04 сарын 16, Мягмар
°C
USD 3,376.45
USD 3,376.45
EUR 3,598.45
JPY 21.94
GBP 4,212.46
RUB 36.07
CNY 466.45
KRW 2.44

ГАРЫН ДУЛААХАН АЛГА

Зориг муутайхан түүний гарт нь хүрч алгыг нь алгандаа атгаваас хав халуухан байлаа. Хав халуухан тэр алганаас яг л судасны цохилт шиг лугших хайр мэдрэгдэнэ. Нүүр минь ичингүйрсэндээ улайх авч тавьж зүрхлэхгүй. Гарыг нь тавьж зүрхлэхгүйдээ нэг чангалж, нэг зѳѳллѳх атлаа харцаа буруулах нь зүрхний цохилтын хэмнэлийг чагнах мэт. Тэр гарнаас хѳтлѳѳд л ертѳнцийн хязгаар хүртэл алхахад огтоос ажрахгүй бас цуцахгүй мэт мэдрэмж тѳрнѳ. Хэрэв тэр гарыг тавьж орхивоос дахиад хэзээ ч атгаж чадахгүй мэт айдсанд хүлэгдэнэ. Айдсандаа гарыг нь улам чангаар атгахад тэрээр бас л минийх шиг мэдрэмжиндээ хѳтлѳгдѳн миний гарыг чангаар атгана. Тэр хэмнэлээр миний зүрхнээс зүрхэнд хайр урсана. Магадгүй түүний зүрхэнд ч бас хайр урсаж байгааг би зѳнгѳѳрѳѳ мэдэрдэг. Тэр хайр гарын алгаар л урсдаг юм.

Тэр миний гарыг дэрлэн тайван унтана. Би түүний атганаас гараа сугалж үл зүрхэлнэ. Хэрэв гараа сугалах л юм бол түүний аз жаргалтай зүүдний ертѳнцѳѳс гомдлын шувуухай нисэн одох юм шиг надад санагдах. Түүний аз жаргалтай мишээх царайнаас хайр гэрэлтэж байгаа болохоор мѳрѳѳдлийн шувуухайг нь үргээж ерѳѳсѳѳ ч түвдэхгүй. Болгоомжтойёо ѳндийн түүний жаргалтайгаар мишээх уруулнаас нь үнсэх ахул тэр огтоос мэдрээгүй юм шиг атлаа баяртайгаар инээмсэглэнэ. Түүний гайхалтай сайхан мэдрэмжийг алдуулах вий гэж болгоомжилсондоо би хѳдлѳх ч үгүй. Гэхдээ хэзээ ч би ингэж гараа сугалж зүрхлэхгүй, чилсэндээ чинэрэх хуруугаа ч хѳдѳлгѳхгүй удаж байсангүй. Дэлгэсэн алган дээр минь хайрын шувуухай үүрээ засч байна хэмээн хэзээ ч мѳрѳѳдѳж байсангүй. Гэхдээ л би ѳѳрѳѳ аз жаргалтай байсаан. Алганаас алганд хайр лугшиж байгааг тэгэхэд л би мэдэрсэн сэн.

Одоо бол тэр минь хүссэн цагтаа л миний гарыг атгадаг болсон. Зүрхэндээ бялхаж байгаа хайраа цалгилуулан байж "Сонсооч хайрт минь, би чамдаа ямар их хайртай гээч" хэмээн алгаараа л шивнэдэг. Заримдаа миний ѳмнѳ сѳхѳрч суугаад гарыг минь чангаар атгахдаа "Чи минь намайгаа ойлгож уучлаач" хэмээн гаслан шивнэнэ. Айж түгшсэндээ гарыг минь чангаар атгахдаа "Би чамтайгаа хамт л байгаа шүү" хэмээн аргаддаг. Aргаа барж гарыг минь зѳѳлхѳн үнсэхдээ ч "Хайрт минь дээ, чи миний хэлж зүрхлэхгүй байгаа их хайрыг мэдрээч дээ" хэмээн учирлана. Хайртай хосууд яагаад хѳтлѳлцѳн алхдаг гээч. Тэд зүрхэндээ урсаж буй их хайраа зѳвхѳн алгаараа л бие биендээ дамжуулдаг. Хэлж чадахгүй, хэлж амжихгүй зовлон жаргал, баяр гунигаа зѳвхѳн алгаараа л бие биедээ учирладаг. Тэд гар гараа атгалцсан атлаа юу ч ярихгүйгээр бие биенийхээ нүд рүү харан инээмсэглэдгийн тайлал тэр. Хайранд шатсан гарын алга үргэлж дулаахан байдаг.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
www.galbadrakh.com                            2018-01-09


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.