04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

ХАРДАХ СЭТГЭЛ

Манай гэр бүлүүдэд байдаг нийтлэг зовлон нь ХАРДАЛТ.  Ядаж байхад “Хайртай бол хартай” гэдэг үгэнд итгэчихсэн. Хайртай гэдгээ нотлох гэж хардаад байгаа гэж тайлбарлавал хоцрогдсон сэтгэлгээ. Залуус бие биедээ дурлан шохоорхож, хайрлан дасч, хамт амьдрахаар сонгож гэр бол зохиосон цагаасаа бие биенээ ѳѳрсдийн ѲМЧ  гэж тооцсоноор энэ зовлон эхэлнэ. Үнэт ѳмчѳѳ ѳѳрѳѳсѳѳ холдуулахгүй, ѳрѳѳлд алдахгүй, гэхдээ бусдад гайхуулах хүсэлтэй. Ѳѳрийн болгоод авахаараа тайвширчихдаг юм уу,  түүний гоо үзэсгэлэн хийгээд анх дурласан үнэт зүйлсэд нь анхаарал хандуулахаа больж эхэлнэ. Ѳдѳр болгон эрхлүүлэн жиргэж, ѳхѳѳрдѳн хѳѳргѳж, магтан мандуулахгүй болохоор нѳгѳѳ хүн нь гомдон туньж, үг хаяж, айлган тунирхаж эхэлнэ. Амьдралд дандаа үлгэрийн ханхүү, үзэсгэлэнт гүнж шиг байх боломжгүй л дээ. Анхандаа шүтэн бишэрч байсан харц нь бага багаар дасч, аажимдаа нэг их анхаарахаа болино. Уянгалаг уран сэцэн үгс нь багасан багассаар ХАЙРТАА гэдэг товчилсон хэллэгт багтана. Үйлдэл болгоныг нь бахдан магтаж байсан нь хааяа нэгтээ МУНДАГ ШҮҮ гэж хайхрамжгүйхэн жижүүрийн магтаалд шилжинэ. Амьдралд хүн болгон нухлагддаг.

-Чи хэнтэй ингэж удаан яриа вэ?
-Чи хаагуур яваад ингэж удаад байна вэ?
-Чи намайг тоохоо больж дээ?
-Чи яагаад надад хэлэлгүй ингэж шийдээ вэ?
-Чи найзуудтайгаа зугаалаад намайг анзаарахгүй байна
-Би танай аав ээж ах дүү нарын чинь дэргэд хэн юм бэ?
-Чи, чи , чи

гэсэн тодотголтой олон асуултын тэмдэгнүүд анхаарлын тэмдэг болон хувирч байдаг. “Хэрвээ чи намайг тоохоо больж байгаа бол намайг тоох хүн бас байдаг юм шүү” гэсэн анхааруулгатай. Гэхдээ түүнийг ч бас тоох хүн байгаа гэдэгт түгшээстэй. Одоо ч тэгээд сонголтууд олон болж дээ, хэхэхэ. Хэн нэгэнд гологдсон түүнийг ѳѳр хэн нэгэн тоож “шүүрэхэд” бэлэн, зугаа цэнгэлээр дүүрсэн нийгэмд бид оршиж байна. Харин тэр сонголт оновчтой, оновчгүй эсэхийг цаг хугацаа болоод бурхан л шүүх байх. Хэрвээ анзаарах ахул “Хэлэмгий хүн сурамгай” гэгчээр хайртай хүнээ араар нь тавьдаг хүн, ѳѳртэйгѳѳ харьцуулаад хардаад байх нь илүү. “Би ингэж явж болоод байгаа юм чинь энэ бас яаж зүгээр байх билээ” хэмээн хорсонгуй бодно. Хардалтаас шалтгаалаад салсан гэр бүлүүд энэ амьдралын туршид тѳѳрч будилж яваа нь бий. Аз таарч сайн хүнтэй таарах нь бий. Гэр бүлээ тогтоогоод авч үлдэж байгаа нь ч бий. Яг тэгнэ гэсэн жоргүй боловч бусдын амьдралаас сургамж олж гаргалгаа олж байх хэрэгтэй мэт.

ТЭГЭЭД ЯАХ ЁСТОЙ ЮМ БЭ, гэж үү?

1.     БИЕ БИЕДЭЭ ИТГЭЖ БАЙ. Хэрвээ чамайг араар нь тавихыг хүссэн бол яаж ийгээд ч болов араар нь тавьдаг. Хэрвээ чи түүнийг чин сэтгэлээсээ хайрлаж байгаа бол “Би чамдаа итгэдэг шүү” гэж сануулж бай. Ѳдѳр болгон хэлбэл залхана.
2.     АНХ ТҮҮНД ДУРЛАСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ХЭВЭЭР НЬ ХАДГАЛАХЫГ ХИЧЭЭЖ БАЙ. Хэрэв тэр үнэ цэнэ байхгүй болчихвол бие биедээ үнэ цэнэгүй болчихдог юм. Түүнийгээ эрхэмлэн нандигнаж байж, бусдаас ялгарах гэр бүлийн үнэт зүйл тань хадгалагдаж байдаг юм.
3.     ГЭР БҮЛИЙН АСУУДАЛДАА БУСДЫГ БҮҮ ОРОЛЦУУЛЖ БАЙ. Танай гэр бүлийн хэн ч мэдэхгүй, мэдэх ч шаардлагагүй нандин зүйлс тогоон дотроо л шийдэгдэж байг л дээ. Санаа нь шаналсан сайхан сэтгэлийн зэрэгцээ атаархсан хорон сэтгэл байж л байдаг юм шүү дээ.
4.     ЯМАР Ч ХЭЦҮҮ АСУУДЛААР БИЕ БИЕДЭЭ БУУЛТ ХИЙН УУЧИЛЖ СУР. Та хоёр бие биенээ ойлгож уучлахгүй юм бол, хэн нэгэн бас амьдрал та нарыг уучилдаггүй юм.
5.     БИЕ БИЕНЭЭ ХҮНДЭЛЖ БАЙ. “Эхнэр нь нѳхрѳѳ аав шигээ хүндэлж байвал, нѳхѳр нь эхнэрээ охин шигээ хайрлаж байдаг юм” гэдэг сайхан үгийг саяхан уншсан. Хүндлэл нь танай гэр бүлийн харилцааны хэм хэмжээний хязгаарыг тогтоож байдаг юм.
6.     ТА ХОЁР БИЕ БИЕНЭЭ БҮТЭЭЖ БАЙДАГ ЮМ. Чи ямар эхнэртэй байхыг, бас ямар нѳхѳртэй байхыг хүсч байна, түүнийгээ ѳѳрсдѳѳ бүтээж байдаг юм шүү дээ. Мэдээж маш их тэвчээр шаардагдах боловч энэ бол маш сайн бүтээл болно. Амьдралд хатуу жор байдаггүйн адил танд зориулсан тѳгс хань гэж байхгүй дээ.

Би муу хань байсан болохоор одоо хүртэл ганцаараа амьдарч байгаа. Гэхдээ олон залуус бас хүмүүс энэ тухай надаас асуудаг. Бидний нүдэн дээр хардалтаас үүдэлтэй олон гэр бүлүүд сарниж байна. Санаа зовоод энэ тухай хэд хэдэн удаа бичиж байв. Цаг хугацааны урсгалд, дээр бичсэн санаа бодлууд улам л батжаад байгаа юм даа. Залууст хэлж зѳвлѳж байх хэрэгтэй байнаа. Заавал зѳв байх албатай биш хэдий ч санаа авах зүйлээ аваад орхих зүйлийг нь орхино биз.

Залуус аа. Энэ амьдралаа та нар ѳѳрсдѳѳ бүтээдэгтэй адил ханилах ханиа ч ѳѳрсдѳѳ бүтээж байдаг юм. Маргалдан муудалцаж, гомдон туниж , айлган тунирхаж байгаа үйлдэл болгон тань гэр бүлээ тогтоон бүтээх гаргалгааны эрэл юм шүү дээ. Маш их тэвчээр, ухаан шаардах авч энэ бүтээл хамгийн урамтай сайхан бүтээл. Дараа нь бахархаад, хайрлаад, дурлаад ханашгүй бүтээлийг чамаас ѳѳр хэн ч бүтээхгүй дээ. Цав цагаан морьтой ханхүү, үзэсгэлэнт гүнж чамайг морин дээрээ дүүрэн тансаг харш руу давхин орж хундага тавилгүй наргин цэнгэн жаргадаг үлгэрт итгэхээ больж үз. Үлгэрийн зохиогч нь та хоёр ѳѳрсдѳѳ юм шүү дээ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

Вашингтон ДС хот

2019-10-14


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.