05 сарын 06, Даваа
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Америк ба Монгол

...Америкт ирээд 2 жил боллоо. Анхнаасаа л миний сонирхлыг татаж байсан ''Хүмүүс яагаад ингэтлээ Америк руу тэмүүлдэг юм бол? Америк юугаараа хүмүүсийг ингэтлээ татна вэ?'' гэсэн асуултын хариуг би өнөөдөр бодож сууна. Мэдээж хууль бусаар амьдарч байгаа болохоор олон олон зүйлийг лавшруулан мэдэх, мэдрэх боломжгүй л дээ.  Гаднаас өнгөц  харахад л мэдрэгдэж байгаа сайн муу, сайхан муухай олон зүйлийг л төрж өсөж, амьдарч байсан Монгол оронтойгоо харьцуулахад их л олон зүйл бодогдоно.

Нэг. Байгаль ба хот

va Далласын онгоцны буудалд буугаад Вашингтоны төв орох замд анх түрүүн ажиглагдсан зүйл нь замын хажуугаар жирэлзэх модод зүлэг, байгалийн онгон төрх байлаа. Хожим Нью-Иорк, Чикаго, Лас Вегас хот болон хот орчмоор явж байхдаа Америкчууд хот төлөвлөлтийг, байгалийн унаган төрхтэй нь уялдуулан гайхамшигтайгаар төлөвлөдгийг нь мэдэрсэн. Тэдний зам гүүр, барилга барих нь аль эртнээс төлөвлөгдсөн өөрчлөгдөхийн аргагүй цогц байдагт л ид шид нь байдаг гэлтэй. Ямар ч орон сууц, байгууламжийг барихдаа,  
байгалийн төрхийг нь алдагдуулахгүйгээр зөвхөн сонгож авсан талбайдаа бариад буцаагаад, эргэн тойрныг нь нөхөн сэргэж, хуучин байдалд нь оруулдаг нь ажиглагддаг. Манай Улаанбаатарт барилга барихдаа, орчны модыг нь огтолж, баахан нүх шуудуу ухаж орчныг нь сэглээд л орхидогтой зүйрлэх аргагүй. Манай алтны уурхайнууд газрыг нь сэндийлгэж, хиймэл нуур тогтоож, алтыг нь авчихаад баахан намаг шалбааг, шороон овоолго үлдээгээд оддог, араас нь БОЯ-ныхан нөхөн сэргээлт хийгээч гэж гуйж шаардаж явдагтай бүр ч адилтгах аргагүй.
Орон сууцны барилгуудаа барьчихаад худалдаж авах хүмүүстээ санал болгодог. Тэнд өөлөх юмгүй, орчин тойрондоо зүлэг ногоо нь халиурч, модод цэцэглэж шувууд жиргэж байхад тэгээд ч хаус нь граж, зам талбай, нарлагааны талбай гээд бүх л юмс нь байхад хүмүүсийн зүгээс гомдол гаргаж, голж шилээд байх ч зүйл үгүй. Ялангуяа орон сууцны хороолол, бусад байгууламжуудад хамгийн гол шийддэг асуудал нь автомашины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, оршин суугчдын амарч тухлах газар байдаг.
Өнөөдөр УБ хотод хуучин баригдсан барилгын хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоолд зориулагдсан бүх л газруудыг хүмүүс авч, чигжээс маягаар барилга барьсаар машин байтугай худалч хүнд ''бөгс эргэх'' зайгүй болчихсон. Энэ газруудад барилга барих зөвшөөрөл авахын тулд УБ хотын өмнө, одоогийн удирдлага, ерөнхий менежерүүд нь хахууль авсан, авагүй гэж өнөө хүртэл маргаан болсоор... Хэрүүл яах вэ?

Нэг л зүйл маш тодорхой. Хот төлөвлөлт байхгүй болгож, зориулалтын бус газруудад барилга баригдаж, орчны байгаль бүү хэл, хүмүст ч ая тухтай амьдрах боломж үгүй болсон, нөгөө талаас хотын ерөнхий менежер агсан Бадамжунай УИХ-ын гишүүн, хотын захирагч агсан М. Энхболд ерөнхий сайд болсон нь үнэн. Энэ уудам газар нутагтай, цөөхөн хүн амтай Монгол оронд тэр тусмаа сая гаран хүн амтай УБ хотод ингэж шахцалдаж, замбараа болон алиагаа алдаж байх шаардлага юу байсан юм бол. Бүхнийг мөнгөтэй холбож тайлбарлахын оронд богино ухаан, харалган бодол, мөнгөний төлөө улайрсан цэвдэг сэтгэлээс болж байгааг зөвшөөрөх цаг болоогүй юу.

Хоёр. Инээмсэглэл ба бухимдал

Миний ажигласан хоёр дахь зүйл нь хүмүүсийн инээмсэглэл ба найрсаг зан. Америкийн хаана ч явсан уурлаж, бухимдаж байгаа хүн ер нь тааралдахгүй талдаа. Автомашинтай явж байгаад туслах замаас төв зам руу шилжих гээд зогсож байхад, аль эсвэл та явганаар явж байгаад гарцаар гарахад ямар ч жолооч, таныг зогсож байгаад боломж олгоно. Дэлгүүрт орсон ч урдаас чинь инээмсэглэж тосоод, танд юугаар тус болж болохыг лавлана. Гэрт нь ажил угсрах гээд очиход гэрийн эзэн таныг инээмсэглэж тосоод л ажил хийх боломж олгоод өгнө. Худал хуурмаг бус зүгээр л хүнийх нь хувьд таныг хүндэтгэж байгаа л хэлбэр юм. Та, мал адгуус эсвэл хорхой шавьж бус хүн болоод төрчихсөн учраас хүндлэгдэх ёстой юм гэж ойлгоход болно л доо. Хуурамч ч бай инээмсэглэл, хүнийг бүдүүлэг зан гаргахаас урьдчилан сэргийлдэг гэсэн үг юм.

Мэдээж энд атаман, эсвэл дарамтлагч байх нөхцөл үгүй. Таны баян ядуу, эсвэл хар, шар арьстан, эсвэл хотын хөдөөний байх ямар ч ялгаагүй. Гагцхүү та ''хүн'' учраас л хүмүүс инээмсэглэнэ. Монголд байгаа шиг жаахан юм уучихаад хэн нэгнийг өдөөд үзвэл, тэр хүн тантай хэрэлдэж зодолдох ч үгүй шууд л цагдаа дуудчихна. Цагдаа ирээд таныг аваачиж тусгаарлаад шал дэмий юм хийжээ гэж боддог болохоор чинь торгоод хариулчихна. Та өөрийн ''дэмий юмандаа'' нэлээд доллар төлөөд гарна. Энд цуг ажиллаж байсан 2 залуу муудалцаж  л дээ. Нөгөөх нь хэд хоногийн дараа жаахан юм уучихаад ''атаман'' зан нь хөдөлж, нөгөө найз руугаа утасдаад ''Би удахгүй очоод чамайг алаад хядаад өгнө, зодолдоход бэлтгэж бай! гэх маягийн юм хэлж дээ. Нөгөөх нь ''Хүрээд ирвэл ирээ. Би чамтай зодолдож чадахгүй, харин цагдаа дуудчихаад хүлээж байя'' гэж. Атаман залуу маань харьж унтахаас өөр яах вэ дээ. Зүгээр л нийгмийн тогтолцоо нь  хүмүүжилчихэж байгаа юм даа. Хууль нь чамайг хамгаалж байгаад чи үнэн голоосоо итгэж байгаа болохоор айх аюул дарамтгүй учраас инээмсэглэх боломжтой болно.

Гудамжаар явахаар тоос шороо нь тургиад, хүмүүс дайрч унагачих гээд, гарцаар гарахаар машинууд сигналдаж цочоогоод, дэлгүүрт ороод хүссэн юмаа авах гэхээр мөнгө хүрдэггүй, гэртэ харихаар хоол унд муутай, тохь тухгүй, хүүхдүүд нь үргэлж гачигдаастай, телевиз үзэхээр авилга, хахууль, жагсаал цуглаан, алаан хядаан, хэрүүл хараал. Улаанбаатарт хүмүүс ихэвчлэн бухимдалтай, ширүүн харцтай, хэн яачих бол гэсэн хардлага айдастай яваа нь харагддаг. Жаахан юманд л уурлаж бухимдаад, энд тэндгүй л хэрүүл хараал. Ядахнаа гудамжаар явж байгаад шаардлага гарвал бие засчих ч газаргүй, барьж яваа цаасаа хийчих хогийн сав үгүй, ядарч яваад суугаад амарчих сандал үгүй, бухимдахаас ч аргагүй болдог.

Монгол хүн инээмсэглэх дургүй дээ албаар хөмсөг зангидаад байдаг юм биш шүү дээ. Инээмсэглэх боломжийг нь ядаж бүрдүүлээд өгчих л дөө. Гудамж талбайгаа цэвэрлээд, хаяг нэршлийг нь тодорхой болгоод, хогийн сав хаа сайгүй байршуулж, бие засах газруудаа олшруулж, зам гарцаа тодорхой болгоод өгвөл инээмсэглэдэггүй юмаа гэхэд ядаж хөмсгөө зангидахаа болиод л эхэлнэ. Ядаж эндээс эхэлбэл цаашаа улам л сайжраад явчихна даа. Хэдэн жилийн дараа хүн бүр л инээмсэглээд л эхэлбэл аяндаа баяр хөөртэй алхдаг болох цаг ирнээ.

Гурав. Цагдаа ба иргэн

police Америкт цагдаа бол үнэхээр нэр хүндтэй, нөгөө талаас үйлчилгээний гэдэг утгаар ажилладаг юм билээ. Тийм ч учраас хүмүүсээ сайтар шилж, сургаж бас төр засаг нь ивээлдээ байлгадаг болохоор манайтай адил цагдаатай ''найрна'' гэсэн ойлголт огт байхгүй. Тэдэнд ганчан зүйл бий. Хуулинд тэгээд заасан. Гүйцээ. Америкт автомашин ихтэй болохоор цагдаа нар машинтай замын хөдөлгөөнд оролцоод явж байхдаа бүгдийг хянана. Ямар нэгэн машин сэжигтэй санагдвал машин доторх компьютерээсээ лавлаж шалгаад л зогсоох эсэхээ шийднэ. Компьютерт нь уг машины талаарх бүх мэдээлэл бий. (Эзэн нь, хаяг нь, татвар төлсөн эсэх г.м)

Хууль дүрэм зөрчөөгүй л бол машин зогсоохгүй. Машинууд ихэвчлэн хурд хэтрүүлсэн зөрчил гаргадаг болохоор одоо Виржиниа мужид хурд хэтрүүлбэл шууд л 1000-1500$-оор торгох шийдвэр гарсан. Хуулиа чангалаад л асуудлыг шийдчихнэ. Тиймээс энд жолооч нар хурд хэтрүүлэхээс л болгоомжилдог. Машинаа буруу зогсоолд тавиад эзэнгүй орхисон эсвэл зогсох хугацааныхаа мөнгийг дутуу төлсөн, бүр төлөөгүй бол торгуулийн хуудсыг машиных нь шилэнд наагаад орхичихно. Хэрэв та хугацаандаа торгуулиа төлөхгүй бол таны торгууль хоёр дахин нугараад л гэрийн чинь хаягаар нэхэмжлэх ирчинэ. Цагдаа байхгүй гээд улаан гэрлээр орчихсон бол таны машинтайгаа улаан гэрлээр гарч буй малилзсан зурагтай чинь хамт, торгуулийн хуудас, өдөр цаг минут секунд заасан бичлэгтэй хамт хүрээд ирнэ. Та удаа дараа зөрчил гаргаад явсан бол нэг л өдөр ''Уучлаарай, таны жолооны үнэмлэх чинь хүчингүй боллоо'' гэсэн мэдэгдэл хүрээд ирнэ. Та ямар ч таньдаг, таньдаггүй цагдаатай найрах аргагүй хууль нь өөрөө цагийн механизм шиг л яг таг ажиллана.

Нэг Монгол залуу жаахан юм уучихсан, хурд хэтрүүлж яваад цагдаад саатуулагджээ. Цагдаа согтууруулах зэрэг хэмжигч үлээлгэх гэсэн боловч ''би үлээхгүй'' гэж яаж ийж гүрийсээр байгаад үлээлгүй үлдчихэж л дээ. Дараа нь шүүх хурал дээр нөгөө цагдаа согтуу байсныг нь нотлох баримт бүрдүүлж чадаагүй тул шүүх түүнийг согтуу байсан гэдгийг нь авч хэлэлцэлгүйгээр зөвхөн хурд хэтрүүлсэн гэдгээр л шийдвэр гаргасан байна. Тэгэхээр нотлогдоогүй л бол гэм буруутай гэж үзэхгүй гэдэг хууль яаж хэрэгждэгийг эндээс харж болно.

Монголд бид нар яриад хөхрөлддөг байсан нэг онигоо бий. ''Нэг залуу амьдралаа дээшлүүлэх гээд хөөцөлдсөөр байж, замын цагдаа болжээ. Ажилд ороод 1 сар өнгөрч, 2 сар болоход нь нягтлан дуудаад ''Чи яагаад  цалингаа авахгүй байгаа юм бэ? гэж асууж. Мань эр гайхсанаа ''Бас цалин авдаг юм уу'' гэж дуу алдсан гэдэг. Миний мэдэхийн УИХ, гааль, замын цагдаа гурав лав хүмүүсийн амьдралаа дээшлүүлэх гэж ажилд ордог газар гэсэн ёгт ойлголт нийтэд түгээмэл байдаг.

Ямар нэгэн баяр ёслол ойртохоор нэмэлт орлого олохын тулд үйл ажиллагаа нь идэвхждэг, эргүүлийн болон замын цагдаа, ямар ч хүнтэй бүдүүлэг, дээрэнгүй харьцдаг, тийм талаараа түшиглэж асуудлыг хуулийн бус шийддэг олон үйлдлүүдийг энд дахин нуршаад яах вэ? Тэртэй тэрэнгүй улиг болчихсон асуудал.
Хамгийн гол нь энэ асуудлыг яаралтай шийдэж, заримыг нь өөрчлөхгүй бол улс орны хөгжлийг буруу тийш нь хөтөлж мэдэх нь ээ.

1. Цагдаа бол хүчний байгууллага биш үйлчилгээний байгууллага. Иргэдийг хуулийн хүрээнд, тайван амьдрах боломжийг хангахад үйлчлэх ёстой. Алив хүн, бусдын эрх ашигт хохирол учруулахгүйгээр л өөрийнхөө эрхийг эдлэх ёстой гэдэг л үйл ажиллагааных нь үндэс байх ёстой юм биш үү.
2. Цагдаагийн боловсон хүчний асуудлыг бүхэлд нь өөрчлөх цаг болсон биш үү. Бие бялдар, мэдлэг боловсрол, харилцааны соёл, ур чадвар, ёс суртахуун гэсэн 5 үзүүлэлтээр хүмүүсээ сонгон шалгаруулж, сургаж, бэлтгэж ажиллуулах
3. Цагдаа төрийн бүрэн ивээлд байх ёстой. Тэдний хувцас, хангалт, унаа, цалин дээд зэргийн байж хуулийг сахиж мөрдүүлэх үүрэг нь биелэх боломжтой. Хүмүүс юу юунаас илүү хуулийн дор амьдрахыг хүсэж байна. Айдасгүй, дарамтгүй, тайван амьдарч байж л хүмүүс ''эрх чөлөөг'' жинхэнэ утгаар нь мэдэрдэг юмаа.

Дөрөв. Боловсрол ба ажил хөдөлмөр

Америкт ажиллаж байгаа Монголчууд ихэвчлэн хар ажил хийдэг. Монголд. Орост их дээд сургууль төгссөн олон ч инженер, эмч, багш, хуульч, эдийн засагчид чулууны үйлдвэр, модны болон барилгын засвар, хими цэвэрлэгээ, зочид буудал, ресторан, автомашины засварын газар, дэливери, хүн асрах гэх мэт янз бүрийн ажил хийцгээдэг. Нэгэнтээ Элбэрдөржийг Америкт аяга таваг угааж байсан гэж доромж маягаар бичсэнийг уншиж байснаа санаж байан. Өнөөдөр Монголд төрийн боломжийн алба хашаад 200-300 долларын цалин сард авах, Америкт аяга, таваг угаагаад 1200$-ын цалин авах хоёрын мөнгөн дүн, хөдөлмөрийн үнэлгээний талаар бодож үзүүштэй л болох байх. Ямар ч гэсэн энд ирсэн Монголчууд Монгол байхдаа боломжийн алба хашаад 200$ авч сэтгэлийн дарамттай амьдрахаас, Америкт хар ажил хийгээд 2000$ сард авч сэтгэл тайван амьдрахыг илүүд үзсэн байх. Инженер хүн чулууны үйлдвэрт хар ажил хийгээд өөрийгөө доош нь хийж гутрахыг үзүүгүй.

Харин Монголчууд боловсролын түвшингээрээ ч тэр аль ч үйлдвэрт ажиллаад, эзэддээ бусдаас арай илүү үнэлэгдэж, илүү итгэгдгийг мэдэрч байна. Америкт чи ямар сургууль төрссөн бэ? Ямар мэргэжилтэй вэ? гэдгийг төдийлэн сонирхохгүй (цагаачдын хувьд) чи энэ ажлыг яг таг хийж чадах уу? гэдгийг л сонирхоно. Хийх ёстой ажлаа хийгээд, авах ёстой цалингаа л авна. Түүнээс биш Монголд байдаг шиг байгууллагынхаа ашиг орлогыг сонирхоод, дарга удирдлагаа шүүмжлээд, хэрхэн яаж удирдахыг зааж зааварлана гэсэн ойлголт байхгүй. Бүх л зүйл хууль дүрмээрээ л явна. Өөрөөр хэлбэл чи энэ байгууллагын төлөө бус өөрийнхөө төлөө л ажиллах ёстой. Өөрийнхөө төлөө гэдэг нь, чи хийх ёстой ажлаа л сайн хийж авах ёстой цалингаа ав, чадахгүй бол яв. Байгууллага болон компанийн бусад асуудал чамд ер хамаагүй. Энэ л зарчмаар ажилладаг учраас өөрөө цалинтай байж өөрийгөө тэжээхийн тулд өөрт оногдсон ажлаа сайн хийхээс өөр арга үгүй. Ажлаа хийж чадахгүй ажлаасаа халагдвал чи цалингүй, чамд хэн ч туслаж чадахгүй.

Хэн нэгэн найз чинь чам дээр шил юмтай ирж, хувааж уугаад ажлаас халсан дарга болон байгууллагыг нь муулан шүүмжилж, дээш нь матаас бичиж хонзонгоо авах шаардлага ч гарахгүй.  Энэ бол асуудлын нэг тал. Асуудлын нөгөө тал нь Монголд, Орост, чиний суралцаж олж авсан диплом энд ямар ч үнэ цэнэгүй. Чи дипломоо, 3-н үейин намтар, ажил байдлын тодорхойлолт, гавъяа шагналаа бариад ч энд ямар ч ажил олдохгүй. Харин чиний хэлний мэдлэг, өндөр хөгжилтэй орны диплом, чиний ажил хэрэгч, ур чадвар хэрэгтэй. Тэгэхдээ диплом ч гол бус. Энэ нь чиний үзэж судалсан зүйлийг чинь тодорхойлж байгаа хэрэг. Харин өөрийнхөө байгууллагад тэнцэж ажиллах чадварыг чинь туршиж үзнэ. Энд бол чиний ажил хэрэгч чанар, хувийн ёс суртахуун, хүнтэй харилцах, бусдад өөрийгөө ойлгуулах чадварыг чинь илүүтэй сонирхоно. Тэгэхээр манай боловсролын тогтолцоог өөрчлөх, их дээд сургуулийн сургалтыг дэлхийн тувшинд ойртуулах гэдэг л хамгаас чухал болох нээ. Хамгийн гол нь суралцахаас гадна өөрийгөө гэдэг л боловсролын бас нэг чухал хэмжүүр болжээ. Энэ бол бие хүн бэлтгэх гэдэг л ойлголтод очно.

Бусадтай зөв харилцах, өөрийгөө бусдад ойлгуулах, бусдыг анхаарч ойлгох чадвар гээд багаар ажиллахад суралцах, өөрийгөө бэлтгэх гэсэн л үг. Их мундаг сурдаг хирнээ архи уугаад, бусдыг доромжлод шүүмжлээд, өөрийгөө хоосон магтаад суудаг оюутан ийм газар яагаад ч ажилд орж чадахгүй. Хүний боловсролын түвшин, хүмүүжил хоёр шууд  хамааралтай учраас манай өвөг дээдэс эртнээс ''Их мөрөн дөлгөөн, эрдэмт хүн даруу'' гэж сургасаар иржээ.
Тэгэхээр энд хар ажил хийж байгаа дээд боловсролтонгуудаа шоолох хэрэг ердөө ч байхгүй. ''Суусан цэцнээс явсан тэнэг дээр'' гэдэг  үгээр энд эд л ажил хөдөлмөр, бизнесийн жинхэнэ хуулийг биеэрээ мэдэрч, хатуужиж, ухаан сууж, Монголдоо эрсдэл багатай бизнес хийхэд өөрсдийгөө бэлтгэж байна.
Харин бодууштай нь Америкт суурьшиж ажиллаж байгаа олон Монголчуудаас Америкийн нэр хүндтэй их дээд сургуулиудыг төгсч Америкийн том том нэр хүндтэй байгууллагуудад ажиллаж байгаа олон залуучууд гарч ирж байна. Тэд загварын агентлаг, банк, эмнэлэг, томоохон компаниудад ажиллаж зарим нь нэр хүндтэй сургуулиадад багшилж байна. Өөрөөр хэлбэл дэлхийд зөвшөөрөгдсөн Монгол мэргэжилтнүүд төрөн гарч ирж байна. Эрхбиш Монголын төр засаг, эрхэм дээдсүүд нэгийг бодох биз. Эд Монголын засгийн газраас нэг ч төгрөг авалгүй эцэх эх, өөрсдийн боломжоор зардлаа төлж өндөр боловсрол эзэмшлээ. Эдний зүрх сэтгэлд Монгол орон нь бий. Эрдэмд оройгүй гэдэг билээ.

Тав. Улс төр ба бид

Америкт зөндөө л хүмүүстэй тааралдах авч, Америкийн ардчилсан болон бүгд найрамдах намын гишүүн эсвэл улс төр ярьж, жагсаал хийж, өлсгөлөн зарлаж байгаа хүмүүстэй тааралдсангүй. Хүмүүст улс төр нь чухал биш. Хувийн амьдрал, ажил хөдөлмөр нь чухал. Америкийн ерөнхийлөгч хэн байхаас хамарахгүй, Америкт конгресст аль нам хүчтэй байхаас хамаарахгүйгээр хүмүүсийн амьдрал өөрөөс нь хамаарч байдаг тогтолцоог бий болгочихсон болохоор элдэв хийрхэл бараг л үгүй болж дээ. Бүх зүйл нь хуулинд захирагдана, гаргасан хууль нь яс хэрэгждэг болохоор ''Тэнгэрийн дор төрж, хуулийн дор амьдарна'' гэдэг үг хаа холын Америкт биелэлээ олжээ гэж бодогдном. Энд ердийн найз нөхөд гэж байхаас ашигтай ба ашиггүй найз нөхөр гэж байхгүй. Ямарваа бэрхшээлтэй асуудлаар хуулийн дагуу өмгөөлөгчид хандаж мөнгөө төлөөд зөвөлгөө авахаас бус уг асуудлаа хуулиас гадуур шийдүүлэх гэж гэж таньдаг хүнээ хайж, сураглаж давхих, ямар нэгэн зөвшөөрөл авахын тулд зохих баримтаа бүрдүүлж өгөхөөс бус хэн нэгэн түшмэлд авилгал өгөх шаардлага байхгүй.

Иймдээ ч Америкчууд хуулийн дор дарамтгүй өөрийн хүч чадлаа дайчлан сайхан амьдарч чадаж байна шүү дээ. Америкт гарч байгаа Монгол телевизүүдийн мэдээг үзэж, Оюу толгой, Таван толгой, сонгуулийн будлиан, онгоцны осол, хохирогчдын гомдлыг сонсож суухдаа, Монгол Улсын Ерөнхийлөгч, ерөнхий сайд, УЙХ-ын 76 гишүүдэд гомдож, ''Энэ чинь гол асуудал биш ээ! Та нар хуулиа л чанартай гаргаад, түүнийгээ хэрэгжүүлж мөрдөхөд л ард түмнээ сургаад өгчихөөч. Энэ л та нарын гол ажил шүү дээ'' гэж хашгирмаар санагдах юм. Тэр бөхийн цол олгох, гадаадын уул уурхайн компаниудтай гэрээ хийж хувь авах, ХЗХ-ны хохирлыг төлөх нь та нарын асуудал биш. Асуудлыг шийдэх хуулиа гаргаад л өгчих бусад нь түүнийг хэрэгжүүлэг. Хэрэв хэрэгжүүлэхгүй бол яаж хариуцлага тооцохоо бас хуульчлаад өгчих. Тэгээд л горимдоо орох цаг ирнэ. Монголын төрөөр тоглох тоглоомоо дуусгаад, ард иргэдээ тайван амьдрах, ажил хөдөлмөр хийж түүгээрээ хангалуун амьдрах боломжийг нь олгож өгөх цаг болжээ. олон юмыг өөрчлөхөд цаг хугацаа хэрэгтэй. Ядаж үр хүүхдүүд минь хуулийн дор тайван ажиллаж амьдраг л дээ.

Төгсгөл

Уг нь үүнийг бичиж эхлэхдээ ''Улс төр'' л бичихгүй юм шүү гэж бодсон боловч нэг л мэдэхэд ''улс төр'' лүү хальтраад орчихлоо. Яж ч бодсон өнөөдөр Монголчууд бидний амьдрал улс төрөөс л хамааралтай хэвээр байсаар байна. Хуучнаар ''Капитализмын'' өлгий нутаг Америкийг магтаж, ''социализмын'' дагавар орон Монголоо муулах гэсэнгүй. Нүдээр үзэж, биеэр мэдэрч байгаа энэ ялгааг л арилгадаггүй юм гэхэд жаахан ч атугай ойртуулдаг болоосой гэж мөрөөднө. Хүссэн ч эс хүссэн ч эрх чөлөөний эх орон Америкаас Монгол орон минь дуурайн авах юмаа авах л болно. Өөр гарц үгүй. Жил жилийн 7-р сард амьдарч байгаа хот бүрдээ Монголчуудын холбооны санаачлагаар үндэсний баяр наадмаа хийхдээ, төрийнхөө алтан соёмбот далбаагаа өргөж, төрийн дууллаа гараа цээжиндээ авч дуулцгааж, наадмын хаалтаа хийхдээ ''Халуун Элгэн Нутаг''-аа нулимс цийлэгнүүлэн дуулах Америкийн Монголчуудын сэтгэл зүрхэнд нь хатуу ширүүн ч ээлжлэх 4 улиралтай, хангай, говь, тал, хээр нутагтай, адуу янцгааж, айраг сэнгэнэсэн Монгол нутаг минь оршсоор л байдаг юм. Эх орноо , ижий аав, хань ижил, үр хүүхэдтэйгээ зүүдлэн сэрдэг Монголчууд маань нутгаа санан бэтгэрч, харих цагаа хүлээж л сууна.

Америкт байгаа Монголчууд маань, тус тусын оршин суугаа хотдоо ''Монголчуудын холбоо''-той, тэдний санаачилгаар Америкийн Монголчуудын хөл бөмбөг, сагсан бөмбөг, гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн, Урлагийн наадам зохиогдож, Америкт бизнес эрхлэгч Монголчуудын уулзалт, Вашингтоны ''Хар Хорин'' клуб Монголоос ирсэн алдартнууд, улс төрчидтэй уулзалт хийж, ''Орлоо.ком'' вэб сайт  Монголчуудаа хооронд нь харилцуулж холбох үүргийг гүйцэтгэн зар сурталчилгаа явуулж,, ''Даяар Монгол'' сонин хэрэгтэй мэдээллийг Монголчууддаа цацах зэргээр тэдний үйл ажиллага жилээс жилд өргөжин хөгжөөд байна. Эдний ард Америкт төрж, сургуульд суралцаж мэргэжил эзэмшиж байгаа бүхэл бүтэн үе өсч өндийж байна. Монгол орны хөгжил дэлхийн жишигт хүрэхэд эдний хувь нэмэр асар ихээ.

Иймд ч эдний тухай, төр засгийн анхаарлыг хандуулахын тулд Тайван, Ариунтуяа хоёрын санаачилсан ''www.orloo.com'' вэб сайттай миний бие хамтран ''Америкийн Монголчууд'' нэртэй цуврал нийтлэлүүд бичиж эхлээд бaйна. Уншигч та бүхэн service@orloo.com гэсэн хаягаар бидэнд саналаа ирүүлж, сэтгэгдэлээ Орлоо цахим хуудсанд үлдээгээрэй. 10-р сарын сүүлчээр АНУ-д айлчлал хийх МУ-н Ерөнхийлөгч Н. Энхбаяр та, Америкийн Монголчуудын хүсэлт сэтгэгдлийг нь сонсож, төр засгийн анхааралд авч хамтран ажиллаж олон асуудлыг шийдэх байх гэж найдаж байна. 

Төрийн сүлд ивээг.
Нийтлэлийг бичсэн Харнууд овогтой Гомбосүрэнгийн Галбадрах 2007-9-30 (энэхүү нийтлэлийн эх сурвалж зөвхөн orloo.com -д харьяалагдана)


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.