03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

ТОМ ЗОРИЛГЫН ДЭРГЭДЭХ жижиг асуудлууд

 Зүгээр л урсгалаараа амьдрахыг хүсдэггүй хүмүүс энэ амьдралдаа зорилго тавьдаг. “Тийм зүйл хийж амжина”,  “тийм бүтээл туурвина”, “тийм түвшинд хүрч хѳгжинѳ” гэх мэт зорилтууд хүний амьдралыг хѳглѳн утга учиртай болгож, ямагт урагш нь хѳтѳлж байдаг аж.  Уг нь хүмүүсийг хэр их мѳнгѳтэй, эрх мэдэлтэйгээр нь бус, асуудлыг хэр ѳргѳн томоор харж хэр томоор сэтгэж чадаж байгаагаар нь оюуны чадамж, зэрэг зиндааг эрэмбэлдэг юм л даа. “Зорилгоо их томоор тавьж байгаад ядаж тал хэмжээнд нь хүрч чадвал амжилт шүү дээ” хэмээн зѳвлѳх хүмүүс байдаг. Санаанд нь бүх зүйлс багтаад байгаа хэрнээ яагаад ч юм бэ, түүнд хүрч чадахгүй гайхашрах хүмүүс ч байдаг.

Ѳѳртѳѳ том зорилго тавьсан хэрнээ түүндээ хүрч чадахгүй байгаагийн гол шалтгаан нь, том зорилгын дэргэдэх жижиг асуудлуудыг давж чаддаггүйд байгаа гэдгийг та анзаардаг уу?

1.     Ѳѳрийн дотно хэн нэгэндээ том зорилгынхоо талаар сонирхуулахад “Ѳѳ наадах чинь бүтэхгүй дээ” хэмээн дуу алдахад л чи ѳѳртѳѳ эргэлзэж эхэлнэ. Чиний сэтгэлд багтаад байгаа зорилгыг тань тэр хүн ѳѳрийн сэтгэлдээ багтаах боломжгүй гэдгийг бид эргэцүүлдэггүй. Хэрвээ чи ѳѳртѳѳ итгэлтэй байгаа бол “Найз минь санаа зовох хэрэггүй дээ, би оролдоод л үзнээ” гэж хэлээд инээмсэглэхдээ, чи жижиг асуудлын ард гарч байгаа гэсэн үг.

2.     Зѳндѳѳ бодож тѳлѳвлѳсѳн зүйлээ хийж эхлэхдээ гэнэт бүтэлгүйтээд эхлэхэд чиний урам хугарна. “За даа энэ бүтэхгүй юм байна” гэж цѳхрѳхѳѳсѳѳ ѳмнѳ “Яагаад болсонгүй вэ?” хэмээн эргэцүүлж эхлэхэд ѳѳр зѳндѳѳ гарцуудыг олж хардаг. Ямар нэгэн бодлогын зѳв хариуг олоход бодолтын зѳндѳѳ олон аргуудаар бодож хариу гаргадагтай адил. Бүтэлгүйтэл болгон мухардал биш бѳгѳѳд ѳѳр боломжууд руу хѳтѳлдѳг гэдгийг мартаж боломгүй.

3.     Хамтрагчдын зарим нь танаас “урваж” холдоно, заримдаа ажлыг тань “ална”, эсвэл огтоос ѳѳр зорилгоор “нѳхѳрлѳсѳн” нь мэдэгдэнэ. Бачимдахдаа уурлаж хашгичаад, харааж зүхээд, үзэн ядсандаа бусдад муучлаад хэрэггүй дээ. Чиний сонголт байсан болохоор чи түүнд бус, ѳѳртѳѳ л гомд. Магадгүй тэр хүн ѳѳр санаа бодол зорилготой байх эрхтэй болохоор заавал чиний зорилгыг биелүүлэх албагүй. Уурлаж бачимдсанаар асуудал шийдэгдэхгүйгээс хойш уртаар санаа алдаад дахиад бүхнийг эхлэх хэрэгтэй болно. Аз таараад сайн хамтрагчтай болох хүртлээ тэвчээртэй, бас уйгагүй байхаас ѳѳр сонголт үгүй.

4.     Заримдаа санхүүгийн чадамжаас шалтгаалаад ажил зогсдог. Нэгэнт шийдэж чадахгүйд хүрвэл түр завсарлаад хэсэгхэн ч болов амсхийж ав. Уур уцаараа тайлж орхиод тайвнаар эргэцүүлэхэд мѳнгѳ олж болох зѳндѳѳ боломжуудыг мэдэрч эхэлдэг. Бага багаар ахиулсаар нэг л мэдэх дор асуудал руугаа буцаад орсон байх вий. Нэгэнт урьдчилаад энэ эрсдэлийг тооцож чадаагүй бол барьж байсан зүйлээ хагачиж шидэхийн оронд нэг гараараа нѳгѳѳ гараа барьж байгаад бухимдалаа дарсан нь хамаагүй дээр байдаг юм даа.

5.     Ѳѳ тэгээд урам хугараад “Би яах гэж ингэж ѳѳрийгѳѳ зовоож байдаг юм бэ? Энэ бүхнийг орхичихоод амар тайван амьдраад байж болно шүү дээ” гэж цѳхрѳнгүйгээр ѳѳртѳѳ үглэх тохиолдол зѳндѳѳ. “Бусад хүмүүс ойлгохгүй байхад би заавал ингэж…” хэмээн ѳѳрѳѳсѳѳ холдуулж бусдад гоморхоод хүртэл амжина гээч. Гэхдээ л дотроос нэг юм хатгаад, “шар хѳдлѳѳд” болохгүй, санаашраад л хэвтэх. Тайвширч ѳгѳхгүй сэтгэл нь “үүний ард гарчихвал нэг их сайхан амрах юм шиг” санагдаад, битүүхэндээ догдлоод л байх. Зарим шѳнѳ зүүдлээд сэрэхдээ энэ зорилгынхоо тѳлѳѳ дахиад л зүтгэж эхэлнэ.

Том зорилго, түүнд хүрэхийн тѳлѳѳх зүтгэл чиний оюун сэтгэлгээг хѳгжүүлэн задалж байдаг юм. Бүтэлгүйтлийн эсрэг боломжуудыг хайх эрэл чиний оюун сэтгэлгээг зѳв тал руу чиглүүлж байдаг юм. Зорьсондоо хүрч чадаад ѳѳртѳѳ талархан инээмсэглэх агшин чамайг аажим аажимаар хүчирхэгжүүлж байдаг юм. Хичнээн хэцүү байсан ч зорилгодоо хүрч чадсан үйлдэл болгон ѳмнѳхѳѳс илүү боломж руу чамайг хѳтѳлж байдаг юм.

Хүмүүс бидний энэ амьдрал нэг зорилгоос нѳгѳѳ зорилго руу тэмүүлэх цаг хугацааны урсгал аж. Алив зүйлийг бүтээхэд олон жил зарцуулдаг атлаа нураахад нэг л хором зарцуулдаг нь хүний тэвчээрийн хязгаар аж. Зорилгоосоо няцан бууж ѳгѳѳд ѳдѳр хоногийг аргацааж ѳнгѳрѳѳх доройтол чиний мѳн чанарын хэмжүүр аж.

Амьдралдаа тавьсан том зорилгуудын дэргэдэх жижиг асуудлуудыг шийдэж чадвал болохгүй бүтэхгүй зүйл гэж байхгүй болно доо. Зорилго бүрийнхээ ард гараад инээмсэглэж зогсох шиг аз жаргал ховор доо. Зүтгээд л үз, алдахгүй дээ.

                                     Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2019-06-17                                                                                                Вашингтон ДС


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.