05 сарын 05, Ням
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Монголчууд бидэнд үндэсний үзэл хэрэгтэй юу?

Тав. Монголчууд бид омголон, бардам, бас өөдрөг сэтгэлтэй

Эр нь уул, толгодоо тойрч бодол ухаанаа билчээдэг. Эм нь тулгаа тойрч ахуй амьдралаа амжуулдаг монголчуудын нүүдэлчин амьдрал нь зоргоороо омголон, биеэ даасан, илүү сайхан руу тэмүүлдэг сэтгэлийн үндэс гэмтэй. Усны тунгалаг, билчээрийн сөмийг даган, байрлалаа сэлгэж амьдардаг амьдрал нь хэдэн малаасаа илүүтэй, хөрш саахалт айлаасаа илүүтэй сайхан амьдрах бяцхан ''атаархуу'' хүслийн нь бас нэг илрэл. Сайн муу, сайхан муухай ямраар ч илэрдэг бай энэ зөн совин нь, баригдмал суурин хувь заяатайгаа эвлэрдэг олон орны иргэдээс ч илүүтэйгээр, илүү сайхан амьдрал руу эргэж буцалгүйгээр сэлгэн нүүдэллэдэг омог бардам, өөдрөг сэтгэлийн үндэс нь юм. Монголчууд бусдаас сул дорой амьдрах дургүй. Илүү өөдрөг байгтун.

... Онгоц дүүрэн зөвхөн Япончууд Вашингтонд нисч иржээ. Тэд замдаа бие биентэйгээ танилцаж хөгжилдөж явсан гэнэ. Буунгуутаа бие биенийхээ хаягийг авч, маргааш хамтдаа хооллохыг урьцгаажээ. Тэд маргааш нь яг цагтаа  бүгд цуглаж, хамтдаа хооллосон гэнэ.
...Онгоц дүүрэн зөвхөн Монголчууд Вашингтонд нисч иржээ. Тэд замдаа бие биентэйгээ танилцаж хөгжилдөж явсан гэнэ. Буунгуутаа бие биедээ баяртай гээд л тал тал тийшээ тарж явсан гэнэ. Тэд дахиад уулзалдсангүй. Япончууд, Монголчуудын ялгааны тухай, энэ бяцхан онигоог Америк эмэгтэй миний танил Ивээлтэд ярьж л дээ. Ивээлт:
-Бид яаж өөрчлөгдөх ёстой вэ? гэж асууж. Тэр эмэгтэй:
-Өөрчлөгдөж яах юм бэ? гэж гайхангуй хариулсан гэнэ.

Эхлэл... 

Монгол Улс тунхагласаны өдөр болон ''Цахим Цаг'' чат шууд нэвтрүүлэгт зориулав.

Маргааш Монгол Улс тунхагласаны өдөр. Тусгаар Монгол улсын иргэн би, энэ өдрийн тухай бодож суухдаа Монголчууд бид юугаар бахархах ёстой юм бэ? өөрөөсөө асуулаа. Туршилтын социалист системээсээ салж, хөмөрсөн тогооноосоо гарч, дэлхий ертөнцтэй танилцаж, өөрсдийгөө харьцуулан мэдрэх гэж хичээн буй энэ цаг үест бид өөрсдийгөө хэтэрхий муугаар үнэлж, бүх л юмсыг ууртай бухимдуу төрхөөр, хялайн харж байгаа юм биш байгаа. Цаг ямагт ''тамын тогооны үлгэр''-ээ сануулж, монголчууд эв нэгдэлгүй, бие биедээ итгэдэггүй, бас тусалдаггүй, хувиа хичээсэн, бүдүүлэг, соёлгүйн жишээг байнга л бичиж гоморхцгоох нь уншиж буй бүх л зүйлээс илэрнэ. Тэгээд ч гадаад хүмүүсийн ухаантай, соёлтой, ажилсаг, хариуцлагатайг гайхан магтацгаана. Харин хятадууд бол муу хүмүүс гэж нэгэн дуугаар  баталцгаана.
Больцгооё Монголчуудаа! Баяр болох гэж байна. Өнгөрсөн зуунд бидний өвөг дээдэс, аав ээж, өвөө эмээ нар минь өөртөө буй гоёлоо өмсцгөөн, хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөн ирж саналаа өгч, тусгаар тогтносон Монгол улсаа зарлуулж байсан энэ өдөр, өөрсөндөө байгаа сайхан бүхнээ бахархал болгон бэлэгдэн ярилцацгаая.

Нэг. Монголчууд бид, цагтаа дэлхийн талыг эзэгнэж явсан өвөг дээдэстэй
''Монголчууд гэж хэн юм бэ?'' гэж асуусан асуултанд нь зохиолч С. Жаргалсайхан, эрдэмтэн Удвал нар ''Чингис хааны нууц түүх'' хэмэээх зохиолоороо дэлхий дахинд, ''Монголчууд дэлхийн талыг эзэгнэж, дэлхийн нэгдсэн улсыг байгуулж явсан агуу их хаадын үр удам'' гэж хариуллаа. Нэгэн зарлигийн дор нэгтгэн байгуулж, бас хөгжүүлэн өгсөн Бат, Хубилай хаадын их гүрнээс өнөөгийн зууны хүчирхэг том гүрэн, Хятад, Орос улс үүссэнийг ч, дэлхийн түүх ч, тэдний дунд орших Монгол улс ч мартаагүй. Тиймдээ ч бидний өвөг, эзэн Чингис хааныг энэ дэлхийн ''Мянганы хүн''-ээр тодруулж хүлээн зөвшөөрсөн бус уу.
Чухамдаа өөр хэнийг ч бус, зөвхөн бидний Монголын Чингис хааныг энэ мянганд ч шилдэгийн шилдэг агуу хүн гэж  зөвшөөрөн ахуйд бид юунд толгой гудайх билээ. Чингисийн алтан  ураг болох Зүчи, Цагаадай, Бат, Хубилай, Мөнх, Гүег, Төмөр, Батмөнх гэхчилэн агуу хаад, Мандухай цэцэн хатан, Чин ван Ханддорж, Сайн Ноён хан Намнансүрэн нарын үр удам нь билээ бид. Толгой дээгүүр, цээж тэнэгэр байгтун.

Хоёр. Монголчууд бид хил хязгаартай, өөрсдийн газар нутагтай
Мандан бадарч, бууран доройтож асан, буурал түүхийн амаргүй нугачаанд, цаг хугацааг элээн элж, Хятад, Орос хэмээх аварга 2 гүрний дунд, 1 сая 500 мянган хавтгай дөрвөлжин нутагтай, Монгол хүн бүр ''унасан газар, угаасан ус минь'' хэмээн өмчлөх ''эх оронтой'' улсаа бид, Гимилайн уулсын хэцүү бэрх орчилд хавчигнан амьдрах Түвд, Алдарт Саяны уулсын бэлд сүүрс алдан амьдрах Тувачуудын хувь заяаны дэргэд, дэлхийн Монголчуудын гэрэл гэгээ, итгэл найдварын төв нь болсон тусгаар Монгол нутагтай бид. Хятад, Орос их гүрний алинд ч уусгачихалгүй, алга дарам газрынх нь төлөө цус, хөлс, ухаанаа шавхан ирсэн өвөг дээдсийн
хээ сүнсэнд нь ч залбирмуу. Халуун хүйтэн ч гэлээ говь, хангай, хээр хосолсон үзэсгэлэнт  нутагтай, хатуу ширүүн ч гэлээ өвөл, хавар, зун, намар ээлжлэх 4 улиралтай Монгол орон минь байгаа цагт, унасан газар, угаасан усаа, зүрх сэтгэл, зүүд нойрондоо хайрлан дурсах, Монголчууд бид ''эх оронтой'' хүмүүсээ. Омог бардам байгтун.

Гурав. Монголчууд бид өөрсдийн хэл, соёл, ёс заншилтай
Босоо, хэвтээ хоёр бичигтэй, бодлоо билчээж, үгээ цэцэлж ярьдаг монгол хэлтэй, хорвоогоос тасарч, наранд хүрдэг уртын дуутай, хоёрхон чавхдасаар адуу янцгаалгаж, айраг үнэртүүлж, морин хууртай, орсон гарсанд цай идээгээ дээжлэн барьж, ойчож унахад нь, түшиж босгодог монгол заншилтай билээ бид. Таних танихгүй ч бай, ирсэн гийчинд хаалгаа дэлгэн угтаж, хоймортоо залан суулгаж, цай идээгээ дээжлэн барьж хүндэлдэг заншил Монголоос минь өөр хаана бий билээ. Мэндлэхдээ хүртэл цэгцлэн ярьж, ярихдаа хүртэл бодлоо шингээж, худал хуурмаггүй инээж, өрөвдөж чаддаг хүмүүс, Монголоос минь өөр бий билүү? Монгол хэл байсаар байгаа нь, Монголоор ярьдаг бичдэг хүмүүс байсаар байгаа нь тусгаар Монгол улсын минь бэлэг тэмдэг бус уу. Үг нь цэцэн, ухаан хурц байгтун.

Дөрөв. Монголчууд бид, ээж аавдаа элбэрэлтэй, үр хүүхдүүддээ ачлалтай
Алс газар одохдоо аав ээждээ очиж, сургааль үгсийг нь сонсон, хацраа үнсүүлж, алс газраас буцаж очихдоо санаж үгүйлсэн сэтгэлээ бэлэг сэлттэйгээ авч очдог монголчууд бид ''элгэмсэг'' сэтгэлтэй хүмүүс. Нас өндөр болсон хойно нь ч ''асрамжийн газар'' аваачаад орхичихдоггүй, асарч халамжилж ачладаг, тэр л сэтгэлээ өөрийнхөө үр хүүхдүүддээ өвлүүлдэг болохоор Монголчууд бид элбэрэл, ачлалтай ард түмэн. Хүүхдийнхээ хүүхдийг нь харж өсгөхөд нь туслах гэж алс холоос бүхнээ орхиод ирэх ''эх''-ийн сэтгэлийг хэн ч юугаар ч хэмжиж болно гэж үү. ''Хоцрогдсон'', ''зууралдсан'' гэх хатуу үг бүү хэл. Монгол хүнээс энэ сэтгэлийг нь аваад хаячихвал, ''Монгол'' гэх ''хөх толбо''-той агуу сэтгэл нь алга болчихвол, тэнгэр бурхан биднийг ''таних''-аа болино доо. Бие биеэ хайрлаж, түшигтүн.

Тав. Монголчууд бид омголон, бардам, бас өөдрөг сэтгэлтэй
Эр нь уул, толгодоо тойрч бодол ухаанаа билчээдэг. Эм нь тулгаа тойрч ахуй амьдралаа амжуулдаг монголчуудын нүүдэлчин амьдрал нь зоргоороо омголон, биеэ даасан, илүү сайхан руу тэмүүлдэг сэтгэлийн үндэс гэмтэй. Усны тунгалаг, билчээрийн сөмийг даган, байрлалаа сэлгэж амьдардаг амьдрал нь хэдэн малаасаа илүүтэй, хөрш саахалт айлаасаа илүүтэй сайхан амьдрах бяцхан ''атаархуу'' хүслийн нь бас нэг илрэл. Сайн муу, сайхан муухай ямраар ч илэрдэг бай энэ зөн совин нь, баригдмал суурин хувь заяатайгаа эвлэрдэг олон орны иргэдээс ч илүүтэйгээр, илүү сайхан амьдрал руу эргэж буцалгүйгээр сэлгэн нүүдэллэдэг омог бардам, өөдрөг сэтгэлийн үндэс нь юм. Монголчууд бусдаас сул дорой амьдрах дургүй. Илүү өөдрөг байгтун.

... Онгоц дүүрэн зөвхөн Япончууд Вашингтонд нисч иржээ. Тэд замдаа бие биентэйгээ танилцаж хөгжилдөж явсан гэнэ. Буунгуутаа бие биенийхээ хаягийг авч, маргааш хамтдаа хооллохыг урьцгаажээ. Тэд маргааш нь яг цагтаа  бүгд цуглаж, хамтдаа хооллосон гэнэ.
...Онгоц дүүрэн зөвхөн Монголчууд Вашингтонд нисч иржээ. Тэд замдаа бие биентэйгээ танилцаж хөгжилдөж явсан гэнэ. Буунгуутаа бие биедээ баяртай гээд л тал тал тийшээ тарж явсан гэнэ. Тэд дахиад уулзалдсангүй. Япончууд, Монголчуудын ялгааны тухай, энэ бяцхан онигоог Америк эмэгтэй миний танил Ивээлтэд ярьж л дээ. Ивээлт:
-Бид яаж өөрчлөгдөх ёстой вэ? гэж асууж. Тэр эмэгтэй:
-Өөрчлөгдөж яах юм бэ? гэж гайхангуй хариулсан гэнэ.

Байз! Та одоо үүнийг шүүмжлэх гэж бүү яар! Би ч гэсэн энэ эмэгтэйтэй санал нэг байна. БИД БУСДЫГ ДУУРАЙН ӨӨРЧЛӨГДӨЖ ЯАХ ЮМ БЭ? байгаагаараа л байцгаая. Монголчууд нүүдэлчин амьдралын уламжлалтай. Тэд энэ амьдралаас хэнээс ч хараат бус, бие даасан, өөрөө өөртөө ''эзэн'' байх сэтгэлгээг ''мах цусандаа'' шингээж төрсөн юм. Харин суурин амьдралд өссөн Япончуудын хувьд бүх л зүйл бие биенээсээ хамааралтай. Тэд хэзээ ч бие даасан байгаагүй. Тэд бие биедээ тусалж, бие биеэсээ хамаарч амьдардаг сэтгэлгээг ''мах цусандаа'' шингээж төрсөн юм.
...Америкт анх ирсэн нэгэн залуу нэг хоолны газарт ажилд оржээ. Түүнтэй хамт хэдэн Мексикүүд ажилладаг байж. Жил орчим ажилласаны дараа нөгөө Монгол залуу илүү цалинтай ажил олоод, ажлаасаа гарч. Дахиад л ажлаа сайжруулж, улмаар деливэри хийдэг болж. Амьдрал нь ч сайжирч шинэ машин авч унаж. 5 жилийн дараа нөгөө хоолны газраараа орвол нөгөө л хэдэн Мексикүүд нь хэвээрээ. Шинэ машин унаж, царай зүс нь гэрэлтэж мөнөөх Монгол залуус хоолны газрын эзэн, нөгөө хэдэн  Мексикүүд нь гайхаж биширсэн харцаар угтаж өдсэн гэдэг. Мексикүүдүүдийн хувьд энэ хоолны газар нь цор ганц боломж, харин Монгол залуугийн хувьд өөдлөн дээшлэх нэг л гишгүүр байх. Ийм жишээг Америк, Солонгос, Германд ажиллаж байгаа Монголчууд хичнээнээр нь тоочиж чадна.

...Японы сумод манлайлж яваа их аварга Асашюро Дагвадоржийн сумогийн дэвжээн дээр гарч ирээд, нүдээ хурцлан ширүүсгэж, омголон бардам ширэвхийн хараад сумогийн бөхчүүд бүү хэл сумогийн ордон нь ч хүртэл  сүрдэх шиг санагддагсан. Дагвадорж Монгол үндэсний бөхөөрөө сайн барилдаж, ''аварга'' болсон байхыг үгүйсгэхгүй. Гагцхүү ийм сүрлэг, омог бардам байж чадах байсан болов уу?
Тиймээ! Бид өнөөдөр жаахан ядуу байна. Гэвч одоо дэлхийн жишигт хүрсэн боловсролтой чадалтай залуучууд гарч ирж байна. Удахгүй жинхэнэ Монгол ухаанаар, шударга хөдөлмөрөөр олон олон баячууд төрнөө. Өнөөдөр бие биенээ муулж, харааж зүхэж, харийн хүмүүсийг шүтэж байгаа хэн нэгнийгээ бүү үзэн яд. Аяндаа л цаг харин шалгуураар бүгд л өөрчлөгдөнө. Хамгийн гол нь бид өөрчлөгдөж, урагшаа явж байгаа. Монгол цустай Монгол хүн болж төрсөндөө л бахарцгаая. Монголын төр бужигнаж л байг. Нэг л мэдэхэд цэгцэрнээ. Монголчууд даяршлын энэ эрин үед тэнгэр заяатай ''эзэд'' байх боломж бүрднээ. Яагаад гэвэл бид бие даасан, ''өөртөө эзэн байж'' , бусдаас ''илүү'' байхын төлөө л зүтгэцгээдэг. Энэ бол цэвэр монгол цус. Бид хэдий бухимдалтай гутруу байгаа хэдий ч, хоцрогдсон бүдүүлэг байсан хэдий ч бүхний өмнө илүү хурдан хөгжиж байна. Бусад орны 100 жилийн хөгжлийг бид 20-30 жилд гүйцэж байна. Та унаж яваа машин, барьж буй гар утас, хэрэглэж буй компьютераа хар. 20 жилийн өмнө бид үүнийг төсөөлж чадах байсан гэж үү. Өөдрөг байцгаая Монголчуудаа!
Бидний авч үлдэх гол зүйл маань Монгол цус, үндсэрхэг үзэл, бахархал минь шүү. Аугаа их өвөг дээдсийнхээ өнөөгийн Монгол орныг бидэнд авч ирж хүлээлгэж өгсний төлөөс нь Монгол үндэсний үзэл, Монгол цус гэдгийг л бид мартаж болохгүй. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй байсан. Одоо бид эвлэлдэх цаг болжээ. Монгол төрийн сүлд ивээг.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.