05 сарын 09, Пүрэв
°C
USD 3,381.47
USD 3,381.47
EUR 3,630.68
JPY 21.77
GBP 4,217.37
RUB 36.86
CNY 467.97
KRW 2.48

ХОВСДОГЧ

hovsdogch

Өнөөдөр миний нэгэн найз (тэр их сайн уншигч) утсаар холбогдож ТАСДАЖ ҮЛ БОЛОХ САРНАЙ өгүүллэгийн түүвэр номд минь багтсан “Ховсдогч” өгүүллэгийн талаар асуулаа. Тэрээр “Эрхэмээ, чи тэр өгүүллэгт яг юуг хэлэх гэсэн бэ? Яг яаж төгсөж байгаа юм. Би уншаад сүүлийн 3 хоног энэ талаар бодлоо” гэж хэлээд хөгжилтэй инээв. Миний хувьд их сайн уншигчийг ингэж олон хоног бодуулж чадсанаа сонсоход таатай байлаа.
Дашрамд хэлэхэд энэхүү өгүүллэгийг анх сайтад тавихад их олон уншигчид санал бичиж зарим нэг нь ямар сонин тодорхойгүй төгсдөг юм бэ, яг юу болсон юм гэж байв. Эл тодорхойгүй байдлаас нь ч болсон уу “галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг” гэсэн сэтгэгдэл үлдээсэн уншигч ч бас байв. Ямартай ч тэр үед би төгсгөлийг засахаа огт больж сэтгэлгээний энэ өгүүллэгээ яг ингээд “галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг” төгсгөж орхихоор шийдсэн юм. Би бас их зөрүүд хүн шүү. Надад уншигчид цааш нь энэ талаар ургуулан бодож яг яасан юм бол гэж тэднийг тааварт оруулах их сонирхолтой санагдсан хэрэг.

Юутай ч энэ зорилго маань биелэж номын хорхойтой найзыгаа бодолд автуулсан их сайхан хэрэг болов. Ингээд Ховсдогч өгүүллэгээ та бүхэнд хүргэж байна. Уншаад сэтгэгдлээ харамгүй хуваалцаарай.

ХОВСДОГЧ

СИЙЛЭН НҮДЭЭ АРАЙ ЯДАН НЭЭТЭЛ хурц гэрэл нүдийг нь эгээтэй л сохолчихсонгүй. Гараараа нүдээ дарах гэтэл гар нь хүлээстэй мэт хөдөлсөнгүй. Дахиад л түнэр харанхуй руу нисээд явчих шиг. Гэнэт цэл хүйтэн ус руу шумбаад орчих шиг. Мөс шиг хүйтэн зүйл нүүр хүзүү ар нуруугаар нь дамжин хүйт оргиулна. Ээжээ гэж хэлэх гэтэл амнаас нь дуу гарсангүй. Харин эрүү нь хоорондоо харшилдан дагжтал чичрэх аж. Чихэнд нь хэн нэгэн “Хонгор минь ашгүй чи сэргээ юу?” гэж шивнэсэн зүгт толгойгоо эргүүлэх гэж оролдсон ч дийлсэнгүй. Энэ энхрий ялдам хоолой хэнийх билээ. За байз. Таньдаг хоолой. Таних танихдаа бүүр дотны хэн нэгэн. Хэн байдаг билээ. Би яагаад түүнийг мартчихав даа. Мартахын аргагүй нэгэн шиг санагдах юм. Аа нээрээ тийм л дээ. Энэ чинь Санчир байна шүү дээ. “Санчир, Санчир аа” гэж дуудах гэтэл хоолой нь гарсангүй. Хэл нь төмөр шиг хөшчихсөн мэт хөдөлсөнгүй. Гэнэт толгойг нь нэгэн хүчирхэг гар нөгөө тийш нь эргүүлэхэд ашгүй Санчир харагдав. Тэрээр урдаас нь нөгөө л номхон хүлцэнгүй харцаараа цоо ширтэн байх аж. Түүний энэ инээмсэглэл, сайхан харцанд ямар ч бүсгүй хүн хайлан урсдаггүй гэж үү. Сийлэн Санчирын нүд рүү ширтэх тусам түүний энэ уярам хэрнээ захирангуй харцтай нүд рүү урсаад орчих шиг. Дахиад л түнэр харанхуй. Ээжээ, эндээс намайг аваач, зөөлхөн хэрнээ аймшигт тарчлаанаас намайг авраач гэж бүсгүй шивэгнэнэ.

Сийлэн тэр өдөр Санчиртай хамт оройн хоол идэхээр тохироод байлаа. Уг нь Сийлэн тэр өдөр өөр ажилтай байсан ч Санчир түүнийг эвлэгхэн ятгасаар үгэндээ оруулж чадсан. Фото зураг сонирхдог, хаана л явна томоос том линзтэй зургийн аппарат чирэн явдаг Санчир Сийлэнгийн нүдэнд анх харсан цагаасаа л содон сонин байсан. Сийлэнгийн оффис шинэ байранд нүүж орж ирээд удаагүй тэр нэгэн өдөр гадаа нарлан суусан олны дунд хажуугаар холхин өнгөрөх хүмүүсийн зургийг мэргэжлийн гэгдэх томоос том аппаратаар тун чадварлаг шар шур хийлгэн дарах өндөр бор зурагчин залуу түүний харцыг шууд л булаасан.

Тэр цагаас хойш Сийлэн зурагчинтай өдөр бүр цахилгаан шатанд тааралдах болж түүнийг таван давхрын маш нэртэй том зургийн студид ажилладаг болохыг төвөггүй олж мэдсэн. Санчир их өвөрмөц стильтэй. Дандаа л өмсдөг бие барьсан бариу футболкны цаанаас түүний булчинлаг хүдэр чийрэг бие нь тодорно. Шилээ давсан урт үсээ заримдаа гельдэж янзалсан байна заримдаа зүгээр л боочих нь хүртэл нэг л этгээд боловч өөрт нь тун чиг донжтой зохино. Үнэтэй брендийн жинсэн өмд дээр дэгжин тэлээ зүүж түүнээсээ элдвийн гялгар гинж сэлт санжуулж явна. Цэвэрхэн бор царай, эмэгтэй хүнийх шиг нарийхан хамар, зургар хөмсөг гээд Санчир бас их царайлаг залуу. Сийлэн түүнтэй тааралдах бүртээ өөрийн мэдэлгүй тэр донжтой стильтэй хувцаслалт энэ тэрийг нь шохоорхон харчих гээд байдаг.

Харин Сийлэн өөрөө бол түүнээс тэс өөр хүн сонирхоод байх юм юу ч үгүй их энгийн хувцаслана. Өдөр бүр цагаан сорочкин цамц богиновтор хар банзал өмсөнө. Их сайндаа л зарим өдөр сорочкин цамцныхаа өнгийг солино. Жаахан шаргал, ягаан, цэнхэр эсвэл хүрэн. Загвар нь бол бүгд яг ижилхэн. Аргагүй дээ. Сийлэн хувцас худалдан авахдаа дэлгүүр хэсч удаан явахаас залхуураад яг нэг ижил загварын цамцнаас өөр өөр өнгийг аваад л шоппингоо дуусгачихдаг юм чинь дээ. Сийлэн бас хараа жаахан муутай учир нүдний шил зүүнэ. Үсээ бол бараг л янзлана гэж байхгүй дээ самнаад л ард нь хавчаараар хавчина. Харин нэг удаа нэгэн хүлээн авалт дээр Сийлэн үсээ задгай тавьж нүдний шилээ авч линз зүүгээд богинохон даашинз өмсөөд очсонд хүмүүс танихгүй ёстой нэг ядаргаатай байж билээ. Таньдаг хүмүүс таньж ядаад,
“Үгүй ээ, энэ чинь чи Сийлэн мөн үү?” гээд л нүдээ том болгон харах нь түүнд тун төвөгтэй санагдаж билээ. Тэр явдлаас хойш Сийлэнгийн жаахан гөжүүд зан хөдлөөд ч гэх үү үдэшлэг дээр ч гангалахаа байчихаж билээ. Хүмүүс нээрээ их инээдтэй шүү. Хувцсаа л сольж өмсөө биз дээ. Бусдаар бол би хэвээрээ л байхад гэж Сийлэн эгдүүцэн бодож билээ. Сийлэнгийн ажилладаг компани Монголдоо л шилдэг тэргүүний том компани болохоор олон ч чадварлаг бас дэгжин залуус ажилладаг. Харин ажилдаа бол Сийлэн хэнээс ч дутахгүй. Бүр илүү л гарна уу гэхээс биш. Унаган орос, англи хэлтэй Европт боловсрол эзэмшсэн түүнийг гүйцэх чадварлаг мэргэжилтэн тэр ганган охид бүсгүйчүүд дунд ховор. Хэдий хувцаслалт тал дээр европт удаан байсных уу гангална гэдгийг мэдэхгүйгээс биш ажилдаа сайн бас боловсон зантай түүнийг ажлынхан нь хамт олон нь хүндэтгэлтэй харьцдаг. Тэгээд ч Сийлэн хорхойд хоргүй нэгэн болохоор тэр ганган дэгжин охидтой ойртож дотносон үерхэхгүй ч дайсан болж хов жив хэрүүл маргаанд хутгалдаж явах биш.

Сийлэн Санчир хоёрын танилцсан түүх тун санамсаргүй. Нэг өдөр Сийлэн доод давхарт байх кофены газарт кофе ууж суусан. Угийн л жаахан зожигдуу зантай тул заримдаа ингээд ганцаар сууж кофе шимэнгээ ном унших тун ч сайхан байдаг. Үдийн завсарлагааны цаг тул хүн хөдөлгөөн ихтэй байлаа.
“Уучлаарай, хажууд чинь суучих уу?” гэх дуунаар өндийж харвал нөгөө зурагчин залуу кофе бас хэдэн жигнэмэг тавьсан тавиур барьчихсан өмнө нь зогсож байх нь тэр. Түүнтэй юм ярьж үзэх юмсан гэж дандаа боддог болчихсон байсан Сийлэн:
“Тэг, тэг” гэж хэлэх гэтэл хэл нь хөшчихсөн юм шиг болж эг маг хийгээд ихэд сандарч билээ. Харин Санчир хажууд нь суух тэрхэн агшинд түүнтэй харц мөргөлдөхдөө Ээ бурхан минь. Ямар гоё нүдтэй юм бэ гэж дотроо уулга алдсансан. Тэгэхэд Санчирын харц нэг л ер бусын нэг тийм зөөлөн хэрнээ шууд л Сийлэнгийн дотор рүү нэвтрэн орсон үл мэдэг түрэмгий ч юм шиг. Гэхдээ л нэг гоё дөлгөөхөн инээмсэглэсэн харц. Ийм харцанд цохиулсан бүсгүй хүн тайван байж чаддаг гэж үү. Тэр шөнөдөө л Сийлэнд Санчирын яаж өөр рүү нь харсан, түүнтэй хэрхэн харц тулгарсан, Санчир түүнийг нүд цавчилгүй дөлгөөн нүдээрээ ширтэж байсан нь бодогдоод бүр нойр нь хулжиж орхиж билээ. Санчир Сийлэнг ямар ном уншиж буйг нь сонирхон яриа өдөв. Сийлэн үнэндээ нэрийг нь хэлэхээс санаа зовмоор ном уншиж суусан. “Эрчүүдийг яаж өөртөө татах вэ?” гэсэн тун сүржин нэртэй ядмагхан орчуулгын ном. Нэрийг нь ямар үнэнээр нь хэлэлтэй нь биш. Хацар нь халуун оргиод Сийлэн бүр сандарч орхив.
“Тийм хэлж болохгүй нууц ном уншиж байгаа хэрэг үү?” гэж Санчир нөгөө л гоё инээмсэглэсэн сайхан нүдээрээ ширтсээр.
Ээ бурхан минь дахиад л нөгөө ухаан алдам ялдам харц. Гарах гарцгүй болсон Сийлэн:
“Эмэгтэй хүнд зориулсан ном. Нэр нь жаахан эвгүй л дээ. Танд хэлчихвэл та надтай дараа дуугарахгүй биз,” гэж хэлж орхиод Ээ тэнэг ээ. Миний энэ байж байгааг дээ. Дахиж дуугарахгүй болно гэнэ шүү. Яаж тэнэгтэж байгаа нь энэ вэ би чинь одоо гэж бодов. Харин Санчир тэр дороо түс хийтэл инээд алдаад,
“Хүн дуугарахгүй болгодог тийм номны нэр гэж бас байдаг аа,” гэж хэлэнгээ Сийлэнгийн царайд гайхшрал ичингүйрэл давхцах яг тэр агшинд өмнөө байсан зургийнхаа аппаратыг шүүрэн аваад шир шар хийтэл зураг дарах нь тэр. Сийлэн яах ухаанаа олохгүй Санчирын өөдөөс харах тэрхэн хоромд тэрээр тун сурмагаар хэд хэдэн зураг дарж орхиод сая л нэг сэтгэл нь ханав бололтой мөрөө хавчаад,
“Уучлаарай. Миний мэргэжлийн өвчин хөдөлчихлөө. Таны нүүрний хувирал тун гайхамшигтай байлаа. Та ер нь юу бодож байгаагаа шууд л нүүрэн дээрээ гаргачихдаг бүсгүй юм.” гэв.
Кофегоо ууж жигнэмэгээ идэж дуусаад Санчир:
“Та энд дандаа ордог уу? Дараа тааралдах болов уу?” гэж асуугаад Сийлэнг хариу хэлэхээс өмнө цааш эргээд явчихаж билээ. Сийлэн ядаж нэрээ хэлдэг байж дээ. Бас энэ оффист суудаг гээд ч хэлчих сэхээгүй. Би ч дээ ийм л сэргэлэн биш хүн дээ гэж өөрийгөө зэмлэв. Тэр өдрөөс хойш аз болж тэр хоёр өдөр бүр л тааралдах болсон. Сийлэн заримдаа түүнтэй тааралдах гэж албаар түүний байж болох газруудаар битүүхэн харуулдан хүлээдэг ч болсон. Ингэж тааралдаж уулзах бүртээ л Санчир нөгөө л том линзтэй аппаратаа гялалзуулан Сийлэнгийн зургийг шар шурхийлгэн дарж эхлэх нь эхэндээ тун тээртэй санагддаг байсан ч одоо Сийлэн энэнд нь бүүр дасаж орхиж. Анх Санчир түүний зургийг байн байн авахад нь Сийлэн бүр нүүр хийх газраа олж ядан сандардаг байсан бол одоо тэрээр камерын өмнө хэзээ язааны фото модель шиг л аяглах болсон. Санчир заримдаа авсан зургаасаа үзүүлж:
“Чи байгалаасаа заяасан фотогеничний юм аа. Чиний царай, харц энгийн хэрнээ хүнд их юм бодогдуулахаар тийм өвөрмөц сайхан.” гэж учиргүй магтана. Харин Сийлэнд тэр энэ магтаалаа хэлж байхдаа яагаад ч юм нөгөө номхон дөлгөөн эелдэг харц нь очтон гялалзаж хурц цог шиг нэг л ер бусын болдог нь сонин. Заримдаа түүний харц бүүр гүнзгий гүн хар худаг шиг ч болох шиг Сийлэнд санагддаг байлаа. Зурагчин залуутай дотноссон цагаас Сийлэн өөрөө улам бүр өөр болж байлаа. Тэр заримдаа бүр хүн танихгүй болтол гоёж гоодмоор ч шиг. Уг нь Сийлэн хувцасны мэдрэмжтэй юу өөрт нь зохих зохихгүйг сайн мэддэг. Бас ямар хувцас сүүлийн үеийн моод болоод байгааг ч мэддэг. Өөрөө энэ төрлийн загварын сэтгүүл эмэгтэйчүүдийн сэтгүүл цуглуулдаг тул хувцас загварын сүүлийн үеийн чиг хандлагыг ч сайн мэддэг хэдий ч яагаад ч юм байнга тэгж хувцас солих түүний хувьд залхуутай юм шиг санагддаг билээ. Хэзээний л энгийн байдалд энгийн хувцас өмсөж дассан болоод ч тэр үү нэг л өдөр гэнэт гангалаад эхэлвэл нөгөө нэг гайт үдэшлэг шиг хүмүүс таньж ядаад энэ чинь одоо юу болов яав юу болов гээд хэрэгт дурлаад эхэлвэл жаахан ядаргаатай ч юм шиг бодогдоно. Сийлэн хэн хүнээс хараат байх дургүй хэн намайг юу гэх бол гэж нэг их санаа зовдоггүй өөрөө өөрийнхөөрөө л амьдарч ирсэн ч гэсэн хэтэрхий тод дэгжин хувцаснаас бас үнэтэй зүйлээс айдаг ч гэх юм уу нэг тийм мэдрэмж төлөвшил багаасаа л өөртөө бий болгочихсон.

Нэг өдөр Сийлэн Санчирыг тэдний оффисын хамгийн дэгжин хоёр охинтой юуг ч юм ярилцан тас тас инээлдэн байхыг холоос хараад анх удаа эрэгтэй хүнийг хардаж харамлах сэтгэл төрж билээ. Түүнээс хойш Санчирыг дэгжин охидоос харамлах мэдрэмж нь түүнийг гангалж гоёх зориг оруулсан уу гэлтэй Сийлэн нэг өдөр ажлаа тараад хотын хамгийн сайхан хувцас зардаг дэлгүүрийн зүг яарсаар очсон билээ. Тэндээс урьд нь бол үүнийг өмсвөл яах бол гэж зүгээр л сониучирхан боддог ч зориглон авч өмсдөггүй зөндөө олон хувцас аваад гэртээ очмогц бүгдийг өмсөж толины өмнө сэтгэл хангалуун эргэлдэж билээ. Анх удаа л эмэгтэй хүнд бас амьдралаас таашаал авах өөр нэг сайхан зүйл байдаг гэдгийг тэр мэдрэх шиг болсон. Маргааш нь шинэхэн авсан түүний биеийг бариад яг таарсан сайхан даашинзыг өмсөөд гарахад ээж нь хөлөөс нь толгой хүртэл харсан ч түүнд таалагдаж буй бололтой охин уруугаа нэг их зөөлхөн инээмсэглэсэнд Сийлэн бүр зориг орж орхисон. Хэд хоногийн өмнө хөөрхөн охидтой яриа өдөж Сийлэнг хараагүй царайлан зогссон Санчирт бас сэтгэлийнхээ угт гомдох ч шиг. Гэхдээ үе үе өөрийгөө тэр залуу ямар миний найз залуу биш дээ миний энэ байж байгааг дээ. Байтлаа хаа хамаагүй хүнийг хардах нь уу гэж өөрийгөө зэмлэсэн ч, аргагүй шүү дээ Санчир мэтийн сайхан гоё залуус бас л хөөрхөн дэгжин охидод дуртай байдаг шүү дээ. Уг нь би түүнийг арай өөр залуу гэж бодож байсан бас л тэдний нэг юм шив дээ гэж Сийлэн урам хугаран хэдэн өдрийг өнгөрүүлсэн. Харин шинэхэн авсан даашинз нь энэ гомдол тунирхлыг жаахан ч гэсэн нимгэлэх мэт Сийлэн өнөөдөр гэрээс гарахдаа тун урамтай байлаа. Яг үүнийг мэдсэн юм шиг тэр орой Сийлэнг Санчир анх удаа оройн хоолны болзоонд урьжээ.

Тэр орой шиг жаргалтай оройг Сийлэн амьдралдаа цөөхөн үзсэн биз ээ. Сийлэнгийн хувьд анх удаа болзоо шиг болзоонд явж буй нь энэ. Хайртай залуутайгаа сайхан хоол идэж дарс шимэн сайхан хөгжим сонсон суух хамгийн гол нь хайртай хүнтэйгээ хамт байна гэдэг юунаас ч илүү сайхан байлаа. Тэр хоёр хооллож дуусаад салхинд хамт алхаж явтал Санчир түүнийг гэртээ очихыг санал болгов. Сийлэн хэдий хүмүүжилтэй охин ч энэ урилгаас татгалзаж чадсангүй. Уг нь түүний уншсан ном бүхэн дээр эмэгтэй хүн анхны болзооны дараа залуугийнхаа гэрт шууд очих нь зохимжгүй гэж бичсэн байдгийг тэрээр мэдэх ч амьдрал ном хоёр даанч их ялгаатай аж.
Санчир сайхан тохижуулсан жижгэвтэр хоёр өрөө байранд амьдардаг аж. Сийлэнд хамгийн ер бусын санагдсан зүйл нь Санчир бүх зүйлийг урьдчилан бэлдсэн мэт. Түүнийг хөтөлсөөр унтлагынхаа өрөөнд ороход яг л кинон дээр гардаг шиг улаан сарнайн дэлбээг орон дээрээ асгаж тоолохын аргагүй олон амьд лаа асаасан байлаа. Тэрээр энэ үдшийг Сийлэнгээс дутахгүй догдлон хүлээж тун романтик байдлаар өнгөрөөх гэж хичээсэн нь илт.

Тэр хоёр буйдан дээр зэрэгцэн сууж байснаа Санчир гэнэт Сийлэнг өөр рүүгээ татан уруул дээр эхлээд зөөлхөн дараа нь чангаар озон үнсэв. Нэг мэдэхэд Санчир Сийлэнг чийрэг гар дээрээ яах ийхийн зуургүй өргөөд унтлагын өрөө рүү зүглэв. Сийлэн ухаан санаагаа эзэмдэх тэнхэлгүй болж зөвхөн Санчирын гарын аясаар л бөмбөрч байлаа. Гэнэт энэ мансуурлыг Санчир таслан орны хажуу дахь шургуулганаас хар өнгийн эротик дотоож, торон оймс сэлтийг гарган Сийлэнд өмсгөж эхлэв. Түүний худаг шиг гүн хар нүд нэг л ер бусын байдлаар Сийлэнг ширтэн Сийлэн түүний үйл хөдлөлийг уг дуугүй дагаж байлаа. Хар торгон дотоож хувцас сэлт нь Сийлэнгийн цагаахан арьстай гоолиг биед тун сайхан зохижээ. Унтлагын өрөөний шүүгээний толинд гэнэт Сийлэн өөрийгөө хараад цочин зог туслаа. Яг л эротик киноны гол дүрийн бүсгүй шиг гэхдээ Сийлэнд энэ дүр нь тун их таалагдаж байв. Тэр өөрийгөө хамгийн янаг тачаангуй бүсгүй болсныг тэр шидэт хар хувцаснаас бас тэсэхүйеэ хөдөлсөн сэрэл мэдрэмжээсээ мэдэрч байлаа. Түүнээс цааш аз жаргалдаа умбасан Сийлэн орчлон хорвоогоос тасран үүлэнд хөвөн алдаж байна уу гэлтэй.

Гэнэт түүнийг түнэр харанхуй нөмрөн авах шиг болж, чихэнд нь чар чар хийх зургийн аппаратны танил дуу тачигнаж, нүд сохлом хурц гэрэл нүүрэн дээр нь тусахад Сийлэн ухаан орж сэргэв. Үе үе тэсэхүйеэ бэрх өвтгөсөн хатуу зүйлээр түүнийг хэн нэгэн ороолгон хараан загнаад ч байх шиг. Сийлэн өвдсөндөө дуу алдан байснаа чангаар уйлж эхэллээ. Гэнэт Санчирын дөлгөөхөн нүд өөрийг нь ширтэж байгааг мэдээд,
“Санчираа юу болоод байна аа? гэх гэтэл түүнийг дахиад л нөгөө түнэр харанхуй нөмрөн аваад ёроолгүй гүн хар ангал руу доош уначих шиг болов.
Сийлэн ам нь тэсэхүйеэ бэрх цангаж арган ус ус гэж арай ядан шивэгнэв. Хажууд нь хэн нэгэн:
“Ухаан орлоо,” гэж шивэгнэх сонсогдов. Нүдээ арай ядан нээвэл цав цагаан байшингийн адар үзэгдлээ. Дээрээс нь цагаан амны хаалттай эмч бололтой нэг эмэгтэй бас ээж нь нүдээ бүлцийтөл уйлчихсан тонгойж байх аж.
“Би хаана байна аа?” гэж хэлэх гэтэл хоолой нь зүгээр л хяхтнан ам нь дэмий ангалзах аж.
“Ашгүй дээ охин минь ухаан орлоо. Миний охин одоо тайван бай. Ээж нь дэргэд чинь байна.” гэж хэлээд үсийг нь илбэв. Ээж нь ам руу нь халбагаар ус халбагадан өгөхөд Сийлэн уруул амаа чийглэн дотор нь овоо онгойж эхлэв. Сийлэн хавь орчныг ажаад эмнэлэгт ирсэн байгаагаа мэдэв. Харин тэрээр яагаад эмнэлэгт ирснээ үл санана. Сульдаж ядарсан бие нь өдөр ирэх бүр сайжирч Сийлэн эмнэлэгт сар орчим хэвтээд гэртээ гарлаа. Тэр өнөөдрийг хүртэл өөрт нь яг юу тохиолдсон талаар учир утгатай зүйл мэдэж чадахгүй л байлаа. Бүтэн сарын туршид ажлынхан нь найз нөхөд нь Сийлэнг эргэж тойрсоор байсан ч Санчир огт үзэгдсэнгүй. Сийлэн Санчирыг мартаж чадахгүй л байлаа. Өглөө нүдээ нээмэгц л түүний талаар бодож эхэлнэ. Хамгийн хачирхалтай нь нэг өдөр Сийлэн Санчиртай утсаар яривал яадаг бол гэж бодоод гар утас дээрээсээ дугаарыг нь хайсан боловч олсонгүй.
Ээжээсээ Сийлэн:
“Би ер нь яагаад эмнэлэгт хэвтсэн бэ? Надад ер нь яг юу тохиолдов?” гэж асууж шалгаахад ээж нь:
“Чи нэг л өдөр эмнэлэгт ухаангүй хүргэгдсэн байсан. Тэнд сэхээнд бүтэн сар ухаангүй хэвтсэн тул чи санахгүй байх нь ч аргагүй дээ. Ээж нь чамайг амьд үлдээгээч гэж өдөр бүр цаг мөч бүр бурхнаас залбиран гуйсан.” гэхээс өөр тоймтой зүйл эс хэлнэ. Гэртээ ирж хэд хоног овоо тэнхэрсэн Сийлэн ээжээсээ:
“Би одоо ажилдаа явдаг юм уу. Бие ч арай дээрдсэн болохоор өдөрт гэртээ зүгээр суугаад байхаар сэтгэл үймрээд таагүй байх юм гэвэл ээж нь түүний энэ саналыг дуртай зөвшөөрч,
“Тэг тэг, миний охин. Хамт олон нөхдийнхөө дунд орвол сэтгэл чинь сэргэх биз.” гэж дэмжлээ. Ажлынхан нь түүнийг халуун дотноор угтан авч тааралдсан хүн бүр л:
“Ашгүй бие чинь сайжирч ажилдаа ороо юу. Чамайг эзгүй байх хооронд бид хэд ч чамгүй сандарлаа. Чи чинь чимээгүй сууж байгаад яасан ч их ажил нугалдаг байсан юм бэ дээ.” гэж магтах нь Сийлэнд юу юунаас илүү сайхан урам хайрлана.

Сийлэн ажилд орсон анхны өдрөө Санчиртай уулзахыг тэсэн ядан хүлээж байлаа. Арай гэж үдийн завсарлагын цаг болмогц таван давхар руу бууж Санчирын ажилладаг фото зургийн студийг зорив. Түүнийг өвчтэй байх хооронд тав дугаар давхарт бишгүй олон зүйл өөрчлөгдсөн байв. Цахилгаан шатаар буумагц л нүдэнд өртдөг фото агентлагийн сурталчилгааны самбар лав харагдсангүй. Сийлэн таван давхраар зөндөө явсан боловч Санчирыг бүү хэл нөгөө фото агентлагийг ч олсонгүй бүр гайхширч орхив. Үүдэнд нь байх оффисын жижүүр бүсгүйгээс мөнөөх фото агентлагийг эндээс нүүгээ юу гэж асуутал бүсгүй түүний өөдөөс ихэд гайхсан харцаар ширтэх зуур:
“Энд тийм газар байдаггүй дээ. Та давхар андуураагүй биз. Манайх энд нүүж ирж оффисоо нээснээс хойш миний мэдэхийн хоёр жил гаруй болж байна.” гэж хариулав. Сийлэнд энэ бүгд нэг л хачин жигтэй санагдсан ч тэрээр давхар андуураагүй гэдгээ маш сайн мэдэж байлаа. Гэсэн хэдий ч арга мухардсан Сийлэн бүх давхраар эрээд ч САНЧИР БОЛООД ТҮҮНИЙ АЖИЛЛАДАГ ФОТО СТУДИЙГ ОЛСОНГҮЙ ЭЭ.

Улаанбаатар хот
2011 оны 4 дүгээр сарын 28


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.