04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

ТѲГС ТѲГѲЛДѲР ХҮН гэж ҮГҮЙ

 “Алдаа хүнийг амжилт руу түлхэж, амжилт нь алдааг зѳвтгѳж байдаг”

Бусдад тѳгс тѳгѳлдѳр болж харагдах гэсэн үйлдэл болгон ердѳѳ л жүжиглэл. Алдаа гаргадаггүй хүн гэж энэ ертѳнцѳд огт үгүй. Зүгээр л бид гаргасан алдаагаа бусдаас нууж, алдаа нь бусдад мэдэгдэхэд учиргүй ичиж шаналдаг. “Хүн болгон алдаа гаргах эрхтэй” гэж хүлээн зѳвшѳѳрѳх ахул, бусдаас ичиж шаналаад байх шалтаг огтоос үгүй. Ѳѳрийн алдаагаа ухаарч ойлгож чадвал, дахиад алдаагаа давтахгүйг хичээвэл, энэ нь амжилт руу хѳтѳлдѳг. Алдаа бүрээ амжилт болгон хувиргаж чаддаг хүн л “хүчирхэг” болно. Маш энгийн л дээ. Хэн нэгний ѳмнѳ эвгүй байдалд орохдоо “Уучлаарай, би санаатай ингээгүй юм шүү” хэмээн хүлцэл ѳчихдѳѳ, сэтгэл дотроо “Ѳѳ новш гэж, би үүнээс зайлсхийж болох л байсан шүү дээ” гэж эргэцүүлэн “Дахиад ингэж л болохгүй юм шүү” гэж ѳѳртѳѳ амлан үл ялиг инээмсэглэхэд л тайвширч орхино. Ѳѳрийн тань ѳмнѳ эвгүй байдалд орж байгаа нэгнийг учиргүй шоолон инээж, доромжлон тохуурхахаас зайлсхийж, энгийн тайван байдлаар хүлээж авч байгаа нь тэр хүнд тус болж байгаа дэмжлэг. Хэзээ нэгэн цагт ээлж заавал ирдэг юм даа.

Ѳѳрийгѳѳ хэн нэгнээс илүү гэдгээ нотлохын тулд нѳгѳѳ хүнээ албаар дарамтлан “доош нь хийдэг” нѳхдүүд бий. Тоглоод байгаа юм шиг инээгээд байгаа хэрнээ, цаанаа нэг зэвүүн доромж маягаар харьцаж, ѳѳрийн тохуурхалаа бусдаар дэмжүүлэх гэж чанга дуугаар сул тал болон алдааг нь зарлана. Зѳрүүлээд ѳѳр шиг нь харьцвал зѳрүүдлээд уурлана, зүгээр аяыг нь дагаад байх тусам доромжлолоо зогсоох бүү хэл улам гаардаг. Заримдаа зүгээр л мушилзаад ч болов тэсээд ѳнгѳрѳѳхѳѳс ѳѳр сонголт үгүй. Заавал хэн нэгнээс илүү, эсвэл дутуу байх ёстой гэдэг тэнэглэл монголчууд бидний харилцааг хүндрүүлдэг. Заавал адил, эсвэл илүү, дутуу гэж харьцуулалгүйгээр хүн болгоныг байгаагаар нь хүлээж авч, байгаагаар нь үнэлж, хүнийх нь хувьд хүндэлж харьцдаг бол хэн хэндээ хичнээн амар гээч.  Яг анзаарах ахул хүн болгонд сайн болоод муу талууд байдаг. Аль нэг нь жаахан давамгай байгаа нь мэдрэгдэнэ. Тэгээд л  “Ѳѳ энэ дажгүй хүн байна шүү”, эсвэл “За даа энэ хүнтэй дахиж дотносох хэрэггүй юм даа”  хэмээн дотор сэтгэлдээ хүүрнэдэг. Боломж олдоод хэн нэгэнтэй удаан цагаар ярилцах аваас чамд таалагдаж эхэлнэ. Чи тэр хүний сайн чанаруудыг анзаарч чадаж байгаа учраас…

Хүн болгонд ѳѳрийн гэсэн үнэт зүйл бий. Үнэт зүйлүүдээ олшруулж, түүндээ үнэнч байж чадах аваас чамд амьдрал тийм ч хэцүү биш санагдаж эхэлдэг. Хамт байгаа хүн тань чиний дургуйг хичнээн хүргэж байвч барьж аваад багалзуурдах тэчьяадлаа хязгаарлахаас, урдаа байгаа хундагатай дарсыг дуустал залгилж, тасартлаа согтох солиорлоо хязгаарлахаас, сайхан бүсгүйн гоо үзэсгэлэнг бахдан харахаас илүүтэй түүнтэй “унтаж үзэх сэн” гэдэг адбиш тачаалаа хязгаарлахаас, амьдралд тохиолдсон бэрхшээл бүхний бурууг бусдаас хайж, тэднийг үзэн ядах хорслоо хязгаарлахаас, ямар ч аргаар хамаагүй их мѳнгѳтэй болж түүгээрээ бусдад гайхуулах зэд шуналаа хязгаарлахаас чиний үнэ цэнэ бүрэлдэнэ. Энэ бүхний эсрэгцэлд байгаа үнэ цэнэдээ үнэнч байна гэдэг амаргүй л дээ. Гэхдээ энэ нь чиний хэн байж, хэрхэн оршихуйн шалгуур болж байдаг. Зѳндѳѳ алдаа гарч болноо. Алдаанаасаа ичих ичгүүр тань дахиад давтахгүйн эхлэл болж байдаг. Бага багаар ч болов энэ хязгаартаа тогтоод л бай. Энэ давтамжууд тань нэг л мэдэх дор чиний үнэ цэнийг тодорхойлж эхэлдэг. Зѳндѳѳ удаан цаг хугацааны дараа чи ѳѳрийгѳѳ ямар их амар амгалан болж буйгаа анзаарна. Амьдрал тань утга учиртай болж, чи бусдыг ойлгон уучилж, хайрлан халамжилж чаддаг болно.

Угаасаа тѳгс тѳгѳлдѳр биш болохоор бид зѳндѳѳ алдаа гаргацгаана. Алдаагаа “амьдралын шалгуур” хэмээн тайван хүлээж авч, засч тэвчээд байхад энэ нь таны амжилт болон хувирдаг.  Алдааны улмаас ѳѳрийг тань үзэн ядаж байсан хүмүүс, амжилтад тань баярлан бахдах хүртэл цаг хугацаа л шалгуур нь болж үлддэг. Aлдаанаасаа бүү ай, бүү ич. Алдаанаасаа ухаарал авч дахин давтахгүй байхад л чиний амжилт энэ болно. Хэн нэгэн ѳѳрийг тань шүүмжилж муулахаас бүү ай, бүү шанал. Чиний зѳв эсвэл буруу байсныг хэн нэгэн биш, цаг хугацаа л шүүж нотолдог юм даа.  “Ѳѳрийн бодол ѳѳртѳѳ зѳв” гэдэг сургааль зүгээр нэг хэлц биш юм билээ. Чиний ѳнѳѳдрийн амжилт, нэгэн цагт чиний гаргаж байсан алдааг зѳвтгѳж байдаг юм даа. Амьдрал сайхан шүү дээ.

                                      Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2019-05-04                                                                        www.galbadrakh.com


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.