04 сарын 23, Мягмар
°C
USD 3,376.32
USD 3,376.32
EUR 3,598.82
JPY 21.83
GBP 4,176.00
RUB 36.23
CNY 466.11
KRW 2.45

АМЕРИКИЙГ ТОЙРЧ БУЙ МОНГОЛ ЗАЛУУС

...Монгол эрчүүдийг морьгүйгээр төсөөлөх аргагүй үе байлаа. Морь гэдэг хүлэг монгол эрчүүдийг "жинхэнэ эр хүн" болгож байсан гэдэг. Эр бяр, эрэмгий зориг, гүйлгээ ухаан, авхаалж самбаа, тэсвэр тэвчээр бүхэн морин дэл дээр л эрчүүдэд бий болж байсан байх. Мориндоо мордоод тэртээх алсыг зорин довтолгож яваа эр хүний хийморь нь сэргэж, бодол санаа нь алсын алсад тэлж, тэнүүн уудам байгаль дунд өөрийнхөө жаргалыг мэдэрдэг байсан буйз. Морио унасан монгол хүн жинхэнэ утгаараа өөрийнхөө эрх чөлөөг мэдэрч, тэр хэрээрээ өөртөө итгэлтэй болдог. Нэг тийм шалчиг балчиг зангүй, аливаад уужуу ухаанаар хандаж, бодлоо дотроо буцалгаж үгээ цэнэж хэлдэг монгол эр хүнийг мориноос нь салгаж ойлгох боломжгүй. Холын хол замд хүлэг морь "хань" болж, гараа салаавчлан тэнгэрийн одод ширтэн мөрөөдлийн бодлоо холын ододтой хүүрхэн агшныг нь морьдын тургилах, аяархан янцгаах чимээ "үргээдэг" байсан нь бие биенээ мэдэрдэг сэтгэлийн дотно холбоосын илрэл буйз. Жинхэнэ монгол эр хүнийг морьгүйгээр төсөөлах аргагүй.

Харь оронд ажиллаж амьдарч буй олон монгол эрчүүд энэ мэдрэмжээрээ мотоциклийг сонгож унацгаадаг. Бачимдаад ч байгаа юм шиг, хашигдаад ч байгаа юм шиг сэтгэлийн бахардлаа мотоцикль унаж салхитай уралдан давхиж тайлдаг эрчүүд зөндөө бий. Вашингтон ДС хотноо жилдээ ганц удаа "Memorial day"  баяраар зохион байгуулагддаг мотоциклтонгуудын  жагсаалд монголчууд олноороо оролцдог болсоор нилээд хэдэн жилийг элээжээ. Энэ жагсаалд оролцдог монгол залуусын тоо нэмэгдсээр " Мongol Рider s" клуб байгуулагдсан. Эдэн дээр Чикаго хотын хэдэн залуус нэмэгдэн жилдээ хэд хэдэн удаа уулзацгаадаг уламжлал бий болж байна. Сайн муу янз бүрээр хэлэлгддэг хэдий ч ийм залуус энэ нэгдлээрээ дамжуулан Монголдоо тустай сайн үйл хийхээр хичээдэг. "Харлей", "Чоппер" унадаг залуус онгиргон сагсуу, бусдад гайхуулах өвчтэй гэж зарим хүмүүсийн боддогоос өөрөөр, бас эерэгээр өөрсдийгөө илэрхийлэхийг хүсч байдгийг нь би мэднэ. "Монгол залуус бусдаас юугаараа дутуу юм бэ?" гэж тэд бодоцгоож энэ бодлоо нотлохыг ч бас хүсдэг.

Вашингтон ДС-ийн "Mongol Rider s" клубын Заагий, Баяраа, Ганзо, Аагий дөрвөн залуус мотоциклоор Америкийг тойрохоор гараад нилээд олон хонож буй. Тэд  Вашингтон ДС-ээс гараад Виржина мужийн Ричмонд, Хойд Каролина мужийн Raleigh, Өмнөд Каролина мужийн  Caharlotte, Жеорж мужийн Атланта, Флорида мужийн Tallahasse, Алабама, Миссисипи мужийн Biloxi, Шинэ Орлеаны Lousiana, Техасийн Даллас, Арканзас мужийн Little rock,  Оклахома мужийн Оклагома хот, Шинэ Мексик мужийн Albuque rque, Колорада мужийн Durango,  Юта мужийн Blanding, Аризона мужийн Flagstaff, Невада мужийн Лас-Вегас, Калифорни мужийн Лос-Анжелес, Сан-Франциско хотууд, Ореганы Портланд, Вашингтон мужийн Сиэтл хот, Монтана мужийн Billings хотуудаар нийтдээ 7000 гаруй мил аялжээ. Одоо тэд буцаад Өмнөд Дакотагийн Rapid хот, Миннесотагийн Worthington, Айво мужийн Айво хот, Висконсон мужийн Wyoming, Иллиноис мужийн Чикаго хот, Индиана муж  болон Пеннисилваниа мужийн Pittsburg, Өмнөд Виржина, Мэриланд мужийн Rockville хотуудаар дамжин Виржина мужийн Арлингтон хотын дүүрэгт орших Iwo Jima гийн хөшөөн дээр аялалаа дуусгах аж. Бараг сар шахуу хугацаанд Америкийн бараг бүх мужуудаар тойрон аялж буй тэднээр бахархаж байна. Энэ нь жинхэнэ монгол эрсийн тэвчээр хатуужлын нотолгоо мөн.

Сүүлийн жилүүдэд гадаадад ажиллаж амьдарч буй монголчууд амьдарч буй орон бүрдээ өөр өөрсдийн бизнесээ босгож, зав боломжоо ашиглан аялж амарч, бие биедээ чадах зүйлээрээ тус болж, хэн нэгний санаачилж буй сайн үйлсүүдийг дэмждэг болж байна. Тэдний сэтгэл дотор "Би монгол хүн шүү дээ" гэх омогшил бадарч, "бусдаас дутахгүй бас илүү гэдгээ" нотлохыг эрмэлзэх болжээ.  Дэлхийн хэмжээнд мөнхлөгдсөн  баатарлаг түүхтэй, ухаан төгс өвөг дээдсийн үргэлжлэл болохоор аргагүй биз. Эр зориг, тэсвэр тэвчээр заан Америк орныг тойрон "Монголын далбаа"тайгаа хамтад аялж яваа Заагий, Баяраа, Ганзо, Аагий нартаа баяр хүргэе. Аян замдаа алжаалгүй явж, сааталгүй сайн яваад ирээрэй. Удахгүй уулзахын ерөөл тавья.

                                      Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
www.galbadrah.com                                                                                    2016-05-23


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.