05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

К. НОМИНЖИН "САЙХАН АМЬДРАЛ БОЛ ЭЕРЭГ СОНГОЛТЫН ҮР"

ХОЁР. ЭНЭТХЭГ ОРОН МИНИЙ ТӨЛӨВШИЛД САЙНААР НӨЛӨӨЛСӨН

Nominjin Keralad
-Г.Галбадрах: Яагаад заавал Энэтхэг рүү суралцахаар сонгож явсан юм бол?

-K.Номинжин: Ээж минь Энэтхэг улс руу аспирантурт шалгалт өгөөд тэнцэж, Энэтхэг Улсын тэтгэлгээр суралцахаар явсан юм билээ. Ээж минь энэ сонголтыг хийхдээ өөрийгөө хөгжүүлэхийн зэрэгцээ намайг бас зөв сайнаар өсгөж хүмүүжүүлэх талаар бодсон байх. Би заримдаа боддог юм, "юм болгон цаанаасаа учиртай гэж". Ээжид минь Энэтхэгээс гадна зөндөө л сонголтууд байсан. Европ, Австрали эсвэл Америк руу явахаар хөөцөлдсөн бол хэзээ нэгэн цагт болох л байсан юм шиг байгаа юм. Гэтэл ээж минь шууд л Энэтхэг орныг сонгосон. Хүмүүс," Ажил хийж болдоггүй, тийм бага тэтгэлэгтэй газарлуу яах гэж явах гээд байгаа юм бэ?" гэж асуухад нь ээж "Сурах гэж явж байгаа, тэр тэтгэлэг нь хичээлээ хийгээд суухад хангалттай бол явна" гэсээр явсан гэсэн. Бид Энэтхэгт очсон нь миний нүдийг нээсэн.

-Г.Галбадрах: Магадгүй төсөөлж байгаагүй нийгэм, төсөөлөх ч аргагүй ертөнц байсан байх л даа?

-K.Номинжин: Энэтхэгт 5 жил сурч амьдрахдаа туйлын ядуу болоод хязгааргүй баян хүмүүсийг бүгдийг нь харж байлаа. Туйлын ядуу хүмүүсийг харах маш хэцүү. Туйлын ядуу гэдгийг монголчууд маань төсөөлөх ч аргагүй. Яг үнэндээ өдийг хүртэл монголчууд маань "туйлын ядуу" гэдгийг үзээгүй хүмүүс шүү дээ. Тэр туйлын ядуу, хязгааргүй баян хүмүүсийн амьдралыг харьцуулахаас л амьдралын утга учрыг ухаарах эхлэл минь тавигдсан биз. Хэрэв би тэр үед Америкт ирсэн бол энэ бүхнийг тэгж мэдэрч, ухаарах боломж олдохгүй байсан байхаа. Материаллаг хэрэглээг шүтсэн Америк оронд өссөн хүн болгоны нүд тэгж нээгдэх болов уу даа?

-Г.Галбадрах: Магадгүй юм, гэхдээ сонин харьцуулалт байна шүү? Энэтхэгийн хаана нь амьдарч байсан юм бэ?

-K.Номинжин: Өмнөд Энэтхэгийн Керала мужид. Тэр нутаг бол "Бурханы суугуул нутаг" гэж алдаршсан маш сайхан газар. Хүмүүс нь их энгийн, найрсаг, бүх л шашин зэрэгцэн оршдог газар. Би тэнд очоод католик шашны хувийн сургуульд сурч байлаа. Надад хамгийн анх англи хэлээр "А" үсэг заасан багш маань гэлэнмаа байв. Библийг сонирхож судлах боломж гарсан. Христийн сүмд ороод залбирна. Хичээлийн өмнө, дараа Христийн залбирал, Хинду залбирал хийдэг байв. Би бас 7-10 насандаа алдарт Сера, Гоманг, Жүдмэд хийд рүү Далай Багшийн айлтгалд суухаар байнга аялж, Далай багшид 2 ч удаа бараалхаж байсан. Тэр үеэс л буддын шашны утга учрыг илүү гүнзгий ойлгох болсон. "Хамаг амьтны тусын тулд" гэдэг бараг л хүн бүхний амны уншлага болосн тэр үгийн жинхэнэ утгыг ойлгож, амьдралаа тийм зорилгод нийцүүлэхийг хичээж эхэлсэн.

-Г.Галбадрах: Олон шашны сургаалиуд болон ертөнц хийгээд амьдралыг үзэх үзэл нь чиний сэтгэлд өөр өөрөөр туссан байж болох.

-K.Номинжин: Намайг багадаа уйлахдаа "ээж ээ" гэж дуудахын оронд "Бурхан минь ээ, намайг өршөө" гэж дууддаг байсан тухай ээж минь надад хожим нь хуучилж байсан. Энэтхэгт 5 жил католик сургуульд сурч байхдаа, өдөр болгон 30 минут эрхи эргүүлж Буддын маани уншиж, өглөө орой бүр сунаж мөргөдөг байв. Манай хажуу хөршүүд хинду шашинтай хүмүүс байлаа. Тэднийг мөргөлөө хийхэд нь бас дагаж сууна. Мусульман шашинтай эмэгтэйчүүдийг дагаад дал модны мөчрөөс самар унагахыг нь харж гүйнэ. Энэ бүхэн маань намайг бүх шашны талаар номноос биш, амьдралаас гаралтай өөрийн гэсэн ойлголттой болоход тусалсан юм даг. Манай байшин дандаа лалын шашинтан ихтэй газар байж таардаг, өглөө яг сайхан унтаж байхад цагаан хоолойгоор “Аллах!.....” гээд л уншиж өгнө дөө. Өдөрт өчнөөн удаа давтан мөргөл үйлдэнэ. Хүмүүсийн оюун санаагаа цэгцлэхэд гаргаж буй цаг, сахилга батыг бишрэмээр. Буддын лам нар бас хийддээ хар үүрээр номоо хурна, харанхуй болтол анги ангиараа чойр буюу ном хаялцана, дэлгүүр гуанз, зочид буудал тэр бүхнээ өөрсдөө ажиллуулж, арчилна. Гол нь сүсэгтэн олондоо бие сэтгэлээрээ үйлчиж, өглөг барьц горилох биш, харин биднийг номондоо сайн шамдаг гэж их зүйлийг өгдөг байсан. Энэ бүхэн миний нүдийг нээсэн дээ. Их ч зүйлийг харьцуулж өөрийнхөөрөө ойлгоход тус болсон.

-Г.Галбадрах: Тэгэхээр чиний хувьд шашин гэж юу вэ?

-K.Номинжин: Миний хувьд шашин бол нэг л зүйлийг олон талаас тайлбарлах гэж оролдсон сургааль, дадлагын цогц юм л даа. Байгаль орчин, ахуй соёлоос шалтгаалаад өөр өөр хэлбэр, бас түвшинд хүрсэн гэх үү дээ. Би Кералад амьдарч байхдаа шашны хагарлыг мэдэрч байгаагүй. Биднийг өөрсдийгөө буддист гэж хэлэхээр илт биширч, хүндэлсэн харцаар хараад байдаг байсан. Тэгэхнээ харин, амьтны амь хөнөөдөггүй, амьтан идэх нь битгий хэл хорхой шавьж ч алдаггүй, тэр бүгдийг эхтэйгээ зүйрлэдэг нигүүлсэнгүй шашинтнууд, хамгийн эвлэрэнгүй энэрэнгүй гэж хүндэлсэн юм билээ. Уг нь хүн болгон шүтдэг шашныхаа номлолыг жинхэнэ утгаар нь ойлгож дагах юм бол, ав адилхан "Хайр, нинж"-ийн тухай бүгдээрээ л мэдрэх болно. Гэхдээ дийлэнх шашны сургааль, ялангуяа дэг жаяг дотор хүмүүс өөрсдийн ухвар мөчид үзэл бодлоо шингээж амжсан байдаг учраас хоорондоо зөрчилддөг. Хүн болгон шашныхаа мөн чанарыг гүйцэд ойлгоогүй гэдгээ эхлээд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хүн болгон бурханд итгэдэггүй байж болноо, гэхдээ хүн болгон аз жаргалд, амар амгаланд итгэдэг. Хүн болгон сайн сайхан руу тэмүүлж амьдардаг.

-Г.Галбадрах: Би ч бас чиний энэ үзэлтэй санал нэг байна. Хүн болгон амар амгалан байхыг хүсдэг, гэхдээ тэр нь өөрийнх нь дотоод сэтгэлд оршиж байдаг байх.

-K.Номинжин: Би 14 настай байхдаа Зопа ринбүүчи багшийн бичсан номонд "Энэ номыг уншсан хүн хамаг амьтны тусын тулд үтэр түргэн гэтэлгэх номын багштайгаа учрах болтугай" гэсэн ерөөл тавьсныг харж, өдөр бүр залбирч эхлээд удалгүй Төгс Гэгээрсэн Их Багштайгаа учирсан. Чин Хай багш надад Аръяабалын (тарнийн) бясалгалын аргаа уламжилж энэ олон шашин суртахууны чанад дахь үнэнийг ойлгуулсан хүн. 5 сахил сахиж, өдөрт дор хаяж 2 цаг хагас бясалгаж, чанагуух ертөнцийн тухай мэдлэгт суралцаж эхлээд 10 жил болж байна. Эмэгтэй хүн "Их Багш" байх амаргүй. Хүн бүр гэгээнтнийг нэг бол сахалтай өвгөн, эсвэл лам багшийн дүрээр төсөөлдөг. "21 Дарь Эх", "Янжилхам бурхан"-ыг үлгэр гэж боддогоо л болих хэрэгтэй. Миний багш бол мундаг дайчин эмэгтэй. Бусдаас өргөл барьц авдаггүй. Амьдрал нь бусдын төлөө 100 хувь золиос болсон хүн. Биднийг сэрээж ухааруулахын тулд өөрөө "алиа салбадай" болохоос ч буцахгүй. Би үг, сургаалийг нь сонсдог, заасан аргаар нь бясалгадаг, түүнийхээ төлөө би сохор зоос ч өгч байгаагүй. Жинхэнэ багшийн нэг шинж энэ гэдгийг "Ламрид" бичсэн байдаг. Чин Хай багш бүх шашныг нэгтгэсэн. Би 17 настайдаа Тайланд улс дахь олон улсын арга хэмжээний Азийн хамгийн том төвд 70 гаруй орноос 50 000 орчим авшигтан шавь нар нь Чин хай багштай цуг энх тайвны төлөө бясалгал хийхээр цуглаж байхад очиж байв. Хаашаа л харна олон янзын шашин шүтлэгтэй хүмүүс. 6 настай балчраас 60-70 настай хөгшид, Ази, Африк, Европ хүмүүс цугласан байхыг харахад дэлхий тэр чигээрээ цугласан юм шиг л сэтгэгдэл төрж байлаа. Түүнийг харж байхдаа надад "Хэрвээ хүмүүс бүгдээрээ зөв эерэг бодолтой байхыг хичээгээд эхлэх юм бол, дэлхий диваажин болох юм байна" гэж бодогдсон шүү.

-Г.Галбадрах: Сайхан дурсамж байна. Би тэр хүний тухай сонсож байснаас бус, тийм ч сайн мэдэхгүй л дээ.

-K.Номинжин: Тэр арга хэмжээнд Монголоос 280 орчим хүмүүс очсон. Бясалгалын завсар чөлөөгөөрөө байлгах гэж "Таван од"той зочид буудалд биднийг 7 хоног байрлуулсан юм. Гэхдээ тийм ч үнэтэй байгаагүй л дээ, хоолтойгоо нийлээд нэг хүн 300 гаруй доллар л төлсөн. Гэтэл биднийг Монголдоо буцаж ирсний дараа Чин Хай Багш маань тэр бясалгалд оролцсон хүн бүрд 57 доллар илгээсэн байсан. Түүнийгээ "Хүмүүсийн төлбөрөөс хоол, байранд зарцуулаад, үлдсэн мөнгийг оролцсон бүх хүмүүстээ тэгш хуваагаад илгээлээ" гэж тайлбарласан байсан. Тийм үнэнч, шавь нартаа асар их үлгэр дуурайлтай Багш л даа. Ээж бид 2 хариулт мөнгөө авсан чинь, манай Багшийн шавь биш аавын маань гайхах, хүндлэх 2 зэрэгцээд, Багшийг улам хүндэлдэг болсон.

-Г.Галбадрах: Заавал бусдаас ашиг горилохгүйгээр чин сэтгэлээсээ бусдад тус болж буян үйлдэнэ гэдэг сайхан хэрэг.

-K.Номинжин: Манай Чин Хай Багш Нобелийн шагнал горилж сайн үйлс бүтээдэггүй, ерөөсөө л уг хамаг амьтан, хүмүүст туслах чин сэтгэлтэй хүн. Багш маань бидэнд сургахдаа "Хэн нэгэнд туслах гэж байгаа бол чимээгүй л тусал, заавал хэнгэрэг дэлдэж бусдын анхаарлыг татах хэрэггүй" гэдэг. Тийм болохоор би Багшийгаа төгс гэгээрсэн хүн гэж л үнэлдэг. " Бусдын төлөө" гэсэн чин сэтгэл ямар байх ёстойг би Багшаасаа л харж үлгэр дуурайл авдаг. Хэрэв би сайн сайхан яваа, магадгүй зөв сайн бодолтой, бусдад сайн үлгэр дуурайлтай явж байгаа гэж үнэлэгдэх юм бол энэ бүхэн Багшийн минь л ач тус.

Nominjin India Sera Hiid

ГУРАВ. НОМИНЖИН ГЭЖ "ХЭН БЭ?"

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.