03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

Төр засаг жаахан цэгцрэхээр л Монголдоо буцна даа

-7 хоногийн хамгийн сайхан өдөр хэзээ гээч? Баасан эсвэл Бямба гариг... Харин хамгийн хэцүү өдөр Даваа гариг.
-Ажилласаар байтал нэг л мэдэхэд 7 хоног гялс өнгөрчих юм. Яасан хурдан өнгөрчихвөө гээд л баярлах юм.
-Яг үнэндээ гялс гээд өнгөрч байгаа өдрүүдийн цаана бидний л амьдрал хурдан өнгөрч, үхэх цаг маань тэр хирээр ойртож байгаа гэж бодохоор заримдаа гунигтай санагдах юм.

-Америкт ирээд хэдэн жил болж байна?
-За даа бараг 6 жил болж байх шив дээ
-Бас ч удаж байгаа юм байна шүү дээ
-Бараг л юу ч мэдэхгүй шахам 6 жилийг өнгөрөөлөө. Өглөө босоод ажил. Орой ядаж зүдэрсэн амьтан өрөөндөө ороод унаад өгнө. Арай гэж нэг юм хоол хийж идcэн болоод л унтана. Дахиад л өглөө босоод ажилдаа. Яг л ажлын мал шиг л зүтгэнэ дээ. Гунигтай байна уу?

-Ажил чинь хүнд үү?
-Уг нь ойрдоо захиалга багатай болохоор гайгүй, захиалга ихтэй  үед бол ч нусаа хацартаа наана шүү дээ. Ер нь жилийн 9-12 сард ажил нилээд их, он гараад 1,2 сард арай бага, 3-6 сард ихсээд 7, 8 сард дахиад багасна. 7, 8 сард Америкчууд ихэнх нь амраад ийш тийшээ явчихдаг болохоор ер нь бүх ажлууд slow  болдог юм шиг байгаа юм.

-Хаа сайгүй л ажил slow  байна гэцгээх юм. Одоо 9 сараас гайгүй болох байх даа тиймээ?
-Цагаар цалинждаг болохоор slow  үе 
чанга шүү дээ. Манай солонгос эзэн, дотор ажил байхгүй гээд боож үхэх гэж байна. Хамаг ажил нь зогсчихоор юун цалинтай мантай л болно шүү дээ. Би хааяа хэмжилтэнд явж, цагаа гүйцээх гэж бөөн юм болдог.
-Яаж?
-Гялс явж хэмжилтээ хийчихээд, цагаа сунгах гэж энэ тэрүүгээр цаг өнгөрөөж байгаад очно. Очоод л трафиктай байлаа, тэглээ ингэлээ гээд л залж өгнө дөө. Харин манай эзэн надад хаа очиж гайгүй.
-Манай Монголчуудад хаа газар эзэд нь сайн байх юм.
-Аргагүй шүү дээ. Манайхан чинь ихэнх нь Монголдоо дээд сургууль, коллеж, тэхникүм төгсчихсөн, энд хараар ажиллаж байгаа халтаруудын дэргэд ''эрдэмтэн'' л гэсэн үг. Ядаж л хийх ажлынхаа арга эвийг хурдан олно. Ажлыг чин сэтгэлээсээ сайн хийнэ.

Орлоо Үзүүштэй буланд та бүхэн гишүүнийхээ хуудсаар дамжуулан өөрсдийн видео бичлэгээ youtube.com, dailymotion.com, video.google.com гэх зэрэг сайтуудаас видео оруулж болно.


-Чи Монголдоо юу хийж байсан юм бэ?
-ТИС төгслөө, холбооны инженер, бас ч дажгүй ажил хийж байсан.
-Тэгвэл кабинетийн үйлдвэртээ түүртэхгүй л юм байна шүү дээ.
-Иймэрхүү жижиг үйлдвэрт учрыг нь олж ядаад байх ч юу байх вэ. Эхлээд захиалга авна. Захиалга өгсөн айлдаа очиж хэмжилт хийнэ. Зургаа зураад эзэнд өгчихнө. Эзэн  зургийн дагуу модоор л хийлгэж байгаа юм. Цехэд бол ажил нилээд их. Кабинетийг нь яг л захиалгаар хийнэ, өнгөлнө, янз бүрийн тавцангуудыг бас хийж өнгөлнө. Бэлэн болмогц хоёулаа айлд нь аваачиж өгнө. Америкт харин сайн тал нь стандарт яг мөрддөг болохоор бэлэн бэлдцүүд угсардаг сайн талтай.
-Олуулаа ажиллах уу?
-Гайгүй. Цехдээ 3, угсралтад 2 хүн л ажиллана. Кабинет хийхийг нь харин жаахан гарын дүйтэй хүн хийдэг. Манайхан бол ямар ч ажлыг дорхноо л сурчихдаг юм. Монголчуудын цусанд угаасаа жаахан юм бий шүү.

-Цалин?
-За даа янз бүр. Ер нь дунджаар цагийн 10$-15$ байдаг юм даа. Өдөрт яс л 8 цаг ажиллана. Хааяа илүү цаг ажиллах тохиолдол гарна, ер нь ховор доо. Ажил бага тохиолдолд, эзэн цалингүй амраачихдаг болохоор зарим сард мяарна шүү дээ. Зарим сард юун Монгол руу мөнгө явуулах, байр, хоол, машины мөнгөө төлөхтэй үгүйтэй л болно доо.
-Мөнгө хурааж чадав уу?
-Америкт мөнгө хураана гэдэг хэцүү дээ. Яг л мөнгө хураах зорилго тавиад, 2 ажил хийж, гүрийж байгаад хамаг зардлаа танаж байгаад юу юм гэхээс. Яг тогтмол ажилладаг газар бол арай гайгүй юм шиг байгаа юм. Миний хувьд өөрийгөө болгоод Монголд байгаа хэдийгээ л нэг юм болгоод байна даа.

-Зардал их гардгийг Монголд байгаа хүмүүс ойлгодоггүй юм шиг байгаа юм.
-Харин тиймээ. Нэг л их өндөр цалин аваад мөртлөө харамлаад байна гэж боддог юм шиг байгаа юм. Манай хэд ч гайгүй ээ ойлгодог юм. Энд 1 бэдрүүм байранд сард  дунджаар 1200$ төлнө. Үүнийгээ хэд хэдээрээ сууж хуваагаад төллөө гэхэд 1 хүн сард 300$ багагүй төлнө. Хоол хүнсэнд их л хичээгээд бас л 300$ орчим, дээр нь утасны мөнгө, машины мөнгө, тамхи бензин, бусад зардлууд талийж өгнө. Одоо Виржиниад хууль чангарчихсан. Машины хурд хэтрүүлэхэд л 1000$-1500$ торгодог болчихлоо. Ёстой л мөрөөрөө мөөмөө унжуулаад л явж байхаас өөр аргагүй.

-Энд ууж байна уу?
-Америкт бараг согтотлоо ууна гэж байхгүй дээ.  Хааяа жаахан пиво ууж сууна. Жаахан халаад л ''Чингис хааны'' Жаргалсайхны
''Харийн нутаг давчдаад байна
Харсан зүгтээ гүймээр байна
Хатуухан дарсыг ч цутгамаар л байна
Хашгирч уйлмаар бас дуулмаар байна'' гээд л бараг нүдэнд нулимс гүйлгэнээд л дуулцгаагаад, сонсоцгоож байдаг даа. Америк ер нь архинд хатуу чанга ханддаг болохоор хэрэглээ нь аяндаа соёлжчихдог юм шиг санагдсан.

-Харийн нутаг Америкт, мэргэжлийн бус ажил хийгээд 6 жил амьдарлаа, юy нь сайхан байнаа?
-Үгүй яахав дээ. Сэтгэлийн дарамтгүй, ажил хийгээд боломжийн цалин авч байна. Түүгээрээ Монголд байгаа гэр бүлээ тэжээж, бас 2 ч хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлж байна. Америкийн хөгжил, хууль дүрэм, мөнгөний үнэ цэнэ, бизнесийн арга ухааныг мэдэрч байна. Бас халтар хултар англиар ярьж, хагас дутуу ч ойлгож сурч байна.

-Монголдоо буцах уу?
-Буцна даа. Хэзээ гэдгийг ч одоо хэлж мэдэхгүй байна. Ямар ч гэсэн 2 хүүхэд сургууль төгсөөд орхиг. Tөр засаг жаахан цэгцрээдхэг.
-Төр засгийг бас харнаа? (инээлдэв)
-Ядаж Монголд бизнес хийх эрүүл орчинтойболох  байлгүй дээ. Одоо ч чанга байгаа л сурагтай.
-Мэдээлэл хаанаас яаж авч байна?
-Завтай үедээ интернэт рүү ороод сонин уншчихна. Харин одоо Монгол телевиз шууд гардаг болсон гэсэн. Оноос өмнө тэрнийг тавиулнаа.
-За тэгээд л гүрийгээд л байж дээ.
-Америк амьдралаараа амьдраад л биллээ төлөөд л гүрийгээд байна даа. 
-Хааяа ингэж буу халж байх зүгээр юм
-Баасан ахын төрсөн өдөр ганц нэг пиво шимэнгээ буу халах зүгээр ээ, хааяа дотор онгойдог юм.

Ярилцсан Галаа.
Энэхүү ярилцлагыг хуулбарлан тавьбал заавал оrloo.com гэсэн эх сурвалжийг нь заавал дурдана уу!.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.