03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50
БИД ЯАГААД “ШИНЭЧ”- ИЙГ БҮТЭЭЖ БАЙГАА ВЭ?

БИД ЯАГААД “ШИНЭЧ”- ИЙГ БҮТЭЭЖ БАЙГАА ВЭ?

БИД ЯАГААД “ШИНЭЧ”- ИЙГ БҮТЭЭЖ БАЙГАА ВЭ?

Энэ тѳслийг санаачлан эхлүүлэх гэж байхдаа Д.Эрдэнэбат, Э.Бүжинлхам бид 3 шинэ нэр хайцгаав. “Шинэ санаа”, “шинийг санаачлагч” гэсэн утга агуулж буй “ШИНЭЧ” нэрийг Э.Бүжинлхам минь толь бичгээс хайж олсноор тѳсѳл минь нэртэй боллоо. 3 жилийн ѳмнѳ эрэлд гарч 108 мэдээлэл цуглуулахдаа 1 сар хагас орчим хугацаа зарцуулсан юм. 2 жилийн ѳмнѳ дахин замд гарч 1 сар хүрэхгүй хугацаанд 80 орчим мэдээлэл цуглуулснаар, АНУ д бизнес эрхэлж буй 188 монголчуудын мэдээллийн багцыг багтаасан “Шинэч” гэдэг тѳсѳл хүмүүст танил болж чадсан юм. Саяхан бид шинэ баг бүрдүүлж дахин эрэлд гарснаар бизнэс эрхэлж буй монголчуудын 50 орчим, сайн дурын олон нийтийн байгуулагуудын 50 гаруй мэдээлэл бэлтгэхээр ажилласаар л байна. “Шинэч” бол АНУ д ажиллаж амьдарч буй монголчуудын мэдээллийн нэгдсэн багцыг бүрдүүлэх тѳсѳл юм.

“ШИНЭЧ”- ийг БҮТЭЭХ ЗОРИЛГО

Moнгол Улсын Ерѳнхийлэгчид, Ерѳнхий сайд нар олон жилийн ѳмнѳѳс “Гадаадад байгаа монголчуудад” хэмээн хаягласан захидал илгээж, уулзалтынхаа дунд “Гадаадад байгаа монголчуудаа Монголын хѳгжилд ашиглах тухай” сэтгэл хѳдлѳлѳѳ барьж ядан ярьцгаана. Мэдээж сайхан санаа. Гэхдээ би тэднээс “Гадаадад байгаа монголчуудыг Монголын хѳгжилд ашиглах ямар судалгаа, статистик, мэдээлэл та нарт байна вэ?” хэмээн асуухыг хүсдэг. Ийм мэдээллийн багц тэдэнд байхгүйг мэдсээр атлаа, тэднийг тавлаж байгаа мэт хандахын оронд ѳѳрсдѳѳ бүтээе гэж зориглож шийдсэн хэрэг.

1. Ийм мэдээллийн багцыг бий болгосноор АНУ д ажиллаж амьдарч буй монголчууд хэн, хаана юу хийж байгаа талаар мэдээлэлтэй болно. Энэ бол хамтран ажиллахын эхлэлийн боломж.
2. Адил тѳстэй бизнес эрхэлж байгаа болон адил тѳстэй үйл ажиллагаа явуулж байгаа компани, хүмүүс хоорондоо холбогдон туршлага мэдээлэл солилцох боломж бий болно. Энэ бол үйл ажиллагаагаа хамтатгах боломж.
3. АНУ ын хотуудад бизнес эрхэлж байгаа болон үйл ажиллагаа явуулж байгаа компани, хүмүүсийн мэдээллийг судалж мэдэж байгаа хүмүүс аль болохоор тэднээр үйлчлүүлэхийг хүсдэг болно. Энэ бол монголчууд бидний бие биенээ дэмжих эхлэл.
4. Монголд жижиг дунд бизнес эрхэлж буй хүмүүс энэ мэдээллийг судалснаар тэднээс суралцах, магадгүй боломжуудаа нэгтгэн хамтарч ажиллахыг хүсч болно. Энэ нь дэлхийн хэмжээний зах зээл дээр хүчээ нэгтгэн илүү амжилтанд хүрэх боломжийн эхлэл.
5. Эрүүл саруулаар сэтгэдэг, аливаа асуудлыг Дэлхийн хэмжээнд томоор харж чаддаг улстѳрчидтэй Тѳр бүрэлдвэл, энэ мэдээллийн багц нь тэдний хувьд “Гадаадад байгаа монголчуудыг Монголын хѳгжилд ашиглаж болох” маш том боломж нь байх болно. Энэ бол Монголын хѳгжлийг хурдасган дэлхийн түвшинд хүргэж боломж.

“ШИНЭЧ”- ийг ЯАЖ БҮТЭЭЖ БАЙГАА ВЭ?

Олон хүмүүс энэ талаар гайхаж, бас хардангүй маягаар асуудаг. Мэдээж энд цаг хугацаа болон мѳнгѳ хэрэгтэй.

*Манай багийнхан аяны хѳнжил, замын хүнсээ базаагаад миний “Ажнай шарга” нэртэй гэр бүлийн машинд суугаад замдаа гарцгаана. Вашингтон ДС, -Чикаго, –Денвэр,- Салт- Лайка,- Сиэтл, –Сакраменто,- Сан- Франциско,- Лос –Анжелэс, –Лас- Вегас,- Салт- Лайка,- Денвэр, -Чикаго, -Вaшингтон ДС гэсэн маршрутаар нэг сараас дээш хугацаагаар явахад дунджаар 11 000- 12 000 мил замыг туулдаг. Замын уртад амрах газруудад хоолоо хийж иднэ, заримдаа замын дэн буудлуудад, ихэвчлэн айлаар хоноглоно. Хонож болох айлдаа “тѳвѳг” болохгүйн тулд аяны хѳнжилтэй явдаг болохоор бидэнд жаахан зай олдоход л хангалттай. Хэрэв жаахан тансаглах тохиолдолд бидний зардал хүрэлцэхгүй учраас “Хѳнжлийнхээ хэрээр хѳлѳѳ жийж” явдаг. Хол замд ядрах, тав тухгүй байдлаасаа болж ядрах бол бидний хувьд “асуудал” биш. Гол нь “үүнийг бид л заавал хийх ёстой” гэдэг итгэл үнэмшил биднийг хѳтѳлж явдаг юм даа.

*”Энэ тѳслийг хийгээч” гэж хэн ч бидэнд санал тавиагүй бас захиалаагүй болохоор “Шаварт унасан шарын эзэн” болохын хувьд санхүүжилтээ ѳѳрсдѳѳ л босгоно. Бид энэ тѳсѳлд оролцохыг ятгаж байгаа компани бүрдээ биднийг дэмжиж 300$ санхүүжилт болгож ѳгѳхийг хүсдэг. Энэ 300$ санхүүжилтээр

1.Тѳслийн мэдээлэл цуглуулах аялалын зардлаа шийднэ
2.Сэтгүүлийн эхээ бэлтгэнэ
3. Сэтгүүлээ Монголд хэвлүүлж, татаж авчрах зардлаа шийднэ
4. Уг мэдээллүүдийг цахим хуудсанд байрлуулна
5. Мэдээллүүдийг гар утасны апп бүтээнэ

эдгээр асуудлын хэсгийг нь ч болов шийдэхэд зарцуулж байгаа. Мэдээж тѳсѳлд оролцож байгаа хүмүүстээ боломжийн цалин ѳгѳхийг хичээнэ.

*Энэ тѳсѳлд оролцохын тулд бүтэн сарын ажлаа орхиод аялана гэдэг АНУ д ажиллаж амьдарч байгаа монголчуудын хувьд хамгийн том эрсдэл. Энэ эрсдэлийг даагаад, надад итгээд хамтдаа энэ тѳслийг бүтээж байгаа залуустаа би чин сэтгэлээсээ баярлаж, тэднийг чин сэтгэлээсээ л хайрладаг. Ийм залуус олон болж байгаа нь Монголын ирээдүйн гэрэл гэгээ хэмээн би лав баярладаг. Мэдээж би тэднээс, тэд надаас сурах зүйл олон байгаа. Мѳнгѳний болоод цаг хугацааны боол бололгүйгээр бусдад хэрэгтэй сайн үйлсийг бүтээж чадна гэдэг бол гайхамшигтай ирээдүй мѳн. Тэгээд л бид дотно сайн найзууд болдог юм даа.

“ШИНЭЧ”- ийг БҮТЭЭХИЙН ДАВУУ ТАЛ, ИРЭЭДҮЙ

-Бид энэхүү мэдээллийг цаасан сэтгүүл байдлаар хэвлүүлж байгаа нь “Америкийн монголчуудын түүх”-ийн баримт болгохыг зорьсон хэрэг

-Харин бид энэхүү мэдээллүүдийг цахим хэлбэрт шилжүүлэхээр ажиллаж байгаа. Энэ цахим орон зай л энэ мэдээллүүдийг нэгтгэж хоорондоо холбогдон мэдээлэл солилцох, туршлагаа нэгтгэн хамтран ажиллах боломжийг бий болгож чадах байх хэмээн найдаж байгаа юм.

-Мэдээллүүдийг хот хотоор нь ангилж гар утасны апп бүтээх гэж оролдож байгаа. Мэдээж амаргүй боловч, энэ асуудал шийдэгдэхэд монголчууд бид бие биенээ дэмжин үйлчлүүлэх боломж бүрдэнэ гэж найдаж байгаа.

Гэхдээ бид үндсэн мэдээллүүдийг оруулах бѳгѳѳд, хооронд нь харьцуулах болон сурталчилгааны зорилго агуулахгүй байгаа. 3 дахь жилээ үргэлжилж байгаа энэ тѳсѳл мѳрѳѳдѳл биш, бодит бүтээл болж байгаад бид их баяртай байгаа. Бид дараах 5 мэдээллийн багцыг 2019 онд багтаан бүтээж байж, энэ тѳслийн эхний шат дуусна.

1. АНУ д бизнес эрхэлж буй монголчуудын мэдээлэл
2. АНУ д ажиллаж байгаа сайн дурын олон нийтийн байгууллагууд
3. АНУ д судалгаа хийж байгаа эрдэмтэд
4. АНУ д ажиллаж байгаа Мэдээллийн Технологийн инженэрүүд
5. АНУ д тѳрж ѳсч буй хүүхдүүдээс амжилттай яваа хүүхэд залуус

Энэ бүх мэдээллийг бүрдүүлсэн туршлага хийгээд босгож ирсэн платформ дээрээ гадаадын бусад орнуудад ажиллаж амьдарч буй монголчуудын мэдээллийн багцыг нэмж оруулах санаа бий. Энэ бүхний дараа Монголын Тѳр “Гадаадад байгаа монголчуудаа Монголын хѳгжилд ашиглах” боломж бодитоор бүрдэх болно.

“ШИНЭЧ” бол ДЭЛХИЙГ ХАРАХ ЦОНХ мѳн

Бид энэ тѳслийг хэрэгжүүлэх гэж 3 жил зарцуулахдаа их олон зүйлийг мэдэрч ойлгосон.

1. Гадаадад бизнес эрхэлж буй монголчууд ѳѳрсдийн зардлаараа ѳѳрсдийгѳѳ дэлхийн хэмжээнд хѳгжүүлж байгаа ҮНЭТ БАЯЛАГ мѳн
2. Энэ хүмүүс 330 сая орчим хүн амтай Америк гүрэнд ѳѳрсдийн бизнесийн орон зайгаа хѳгжүүлж байгаа нь дэлхийн хэмжээний БАЯЛАГ БҮТЭЭГЧИД болж буй эхний алхам
3. Аажим аажимдаа олон олон саятан, тэрбумтан монголчууд тѳрѳх нь хэзээ нэгэн цагт Монголдоо ХѲРѲНГѲ ОРУУЛАЛТ хийх боломж болно
4. АНУ д хүүхдэдээ хамаг цаг, мѳнгѳѳ зарцуулж байгаа эцэг эхчүүд бол ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ МОНГОЛ ХҮН ийг бүтээж байгаа гэр бүл мѳн
5. Гадаадад амжилт гаргаж яваа монгол хүн бүр Монголын хѳгжлийг ДЭЛХИЙН ТҮВШИН д хүргэж чадах түүчээнүүд мѳн

Юм л бол ДЭЛХИЙ хэмээн цээжээ дэлддэг монголчууд бидний хувьд, гадаадад байгаа монголчууд энэ боломжийг түүчээлж яваа. Маш их хѳлс нулимс, жаргал зовлон дунд тэд энэ боломжийг нээж яваа. Одоо бид аливаа асуудлыг ЖАЛГА -ын түвшинд бус ДЭЛХИЙ -н хэмжээнд харах цаг нь болсон. Та надтай санал нийлэх, эс нийлэхээс үл хамааран дэлхий тэнхлэгээ эргэсээр л байгаа, эргэсээр ч байх болно.

ТАЛАРХАЛ

Хичнээн мундаг санаа, мѳрѳѳдѳл байгаад ч хэн ч ганцаараа хийж чаддаггүй юм аа. Хүсэл зорилгоо нэгтгэн , эрсдэлээ үүрч надтай нэг болж ажиллаж байгаа

Д.Эрдэнэбат \Виржина\
Э.Бүжинлхам \Виржина\
Д.Одхүү \Чикаго\
Д.Долгорсүрэн \Сан –Франциско\
Б.Ган- Энхбаяр \Лос Анжелэс\
Ш.Байгалмаа \Денвэр\
Б.Цацрал \Виржина\
Б.Бямбажаргал \Улаанбаатар\
Д.Дэлгэрхүү \Виржина\
Б.Батбямба \Сан- Франциско\

Та нартаа маш их баярлан талархаж байгаа шүү. Цаашид энэ эрхэм зорилгынхоо тѳлѳѳ олон сайхан залуустай хамтран ажиллана гэдэгт итгэж байнаа.

Бас биднийг чин сэтгэлээсээ дэмжин гэртээ хонуулж, хооллож, зарим зардлыг хариуцаж, мэдээлэл цуглуулахад боломж гарган тусалж, урмын сайхан үг, сэтгэлийн гүн дэмжлэг үзүүлж байдаг бүх хүмүүстээ маш их баярлаж байна. Та бүхний дэмжлэггүйгээр энэ тѳсѳл амжилттай хэрэгжих боломжгүй байсан гээд бодохоор энэ тѳслийг та бид хамтдаа л бүтээж байгаа.

Энэ бүхнийг бүтээхэд амаргүй зүйл зѳндѳѳ тохиолдож, заримдаа урам хугарах үе байгаа ч “Ѳѳрсдѳѳ шийдэж сонгосон энэ ажилд зовлонгоо бусдад тоочин гомдоллох нь илүүц” хэрэг. “Бүх ажлаа баяр баясгалантай, хѳѳр хѳгжилтэй хийж, хохирсон ч aз жаргалтайгаар хохир” гэдэг хэллэг бол бидний уриа. Зорьж зүтгэж байгаа ажлынхаа бүтээмжийг харах бас л сайхан шүү дээ.

ЖИЧ: Энэ тѳслийн эрхэм зорилго, үнэт санаагаа хүмүүст илүү ойлгомжтой байдлаар хүргэхийн тулд 2019 оны 1 сараас эхлэн “Монголчууд Америкт” нэртэй ТВ ийн цуврал нэвтрүүлгүүдээ бүтээж эхэлнэ. Энэ ТВ тѳсѳл дээр бдинийг дэмжиж хамтран ажиллах хүмүүст бүх боломж нээлттэй байгаа гэдгийг дуулгахдаа таатай байна.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

www.galbadrakh.com 2018-12-06


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.