05 сарын 20, Даваа
°C
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Үхэх төрөх адилхан өгүүллэг

az_jargalt

Сэндэр өнөөдөр ажилдаа цагаасаа нэлээн эрт ирсэн билээ. Улаанбаатарынхан бүгд нэгэн зэрэг гэрээсээ гардаг бололтой өглөө 8 цаг 30 минутаас хойш бол зам гэж пиг болно. Үүнийг мэдэх тул тэрээр үүнээс арай эртхэн гарахад замын бөглөрөлттэй үед бараг бүтэн цаг явж очих газарт ердөө л 10-хан хором зарцуулна. Нэг гэм нь арай эртэч байх хэрэгтэй. Сэндэр албан өрөөндөө орж ирүүт яарамгүй гадуур хувцасаа тайлж өлгөөд ширээндээ суумагц заншил ёсоороо өдрийн тэмдэглэлийн хуанли дээрээ нямбайлан бичсэн өнөөдөр хийх ёстой ажлууд, уулзах ёстой хүмүүсийн нэрсийг харж байгаад Магнус Линдберг гэж аман дотроо бувтнаад саяханаас хамтарч ажиллаж эхлээд байгаа Шведийн нэгэн компанитай бизнес уулзалт товлосноо саналаа.

Швед гэхээр яагаад ч юм тэртээ хэдэн жилийн өмнө оюутан болж Скандинавын хойгийн Швед гэх оронд амьдралын нэгэн үеэ хэрхэн өнгөрөөсөн, том хүүгээ яаж төрүүлсэн, зөөлөн бороонд дандаа л угаагдан чийг дааж байдаг Стокгольм хотын гудамж талбай нүдний өмнө нь дурайгаад ирлээ.

Таатай сайхан дурсамж дүүрэн байхаас гадна бас урьд нь огт очиж үзээгүй, хэлийг нь ч мэдэхгүй орны соёл, ёс заншил, нийгмийн амьдралд хөл тавих үед өөрт нь тохиолдсон багагүй бэрхшээлүүд байсныг өөрийн эрхгүй эргэн дурслаа.

 

Яагаад ч юм монголчууд үхэх төрөх хоёр адилхан гэж их ярьдаг. Боловсон эмнэлэггүй эмээ, өвөөгийн үед бол хөөрхий олон эмэгтэй төрөхийн ямар нэгэн хүндрэлээс болж амиа алддаг байсан. Сэндэрийн эмээ ч бас бага авгыг нь төрүүлэх гэж байгаад цэл залуу 20 дөнгөж гарч байхдаа өнгөрсөн гэдэг. Тэгээд хөөрхий аав, авга нар нь хэд хэдэн хойт эхийн царай харсаны эцэст буурай эмээтэй нь өвөө нь нийлж арай гэж нэг эхтэй хүний жаргалыг амссан гээд домог шиг яриа ч хүртэл бий. 
Сэндэр уг нь сэргэлэн бүсгүй боловч хүний нутагт ирээд дасаагүй орчин үргэлж уйлагнан бороо манан холилдсон заримдаа ч бүр өдөр шөнө хэзээ болоод байгааг ч ялгахад хэцүү Скандинавын цаг агаар гэдэг эмзэг биетэй жирэмсэн хүнд маш том давааны нэг байлаа. Хаана ч очсон мэдэхгүй танихгүй хүнийрхүү хүмүүс уншаад уншаад дийлдэхгүй хичээл ном гээд дарамт болох зүйлүүд зөндөө. Ганцхан сэтгэлийг нь зогоож байсан зүйл бол түүний төлөө юугаа ч зориулахад бэлэн хайртай хүнийх нь нөмөр нөөлөг. Үүнийг эс тооцох юм бол халуун дотно хамт олон, найз нөхөд, эгч дүүс гээд нутагтаа бол үргэлж хүмүүсийн бүлээн дулаан сэтгэлээр хүрээлүүлж явсан бүсгүйд хүний нутаг гэдэг нэг л хөндий хүйтэн, хүмүүсийн инээх нь хүртэл үнэн худал нь мэдэгдэхгүй хэцүү.

Хичээл нь дандаа үдээс хойш орох тул гэрийн даалгаврын хэдэн эссэгээ бичих санаатай шөнө дөл болтол суугаад маргааш өглөөжин унтсаар нэг мэдсэн чинь нарны бараа харалгүй хэдэн сар болчихсон байж билээ. Тэгэхэд л нар гэдэг хүний амьдралд ямар хэрэгтэй илч энергээрээ бүхнийг тэтгэж байдаг шидтэн болохыг мэдэрч билээ. Монгол нутгийн минь нар нь хүртэл ямар илчтэй гэрэлтэй билээ. Сэндэрийг бүр бага байхад аав нь Орост сурч байснаа хаяахан дурсдагсан. Оюутны амьдрал, нутгаас авчирсан борцтой шөлөө хааяа идэхээр яаж хөлс нь гарч ядаргаа нь тайлагддаг, нутгаа санаад нүдээ анихад нь хүртэл Шаргын говь нь шаргалтаж харагддаг гээд аав нь хаяахан нүдэндээ инээмсэглэл тодруулаад залуу насных нь цог хийморь сэргэсэн байдлаар ярих дуртайсан. Хөөрхий аав нь залуухан байгаад уг нь оюутны тэтгэлэг авдагч замбараагүй зарцуулааад сарын сүүлээр их л ядардаг байсан тухайгаа бас хааяа найзуудтай инээд наргиан болон ярьж суухыг тэр нэг биш удаа хажуугаас нь сонсдог байж билээ. Аавынх нь сурч байсан цагаан шөнийн манант Санктпетербург тэр үеийн Ленинград хот ердөө хажууханд нь. Сэндэр харин энд хаа ч очиж өлсөхийн зовлон үзээгүй ч тэр найз нөхөд хамт олноосоо авч байсан халуун сэтгэлээр өлсөж байгаагаа алхам тутамдаа мэдэрдэг байсан. Магадгүй нийтэч биш зожиг зантай нутагтаа байхдаа ажил алба гээд нэг их гүйгээд байдаггүй гэрийн мухар сахисан нэгэн байсан бол тэр энэ бүхнийг арай хөнгөнөөр хүлээж авах байсан байх л даа. 
Стокгольмд болсон анхны шинэ жилийг тэр хэзээ ч мартдаггүй юм. Оюутны байр нь сургуулиас нь дэндүү хол тэгээд бас жижигхэн байсан тул найз залуу, гэдсэнд бий болсон үрийнх нь эцэг болох дөлгөөхөн зантай Идэрээтэйгээ хэдэн ном чемодантай хувцасаа үүрээд шинээр хөлсөлсөн байр руугаа нүүх гэж нэвсийн дарах их цасан дундуур тундерт амьдардаг чукча нар шиг 2 хүн явган нүцгэн нүүж явсанаа санахаар инээдтэй ч юм шиг. Машин хөлслөе гэхээр оюутан улсуудад юуны тийм их мөнгө байх вэ. Шинэ байр нь халуун ногооны дасаж сураагүй үнэрийг нь эс тооцвол хаа очиж овоо тохилог. Өрөөгөө хөлсөлсөн Тайланд эмэгтэй жирэмсний хордлого болж махны үнэр авч чадахгүй байгаагаас хэдэн сар махан хоол идэж чадаагүй цонхийсон ядруу Сэндэрийг харангуутаа л хөл хүндтэйг нь мэдээд өрөвдсөн үү яасан нэг их үнэрхэлгүй байраа гайгүй үнээр хөлслүүлж билээ. Харин жирэмсэн байхад юм бүхний үнэр гэдэг хэд дахин хурц үнэртдэг тул халуун ногооны нялуун үнэр гэдэг бас нэг том даваа байлаа. Угааж угааж хоол хийсэн хоолны савнаас хүртэл тэр танил биш үнэр байнга үнэртэж зовооно. Гэрийн эзэгтэйг гал тогоонд хоол хийгээд эхлэхээр нь өрөөнийхөө хаалгаа нам хаагаад хичээлээ хийгээд суучихдаг байж билээ.

Уг нь Стокгольм хот 11 сар дөнгөж гаруут л шинэ жилийн гоёлоо зүйх боловч он солигдож байхад ч мань хоёрыг урьж залаад хөгжилдөх найз нөхөд ч байсангүй хичээлээ л хийгээд сууж байж билээ. Харин нутагтаа бол ямар гоё байх байсан бол гэж өөрийн эрхгүй бодогдоод болохгүй байж билээ. Монголдоо байсан бол Сэндэр шинэ жил дөхөөд ирэхээр л ажлынхаа шинэ жилийн баярт өмсөх даашинзаа авах, бас хамт олноороо заавал нэг баярын мэндчилгээ эсвэл урлагийн бяцхан үзүүлбэр бэлдэх гээд ажил мундахгүй ч дотроо нэг л баяр хөөрөөр дүүрэн хүн байдагсан. Гэтэл энэ удаа тэгсэнгүй үнэндээ хичээлээс өөр хийх ч юм олдсонгүй. 
Хаврын сар гарч өдөр овоо уртассан ч хойд зүгийн зэврүүн салхитай Скандинавт дулаарах яагаа ч үгүй. Монгол нутаг шиг минь хавар болж урь орно гэсэн ойлголт байхгүй. Ядаж нарны бараа хараад байдаг болсон нь сэтгэлд овоо өег ирж байгаа цагийн сайхан бүхнийг уриалан дуудах шиг. Стокгольмд Швед улс Шенгений гэрээнд багтдаг болсон гээд энэ хавраас овоо олон монголчууд үзэгддэг болж бас ч нутаг нэгтнүүдтэйгээ хааяа уулзаж ярилцах сайхан ч юм шиг. Тэдгээр хүмүүсийн ихэнх нь л амьдрал хайж, хар цагаанаар хүнд хөнгөн хамаагүй ажил олж хийж амьдрал ахуйгаа дээшлүүлэх бодолтой зорилготой ирсэн хүмүүс. Орон байр байхгүй хөлслөх мөнгө ч үгүй халаас хоосон ирэх тул аргагүйн эрхэнд цагаачдын хуаран орж эхний хэсэгтээ орогноод аз болж ажил олоод хийчихвэл байр хоолны мөнгөтэйгээ золгох тул цагаачдын хуаранг орхино. Монголдоо бол ажилгүйчүүдийн эгнээнээс ихэвчлэн ирэх тул өлөн хоосон байх хүнд хэцүү амьдралын ул мөр нүд болоод сэтгэлд нь бат бөх шингэсэн хүмүүс. Харин тийм зовлон үзсэн хүмүүс энд их хурдан дасна. Ядаж л хэчнээн ядарч явлаа ч өлсөхгүй гэдэс цатгалан байх тул энэхүү байдалдаа ихэд сэтгэл хангалуун байх хүмүүс олон. Ямар ч ажлыг голохгүй, тийм ажил хийлээ гэж сэтгэлээр унахгүй. Арай нэгэн боловсролтой гайгүй ажил алба хашиж байсан хүмүүс нь нутагтаа хийж байсан ажил албаа ихэвчлэн дулаан конторт сэтгэл амар өнгөрүүлсэн урьдны амьдралаа бодож гасалсаар бүүр доош орох нь ч бий.

Сэндэр уг нь хайртай хүнийхээ дэргэдээс холдохгүй байгаа ч түүний нутаг ус, ах дүү, найз нөхдөө үгүйлсэн сэтгэлийн их орон зайг Идэрээгийнх нь хайр халамж яахан бүрэн дүүрэн нөхөх билээ дээ. Ядаж л хааяа хааяахан уулзаж элдвийн хөгжилтэй зүйлүүд ярьж шуугиж наргидаг хэдэн найз бүсгүйчүүд нь хажууд нь байхгүй. Элгэнд нь наалдаад л эрхэлж суунгаа зовлонгоо тоочиход нь толгойг нь илээд духан дээр нь үнэрлэдэг ээж нь ч хажууд нь алга. Ажаад байхад энд хажуу хавиар нь эргэлдэх ихэнх монгол хүүхнүүд тулга тойрсон, аахар шаахар зүйлийг их л сонин болгож ярихын хажуугаар бас хэн нэгнийхээ амьдрал руу орсон хов живэнд ихэд гаргуун байх. Үнэндээ энэхүү эмэгтэй хүмүүсийн мөнхийн том дутагдал болсон хов живнээс өөрийгөө ямар их хол хөндий хүмүүжсэнээ тэр тэгэхэд маш ихээр мэдэрч билээ. Ёстой нөгөө инээсэн болгон нөхөр биш хялайсан болгон дайсан биш гэдгийг тэр тэгэхэд бүүр ч сайн ойлгосонсон. Учиргүй дотносож бие давхар түүнийг эвийлж энхрийлж худал инээсэн хуурмаг хүний цаана ямар муухай хар хорон санаа нуугдаж чаддагийг бас бүрэн ухаарсан. Амаа мэдэхгүй чалчих чалчаа хүмүүсийн балаг ямар их байдгийг ч бас их ухаарсан. Хиргүй ариун сэтгэлийг нь булингартуулан хиртээж, саруул оюуныг нь мохоох зүйл бол чухам тэр авгай хүүхнүүдийн хар хорын ад мөрийн сэтгэл байсныг ч мэдэрсэн. Өөр хоорондоо хөлөө жийлчсэн авгай хүүхнүүдийн балаг, атаа жөтөө түүний амьдралд ул мөрөө тодоос тод үлдээсэн ч цагийн эрхээр Сэндэр өөрийгөө эргүүлж олж авч чадсандаа тэр өнөөдөр их баяртай байдаг. 
Зуны эхэн сар дөнгөж гаргаад дипломын ажлаа бичиж дуусгаад л хүүгээ төрүүлсэн. Хүү нь гэж өөдсийн чинээ улаахан амьтан. Бас их ховдог. Дөнгөж төрүүтээ л хоол хайж амаа хөдөлгөөд мөөмөө хайх ангаахай үрээ тэврээд уг нь эх хүний сэтгэл нялхарч жаргалыг амталдаг ч Сэндэрийн сэтгэлийг зовоосон асуудлүууд дүүрэн байсаан. Хүүхэд төрүүлэх үеэр хөлсөлсөн байрных нь хугацаа дууссан, жаахан хуримтлуулсан хэдэн мөнгөө ч барах дөхсөн гээд түмэн зовлон хуралдаастай. Нялх биетэй эмэгтэй хүнд сэтгэл санаа тогтворгүй байх ямар сайн байх билээ дээ. Азаар Идэрээгийн зуны амралт эхэлж нэгэн ресторанд сав угаагчийн ажил олсон ч нялх биетэй Сэндэрийг асарч тойлох боломжгүй тул хөөрхий бүсгүй өдөржин хоол ундаа бэлтгэх хүүхдээ арчлах гээд гэр орны аахар шаахар бүхий л ажлаа зөвхөн өөрөө л амжуулна. Ээж минь хажууд байдаг ч болоосой гэж шүд зуусан удаа түүнд олон. Монгол заншил ёсоор бол эмэгтэй хүн төрсөний дараа халуунд унтаж болдоггүй, халуун хүйтэн харшилдах салхи цохих, хүйтэн нойтон юм уухгүй байх зэргээр биеэ гамнахын зэрэгцээ сэрүүн чанарын өвс ургамалын хандыг хонины халуун шөлөөрөө даруулж уух учиртай. Сэндэрийн хувьд бол юун тэгэхдээ манатай л байсан. Уг нь ээж нь зөндөө захьсан ч тэр бүхнийг залуугийн гайгаар нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргасандаа тэрээр хожим нь ихэд харамсаж билээ. Нялх хүү нь харин өдөржин шөнөжин унтдаг мөөмөндөө л цадаж байвал уйлна гэж байхгүй тайван амгалан нэгэн байсан нь азтай.

Тэр зун Шведэд их ховорхон тохиолдох халуун нарлаг зун болж байлаа. Унтлагын өрөөнийх нь цонхоор өглөөний нар тунарч үд дээр гартал Сэндэр хүүтэйгээ унтана. Бие ядруу хордлого ихтэй байснаас нэг л нойрмог унтамхай болсоноо яагаад ч юм бие давхар байхаасаа илүүтэйгээр бие нь хүндэрч нозоороод байгаагаа анзаарч байсан ч төрсний дараа эмнэлэгт үзүүлэхэд бүх зүйл хэвийн гэсэн тул нэг их юм бодохгүй байлаа. Гэхдээ л нэг л сэтгэл зовиуртай яагаад ч юм эмэгтэй хүний зөн совингоороо ямар нэгэн золгүй юм болох юм шиг санагдаж түгшүүр төрдөг байсан нь сонин. Эсвэл хэн нэгэнд учиргүй гомдож эхэр татан уйлмаар эсвэл хэн нэгэнд сэтгэлээ онгойтол яримаар. Тэр нэг өдөр өчигдөр үдээс эхэлж ар нуруугаар нь үл мэдэг чилж өвдөөд байсан нь нэлээн зовиуртай болсоныг анзаарсан ч гэр зуурын ажил хоол ундаа хийх гээд ажилдаа түүртээд Сэндэр тоосонгүй. Идэрээд ч энэ талаар ам ангайсангүй. Гэнэт л шээс ч хүрэх шиг болсоноо доошоо халуун оргиод явчихсанаа бүүр түүрхэн мэдэрсэн. Юу болов гээд хартал тэр цусан далай дунд зогсож байлаа. Үхтэл үр харам гэгчээр мөлхсөөр явж унтаж байсан хүүгээ аваад гадаа гарч хүн дуудах хэрэгтэй гэсэн бодол толгойд нь зурсхийсэн тул арай ядан хөл дээрээ тогтсоор гудамжинд гарсан ч ажлын өдөр болоод ч тэрүү ойр хавьд нь хэн ч байсангүй. Хажуу байранд хэдэн монголчууд амьдардгийг мэдэх тул тэднийх рүү явлаа. Замдаа ухаан алдахгүй л юм шүү хүүгээ гараасаа алдаж яасан ч болохгүй л гэж бодож явлаа. Цусаа юүлж байна уу гэлтэй гутал хөл гуяыг нь дагаж цус тунарсаар. Айсандаа болоод утсаар түргэн дуудахаа ч мартаж. Хүн хэт айхаараа юу хийхээ мэдэхээ байдаг нь үнэн бололтой осолдохгүй л хэн нэгнийг бараадах нь зөв гэж л толгойд нь орж ирж билээ. Тэр айлын хаалгаар яаж орсоноо ч одоо ч сайн санадаггүй юм. Охиноо тэврээд цусанд будагдсан аймшгийн киноны баатар шиг л хүн зогсож байсан гэсэн. Тэр өдөр Монголд бол наадмын өдөр байсан тул тэднийд нэлээн олон монголчууд наадмаа тэмдэглэх гээд цугларсан байсан гэсэн. Цугларсан олны дунд хөөрхий бүсгүйг үнэн сэтгэлээсээ өрөвдсөн нэгэн байхад зовлонгоор нь жаргал хийж хорон муу хэл амныхаа бай болгох нэгэн ч байсан. Түргэн тусламжийн машинд ухаангүй түрэгдэн ороход нь "Ээ тэнэг ээ. Энэ одоо нөхөртэйгээ болоогүй байхад нь "юу яачихсан байна" гэж нэгнийгээ нударч элэг доог хийж суусан эх хүн ч байсан гэх новшийн үгийг тэр хожим нь сонсоод арай ч дээ хүн гэж ямар өчүүхэн юм бэ гэж голдоо ортол гомдож суусан удаа ч бий. Эмнэлэг дээр хэрхэн ирсэнээ ер нь өөрт нь юу тохиолдсоныг Сэндэр нэг хэсэгтээ ер ойлгоогүй. Хажууд ярилцах хүмүүсийн дуу холдон холдсоор чих нь шуугиж амьсгал нь давхцан амь тэмцэж байснаа чив чив чимээгүй, хав харанхуй нүх рүү л улам улмаар гэхдээ алгуурханаар доошлоод байлаа. Дээр нь гэнэт бүдэг гэрэл тусаж "Чи минь яачихав даа" гэж аяархан мэгших чимээнээр арай ядан нүдээ нээж хартал Идэрээ нь байсан. Харцаа тогтоож зовхио нээх гэдэг ийм хэцүү байдаг билүү хүний нүдний зовхи ийм хүнд байдаг билүү гэж гайхмаар арай ядан хүчлэн хүчлэн нүдээ нээж байлаа. Чи минь юунд уйлаав дээ гэж асуух гэтэл ам нь эвлэж өгөхгүй дуу нь төө холоос хоолойных нь мухраас арай ядан гарч байлаа.

Идэрээгийн хажууд шаргал үстэй эмч бүсгүй үл ялиг инээмсэглэн юм ярих ч түүний юу яриад байгааг ойлгосонгүй. Алгуур алгуураар хүүгээ тэврээд айл руу гүйж байсан цус нь халуун оргиулан пал пал хийн урсаж байсан аймшигт зүйлүүд гэнэт эргэн санагдаад дахиад л харанхүй чимээгүй ангалд уначих шиг болсон. Сайн эмч нарын хүчээр амь нас нь аврагдсан ч урьдны Сэндэрээс тэр үед юу ч үлдсэнгүй. Учиргүй өвдөөд хатгуулаад зовиурлаад байхгүй ч өчүүхэн зүйлд л сэтгэл нь сэмэрч уйлчих гээд хямарч хүн харахад л хоёр хөл дээрээ зогсож байхаас түүний дотоод сэтгэлийн гал дөлийг тэр аймшигт гэнэтийн өвчин бүгдийг хийсгээд хаа нэгтээ аваад одсон байсан. Ингээд хүний нутагт хүний хагас, өвчний үүр болчих ч гэж дээ. Ээж аав, ах дүүстэйгээ л амьд уулзах юмсан гэсэн цорын ганц бодол өдөржин толгойд нь эргэлдээстэй байдаг байлаа. Эмнэлгээс 5 хоноод гарч гэртээ ирсэнч байдал бүр дордлоо. Идэрээ шөнө 11 цаг гэж ажлаасаа тардаг тул учир мэдэхгүй нярай хүүтэйгээ хоёулханаа гэртээ байна гэдэг аймшигт тамлалаас ч долоон дор. Нөгөө хоёулханаа байхдаа байсан зүйл давтагдах юм шиг санагдаж хүүгээ тэврээд нуруугаараа хана налж орон дээрээ өдөржин биеэ хураагаад хоол унд ч идэхгүй суучихдаг удаа ч олон байсан. Тэгэхгүй бол ар талаас нь асар том мангас гарч ирээд нөгөө харанхуй ангал руу чирээд аваад явчих ч юм шиг. Заримдаа тэр айдсыг яагаад ч дийлэхгүй болохоороо өдөржин гадаа сууж өөдөө уруу явах хүмүүсийг ажиглан сатаардагсан. Аз жаргалтай эрч хүчтэй, эрүүл саруул инээсэн хүмүүсийг харж суух арай дээр санагддаг байсан. Гагцхүү өлсөхийн эрхээр гэртээ хурдхан орж хоол унд идэх хэрэг болоход тэрэн шиг удаан айдас дагуулсан зүйлгүй санагдана. Идэрээ ажлаа хийхгүй хажууд нь суух юм бол байрны мөнгөө хэн төлөх вэ идэх хоолоо яаж олох вэ. Хөгжилтэй газрын нэг сайхан зүйл бол ажил хийвэл ам тостоно ямар ч ажил хийсэн амьдралд хүрэлцээтэй харин хийхгүй таг мухардвал тэрэн шиг амархан өрөнд орох зүйл байхгүй. Өрөнд орох ч юу байхав дээ мөнгөгүй л бол хэн ч байсан та уучлаарай л гэнэ. Ах дүү элэг нэгт монголчууд байсан ч мөнгө олох гэж яаж зовдогийг бие сэтгэлээрээ мэдэрдэг болохоор хөөрхий энэ өвчтэй юм өрөвдмөөр юм гээд толгой хорогдуулах хүн ховор. Тэгээд ч хэн нэг илүү хүнийг тэжээж явна гэдэг боломжгүй зүйл учир хүнд дараа болох шиг сэтгэлд тамтай зүйл байхгүй. Монголчууд бид ядуу л гэдэг зүдүү л гэдэг гэхдээ л өвдөж зовсон нэгнийгээ нутагтаа бол ах дүүс нь яаж ийгээд л тэжээгээд тэтгээд болоод байдаг. Энд бол тийм биш. Хүний нутгийн хатуу хирнээ шударга амьдралын хууль үйлчилнэ. 
Өдөр ирэх бүр биеийн ядруу байдал арай дээрдэж хэдийгээр бараг цусныхаа талыг алдсан ч залуу бие махбод сэргэж төлжиж байсан. Гэхдээ тэрхүү аймшигт явдлын ул мөр болж сэтгэлд нь гүнээс гүнзгий шарх бий болсон. Сэтгэлийн шарх эдгэх нь удаан гэдгийг Сэндэр өдөр ирэх бүр мэдэрч байлаа. Ялангуяа сүүлийн үед олширсон нутаг нэгт монголчуудын хэл ам хов жив тасрахгүй нь бие муутай сэтгэл эмзэг түүнд нэрмээс болно. Өдөржин хүүхдээ хараад сууж байдаг түүн дээр хааяа хань болчих санаатай сайхан сэтгэлтэй нэгэн байхад нөгөөх чинь одоо яасан бол гэж хэрэгт дурлаж хов жив зөөх нэгэн ч тасрахгүй. Энэ бүх орвонгоороо эргэсэн орчин ахуй, өвчний ад нийлж сэргэлэн оюуныг нь, амьдралд, өөрөө өөртөө итгэх итгэлийг нь бага багаар мэрэх нь гачлантай.

Нэг хэсэг тэр бараг хэн байснаа юу чаддаг мэддэг байснаа ч мартсан. Үртэй хүн үхэж болдоггүйн үнэнээр алгын чинээхэн хүүгээ бодож л "Чи дахин хөл дээрээ босох ёстой. Заавал" гэж шүд зууж байсан. Хүмүүс түүнийг бие муутай ядруу яахаа алдсан нэгнээр л төсөөлнө. Хэн нэгний үл тоосон тоомжиргүй байдал энэ муу юу чадах вэ гэж илт басамжилсан харцаар хүрээлүүлж амьдрана гэдэг хүнийг сэтгэлээр үхүүлдэг юм билээ. Сэтгэлийн гал нь бөхсөн сэтгэлээрээ үхсэн хүн амьд хүүртэй л адил болдог. Гэхдээ Сэндэр тэмцсэн энэ байдлаас гарах гэж зүтгэсэн чармайсан. Дотроо уйлж байвч гаднаа инээж явсан. Биеэ жаахан тэнхэрмэгц хүүгээ цэцэрлэгт өгөөд ажил хийх нь зүйтэй юм гэж шийдээд муу сайн гэж гололгүй ажил хийж эхэлсэн. Ажил хийхийн хажуугаар дутуу хичээлээ нөхөж, швед хэлээ үзэж нэг гартаа номоо нөгөө гартаа хүүгээ тэврээд олон орой суусан. Тэр бүхний хүчинд тэрээр хөл дээрээ бат гэгч нь дахин босож ирсэн. Амьдралд тэмцэж олсон бүхэн үнэтэй байдаг. Одоо түүнд халамжит хань, хоёр хөөрхөн хүү дуртай ажил гээд аз жаргалтай амьдрал бий. 
Тэр бүгдийг өнөөдөр дурсан бодож суухад амьдарлын нугачаа, зовлон бэрхшээл, өвчин шаналалыг давах сэтгэлийн хүч хайрлаж урам зориг өгч байсан хайрт ханийх нь өмөг түшиг, сайхан сэтгэл юугаар ч орлуулашгүй агуу зүйл байсан. Үхэх төрөх адилхан гэдэг. Үхэл амьдралын зааг дээр очиж үзнээ гэдэг хүнд асар ихийг бодогдуулж хойшид зовлонг сөрөх сэтгэлийн хат суулгаж, амьдралын үнэ цэнийг ухааруулдаг гэдгийг Сэндэр ойлгосон.

Б.Эрхэмбаяр

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.