04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

АНДУУРААД БАЙНА, АНДУУРААД БАЙНА...

2016 оны УИХ-д нэр дэвшигчдийн нэрс тодорчээ. Хүмүүс янз бүрээр л ярьж байна. "Бөхчүүд, дуучид нэр дэвшсэн байна, тэд хэрэггүй" л гэнэ, "Хуучин улстөрчид олноороо дахиад дэвшсэн байна,

тэднийг сонгохгүй" л гэнэ. Гарааны зурхай руу дөтөлж яваа хурдан морьдын талаар таамаг дэвшүүлж суугаа наадамчид аятай. Зарим "халамцуухан" нь морьдоосоо өрсөн ам нь "хадуурч" тэрийг ч зүхэж, энийг ч харааж, тэгснээ хэн нэгнийг магтан мандуулах аж. Нийтээрээ дагаж мөрдөж буй "Үндсэн хууль"-ндаа "Бөхчүүд болон дуучид нэр дэвшиж болохгүй" гэж заагаагүйгээс хойш бид "баярлалаа ч бархирлаа ч" тэд нэр дэвшиж л таараа. За тэгээд зуу зуун хүлгээс нэг нь түрүүлж нижгээд нь айрагддаг болохоор, зуун чавганц уралдахад нэг нь түрүүлж нижгээд нь барианд ордог болохоор сонгогдсон хэдэн гишүүдтэйгээ "эвлэрч" дуугаа хураацгаана. "Ниргэсэн хойно нь хашгираад нэмэргүй" болохоор, сайдаж муудаад дөрвөн жилийг хүлээнэ. Бидний тавилан ийм ажгуу.
Монголчууд бидний бий болгосон улстөрийн тогтолцоо нь "гажчихсан" болохоор сонгох, сонгогдох тухайд бид нилээд андуураад байгаа. Харин үүнийгээ анзаарч, сануулах шаардлагатай болно доо.

1. УИХ бол ХУУЛЬ ТОГТООДОГ ГАЗАР

УИХ бол хууль тогтоох үүрэгтэй байгууллага. Иргэд болон нийгмийн харилцааг зохицуулах шаардлагатай олон хууль дүрмүүдийг боловсруулж, боловсруулсан хууль дүрмүүдийг УИХ-ын гишүүд нь сайтар уншин судалж, өөрийг нь сонгосон иргэдийн төлөөллүүдийн санал бодлыг тусган батлуулахад оролцох үүрэгтэй. Бас батлуулсан хууль тогтоомжууд нь амьдралд хэрхэн хэрэгжиж байгаад дүгнэлт хийж, хянах үүрэгтэй.  Их бичиг унших дургүй, уншаад ч ойлгодоггүй хүмүүс тэнд ерөөсөө хэрэггүй. Комьютер тоглоом тоглоод, уйдсандаа бусдын дарах учиртай кнопыг даран зугаацаж, хүсвэл хуралдаа ирээд, хүсэхгүй бол "Би тасалдаг юм шүү дээ" гэж хээв нэг хэлээд зогсож байх газар огтоос биш. Өөрийг нь сонгосон тойрогтоо хаан хатан шиг заларч, энд тэндхийн элдэв ёслолд тууз хайчлан, хундага өргөж ерөөл дэвшүүлэх нь УИХ-ын гишүүдийн хийдэг ажил биш л дээ, бид л тэгж андуураад байдаг болохоос.

 

2. УЛСТӨР бол БИЗНЕС БИШ

УИХ бол бизнесийн байгууллага биш. УИХ-ын гишүүн болж тангараг өргөхөөсөө өмнө Хөрөнгө Орлогын Мэдүүлгээ мэдүүлж, жил бүр олсон орлогоо олон нийтийн өмнө ил тод тайлбарлаж байх үүрэгтэй. Үүрэгт ажлаасаа илүү өлөв долов хийн энд тэндхийн тендэр, элдэв хөрөнгө оруулалтад шунан хуйвалдаж, хууль бусаар олсон мөнгөө энд тэндхийн оффшор дансанд нууж, илрэхээрээ худал үнэн тайлбар хийн олныг төөрөгдүүлдэг хүмүүс энд ерөөсөө хэрэггүй. Ашиг сонирхлын зөрчилд автан ах дүүс амраг саднаараа ТББ байгуулан завшиж, албан тушаалд өөрсдийн хүмүүсээ тавьж, авч идэхийн шуналдаа "гахай" шиг заваардаг хүмүүс бүр ч хэрэггүй. "Даахгүй нохой булуу хураав", "Шунал ихэдвэл шулам болно", "Түүгээр явсан гайг үүгээр дуудав" гэдэг үгс тархинд буухын цагт "гэмшээд ч оройтсон" байх нь буй. Улстөрийг бизнес хэмээн андуурсан хүмүүс сонгуульд зарцуулсан мөнгөө хэд дахин өсгөх гэж УИХ-д зүтгээд байгаа нь бидний хувьд гамшиг болж байгаа хэрэг. Бид ч тэгж ойлгоод байгаа нь бүр их андуурал.

3.УЛСТӨРЧ бол "ОД" БИШ

Улстөрчид бол "Од" биш. Өдөр оройгүй зурагтаар гараад байдаг болохоороо, "Зурагтаар олон гарсан хүн од болдог" гэдэг ойлголтоор хүмүүс андуураад байдаг бололтой. Нэгэнт тойргийнхоо олон хүмүүсийг төлөөлж Төрд суугаа болохоор та хувийн асуудлаараа алдаа гаргах эрхгүй. Архи уун согтуурч шүлсээ савируулж болохгүй, авгай хүүхэн чангааж заваарч болохгүй, сэгсийсэн үстэй сармагчин шиг явж болохгүй, хиртэй хувцастай  хайнга явж болохгүй, зурагтын камер харахаараа мэдэмхийрч худлаа ярьж болохгүй, хурлаа тасалж болохгүй, хичнээн дургүй байлаа ч бусдад онгирч болохгүй. Ердийн үед танд байж болох олон хувийн эрх чөлөө чинь бусдыг төлөөлж байгаа цагтаа маш ихээр хязгаарлагдах болно. "Мөрөөрөө мөөмөө унжуулаад явж болохгүй" шалтгаан тань УИХ-ын гишүүн гэдэг алдар юм шүү дээ. Таны эрх чөлөө сонгогчдын хүсэл сонирхлоор хязгаарлагдаг юм. Хүссэн ч эс хүссэн ч та бусдад ямагт үлгэр жишээ болж байх үүрэгтэй.

 

4. ХАРИУЦЛАГА бол ХҮНД АЧАА

УИХ-ын гишүүн болж Төр түшилцэн хууль журмыг батлан сахиулна гэдэг чинь асар том хариуцлага. Хэлж буй үг хийж буй үйлдэл болгоныхоо төлөө та өнөө эс гэхэд маргааш заавал хариуцлага хүлээх учиртай. Хариуцлага гэдэг чинь ёс суртахуун хийгээд хүний мөн чанарын илэрхийлэл. Та маш их уншиж өөрийгөө хөгжүүлэх ёстой, хүмүүст санаа бодлоо зөвөөр илэрхийлдэг байх учиртай, маш их мэдрэмжтэй байж хүмүүсийн санаа бодлыг анзаарч байх үүрэгтэй. "Би УИХ-ын гишүүн байнаа гээд дураараа дургиж, дун чөмгөөрөө жиргэж" болохгүй, тийм эрх ч үгүй. Хууль зөрчсөн л бол, олон нийтийн эрх ашгаас урвасан бол, санаачилсан хууль, гаргасан шийдвэр тань буруу байсан бол та гэртээ бус шоронд сууж байх болно. "Тэнэг гишүүн" байсныхаа төлөө та бүх насаараа шоолуулж, таны үр хүүхэд таны өмнөөс ичингүйрч явах болно. Манай УИХ-ын гишүүд ерөөсөө хариуцлага хүлээдэггүй болохоор хүмүүс "дураараа дургиж болох газар" гэж андуураад байгаа юм. Яг бодитоор нь харах юм бол их зовлонтой ажил л даа.

 

5. БАЙХ ГАЗАР гэж БИЙ

За тэгээд "Үндсэн хууль"-д заасан эрхээ эдэлж УИХ-д намуудаас болон бие даан нэр дэвшиж буй бүх хүмүүстээ баяр хүргэж, амжилт ерөөе. Сэтгэлийн хөөрлөөр "дарга" болно хэмээн догдлохоосоо өмнө "Энэ миний байх газар мөн үү?" хэмээн өөрөөсөө асуугаарай. Яг үнэндээ өмнөх УИХ-аар жишвэл алдаа болох байх даа. Хүмүүс улстөр болоод улстөрчийн талаар өөр ойлголттой болж байгаа. Сонголт хийгээд шаардлага улам л хатуу, нарийн болно. Үүн дээр хариуцлагын тогтолцоог нэмбэл улам л амаргүй болох байх даа. УИХ-ын түүхэнд "Энэ миний байх газар биш байна" гэж хэлээд УИХ-ын гишүүнээс өөрийн саналаар татгалзаж байсан яруу найрагч Б.Лхагвасүрэн гуай, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай хоёрыг мэдэх юм. Хүнд байх ёстой газар, хийх үүрэгтэй ажил  байдаг гэдэг. Хүмүүс байх ёстой газраа байж, хийх үүрэгтэй ажлаа хийцгээж байвал юутай сайн сан. Мэдээж улстөрд байх хэрэгтэй олон хүмүүс байгаа. Миний хувьд Л.Оюун-Эрдэнэ \МАН\, Б.Найдалаа \бие даагч\, Т.Доржханд \бие даагч\, Б.Наминчимэд \бие даагч\ нарыг дэмжиж байгаа. Учир нь би энэ хүмүүстэй уулзаж нөхөрлөн чин сэтгэлээсээ ярилцаж байсан болохоор, сэтгэл дотор нь юу "эргэлдэж", юуны төлөө "зорьж" явааг нилээдгүй сайн мэднэ.
...Яг үнэндээ монголчууд бид 25 жил улстөрийг шүүмжилж, улстөрчдийг харааж зүхлээ. Зогтусаад "Би эх орныхоо төлөө юу хийсэн билээ?" хэмээн өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Заавал УИХ-ын гишүүн болохгүйгээр хийж бүтээж болох олон боломжууд бидний өмнө байгаа. Ядаж иргэн хүнийхээ хувьд сонгуульд саналаа өгч зөв хүмүүсийг сонгох нь та бидний хийх үүрэгт ажлын нэг нь мөн. СОНГОЛТ ТАНЬ МЭРГЭН БАЙХ БОЛТУГАЙ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
www.galbadrakh.com                                           2016-06-01


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.