05 сарын 14, Мягмар
°C
USD 3,381.57
USD 3,381.57
EUR 3,643.98
JPY 21.69
GBP 4,234.91
RUB 36.81
CNY 467.42
KRW 2.47

2013 онд ӨӨРТӨӨ ИТГЭЖ АМЬДАРЦГААЯ

...2013 он гарлаа.  2012 онд дэлхий сүйрч, бүх амьдрал төгсгөл болно хэмээн түгшиж байсан  олон олон хүмүүс баярласандаа бархирангаа алдаж буй.  Саяхан шинэ жилээ тэмдэглэж, одоо цагаан сараа ёслох гэж байгаа тэднийгээ харахад "баярламаар чюм шиг, бахархмаар ч юм шиг".  Хүн амьд байх мөчид, амьдрал сайхан.  Өвчин зовлонгүй эрүүл саруул байх мөчид түүн шиг жаргал үгүй. Өр ширэнд баригдалгүй өөрийгөө болгоод явж байхад түүн шиг амар амгалан нь бас үгүй

Нээрээ!  Өнгөрсөн оны сүүлчээр  "Сөнөх гэж байгаа ертөнцөөс амьд үлдэх"  гэж оролдсон монголчууд бидний оролдлого, бидний сэтгэхүй ямар түвшинд ямар байдалтай оршиж байгаа "нүцгэн үнэн"-ийг, огтын нэмэр хачиргүйгээр харуулав даа. Жаахан ичгэвтэр хэдий боловч бодож эргэцүүлэх зүйл бидэнд олон байнаа. "Айсан хүн адуу хөөж, ичсэн хүн хүн ална" гэдгийн үлгэрээр дургүйцэж  уурлаад ч  яахав.  "Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргидог" гэдэгчлэн, хэсэг бүлэг хүмүүсийн тэнэглэл нь хэрээс хэтрэхээр  "монголчууд" гэдэг нэрийг давхар нааж авч яваад л хамаг учир нь байгаа юм.

1. ЗУРХАЙН  "Эх орон"

Өнөөдөр Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслэл, телевиз, радио, интернет мэдээлэл, фейсбуукээр хүртэл  байнгын мэдээлэгдэж, сурталчлагдаж байдаг зүйл нь зурхай. Өрнийн дорны, жилийн , ордны гэхчилэн хөвөрч өгнө.  Хүн болгон л би энэ сард "юутай хэнтэй учирч, ямар баяр баясгаланг эдэлж, ямар гай барцадтай тулгарах нь вэ?" гэдгээ зурхайгаас харж сониучирхана. За тэгээд "хайр дурлалын болоод сексийн зурхай" ч тусдаа байдаг гээд бод доо. Бодвол хэн нэгэнд  дурлахдаа, нөгөө ажлаа гүйцэлдүүлэхдээ ч зурхайд заасныг л баримтлах нь байна шүү дээ.  Мөнгө их багаар олдох эсэх нь өөрийн хичээл зүтгэлээс бус зурхайд зааснаар болдог гэдэгт итгэдэг хүмүүс даанч олон. Ордны шинжсэн зурхайд өгүүлсэн шинж чанаруудыг "ёстой үнэн юм билээ" хэмээн сайн найздаа сайрхан ярих залуус ч олон. Гол нь тэнд хүнийг тэгтлээ муулсан зүйл бичигдээгүй болохоор "өөрийгөө гайгүй сайн хүн" гэж бусдад далд утгаар ойлгуулах боломж нь тэр.

Зурхай бол мундаг шинжлэх ухаан. Мэдээж их ч нарийн хэрнээ өөрийн хатуу дэг жаягтай. Зурхай зурдаг хүн , хувь хүнтэй холбоотой мэдээллүүдийг тэгтлээ олон нийтэд түгээгээд байдаггүй байх. Энэ нарийн шинжлэх ухааныг хялбаршуулж, олон нийтийн "хэрэглээний" түвшинд тавих нь байдаг л зүйл биз. Харин түүнийг нь ягштал дагаж, үгчлэн  мөрдөөд байвал шинжлэх ухаан, мэдээллийн технологи хөгжсөн энэ зуунд хэр зохимжтой юм бол? Бас хүн цаг хугацаа болон хийж гүйцэтгэх ажлаа маш нарийн тооцож төлөвлөдөг болсон цаг дор хэр тохирох юм бол?

2. БӨӨ МӨРГӨЛИЙН "Эх орон"

Өнөөдөр Монголын айл бүр "бөөтэй" болж, дээд тэнгэртэй харьцах болсноор Монгол орон хөгжинө гэж үзэж байгаа хүмүүс олон бий. Бие нь чилээрхсэн хэн нэгнийг "онгод сахиусаа авахгүй бол..." хэмээн "айлгаж", онгод сахиусаа авах ёс үйл, өмсөх хувцас, зүүсгэлүүд нь хүртэл тус тусдаа үнэ ханштай болсон гэх. Яагаав саяхан "дэлхий сөнөх тухай" алдарт номлолоо айлдаж, олон нийтийн сэтгэхүйг "байлдан дагуулсан" Оюунгэрэл гэгчийн  "Орифлейм"-ын  сүлжээний бизнес шиг болж  өргөжиж буй бололтой. Бөөнүүд мянга мянгаараа нэгдэн бөөлж  дэлхийн сүйрлээс ганцхан Монголыг аварч үлдэх тухай, бид өөрсдөө хичээж хөдөлмөрлөхгүй байсан ч дээд тэнгэрийн ивээлээр Монгол орон хөгжин дэвжиж, мандан бадрах тухай тэдний учирлалд чин сэтгэлээсээ итгэдэг хүмүүс даанч олон. Өөрөө мэдрэмжтэй эс мэдрэмжтэй,  хүсэлтэй эс хүсэлтэй байлаа ч бусдын шахалт шаардлагаар бөө болон "онгод сахиусаа дуудагсад"  бас цөөнгүй.

Дээд ертөнц болон тэнд орших сүнсний ертөнцтэй харьцдаг  гэх "бөө мөргөл"-ийг  үгүйсгэх аргагүй.  Гэхдээ ийм чадвар нь хүн болгонд байгаа гэдэгт эргэлзмээр. Америкийн уугуул индианчуудад болон монголчуудад уламжлагдан үлдсэн "бөө мөргөл" гэдэг нь мэдээж өөрийн гэсэн зан үйл,  хатуу дэг жаягтай. Харин үүнийг "сүлжээний бизнес"-т оруулан олноороо дагаж хийрхээд байх нь хэр зохимжтой юм бол? Мэдэх мэдэхгүй, чадах чадахгүй хэн нэгний  буруутай үйлдлээр өөрсдийн эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохироод байх нь  хэр тохиромжтой юм бол?

3. МУХАР СҮСГИЙН  "Эх орон"

Өдгөө Монголд шашны олон урсгалууд бий болжээ. "Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи мөн" гэсэн марксистуудын алдарт сургааль  улиг болж,  "Шашин бол хуулийн заалтаар хэрэгжүүлж чадахгүй байгаа хувь хүний мөн чанарыг нөхөж чаддаг" хэмээх өнөө цагийн хэллэг  дэлгэрч эхэлжээ. Мэдээж хүн болгон төгс төгөлдөр бус болохоор буруу мууг хийж үйлдэх нь зөндөө. Түүнийгээ чин сэтгэлээсээ гэмшиж, засч залруулахын оронд сүмд очиж мөргөөд, эсвэл их хэмжээний өргөл барьцаар "аргалж болно" гэж бодогсод даанч олон.  Сайн ажих ахул дэргэдээ "арыг нь даадаг лам"-тай, дэнж болгон дээр буян болгож босгосон "суваргатай",  овоо тахилгын наадмыг ивээн тэтгэж, өөрийн "бөх" өө дагуулан очиж түрүүлүүлж байгаа нөхөд л  хамгийн "явдалтай".  Буян номын сургаалыг огоорч, шашны зан үйлийг  "бизнес" болгож чадсан энэ нөхдийн уршгаар, мөнгөнд урхилагдсан "дэргэдийн лам",  мөнгөөр нүглийг цайруулж болдог гэсэн итгэл үнэмшилтэй "мухар сүсэгтнүүд" олширч байна.
Шашин бол хувь хүмүүсийн итгэл үнэмшил юм.  Хүмүүс нэгэн үзэл бодлын төлөө найзалж нөхөрлөж, бие биедээ чин сэтгэлээсээ тусалж дэмжиж  чадаж байгаа нь шашны ач тус. Харин  сүмийг зөвхөн нүглээ наминчлахад зориулагдсан газар гэж, өглөг барьцыг  хийсэн нүглийнхээ цайруулах "төлбөр" гэж бодож хандах нь хэр зохимжтой юм бол? Өөрийн үйлдэж буй буян, нүглээ ч ялгахгүй, сэтгэлдээ өөртэйгээ ярилцаж  гэмшиж ариусгаж чадахгүйгээр  "мухар сүсэгт" хөтлөгдөн, "мөнгөөр л бүхнийг аргалж болно"  гэж боддог хүмүүст шашин хэр тохиромжтой юм бол?

4. ЦУУ ЯРИАНЫ "Эх орон"

Монголчууд бидний олонхи нь ном уншихаа больж. Амьдралын туршлага, баримт нотолгоо, шинэ техник технологиос илүүтэй  "тэгсэн гэнэ, тэгэх гэж байгаа гэнэ" гэхчилэнгийн ам дамжсан цуу ярианд үнэн голосоо итгэгсэд, түүнийг хуй салхи мэт цааш дамжуулагсад даанч олон. Бодвол энэ нь жалга жалганд цөөн гэрээрээ амьдарцгааж, хааяа саахалт айлдаа зочилж очингоо "хол ойрын хов жив сонсох" нүүдэлчин амьдралын өнөө хэр нь балраагүй "жим" юм болов уу? За тэгээд хүн төрөлхтөн хэзээ ч итгэж үнэмшихийн аргагүй гаж сонин зүйлд бүр ч их итгэнэ.  Харь гаригийнхантай уулздаг хүн, далдыг хардаг увидастан, ямар ч өвчнийг ташуураар ороолгоод эдгээдэг  хувилгаан, дээр нь зайдлаад суухаар "хүүхэд" тэй болгодог чулуу, бараг сарын дотор л хэд хэдэн хэлд сургадаг "ид шидтэн"  эд бүгдээрээ л "тэнд тийм мундаг хүн байна гэнэ, энд ийм шидтэн байна  гэнэ"  гэхчилэн ам дамжсан ярианы баатрууд. Шинжлэх ухаанд бус цуу ярианд итгэдэг энэ л сэтгэхүй дээр мөн ч олон зальтангууд  баяжив даа. Хичнээн ч хүмүүсийн хөдөлмөрлөж олсон мөнгө тэдний халаасанд оров.

Хүн юм уншихаа болих тусмаа цуу ярианд улам итгэдэг. Шинжлэх ухааны бүтээлүүд, хүмүүсийн бүтээлүүдийг уншихад цаг хугацаа хэрэгтэй, ойлгоход амаргүй болохоор, амар хялбраар нь цуу яриа сонсдог юм болов уу? Хүмүүс оюун сэтгэхүйгээ ажиллуулахаас "залхуурах" тусам,  сэтгэлгээ нь тэр хэмжээгээр ядуурдаг. Сэтгэлгээ нь ядуу байх тусмаа баян тансаг амьдрахыг мөрөөдөх нь хэр зохицолдоотой юм бол? Өөртөө хэрэг болох зүйлээ уншиж, мэдлэг боловсролоо дээшлүүлэхгүйгээр хөгжиж дэвжинэ гэж бодож байгаа нь хэр үнэмшилтэй юм бол?

5. ХИЙРХЭЛИЙН  "Эх орон"

Би хэд хэдэн зүйлийг байнга гайхаад байдаг юм. -Утасны дугаарыг зөвхөн Монголд зардаг, тэр тусмаа 9911... тэй дугаарыг  асар өндөр үнээр зардгийг. Утас бол хүмүүсийн харилцааны ердийн хэрэглээ. Энэ дугаарууд ямар " ид шидтэй" юм бэ? хэмээн хүн болгон зэвүүрхэх авч худалдан авагч, худалдаж зарагч нь буюу зах зээлийн эрэлт хэрэгцээ нь байгаа болохоор  наймаа явагдсаар.  -Монголд төрийн албан хаагчдьн цалин нь харьцангүй бага мөртлөө, хүнсний болон өргөн хэрэглээний барааны үнэ  нь Америкаас илүү үнэтэй байгааг. Гэтэл америкчуудын цалин нь тэднээс хэд дахин өндөр.  Яаж ч бодсон авч буй цалингаасаа хэрэглээ нь хэд дахин өндөр байгаа шалтгааныг Авилгалтай Тэмцэх Газар  \АТГ\ "бодоод бодоод олохгүй" л байгаа юм даа. -Мэдлэгтэй ч мэдлэггүй ч бай, чадвартай ч чадваргүй ч бай хүн болгон заавал "дарга" болох гээд улайран зүтгээд байгааг.  Хөдөө орон нутагт эрх мэдэл шилжиж байгаатай холбоотойгоор ах дүү хамаатан саднаараа нам болгонд хуваагдан орон нутгийн сонгуульд өрсөлдөх болсон гэсэн. Хэн нэгэн гарсан тохиолдолд тэр орон нутаг тэдний мэдэлд шилжинэ гэсэн үг юм уу даа.

Энэ бол хийрхэл. Эрх мэдэл албан тушаалаа ашиглан, зөвхөн Монголд  "төрөөс тэрбумтангууд төрдөг" болохоор, тэрбумтангууд нь зэрэг зиндаагаа илэрхийлэх гэж түмэн олноос "тасардаг" болохоор л энэ "зиндаархал", "хийрхэл" бий болоод байгаа хэрэг.  Харин үүнийг  дэмжиж, хөгжүүлж  байгаа нь бид өөрсдөө. Харсаар мэдэрсээр хэрнээ  сонгоод гаргаад ирдэг болохоор зарааж зүхээд ч яах билээ? Энэ бүхнийг нь зогсоож чадахгүй болохоороо "их ч барьсан өмхий, бага ч барьсан өмхий" гэж бодож байгаа нь хэр тохиромжтой юм бол?

6. ХОШИН ШОГИЙН  "Эх орон"

Манай оронд хошин урлаг үнэхээр "тасархай" хөгжиж байнаа.  Урлагийн одууд, алдартнууд  нь хошин шогийнхон. "Юун улсын наадам, юун цагаан сар" гэдэгчлэн  "юун сонгодог урлаг, юун ардын урлаг, юун поп урлаг".  Тэд кино хийж байна, нэвтрүүлэг хөтөлж байна,  бас дуулж бүжиглэж,  олон түмний өмнө хүйсээ сольж үзүүлж байна.  Хүмүүс уулзах бүрдээ "Хөөе чи тэр хошин шогийг үзэв үү? манайхан нээрээ алж байнаа. Элгийг бөөртэй нь хамтад аваад хаяж байна, цаана чинь" гэнэ.  За тэгээд залуус маань хүртэл "ном уншсанд орвол хошин шог үзэж сэтгэлээ сэргээе" гэх болж дээ. Шинэ жилийн өмнөхөн "Алтан сарнай" хэмээх алдартан шалгаруулах олон нийтийн  санал асуулгын урлагийнхны дүнгийн явцыг хальт харлаа. Өнгөрсөн жил дэлхийд дуурийн урлагаар "Гран при" авсан дуучин маань хошин шогийнхноос тэртээ ард. За тэгээд хошин шогийн хэдэн жүжигчид маань өнгөлж явах жишээтэй. Хэрэв "од" болохыг хүсвэл хошин шогийн жүжигчин л болох хэрэгтэй юм байна шүү дээ.
Хошин урлаг гэдэг бол яах аргагүй хэрэгтэй урлаг. Нийгэмд болон ард олны амьдралд, сэтгэхүйд байгаа алдаа дутагдлыг хошин маягаар үзүүлж ухааруулдаг урлаг.  Марзганалаас жүжиглэлт нь илүү байвал хүмүүсийн сэтгэлд хүрдэг. Марзганахад нь хүмүүс амаа ангайлган чанга чангаар инээдэг бол жинхэнэ жүжиглэлтэд  сэтгэлдээ санаа алдан , "нулимстай" инээдэг. Харин бид өөрөө өөрсдийгөө толинд харж байгаа мэт өдөр шөнөгүй баясах нь хэр зохимжтой юм бол? Өдөр болгон харж дадсан буруу муухай үзэгдэл болгондоо "байх л ёстой" зүйл мэт дасч орхих нь хэр тохиромжтой юм бол?

7.ХАРЬЦУУЛАЛТЫН "Эх орон"

Монголчууд бид хэн нэгэн хүнийг яг байгаагаар нь хүлээж авах тун дургүй. Заавал хэн нэгэнтэй харьцуулан үзэж "түүнээс дутуу эсвэл илүү болохыг" шинжинэ.  Ариунааг Сараатай, Нямдоржийг Тэмүүжинтэй,  Элбэгдоржийг Энхбаяртай, Баярцогтыг Ганбаатартай,  Хуланг Ичинхорлоотой, Дагвадоржийг Батбаяртай... гэх мэтээр. За тэгээд л "тэр нь түүгээрээ илүү, энэ нь энүүгээрээ дутуу" гэхчилэн өөр хоорондоо маргалдацгаана. Заримдаа маргаан нь "саваа халих" -аараа, тэдний дундах нууцхан өрсөлдөөнийг муудалцаан болгох нь бий.  Тэгэхдээ хүмүүс тэднийг муудалцаж зөрчилдөх тусам нь баярлаж, эвлэрч нэгдвэл сэтгэл дундуур болж ч магад. Учир нь ийм харьцуулалт, хүмүүсийн ярианы "мөнхийн сэдэв" нь байдаг. Одоо үүгээр далимдуулан, хамгийн орлого ихтэйд тооцогдох "Соронз" нэртэй папараци сэтгүүл гарч ирэн хүмүүсийн "шавиаг нь хангаж" байна.  Хүмүүс  тэднийг заавал адилхан байлгахыг хүсээгүй ч, адилгүй байхыг ч бас хүсдэггүй.

Хүн гэдэг бол давтагдашгүй ганц ертөнц. Хүмүүс бидэнд  адил зүйл олон  байх авч сэтгэхүй болон үйлдлээрээ ялгардаг.  Тэгэхээр бид заавал бие биетэйгээ адил байх албагүйтэй адил, заавал таалагдаж байх ч шаардлагагүй.  Хүн болгоныг байгаагаар нь хүлээж авч сурах нь тийм ч хэцүү зүйл биш. Заавал өөр хоорондоо өрсөлдөж, илүү дутуу, сайн муугаа дуудалцаж байх нь тийм ч зохимжтой зүйл биш.
 
...Монголчууд бидний сэтгэлгээ болон сэтгэхүйд ямар нэгэн хэмжээгээр нөлөөлөөд байгаа энэ үзэгдлүүд хаана ч байдаг л зүйл. Алив зүйл хэм хэмжээндээ байхдаа бусдад хохирол учруулдаггүй. Харин хэм хэмжээнээсээ халихаараа л бусдад муугаар нөлөөлдөг юм.  Бүх зүйл БАЙХ ЁСТОЙ ГАЗРАА, БАЙХ ЁСТОЙ ХЭМЖЭЭНДЭЭ байвал юутай сайн сан.

                                                   ӨӨРТӨӨ ИТГЭЖ АМЬДАРЬЯ

...Ирж буй шинэ он хүн болгонд хөгжил дэвшил авч ирдэг.  Чи өөрөө энэ ертөнцийн давтагдашгүй гайхамшигт бүтээл болохоор бүх боломж зөвхөн чамд  өөрт тань байгаа. Чиний амьдралд тулгараад байгаа олон асуудлыг чиний өмнөөс хэн ч шийдэж чадахгүй. Учир нь тэр хүн бол чи биш. Тийм болохоор зөвхөн өөртөө л найдаж бай.

Хүн болгоны өмнө өөрийнх нь туулах учиртай тавилан, хувь заяа гэж бий. Тэр бол өөр хэнийх ч биш зөвхөн чиний л зам. Тийм болохоор амьдралдаа тулгарсан асуудалд өөрөө гаргасан шийдвэрийнхээ, сайн муу үр дагаврыг чи өөрөө л хариуцна. Хэнд ч гомдож, хэнд ч хонзогонох хэрэггүй.

Амьдралдаа зорилгогүй явбаас чи, тас харанхуй шөнө урдаа байгаа ухсан нүхийг харахгүйгээр түүн рүү явж байгаагаас огт ялгаагүй.  Хэрэв чи өчүүхэн ч гэсэн зорилго тавьж чадвал чиний гарт лаа бий болох болно. Том зорилго тавьж чадвал хурц гэрэлтэй дэнлүү барьж яваа гэсэн үг. Гартаа ямар нэгэн гэрэлтэй байхдаа чи ангал руу хэзээ ч хөл алдан унахгүй.

Хүн хэзээ ч зовохгүйгээр жаргалд хүрдэггүй. Залуу насан дээрээ чи эрдэмд уйгагүй шамдаж, найз нөхөд тань зугаацаж байгаа бол хожим нь найз нөхөд тань эрдэм сурах гэж зовж, чи өөрийнхөө хүссэнээр байж чадах болно. Уйгагүй хичээл зүтгэл хэзээ нэгэн цагт чамайг заавал амжилтад хөтөлж очно.  Амжилт гэдэг чиний сэтгэл ханамжтай амьдралын баталгаа.

Бид энэ ертөнцөд олуулаа хамтдаа аж төрж байгаа болохоор өөрт тань байгаа боломж бүхнээрээ бусдад тусалж байвал сайн. Яагаад гэвэл зовлон жаргал гэдэг хүн болгонд ээлжилж ирдэг юм. Бусдад тус болоод мартаж орхисон сайн сэтгэлийн хариу хэзээ нэгэн цагт буян болж ирдэг. Ерөөлөөр гэх үү дээ. "Надад боломж байгаа юм чинь энэ хүнд яагаад тусалж болохгүй гэж?" хэмээн өөртөө ямагт хэлж бай.

Чи заавал бусдад таалагдах албагүй ч өөрийнхөөрөө амьдрах эрхтэй.  Чамд таалагдахгүй байгаа хүнтэй муудалцалгүйгээр зөвхөн түүнийг ойлгоход л болно.  Заавал дахин дахин учраад хэрэлдэж муудалцаад байх хэрэггүй шүү дээ. Өөрийгөө хүмүүст ойлгуулж, өрөөл бусдыг ойлгож сурна гэдэг мундаг эрдэм. Тэгээд л "энэ ертөнцөд сайн муу бүх л зүйл зэргэцэн оршиж байдаг юм шүү дээ " гэж сэтгэлдээ хэлэхэд л чи тайвширч чадна.

...Мэдээж хэн нэгэнд хандах, зөвлөж туслах юм байлгүй л яах вэ? Элдэв хүнээс асууж тодруулах зүйл байлгүй л яах вэ? Гэхдээ бүх юманд хэм хэмжээ гэж байдаг. Харин бүх боломж зөвхөн чиний гарт л байгаа. За тэгээд 2013 онд  бусдад биш өөртөө илүү найдаж зүтгээд үз дээ?

                                              ЧИ МУНДАГ ШҮҮ ДЭЭ, АМЖИЛТ ХҮСЬЕ.

                                        Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
e-mail:  gala_mn@yahoo.com                                                                                                     2013-01-05


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.