04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

ДАВЧХАН СЭТГЭЛ

...Лавлаад ажих ахул хүн бүрийн сэтгэлийн багтаамж огт ѳѳр ѳѳр хэмжээтэй юм билээ. Зарим нь дэлхийн энтэй, зарим нь улсын хэмжээтэй, зарим нь аймгийн багтаамжтай, зарим нь ердѳѳ жалгын дайтай сэтгэдэг. Гэхдээ монголчууд бид хэлэлцэж маргалдаад ч болов, учирлаж тайлбарлаад ч болов, уцаарлаж тѳвѳгшѳѳгѳѳд ч болов ойлголцоод л байдаг. Их багтаамжтай сэтгэлгээг гүйцэж ойлгохгүй болохоороо уцаарлаж бухимдана, дунд багтаамжтай сэтгэлгээтэй барьцаж маргалдана, жижиг багтаамжтай сэтгэлгээтэй заргалдаж хэрэлдэнэ. Сонин шүү. Хэн нэгнийг гаднаас нь хараад сэтгэлгээний багтаамжийг нь мэдэх аргагүй. Харин яриад суухаар л тэр хүний хѳѳрхѳн, бас ухаантай тѳрхѳѳс хамаарахгүйгээр сэтгэлийн багтаамж нь мэдрэгдэж, үнэ цэнэ нь тодордог юм даа.

Амьдралд нь тохиолдсон ямар нэгэн таагүй асуудалд сэтгэл нь хямарч барьц алддаг. Яг энэ үедээ буруугаа ѳѳрѳѳсѳѳ биш, бусдаас хайх мѳчдѳѳ хүмүүс алдаа гаргадаг. Хэн нэгэн рүү уурлаж хашгична, дахиад хамтдаа байхгүй юм шиг. Ѳѳрийгѳѳ ѳмѳѳрч бусдыг буруутган бухимдана, алдаа гаргах ёсгүй юм шиг. Амьдрал нь дуусч байгаа юм шиг тэвдэнэ, дахиад үргэлжлэхгүй юм шиг. Ийм тохиолдол болгон жижигхэн хормоор хэмжигддэг. Дотоод сэтгэлийн хямралаа гадагшаа цацаж байхдаа энэ ертѳнцийн амгалан байдал, бусад хүмүүсийн инээмсэглэлийг ч анзаардаггүй. Яг үнэндээ байна шүү дээ, чи л дотроо хямраад байгаа болохоос энэ дэлхий ертѳнц хийгээд ойр тойрны хүмүүст тань юу ч ѳѳрчлѳгдѳѳгүй байгаа. Амьсгаагаа дараад чагнах ахул чиний бухимдлаас ѳѳр юу ч сонсогдохгүй байгаа.

Юу гээч! Чамд бухимдах тэвдэх шалтгаан тохиолдоход гадагшаа цацалгүйгээр дотор сэтгэлдээ ѳѳртэйгээ хүүрнээд үз дээ? "Би юун дээр алдаж вэ?", "Энэ тохиолдолд миний буруу нь юу вэ?", "Би ѳѳрѳѳр яаж болох байсан бэ?" гэж ѳѳрѳѳсѳѳ асуу, бас хариулах гэж оролдоод үз. Амар тайван байгаа бусад руу хашгичалгүйгээр дүрлийтлээ ширтээд санаашир. Зүгээр л дотор сэтгэлдээ ассан "Новш гэж!", "Чамд үзүүлээд ѳгнѳ дѳѳ", "Миний хэн болохыг чи мэдэхгүй л байна даа" гэх хараалын үгсээ гадагшаа урсгаад эхэлбэл, ороо морь шиг булгин цамнасан тэр үгсийг дараа нь хичнээн гэмшээд ч эргүүлж тогтоож чаддаггүй юм. Нэгэнт цамнан одсон тэр хүлгийн тоос бусдын сэтгэл дээр шороо болон бууж байгааг бид анзаардаггүйдээ давчхан байдаг. Хүн болгон бие биедээ сэтгэлийн багтаамжийн хэмжээгээрээ харьцдаг. Хорвоо дэлхий уужим байдаг шиг хүмүүний сэтгэл уужим байвал хичнээн сайхан гээч!

 Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2017-05-13

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.