн байгаа. Энэ номон дээрээ нэлээд төвлөрч ажиллана. Мөн энэ түүвэрт багтаагүй олон өгүүллэгүүд бий. Тэдгээрийгээ илүү сайжруулж хэвлүүлэхээр төлөвлөж байна.  Ер нь бол дараа, дараагийн уран бүтээлээ илүү зоригтой, чанартай, мэргэжлийн түвшинд хийхэд анхаарлаа хандуулж байна даа. Мөн өөр мэргэжилтэй миний хувьд зохиолч гэж хэлэгдэнэ гэдэг их хүндтэй хариуцлагатай зүйл. Иймд уншигчдаараа нүүр бардам зохиолч гэж дуудагдахын тулд би улам их хичээх болно. Миний номыг талархан хүлээж авсан бүх уншигчиддаа болон надтай хамт блогоор минь, фэйсбүүк хуудсаар минь холбогдон хамт байж урам зориг хайрласан бүх хүмүүсдээ маш их баярлалаа.    

20150217-010

Ярилцсанд баярлалаа.

Монголын утга зохиолын ертөнцөд шинэ өнгө нэмсэн залуу зохиолч Б.Эрхэмбаяр нь 2002 онд Швед улсын Стокгольмын их сургуулийг Нийгэм, эдийн засгийн ухааны магистр цолтойгоор төгссөн аж. Түүний нийгэм, утга зохиолын салбар дахь амжилтыг үнэлж төрийн дээд шагнал Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнажээ.

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.