03 сарын 19, Мягмар
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,677.79
JPY 22.64
GBP 4,301.73
RUB 36.69
CNY 469.06
KRW 2.53

БИД ЯАГААД БИЕ БИЕДЭЭ ДУРГҮЙ БАЙДАГ ВЭ?

“Монголчууд бид цѳѳхүүлээ атлаа яагаад бие биенээ хайрлан, эв нэгдэлтэй байж болдоггүй юм бол?” хэмээн хааяадаа харуусан боддог. Харь оронд ажиллаж амьдарч байхдаа “буцаад очих эх орон гэдэг сэтгэлийн ямар их ѳмѳг түшиг, амьдралын минь нѳмѳр нѳѳлѳг, ирээдүйн минь итгэл найдвар болох”-ыг ямар ч сурталчилгаагүйгээр чин сэтгэлээсээ ойлгодог. Туурга тусгаар эх орны минь голомтыг сахин аж тѳрж буй та нарыг ч бас сэтгэлдээ хайрлана. Хѳгжлийн цаг хугацааны хуучин харгуйгаар бидэрч буй мэт хэдий боловч, ѳѳрсдѳѳ ухааран засч залруулах олон зүйлүүд байнаа.

1.ХУВИА ХИЧЭЭГЧ


…Гудамжаар авто машинтай зорчиж яваад нѳгѳѳ эгнээ рүү орохын тулд машиныхаа хамрыг зүглүүлээд л дайрчихна. Яг л зѳрүүд бух шиг. Хичнээн учирлаад ч ѳѳрѳѳ л ялагч болохын тулд хѳдлѳх ч үгүй. Ердѳѳ л хэдхэн минут хүлээхийн оронд бѳѳн түгжрээ, бѳѳн бухимдал. Ийм шалтгаанаар бие биедээ зам тавьж ѳгѳхийг хэн ч хүсдэггүй. “Би л болж байвал бусад нь яах нь надад огт хамаагүй!” гэсэн уриатай. “Хэрэв миний хүсэл биелэхгүй бол чинийх ч бас биелэхгүй” гэсэн бүдүүлэг хандлагатай. Үл хүндлэл бүхэн үзэн ядалтыг үүсгэдэг. Яагаад ч юм бэ? бид, ѳрѳѳл бусдыг “мал шиг зѳрүүд” хэмээн буруутгах авч ѳѳрѳѳ ч бас тийм гэдгээ хүлээн зѳвшѳѳрдѳггүй.

2.АТААРХАЛ
…Багаас нь эцэг эхчүүд нь хэн нэгэнтэй харьцуулан загнадаг, сургуульд дүнгээр нь уралдуулан ялгаварладаг, амьдрал дээр хэрэглээгээрээ бие биенээ үнэлдэг болохоор ч тэр үү? бид ѳѳрѳѳсѳѳ илүү хэн нэгнийг хүлээн зѳвшѳѳрѳх дургүй. Заавал адил тэгш байх албагүй, бас боломжгүй энэ амьдралд ѳрѳѳл бусдыг хооронд нь, ѳѳртэйгээ хэн нэгнийг заавал харьцуулж жишинэ. Хэн нэгний сул талыг олж мэдрэхдээ маш их баярлаж тавлана, ѳѳрийн сэтгэл дэх сул доройн зовиураа дарж түүнийг шоолно, ѳрѳѳл бусдад хамтдаа шоолохыг уриална. Ѳѳрийн боломжоороо амжилттай яваа нэгний тухай “Үхсэн!!! энэ муу одоо хэн болчихсон юм бэ?” хэмээн тоомжиргүй ширвэхийг хүсдэг. Зүгээр л бусдыг байгаагаар нь хүлээж авч ѳѳрѳѳ ч байгаагаараа байх тийм ч хэцүү бус.

3.ЗАЛХУУРАЛ
…Тэвчээртэй хичээн хѳдѳлмѳрлѳж тасралтгүй орлого олж, амьдралын хэрэгцээгээ хангах хүсэл Монголд бага болжээ. Байгалын асар их баялагийн наймаанаас үүдэлтэй гэнэт их мѳнгѳ олж баяжих хүсэл бизнесмэнүүдэд ч, хувь иргэдэд ч байдаг аж. Олон хүнтэй компани удирдан, ажиллагсадынхаа цалин, НДШ, компанийхаа татварууд болон урсгал зардлыг тѳлѳѳд бага зэрэг ашиг олдог бизнесмэнээс, улстѳрд шийдвэр гаргах эрх мэдэлд очоод нэг гарын усгийн тѳлѳѳ асар их авилга авдаг тогтолцоо энэ сэтгэлгээг бий болгосон. Барилга дээр байнга ажилласнаас хэн нэгний “цүнх бариад” олох ашиг нь илүү болохоор бид улам залхуу болж байна. Сүүлийн үеийн залуус бага хѳдѳлмѳрлѳж их цалин авахыг хүсдэг болсон нь ч үүний нотолгоо. Хууль бус боломж хүнийг зѳвхѳн ѳнѳѳдрѳѳрѳѳ амьдрах ад биш хүсэлд хѳтѳлдѳг.

4.ѲРСѲЛДѲѲН
…Ѳргѳн уудам газар нутаг дээр цѳѳхүүлээ аж тѳрдѳг атлаа монголчууд бид ѳѳр хоорондоо л ѳрсѳлдѳѳд байдаг муу талтай. Зохиолчид нь хоорондоо, дуучид нь хоорондоо, эрдэмтэд нь хоорондоо, улстѳрчид нь хоорондоо, хүүхдүүд нь хүртэл хоорондоо ѳрсѳлдѳнѳ. Хот хоорондын зам дагуу зэрэгцэж байрласан 10 хоолны газар ѳѳр хоорондоо ѳрсѳлдѳж, ѳдрийн ѳчүүхэн ашгийн тѳлѳѳ аж тѳрнѳ. 10 уулаа нэгдээд аятайхан байгууламж барьж ээлжээр ажиллаад ч болов ашгаа нэмэгдүүлэхийг хүсэхгүй. Гадаадад байгаа монголчууд тэнгис далай шиг зах том зах зээлийн буланд нь бѳѳгнѳчихѳѳд ѳѳр хоорондоо ѳрсѳлдѳнѳ. Хэрвээ боломжоо нэгтгээд зүгтэх ахул ашиг нь хэд дахин их гэдгийг ойлгодоггүй, ойлгохыг хүсдэггүй. Жалгын ѳрсѳлдѳѳн биднийг арчаагүй дорой болгож байгаа. Бид ѳнѳѳдѳр жалга бус дэлхийн орон зай руу харвал, хамтарч нэгдэхээс ѳѳр сонголт үгүй.

5.ХУЛЧГАР
…Хэн нэгний тухай компъютерийн ардаас сошиал орчинд хүссэнээрээ шүүмжилж, доромжилж чадна, гэхдээ хэзээ ч тэр хүнтэй нүүр тулж уулзан ярилцахгүй. Ѳѳрт нь таалагдахгүй байгаа зүйлийн талаар шүүмжилж зааварлах атлаа хэзээ ч ѳѳрѳѳ хийхгүй. Ямар нэгэн хариуцлага тулгарвал зүгээр л зугатна, эсвэл ѳѳр нэгнийг буруутгана. Заримдаа ийм хүмүүсийг харахад ҮНЭН ээс зугатаад байгаа юм шиг санагддаг юм. Хулчгар доройгоо нууж явдаг тэд, хэн нэгэн ѳѳрѳѳс нь дор байдалд ороход учиргүй баярлан олон нийтэд түгээж хамтдаа шоолон доромжлохыг бусдад уриална. Хүн бүхний аль эсвэл нийгмийн ямар нэгэн алдааг хүлээж тэчъяадна.

6.ЗУСАРДАЛТ
…Нэр алдар, эрх мэдэлд хүрсэн нэгнийг дагаж, магтан зусардаад л байна. “Үгүй та мѳн ухаантай шүү”, “Ард олон таны үгийг сонсож зѳвхѳн таныг л биширч дагаад байна” хэмээн тасралтгүй магтсаар байгаад түүнийг “хэн ч биш” болгож дѳнгѳнѳ. Харин алдаа гаргаад унасных нь дараа дээрээс нь дэвсэлж, нулимана. Бодсоноосоо ѳѳрѳѳр ярьж, хүссэнээсээ ѳѳрѳѳр амьдарч, ярьснаасаа ѳѳрѳѳр хийдэг олон зусарчид олон ч хүнийг “унагаж”, нийгмийг “самрах”-ад оролцож явдаг.

7.УЙДАМХАЙ
…Ѳдѳр бүр ямар нэгэн сенсацаар амьсгалж амьдардаг Монголд уйдах завгүй. Ямар нэгэн сэдвийг олон нийтэд “сэвээд” бүгдээрээ түүгээр амьсгална, хийх ажилгүй юм шиг. Тэр сэдвийг улиг болтол, сэдвийн гол дүрийг хэн ч биш болтол “сэвнэ”. Яг энэ сэдвээр нийгэмд ѳѳрчлѳлт гарах юм болов уу? гэж бодтол гэнэт ѳѳр нэгэн сэдэв “сэвэгдэн” орж ирнэ. Ѳмнѳх сэдвээ тэр чигт нь орхиод дараагийн сэдвээр шуугицгаана. Анзаарах ахул энэ үйлдлийг хэсэг бүлэг хүмүүс зохион байгуулаад байх шиг. Ямар нэгэн сэдвээр олон нийт шуугин хэлэлцэж болно, гэхдээ үр дүн нь хаана байна? Үр дүнгүй энэ “сэвэлт” бие биенийхээ мууд дурлах, хэн нэгний нэр тѳрѳѳр тоглоом хийж сэтгэлийн таашаал авахад олон нийтийг сургаж буй мэт. Шийдэл үгүй ийм “сэвэлт” харин ч бидний сэтгэлийг хорлол, хорсолд дасгаж байна.

“Цѳѳхүүлээ атлаа монголчууд бие биенээ хайрлан хүндэлж, хамтран хѳгжиж яагаад болохгүй байна вэ?” хэмээн харууссан асуултдаа хариулт олох гэж элдвийг л бодох… Эх түүхээ мэдэхгүй байгаа нь, боловсролын тогтолцоо чанаргүй байгаа нь, нийгмийн шударга ёсны үнэлэмж тогтолцооноосоо шалтгаалан гажсан нь нѳлѳѳлж байгаа хэдий ч бид ѳѳрсдѳѳ тун арчаагүй байна. Уг нь бид дор бүрнээ хичээхэд олон зүйлийг эерэгээр ѳѳрчилж чадна. Бие бие рүүгээ хараад инээмсэглэхэд, яарсан нэгэнд зам тавиад ѳгчихѳд, уурлаж хашгичсан нэгэнтэй хэрэлдэлгүйгээр холдож одоход, доромжилсон нэгнийг сэтгэлдээ уучлахад, гомдсон нэгнийг тайвшрах хүртэл хүлээхэд тийм ч хэцүү биш. Бас хүүхдүүддээ эелдэг хандаж тэднийг сайнаар тѳлѳвшихѳд туслах хэрэгтэй болж байна. Одоо байгаагаасаа жаахан ч болов тэвчээртэй, ууч сэтгэлтэй, ухаалаг байхад ѳѳрсѳддѳѳ дутагдаад байгаа ҮНЭТ ЗҮЙЛ ээ бий болгож эхэлнэ. Хүн бүхэнд байгаа үнэт зүйлүүд нэгдээд улс орны ҮНЭТ ЗҮЙЛ ийг бий болгодог юм шүү дээ.

“БИД ЯМАР НИЙГЭМД АМЬДРАХЫГ ХҮСЧ БАЙНА ВЭ? ТЭР НИЙГМЭЭ ѲѲРСДѲѲ Л БАЙГУУЛНА. ХЭН Ч БИДЭНД ТИЙМ НИЙГМИЙГ БАЙГУУЛЖ ѲГѲХГҮЙ. ХҮН БОЛГОН ХИЧЭЭХ ХЭРЭГТЭЙ БОЛЖ БАЙНА ДАА”

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.