05 сарын 06, Даваа
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

К. НОМИНЖИН "САЙХАН АМЬДРАЛ БОЛ ЭЕРЭГ СОНГОЛТЫН ҮР"

\ЦУВРАЛ ЯРИЛЦЛАГА-16\

...Лос-Анжелес хотноо В.Тулгатын нэвтрүүлгийн зураг авалтын үеэр К.Номинжинтой уулзсан юм. Тэр богино хугацаанд бид 2-ын хооронд болсон яриа миний сонирхлыг ихэд татсан. Тэгээд Номинжинд хандаж "Чи бид хоёр ярилцлага хийвэл өнөөгийн залуус болоод хүмүүст хэрэгтэй сайхан санаануудыг бусдад хүргэх боломж байнаа" гэж санал болгосон юм. Тэрээр саналыг минь зөвшөөрч, боломжтой үедээ уулзаж, ярилцахаар тохиролцов. Өнгөрсөн 8 сард Лос-Анжелос хотод очихдоо бид уулзаж ярилцсан. Харин түүний ярилцлагыг буулгахдаа нэлээд цаг хугацаа зарцууллаа. Хэтэрхий гэгээлэг, бас бусдад "содон" санагдахаар түүний яриа, бусдад хүргэж уриалж байгаа санаануудын утга холбоосыг алдагдуулахаас эмээж байсан хэрэг. Ийм залуу хэрнээ ингэж ухаарч, өөрөө энэ ухааралдаа "эзэн" нь болж бусдад үлгэр дуурайл болж чадаж байгаа нь надад хамгийн сайхан санагдсан. Бид хоёрын яриа урлагийн амжилтаас нь илүүтэй бусдад түгээх гэгээрэл, ухаарал, амьдралын мөн чанар хийгээд эрүүл амьдрахуйн учрын тухай хөөрөлдөөн байв.

НЭГ. ГҮН БАЛДАНЦЭРЭНГИЙН УДАМ

-Г.Галбадрах: Бага насны дурсамжийг тань хөндвөл?

-K.Номинжин: Би өөрийгөө их азтай хүн гэж боддог л доо. Миний эмээ, ээж нар намайг багаас минь л зөв хүмүүжил, зөв үзэл бодолтой болгох гэж хичээсэн. Эмээ маань намайг төрөхөөс гарч ирсэн өдрөөс л надтай ярьж, харьцдаг байсан гэдэг. Би нэг нас хагастайдаа бараг чөлөөтэй ярьдаг болсон гэсэн. 2 настайдаа монгол хэлээрээ чөлөөтэй ярьж, бас орос хэлээр ярьж эхэлсэн.

-Г.Галбадрах: Яагаад орос хэлээр ярьж эхэлсэн гэж? Орост байсан хэрэг үү?

-K.Номинжин: Ээж минь тэр үед Орост Казаний Их Сургуульд сурч байсан юм. Миний ээж бол нэлээд хатуу, зарчимч хүн, гэхдээ сөрөг талаасаа биш л дээ. Зодож занчаад юм уу, үгээр доромжилж биш, багаас минь "зарчим" гэдэг зүйлийг ойлгуулсан. "Бусад хүмүүст муухай ааш гаргаж болохгүй, бусдад тусалж, бусдыг хүндэлж бай, бусадтай сайхан харьцаж бай" гэхчилэн. Намайг 10, 11 нас хүртэл эмээ, ээж хоёр минь тэгж л өсгөж хүмүүжүүлсэн.

-Г.Галбадрах: Уучлаарай, чи эмээ, ээж хоёр гэж их ярилаа. Аав тань байсан уу?

-K.Номинжин: Миний төрсөн аав монгол хүн байдаг. Намайг өсгөхөд нэг нас хагастайгаас минь хойш оролцоогүй.

-Г.Галбадрах: Гэр бүлийн зөв хандлага хүүхдийг сайнаар төлөвшихөд нөлөөлдөг гэсэн санаатай тань санал нэг байна. Магадгүй энэ нь "удам сайт" гэж монголчуудын нэрлэдэг хүндэтгэлийн илрэл байж болох?

-K.Номинжин: Манай буурай эмээ болохоор Балданцэрэн гүнгийн ганц ач охин. Гүн Балданцэрэнгийн ганц ач хүү нь миний буурай эмээгийн үеэл дүү түүхч, академич Ш. Нацагдорж ах байсан юм. Балданцэрэн гүн гэдэг хүн маань язгууртан угсааны, олон хэлээр ярьдаг, бичгийн өндөр чадвартай, дуу хөгжим урлагт авьяастай, бас дуртай хүн байсан юм билээ. Түүхч, академич Ш. Нацагдорж ах ээжид маань бидний өвөг дээдэс гүн Балданцэрэн гуай “Эрүү цагаан болжмор” гэдэг дууг бичсэн гэж хэлсэн юм билээ.Тийм хүмүүсийн удам угсаа нь гэрийн хүмүүжлээр дамжин үе уламжилж, үргэлжилж байсан хэрэг. Нэг ёсны гени нь удамшиж байгаа хэрэг гэх үү дээ. Монголд маань болсон хэлмэгдүүлэлтийн үеэр буурай эмээ минь маш их зовсон гэдэг. Хэлмэгдэл эхэлсэн бараг эхний шөнө аав Доржсүрэнг нь баривчилж авч яваад тэр чигтээ сураггүй. Гэтэл шүүх хуралгүйгээр маргааш өдөр нь цаазалсан байсан нь цагаатгалын үеэр мэдэгдсэн. Тэгээд л бүх хөрөнгийг нь 2-3 дахин хураагаад, язгууртан гарлаасаа болоод нийгэмд маш ихээр гадуурхагдаж их ч зовж зүдэрсэн юм билээ. Уг нь буурай эмээ маань 15хан настайдаа төрийн яаманд бийрийн бичээч хийж байсан, 1-р дунд сургуулийн 1926 оны анхны төгсөгч байсан.

-Г.Галбадрах: Монголын түүхэнд "хар мөр" болж үлдсэн тэр цөвүүн цаг, олон ч сэхээтэн хүмүүсийн амьдрал, итгэл найдварыг нь үгүй болгосон гэдэг юм билээ?

-K.Номинжин: Тийм шүү. Удалгүй ээж нь нас барж, эмээ минь ганцаараа өнчин хоцорсон гэдэг. Их ч баян чинээлэг өссөн хэрнээ хожим нь ядуурч их зовсон болохоор маш ухаалаг, их ч хатуу болж төлөвшсөн байх. Өөрийнхөө тухай хааяа ярихдаа "Би баян айлын ганц охин байсан ч гэсэн хэзээ ч буруу эрхэлж байгаагүй. "Өсөхийн жаргалыг жаргалд бүү бод. Өглөөний нарын наранд бүү бод" гэж сургадаг байсан. Монгол хэл бичгийг төгс эзэмшсэн, их ч уран, бүх л төрлийн хөгжмийн зэмсгийг эзэмшсэн, маш сайхан дуулдаг хүн байсан. Их ч зарчимч, зөв бодолтой хүн байсан гэсэн. Тэр буурай эмээгийн маань бага охин нь миний эмээ юм.

-Г.Галбадрах: Амьдралд "хат суусан" бүсгүй хүн, хэзээ ч өөрийн үнэт чанараа алддагүй гэдэг. Тэр тусмаа өөрийн үр хүүхдүүдээ хүртэл тэгж өсгөдөг.

-K.Номинжин: Эмээ маань яг л ээжийнхээ зарчмаар хүмүүжиж өссөн. Эмээ маань болохоор "бусдын буянд даган баясах ёстой" гэж ярьдаг, угаасаа ч тийм л хүн байлаа. Манай эмээ Саранчимэг гэдэг нэртэй. Хилийн комисст бичиг хэрэг, бичээчийн ажил хийдэг болохоор их ч аялдаг хүн байж. Хаалгаар ороод очиход л эмээгээс минь гэрэл цацарч байгаа юм шиг нүүр дүүрэн сайхнаар инээгээд л сууж байдаг тийм их эерэг энергитэй хүн байсан. Бусад хүмүүсийн сайн сайхан яваад баярлаж инээгээд л "үгүй, тэр найзад минь тийм сайхан зүйл тохиолджээ", "тэр тэгж сайн явна гэнээ" гээд л өөрт нь тийм их сайхан зүйл тохиолдсон юм шиг л чин сэтгэлээсээ л баярладаг. Маш их хөдөлмөрч. Хоёр охин төрүүлсний том охин нь миний ээж. Хоёр охиноо л сайн хүн болгох гэж, сайн ээж байх гэж их ч хичээж зүтгэсэн. Миний ээж бас сайн ээж байхыг өөрийн карьер, нэр алдраас илүү чухалчилж ухамсартай сонголт хийсэн юм.

-Г.Галбадрах: Танай удам судар их гэгээлэг, сэхээтэн хүмүүс байжээ. Ээж тань ч бас тэдний сайн үргэлжлэл байсан байхаа?

-K.Номинжин: Ээжийг минь Алтанзаяа гэдэг. Багаасаа л бас мундаг хүүхэд байж. 1986 онд тухайн үед Монголдоо хамгийн шилдэгт тооцогдох Нийслэлийн 1-р 10 жилийн дунд сургуулийг "алтан медаль"- тай төгссөн. Ээж минь 5,6 настайгаасаа л биеэ дааж бүх зүйлийг өөрөө хийдэг байсан гэдэг. Дүүгээ харна, гэрийн бүх ажлаа хийнэ, өдөр бүр хоолоо хийнэ, хичээлээ давтана, тэгээд зогсохгүй орой болгон эмээгийнхээ нурууг барьж өгдөг байж. Эмээ минь ядарч байгаа байх гэж бодсондоо шүү дээ. 1-р ангид орохдоо л энэ сургуулийг "алтан медальтай төгсөнө" гэж өөртөө зорилго тавиад, 40 улирал тасралтгүй "онц" сурсан юм билээ. Хөгжимд бас авьяастай, бас сайхан дуулна шүү дээ. Тухайн үеийн нийгэмд "урлаг хөөнө" гэдгийг бол дорд үздэг байжээ.

-Г.Галбадрах: Тэр үед ч тиймэрхүү хандлага байсан байх шүү. Харин "онц" сурдаг хүүхдүүдийг төрийн бодлогоор хэрэгтэй мэргэжлээр гадаадад болоод дотоодод сургадаг байсан.

-K.Номинжин: Ээж минь ер нь "номын хүн" л дээ. 10-р ангиа төгсөхөд нь Болгарын консерваторт сургах тэтгэлэг ирэхэд татгалзаад, ОХУ-д Казаний Их Сургуульд "социологч"-ийн мэргэжлээр суралцаж бас "онц" дүнтэй төгссөн гэдэг. Ээжийгээ Казаньд сурч байх үеэр би төржээ. Сонин тохиолдол шүү. 1989 онд эмээ минь бурхан болж, эмээгээ бие барснаас хойш яг 9 сарын дараа би төрсөн юм. Монголчууд маань их бэлгэдэлтэй ард түмэн шүү дээ. Хүмүүсийн үхэж төрөх хүрдэнд "эргэж төрдөг" гэж үздэг хүмүүс олон бий. Ээж минь болохоор намайг мэндлэхэд, "эмээгээ эргэж төрлөө" гэж бодсон гэдэг.

-Г.Галбадрах: Сонин тохиол байна шүү.

-K.Номинжин: Одоо би 24 настай. Гэтэл ээж минь яг миний одоогийн насан дээр Казаний ИС-иа төгсөөд МУИС-д багшаар ажиллаж эхэлсэн байдаг юм. Тэгэхээр миний насан дээр ээж минь өөрийгөө болон гэр бүлээ бүрэн авч явах чадвартай, бас нийгэмд өөрийн гэсэн байр суурьтай болж байжээ. МУИС-д багшилж байгаад Энэтхэг рүү аспирантурт суралцахаар явсан юм. Тэр үед би 5 настай л байсан юм уу даа.

ХОЁР. ЭНЭТХЭГ ОРОН МИНИЙ ТӨЛӨВШИЛД САЙНААР НӨЛӨӨЛСӨН


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.