03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

ЧИ ХЭНИЙ ТѲЛѲѲ АМЬДРААД БАЙГАА ЮМ БЭ?

Энд тэндгүй цацсан будааны нэгэн ширхэг зүүний үзүүр дээр тогтох шиг, энэ ертѳнцѳд хүн болж мэндлэх гэдэг юутай ч зүйрлэшгүи хувь тавилан. Замын түгжрэл дунд цээжээ гарган харааж хашгиралдах хүмүүс, зѳндѳѳ зовлон тоочин байж чамаас мѳнгѳ салгаад түүгээрээ архи уун согтож шогтох хүмүүс, чамд учиргүй дотносох хэрнээ чиний араар чамайг бусдад муулан ярих хүмүүс, чамд хайртай гэж уяруулан нэгэн хѳнжилд шѳнийг хѳгжилдэн ѳнгѳрүүлэх атлаа ѳглѳѳ нь хээв нэг хувцсаа ѳмсѳн хальтхан үнсээд чамайг мартаж одох хэн нэгэн, чамайг алдар хүндтэй байхад зусардан дотносох атлаа чамайг алдаа гарган гундахад хээв нэг нулимж орхиод холдож одох хүмүүс болгон энэ л зүүний үзүүр дээр тогтсон аугаа их хувь тавилангийн эзэд. Бурхан гэгч хэнийг хайрлаад, хэнийг тохуурхаад байгааг би ойлгодоггүй юм, миний ухаан ч хүрдэггүй юм.

Чи ээжийнхээ хэвлийгээс орилон чарлаж бусдыг инээлгэн ирэх тавилан, чи бусдыг уйлуулан байж авсан дотор амгалан оршиж буцах хүртэл харьцангүй хугацааг бид элээдэг. Чиний хэн байхаас, чи энэ ертѳнцѳд яаж амьдарсан гэдэг нь бурханы шалгуур байх. Биднийг энэ ертѳнцѳд ирүүлээд буцаах хүртэл бурханы хишиг байж болох ч, энэ хугацаанд яаж амьдрах нь гагц чиний л сонголт.  Зѳндѳѳ олон хүмүүс энэ ертѳнцѳд ирээд зовж зүдрэхдээ шалтгааныг нь бусдаас хайж, гомдсондоо бусдыг үзэн ядацгаадаг. Учирсан зовлонг даахгүйдээ архи уун бусдад агсамнаж, ѳгсѳн хайрыг даахгүйдээ бусдыг хардаж зовоон тарчлааж, итгэл даахгүйдээ бусдыг хууран мэхэлж, үг даахгүйдээ үнэн үг хэлсэн хэн нэгнийг үзэн ядаж. үйл даахгүйдээ залхууран хулчийж, үхэхдээ хүртэл бусдыг үзэн ядах хорсол хүний  зовлонгийн шалтгаан.

Их олон хүмүүс энэ ертѳнцѳд ѳѳрийнхѳѳ тѳлѳѳ бус. ѳрѳѳлийн тѳлѳѳ амьдарч байгаа хэмээн мунхардаг. Тэгээд л ѳѳрийн зовлонгийн шалтгаанаа ѳрѳѳл бусдаас хайн гомдоллоно. Ѳѳрт нь тусалсангүй хэмээн гомдоллох хэрнээ ѳрѳѳл бусад нь ѳѳрийн гэсэн амьдрал зовлон жаргалтай хэрнээ бас асуудалтай гэдгийг ухаардаггүй, ѳѳрийг нь ойлгосонгүй хэмээн агсамнах хэрнээ ѳрѳѳл бусдыг ѳѳрѳѳ ч ойлгодоггүй гэдгээ хүлээн зѳвшѳѳрдаггүй, ѳѳрийг нь дэмжсэнгүй хэмээн шаралхах хэрнээ ѳрѳѳл бусдад бас л санаа байгаа гэдгийг ухаардаггүй, ѳѳрт нь мѳнгѳ байхгүй хэмээн тунирхах атлаа ѳрѳѳл бусад нь амьдралаа залгуулах гэж зовж байгааг анзаардаггүй. Зүгээр л ѳѳрийн хувиа хичээх бэртэгчин санаа бодол, ѳѳрийгѳѳ биш ѳрѳѳл бусдыг буруутгах тэнэглэл болж байгааг бид ѳѳрсдѳѳ ч анзаардаггүй.

Найз минь дээ, зүүний үзүүр дээр ширгэх будаа тогтох шиг аугаа хувь тавиландаа талархаж, ѳѳрийн хувь заяагаа ѳѳрѳѳ л үүрч яв даа. Амьдралын урсгал дунд учрах зовлон болгоноо ѳѳрийн шалгуур мэт хүлээж авч сур. Хичээж давсан зовлон бүрийн ард илүү боломж оршин байгааг анзаарч ѳѳрийгѳѳ хутга мэт хурцал. Учирсан зовлон болгоноо ухаарлын учиг хэмээн бодолдоо зангидаж сур, түүнийгээ эрчил. Энэ амьдрал хулчгар хүний шийтгэж, тэмцэгч хүнийг дэмжиж байдгийг анзаар. Энэ амьдрал гэдэг чинь далайн давалгаа болгоны ѳѳдѳѳс сѳрж сэлэх бяр юм шүү дээ. Зовлондоо гонгинож бүү гутар. Тэр чинь чиний ХҮН шиг оршихуйн шалгуур юм шүү дээ. Чи нэг л зүйлийг, чи бусдын тѳлѳѳ бус, зѳвхѳн ѳѳрийнхѳѳ оршихуйн тѳлѳѳ амьдарч байгаа гэдгээ хэзээ ч бүү март. Чи энэ ертѳнцѳд тѳрж, чи энэ ертѳнцѳѳс буцна гэдэг л маргашгүй үнэн. Түүнтэй адил чиний эргэн тойрон дэх хүмүүс энэ л тавилангаас хаашаа ч холдохгүй дээ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

www.galbadrakh.com                                   2019-09-22


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.