05 сарын 06, Даваа
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

ХИЧЭЭВЭЛ МОНГОЛ ЗАЛУУСТ БОЛОМЖ ИХ БИЙ

nomi 8

Ганболдын Номин \цуврал ярилцлага-15\

..."Монголчууд бид бие биенийгээ дэмжээд, хамтарч зүтгээд гадаад ертөнцтэй өрсөлдөх юм бол их боломж бий. Энэ чинь хязгааргүй орон зай юм шүү дээ. Яг одоо л бид "нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгийнхээ төлөө" уриаг хэрэгжүүлж чадах юм бол, цаг хожиж амжилтын оргилд хүрч чадах юм шиг ээ. Хэрэв эхлэлээ зөв тавьж чадах юм бол монголчууд бид өөрсдийн гэсэн өвөрмөц дүр төрх, мэргэн содон ухаан, дэлхийд дуурсагдсан түүх соёл, зан заншлаараа ертөнц дахины анхаарлыг татаж чадна. Өнөөдөр дэлхий даяараа Монгол гэдгийг зөвхөн Чингис хааны түүхээр мэдэж төсөөлж байна.

Гэтэл тэр цагаас хойш 787 жил өнгөрчээ. Монголчууд бид одоо энэ ертөнцөд өнгөрсөн түүхээрээ биш, өнөө үеийн гайхамшигт онцлог чадвараараа дуурсагдах цаг ирж байна." Нью-Йорк хотод Г.Номинтой уулзаж ярилцахад тэрээр яриагаа ингэж эхэлсэн юм. Дэлхий дахинаа загвар болоод шоу интертайнментаараа алдартай Нью-Йорк хотод өөрийн орон зайгаа бий болгох гэж хичээж зүтгэж яваа Г.Номингийн талаар би бага зэрэг мэднэ. Загварын өвөрмөц төрхтэй түүний фото зургууд, сурталчилгааны материалууд, бүтээсэн богино хэмжээний кино зэргийг нь анхааралтай ажиглаж байв. Жинхэнэ "Од"-дыг төрүүлж, их хэмжээгээр мөнгө олж, тэр хэрээрээ сайн муу бүхэн холилдон сүлэлдэж байдаг энэ ертөнцийн тухай түүнтэй ярилцах гэж Нью-Йорк хотноо зорьж очсон юм.

Нэг. Намтрын товчоон

* Суралцаж төгссөн сургуулиуд:

-1995-2002: Орос-Монголын хамтарсан 3-р дунд сургууль
-2002-2004: Г.В. Плехановын нэрэмжит Санхүү-Эдийн засгийн сургууль
-2005: Georgetown University хэлний бэлтгэл
-2005-2009: Newbury College бакалавр зэрэг
-2010-2011: Associate Degree-Event \show produsing\

* Aжилласан газрууд, оролцсон уран бүтээлүүд:

-2010-2011: Model Club Agency Boston \загвар өмсөгч, жүжигчин\
-2010-2012: "Jolie" International Dance Group Boston \бүжигчин\
-2011-2012: Asian Boston Models & Talent Agency \director\
-2011: "Green T Enterprises"- тай хамтарч "Nomi G Productions" аа байгуулжээ
-2010-2012 оны хооронд "Green T Enterprises" -тай хамтарч Boстон хотод 40 орчим шоу зохион байгуулсан байна
-2012-2013: Motives By Loren Ridlinger Compani-д Make-Up artist
-2012-2013: Boston Fashion Awards - show director
-2013 оноос одоог хүртэл Dynasty Models & Talent Agency -д загвар өмсөгч, жүжигчнээр ажиллаж байна
-2013 оноос одоог хүртэл Couture Fashion Week NY- international Casting director
-2013-2014: SWAGUNIR lifestyle Brand- Chief Operations Manager буюу model, actor, casting director, event produser, event host тус тус хийдэг
-2014: Chinesе-American Model уралдаанд models catwalk trainer

Хоёр. Энэ бүхний эхлэл

-Г.Галбадрах: Хаана дунд сургуулиа дүүргэсэн юм бэ?

-Г.Номин: Улаанбаатарт Орос-Монголын хамтарсан 3-р дунд сургуульд 8 жил суралцаж, ахлах ангидаа Г.В. Плехановын нэрэмжит Санхүү-Эдийн засгийн сургуулийг дүүргэж төгссөн. Орос 3-р сургуульд суралцаж байхаасаа л загварын шоу зохион байгуулахад багшдаа тусалдаг, спорт, дуу бүжиг, кинонд их сонирхолтой охин байлаа, хэхэхэ. Дээд ангийн өндөр эгч нараасаа сонгоод, баг хамт олонтойгоо болон үйлчлэх хөдөлмөрийн хичээлийн багштайгаа хамтраад загварын шоу зохион байгуулж байсан юм. Бүр бага байхын л толины өмнө эргэлдэж, ээжийнхээ гоё гоё хувцаснууд, туфлийг нь өмсөж "моод" үзүүлдэг, Whitney Huoston-ий дууг ээждээ дуулж өгдөг... Ээж минь намайг дуулуулах их дуртай. Гэрээсээ байнга хол байдаг болохоор өөрийнхөө орос, англи, монголоор дуулсан дуунуудаа бичээд ээждээ үлдээчихсэн. Ахлах сургуульд байхдаа сагсан бөмбөг, ширээний теннис, биллиардаар \snooker, pool\ хичээллэх дуртай байв. Харин биллиардаар илүү амжилт гаргаж байсан юм байна.

-Г.Галбадрах: Америкт хэзээ яаж ирсэн юм бэ?

-Г.Номин: Би чинь ганц эрэгтэй дүүтэй, айлын ганц охин. Ээжтэйгээ, нагац эгчтэйгээ дөрвүүлээ амьдардаг. Дунд сургуулиа төгсөх үед ээж минь намайг Солонгос руу явуулж гоо сайхны мэс засалч болгоно гэж бэлтгэж байлаа. Би ч бас тэгж бодож бэлтгэж байтал АНУ явах боломж гарч ирэв. Ээж охин хоёулаа нилээд ярилцаж, миний ирээдүйн төлөө шийдвэр гаргаж, сэтгэлдээ мөрөөдөж байсан Америк оронд 2004 онд ирсэн юм. Тухайн үедээ Америк явах тухай бидэнд ямарч төсөөлөл байгаагүй боловч миний гэр бүлийнхэн их том сонголт, зоригтой шийдвэр гаргаж байж би Америкт ирж байлаа.

-Г.Галбадрах: Америкт суралцахаар ирсэн үү?

-Г.Номин: Тийм. Анх Вашингтон ДС-д Жоржтауны Их Сургуульд 45 хоногийн англи хэлний курст суралцахаар ирэв. Би чинь дөнгөж 16 настай, гэрээсээ ч холдож үзээгүй байсан болохоор их ч ганцаардана. Хааяа монголчуудтайгаа тааралдахаар сэтгэлд нэг их сайхан санагдаад, тэдэнтэй их л ойр дотно байхыг хичээдэг байв. Анх ирэхэд их л гоё байсан санагддаг юм. Олон улсын оюутнуудтай танилцаж, олон найзуудтай болж, олон орны соёл, зан заншилтай нь танилцаж, биеэ даан амьдарч эхэлсэн дээ. Сурах, хийх зүйл бол хязгааргүй их байлаа. Гэрээ их санаж байсан болохоор карманы мөнгөө утасны картанд л өгчихдөг байв.

-Г.Галбадрах: Нээрээ тэр үед утасны картанд их мөнгө зарцуулдаг байсан байх шүү. Хэлний курсээ дуусгаад ямар сонголт хийв дээ?

-Г.Номин: Хэлний сургуулиа төгсөөд Жоржтаундаа үлдэх боломж байсан л даа. Гэхдээ миний англи хэлний түвшин тийм ч сайн байгаагүй учир, маш их мөнгө төлж байснаас өөртөө хариуцлагатай байх тухай анх удаа бодож байгаа юм. Америкийн хамгийн олон Их, Дээд сургуулиудтай Бостон хотыг сонгож, 5 сургуульд өргөдлийн материалаа явуулаад , хариу ирсэн байдлаас нь Бостоны нэгэн хувийн Newburi College сургуулийг сонгож суралцав.

-Г.Галбадрах: Ямар мэргэжлээр суралцсан юм бэ?

-Г.Номин: Ээж минь банкинд 20-иод жил ажилласан хүн л дээ. Тэр мэргэжлээр нь буюу банк-санхүүгийн чиглэлээр суралцсан юм. Хэдийгээр Жоржтаунд хэлний сургуульд суралцаж Тофелийн шалгалтыг нь өндөр өгсөн ч, би англи хэлэндээ тийм ч сайн байгаагүй. Эхний 2 жилдээ "хүнд" өнгөрөөсөн дөө. Харин хичээж, гол нь англи хэлээ сайжруулахад их анхаарснаар аажимдаа сайн суралцаж, 2009 онд сургуулиа амжилттай төгсгөсөн.

-Г.Галбадрах: Сургуулиа төгсөөд?

-Г.Номин: Намайг сургуулиа төгсөх үед АНУ-д эдийн засгийн хямрал эхэлчихсэн байсан болохоор миний сонгосон мэргэжлээр ажил олоход амаргүй байлаа. Нилээдгүй газруудад ажилд орох өргөдлөө илгээсэн боловч санаанд таарах ажил олдоогүй. Загвартай дахиад яаж холбогдсон бэ? гэхлээр, яг тэр үед миний нэг найз минь надад загвар өмсөх санал тавилаа. Тэгээд Бостонд байдаг загварын нилээд том компанид материалаа өгч бүртгүүлээд, ярилцлагад орж байсан юм. Тэгээд тэндээ тэнцээд загвар өмсөж, жүжигчин болох гараагаа эхэлсэн дээ.

Гурав. Загварын ертөнц

-Г.Галбадрах: Загварын компаниуд хүнээ яаж сонгож авдаг юм бол? Тусгайд нь бэлтгэдэг сургалт гэж байх уу?

-Г.Номин: Энд сургалт гэж байхгүй, шууд л эхэлдэг юм. Эхлээд тэд гадаад төрхийг нь маш сайн ажиглаж харна. Дараа нь тэр хүнтэйгээ танилцахын тулд ярилцдаг. "Чиний сайн тал болоод сул тал юу вэ?" гэдгээс эхлээд, "Чамд өөрийн биений тань аль хэсэг нь таалагддаг вэ? аль хэсэгт нь дургүй байна вэ?" гэж хүртэл асууж, цаг баримтлах тухай, social network буюу интернетэд мэргэжлийн зураг тавьж болох тухай, олон нийтийн өмнө үг яриагаа хэрхэн хянах тухай гэхчилэн маш олон сэдвээр чөлөөтэй ярилцана. Надаас тэд "Тайзны урлаг гэж юу вэ?" гэж асуусан. Би тэр талаар мэдэхгүй болохоор "Би мэдэхгүй байнаа" гэж хариулахад "Тэр талаар мэдэж ирээрэй" гэж даалгасан. Мэдээж тухайн хүн тэр мэргэжлийг сонирхож байгаа бол, тэр талаар мэдэж байх шаардлагатай зүйлийг заавал бусдаар заалгалгүй, өөрөө судалж мэдэж байх ёстой гэж тэд үздэг юм.

-Г.Галбадрах: Энэ харин сайхан санаа байна. Хүн өөрөө дурлаж сонирхож байгаа зүйлийнхээ талаар өөрөө судалж мэдэж байх нь, өөрийгөө сонирхлоороо хөгжүүлэхэд маш их түлхэц болно доо.

-Г.Номин: Миний бодлоор бол, хүн дунд сургуулиа дуусгаад "би яг юунд дуртай юм бэ? юунд илүү авьяас сонирхолтой юм бэ?" гэдгээ олж мэдэж, өөрийгөө нээх нь их чухал юм. Түүний дараагаар өөртөө байгаа боломжоо харж тооцоолж ухаарснаар, урт болоод богино хугацааны "хувийн төлөвлөгөө" гаргавал зүгээр. Тэгээд л түүнийхээ төлөө өдөр алдалгүй, шургуу ажиллах хэрэгтэй. Нью-Йорк хотод гэхэд маш олон загварын агентлагууд байдаг болохоор моделиуд ч олон байгаа. Миний ажигласнаар 15 жилийн өмнө Америкт super model-иуд олон байсан. Super model-иуд өөрсдийгөө бренд болгох чадвартаа ч их сайн байж. Жишээ нь Noami Campbell, Cindy Crawford, Tyra Banks зэрэг super model-иуд гэртээ агентлагуудаас утасдаж урихыг хүлээж суугаагүй. Тэд өөрсдөө гадуур их явж, хүмүүст тусалж, үргэлж шинийг сэтгэж, бүх талаараа бусдын өмнө үлгэр жишээ байж, өөрийнхөөрөө өөрчлөлт хийхийг хүсч байсан учраас бусдаас ялгарч байв. Тийм учраас тэд амжилтанд хүрч чадсан.

-Г.Галбадрах: Одоо болохоор?

-Г.Номин: Одоо үед харин ч бүх зүйл амархан болсон. Social network болоод интернет орон зай бүгдийг өөрчилжээ. Энэ нь сайн, муу хоёр талтай. Нэгэнт л хүн бүр хэрэглэж байгаа болохоор сайн талыг нь илүү их харж, өөртөө байгаа боломжуудыг ашиглан, бусад мэргэжлийн хүмүүстэй мөр зэрэгцэн алхах ёстой. Эмэгтэй эрэгтэй гэж ялгахгүйгээр бүгдээрээ л бие даан ямар нэгэн зүйл хийх бололцоотой болсон учраас, бусад олон мэргэжлийн хүмүүсийн мэдэх шаардлагатай зүйлсийг ч өөрөө бие даан интернетээс суралцах боломжтой болжээ. Бүх зүйлийг илүү хурдацтай болгосон гэх үү дээ. Ялангуяа Нью-Йорк хотод бол нэг л юмыг хийгээд зогсдоггүй, маш их боломжууд бий. Мэдээж хэн ч амжилтад нэг өдрийн дотор хүрдэггүй. Өдөр болгон шинийг сэтгэж, олон үйл ажиллагаанд байнга оролцон танилынхаа хүрээг тэлж, өөрийгөө бусдад зөв сайнаар таниулж, олдож байгаа боломжуудыг зөвөөр ашиглах хэрэгтэй. Хэрэв чи идэвхгүй байх юм бол хүмүүс чамайг дорхноо л мартана. Энд амьдрахад зориг тэвчээртэй, өөртөө итгэлтэй байж, бусдаас овсгоотой, ямагт цагаа барьж, ярианы чадвар өндөртэй байж, хүмүүстэй ойлголцож сурах хэрэгтэй болдог.

-Г.Галбадрах: Бас өрсөлдөөн байна гэсэн үг үү?

-Г.Номин: Өрсөлдөөн бол тодорхой хэмжээнд бий, гэхдээ тийм ч хэцүү биш. Нью-Йоркод дэлхийн бүх брендүүд, загварын маш олон агентлагууд байдаг. Хангалттай орон зай байгаа. Нэгэнд нь таалагдахгүй байлаа гэхэд нөгөөд нь очиж санал тавиад шалгуулж болно. Тэгэхээр модель болох хүн өөрийгөө л бэлтгэх хэрэгтэй. Алхаа гишгээ бол нэг л үзүүлэлт. Өөрийгөө илэрхийлэх чадвар нь чухал үзүүлэлт. Агентлагууд бэлэн моделиудыг л шууд авч ашиглах сонирхолтой байдаг.

-Г.Галбадрах: Мэдээж загвар өмсөхийг хүсч байгаа залуус олон байгаа. "Өөрийгөө бэлдэнэ" гэдгийг нь жаахан тодруулж болох уу?

-Г.Номин: Модель хүнд өөртөө итгэлтэй байх, өөрийгөө мэдэрдэг байх, өөрийгөө илэрхийлэх чадвар хамгийн чухал. Материал нь бас чухал, бусдыг нь явцын дунд сураад авч болно. "Биеийн галбир болоод харьцаа чинь ямар байна? Биеийн аль хэсгээ яаж хөгжүүлэх вэ?" гэдгээ мэдэх нь хүртэл үүнд хамаатай. Үнэхээр хийхийг хүсч байгаа ажил тань, тайзан дээр гарч бусдад гоо сайхныг мэдрүүлэх ёстой гэж боддог бол, тэр ажил мэргэжлээ серьёзний хүлээж авах хэрэгтэй. Мэргэжил болгон өөрийн гэсэн хэцүү талтай. Хүн заавал өөрийгөө зовоож, өөрийгөө дайчлан шударгаар хөдөлмөрлөж байж л сул талаа ялдаг. Үүний тулд бие бялдраа хөгжүүлэх, хоол ундаа тохируулах, оюун санаагаа цэнэглэх хэрэгтэй.

Чи үүнийг хийж чадна, эсвэл чадахгүй гэдгээ мэдэр. Тэгээд өөртөө байгаа сул талаа өөрчил. Хэтэрхий өндөр байж болохгүй, хөх өгзгөө хэт томруулж болохгүй. Загварт үндсэн натур, стандарт гэж байгаа. Эрэгтэй загвар өмсөгчид хэт булчинлэг байж болохгүй, тэгвэл хувцас нь таарахгүй шүү дээ. Залуучууд нүүрээ будах, үсээ арчлах, зөв дэгжин хувцаслах болоод хувцсаа өөртөө тохируулж өмсөх тухай өөрсдөө судалж мэдэх нь хэрэг болно. Заавал модель болохгүй ч өөрийн тань ирээдүйд хэрэг болдог. Өөрийгөө илэрхийлэх, бас ярианы чадвараа сайжруулахын тулд их уншдаг байх ёстой. Уран бүтээлч хүний хувьд байнга шинэ содон зүйлийг бүтээж, бусдад сонирхуулж байх нь танилын хүрээгээ тэлэхээс гадна, улам их зүйлийг бүтээх урам зориг, эрч хүчийг өгдөг юм. Одоо үед мэдэхгүй, чадахгүй зүйл гэж байхгүй болсон. Хүссэн зүйлээ интернет ашиглаад сурчихаж болно.

-Г.Галбадрах: Чи жишээ нь, өөрийн сул талаа хэр мэдэх вэ?

-Г.Номин: Би өөрийн сул талаа мэднэ. Миний биеийн өндөр тэр болгон тэнцдэггүй. Тэгээд ч хөл минь тийм ч урт биш. Тийм болохоор аль өнцгөөс зураг авахуулахаа, яаж зогсож поозлохоо мэддэг. Би моделиудтай ажиллаж, моделиуд сонгож авдаг болохоор casting director -ууд ямар шоунд, ямар дүрд юуг нь онцолж харахыг мэддэг гэсэн үг. Бас юу хийх хэрэгтэйгээ ч мэднэ. Өөрөөр хэлбэл хүн сайн чадах зүйлээ л хийж, ямар амжилтад хүрэхээ өөрөө төсөөлж байх хэрэгтэй болж байна. Миний ярианы чадвар муу байсан. Одоо бол давгүй шүү. Би Бостонд ажиллаж байхдаа International Film Festival-ийн захиралдаа хүсэлт тавьж байгаад "улаан хивс"ний ёслолд оролцож байгаа "од"-уудаас ярилцлага авах зөвшөөрөл авсан юм. Тэр хүмүүстэй ярилцлага хийж, янз бүрийн асуулт тавьж, хариулт авах нь надад сонирхолтой байсан төдийгүй миний хувьд ярианы чадвараа сайжруулахад их ч хэрэг болсон. Бас камерны өмнө яаж зогсож яривал зохистой сонсогдох бөгөөд харагдахыг ч мэдэх болсон.

-Г.Галбадрах: Хэдэн төрлийн модель байдаг юм бэ?

-Г.Номин: Яг хувцас сурталчилдаг 4 төрлийн модель байдаг юм.
1. Runway show \ Tайзны модель. Өндөр моделиуд ихэвчлэн оролцдог\
2. Print модель \Рекламд сурталчилгаанд оролцдог, өвөрмөц дүр төрхтэй, дур булаам үзэсгэлэнтэй моделиуд оролцдог\
3. Video Vixen модель \видео болон клипэнд тоглодог\
4. Fitness models
Эдгээрүүд нь өөр өөрсдийн онцлогтой бөгөөд өөр өөрийн шалгууруудтай. Энэ болгонд тохирох стандарт царай болоод галбир гэж байна.

-Г.Галбадрах: Моделиуд мэдлэгтэй байх ёстой юу?

-Г.Номин: Мэдлэгтэй байх ёстой. Хүний гадаад төрх нь дотоод сэтгэлийн илчээр гэрэлтдэг. Тийм хүнээс энерги мэдрэгддэг юм. Тэр энерги нь тайзан дээрээс л үзэгчдэд хүрч мэдрэгдэж байх ёстой. Одоо бол загварт үүнийг их анхаардаг болсон. Манай монгол бүсгүйчүүд намбалаг мөртлөө цаанаа л нэг эрхэмсэг байдаг шүү дээ. Тийм хүн л үзэгчдийг татдаг юм даа.

-Г.Галбадрах: Тийм шүү би чамтай санал нэг байна. Би өөрийг тань загвар өмсөхийн хажуугаар янз бүрийн Fashion show, үдэшлэгүүдийг зохион байгуулдаг гэж сонссон.

-Г.Номин: Анх Америкт ирээд "Oscars", "Grammys", " Golden Globes" зэрэг хамгийн өндөр түвшинд зохион байгуулагддаг нэг үдшийн шоуг үзэхдээ, ямар их хариуцлагатай болоод их бэлтгэл шаарддаг ажил болохыг мэдээд өөртөө жаахан эргэлзэж байсан л даа. Гэхдээ шоу дуусаад үр дүнг нь мэдрэх үнэхээр сайхан, үгээр илэрхийлэхийн аргагүй. Бостонд ажиллаж байхдаа Бостоны шилдэг дизайнерууд болон загвар өмсөгчдийг оролцуулсан Boston Fashion Awards шоунд зохион байгуулагчаар нь оролцсон юм. Их ч том шоу болсон. Миний зохион байгуулагчаар нь оролцож байгаа анхны том хэмжээний шоу болохоор би ч нилээд хичээж, өөрийгөө дайчилсан л даа. Энэ шоунд оролцогсдыг 14 номинацаар шалгаруулж, шагнал гардуулж байсан юм. Энэ шоу маань амжилттай болсон болохоор хүмүүс намайг анзаарч, media press, сонин сэтгүүлд уригдах болсон. Түүнээс хойш нилээд хэд хэдэн шоуг зохион байгуулахад оролцож, заримд нь өөрөө загвар өмсөж байв. Дараа нь Нью-Йоркод шилжиж ирээд энэ чиглэлээрээ өөрийн бүх боломжоо дайчлан нилээд амжилттай ажиллаж байгаа шүү.

Дөрөв. Монголын загварын ертөнцөд их ирээдүй байгаа.

-Г.Галбадрах: Бас Монголын загварынхныг дэмжиж байгаа юу?

-Г.Номин: Бостонгоос Нью-Йоркод ирээд загварын шоунуудыг үзэхэд бараг орон болгоны загвар өмсөгчид оролцож байсан нь сонирхолтой, бас боломжтой санагдаж байв. Тэгэхэд л монголчуудаа оролцуулах санаа төрж байлаа. Нью-Йорк хотод олон улсын бүх брендүүд байдаг. Харин Монгол бренд байдаггүй, олон нийтэд өөрийн гэсэн орон зайгаа бий болгосон дизайнер, загвар өмсөгч байхгүй. Тэр ч бүү хэл Монгол ресторан ч байхгүй. 2 жилийн өмнө Монголдоо очиход "Загварын мэргэжлийн түвшний шоу"-г хамтарч зохион байгуулах саналыг миний найз Францын дизайнер надад тавьж байсан юм. Тэр шоунд Монголын нэг дизайнерийг оролцуулах санааг минь дэмжиж нэг найз минь Малайзаас дөнгөж ирээд байсан Катя Золтой танилцуулсан юм. Харамсалтай нь цаг хугацаа хэт давчуу байсны улмаас энэ санаа минь хэрэгжээгүй. Түүнээс хойш Катяг болон Монголын загварын дизайнеруудыг нэг биш удаа Нью-Йоркод урьж авчирч, хамтарч ажилласан. Энэ маань дэлхийн хэмжээнд Монголоо мэдүүлэх, монгол хувцсаа таниулах, түүгээр дамжуулан Монголынхоо түүх соёлыг сурталчлах хүсэлтэй минь холбоотой. Сүүлийн жилүүдэд Нью-Йоркийн загварын ертөнцөд Монголын загварыг танилцуулахыг хичээж байгаа.

-Г.Галбадрах: Нээрээ бодоход, хувцсаар нь тухайн орны түүх соёлыг сурталчилна гэдэг чухал санаа юм байна шүү?

-Г.Номин: Та бодоод үз л дээ. Ямар ч улс орнуудын үндэсний урлаг бол дэлхийн хэмжээнд аваад үзэхэд хязгаарлагдмал. Түүнийг судлаачид болон сонирхогчид ихэвчлэн сонирхдог. Харин загварын урлаг бол дэлхийн хэмжээнд нийтлэг орон зайтай. Хүн болгон гоё загварын өөртөө таалагдсан хувцас өмсөхийг хүсдэг. Дуучид, хөгжимчид, ТВ нэвтрүүлэг хөтлөгчид гэх мэтчилэн бүгдээрээ олны өмнө гарахдаа өмсөж байгаа хувцсаараа л эхлээд олны анхаарлыг татдаг. "Оскар" болоод бусад алдартай шоунууд эхлэхийн өмнө "улаан хивс" ний ёслол болж, "Од"-уудын өмсөж ирсэн гоёл, зүүсгэл чимэглэлийг хүмүүс сонирхоно. Магадгүй энэ нь тухайн цаг үеийн загварын чиг хандлагыг ч тодорхойлдог. Тэгэхээр энэ бол том боломж юм шүү дээ.

-Г.Галбадрах: Монголын үндэсний загварын хувцаснуудын талаар чи ямар санаа бодолтой байна вэ?

-Г.Номин: Дэлхийн улс үндэстэн болгон өөр өөрийн өвөрмөц онцлогтой. Япончууд кимоногоор гоёж байхад Энэтхэгчүүд саригаараа гоёх жишээтэй. Манай Монголын үндэсний хувцаснууд бас л өвөрмөц шүү дээ. Одоо бол Монголын эртний хаад хатдын хувцаснаас санаа авч, модерн маягаар хувцас бүтээж эхэллээ. Хэрэв та нар санаж байгаа бол Star Wars кинон дээр Queen Amidala Монголын эртний хатдын үсээ эвэр хэлбэрт оруулан угалз маягаар хийсэн малгайнаас санаа авч хувцас чимэглэлээ хийсэн байсан. Тэр кинон дээр хувцас загвартаа их анхаарал хандуулж, сонин содон дүрслэлтэй хээ угалзуудыг оруулсан байсан даа.

-Г.Галбадрах: Тэгэхээр чиний бодлоор бол Монголын загварт боломж байнаа даа?

-Г.Номин: Тийм ээ байгаа. Дизайнерууд маань Монголын үндэсний хувцасны түүх, загварыг сайн судлаад орчин үеийн модерн загвартай хослуулах юм бол заавал амжилтад хүрнэ. Oдоо үед чинь этгээд, өвөрмөц дүр төрх моданд орчихсон. Буцаад эрт дээр үеийн стиль руугаа орж байгаа ч юм уу даа. Энэ жил Оскарт Монголын дизайнеруудын хувцаснаас санал болгох гэж оролдсон боловч санхүүгийн дэмжлэг байгаагүйн улмаас чадаагүй. Жил болгон "Оскар"-ын шагнал гардуулах ёслолын өмнө Лос-Анжелест, уг арга хэмжээ болох газрын хажууханд "Од"-уудын гоёлд өмсөх хувцсаа сонгох үзэсгэлэн худалдаа гардаг юм. Тэнд маш олон дизайнерууд өөрсдийн бүтээлээ дэлгэж, санал болгодог. Мэдээж тэр нь өндөр шаардлага шалгууртай. Бид оролдоод үзэж яагаад болохгүй гэж? Миний хувьд дараа жил үүнийг хэрэгжүүлэх санаа бий. Одоо "Оскар"-т Ази жүжигчид, найруулагчид хүч түрэн орж ирж байна. Том "Од"-ууд дэлгүүрээс хувцас авч өмсдөггүй. Хувцсаа захиалгаар хийлгэж өмсдөг. Сүүлийн үед Ази загварын хувцаснуудыг хүмүүс их сонирхох боллоо. Ази хувцаснууд цаанаа л нэг эрхэмсэг, сонин содон хийц загвартай. Энэ чинь бас л боломж шүү дээ?

-Г.Галбадрах: Тийм шүү, энэ бол боломж. Надад ч бас тэгж санагдаж байна. Бас загвар өмсөгчдөд ч их боломж олдох болно.

-Г.Номин: Нью-Йоркод сүүлийн жилүүдэд Ази төрхтэй моделиудыг ихэд сонирхох болсон. Өнөөгийн Монголын залуус маань Ази Европын "эрлийз" төрхтэй, өндөр нуруутай, царай зүсээ сайхан арчилж, бие бялдраа хөгжүүлж, биеэ гоё авч явдаг болжээ. Тэгэхээр тэд одоо өөрсдийгөө бүх талаар нь хөгжүүлэх хэрэгтэй. Их уншиж, их зүйл судла, их хөдөлмөрлө. Өөртөө тавьсан зорилго руугаа хэзээ ч бууж өгөлгүйгээр зүтгэж, орон зайгаа тэлж, монгол сайхан залуус дэлхийн тавцанд "хөл тавьж" амжилтад хүрвэл ямар сайхан байх болоо. Зөвхөн загварын ертөнц гэлтгүй, кино урлаг, шоу интертайментийн бүх салбарт Ази төрхтэй залуусыг сонирхож байгаа. Тэгэхээр монгол залуус минь өөрийгөө таньж мэдэж, хөгжүүлж, зоригтой алхам хийх хэрэгтэй байна. Харин үүний тулд хамгийн чухал нь эв нэгдэлтэй байж, бие биенээ дэмжих нь чухал.

-Г.Галбадрах: Санал нэг байнаа Номин. Монголын загварын ертөнцийн талаар мэдээлэл авч ажиглаж байдаг байх.

-Г.Номин: "Монголд загвар ямар түвшинд байна, хэн юу хийж байна, хандлага нь ямар байна вэ?" гэдгийг хэрээрээ л ажигладаг. Сүүлийн үед залуус олноор гарч ирж хөгжиж эхэлж байна. Гэхдээ муу тал нь гэвэл бид өөр хоорондоо л өрсөлдөөд, бие биендээ атаархаж, дандаа л хов жив ярьж, моделиуд, жүжигчид гэхээрээ л заавал нэг "хэл ам"- анд өртөж байдаг. Уг нь хамтдаа нэгдээд гадаад ертөнцтэй өрсөлдвөл амжилтад хүрэх бүрэн боломж бий. Энэ загварын ертөнц чинь булаалдаад барахгүй том ертөнц шүү дээ. Бид боломж олсон нэгнийгээ дэмжиж гаргаж ирвэл Монголд минь, монголчуудад минь хэрэгтэй. Тэр хүн чинь дэлхий дахинд Монголыг сурталчилна, бас олон монголчууддаа тусалж, дэмжиж гаргаж ирнэ. Дэлхий дахинд "Монголчууд гэдэг чинь ямар хүмүүс вэ? Тэд ямар хувцас өмсдөг юм бэ? Ямар соёл, зан заншилтай юм бэ?" гээд сонирхож эхэлнэ. Тэр хэмжээгээр бид дээшээ гараад л ирнэ шүү дээ.

-Г.Галбадрах: Тийм ээ, энэ бол асар том орон зай.

-Г.Номин: Нөгөө талаар загварын ертөнц бол өвөрмөц орон зай. Хичнээн материалтай, авьяас чадвартай байгаад өөрийн хүчээр гарч ирнэ гэдэг амаргүй. Тийм болохоор сурталчилгаа болоод өөрийгөө илэрхийлэх тал дээр их анхаарах хэрэгтэй болдог. Үүнээс гадна овсгоо их чухал. Маш олон төрлийн хүмүүстэй харьцах болохоор, ямар хүмүүстэй яаж харьцахаа мэддэг байх хэрэгтэй. Хүмүүс чинь олон янз. Маш их ярьдаг хэрнээ юу ч хийдэггүй хүмүүс байна. Ярьдаг, тэр хэрээрээ хийдэг хүмүүс байна. Юу ч ярихгүй ажиглаад суугаад байдаг мөртлөө мундаг хийдэг хүмүүс байна. Зүгээр л худлаа яриад, жүжиглээд хүний цагийг дэмий үрдэг хүмүүс бий. Зөвхөн мөнгө олох гэж айлын жаахан охидуудын "тархийг угааж", буруугаар ашигладаг хүмүүс ч байна. Тэр болгонтой ялгаж салгаж учраа олох хэрэгтэй болно.

Тав. Алдаж болохгүй боломжууд

-Г.Галбадрах: Чи нэг биш удаа "овсгоотой байх" тухай дурдаж санууллаа?

-Г.Номин: Одоо би Нью-Йоркод найзтайгаа хамтраад Night Club т янз бүрийн хүмүүсийн "төрсөн өдөр", тусгай баяр, шоу зохион байгуулдаг юм. Америкийн том хотуудад Night Club -т ороход маш хэцүү, асуудалтай болоод үнэтэй байдаг. Залуу хүн болохоороо би өөрөө ч дуу хөгжим сонсож, найзуудтайгаа бүжиглэж стрессээ тайлах дуртай. Энэ нь бидний ажил болохоор бид маш хариуцлагатай байх ёстой. Хүмүүс "цагаа сайхан өнгөрөөж чадаж байна уу?", "тараад хүмүүс гэртээ аюулгүй хүрсэн үү?" гэх мэтчилэн энд ирж үйлчлүүлсэн бүх хүмүүст анхаарал тавих үүрэгтэй. Энэ маань маш олон хүмүүстэй танилцаж, ярилцах боломжийг олгодог юм. "Шөнийн клуб"т төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс ирнэ. Хүмүүстэй танилцаж дотносох хамгийн том боломж нь харилцаа. Ямар ч хүнийг үүдээр орж ирэхэд нь угтаж авахаас эхлээд, үйлчлүүлээд гарч явах хүртэл дээд зэргийн найрсаг байх учиртай. Үйлчилгээ ч тэр хэрээрээ дээд зэргийн чанартай байх ёстой. Үйлчилгээ гэдэг чинь хүнээс авч байгаа мөнгөндөө биш, хүний сэтгэлд хэр хүрч байна вэ? гэдгээр л хэмжигдэж байх учиртай. Ингэж хамтдаа өнгөрүүлсэн цаг мөчүүд хүмүүст сайхан дурсамж болон үлддэг.

-Г.Галбадрах: Сайн үйлчилгээ хүмүүсийг заавал татдаг.

-Г.Номин: Хүмүүсийг үйлчилгээгээр татах нь хамгийн чухал. Одоогоор бид 7 хоногт 3 удаа үдэшлэг парти зохион байгуулж байгаа. Мөн олон төрлийн дуучид, хөгжимчид, жүжигчид, DJ, гэх мэтчилэн зөндөө хүмүүстэй хамтарч үйл ажиллагаа явуулдаг. Энэ болгон нь нөхөр бид хоёрыг хүмүүстэй танилцаж, ажил хэргийн талаар холбоо тогтоон, олон зүйл дээр хамтарч ажиллахад тус болдог юм. Ер нь "хүн их ажиллахын хажуугаар алжаалаа тайлж, найз нөхөдтэйгээ баярлаж цэнгэж, ажил амралт хоёрыг зөв хослуулж амьдрах хэрэгтэй юм уу даа" гэж надад бодогддог юм. Бид хүмүүсийг татаж, тэдэнд хүндлэгдэж тоогдох хэрээр хүмүүс ч бас бидэнд зөндөө шинэ ажлын санал тавина.

-Г.Галбадрах: Хүмүүстэй ажил хэргийн холбоо тогтоохдоо?

-Г.Номин: Би хүмүүстэй уулзах бүрдээ бизнес картаа солилцдог. Тэгээд өөрийгөө танилцуулж "Би ийм ажил хийдэг юм аа. Тантай танилцсандаа баяртай байна. Танд хэрэг болох бол би танд тусалж, хамтран ажиллахад бэлэн байгаа шүү" гэж учирлана. Эхлээд өөртөө байгаа боломжууд болоод миний баг хамт олонд байгаа боломжууд, бид өөрсдийн хийж чадах зүйлээ дурддаг. Хүмүүс янз бүрээр л хүлээж авна. Хүнтэй бизнес картаа солилцож, ажил хэргийн талаар ярилцсан л бол заавал эргэж утасддаг. "Уучлаарай би тантай өчигдөр ярилцсан Номин байнаа. Би тантай ярилцаж тохиролцсон зүйлийн талаар сануулж ярилцах гэсэн юм" гэж. Өөрөө эхэлж санал тавихад хүлээж авдаггүй хүн бараг байдаггүй юм даа. Тэр хүн эхэндээ сүртэй хүлээж авахгүй л дээ. Гэхдээ дараагийн удаад тэр хүний өмнө амалсан зүйлээ хийчихээд л "Та нэг хүрээд ирэхгүй юу? Би хийсэн зүйлээ үзүүлэх гэсэн юм" гэхэд тэр хүн ирж үзээд сэтгэл нь хангалуун болж, өөрийн зүгээс хийх зүйлээ хийж эхэлдэг. Энэ маягаар л хамтын ажиллагаа өргөжинө.

-Г.Галбадрах: Энэ бол маш сайн чанар байна. Бид болохоор уулзаад баахан л яриад байдаг, гэсэн хэрнээ юу ч хийдэггүй. Сэтгэл хөдлөлдөө автаад ярьж байгаад орхисон бүхэн ажил хэрэг болохгүй л бол дэмий хоосон яриа болж үлддэг.

-Г.Номин: Хүнтэй ажил хэрэг ярьсан л бол өөрийн амалсан зүйл, хүлээсэн үүргээ биелүүлж байх нь хүмүүстэй амжилттай хамтарч ажиллах эхлэл болдог. Чи яриад л тэгсэн хэрнээ зүгээр суугаад байвал хэн ч чамайг дэмжиж туслахгүй. Тэр хүн мундаг бизнесмэн, продюсер, удирдагч, "од" хэн байх нь хамаагүй. Хүмүүсээс айж ичих хэрэггүй. Бид адилхан л хүмүүс шүү дээ. Тэд хэдийгээр мундаг амжилтад хүрсэн "од" байлаа ч нэгэн цагт бидэнтэй л адилхан ингээд л явж байсан хүмүүс. Ийм тохиолдлуудын бараг 60-70 % нь ийм саналаас татгалздаггүй.

-Г.Галбадрах: "Хэрэв өөртөө зорилго тавьсан л бол зорилгодоо хүрэхийн тулд бусдад болоод өөртөө хэрэг болох санал тавьж бай" гэсэн санаа юм уу даа?

-Г.Номин: Би болохоор хүмүүс дээр өөрөө очиж санал тавих дуртай. Тэдэнтэй ярилцаж, өөрийн хийж чадах ажлаа санал болгоно. Жишээ нь: Нэг нэртэй том брендийн захиралтай нь уулзах цагаа товлож байгаад өөрөө хүрч очоод "Би та нартай хамтарч ажиллах хүсэлтэй байна. Надад байгаа боломж болоод миний хийж чадах зүйл энэ. Та нар ямар саналтай байна вэ?" гэж асуудаг. Мэдээж санал маань харилцан ашигтай байх ёстой. Бид хүнээс мөнгө биш боломж гуйж байгаа болохоор ичих зүйл үгүй. Хэрэв чи модель болохыг хүсч байгаа бол өөртөө байгаа мөнгөө шавхаад, өөртөө байгаа боломжоо дайчлаад юу хийж чадахаа бусдад нотло. Тэгвэл чамд боломж олдоно. Хэн нэгнээс мөнгө гуйгаад, хэн нэгэн ирж туслахыг хүлээгээд суувал чи хэзээ ч амжилтад хүрэхгүй.

-Г.Галбадрах: Чиний яриаг сонсоод байхад яг л өөрийн боломжоо дайчлан овсгоотой байж, том зорилго руу явж байгаа мэт санагдлаа. "Шөнийн клуб"тэй болохоор нилээд шоуддаг уу?

-Г.Номин: Хүмүүс заримдаа намайг "Ямар их шоуддаг юм бэ? Дандаа л шоудаж байгаа зургаа тавих юм" гэж зэмлэдэг. Тэр болгонд хүмүүст тайлбарлах албагүй. Энэ бол бидний ажил. Нөхөр маань Нью-Йоркод өссөн загвар өмсөгч, жүжигчин, зохиолч мэргэжилтэй. Нөхөр маань алив ажлыг цагт нь , хийхээр төлөвлөсөн зүйлээ яг л хийдэг. Ярианы соёл сайтай, итгэл дааж чаддаг учраас бид "гар нийлэн" ажилладаг. Бид сонирхлоороо нэгдсэн. Бид хоёрын уриа болохоор "Бүх зүйлийг хамгийн сайнаар чанартай хийх". Бид хоёр бие биенээ маш сайн ойлгож дэмждэг.

Энэ мэргэжил маань олны өмнө байнга гарч, гоо сайхнаар бусдыг баярлуулж, хүмүүсийг дэмжиж тусалж, бүх талаараа л хүмүүст үлгэр дуурайлал болж байж, хүмүүсийн хайр хүндэтгэлийг авдаг ажил. Хүн ер нь сэтгэл санаагаараа тайван байж, сайн хайрлуулж, халамжлуулж байж л дотроосоо гэрэлтдэг. Тэр хэрээрээ нүдэндээ цогтой болж, хувийн амьдрал, бизнес болоод ажил хэрэг нь бүтэмжтэй байна гэсэн үг. Тийм болохоор гэр бүлийнхэн болоод хань ижил тань чамайг ойлгож дэмжиж, туслаж байх нь амжилтад хүрэхийн бас нэг том хэсэг нь.

Зургаа. Энэ цаг үе надад их бараан саарал өнгө шиг санагддаг.

-Г.Галбадрах: Мэдээж янз бүрийн хүмүүстэй уулзаж, янз бүрийн залуустай найзалдаг байх. Бас загварын, шоуны том ертөнц дотор алхаж яваа залуу хүмүүс. Энэ дотроосоо ертөнцийн өнгийг яаж харж байна вэ?

Г.Номин: Одоо өөрийн оршиж байгаа энэ ертөнцийг заримдаа анзаарч харахад надад нэг л сонин мэдрэмж төрдөг юм. Загвар өмсөгчид, жүжигчид, дуучид гээд өмнө нь яг илүү нь "тасраад" гарч ирдэг байсан бол өнөө үед бусдаас илүүрхэж, хүлээн зөвшөөрөгдөж байгаа хүмүүс харагдахгүй байна. Одоо гарч ирж дуулагдаж байгаа дуунууд нь хэт материаллаг өгүүлэмжтэй, түүнийгээ бусдад гайхуулж бардамнасан аястай. "Би ийм гоё машинтай, би тийм ч гоё хүүхэнтэй" гэх ч юм уу. Хүмүүсийн дотоод сэтгэл нь бие биенээсээ холдоод ч байгаа юм шиг. Гэтэл үүнийг нь өсч яваа үе буюу дунд, ахлах сургуулийн хүүхдүүд шууд л хуулж дуурайна шүү дээ.

-Г.Галбадрах: Тийм ээ. Харамсалтай нь надад ч бас тэгж санагддаг юм.

-Г.Номин: Одоо миний анзаарч байгаагаар энэ нийгэм, дэлхий ертөнц бараан саарал өнгөтэй болчихсон юм шиг санагддаг юм. Гэхдээ энэ нь тодорхой хугацааны дараа гайгүй болох байхаа. Бидний үеийнхэн л энэ бүх эсрэг зуршил, муу үйлдлүүдийг засч залруулах хэрэгтэй болоод байна.

-Г.Галбадрах: Заримдаа өнгөрсөн цаг хугацааг санагалзан гуниглах нь ч бий?

-Г.Номин: Тийм шүү. Дээр үед монголчууд ямар байсан билээ. Өөрсдийн гэсэн ёс суртахуун, хэм хэмжээтэй. Бие биенээ бусдын өмнө уруул дээр нь озож үнсэх битгий хэл хацар дээр нь үнсэхдээ ч ичингүйрдэг байсан. Гэтэл одоо бага насны хүүхдүүд залуусыг харахад ямар их өөрчлөгдөж байна вэ? Бүсгүйчүүд байгалаас заяасан унаган төрхөө алдаж, дандаа л хиймэл зүйл рүү тэмүүлэх болжээ. Хөх, өгзгөндөө силикон шахуулж, нүүр царайгаа хүртэл өөрчилж байна. Хэт хиймэл байдлаас хүмүүс залхаж эхэлж байгаа. Хүмүүс хиймлээр бий болгосон байгаль орчин, дуу чимээ стрессээс залхаж, онгон дагшин хэвээрээ байгаа байгаль орчин руу тэмүүлж байгаа шиг, яг л байгалаас заяаж, эцэг эхээс төрсөн төрхөөрөө байгаа бүсгүйчүүдийг эрчүүд хүсдэг болно. Энэ чинь байгалийн шалгарал юм шүү дээ.

Долоо. Кино болоод Интертайнмент ертөнц

-Г.Галбадрах: Чи одоо Нью-Йоркод ямар орон зайд ажиллаж байна вэ?

-Г.Номин: Би яг одоогоор юм юманд хүчээ сорьж, чадах боломжоороо хүмүүсийг дэмжиж тусалж байгаа. Дуучидтай хамтарч видео клипны зураг авалтуудыг нь продюсерлож, олон улсын моделиудыг энд авчирч ажиллуулж, төрөл бүрийн шоунуудыг зохион байгуулж байна. Өөр өөр орнуудын энэ чиглэлийн хүмүүстэй нилээд хамтарч ажилладаг. Бид багтаа 7 хүнтэй. Зурагчин, videographer, wardrobe stylist, make up and hair artist, дизайнер, модель жүжигчин гэхчилэн хүн болгон нэгээс дээш мэргэжлийн ажил хариуцдаг. Бүх төрлийн хүмүүсийг нийлүүлээд сайн манлайлагч байж чадвал, илүү өргөн хүрээнд ажиллах боломжтой байдаг. Бид залуу хүмүүс болохоор өөрсдийгөө сорьж дуртай зүйлээ хийн, хүч чадлаа дайчлан, хамтын хүчээр мөрөөдөлдөө хүрэхээр тэмүүлж явна. Хэзээ ч бууж өгдөггүй хүмүүс л ялалтад хүрдэг.

Хэрэв та ажигласан бол дэлхийн хэмжээнд амжилт гаргаж яваа, бусдыг манлайлж яваа хүмүүс ихэнх нь нэг үеийхэн. Тэд хэзээ ч бууж өгдөггүй, хийж байгаа ажилдаа дуртай болохоор зоригтой, тууштай байдаг, өөртөө итгэлтэй байдаг учраас л амжилтад хүрдэг. Тийм болохоор бид ч бас ирээдүйгээ томоор төсөөлж, уйгагүй зүтгэж байж л амжилтад хүрнэ. Амжилтад хязгаар байхгүй.

-Г.Галбадрах: Би нэг удаа та нарын бүтээсэн киног интернетээр үзсэн.

-Г.Номин: Нөхөр минь зохиол, шүлэг бичих дуртай. Саяхан хоёулаа хамтарч байгаад анхныхаа богино хэмжээний кино хийсэн. Америкт богино хэмжээний кинонуудын фестиваль зохион байгуулж, түүнээсээ дэлгэрүүлж болох санаа, том бүтээлүүд хийх боломжуудаа олж авдаг юм. Бидний өнгөрсөн 3 сард хийсэн богино хэмжээний кино маань удахгүй фестивальд оролцох гэж байгаа. Хэрэв энэ фестивальд амжилттай оролцох юм бол бүрэн хэмжээний кино хийх бодол бий. Ер нь цаашдаа хийхээр бодож төлөвлөж байгаа олон бүтээлүүд байгаа.

-Г.Галбадрах: Киноныхоо сэдвийг хэрхэн сонгож, бусдад юу үзүүлж ойлгуулахыг зорьж байна даа?

-Г.Номин: Сэдвийн хувьд аль болохоор хүмүүсийн амьдралд байгаа эмзэг асуудлыг хөндөхийг хичээдэг. Сүүлд бүтээсэн кино маань Felo De Se гэдэг нэртэй. Энэ кинондоо амиа хорлохыг хүсч байгаа хүний тухай өгүүлсэн. Нөхөр маань зохиолыг нь бичсэн юм. Хүн өөрийн амьдралдаа тохиолдож байгаа бэрхшээлтэй хүнд асуудлаас гарах хамгийн муу сонголт бол "амиа хорлох" явдал юм аа. Хэрэв хүн амьд байж чадвал, амьдрал цаашаа үргэлжилсээр байх болно гэдгийг хүмүүст хэлж ойлгуулахыг хүссэн юм. Энэ бол их эмзэг сэдэв. Тийм шийдвэр гаргасан хувь хүн, өөрөө өөртэйгээ дотоод сэтгэлээрээ л ярилцдаг.

-Г.Галбадрах: Киногоо хийхдээ судалгаа хийх үү?

-Г.Номин: Америкт "Амиа хорлохыг хүссэн хүмүүсийг аврах сан" гэж байдаг юм байна л даа. Бид тэр байгууллага дээр очиж уулзсан. Гэтэл тэд хичнээн хичээгээд ч ийм тохиолдлын 30 % -д нь тусалж, амийг нь аварч чаддаг, 70 % д нь огт тусалж чаддаггүй гэж хэлж байсан. Энэ их харамсалтай. Бас судалгаагаар ижил хүйстэн хүмүүст амиа хорлох үзэгдэл элбэг байдаг гэж гарсан байсан. Урлагийн, загварын ертөнцөд ийм хүмүүс элбэг. Мэдээж янз бүрийн шалтгаан бий байх. Ийм хүмүүстэй уулзаж, ярилцаж зовлонг нь ойлгох хэрэгтэй. Эцсийн эцэст бид ав адилхан л хүмүүс шүү дээ.

-Г.Галбадрах: Чи загвар сонирхож явсан хэрнээ яаж яваад кино руу орчихсон юм бэ?

-Г.Номин: Ерөнхийдөө загварын ертөнц, кино урлагтай байнга холбоотой байдаг. Бостонд ажиллаж байхад манай ажлын газарт кино зураг авах боллоо. Эзэн маань үүнийг надад дуулгаж, өглөө эрт ирж ажлын газраа онгойлгон тэдэнд туслахыг хүссэн юм. Би бүр эрт ирээд тэдний хийж байгаа ажлыг сонирхонгоо хүн бүрийг анхааралтай ажиглан "Тэр хүн нь продюсер юм байна, энэ хүн нь найруулагч юм байна" гэхчилэн харж суусан. Тэднийг завсарлах хугацаанд нь найруулагч дээр нь очиж, өөрийгөө танилцуулан "боломж олдвол хамтарч ажиллах хүсэлтэй байгаа" гаа дуулгаад өөрийн цээж зургаа, нэрийн хуудастайгаа хамтад өгөөд салсан. Гэтэл тэд нэг өдөр над руу утасдаж "нэг дүр байна, чи ирж сонирхооч" гэж санал тавьсан. Тэгээд л би энэ урлаг руу орсон доо. Түүнээс хойш их ч олон casting call- д явсан. Олон ч удаа "үгүй" гэж сонсож үзсэн. Тэгэхдээ тоглосон 4 кино байдаг юм. Миний хувьд хамгийн сонирхолтой, бахархал төрүүлдэг нь жүжигчний мэргэжил. Киногоор юуг ч илэрхийлж болно. Тийм болохоор би кино урлагт заавал хүчээ сорино гэж бодож байгаа.

-Г.Галбадрах: Энэ бол чиний уйгагүй чанартай чинь холбоотой юм байна. Нэгэнт кино урлаг руу бага орон зайгаар орсон ч гэсэн том мөрөөдөл байгаа байх?

-Г.Номин: Том мөрөөдөл бол байлгүй яахав. Холливуудын хэмжээнд хүрэхээр кино хийх ч юм уу, Монголын жүжигчнийг энэ том дэлгэцнээ харах хүсэлтэй. Энэ болгонд чинь монгол үндэсний хувцас, эд хэрэглэл, гар урлалуудыг оруулж, өмсөж, хэрэглэж бусдад таниулах боломж олдоно. Энэ бол Монголын жүжигчид, дизайнерууд, урчуудын хувьд том боломж. Би хэдэн жилийн өмнө Чингис хааны тухай Хятадууд, Оросуудын хийсэн киног үзсэн. Яг үнэндээ надад таалагдаагүй. Харин Монголд бүтээсэн "Мөнх тэнгэрийн хүчин дор" кино бол нилээд сайн кино байна билээ. Ер нь ийм киног монгол найруулагч хийвэл илүү сайн болно доо. Гол нь тэд чинь монгол сэтгэлгээ болон монгол ахуйгаа маш сайн мэдэж байгаа. Би л дотроо тэгж боддог юм. Тийм болохоор л бид өөрсдөө сайн кино хийж, дэлхийн кино урлагт цаг алдалгүй хүч түрэн орж ирэх хэрэгтэй. Миний хувьд ирэх 9 сард Нью-Йорк хотод Монголын нилээд том хэмжээний загварын шоу хийхээр төлөвлөж байгаа.

Найм. Миний мөрөөдөл

-Г.Галбадрах: Энэ чинь сайхан санаа байна. Энэ талаараа арай дэлгэрүүлж ярьж болох уу?

-Г.Номин: Дэлхийн хамгийн том загварын шоуны нэг болох "Mersedes Benz Fashion Week" Нью-Йоркод жилдээ 2 удаа болдог юм. Түүнд Монголын сайн дизайнерийг урьж авчирч оролцуулан, бүх тал дээр нь дэмжиж туслах санаа бий. Энэ бол миний олон жилийн мөрөөдөл. 9 сард хийхээр төлөвлөж бизнес төлөвлөгөөгөө гаргаж байгаа. Дизайнерээс гадна Монголын загварын том агентлагуудаас шилдэг залуу загвар өмсөгчдийг оролцуулахаар бодож байгаа. Гол нь энэ том ертөнцөд монгол уран бүтээлчдийнхээ хийж чадаж байгаа бүтээлүүдийг үзүүлж,анх удаагаа сонин содон, өвөрмөц байдлаар коллекци гаргаж Монгол орноо сурталчлах зорилготой. Монголчууд гэдэг чинь ийм мундаг хүмүүс, тэдэнд маш их чадвар, боломж байгаа гэдгийг харуулж нотлохыг хүсч байна.

-Г.Галбадрах: Ийм том шоу хийнэ гэдэг амаргүй. Гэхдээ би чамд итгэж байнаа.

-Г.Номин: Мэдээж амаргүй. Зардал санхүүжилтээс эхлүүлээд асуудал зөндөө бий. Бизнес төлөвлөгөөгөө гаргаж байгаад Монголын улстөрчид, бизнесменүүд, уран бүтээлчдэд саналаа танилцуулна. Энэ бол ганц миний ажил биш, монголчууд бид бүгдээрээ санаа тавьж дэмжвэл бидэнд цаашид илүү том боломжууд нээгдэх болно. Монголынхоо хөгжлийн төлөө санаа зовж байгаа хүн болгон дэмжиж, хамтран ажиллана гэдэгт итгэж байгаа.

-Г.Галбадрах: Сайхан сонсогдож байна. Би ч бас энэ шоуг олон хүн дэмжээсэй гэж хүсч байна?

-Г.Номин: Зөндөө олон хүмүүс надад итгэж дэмждэгтэй адил, олон ч хүмүүс ингэж хэлж байсан. "Номи, энэ Нью-Йоркод хэдэн мянган моделиуд, жүжигчид байдаг. Чи эдэн дундаас яаж ялгарч, өөрийн орон зайгаа хадгалж үлдэх вэ?" гэж асуудаг. Миний бусдаас ялгарах хамгийн том зүйл маань "монгол"гэдэг нэр, бас урдаа тавьсан том зорилго минь байх. Монгол орон маань энэ дэлхийд аугаа түүх соёлтой, өөрийн гэсэн орон зайтай үндэстэн. Тийм болохоор би өөртөө итгэлтэй байж, шантралгүй зүтгэж, сайн сайхан үйлс бүтээж, хайртай хүмүүсийгээ баярлуулж, зорьсон зорилгодоо заавал хүрэх болно. Энэ бол миний хувьд Монгол орноо хөгжүүлэхэд оруулж байгаа хувь нэмэр минь байх болно.

-Г.Галбадрах: Сайхан сонсогдож байна шүү. Өөр бусад мөрөөдлийг тань сонсвол?

-Г.Номин: Би аль багаасаа л гэрээсээ гарч өөрийгөө таньж, нээх гэж хичээж явна. Алдаж онож, жаргалтай бас амаргүй үеүдийг ардаа орхижээ. Энд ирээд банк санхүү болоод бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжил эзэмшсэн. Ээжийн минь өвлүүлсэн мэргэжил болохоор энэ чиглэлээрээ хожим нь ажиллаж, алсдаа өөрийн гэсэн хувийн бизнестэй болох төлөвлөгөөтэй. Залуу хүний хувьд бусадтай адил том мөрөөдөлтэй. Тэр бол Холливууд. Яагаад монголчууд бид Холливуудад орж болохгүй гэж. Тэр цаг тун ойрхон байгаа гэдэгт итгэж байгаа.

-Г.Галбадрах: Уулзаж ярилцахад маш сайхан байлаа. Чамаас залуу хүний маш том мөрөөдөл, эрч хүч мэдрэгдэж байна. Бүх зүйл урд тань байгаа болохоор би чиний хүрсэн орон зай, хүрэх гэж тэмүүлж яваа орон зайг тань төсөөлж бахархаж байна. Санасан бүхэн тань сэтгэлчлэн бүтэг.

-Г.Номин: Намайг зорьж уулзсан танд их баярлалаа. Өнөөгийн Монголын залуус бүхэнд маш том боломжууд нээлттэй байна. Тэр тусмаа загварын, киноны, шоу бизнесийн ертөнцөд монгол залуус өөрсдийн орон зайгаа бий болгох боломж ойрхон байна. Харин бид өөрсдийгөө хөгжүүлж, бие биенээ дэмжиж, хамтаараа зүтгэвэл заавал амжилтад хүрэх болно.

...Номин бид хоёр нилээд удаан ярилцсан. Өөртөө итгэлтэй ажил хэрэгч, бас уйгагүй, хүмүүстэй харилцаж сурсан олон чадваруудыг түүнээс анзаарч байв. Монголчууд бидний ярьдаг "бор зүрхээрээ", энэ том ертөнцөд өөрийн орон зайгаа олох гэж хичээж яваа нь анзаарагдсан. Бас өөрийгөө "монгол бүсгүй" гэдгээрээ бахархаж, монголоороо омогшиж яваа нь сайхан санагдлаа. Тэрээр залууст хандаж доорх зүйлийг сануулсан юм.

1. Өөртөө зорилго тавь, овсгоотой бай.
2. Өөрийгөө мэдэр, сул талаа өөрчил.
3. Өөрийн хийж чадах зүйлээ бусдад өөрөө л нотло.
4. Ирээдүйгээ хар, өөртөө итгэ.
5. Ямар ч зүйлийг дээд зэргээр чанартай хийж сур.

Түүний яриаг сонсож, хийж бүтээж, босгож байгаа бүхнийг нь анзаарч, тэмүүлж яваа том мөрөөдлийг нь дэмжих хэрэгтэй юм гэж бодогдож байв. Түүний сэтгэлээс гарч байгаа "цаг алдалгүй зүтгэх, эвлэлдэн нэгдэж хамтдаа гадаад ертөнцтэй өрсөлдөх" санаанууд нь бүгдээрээ л дэлхийн хэмжээнд Монголын брендийг бий болгох хүсэлтэй нь сүлэлдэж байсан. Дэлхийн хэмжээнд сэтгэж, боломжуудыг дэлхийн хэмжээнд олж харж байгаа залуусын жишээ. Түүнийг яг одоо л дэмжиж, хамтран ажиллах хэрэгтэй юм шиг надад санагдсан. Тэр тусмаа залуус. Амжилт хүсье Номи, чи бүхнийг хийж, үлгэрлэж чаднаа.

{gallery}Galbadrakh/nomin{/gallery}

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
e-mail: gala_mn@yahoo.com 2014-05-21


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.