05 сарын 21, Мягмар
°C
USD 3,381.28
USD 3,381.28
EUR 3,676.47
JPY 21.71
GBP 4,292.20
RUB 37.25
CNY 467.55
KRW 2.49

Хов жив ба хувийн нууц

Хүн бүрийн амьдралд сайн муу олон зүйл ээлжлэн тохиолддог. Сайн сайхан тохиолдолд баярлан хөөрч, муу муухай тохиолдолд гуниж гутрах нь хүмүүний араншин. Хүмүүс гуниж гутарсан, эсвэл баярлаж хөөрсөн үедээ хамгийн дотно хүмүүстэйгээ энэ тухай ярилцаж сэтгэлээ хуваалцана. Мэдээж зарим нь тайтгарах гэж, бас зөвлөлгөө авах гэж ярьдаг байх л даа. Нэг л мэдэхэд ярьсан зүйл нь ам дамжин яригдсаар, өөрөө ч ойлгохын аргагүй мэдээлэл, хов жив болон хувирч, өөрт нь сонсогдоход гайхан, цочирдохгүй байхын аргагүй. Ийм байдлаас болж, сэтгэл зүйн хувьд  хямралд орох, бас ажил, амьдралд нь таагүй байдал учрах нь олонтой. Нэг ёсондоо хүний хувийн аар саар асуудлыг өөрийнх нь хүсээгүй байхад, олон нийтэд дэлгэж орхих нь, тэр хүний бүх хувцсыг ньтайлж орхиод олны өмнө чармай нүцгэн байдлаар харуулж байгаагаас ялгаа юун. Хэрэв хүсээд, хайж олбол хүн бүрт сайн муу элдэв асуудал байж л байгаа шүү дээ.
                            Нэг. Хов жив
Социализмын үед бид зав ихтэй байж дээ. Мөнгө их олж амьдралаа сайжруулахын тулд илүү ажиллах шаардлага үгүй. Ядахнаа л илүү ажиллахыг хүссэн ч нөгөө ажил нь үгүй. Оногдсон ажлаа сайн ч, муу ч хийсэн болчихоод, тогтмол цалингаа аваад гиюүрч суудаг болохоор чөлөө цагаараа бусад хүмүүсийнхээр хэсч, худал үнэн зүйл ярьж, бие биеийн хувийн асуудлуудыг сонирхож бас оролцдог байж. Ажил хөдөлмөр хийдэггүй, ар гэртээ үр хүүхдээ харж, уйдаж суудаг бүсгүйчүүдэд энэ бол цагийн зугаа.

Ойр орчиндоо амьдардаг хүмүүсийн тухай болон өрх гэрийн амьдралыг сонирхож, олсон мэдээллээ өөртэйгээ адил төрлийн амьдралтай бусадтай хуваалцаж, шүүмжилж суух нь зугаатай байдаг байсан байх. Аливаа зүил хөгжлийн тодорхой үе шатыг туулдаг болохоор, тодорхой хугацаанд энэ нь тэдний үндсэн ажил ба мэргэжил шахуу болтлоо хөгжжээ. Түүнээс гадна тэр үед маш ховор байсан мэдээллийн хэрэгслэлийг орлож байсан нь ч нууц биш. Ийм мэдээллийн балгаар зарим гэр бүл салах, ах дүүс , анд нөхөд муудалцах нь зөндөө. Нэг хүний нөгөө хүндээ ярьсан мэдээлэл нь олон хүний ам дамжин, янз бүрийн хийсвэр төсөөллүүдээр баяжигдсаар, эцэст нь адал явдалт зохиолын баатар болон хувирах нь олонтой. Үүнийг хов жив гэдэг юм. Хамгийн хөгжилтэй нь ярьж байгаа хүн нь, цаад хүнээ уг яриаг цааш нь дамжуулан ярина гэдгийг мэдсээр атлаа "Би үүнийг ганцхан чамд итгэж хэллээ шүү. Цааш нь хүнд битгий яриарай" гэж ёс юм шиг л захина. Энэхүү хов жив хэмээх аман мэдээллийн хөгжлийн оргил нь өнөөдрийн "шар" хэмээх тодотголтой сонингууд юм шүү дээ.

                Хоёр. Хувийн нууц
Хүн бусдын өмнө шалдан харагдахыг хүсдэггүйгээс хувцас өмсөж явдагтай адил, дотоод сэтгэл болон амьдралд нь бусдаас нууцлах, тэдэнд заавал мэдэгдэх албагүй олон асуудлууд байдаг. Ялангуяа гэрбүл, ах дүү, найз нөхдийн хүрээнд.
Ийм хүрээнд үүсч байгаа алив ээдрээтэй асуудлууд нь "төрийн эргэлт" гаргах болон олон нийтэд ноцтой хохирол учруулахаар биш л бол хэнд ч хамаагүй. Тэгээд ч "Олгой хагарвал тогоон дотроо" гэдэг үг гарсан байх. Хоорондоо ойлголцоогүйгээс үүдсэн маргаан зөрчил, буруу үйлдлээс болж гарсан зөрчилдөөнийг хэрхэн яаж шийдвэрлэх нь тэр хүмүүсийн асуудал. Гаднаас хэн нэгэн хүрч ирээд, тогооны тагийг нь сөхөж хараад, та нар олгойгоо ингээд хагалжээ, одоо цаашид ингэвэл зохилтой гэж сургамжлах буюу, "тэдний олгой нь хагарчээ" гээд бусдад зарлаад байвал хэнд ч аятай сайхан санагдахгүй. Гэр бүл болон ах дүү, найз нөхдийн хүрээнд гарч байгаа алив маргаантай асуудлуудад, гуравдагч этгээд болон бусад хүмүүс орлоцоод ирэхээр утга учраа алдаж, сайнаасаа илүү муу үр дагавар авч ирдэг. Учир нь уг зөрчидөөний эх үүсвэр болон үндэслэлийг тэр хоёроос өөр хэн ч мэдэхгүй, мэдэх ч аргагүй болохоор зөв бурууг шүүх ямар ч боломж үгүй.

Түүнчлэн "Өмдгүй байж өвдөг цоорхойг шоолов" гэгчээр өөрсдийн хувийн олон асуудлаа шийдэж чадахгүй байж, бусдын хувийн асуудлуудыг сонирхоод, тэднийг шүүмжилж, бусдад "загвар' болгон дэлгээд байх нь зохимжгүйн дээр дэндүү бүдүүлэг хэрэг. Шинэхэн гэрлэсэн хосуудын амьдралд аав ээж, ах дүүс нь хэт оролцон шүүмжилж, зааж зааварлаж байснаас болж салсан, шинэ санаа, бүтээл гаргаж байгаа хэн нэгний хувийн бүтэлгүйтсэн амьдралыг бусдад дэлгэн тавьж, гутаах оролдлого хийснээс урмыг нь хугалсан гэх мэт олон тохойлдлуудыг бид харсаар байгаа.
Тийм ээ! Алив хүний хувийн амьдралд тохиолдож байгаа сайн муу олон асуудлууд нь зөвхөн тэр хүний хувийн "нууц". Өөрөө хүсээгүй байхад хэн ч сонирхож, хэн ч халдах эрх үгүй. Үүнийг л бид сайтар ялган салгаж ойлгох цаг болжээ.

                    Гурав:Анкет бүртгэгчид
Саяхан "Орлоо.ком" дээр Алтаргана гэдэг бүсгүй энэ асуудлыг хөндөж бичсэн байсан. Манай монголчууд бие биетэйгээ танилцахдаа нарийвчилсан анкет бүртгэх "хобби"-той. Магадгүй энэ нь монголдоо олон анкет маягт бөглөдөг байсны үр шим байж болох. "Намайг тэр гэдэг", "Би тийм ажил хийдэг" гэсэн хариулт тань шаардлага хангахгүйгээр барахгүй нэмэлт олон асуултууд ар араасаа цуварна даа.
-Чи аль аймаг вэ?
-Эхнэр хүүхүэдтэй юу?
Тэд чинь хаана байдаг? Хэдэн настай болон аль нэг шүд нь хорхой идсэн эсэх
-Чи хаана яг ямар ажил хийж байсан?

За тэгээд социализмын үейин анкет бөглөхөд байдаг хэвшмэл асуулт болох, "Улсаас авсан гавъяа шагнал", "ял шийтгэл"-ийг лавлана. Сүүлдээ илэн далангүй, "хээгүй" байдлаа, "архи уудаг, хааяа шоуддаг эсэх, мөн нууц амрагтай эсэх" гэхчилэн асуултуудаар илэрхийлнэ. Ёс юм шиг л би түүний таньдаг хэн нэгнийг заавал таньдаг байх учиртайг илэрхийлж, "Чи..........-ийг танина биз дээ"гэсэн асуултууд тулгарна. Тэр хүн нь аль нэгэн босс, эсвэл улстөрч, үгүй ядахнаа хэн нэгэн "одонцор" байх жишээтэй. Хэрэв таньдаг гээд хэлчихвэл тэр нөхрийн тухай хууч хөөрөх хэрэгтэй болдог, таньдаггүй гээд хэлчихвэл "юм мэддэггүй" тэнэг хүний тоонд орчих гээд байдаг.
Цаг зав багатай, яарч яваа үед бол энэхүү танилцах ёслол маань хошин шогчдын хэлдгээр "үнэн тамтай".
Одоо үед, хүмүүсийн харилцаанд зөвхөн сонирхсон асуудлаар санал солилцох нь харилцааны соёлын үндэс нь болдог. Цаад хүнийхээ ярих дүргүй байхад нь, илүү дутуу элдэв зүйлийг сонирхож, шалгаах нь нөгөө хүнийхээ дургүйцлийг төрүүлж, өөрөө ч эвгүй байдалд ордог гэдгийг санаж байхад илүүдэхгүй.

Уншигч та ч гэсэн хамт ажилладаг болон найзалж нөхөрлөдөг гадаад хүмүүсийнхээ тухай юу мэддэгээ анзаараад үзээрэй. Хүмүүсийн адил төстэй үзэл бодол, сонирхол нь хүмүүсийг хооронд нь холбож нөхөрлүүлдэг. Тийм хүмүүс ойлголцдог санаа бодол, яриа нийлдэг сэдвээрээ ярицахаас бус, бусад хувийн чанартай асуудлуудыг төдийлэн сонирхдоггүй. Чиний сайн найз тань эхнэртэй буюу эхнэр нь ямар ааш зантай эсвэл эхнэрээсээ салсан зэрэг асуудлууд танд огт хамаагүйгээр барахгүй, дээрх асуудлууд та хоёрын нөхөрлөлд нөлөөлөх учиргүй.
Дээрх анкет бүртгэгчид зөвхөн таны анкетийг бүртгээд орхичхдог бол яахав. Хэрэв таны дүргүйцсэн сэтгэлийг анзаарсан бол, таны "их зантай, яравгар нөхөр" болох тухай тодорхойлолт, үндсэн анкет дээр чинь нэмэгдэн, цаашид дамжин яригдах болно. Нэг анзаарсан чинь та дээр хэлсэнчлэн адал явдалт, эсвэл хошин зохиолын гол баатар болчихсон ч явж мэдэх вий. Монголчууд бид хэдий болтол ийм бүдүүлэг, "хээгүй' явах юм бэ? Ядахнаа л өөрийн эргэн тойрон болон ойр байгаа хүрээндээ үүнийг өөрчилж, харилцааны соёл бий болгох гээд үзвэл яасан юм бэ?

                         Дөрөв. Тамын тогоо
Энэ мэтчилэнгээр, хувийн нууцад халдсан, элдэв баяжмал бүхий хов жив, анкет бүртгэгчдийн идэвхи зүтгэлээр, олон олон муу үр дагаврыг бий болгож байна.
Бусдын хувийн амьдралын талаар цуглуулсан олон муу мэдээллүүд нь, тэр хүний бусдын төлөө хийсэн болон хийж байгаа олон сайн үйлүүдийг гутаан харлуулахад хэрэглэгдэж байна. Яруу найрагч агсан Р. Чойном. О. Дашбалбар, дуучин агсан Адарсүрэн нарын тухайн үедээ архи ууж, олон бүсгүйчүүдтэй холбогдож явсан нь өнөөдөр хэнд муугаар нөлөөлж байна вэ? Хүмүүс тэдний шүлгийг уншиж дууг нь сонсож, сайн сайхнаар дурсан бахархаж байна. "Уулын чинээ харыг туулайн чинээ цагаан гүйцнэ" гэж хэлэлцдэг. Цаг хугацаа улирах тусам тэдний бүтээл нь улам ч гялалзан мөнхөрч байгааг бид харж байна. Одоо ч Монгол оронд авъяас, хийж бүтээснээрээ гайхуулан бишрэгдэж байгаа хөгжмийн зохиолч Жанцанноров, яруу найрагч Б Лхагвасүрэн гуай нарын тухай таагүй зүйл мэр сэр бичигдсэн харагдаж байсан. Монгол орны хөгжлийн төлөө, монгол хүмүүсийн зүрх сэтгэлийн гэрэл гэгээний төлөө, өөрийн авъяас чадал, сэтгэл оюун, хүч хөдөлмөрөө зориулж байгаа ийм хүмүүсийг "амьдад нь хайрлаж, хүндэтгэж" байх нь "тамын тогооны үлгэр"-ийг жаргаах эхлэл нь болох буй заа.

"Уг нь авъяастай нь авъяастай, мундаг нь мундаг л даа. Гэхдээ л..." гэж хэлэхийг сонсч байсан. Муу хүнээс хүний сэтгэл зүрхэнд хүрсэн сайхан үг сайхан бүтээл гардаггүй л байхгүй юу. Тэд ямар бурхан болон бугийн дүрд ээлжлэн хувирдаг ид шидтэн болон хувилгаад биш. Ердийн сайхан сэтгэлтэй хүмүүс.
"Тамын тогооны үлгэр" нь өөрөөс нь илүү сайн явж, сайн үйлс бүтээж байгаа нэгнийгээ сайшаан бахархахын оронд, хордон атаархаж, энэний ямар нэгэн үйлс нь бүтэлгүйтэж, надаас ялгаагүй болоосой гэж боддог, өчүүхэн атгаг санаатнуудад зориулсан юм. Бид цөөхүүлээ. Энэ нь аливаа сайн зүйлийг түгээн дэлгэрүүлэхэд, бага хугацаа шаарддагаараа давуу талтай.
Монгол орны хөгжлийн төлөө, монгол хүмүүсийн сайн сайхан амьдралын төлөө, чин сэтгэлээсээ хийж байгаа сайн сайхан үйлс бүхнийг дэмжин талархаж байх нь бидэнд үнэхээр хэрэгтэй. Хүмүүсийн амьдралын аар саар алдаа оноо бүхнийг олж илрүүлэн бусдад сурталчлан гутаах нь тийм сайхан зүйл гэж үү? Монгол орны хөгжилд саад болж байгаа, монгол орны хувь заяа, тусгаар тогтнолоор тоглож байгаа хүмүүсийн талаар энд хэлээгүй юм шүү.
Бид бие биеэ дэмжиж, бага гэлтгүй алдаагаа засч, сайн сайхан бүхний төлөө бие биедээ сайнаар нөлөөлж байх нь үнэхээр чухал байна.
         "Муур хар ба цагаан байх нь хамаагүй. Гагцхүү хулгана барьдаг байх нь чухал" гэж манай урд хөршийн шинэчлэгч Дэн Сяо Пэн хэлсэн юм. Мундаг үг шүү.
                   

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах       Gala_mn@yahoo.com


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.