05 сарын 03, Баасан
°C
USD 3,380.31
USD 3,380.31
EUR 3,622.00
JPY 21.74
GBP 4,235.02
RUB 36.63
CNY 466.82
KRW 2.46

ААВЫН МИНЬ ТАЛХНЫ ҮНЭР

-Урлагийн хүн болно гэдэг их л тэвчээр хөдөлмөр шаардсан зүйл байх гэж би боддог юм. Би оюутан байхдаа Идэрбат ахынд (МУГЖ, морин хуурч) амьдардаг байсан юм. Охин Наранцацралт нь ХБДС-ийн төгөлдөр хуурийн ангид суралцдаг тоглох ч эрхгүй, өдөржингөө л төгөлдөр хуурийн ард хичээлээ давтаад суух. Тэгэхээр энэ сонголтод эцэг эхийн нөлөө их байдаг байхаа?

-Аав минь сайхан дуулдаг хүн байсан. Ээж минь боловсролын салбарт 40 гаруй  жил ажилласан, Ардын Боловсролын Тэргүүний Ажилтан, монгол хэл-уран зохиолын багш хүн. Би юм юманд оролцсон, нилээд хөдөлгөөнтэй охин байлаа. 8-р анги төгсөөд багшийн хуваарь авсан маань, аав, ээж бид гуравын сонголт байсан.
-Бидний үед Багшийн сургуулийн дуу хөгжмийн багшийн анги гэж мундаг сургалттай байсныг мэдэх юм.

Мундаг сургадаг байсан. Одоогийн хөгжмийн алдартнууд Н.Жанцанноров, Б.Шарав, X.Билэгжаргал гээд цөм л энэ сургуулийг төгссөн. Би хөгжмийн боловсролын гол сууриа эндээс л авсан. Багшийн сургуульд тавьж байсан шаардлага өндөр, программ үнэхээр шахуу, нотоо ч мэдэхгүй хүүхдүүдэд их л хэцүү. Тийм ч болохоор төгсч чадсан хүүхдүүд нь үнэхээр л чадвартай байхаас аргагүй.

-Төгсөөд багш болсон уу?

-Тиймээ. 6-тайдаа сургуульд орсон болохоор 1988-онд 18-хан настай охин Сонгинохайрхан дүүргийн 82-р сургуульд дуу хөгжмийн багшаар очоод, ахлах ангийнханаас ялгарахгүй андуурагдаж байв. Тэр үед xичээлийн программ нь хүүхдүүдийг солгой хоолойтой ч бай дуулуулах хатуу шаардлага тавьдаг. Миний хувьд хүүхдэд хөгжмийн боловсрол олгох, хөгжим сонсоод ойлгодог, мэдэрдэг түүгээрээ зөв хүн болж хүмүүждэг болгох нь дуулуулахаас ч илүү гэдгийг л мэдэрсэн.

-Би багш байхдаа дүрслэх урлагийн хичээл зааж байхдаа яг л наад зовлонтой асуудалтай чинь учирсан. Чаддаг ч чаддаггүй ч бай бүх хүүхдийг ''натyрморт'' зуруулаад суулгачихна. Ер нь гоо сайхны гэдэг цогц ойлголтоо хэт салгаад, дуу хөгжим, дүрслэх урлагийн хичээлийг мэргэжлийн чиглэл рүү илүү хандуулах хандлага нь энэ бэрхшээлийг үүсгэдэг байж дээ.  
-Бэрхшээлээ давахын тулд хөгжмийн боловсролын 3 тулгуур болсон дуу, бүжиг, хөгжмийн ''Тулгын гурван чулуу'' нэртэй кабинет байгуулсан. Хичээлийн заах аргаа ч өөрчилж, хүүхдүүдэд гол нь сонгодог хөгжмийн тансаг аялгууг сонсгож, хөгжмийн зохиолчид, хөгжмийн бүтээлүүдийг таниулж эхэлсэн дээ. Хичээл маань байнгын ''нээлттэй хичээл''-ээр шалгарч, заах аргын шинэчлэл маань үр дүнгээ өгч эхэлсэн. Гол нь хүүхдүүддээ л сонгодог хөгжмөөр хүмүүжил олгохыг илүүтэй хичээсэн.

-Удаан багшилсан уу?

''Цахим Цаг'' чат нэвтрүүлэг долоо хоног бүрийн бүтэн сайн өдөр 3 цагаас явагдаж байгаа ба ирэх долоо хоногийн нэвтрүүлгээр бид Чикаго хотод суугаа Сэлэнгээ эмчийг нэвтрүүлэгтээ утсаар урьж оролцуулах болно. Бидний ярилцах сэдэв бол хүүхдүүдийн ханиадны эмийг зах зээлээс яагаад татаж авсан, ханиадны вакцин (flu shot) хэрэгтэй юу, АНУ-н зарим high school-н хүүхдүүд дунд тархаад байгаа вирусны талаар мэдээлэл өгч, таны асуултанд хариулна. Та бүхэн асуух асуултаа service@orloo.com гэдгээр эсвэл манай ''харилцах'' гэснээр бидэнд ирүүлж болно

-Удаагүй. 1989 оны Монголын багш нарын V-р их хурлын хүндэтгэлийн концертонд оролцож тоглоод, 1990 онд СУИС-д элссэн.  Сүхбаатарын нэрэмжит цалинтай оюутан байлаа. Суралцахын хажуугаар судалгааны ажил нилээд хийсэн. Анхаарал татсан нэг  зүйл бол дуулаачдын мэргэжлийн хичээлд ''хоолойн тавилт''-д гол анхаарaxаас бус ''хоолойн эрүүл ахуй'' гэдгийг анхаарч  судалдаггүй байв. Дуучин хүний хамгийн үнэтэй зүйл нь хоолой. Энэ чиглэлээр судалгааны ажил хийж xэд хэдэн Эрдэм Шинжилгээний хурлуудад илтгэл тавьж байр эзэлж байлаа.

-Алив зүйлийг зүрх сэтгэлээсээ хийх гэдэг оролдлого л бэрхшээлтэй тулгарахаар ''өөрчлөх'' хүсэл болон хувирдаг юм шиг. Өөрчлөхийн тулд уншиж, судалж, улмаар амтанд нь орсоор эцэс төгсгөлгүй эрж хайх аянд морддог гэлтэй.

-Дуурийн театрт ажиллахын хажуугаар магистрын хичээл гээд  СУИС руу гүйнэ. Нэг өдөр Б. Жамъяанжав багш (Зэрэг Нэмэх-ийн Долдой) СУИС-ийн үүдэн дээр дайралдчихаад ''Болормаа ! чи юу л хийгээд гүйгээд байнаа. Чиний хэрэг энд их байхад чинь'' гэж асуулаа. Санаандгүй сонссон энэ үг надад их урам өгч ''Би чинь нээрээ сургуульдаа хэрэгтэй юм байна шүү дээ” гэсэн сайхан сэтгэл төрүүлж билээ. Удалгүй СУИС маань намайг үндсэн багшаар урьж “Дуулах Ур Зүй” ,” Хөгжмийн онол'', '' Хоолойн эрүүл ахуй'', “Дуурийн Урлагийн Түүх” зэрэг хичээлүүд заах болсон. Эдгээрийг заахын тулд их ч уншиж, судалсан. -''Сэтгэлд гал байвал зууханд гал олдоно'' гэдэг шиг сайхан хүмүүс хүнд хэрэгтэй үед нь урам өгч сэтгэлийн галыг нь асаах юм даа. -Тиймээ! Б. Жамъяанжав багш, тайзны ярианы багш P. Уртнасан, (А.Ж. Уртнасан гуайтай андуурах вий, өөр багш) СУИС -ийн захирал Д. Цэдэв гээд сайхан хүмүүс надад урам өгч, дэмжсэн. Хүмүүсийн итгэлийг алдахгүйн тулд их хичээдэг байллаа.
-СУИС -ийн багш маань дуулахаа орхисон юм биш биз?

- Яалаа гэж. Онол, практик цуг гэдэг шиг боломж гаргаад уралдаан тэмцээнд оролцож байсан. 1999 онд ''Учиртай гурван толгой'' дуурийн шилдэг дүрийн уралдаан, Б.Шаравын романс, А.Ж. Пүрэвдoрж багшийн  нэрэмжит сонгодог ари, романс дуулах уралдаанууд гээд монголд тэр үед болж байсан том тэмцээнүүдэд тус, тус амжилттай оролцож байр эзэлсэн.

- Б. Дамдинсүрэнгийн ''Учиртай гурван толгой'' дуурийн шилдэг дүрийн уралдааныг би мэдэх юм байна.

Анх А.Ж. асан Пүрэвдорж багш надад Хоролмаагийн дүрийг өгсөн юм. Хөгтэй нь би хирдээ л Нансалмаа болох санаатай, багш харин ''Чи арай л хөдөлгөөнтэй сэргэлэн, чамд Хоролмаа илүү тохирно'' гэсэн. Мэдээж дуулахын тулд aнх дуулж байсан ая, Хоролмаа гэдэг нэрнээс авахуулаад л судалсан. Хоролмаа тэмцэгч, хайр сэтгэлийнхээ төлөө юу ч хийхээс буцахгүй их хөдөлгөөнтэй бүсгүйн дүр л дээ. Өөрийхөө хэмжээнд давтагдашгүй Хоролмааг бүтээсэн гэж боддог.

-Мэдээж хөдөлмөрлөж олсон амжилт амттай байлгүй яах вэ?

-Амжилтыг аз дагадаг гэдэг шиг 2000 онд СУИС-ийн дуулах ур зүйн 1 багшийг Английн талын бүтэн зардлаар Лондон хотын Mountview Academy for Theatre of Arts-т мэргэжил дээшлүүлэх боломж надад оногдсон. Би үүнд одоо хүртэл маш их баярладаг. Надад итгэл хүлээлгэсэн Д. Цэдэв захирал, тэнхмийн эрхлэгч P. Уртнасан багшдаа талархаж явдаг. Англи хэл өмнө нь оролдож байсан ч, жинхэнэ англи орчинд очиход маш хангалтгүй байсан. Мэргэжил дээшлүүлэх хугацаа маань 2 сар, хэлний бэрхшээлтэй би 2 сарын хугацаанд юу сурах вэ дээ. Их Британийг үзээд, гоё курс төгссөн гээд буцалтай биш, өөрийгөө ч их чамлаж, үргэлжлүүлэн сурахаар шийдсэн. Энэ тухайгаа  СУИС-ийн захиргаа, соёлын яаманд бичиг илгээж, сургуульдаа сурч байгаа учир зовлонгоо ойлгуулсаны хүчинд цааш сурах эрхтэй болсон юм. 
 

-Биднийг хөдөө ажиллаж байхад багш нар 5, 5 жилийн завсарлагатайгаар мэргэжил дээшлүүлэхээр УБ хот руу явдаг. Үүнийг нь багш нар тэсч ядан хүлээнэ. Гол нь мэргэжил дээшлүүлэхдээ бус улсын зардлаар УБ хот руу явж юухан хээхэн цуглуулдаг, бас жаал зугаа юм үзэж хардаг байсан даа.
-Яг үнэндээ түүнтэй чинь төстэй, хүмүүс гадаадад явж мэргэжил дээшлүүлээд ирдэг. Ирсэн хойно нь үр өгөөжийг нь хэн ч сонирхохгүй. Бараг л шагналын журмаар газар үзээд ирсэн гэж боддог байсан байх. Тэгээд ч тэр үед бидэнд хэлний бэрхшээл, хугацаа богинохон байхад сайн үр дүнгийн талаар ярихад хэцүү байв. Би Лондонд 3 жил суралцсан. Юуны өмнө хэлээ л сайжруулах чухал байсан. Сурахын хажуугаар ажил хийж, ойр зуурын мөнгөө залгуулна. Гэр бүлээ авчрана гэж саналтгүй байлаа. Бас мэргэжилдээ анхаарна. Анх Англид суугаа Монголын ЭСЯ-ндаа тоглолтоо хийсэн, тэнд байсан Орос, Болгарын ЭСЯ-yyд дараа нь намайг урьж тоглууллаа. Тэд үнэхээр гайхаж талархаж байсан. Энэ үеэс л Монголын сонгодог урлаг бол дэлхийн хэмжээнд гологдохгүй юм байна, нутгаа сурталчлахад сонгодог урлаг том нэмэр болж болох юм байна гэдгийг ойлгосон. Гадныхны үнэлгээ намайг зоригжуулсан. Хүний хүсэл мөрөөдөлд хязгаар үгүй. Их Британид сурч байхдаа европт алдартай Royal Academy of Music-т шалгалт өгч үзээд тэнцлээ. Чухам үүний дараа л Америкт явж суралцах хүсэл төрсөн дөө. Хэдэн сургуульд материалаа явууллаа. Хэд хэдэн сургуулиуд зөвшөөрсөн хариу ирүүлсэнээс The Peabody Institute of the John Hopkins Univrsity-г сонгосон.

-Шалгаруулалт нь хэцүү байсан уу?

-Шалгалт авах зааланд 10 профессор суучихсан. Сүрдэж байсан. Эхлээд заавар ёсоор Итали, Герман, Орос хэл дээр ари дууллаа. Дуулаад дууссаны дараа ''Чи хаанаас ирсэн бэ? гэж асуулаа. “Би Монголоос ирсэн'' гэхэд тэд сонирхож, би Монголын сонгодог урлaгийн талаар тайлбарласан. Тэд нилээд гайхаж. чиний школ өөр байна даа, чамд монгол дуу байна уу гэлээ. Би Б. Шаравын ''Солонго'' романсыг дуулж дуусахад тэд Монголын хөгжмийн урлагийн түвшинг үнэлсэн.  
-Ингээд Америкт оюутан болжээ. Ямар ч гэсэн зорилгодоо алхам, алхмаар хүрч явж. Зорилгодоо хүрэхэд амаргүй, их хөдөлмөр, тэвчээр, овсгоо шаарддаг. Хийхэд хэцүү, хэлэхэд амархан шүү.

-Би 2002 онд Америкт ирсэн. Орсон сургууль маань дэлхийд нэр хүндтэй сургууль, тиймээс ч төлбөр өндөр. Би scholarship авсан. Урлагийн сургуулийн хувьд тэтгэлэг авна гэдэг хэцүү. Сургууль дээрээ дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн урлагт дуртай, басчгүй нилээд чинээлэг өндөр настай хүмүүст сонгодог урлаг заах, лекц уншиж, тоглолт үзүүлэх, хөгжим сонсгох, ярилцах зэргийг зохион байгуулдаг туслахын (assistan) ажлыг тодорхой шалгуурыг даван хийж байлаа. Энэ ажил их сонирхолтойн зэрэгцээ бас л Монголынхоо тухай хэзээ нэгэн цагт сурталчилна гээд л Монголоос CD, зураг, бусад материал авчруулав. Энэ тухайгаа эрхлэгчдээ хэлсэн боловч, бүх ажил төлөвлөгдсөн болохоор боломж үгүй гэв. Нэг удаа аз таар ч нэг өдрийн төлөвлөгдсөн лекц унших ёстой хүн маань амжихгүй болсноо надад мэдэгдлээ. Орных нь хүн ч амжихгүй гэв. Энэ бол 1 цаг 10 минутын хугацаа. Би ч эрхлэгч дээрээ орж байдлыг мэдэгдээд, оронд нь би Монголын сонгодог урлагийн тухай лекц унших хүсэлтээ ч дуулгав. Эрхлэгч над руу эргэлзэнгүй харснаа ''Boogii! Энэ үнэхээр том хариуцлага. Юу гэсэн үг болохыг чи мэдэж байна уу?  Чамд бэлэн материал байгаа юмуу? Бид урьдчилж хянах ёстой шүү дээ., хүмүүст таалагдахгүй бол юу болохыг чи төсөөлж байна уу?! гэлээ. Нэгэнт шийдсэн нөгөө талаас удаан хүлээсэн боломжийг алдахыг хүсээгүй учраас ''Надад бүх материал бэлэн байгаа.Санаа зоволтгүй, бүх юм сайхан болно гэж би амлаж байна'' гэв. Эрхлэгч маань ''Окей, тэгвэл би чамд итгэлээ. Одоо 1 цаг болж байна. Орой 7 цагт бүх юм бэлэн байх ёстой, чи явж өөрийгөө бэлд, би энд бүх ажлаа зохицуулья''  гээд инээмсэглэв. Орой 7 цагт бүх зүйлээ төлөвлөснөөрөө хийлээ. Монголын тухай, урлагийн талаар ярьж, эцэст нь өөрөө дууллаа. Энэ бүхний дараа сонсогчид зөндөө зүйл асууж ярилцав. Гэтэл нэг авгай: -Чи гар утас, компьютер мэдэх үү? гэж асуув. Би нэлээд цочирдсоноо, -Уучлаарай хэрэв би тэдгээрийг мэддэггүй байсан бол энэ сургуульд сурч чадах байсан уу? гэж хариултал бүгд алга ташицгаасан.  Сүүлд нь тэр авгай надтай ирж гар бариад, би танай ''Ингэний нулимс'' (найруулагч Бямбасүрэнгийн) гэдэг киног үзсэн юм. Тэгээд л чамаас тэгэж асуусан хэрэг гэж билээ.

-''Ингэн нулимс'', ''Шар нохойн там'' гээд кинонууд сүүлийн үед нилээд шуугиан тарих болсон. Гэхдээ энэ нь Монголын уламжлал ахуй, амьдрал гэхээсээ илүүтэй, бүдүүлэг харанхуй байдлын сурталчилгаа болчихоод байгаа юм биш байгаа?
-Ямар хүмүүс яаж хүлээж авахаас их юм шалтгаална л даа. Ер нь Монгол гэхээр л заавал адуу, мал, хөдөөгийн амьдрал эсвэл траншейны хүүхэд гэх мэтийг үзүүлээд байхаар адал, явдалд дуртай гадныхан Африкийн ядуу зүдүү орны хэмжээнд бүдүүлэг, харанхуй байдлаар төсөөлөөд байж магадгүй. Миний хувьд хаа ч явсан Монголоо сонгодог урлагаа л сурталчлахыг хичээдэг.  “Largely Ludwig Ensemble” хамтлагтай  хамтарч тодорхой хуваарийн дагуу тоглолтонд оролцож хэд, хэдэн мужуудаар тоглолт хийж, монгол хүнийхээ хувьд эх орноо сурталчилдаг. Уртын дуу, хөөмий , морин хуур-аас гадна Монгол орон сонгодог урлаг, бүжгэн жүжиг, дуурийн урлаг өндөр хөгжсөн орон юм шүү.

-Одоо хоёулаа удахгүй болох тоглолтын чинь талаар ярилцъя.

-Аав минь саяхан бурхан болчихлоо. Заншил ёсоор буян хураах 49 хоногт нь зориулж, сонгодог концерт тоглох гэж байгаа.  Aав, ээж 2 шиг минь өндөр настангуудад бага ч атугай тус болохыг хичээж ''Болор сан'' байгуулах гэж байгаа. Энэ сангийн нэг арга хэмжээ болгож энэ концертыг тоглох гэж байна. Аавыгаа эмнэлэгт сахиж байхдаа, зарим ахмадууд маань эмнэлэгийн наад захын туслалцааг авч чадахгүй, түүнчлэн эм, тарианы үнээ ч дийлэхгүй хүнд байгааг хараад сэтгэл их  өвдсөн.
-Аавынхаа тухай жаахан яривал сэтгэл тань онгойх болов уу. Хүн бүрт л аав нь уул шиг нөмөр нөөлөг, өмөг түшиг нь байдаг. Байж байхад нь мөнх юм шиг санаж байх. Өнгөрсөн хойно нь ямар их өмөг түшиг, хайр халамж байсныг үгүйлэх юм даа.
-Аавыг минь Нэрэндоогийн Жүгдэрсүрэн гэдэг. Аавын минь аав эм барьж, өвдсөн, ядарсан хүнд тусдалдаг нилээд нэртэй, номтой оточ, эмч хүн байсан гэнэ лээ.  30-аад оны xэлмэгдэлд өвөг эцэг минь өртөж, аав минь 7 настай өнчин хоцорч, xамаг хөрөнгөө хураалгаад, 4 хүүхэдтэй бэлэвсэн үлдсэн ээж нь удалгүй нас барж, эсэргүүний хүүхэд гэдэг нэрээр бүх л юманд адлагдах болсон гэдэг. Овоо барилдчихдаг байсан ч давааг нь өгдөггүй, 2-ч бүсгүйтэй ханилахад нь эсэргүүний хүүхэдтэй охиноо суулгахгүй гээд аав, ээж нар нь салгаад аваад явчихсан, хатуу хэцүү үеийг даван туулах гэж өөрийнхөө хэмжээнд их л зовлон үзсэн юм байна лээ муу аав минь. Хэнтийгээс УБ-т хоёр хөтөлгөө морьтой ганцаараа ирсэн юм гэнэ лээ. Хожим ээжтэй минь ханилж сайн сайхан амьдарсан. 10-аад насаар ах байсан ч ээжийг минь бидэнтэй хамт үнэхээр халамжилж, хайрлаxын дээдээр хайрлаж өсгөсөн. Аав минь их цэвэрч нямбай хүн байсан. Байнга костюм өмсөж зангиа зүүнэ. Өдөр бүр л хувсцаа индүүднэ. Хуруу эсгэм өмдний индүүдлэг, гялалзсан долгионтой гил хар үстэй, анхлим сайхан үнэртэй, гуниг жаргал хосолсон дүрлэгэр алаг нүдтэй, цэвэрхээн цагаан шаргал царайтай аавдаа хөтлүүлээд гүйж явсан бага нас минь ямар их аз жаргалтай байгаа вэ?! Миний аав, ээж 2  Гарын Таван Хуруу шиг бид тавыг өсгөхдөө хайр, халамжаар тутаагаагүй өсгөжээ. Дөнгөж их сургуулийн оюутан болоод гаргасан миний том охиныг харахаар гавьяаныхаа амралтыг авч надад сурч боловсрох бүрэн бололцоог минь олгож байсан аугаа ачтан юм даа миний аав.  Аав минь эрхлүүлэхдээ ч сайн эрхлүүлнэ, хатуу үедээ ч их хатуу шаардлага тавьдаг, буруу зөрүү зүйл хийвэл алганы амтыг ч хайрлахгүй өгнө шүү дээ. Миний аав гэртээ талхаа барина. Аавын минь талхны үнэр ямар гоё гээч. Одоо хир нь үнэртдэг юм. Сая Монгол яваад ирэхдээ анзаараагүй хирнээ аавынхаа талхны үнэрийг их санадаг байсныгаа мэдэрсэн дээ. Уг нь би ирэхээ хоёрхон долоо хоног хойшлуулсан бол аавыгаа өнгөрөхөд толгойг нь түшиж чадах байсан даа гэж өөртөө гомдовч, аав минь мэдсэн юм шиг л ''охин минь явж ажил төрлөө боддоо'', “аав нь охин дээрээ очин оо" гэж хэлснийг нь зөрж чадаагүй юм. Бүх юм л хувь зохиолоороо болдог юм шиг ээ. Элэг зүрхнээс минь өмөрч унасан энэ их орон зайг буян үйлдэж нөхъе юу л гэж зүтгэж явна. 

-Концертоо хэдийд тоглох гэж байна? Сонгодог концерт гэхээр хүмүүс яаж хүлээж авах бол?

-11-р сарын эхээр тоглоно. Концерт маань гурван хэсэгтэй.  I-р хэсэгт ХХI-р зууны сонгодог бүтээлүүд II-р хэсэгт Ари романс III-р хэсэгт Аав, ээжийн тухай Монгол дуу байх юм.  Энэ тоглолтоо Америкийн концертын системээр явуулна. Энд зарлагч гэж байхгүй. Хөтөлбөр нь үзэгчдийн гар дээр байна. Мөн концертонд алга таших, ташихгүй хэсэг гэж байна. Энэ концертын I-р хэсэг болох сонгодог бүтээлүүд дээр ташихгүй, зөвхөн  сонсоно.
II, III-р хэсэг дээр бол алга ташиж болно. Монголчууддаа хандахад миний тоглолтыг ирж  үзээрэй гэж урьж байна. Бас цагтаа ирээрэй гэж туйлаас их хүсэж байна. Тоглолт 11 сарын 17-нд 18:45 цагт  Арлингтоны Росслиний Театрт болно. Нөгөө талаар Америкт байгаа олон, олон ээж аавдаа очиж үнсүүлж, уулзаж чадахгүй байгаа Монгол ахан дүүсдээ надтай хамт нэг оройг ээж, аавыгаа дурсаж, сайхан өнгөрөөгөөсэй гэж хүсч байна.

-Одоо хаана ямар ажил хийдэг вэ?

-Сургуулиа 2 жилийн өмнө төгссөн. International school of Music, Adult Education Center-т дуулах ур зүй, дуурийн урлагийн түүхийн хичээлүүдийг тус, тус заадаг. Мөн Арлингтон Хотын Ерөнхий Боловсролын Дунд Сургуульд багшлахын зэрэгцээ өөрийн цаг заваа гаргаж, үнэ төлбөргүйгээр, монгол сурагчдад болон тэдний эцэг эхчүүдтэй холбоотой ажиллаж мэдээлэл дамжуулах, орчуулга хийж өгч тусалж, дэмжихийг хичээж, нилээд хэдэн сургалт семинарт орчуулагчаар ажиллаж улс, эх орноо америкийн сурган хүмүүжүүлэгчдэд болон америк хүмүүст Монголын Соёл, Боловсролын   талаархи хуучин ойлголтыг өөрчилж, үнэн зөв мэдээлэлийг олгохыг хичээж явнаа. 

-Уулзаж ярилцсан танд баярлалаа. Өмнөө зорилго тавьж, түүндээ хүрэхийн төлөө тэмцэж, хөдөлмөрлөж, сонгодог урлагийн өндөр оргил руу мацаж яваад тань бахархаж байна. Улам ихийг сурч Монголынхоо сонгодог урлагийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулаарай гэж хүсч байна. Тоглолтонд тань амжилт хүсье!
-Та нарт ч их баярлалаа. Та нарын ажилд амжилт хүсье. Монголчууд бид бие биенээ дэмжиж, эвтэй найртай, бүгдээрээ л өөдрөг сайхан амьдрах болтугай. 

Ярилцлагыг тэмдэглэсэн Галаа болон Ариунаа

 *Ариунаа бид 2 Болормаатай бараг 4 цаг шахам ярилцаж суужээ. Гараад явахдаа нэгэнтээ H. Жанцанноров гуайн нэг ярилцлагадаа хэлсэнчлэн ''Сайхан хүнтэй ярилцаж суухад л хамгийн сайхан байдаг юм'' гэсэн үгийг санаж явлаа. Харьд амьдарч  яваа цөөхөн Монголчууд бид бие биеэ дэмжиж, өөдрөг сайхан яваа нэгнээрээ бахархаж талархаж, урам өгч явбал юутай сайн. 

Болормаа ажлынхаа зав чөлөөгөөр Монголчууддаа тус, буян болох гэж зөндөө л санал, санаачлага гаргадаг юм байна. Тухайлбал:. Арлингтон хотод суралцаж байгаа Монгол сурагчдад болон тэдгээрийн эцэг, эхчүүдэд америкийн сургалтын онцлогын талаар мэдээлэл өгч, семинар зохион байгуулж сонирхсон асуултанд нь хариулт өгч, Эрүүл Мэндийн Даатгалгүй нийт 60 гаруй монгол сурагчдыг Арлингтоны Педиатрик Центер-т (Арлингтоны Хүүхдийн Клиник) эмнэлгийн хяналтанд хамруулж, 20-иод  сурагчдыг үнэ төлбөргүй болон хямд үнэтэй хүүхдийн шүдний эмнэлэгт бүртгүүлж, 5 сурагчдад тохиолдсон сэхээн амьдруулах тасагт яаралтай тусламжинд болон зайлшгүй шаардлагатай мэс заслын ажиллагаанд орчуулга хийн, эмнэлгийн төлбөрийг хөнглөлттэй буюу үнэ төлбөргүй болгож өгчээ.  10 гаруй сурагчдын болчимгүйгээр үйлдсэн гэмт хэргийг шүүх ажиллагаанд орчуулга хийж, ялыг хүчингүй болгох болон хөнгөлөлттэй ял шийтгэл оногдуулах шийдвэрт тус нэмэр болсон байна. Монгол улсаас А.Н.У- ын бага, дунд, ахлах сургуульд суралцахаар ирж буй  сурагчдын мэдлэгийн түвшинг зөв зүйтэй тогтооход нь туслах зорилгоор 1-12 дугаар ангиудын математик, алгебрийн хичээлээр авдаг шалгалтын материалийг Монгол хэл дээр мөн 5-7 дугаар ангид үздэг математикийн хичээлийн чухал нэр томъёо, дүрмүүдийг Монгол хэл дээр тус тус орчуулaн Монгол сурагчдынхаа мэдлэг боловсролд бага ч атугай нэмэр тус болчих юмсан гэж зүтгэж яваа дуучин, урлаг судлаач, багш, сурган хүмүүжүүлэгч эмэгтэй юм байна. 

Түүний тоглолтын дэлгэрэнгүй зарыг удахгүй ''Орлоо.ком'' дээрээс та олж үзэх болно. Алс холын Америк оронд дэлхийн сонгодог урлагийн сурталчилж яваа, Болормаагийн аавдаа зориулсан концертонд морилон ирж, нэгэн оройг сэтгэлийн таашаал эдлэн хамтдаа өнгөрүүлэхийг урьж байна.

Ярилцлагыг бичсэн Харнууд овогтой Гомбосүрэнгийн Галбадрах 2007-9-30 (энэхүү нийтлэлийн эх сурвалж зөвхөн orloo.com -д харьяалагдана)


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.