05 сарын 03, Баасан
°C
USD 3,380.31
USD 3,380.31
EUR 3,622.00
JPY 21.74
GBP 4,235.02
RUB 36.63
CNY 466.82
KRW 2.46

Монголчууд залхуу юу?

Дунд сургууль, дээд сургууль төгсч, төрийн албан хаагчид болдогоо бид. Хийх ажил тодорхой, цалин тогтмол. Олонтаа зохион байгуулж байсан улс төрийн сонсгол, лекц зэрэг дээр байнга ''бид социализмын материал техникийн бааз байгуулж байгаа'' 2000 оны орчимд коммунизмд шилжин орж, ажил хийхгүй, дэлгүүрээс бүх л зүйлээ хэрэгцээнийхээ хирээр авдаг болох тухай, бид зөвхөн улс эх орныхоо төлөө, хөдөлмөрлөх учиртай нам засаг маань биднийг халамжлан өсгөж байгаа учраас нам засгийн ачийг хариулах ёстой, үүний тулд нэг их баян биш, нэг их ядуу биш амьдрах учиртайг улиг болтлоо сонсч ''тархиа угаалгана''. Гадаад ертөнцийн тухай бүр ч саналтгүй. Энэ дэлхий дээр Орос шиг агуу, мундаг сайн гүрэн байхгүй.

Тэдэнтэй ах дүү болж өмөг түшгэнд нь багтсандаа ''магнайгаа хагартал баярлаж явах учиртай'', Америк гээд үргэлж дайн хийж байдаг империалист нэртэй, гудамжинд нь хүмүүс гуйлга гуйж, бас өлбөрч үхэж, гудамжны буудалцаанд өртөөгүй нэг хэсэг нь цонхоо хааж, үүдээ түгжээд чичирч суудаг тухай ч бас чамгүй сонсч ''өөрийн азтай хувь заяандаа'' битүүхэндээ баярлаж явдаг болно. Би ажлаа сайн ч хийсэн, муу ч хийсэн цалингаа л авна. Муу ажилласаны төлөө цалингаа хасуулахгүй, харин ажлаа таслах, эсвэл архи уух, удирдлагатай муудалцсан, эсвэл тэдэнд ''таалагдаагүй''-н төлөө эхлээд хатуу сануулга авч, дараа нь донгодуулж, эцэст нь цалингийн тодорхой хувиар торгуулна. Энэ хүртэл зай ч бий лай ч бий болохоор цалинд санаа зоволтгүй. Хамт ажилладаг Болдоо биднээс сайн ажиллавал цалингаа нэмүүлэхгүй, харин ''баярын бичиг'' хэмээх хавтгай цаас, заримдаа халуун сав, үнэртэй ус гэх мэтийн нэмэртэй шагнал авна. Эдгээр нь мөнгө биш учраас Болдоо бид 2 адилхан цалингаа авч харин Болдоогийнх ханандаа ''баярын бичиг''-тэй, ширээн дээрээ халуун савтайгаараа л илүү.   

Гэхдээ би үүнд нэг их атаархахгүй. Яагаад гэвэл би Болдоо шиг өөрийгөө зовоохгүй хирнээ, Болдоогоос муу амьдрахгүй л байна. Би Болдоогийнхоос илүү гарч  амьдралаа өөд татахын тулд ''наймаа'' хийж болохгүй. Тэгвэл бурхан минь ''алуулж дуусна'', аягүй бол шоронд орж ч мэднэ. Тэгэхээр би нэг их сайн ажиллах ч, муу ажиллах ч хэрэггүй. Биеэ зовоохгүй, хийх юмаа хийчихээд л бусадтай адилхан амьдарч болж байна. Яагаад гэвэл би өөрийнхөө төлөө биш улсын төлөө ажиллаж байгаа. Үүний хариуд улс намайг баян ч биш ядуу ч биш амьдруулж байгаа. Хамгийн гол нь би биеэ зовоох шаардлагагүй. Монголчууд залхуу байсан.
1990-ээд онд Ардчилсан хувьсгал ялж, Монголчууд бид хөмөрсөн тогооноосоо гарч гадаад паспорт өвөрлөцгөөн гадаад ертөнцтэй танилцаж эхэллээ. 2000 он гарч, бидний мөрөөдсөн коммунизм ч ''байхгүй'', хүссэн юмаа үнэгүй авах нь байтугай мөнгө төлөөд авч ч дийлэхгүй болохоор мөнгө олохын тулд ''буудуулж'' алуулахаасаа ч айлгүй аз туршин Солонгос, Америк руу гарч одоцгоолоо. Орос ах нартай ''водка'' хувааж ууж маргааш нь ''шараа'' тайлж хамаг мөнгөө барчихсан болохоор өөр бусад ''аймшигтай'' гүрнүүд рүү ''аз туршсан'' хэрэг л дээ. Тэнгэр заяатай Монголчуудыг аз түшиж, тэднийг капиталистууд, мафиуд буудаж алсангүйгээр барахгүй тэд ажилд орцгоож,аяга таваг угааж, шал цэвэрлэж, улмаар хими цэвэрлэгээ, янз бүрийн үйлдвэрүүдэд ажиллаж хүссэн мөнгөө олж эхэллээ. Хамгийн гайхалтай нь гуанзанд аяга таваг угаагаад, Монголд сайдын авдаг цалинг сард аваад ирэхээр хөдөлмөрийн жинхэнэ үнэ цэнийг мэдэрч, ''чи ажлыг голох биш, ажил чамайг голдог'' гэсэн үгийн үнэнийг биеэр мэдэрч эхэллээ. Монголчууд энэ газар цагаар цалинжаад ирэхээр цагийн үнэ цэнийг давхар мэдэрч ажил таслах бүү хэл өвдөх эрхгүйг ч ойлгоно.  

Хэрэв чи илүү цагаар ажиллавал энэ нь ''коммунист субботник'' биш ''мөнгө'' болох учраас эрүүл байж ажлын ачааллыг даах хэрэгтэй болно. Чи энэ орны, эсвэл төрийн эрх барьж байгаа намын төлөө бус зөвхөн өөрийнхөө төлөө ажиллаж байгаа учраас л ажлаа муу хийх эрхгүйг хатуу ойлгоно. Чи ажлаа муу хийвэл эсвэл тасалвал чамайг сануулж, донгодохгүйгээр шууд л ажлаас халж орхино. Мөнгөгүй, ажилгүй бол чи хэн ч биш. Чамайг хэн ч өрөвдөхгүй. Учир нь чи өөрөө л өөрийнхөө төлөө амьдрах хөдөлмөрлөх  учиртай. Хөгжсөн орны хатуу сүүлийн дор Монголчууд өсч өндийж, хөгжиж, жинхэнэ хөдөлмөрийн үнэ цэнэ, хуулийг мэдэрч байна. Гадаадад Монголчууд эхэндээ зөвхөн бусдын үйлдвэр үйлчилгээнд ажиллаж байсан бол одоо өөрсдөө үйлдвэр үйлчилгээний газрууд байгуулан бусдыг ажиллуулж эхэллээ. Монголчууд залхуу бишээ.

Эцэст нь хэлэхэд:
Ажилсаг  Монголчуудыг Социалист Монгол залхуу болгосон. Өөрсдийгөө өөгшүүлж, тэнэг байдалд оруулан ярьдаг нэгэн онигоог санаж байна уу?
Гаднаас ирсэн нэгэн зочныг дагуулан, МАХН-ын ТХ-ны нэг эрхэм бахархалтайгаар хотоо танилцуулан тайлбарлаж байна гэнэ. Энэ хорооллыг оросууд барьж өгсөн юм, энэ нэхий дээлний үйлдвэрийг Болгарууд, энэ махны үйлдвэрийг Германууд, энэ биокомбинатыг Унгарууд байгуулж барьж өгсөн юм гэж гэнэ. Зочин гайхсанаа: Та нар өөрсдөө юу барьж байгуулсан юм бэ? гэж асуусанд нөгөө эрхэм гайхангуйгаар ''Бид социалист материал техникийн бааз байгуулж байгаа'' гэсэн гэнэ. Онигоо мөртлөө үнэн байдал энэ. Одоо ч гэсэн Монголд байгаа Монголчуудаа залхуу арчаагүйгээр нь дуудаад байх юм. Тийм ээ!!! Ард иргэдээ социализмын мансуурсан сэтгэлгээнээс салгаж, эрхэлж нялууруулахгүйгээр хатуу гарын дор, тэгэхдээ хөдөлгөх зөв хөшүүргэтэйгээр ажилд сургах нь төр засгийн хийх ажил.

Наад зах нь:
1. Бүх ажлын хөлсийг зөвхөн цагаар тооцдог болгох
2. Ажлын норм нормчлол, үнэлгээгээ иж бүрнээр нь өөрчлөх
3. Ажилд орсон хүн байгууллагын дотоод ажлыг сонирхоод шүүмжлээд байхгүйгээр зөвхөн өөрийнхөө төлөө сайн ажилладаг болгоход хууль дүрмээ сайжруулах хэрэгтэй. Чи энэ ажлыг хийж чадахгүй бол ''Хаалгаа гаднаас нь хаагаад яв даа'' гэж хэлж чаддаг байх.
4. Ажлын байр гаргаж, үүнийгээ зарлан сурталчилж, ажиллах нөхцлөө сайжруулах шаардлагатай. Түүнчлэн гадаад оронд ажиллаж амьдарч байгаа Монголчуудаа эх орон руу нь татах, тэднийг сурч, мэргэжиж дадсан ажил хөдөлмөрөө Монголдоо эрхлээд хангалуун амьдрах боломжийг ч олгох арга замыг эрж олох хэрэгтэй.Тэд бүгд эх орон, ээж аав, амраг хань, элгэн саднаа санаж бэтгэрч яваа хүмүүс. Боломж л олдвол Монголдоо очихыг хүсч байгаа. Төрөөс бус өөрсдийн зардлаар хийж сурсан ажил, ойлгож авсан ухаарал нь одоо ч Монголын хөгжилд хэрэгтэй биш гэж үү. Тэд гадаадад анхалж чадсан бол одоо Монголын хөгжилд анхалж бас чадах хүмүүсээ. Тэд бол залхуу биш ажилсаг Монголчууд. Иргэн баян бол улс баян гэдэгчлэн иргэд нь өөрсдийн төлөө сайн ажиллаж, их цалин авч улсад татвараа төлөөд сайхан амьдардаг, улс нь татвараараа иргэдийнхээ нийгмийн халамж, хөдөлмөрлөх сайхан нөхцлийн төлөө үйлчилдэг тийм цаг хурдан ирэх болтугай.

Гомбосүрэнгийн Галбадрах  


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.