03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

"ЭЗЭНТ ГҮРНИЙ ТУУЛЬС” ба ХАРВАРД Сүхбаатарын Эрдэнэболд

"ЭЗЭНТ ГҮРНИЙ ТУУЛЬС” ба ХАРВАРД Сүхбаатарын Эрдэнэболд

Сүхбаатарын Эрдэнэболд

\цуврал ярилцлага-27\

...С.Эрдэнэболдтой уулзах гэж Бостонг зорьж, ярилцах гэж Харвардын Кеннедийн Сургуулийн нэг танхимд нилээд хэдэн цагийг хамтдаа өнгөрүүлэв. Бид хоёрын эхэлсэн хууч яриа тасалдахын аргагүй амттайгаар үргэлжилсэн. Түүний сэтгэлийн гүнээс өгүүлж буй бүхнийг зүгээр энгийн асуултаар таслахаас үнэндээ би эмээж байсан юм. Дараа нь энэ ярилцлагаа эвлүүлэх гэж бичиж суухад, завсар нь хавчуулж болох миний асуултууд энэ ярилцлагын амтыг "гашилгаж" мэдэхээр санагдаад болдоггүй. Асуултгүй хүүрнэл энэ ярилцлага С.Эрдэнболд гэдэг залуугийн сэтгэл дэх "эрдэнэсийн уурхай" байлаа. Энэ яриа дахиад давтагдах эсэхийг би мэдэхгүй, үгүй л болов уу? Уншихад урт хэдий ч энэ ярилцлагаас өнөөгийн монгол залуу хүний өөдрөг гэгээлэг ертөнцийг мэдрэх болно.

Нэг. БИ ХААНА ТӨРӨӨ ВЭ?

-С.Эрдэнэболд: Миний сонсож, дуулсан хүмүүсийн үлэмж хувь нь “Таны бахархал юу вэ” гэсэн асуултанд "Би Монгол хүн болж төрсөндөө бахархдаг" гэж хариулдаг. Тэр тусмаа өсч төрсөн нутаг усны тухайд, дээх нь үеийн хүмүүс бол хуучин овог аймгийн бүтцээр Түшээт Хан аймгийн Зоригт вангийн хошуу, одоогийн Төв аймгийн Бүрэн сумын нутаг ч гэдэг юм уу тодорхой нутаг ус зааж, залуучууд харин Архангай аймаг, Завханаас гэх мэт ямар нэг аймаг, сум зааж хэлэх дуртай байдаг. Харин миний хувьд нутаг ус заах бус "Би Монголд төрсөн" гэж гэж ерөнхий утгаар нь хэлдэг. Яагаад үүнд би хүчтэй ач холбогдол өгдөг вэ? гэвэл хүүхэд байхдаа бид Д.Нацагдоржийн "Миний нутаг" шүлгийг цээжилдэг шүү дээ. Тухайн үедээ Хорьдугаар зууны утга зохиолын гол төлөөлөгчийн шүлэг л хэмээн харж, цээжилж байсан бол одоо эргээд харахад "Миний нутаг" шүлэг бол эх орны минь маш том дархлаа, геополитик юм билээ. Хэрвээ сайн анзаарвал энэ шүлгэнд Монгол улсын зах хязгаар нутгуудийг гайхалтайгаар зураглан үзүүлсэн. Өөрөөр хэлбэл энэ шүлгэнд монгол хүний язгуурын оршихуйг зурж харуулсан гэсэн үг л дээ. Тэгээд бадаг бүртээ "Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон" хэмээсэн байдаг. Тэгэхээр би заавал Дарханд төрсөн гээд тэрүүгээрээ сэтгээд байж болохгүй. Монгол хүн бол "Монгол" гэдэг агуулгын энгээр сэтгэх ёстой юм. Бид 1900-аад оны дараагаас л энэ нутгийг Дархан хэмээн нэрийдсэн болохоос биш, энэ газар бол мянга, мянган жилийн нүүдэлчдийн өлгий болсон төв Азийн өндөрлөг нутаг, Азийн зүрх шүү дээ. Монголын гэсэн юм бүхэн л бидний өөрийн угшил язгуур учраас “Би Монголд төрсөн, Монгол улсын иргэн” хэмээн хэлэх дуртай.
-С.Эрдэнэболд: Гэтэл одоогийн бидний асуудал юу байна вэ гэвэл хүмүүс улс төрийн хувьд намаар нь, үзэл бодлын хувьд баруун зүүнээр нь, орлогынх нь хувьд өндөр болоод бага гэх мэт янз бүрийн л байдлаар хүмүүсийг хувааж, улам жижигсгэж байна. Ингэх тусам л үндэсний нийтлэг бахархал, үндэсний онцлог өөрийн мэдэлгүй биднийг анзаараагүй байхад л багасаж байна шүү дээ.
-С.Эрдэнэболд: Бид Хүннү, Сяньби, Хядан, Жүжан гэх мэт өндөр язгуурт нүүдэлчдийн угсаатнуудын голомтон дээр их Монгол улсыг байгуулсан улс."Монголын нууц товчоон" дээр ийн өгүүлдэг.Чингис хааныг төрөхөд

Одтой тэнгэр байлдаж
Олон улс орчилдож
Орондоо унтах завгүй
Олзлолдон булаалдаж байсан
Хөрст орон хөрвөлдөж
Хөнжилдөөн унтах завгүй
Хөнөөлдөн тэмцэлдэж байсан

гэдэг шүү дээ. Үүн шиг Татар, Гурван мэргэн, Тайчууд гээд маш олон хуваагдчихсан байсан овог аймгууд өөрсдийгөө хязгаарласан, торлосон юм болгоныхоо төлөөсөнд өөр хоорондоо тэмцэлдэж байсан бол Чингис хааны байгуулсан тогтолцоо бол "Их Монгол Улс" буюу "Эсгий туургатны иргэн хүн шүү, та энэ бахархлын төлөө байна шүү" хэмээн нэгтгэж улмаар 1206 онд Их Монгол улсыг байгуулсан. Энэ үед тэнд Татар нь байна уу, Тайчууд нь байна уу гэдэг нь чухал биш болж, Монгол хүн гэдэг бахархал бий болсон юм.
Тэгэхээр ямарваа нэг асуултанд хариулахдаа жалга довны явцуу эрх ашгаас илүүтэй, үндэсний хэмжээний тэр том алсын хараан дээр зангидсан зүйлийг ярих хэрэгтэй. Хэдий энэ маш энгийн асуулт боловчиг маш чухал гүн ухааны зүйл тул бага зэрэг дэлгэрүүлэн хариуллаа.

Хоёр. ХОРВООТОЙ ӨӨРИЙНХӨӨРӨӨ ТАНИЛЦСАН ТҮҮХ

-С.Эрдэнэболд: Би 1983 онд төрсөн. Манай аав бол хөдөөний малчин гэр бүлд өсч улмаар бага насандаа Улаанбаатарт эрдэм номын мөр хөөж орж ирсэн хүн л дээ. Нэг үгээр нэгдүгээр үеийн хотын иргэн хүн юм. Аав нь буюу манай өвөө "Чи сургуульд сурч яах нь вэ?" гээд байхад л зөрсөөр байгаад есдүгээр ангидаа ирж сурсан юм билээ. Тэгээд Хуулийн дундад суралцан намрын ажилд явж байхдаа Өмнөговь аймгийн Ханбогд суманд ээжтэй минь танилцаж, тэр хоёр нэг гахиур модны дор учирсан гэх хөгжилтэй яриа байдаг юм. Тэгэхээр их сонирхолтой л доо. Би говь хавьцаа олдож, Дархан хавьцаа төрсөн бөгөөд өвөө минь Төв аймгийн Бүрэнд малчин байсан тул зундаа өвөө, эмээ дээрээ оччихдог байлаа. Харин өвөлдөө суурин бараадаж Дархан, Улаанбаатарт амьдарсаар ер нь нүүдэлчин маягаар хүүхэд насаа өнгөрөөсөн. Тэгэхээр чинь янз бүрийн л мэдрэмж авна шүү дээ .
-С.Эрдэнэболд: 1989 онд ардчилсан хувьсгал өрнөж, цагийн байдал их өөр болж байгаа нь мэдрэгдэж байлаа. Аав минь Улаанбаатар хотод сурдаг тул намайг яг ухаан орж байх үед Дарханд буюу гэртээ ирж очин байдаг байсан юм. Тэр үед зурагт гэж байх биш, ганц сэтгэл баясгадаг зүйл нь пянз тоглуулагч, шугамын радио хоёр байлаа. Радиогоор орой бүр "Үлгэрийн цаг" явна. Тэр чинь диваажин шүү дээ. Тэр нэвтрүүлэгчийн хоолой, цаана нь явж байгаа хөгжим, өнгө донж гээд л хэлэх юм биш. Зурагт хүнд хязгаарлагдмал төсөөлөл өгдөг бол радио буюу сонсох урлаг хүнд гайхамшигтай төсөөлөл бий болгодог. Гэтэл "Үлгэрийн цаг" сонсохоос өмнө нь Москвагаас монгол хэлээр явуулах нэвтрүүлэг гэж явдаг байсныг яалт ч үгүй сонсох хэрэгтэй болж өөрийн эрхгүй "нийгэм гэж юу юм, яагаад ингэж хувьсан өөрчлөгддөг юм бол?" гэх асуултуудыг ургуулан бодож эхэлсэн. Тэрнээс үүдээд зургаа долоотой байхдаа нийгмийн тухай өөрийн гэсэн төсөөлөлтэй болж авсан даа.

-С.Эрдэнэболд: Багадаа зураг зурах дуртай хүүхэд байлаа. Алимны хайрцаг дүүрэн зураг зурна. Сүүлдээ зургийн дэвтэр олдоц муутай болоод ирэхээр нь дэвтрээ арван зургаа хувааж байгаад зурдаг, бүр “Ну Погади”-ийн бүх ангийг ширхэгчлэн зурж байсан удаатай. Намайг зурах дуртайг аав анзаараад тэр үеийн “Цэнхэр самбар” гэж хүүхдийн нэвтрүүлгээс зарладаг зургийн уралдаанд оролцуулав аа. Тэгсэн 1990 онд түүнд түрүүлээд анх удаа алтан таван хошуу, хорин нэгэн төгрөгөөр шагнууллаа. Тэгээд үүнээс болоод хамгийн анхны "Ямар нэгэн зүйл хийх юм бол үр дүнд нь нэг зүйл ирдэг юм байна" гэдэг мэдрэмж төрж байгаа юм .
-С.Эрдэнэболд: Дөрөв дүү охин дүү маань хөгжлийн бэрхшээлтэй. Бидний багад тэр үеийн хүүхдүүдийн нэг онцлог бол банди нар нь чулуугаар байлдаж тоглодог байлаа шүү дээ. Их харгис тоглоом. Эсвэл грашан дээр үсэрч тоглоно. 90-ээд оны шилжилтийн үед нэг нийгмийнх нь үнэт зүйл унаад, нөгөө нь бүрдэж амжаагүй байсан учраас хүмүүсийн сэтгэхүй хоус буюу замбараагүй байдалд шилжээд орчихсон байсан байх. Тэр үед чинь орц бүр харанхуй, хүүхдүүд ямар нэг шил харвал заавал очоод хагалчихна. Тэгээд тийм үед чинь дүүгээ аваад гарахаар хүүхдүүд чулуу шиднэ, дээрэлхэнэ. Энэнээс болоод би "Яагаад манай дүүг ийм гэдгийнх нь төлөө хүүхдүүд ингэдэг байнаа" гэж их гайхдаг байлаа. Тэгэхэд л шудрага ёс, тэгш эрхийн тухай асуултууд анх төрж байсан шиг санагддаг. Гадаа гарах л юм бол нэг бол хүүхдүүдэд тархиа хагалуулна, үгүй бол өөрөө хүүхдийн толгой хагална гэсэн хоёрхон сонголттой. Тэгээд дүүгээ авч гарч чадахгүй тул гэртээ сууж байх нь илүү амар санагдаад пянзаа сонсоод, зургаа зураад суудаг болсон. Тэр үед л хамгийн анх үнэн, худал, зөв буруугийн тухай эргэцүүлж байсан шиг байгаа юм.
-С.Эрдэнэболд: 1990-ээд онд манайх улмаар Улаанбаатар хот руу нүүлээ. Дарханы соёл, Улаанбаатарын гэр хороололын соёл бас л өөр өөр. Гэхдээ л тэнд бас л хөвгүүд чулуугаар байлдана. Манай зуун айлын хүүхдүүд, дэнжийн мянгийнхантай чулуугаар байлдана. Юуны тулд байлдаж байна вэ? гэвэл ногоон нуураа булаацалдаж байлддаг байв. Тэр нь тухай үед нэг тийм хиймэл нуур байсан юм л даа. Нэг зүйл ер санаанаас гардаггүй нь юу вэ? гэвэл биднийг ногоон нууранд очиход нэг их сайхан буга, согоо хоёр тэнд ирдэг байв. Харахад л хараа булаагаад сайхан шүү дээ. Гэтэл нэг өдөр яваад очтол тэр хоёрыг алчихсан байсан. Эрэгтэйнх нь хоёр эврийг хөрөөдөөд, чивийг нь авчихсан. Тэгэхэд нэг их гуниг төрөөд, "Тийм сайхан амьтныг яагаад хүмүүс ингэдэг юм болоо" гэж их бодож билээ. Анхны шудрага бишийн тухай эргэцүүлж үзсэн нь тэр байсан юм болов уу даа.
-С.Эрдэнэболд: Аав намайг багад "Парламентын тоймч" хийдэг байлаа. Харах хүнгүй тул аав намайг дагуулаад явдаг, би сонингийн цаасан дээр зураг зураад л, Ардын Их Хурал хуралдаж л байдаг, аав мэдээгээ бичиж л байдаг байсан. Тэгж байтал өнөөх өлсгөлөнгийн үе эхэлж, "Эрх чөлөөний талбай" дээр хүмүүс жагсаад л, тэр үеийг би тод санадаг юм. Үнэгэн малгай, туулайн арьсан сээгий малгай өмссөн улс өвлийн хүйтэнд эсгийн дээр суучихсан, тухайн үедээ яг юу болоод байгаа юм бол гэж бодохоос сайн ухаж ойлгохгүй шүү дээ. Тэгсэн нэг өдөр хүмүүс талбай дээр вагончик түрж яваад санаандгүйгээр нэг эмэгтэй дугуйн дор нь орсныг мэдэлгүй дайраад тэр бүсгүй эндчихсэн юм. Надад тэр үед "хүн амиа алдах хэмжээний чухал юм юу болоод байгаа юм бол доо" гэсэн бодол төрөөд, радио сонсдог байсан тул түүгээр анхны нийгмийн тухай ойлголтоо авч байсан нь мартагддаггүй. Тэр үед ээж маань надад хатуу диктатуртай шүлэг цээжлүүлдэг байлаа. Дүү маань хөгжлийн бэрхшээлтэй болохоор би дүүгээ хардаг тул цэцэрлэгт явдаггүй байв.
-С.Эрдэнэболд: Ээж нэг удаа надад “Миний хэнз хурга”-ыг цээжлүүлээд, тэгэхлээр нь би зөрүүдлээд “Миний магз хурга, магнай халзан зурмастай” гээд л уншчихлаа. Ээж миний уншсаныг засаж өгөөд байхаар нь зөрүүдлээд л уншаад байлаа. Тэгсэн ээж уурлаад алгадаж байна шүү. Тэгээд "За, өөрийнхөө үзэл бодлоор зүтгэж болдоггүй юм байна" гэж бодсон.
-С.Эрдэнэболд: Аав болон аавын найз Маналсүрэнгийн Баттөр гэж хүн надад "Нууц товчоо"-г уншиж, тайлбарлаж өгдөг байлаа. Ээж угаалгын өрөөндөө орж толиндоо харж байгаад ганцаараа шүлэг унших их дуртай байсан. Д.Пүрэвдорж гуайн "Хөх даалимбан тэрлэг", Чойномын хориотой шүлгүүдийг уншина. Манай том өрөөний ханан дээр нэг тийм онцгүй харцтай баатрын зурагт хуудас байдгаас би их айдаг байсан тул ээжийг угаалгын өрөөнд оронгуут нь гаднаас нь чагнаад л суучихдаг байж билээ. Нэг удаа ээжийн найзууд ирэв ээ. Дарханы гурилын үйлдвэрийн урлагийн наадам болох гээд ээж шүлэг унших болж л дээ. Д.Пүрэвдорж гуайн “Хөх даалимбан тэрлэг”-ийг унших байж. Тэгсэн уншиж байснаа үгээ мартчихаад, номоо хайгаад байхаар нь би хэлчихсэн чинь ээж бүр гайхаж байна. Тэгээд л ээжийн уншдаг байсан бүх шүлгийг би цээжээр мэддэг нь баригдсан даа.
-С.Эрдэнэболд: Аав маань Хуулийн дундад байхдаа буржгар үстэй өндөр шар хүн тул Шерлок Холмос гэдэг хочтой байж. Гэтэл аав маань Их сургуулийнхаа ангийн Гантөмөр гэж ахтай хамт их ноцтой ажил хийсэн байгаа юм. Яасан гэхлээр, НАХ Яамны архивт байсан Р.Чойномын хориотой шүлгүүдийг хулгай хийж л дээ. Тэр үед хувилагч гэж байх биш, тэндээс гараараа ч юм бичиж авч болдоггүй байсан юм билээ. Тэгэхэд дуу хураагуурын анхны хувилбарууд гарчихсан байсан тул түүнийгээ энгэртээ хийж очоод өөрсдөө уншин бичиж, дараа нь бичгийн машинаар бичиж авсаар байгаад тэр хавтаст байсан гол, гол хориотой шүлгүүдийг гаргаад ирж. Үүний дараа С.Батмөнх сэтгүүлч " Залуучуудын үнэн" сонины эрхлэгч байхдаа тэр шүлгүүдийг нь хэвлээд их сенсаци болж байсан түүхтэй юм билээ. Тэгээд л би тэднийг нь уншиж, цээжлэх болсон доо.

Гурав. СОРИЛТ ДАВСАН СУРГУУЛИЙН ЖИЛҮҮД

-С.Эрдэнэболд: Анх бэлтгэл ангид ордог жил ээж, аав хоёрын бололцоо нь болоогүй юм уу яасан юм, намайг биеийн тамирын хичээл орсон чинь нэг таавчик өгөөд явуулчихжээ. Тэгсэн би ер ичээд болдоггүй шүү. Нэг үстэй таавчиктай зогсож байсан хүүхдүүд шоолоод болдоггүй анх удаа үхтэлээ ичиж билээ. Дараа нь нэгдүгээр ангид ордог жил аавыг зохиолч Цоодол гуайн амьдарч байсан байранд амьдар гээд байр өгсөн юм. Гэтэл тэр үед Цоодолын Хулан эгч, Уянга ах хоёрын амьдарч байсан өрөө нь манай жижиг өрөө болов. Тэгсэн Уянга ах Сергей Есенин, Пушкины зургуудыг ханан дээрээ наачихсан, тэр орчин надад өөрөө асар их хүсэл, эрмэлзлийг өгсөн дөө. Уянга ах надад бас номын сангаасаа олон ч ном дурсгасан.
-С.Эрдэнэболд: Нэгдүгээр ангид ямар сургуульд орох вэ гэдэг асуудал гарлаа. Ээж намайг 23-р сургуульд өгнө, хэл ус сургана гээд. Аав харин тавдугаар сургууль, юм уу 24-р сургуульд оруулъя гэж байна. Тэгээд "за энэ ойрхон тавьдугаар сургууль ч байгаа даа" гэлээ. Тэгсэн би 50-д орно л гээд л зүтгэчихлээ. Ээж аав хоёр яагаад? гээд асуухаар нь би “Тавьдугаар сургууль чинь тав дугаар сургуулиасаа 10 дахин том юм байна, хорин гурав, хорин дөрвөөсөө бол хоёр дахин том юм байна” гээд хүүхэд юм болохоор тоогоор нь том гээд бодчихгүй юу. Тэгсэн аавын найз Баттөмөр ах "Эр хүн өөрийнхөө замыг өөрөө л сонгоно, өөрөө шийдэг, эр хүн өөрөө л орно гэж байгаа бол та хоёр зөвшөөр" гэж аав, ээж хоёрт хэлж, надад тэр үг их эрч хүч өглөө шүү. "Нээрээ л би чинь эр хүн юм байна" гэж бодлоо. Тэгээд л тавьдугаар сургуульд элсэн орсон доо.
-С.Эрдэнэболд: Нэг санаанаас гардаггүй дурсамж байдаг юм. Аав нэг удаа гадагшаа сургуульд явлаа. "Ер нь аавыг эзгүй хойгуур ээжийгээ хамгаалж байх ёстой юм байна" гэж дотроо бодож байгаа юм. Тэгээд "яаж ээжид хэлэлгүй ээжийгээ хамгаалах вэ?" гэж бодлоо. Ээжид хэлэх юм бол ээж орой үдэш ажил дээр нь ирж байна гэдгийг мэдээд сандарна шүү дээ. Тэгээд ээжийг орой ажлаа тарах үед нь ажлаас нь орц руу орох хүртэл нь дагаж харж байгаад түрүүлээд гэртээ орчихно.Тэгэхдээ аавын цахилгаан бороохойг авч гарна. Ингэж л нэг тиймэрхүү аргаар гэр бүлийнхээ өмнө хариуцлагатай байхад суралцсан юм шиг байгаа юм.

-С.Эрдэнэболд: 1990-ээд оны үед элсэн сахар төмрийн үртэстэй болж, хүмүүс картын бараанд дугаарладаг үе эхэллээ. Би чинь өглөө бүр талханд явна. Тэгээд хаалга онгоймогц л том хүмүүс дайраад л, ёстой л эр зоригийн тулаан шүү дээ. Ээж маань Дарханы гурилын үйлдвэрт "хүний нөөц" хийдэг байсан юм. Нэг удаа ярьж байгаад арван дөрвөн шуудай гурил авах болж, хамаатнууддаа тарааж өгсөөр өөрсдөө нэг уут гурил авч үлдлээ. Гэтэл нөгөөх нь цавуулаг ихтэй гурил учраас хямдхан байж л дээ. Тийм гурил чинь өтчихдөг байхгүй юу. Тэгээд нөгөө гурилыг чинь хаяж болдоггүй, яаж ч болдоггүй аргагүйн эрхэнд ахуйн марлыг дөрөв давхарлаж байгаад шигшээд идлээ. Одоо бодоход хүн "Зовлонг даадаг атлаа, жаргал даадаггүй" гэдэг үнэн. Яг л бидний насан дээр ид хийж бүтээх үед нь бидний аав, ээжийн залуу насыг тэр үеийн, амьдралын долгион үгүй хийсэн шиг санагддаг. Нэг ёсны сорьсон гэсэн үг. Хэн ч бэлтгэгдээгүй байсан. Анх удаа 290 жилийн дараа эрх чөлөө, ардчилал гэнгүүт нийгэм дахь хүмүүсийн үнэт зүйл янз бүрийн төвшинд задарч тэр нь 2000 он хүртэл үргэлжилсэн юм шүү дээ.

-С.Эрдэнэболд: Зургадугаар ангид ороод би нэг үсэг зохиосон юм. Бүгд бөөрөнхий, а үсэг нь бөөрөнхий дотроо нэг цэгтэй, б үсэг нь хоёр гэдэг ч юм уу, тиймэрхүү л юм байсан. Тэгээд анх удаа түүгээрээ өөртөө захиа бичив ээ. Өөрийгөө шүүмжилж “Чи ер нь их зорилгогүй байна, мөрөөдөлгүй байна, том ахын хувьд чи их хариуцлагатай байх ёстой" гээд л, тиймэрхүү л юм байсан санагдаж байна.

-С.Эрдэнэболд: Ахлах ангид ороод ирэхээр чинь ангидаа хэн байх вэ, хэрхэн хүлээн зөвшөөрөгдөх вэ гээд л олон асуудал гарч ирнэ шүү дээ. Би нийгмийн ажилд их идэвхитэй хүүхэд байсан хэрнээ бүрэгдүү зантай хүүхэд байсан. Тавьдугаар сургуульд наймдугаар анги хүртлээ бусад хөвгүүдийн адил зодолддог л байлаа. Сүүлдээ "зодоон бол асуудлыг шийдэх арга биш юм байна" гэж бодоод, намайг зодох гэсэн атамануудын өмнөөс хууль ярьчихдаг болж билээ.

-С.Эрдэнэболд: Нэг өдөр би "Хүүхэд-хууль" гэж тэмцээнд орох болов. Олны өмнө гараад их сандардаг хүүхэд байсан тул бэлдэж, бэлдэж орсон тэмцээндээ юу ч ярьж чадсангүй. Тэгээд өөрийгөө хашраая гэж шийдээд хөшигний ард орж байгаад л хоёр гараа зангидан нүүрлүүгээ дэлсчихлээ. Жинхэнээсээ уур хүрчихсэн байсан болохоор хамаг хүчээрээ цохьчихсон байж л дээ. Тэгээд орой нь гэртээ ирсэн бүр хавдчихсан. Ээж надаас "яасан юм бэ?" гээд болдоггүй үнэнээ л хэллээ. “Би олны өмнө гараад сандраад нэмэр алга” гэсэн ээж " за аавд чинь хэлье" гэв. Гэтэл аав орой нь нэгдүгээр хороолол руу нэг хүн рүү утасдаж байснаа чамайг би нэг хүн дээр шавь оруулах боллоо гээд 1999 оны 3 сарын 12-нд айл руу дагуулаад явав.

-С.Эрдэнэболд: Тэр үед хип хоп хувцас их модонд орчихсон, ер нь гэхдээ аавын хувцасыг өмчихөөр л надад тэгж харагддаг байсан юм. Би нэг тиймэрхүү л хувцас өмсчихсөн аавыг дагаад нэг айлд очлоо. Тэгсэн тэр нь "Ардын жүжигчин", "Хөдөлмөрийн баатар", "Төрийн соёрхолт" Гомбосүрэнгийнх гэдэг айл байсан юм. Гомбосүрэн гуай ааваас "Энэ яадаг хүүхэд юм бэ?" гэж асуусан аав, “Энэ олны өмнө гарахаараа сандарч түгдчээд, өөрөө бас тэрэндээ гонсойгоод байх юм” гээд үнэнийг минь хэлэв. Тэгсэн намайг "Чи тэр жижиг өрөөнд ороод хүлээж бай" гэснээ аавыг гэр лүү нь явуулчихлаа. Тэгээд “Чи нэг томдсон бярууны нэмнээ өмссөн тугал шиг ямар унхиагүй юм өмссөн юм, эр хүн өөртөө ер нь яв цав таарсан хувцас өмсөх ёстой. Тэгвэл чи өөртөө итгэлтэй болно” гэж хэлснээ, "Чи энийг хар" гээд ханан дахь зураг руу зааж "Энэ хэн бэ?" гэж асуулаа. Тэр зураг нь Гомбосүрэн гуайн нэг их сайхан тоорцог малгайтай, хөх торгон дээлтэй залуугийн сайхан жавхаатай зураг байсан юм. Би "Та байна" гэхэд “Энэ миний залуу нас” гэснээ “Би чамд хэлэхэд хүний итгэл үнэмшил гэдэг л залуу насны өнгө жавхаа байдаг юм. Чи мянга үзэсгэлэнтэй байгаад ямар нэг зориг эрмэлзэл л байхгүй бол хэн ч биш болно. Би гал командын жолооч байсан хүн. Тэгээд жолооч байхдаа би жүжигчиний мэргэжлээр шалгалт өгье гээд ортол надаас гурван шалгалт авч байсан. Намайг эхлээд ороход нэг харанхуй өрөө рүү оруулсан. Тэгээд хонгилын үзүүрээс маш хүчтэй прожектор гэрэл тусгаж, улаан хивсэн дээр намайг алхуулж байлаа. Тэр үед яг өнөөх гэрлийн дор орос шүүгч нар суучихсан, хүчтэй гэрлийн өөдөөс гуйвалгүй алхаж байсан хүмүүсийг дараагийн шат руу оруулж байсан юм байж. Тэнд дундаа эргэлзсэн, зогсолт хийсэн хүмүүсийг шууд хасдаг. Тэгэхээр би чамд юу гэх гээд байна вэ? гэвэл, хүмүүсийг үгээр байлдан дагуулна гэдэг бол сэтгэлийн хаттай байхын нэр юм. Тэр бол хүний цэвэр зоригоос шалтгаалж байдаг. Зуун хүнээс чамайг 99 нь ялагдаасай гэж бодно, нэг нь л чамайг ялаасай гэж бодно, тэр нь чи өөрөө. Тэгэхээр 99 хүний ялалтын бай болж өөрийнхөө ялагдлын бай болмоор байна уу, эсвэл чи өөрийнхөө айдсыг даваад өрөөлийн өмнө тэднийг байлдан дагуулахыг хүсч байна уу” гэж яг л шүлэг шиг хэлж билээ.

Дѳрѳв.БИ ОРЧНООСОО УРГАСАН УРГАМАЛ

-С.Эрдэнэболд: Би хөгшин хүний үг сонсох их дуртай хүүхэд байлаа. "Хазгар өвгөнд эрдэм бий, Халхын голд эрдэнэ бий" гэж өвгөдийн хэлсэн үг үнэн шүү дээ. Миний эмээ Цэрэннадмидын Цэвээндорж гэж буурай байсан юм. Намайг багад хүүхдүүд дугуйг төмөр дэгээгээр түрж тоглодог байсан даа. Гэтэл нэг удаа би харуй бүрий болсон хойно эмээгээ харалгүй дайрчихгүй юу, тэгэхэд эмээ надад “Чи уул овоо шиг сууж байгаа хүнийг харахгүй дайрч байгаа юм уу, хүн болгон уул, зарим уул харагдана, зарим уул харагдахгүй. Харагдаж байгаа уулыг тойрох гээд харагдахгүй байгаа уулыг дайрж болохгүй” гэж хэлж байсан юм.

-С.Эрдэнэболд: Эмээ маань маш сайхан зурдаг, оёдог, орой бүр үлгэр ярьж өгдөг хүн байсан бөгөөд эцэг нь Цэрэннадмид гэж хүн Бурханч лам байсан юм. Ямар сайндаа хэлмэгдүүлэлтийн үед бурхан зураад бараг цаазаар авахуулах дээрээ тулаад гарын уртай хүн байсан тулдаа зургаан жилийг нь биеэр эдлээд, улсад далан морин хуур хийж өгч байсан гэдэг. Өвөөгийн минь хийсэн, тоглохоор хоёр чих нь соотолзож, нүд нь хөдлөөд чих нь булталздаг, одоогийн морин хуурнаас тохой өндөр оньсон морин хуур манайд байдаг юм. Эмээ минь өөрөө язгууртан хүн байсан. Харин миний аавын ээж, аав одоо ч хүртэл амьд сэрүүн байна. Бас л хөдөөний сайхан малчин хүмүүс. Эмээгийн минь хэлдэг үг бол "Олонтойгоо эвтэй яв" л гэдэг үг. Өвөө бол "Юмыг өнгөрөөж сур" гэж хэлдэг. Өвөө минь дуу цөөтэй хүн л дээ. Цөөн үг нь өөрөө цөлх гүн ухаантай. Бодол богширгон, үг цэвчиргэн гэж хэлдэг. Бодлыг бол богшироож байж хэлнэ, үгийг бол цэвчрээж байж хэлнэ. Тийм айхтар хэлтэй хүн л дээ.
-С.Эрдэнэболд: Өөрийн чадлаар өөрийгөө бүтээдэг лидерүүд гэж байдаг бол миний хувьд бол тийм биш, би орчноосоо ургасан ургамал юм. Өвөө эмээгийн хандлага, үг хэл, сургааль биднийг өсгөж байгаа хандалга, орчин тойрон тэр бүхий л зүйлс надад англиар root of wisdom буюу билгийн үндсийг бий болгосон байдаг. 2011 онд эмээ өвөөтэйгөө хөдөө явлаа. Тэгсэн очсон айл маань хонь гаргаж өгөөд, өвөө, эмээ хоёр "Наад нэхийг чинь хүүдээ гараараа сайхан элдээд өгье" гэж байна. Тэгэхээр нь урмыг нь бодоод "Өө тэг л дээ" гээд хэлчихсэн чинь гурав хоногийн дараа торго шиг болгоод аваад ирэв. Давслаад, тараг түрхээд, угаалгын машинд үнэрийг нь дарах гэж угаасан гэнэ. Эмээ, өвөөгийн гар гэж турь муутай жижигхээн гар байгаа шүү дээ. Нөгөөхөөрөө гурав хоног өдөр шөнөгүй нухсаар байгаад торго шиг болгоод аваад ирсэн байсан. Тэрнээс хойш би нөгөөхөөсөө салахаа больж, “Эзэнт гүрний тууль”-ийг бичиж байхад тэр нэхийний үнэр надад асар их мэдрэмж өгсөн. Чингис хааны багадаа амьдарч байсан хүнд хэцүү үеийг бичихэд, яг тэр нэхийний үнэр надад Монголын үнэр болоод тэр үеийн амьдралын төсөөлөн бодоход их хүчтэй нөлөөлсөн байх.

-С.Эрдэнэболд: Би гэртээ дандаа хорин алдын сур авч явдаг. Одоо ч манайд байгаа л даа. Цэвэр сур. Өвөөгийн минь хийж өгсөн сур бөгөөд түүнийг гаргаад ирэхээр манай адууны, манай айрагны, манай Монголын үнэр үнэртдэг. Одоо би хоёр хүүгээрээ нухуулнаа. Тэр үнэрийг багаас нь оюун ухаанд нь суулгах гэсэндээ тэр. Би юу гэх гээд байна вэ? гэвэл хүн байгаа орчноо хамгийн зүй зохистой гэгээнээр хүлээн авч танин мэдэж ойлгож, эвлэлдэн зохицож ахуй амьдрал байгалтайгаа таарч зохицох ёстой бөгөөд тэгж байж л амьдралынхаа туршид хүн оюун ухааныхаа дархлааг бий болгож байдаг.
-С.Эрдэнэболд: Миний хүсдэг зүйл юу гэвэл, хүмүүс нийгэм рүү хандахаас илүүтэй хойч үеэ яаж Монгол хүн болж төлөвшүүлэх вэ? гэдэг дээр л маш том бодлого барих хэрэгтэй. Би хүүдээ "Монголын нууц товчоо"-г цээжлүүлж байгаа бөгөөд хүү маань долоон настай боловч цээжээрээ "Монголын нууц товчоо"-г хэсэглэн уншиж чадна. Эхлээд монгол хэл дээр цээжлүүлж эх хэлнийх нь дархлааг бий болгож байгаад дараа нь англиар цээжлүүлэх бодолтой байгаа. Яагаад гэвэл Монголын соёлыг дэлхийд хадгалж явахын тулд олон улсын хэлийг бид мэддэг байх учиртай. Бурхан надад хоёр сайхан хүү заяаж, тэднийг би монгол хүн болгож өсгөх ёстой шүү дээ. Би гурав хоногтойд нь хүүдээ "Монголын нууц товчоо"-г уншиж өгч байсан. Тэр хүүхэд ойлгох үгүй нь хамаагүй. Зүгээр л тэр кодыг тавьж өгч байгаа юм. Сүүлдээ тэрийгээ би аудио бичлэг болгоод сонсдог ном болгосон.

Тав. "ЭЗЭНТ ГҮРНИЙ ТУУЛЬС" ХЭРХЭН БҮТСЭН БЭ?

-С.Эрдэнэболд: "Эзэнт гүрний тууль"-ийг гаргасны дараа хүмүүс янз бүрээр л ярьж байлаа. Шагнал, одон медалийн төлөө үүнийг бичлээ, энэ хүний шүлгийн яруу найргийн хувьд ийм, ийм алдаанууд байнаа гэдэг ч юм уу маш олон шүүмжлэл дагуулж байсан. Мэдээж төгс биш нь ойлгомжтой боловч," Яагаад энийг хийж байгаа вэ?" гэдэг нь өөрөө хамгийн чухал байгаа юм. Миний хамгийн том зорилго юу байсан бэ гэвэл нэгдүгээрт: Монголын түүхийг асар их гажуудуулж байна, хоёрдугаарт: Монгол хэл маш их мөхөж байна.
-С.Эрдэнэболд: Би юу гэж боддог вэ гэвэл монгол хэлний нэг үг толь бичиг дээр хадагдаад хэрэглэгдэхгүй байна гэдэг бол яг шоронд байгаа хүнтэй ижилхэн. Монгол хэлний нэг л үг толь бичигт тэмдэглэгдэхгүйгээр арилан одно гэдэг бол нэг үг, насыг барж байгаа гэсэн үг юм. Аливаа хэл тухайн үндэстнийхээ язгуур цэг юм бол нэг үг өөрөө нэг хүний амь наснаас дутахгүй үнэ цэнэтэй байх учиртай. Шекспир 80000 үгээр зохиолоо бичсэн байдгаас 11 мянга нь нэг л удаа хэрэглэгдсэн байдаг.

-С.Эрдэнэболд: Би бол сайн чадаж байгаа гэж хэлэхгүй, маруухан өөрийн хэмжээндээ молхилоод, том нэртэй тууль бичиж байна. Хойч үедээ өв бий болгоно гэдэг нь хүний амьд явж байгаагийн утга учир, зорилго юм. Идэх, өмсөх, албан тушаал ахих, ажил хийсэн болж харагдах нь байдаг үзэгдлүүд. Үзэгдлээс үзэгдлийн хооронд амьдарсаар үнэ цэнэтэй амьдралыг утга учиргүй туулахаар бид харамсалтай. Энэ үнэт зүйлсийн үндсэн дээр “Эзэнт Гүрний Туульс”-ыг зориглон бичиж байгаа. 1060,1070 бадаг төгс байх боломжгүй, 4400 мөрнөөс 400 үгийг ч шүүмжилж болно."Төгс биш" гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа.
-С.Эрдэнболд: Би төгс бичих албагүй, гэхдээ ямар жанжин шугамыг барьсан гэхээр маш олон одоогийн хэрэглэдэггүй үгнүүд оруулсан. Түүхэнд тэмдэглэгдсэн байгаа нэлээн даацтай гэсэн толь бичгүүдийг нэг бүрчлэн хараад би өөрөө ямар үг мэдэхгүйгээ шалгаж үзэхэд миний мэдэхгүй хэдэн зуун үг гарч ирж байгаа. Би багаасаа ном зохиолд ойр өссөн, гэтэл миний энгийн гэж боддог монгол ахуйн хөдөөний үгийг хотын залуучууд мэдэхгүй байж болж байна. Орчин үеийн соёлоос эрлийзэж гарсан үгийг огт яриагүй, жишээ нь компьютерийг цахим гэж хэлэх үгийг оруулаагүй, цэвэр бидний өмнө нь хэрэглэж байсан үг.
" Соновтор" гэхээр ямар гоё хэлж байна вэ, дуулганы дээр байгаа босоо төмрийн хөндлөвчийг хэлж байгаа хэрэг. Гэлбэр гэж дээд талыг нь хэлж байгаа нь жад гэхгүйгээр ямар утга санааг агуулж байна вэ?
Голыг хуйгах, шуугих, харгих, таргил, агирах, хадаалах гээд маш олон янзаар хэлж байна. Хадаалах гэдэг нь гол хөлдөөд хоёр талаасаа зайрмагтахыг хэлнэ, агирах гэдэг нь мөснүүд хоёр талаасаа мөргөлдөөд дээш овойхыг хэлнэ, дээш босохыг асах, асгана гэх жишээтэй.
Нүүдлийн соёл иргэншлээр дэлхийг байлдан дагуулсан үндэстэн байгалийн бүхий л зүй тогтол, хүний сэтгэлийн мөн чанартай холбогдуулах тэр төсөөллүүдийг хангалттай хэлж өгсөн байдаг. Бид тэрийг чөлөөт сэтгэлгээнээс (Wild mind) хэмжих сэтгэлгээ рүү шилжиж орохоор маш олон юмыг хайчаар өвс хяргаж буй мэт тайрч байгаа. Тэгэхээр "агирах" гэдэг үгийг хэрэглэхгүй байж болох ч ийм үг байдгийг оруулахын тулд механикаар ч болов толинд байгаа үгийг хүчээр оруулж байна. Яруу найргийн гоо зүйн хувьд хүчээр оруулчихаар хүмүүс "энэ юу вэ?" гэж бодно.
"Алиус" гэж үерт дайрагдаад налсан өвсийг хэлж байгаа, налаад босож сэргэж байгаа өвс. "Алиус" гэдэг өвсийг шинэ үг үүсгээд Чингис хааны “алиус сэтгэл” гэж хэлсэн. Яагаад гэхээр эцгээ багадаа алдаад алиус өвс мэт болчихоод сэтгэл нь босч ирж байна гээд алиустай зүйрлэж, энэ үгний ард од тавин "энэ бол үерт автагдаад бөхийсөн өвс юм байна" гэх мэтээр оруулсан.
"Агсрага" гэж бүсийг хэлж байгаа. "Агирах гуниг" гэж түрүүн хэлсэн мөс хадаалаад барьцалдсан, тэгээд агирах гуниг гэж оруулж байгаа.
Ийм толь бичгээс гадна манай өвөөгийн хэлдэг "Луугар" гэж үг одоогийн харизматик, англиар standing man, оросоор мужик, луугар өвөгчүүл. Манай өвөө яриандаа "энэ жил малын хамар хатгах өвс алга" (огт алга)," тэмээ хөндлөн хазах өвстэй" (маш урт) зэрэг харьцуулалтыг маш гайхамшигтай хэрэглэж байв. Эдгээрийг тольноос, номноос, янз бүрийн юмнаас авна. Бизнесменууд ашиг орлого нь нэмэгдээд тоо ихсэхээр дээд зэргээр баярлах ёстой байх. Би харин нэг шинэ үг олохоор баярладаг. Америкийн зохиолч Марк Твейн “өдөр бүр шинэ үг хайдаг, тэрийгээ хоёр удаа хэрэглэхээр миний амьдралд ердийн хэвшил болдог” гэж онгирдог байв.
-С.Эрдэнболд: Яруу найргийн сод бүтээл хийх миний зорилго биш, нэгт: тэр үгнүүдийг оруулах, хоёрт: түүхийн гуйвуулсан зүйлсийг залруулах. Сайн залруулахгүй байж болно, ядаж миний үр хүүхэд намайг гэж үнэлж бодог. Нэг ургийн хувьд ядаж нэг үнэт зүйлс болог.

Соёолон морьдын туурайн тоос
Сарны гэрэлд үүлэнд хүрч
Сугсраа ганган төвөргөөнд нь
Салхи хуйлраа дэгдэн гогцорно
Агтын янцгаан анир цуучин зэв ирлэж
Аадрын сүр мэт нүргэлэн давхилдана
Омголон хүлгийн шандас аргамагшиж
Оддын дор Монгол эрэмшинэ
Зуун зуунд морин дэл дээр босоо мэндлэх
Мянга мянган нүүдэлч эрсийн домог хөвөрнө
Зуугуул атрын хэц агшаан урагш тэмүүлж
Мөнх тэнгэрийн чонон эрс улин довтолгоно

Энэ миний туулийн хэсэг. "Зуугуул" гэдэг нь зэрлэг адууг хэлж байгаа. Зуугуул атар гэж холболт ховор байдаг. "Зуугуул атрын хэц агшаан урагшлах" гэдэг нь яруу найргийн хэллэг байж магад, хэц гэдэг нь уулын хэц, гэхдээ би хөдөө өссөн хүүхэд учраас надад ийм мэдрэмж бууж шүлэглэн хэлж байгаа. Энэ нь давхар механикаар үг оруулахаас гадна аль болох онгодтой оруулах. Энэ хоёр дахь зарчимд би өөрийн эрх чөлөөгөөр явъя гэж бодсон. Өвөө эмээгийнхээ өгсөн торго шиг илдсэн нэхийг үнэртэж өссөн би хэнээс, юунаас айх вэ.
-С.Эрдэнэболд: Гол мэдрэмжээ хөглөхийн тулд үйл явдал болсон хөдөө газрууд руу явдаг.

Оюунтай төрсөн Өүлэн эх
Оёдол дээлийг огшуулан өмсөж
Онон мөрнийг өгсөн уруудаж
Олис мойлийг түүн явж
Оюунтан хөвгүүдээ тэжээж өсгөлөө

гэдгийг "Эзэнт Гүрний туульс" дээр өөрөөр хэлэх хэрэгтэй, хуулж болохгүй, үг хэллэг хэлэгдээгүй давхцахгүй байх хэрэгтэй. Тэгээд Онон мөрний шугуйгаар багш нартайгаа өгсөн уруудаж явсан. Тэгсэн олирс, мойл, затгас, мангир нь байна, идэж үзээгүй учраас идэж үзлээ. Нутгийн хөгшчүүдийг дагаж явж мэдэрсэн. "Далан баяжууд" гэж гол байна. Жишээ нь: "Нүлдас" гэж урийн ус буюу шар усыг хэлж байна, нүлдас шар ус далан гол нийлж нэг том гол болдог юм байна." Далан баяжууд" гэдэг нь далан алдын өргөнтэй, хоёр алдын гүнтэй. Үүнийг биеэрээ үзэж зах хөвөө дээр нь сууж мэдрэх гэдэг ямар гээч.
-С.Эрдэнэболд: "Нууц товчоон" дээр Чингис хаан дөнгөтэй гэж гардаг. Дөнгө гэхгүй хавтсан бугуй гэж хэлнэ. Ингэж яривал хүмүүс намайг "солиотой" гэж бодох байх. Тайчуудаас зугатааж явахдаа усны таргил хэсэг дээр хэвтэж байв. Таргил гэдэг нь гүехэн бөгөөд усны түргэн урсгалтай хэсгийг хэлж байгаа, дороо хайргатай. Хавтсан бугуйгаараа доош хэвтэхэд доош урсахгуйн тулд хөлөөрөө хайрга тулж, хамар амаа дөнгөж гаргасхийн хэвтэх тийм гүехэн хэсгийг хэлж байгаа. Таргил хөгжөөн хуйгана. Хуйгах гэдэг нь ус чимээлэн урсахыг хэлнэ. Гол сөндлөх гэж байна, энэ нь гол хөндлөн гарахыг хэлнэ. Цолиг газар гэдэг нь хэсэг хэсэг хуурай, хэсэг хэсэг нойтон газрыг хэлнэ.
Цолиг газрын энгэрт
Цог бамбарын гэрэл асч…
гэж гурван мэргэдийг дайрсан тухай бичсэн.
-С.Эрдэнэболд: Энэ бүх үгнүүдийг байх ёстой газарт нь шингээж байдаг. Усны бүх зан төрхийг тодорхойлсон монгол үгнүүдийг заавал оруулна. Адууны бүх явдал, өнгө зүс, хэлбрийг оруулсан үгнүүд бас оруулна. Монгол гэрийн бүх тоног төрөл, монгол ахуйтай холбоотой монгол эр хүнлэг бүх чанарыг оруулах зорилготой. Үүнийг уншсанаар монгол эр хүн, монгол эмэгтэй гэж ийм байх ёстой, монгол хүн ан хийхдээ ийм зарчим баримталдаг байсан, морь унахдаа ингэж эдэлж хэрэглэж байсан гэдгийг мэддэг болно. Адаглаад морь унахдаа олмоо чангалаад, амаа зугуухан татаад , дөрөөгөө мөчидхөн дөрөөлж мордоно. Мориноос буухдаа морины амыг татаад заавал олом суллана. Тэгэхгүй бол "олойр" гэдэг юм гарна. "Олойр" гэдэг нь адууны гэдэс хавьцаа тэр хэсгээр цагаан зураас гардаг.
-С.Эрдэнэболд: Гурав дахь зарчим бол монголоор "туршлага тавих" гэж хэлдэг, өөрөөр хэлбэл очиж биеэр мэдрэх. Номноос уншаад төсөөлөх өөр. Чингис хааны Жамухтай дайтсан "Хүйтний хөндий"д очив. Нэг талаас гучин мянга, нөгөө талаас дөчин мянган хүн, нийтдээ далан мянган хүн хоорондоо байлдсан газар. Яг энэ өндөрлөг дээрээс хяналт тогтоосон, Чингис хаан түрүүлж ирсэн, Жамуха хоцорч ирсэн гээд гарч үзлээ. Хөндий бол ойлгомжтой нэг талаас өргөссөн нөгөө талаас нарийссан том хоёр хөндий. Хойноо уулын хэцтэй, урд талдаа уулын хэцтэй, баруун хойд талаас шинжлэх ухаанаар бол мустанг буюу уулын нөөлгө салхитай. Чингис хаан голцуу салхи сөрж цэргүүдийнхээ цөсийг бадрааж давхидаг. Баттай мэдрэхгүй ч таамаглан боломжит нөхцлийг олж харна. Тэр үед миний нүдний өмнө төсөөлөл үзэгддэг. Дайны тактикийн гол үндэс нь байрлал.
-С.Эрдэнэболд: Бид хөрсний дээж аваад долоон зуун жилийн өмнө ямар өвс ургамал ургаж байсан, адуу мал нь яаж бэлчиж байсан зэрэг дээр шинжилгээ хийнэ. Чингис хааны мориноос унасан газрыг "\Монголын нууц товчоо"н дээр\ "Алаша"-д буюу Өвөр Монголын нутаг дэвсгэр дээрх "Цоорхой" гэдэг газар байдаг гэж Хятадууд үздэг. Харин манай эрдэмтэд Сүхбаатар, Лхагвасүрэн нар Өмнөговь аймгийн Номгон суманд "Загийн цоорхой" гэж газар бий гэж хэлдэг. Тэнд очиж судлахад Чингис хаан дунджаар зуун мянган цэрэгтэй, нэг цэрэг дөрвөн морьтой гэж бодоход таван зуун мянган агт морьтой, 6,7 сарын хугацаанд бэлчээрлэх бэлчээрийн даацтай, усны даацтай, стратегийн цэргийн сургуулилт хийхэд хангалттай харууцтай газар байх ёстой гэж дүгнээд, "Тэр газар нь энэ юм байна, нэр нь "Цоорхой" юм байна, энд Хуланг олсон байх магадлалтай" гээд тогтоож байгаа юм. Тэгээд "Алаша", "Цоорхой" гээд газарт очихоор хоёр мянган адуу зэрэг бэлчих бололцоогүй газар. Тэгтэл Чингис хаан таван мянган хүнтэй довтлоогүй нь тодорхой. Логикын хувьд манай эрдэмтэд Хятадын талд батлаад өгөхөөр "Танайх зөв юм байна" гээд хүлээн зөвшөөрдөг. "Нууц товчоон" дээр хоёр дахь маргаан нь Чингис хаан шарх аваад биеэ тэнхрүүлээд Алашад “хүрч” гэж бичсэн нь тэр газарт очсон болж байна. Хэрэв тэнд гэмтэж тэнд мориноос унасан бол тэнд "биеэ анагаагаад" гэж бичнэ. Үг гэдэг ийм хүчтэй. “Хүрч” буюу “хүрчү” гэж үг байсны учир Хятадууд тэнд "Чингисийн Онгон" шиг юм босгох гэж байсныг болиулав. "Нарт уул" ураны лицензтэй байсныг цуцлуулж, тэр уулан дээр хөшөө босголоо. Нутгийн иргэд бөөнөөрөө баярлалдаж ирээд хөшөө босголцсон, энэ бол Монгол эрдэмтэдийн байгуулж буй байгаа гавъяа.
-С.Эрдэнэболд: "Бөртэ чоно, Гуа марал Онон мөрний хөвөөн дээр нутаглаж Батцагаан хэмээх нэгэн хөвүүнийг төрүүллээ" гээд явсаар байгаад Бодончир мунхаг дээр очдог. Бодончир мунхагийн бургас буюу өвсөн өмбүүл босгосныг 1960-аад онд Монгол эрдэмтэд судалсаар байгаад "энд" гээд гаргаад ирсэн." Нууц товчоон" дээр бүх байрлалыг заагаад өгсөн байдаг, эндээ ийм нууртай, уултай, модтой гээд. 700,800-хан жилийн өмнөх газар орон өөрчлөгдөхгүй байрандаа байж л байдаг. Өвсөн өмбүүлд ороод, бодоод энэ тухай бичихээр цаг хугацааны машинаар аялсан юм шиг болно. Өөрийн төсөөлөлтэй дээр нь бодит мэдрэмж, түүхийн үндэслэлтэй.
-С.Эрдэнэболд: Сүхбаатар багш Багануураас хойш 24 км-т "Бүрэн эрэг" гэж газар бий гэж заасан. Тэнд Бөртийг Гурван Мэргэд булаасан газар. Хуагчин эмгэн газар чагнаад "Морьтон төвөргөөн айсуй, нэлээн цэрэглэсэн хүмүүс байна бушуухан зугатъя" гэдэг. Энэ бол миний зохиол дээр "өнгөт"-өөр орж байгаа. Эрдэмтэд энэ газар хэдэн сарын турш гурван зуун морьд хөөж давхиулаад газар чагнаж үзээд байсан. "Нууц товчоон" дээр тэндээс тэр уул руу зугатаад гэж гардаг. Үнэхээр арван километрийн цаана морьд давхиулахад тэр морьдын давхих чимээ өглөө үүр цүүрийн үеэр сонсогдож байсан. Энэ бол ШУА-аас хийж байсан туршилт. Тэр газар нь доороо хөндий, дуу чимээг хүлээн авах өндөр хүчин чадалтай газар. Дээр үеийн хүмүүс нутаг сонгохдоо, "хэрвээ дайсан гэнэт довтолвол яаж зугтаах, батлан хамгаалахаа аюулгүй байдал талаас яаж хийх вэ?" гээд судалж байсан байна. Дээрээс нь настай хүн газар чагнан унтаж байна. Энэ фантааз биш жинхэнэ юмаа гэдэг нь батлагдаж байдаг. Яг тухайн газар нь давтаж хийх бол үнэхээр гайхамшигтай мэдрэмж. Энэ мэдрэмжийг ном зохиол руугаа оруулж байна. Миний хийж байгаа зүйл бага сага эрэл хайгуул дундаас олж авсан, маш олон зүйлсийн холимог, гүн ухаан, газар зүй, хэл шинжлэл, үг судлал, уран зохиолын бага зэргийн техникүүд ашигласан. Уран зохиолын хувьд постмодерн, соц реалист аль болох бүгдийг холих гэж оролдож байгаа. "Гүн хөх тэнгэрийн хязгаарт хар бэх дусаасан мэт хавирган сар сураггүй анирлаж" гэхчилэн.
-С.Эрдэнэболд: Хуагчин эмгэнийг газар сонсоход есөн хүн, долоон морь байсан. Тэд морь унаад Бурхан Халдун руу гарч байгаа. Гэтэл одоогийн бидний нэрлэдэг Бурхан Халдун уул тэндээс цааш хоёр зуун километр. Тэгэхээр яаж цааш явсан байх нь вэ? Бурхан Халдун гэдэг үг нууц товчоонд хорин хоёр удаа дурдагдсан байдаг. Өөрөөр хэлбэл Хэнтийн нурууг бүхэлд нь Бурхан Халдун гэдэг байж. Логикоор тэгэж гарч ирж байна. Өөр нэг жишээ, "Монголын нууц товчоо" эхлэхэд Алунгоог Добу мэргэн, Дува сохор хоёр харангуутаа авч суудаг хэсэг. Тэрэн дээр Бурхан Халдун гэж нэг уул биш нэг хангайг хэлж байгаа нь мэдрэгдэнэ. " Нууц товчоо"ны өөр өөр үйл явдлууд дээр Бурхан Халдун руу гараад байдаг нь нэг уул руу биеэр зорьж очих бол амжихгүй. Тэгэхээр Хэнтийн нурууны аль нэг ноён оргил дээр гарахыг хэлж байна. Энэ бол таамаглал, гэхдээ Бурхан Халдун руу морь байтугай машинаар ч байнга гарна гэж байхгүй.

-С.Эрдэнэболд: 1178 онд Чингис хаан 16 настай залуухан байжээ. Манайхан кинонд хааны дүрд тоглуулахдаа 30, 40 гарсан залуугийн дүрээр үзүүлдэг. Үүнээс их сонин зүйл харагдана. Өүлэн эх морь унаад зугтааж байхад Бөртэ яагаад унаж чадахгүй байна? 17 настай хүүхэн. Тэмүүжин, Хасар, Бэлгүүтэй, Боорч бүгд морь унаад зугатаасан. Гэтэл яагаад эхнэрээ орхив? Эхнэрээ сундлаад давхиж болно, зугтаах цаг байгаа. Сочигэл Хуагчин гурвуул үлддэг. Тэгж орхисонд нь, Чингис хаан "эхнэртээ хайргүй байсан" гэж бодохоор. Гэтэл "Эхнэрийг минь аваад өгөөч" гээд Тоорил Ван дээр очсон байдаг. Дараа нь их хатан өргөмжлөөд явсан. Тэгэхээр хайртай болж таарлаа. Дайсан ирэхэд Хуагчин эмгэнтэй унгас ачсан тэргэнд ороод суучихдаг. Дайсан ирж байхад сүйх тэрэгт сууна гэж хугацаа авалгүй шууд унгасанд орчихдог. Энэ юуг хэлж байна гэвэл Бөртэ "жирэмсэн" байжээ.
Гурван Мэргэдийн Хатакармала, Дайр Үсэн, Тогтобэхи гурав Бөртэг авахад сүйх тэрэгнээс хатан хувцастай гарч ирсэн. Нүүдэлчдийн соёлд хатан хүн дайн байлдааны үед албаны хувцас заавал өмсдөг. Хатан, хунтайж хүмүүсийг хороож болдоггүй нь дайсныхаа дархан эрхийг хүндэтгэж байгаа хэрэг. Энгийн хувцастай бол хүчиндэнэ, биед нь халдаж янз бүр болно. Хулан хатныг мөн адил тэгдэг. Ямбаны хувцсаа, зэрэг дэвийнхээ хувцсыг өмсөнө гэдэг захын нэг цэрэг эмэгтэй хүнийх нь хувьд халдаж доромжилж болохгүй гэсэн үг. Хатан хувцсаа зайлшгүй өмсөж байгаа нь зугтаах боломжгүй болж байгаа хэрэг. Морин дээр явахаар хүүхэд нь гарчих гээд байсан байх магадлалтай.
-С.Эрдэнэболд: Үүний дараа Чингис хаан Тоорил ван дээр очиж хар булган дахаа өгөөд "Эхнэр хөвүүнийг минь эргүүлж олоход тусална уу?" гэдэг. Нуруугаар өвдвөл эрэгтэй, дуншиж өвдвөл эмэгтэй гэдэг байжээ. Яагаад "Эхнэр хөвүүнийг минь" гэсэн гэхээр, 1878 оны хавар очиж авсан, дараа нь Хонгирад Олхонудад гэрлэсэн. Гэрлэсэн хүмүүс юу хийх вэ, мэдээж эхнэр нөхөр бололцоно. Ирээд тодорхой хугацаа өнгөрсөн, дөнгөж гэрлээд шүргэлцэж амжаагүй байхдаа зугатааж байгаа биш. Хоёр сарын дараа очиж аваад буцах замдаа төрсөн нь бие их тулгар байсны шинж. Тэгэхээр Зүчийг "Чингис хааны хүүхэд биш" гэж түүний эсрэг хүмүүс ухуулга хийсэн байх магадлалтай. Чингис хаан өөрөө "Зүчи миний хүүхэд" гэж хэлсэн байдаг. Үүн дээр ямар аргумент дэвшүүлж болох вэ гэхээр Зүчи гэдэг нь Зочи буюу зочин, Монгол бичгээр Зо-чи буюу зориг цөстэй гэсэн язгуур утгатай. Жишээ нь: Зочи Хасар гэдэг нэртэй хүн бас "Нууц товчоон"-д гардаг. Ууган хүүхдээ Зочи гэж нэрлэх тохиолдол их байсан. Зүчи биш Зочи. Зочмог зоригтой гэсэн санаагаар ордог. Энэ их энгийн ойлголтыг “Үхэж үл болно, Чингис хаан”кинон дээр хэт романтик кино зохиол болгоод байгаа. Энэ нь хүмүүсийн уран сайхны дүр мөн, гэхдээ энэ ойлгомжтой байх хэрэгтэй." Бид мундаг, ертөнцийг байлдан дагуулсан" гээд цээжээ дэлдэхээс илүүтэйгээр цаана нь логик буюу зүй тогтол, шалтгаан байдаг талаас бид хүмүүст ойлгуулах нь зөв.Түүнээс гадна өөрийгөө сорих, өөртэйгөө тэмцэж байгаа нэг тэмцэл юм.
-С.Эрдэнэболд: Нэг удаа гудамжинд алхаж яваад хог түүдэг, хуванцар сав үүрсэн өвгөнтэй тааралдан өрөвдөөд хартал магнай дээр нь гүн гүн хар үрчлээ, үрчлээн дунд нь хир суунагтаад тас хар зурааснууд гарсан байв. Монголчууд одоо л амьдралын өдөр тутмын аар саар зүйлийг давах гэж ядраад байдаг, уг нь бидний өвөг дээдэс дэлхийг эзлэх гэж арай өөр үрчлээтэй явсан даа гэж бодогдсон. Тэгэхэд "Чингисийн цэрэг" гэдэг хэсэг шууд л цээжинд орж ирсэн.
Он цагийн халуун нугачаанд
Ороо бусгаан тууширсан үрчлээс
Ган харших илдний сорвитой ижилсэж
Гасланг сөрж зориг нь жавхаажсан
Өвгөн баатар цэрэг эрс
Өнийг сэтгэн эгнээ ахална
Хар сүлдний хуйсах догшин цацлага дор
Хатамжит буман цэргээ тэргүүлэнхэн жагсана
Идэр насны ааг бяд нь тэгширч
Исгэл зоримог арц юугаа ширвэнхэн
Сортоо нь босоо хийморь ину эрвэлзэн
Солби хатир мориндоо тогтонхон ядах
Насан жагсах залуу баатар эрс
Нум эвшээлгэн сум онилон аархана
Жадны зэвэндээ салхи амсуулан сөргөж
Жавар туучих сүрээр эрмэлзэнхэн жагсана
Арван дөрвөөс далан насыг хүртэлх
Аагиа шатааж ухаан цөлхийг бадраасан
Анчин малчин эрс дэлхийн дайдад хурайлж
Аранзал улаан наран дор Монгол сүрийг уухайлна
Залуу хөвүүд эцэг өвгийнхөө хамтаар
Залаа улаан нүүдэлчид гурван үеэрээ жагсана
Мөнх хөх тэнгэрийн уудам талбиу мандал дор
Монгол гүрний дайчид омог төгөлдөр үзэгдэнэ
зүгээр л тас гээд л ороод ирсэн." Гүн үрчлээс ган харших илдний сорвитой ижилсэж" гэхээр амьдралын хүндэд түүртээгүй юм гэсэн санаа. Чингис хааны тухай миний нэг дүрслэд "Жад шиг хасныхаа доор сум шиг цэргээ жагсаана" зэргээр дүрслэлүүдийг хийх гэж оролддог. Хэрвээ тэр хог үүрсэн хүнтэй таараагүй бол энэ бүхэн надад буухгүй байлаа.
-С.Эрдэнэболд: Надаас илүү авъяастай олон олон мэргэжлийн хүмүүс бүр сайн хийх ёстой. Би хуульч хүн улс төрийн замаар явна, улс төрч болно гэсэн аахар шаахар зүйл бодвол ёстой уучлаарай. Дунд нь залуучуудын байгууллага, төрийн байгуулагад ажилласан гэдэг нь улсдаа үйлчлэх, хүмүүсийн амьдралд эерэг өөрчлөлт бий болгох, залуу хүний хувьд өөрөө туршлага авах санаан дээр хийгддэг. Тамгын газар 5 жил ажиллана гэдэг нь улс төрийг мэдэхээс илүүтэйгээр харьцуулах боломж их олддог. Манай өвөг дээдэс ингэж засгалдаг байсан, бид одоо ингэж засагладаг гэдгийг яг голд нь орж өөрийн хэмжээнд ойлголт авах учиртай. Бид Бага хаадын үед ийм байсан, 1911 онд ийм байсан, Улиастайн цэргийн бослогын үед ингэж байсан, Социализмын үед ингэж байсан, Чингис хааны үед ийм байсан гэж өөрийн арьс мах, оюун санаагаараа харьцуулж ойлгож авах ёстой. Тэгэх тусам өвөг дээдэс, уламжлал ухааны үндэс ямар гүн бат язгуур, ёзоортой байсныг ойлгож чадна. Үндэсний сэтгэлгээ, үндэсний баялаг, үндэсний онцлогийг гаргаснаараа бид Монгол байх ёстой.

Зургаа. АЯЛГУУ САЙХАН МОНГОЛ ХЭЛ

-С.Эрдэнэболд: Чойном ямар ч багшаас илүү хүний зүрхэнд буцалтал бичдэг. Зөвхөн Чойномын шүлгүүдийг би бүтэн 6 цаг цээжээр уншиж чадна. Энэ мэдрэмжүүд, жишээ нь

Монгол гэж
Зоригтон эрчүүд нь
Зодгондоо чангарч
Зогсоогоороо нөгчдөг
Зоримог эх орон

гэхээр Монгол эр хүн "тийм их хоншоортой байх ёстой" гэдэг мэдрэмжийг яс маханд суулгаж өгсөн. Энэ нь хамгийн том дархлаа байдаг.
-С.Эрдэнэболд: А.С.Пушкин орос хэлэнд тухайн үед мартагдсан үгийг буцааж утга зохиол руу оруулж шинэчилж өгсөн. Д.Нацагдоржийг яагаад "Хорь дугаар зууны яруу найргийг үндэслэгч" гэдэг нь бас адилхан. Үндэсний сэхээтнүүдийн үүрэг байдаг. Бямбын Ринчен гуайн"Нууцыг задруулсан захиа", "Бэр цэцэг", "Цогт Тайж", "Үүрийн туяа" романуудыг уншихаар язгуурын монгол хэл байна. Ц.Дамдинсүрэн, С.Эрдэнэ, Ч.Лодойдамба, Ц.Гайтав гуайн зохиолыг уншихаар хамгийн гол нь монгол хэлний үгнүүд яваад байдаг. Жишээ нь: Д.Нацагдоржийн бичсэн "Ламбагуайн нулимс" дээр,
...Орчлон ертөнцийг хоосон хэмээж винайн ёсыг сахисан гэвш Лодон улаан шарыг тунаруулсаар Гандангийн баруун хүрээ рүү бууж ирмэгц уран тачаангуй хурц илдийг боловсруулахын эрдмийг эзэмшсэн авилагч хүүхэн Юу Байн Цэрэнлхам цагаан харыг гялбуулсаар баруун домнуур шавартай гудамжаар гарч ирэхэд ...
Тэр үеийн хүмүүс шууд л ойлгоно. "Хар цагааныг гялбуулах"гэж юу юм, "Урин тачаангуй хурц илд" гэж юуг хэлж байгааг одоо бол ойлгохгүй.
...Хөдөө талын зэрэглээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин түүний дунд хэдэн жижигхэн юм үзэгдэх нь яахин даруй танигдана...
"Шувуун саарал" үнэхээр гайхалтай. Эдгээр хүмүүсийн яруу найргийн орчил зүй, яруу найраг гэдэг нь Чойномын хэлдгээр

Ямар ч хүн нь шүлгээр ярьдаг энэ орны
Яруу найрагч байх гэдэг амаргүй хэрэг
Гэхдээ цэнхэр хадгийн мяндсан ширхэг тоолонд
Цэцэн ерөөлийн үгс нь асгаранхан гардаг
Уужим цээжтэй ахай буурлынхаа дэргэд
Уран үгээр тоогдоно гэдэг бэрх

Тэгэхээр энэ нь "туршаад үз" гэж хэлж байгаа юм, тэдний дэргэд жаахан ч гэсэн "би турших ёстой" гэж өөртөө хэлсэн.
-С.Эрдэнэболд: Бидэнд судлах, мэдэх, боловсрох эрх чөлөө байна, харин байхгүй нь ахуй. Бид бол 80, 90-ээд оны үзүүрээс атгаад, шүргээд авсан, тийм ахуй. Бидний өнөөдрийн үүрэг амьдрал өнөөдрөөр дуусахгүй. 50-60 жилийн өмнө Ринчен гуайн үе тийм байжээ дахиад 50-60 жилийн дараа Монгол яах вэ? Өнөөгийн бид оюун санаа, хэл соёл, дархлааны төлөө хэрхэн тэмцэж байгаа, дэлхийн дулаарлын үед нүүдэлчид морь унадгаас мотоцикл руу шилжиж байгаа, монгол сурнаас хятад шидмэс рүү шилжиж байгаагийн амьд гэрч болж байна. 50 жилийн дараа нүүдлийн соёл иргэншил дэлхийн дулаарлаас болоод улам хумигдана. Магадгүй ферм рүү шилжинэ. Өнөөдөр бидний муулуулж сайлуулан хийж байгаа юм 50 жилийн дараа тэр үеийн хүмүүст судлагдахуун болно. Бидний ахуй, мэдрэмж 50 жилийн дараа бидний хүүхдүүдэд бас л байхгүй болно. Бид яг голд нь хамгийн эрх чөлөөтэй үед байна. Монгол сэтгэлгээг, Монгол ахуйг, нүүдэлчдийн гүн ухааныг одоогийн бид л чадал чадлаараа хойч үедээ өвлүүлэх ёстой.

Долоо. БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛ ба УЛСТӨР

-С.Эрдэнэболд: Хятадын төр Күнз дээр, Японы төр Самурайн ёсонд, Оросууд Рыцарын ёсонд , Америк Библийн соёлд явдаг. Гэтэл Монголынх юун дээр явдаг юм бэ? гэхээр энд үнэт зүйлсийн "хомсдол" бий болж байна. Бид өөрсдөө үнэт зүйлсээ ойлгохгүй байна. Үүнийгээ ойлгохгүй болохоор шударга ёсыг өөр өөрийнхөөрөө ойлгодог. Зарим хүмүүсийн хувьд хууль зөрчих нь шударга ёс, заримынх нь хувьд хоолтой байх нь шударга ёс юм гэсэн ялгаа үүснэ. Нийгмийн нэг нэгнээ гэсэн нийтлэг үнэт зүйл байхгүй учраас л бид аймаг сумынх гээд ялгараад байгаа. Энд 1931 оны аймаг нийслэлийг хуваасан засаг захиргаа л явж байгаа. Энэ намуудын тогтолцоо ч мөн адил. Монголчуудын язгуур соёл, дэлхийд ноёрхож байсан, дэлхийн цар хүрээтэй дэглэм журам, шударга ёсыг бэхжүүлж байсан тэр легаси буюу өв уламжлал байгаа. Тэрийг яаж сэргээх вэ гэвэл, Түүхийн мэдлэг, Монгол ахуйн талаарх мэдлэг хамгийн чухал. Үүний тулд "Нууц товчоо", "Эзэнт Гүрний туульс"-ийг хүндэтгэн залж, хүмүүст ийм зүйл хийж болоод байгааг ойлгуулан уриалах гэж л хичээсэн юм.
-С.Эрдэнэболд: Би улс төрч биш, ард түмний эв нэгдлийн бэлэгдэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар л ажиллаж байсан. Хуулиараа намын гишүүн биш байх ёстой, тийм болохоор би аль нэг намын төлөө ажиллах ёсгүй. Төрийн институт, соёлын ойлголтыг мэдрэх гэж тодорхой хугацаанд их юм сурч ажилласан. Монголын төрд 18 жил Ардын Их Хурлын тэргүүлэгч хийж байсан Жамсрангийн Самбуу гуайн тухай манай аав хоёр ном гаргасан юм. Оросод 6 жил Элчин сайд хийгээд ирэхдээ 2 чемодантой ирж байсан хүн. Х.Чойбалсан “Дарга нар эдийн шуналтай байна, эдийн соёлын хувьд Ж.Самбуугаас суралцах ёстой” гэж хэлсэн байдаг. Энэ нь аахар шаахар нэр төр, алдар хүндийн төлөө биш байлаа. Жишээ нь: "Ленинийн шагнал" авахад нь дагалдах шагнал 25000 доллар Самбуу гуайд өгөхөд бүгдийг нь Хүүхдийн Төлөө Фондод өгч байсан гэдэг Тухайн үед асар их мөнгө шүү дээ.
-С.Эрдэнэболд: Төрийн зүтгэлтэн, улс төрчид, улс төрийн амьтан зэрэг хэд хэдэн ойлголт байна. Төрийн зүтгэлтэн гэдгээр Черчиль , Франклин Рузвелт, Жон Ф Кеннеди, Махатма Ганди, Дэн Сяо Пин зэрэг хүмүүсийг нэрлэж болно. Х. Чойбалсан гуай хэдийгээр бусдын хяхалт хавчлаганд байсан ч том Монголизмыг авч гарах гэж үзэж байсан хүн. Улс үндэстэн бүрд төрийн зүтгэлтний хэмжээ байдаг. Яг алдаршаагүй ч өөр өөрийн ажиллаж байсан албан тушаалдаа чин сэтгэлээсээ, хоёргүй сэтгэлээр Монголын ард түмний төлөө Төрийн хар хүний төлөвшлийг тээж явсан мянга мянган хүмүүс байсан. Жишээ нь: Чин Ван Ханддоржоос эхлүүлээд 1911 оны хувьсгалыг удирдсан том том хүмүүс байгаа. Төрийн зүтгэлтэн хүн хувийн эрх ашиг, шунал тачаал, явцуу эрх ашгаас илүү төр түмний төлөө хоёргүй сэтгэлээр амиа үл хайрлан тэмцэж чаддаг байх учиртай. Улс төрч гэсэн ойлголт өнөөгийн Монголд төлөвшин, хангалттай бэхжиж өгөөгүйгээс, улс төрч гэдгийг хулгайч, худалч, авилгалч бүх зүйлийн дон шүглэсэн амьтан гэдэг ойлголт төрөөд байгаа. Тийм талтай байж магадгүй. Үүнийг улс төрийн амьтан (political animal) гэж нэрлэнэ. Үүний талаар Харвардад заадаг. Эрх мэдэлд шунаж, эрх мэдэлд бүхнээ зориулан улайраад ирэхээр тэр нь улс төрийн амьтан болж хувирдаг. Энэ нь хүн чанар, ёс зүй, үзэл санаа бүгдийг огоорон зөвхөн өөрийн явцуу эрх ашгийн төлөө явж байгаа хүмүүс юм. Улс төрийн амьтан, төрийн зүтгэлтэн хоёрын зай асар том. Дунд биднийг нийтлэгээр нь улс төрч гэж хэлнэ. Энэ нь өөрөөр хэлбэл ёс зүйн хил хязгаарын тухай ойлголт.

Найм: ХАРВАРДААС БИ ЮУ ОЛЖ АВСАН БЭ? ГЭВЭЛ

-С.Эрдэнэболд: Миний хувьд бол Харвард гэдэг ч юм уу, ажил мэргэжил гэдэг ч юм уу нийгэмд эзлэх байр сууриуд ч гэх юм уу тэр бүхэн бол нэг талаасаа бол зүгээр л юмны харагдах байдаг. Хувцсаар бол зүүсгэл гоёл юм. Харин тэр хувцсыг өмсөж байгаа хүн нь эрүүл саруул, эрдэм боловсролтой,эх орноо гэсэн зөв хүн болж төлөвших нь хамгийн гол асуудал л даа. Амьдрал өөрөө бүхэллэг зүйл. Аз жаргалтай агшин хормууд, зовлонтой агшин хормууд гэж л байна. Хүн байх гэдэг нь өөрөөрөө байх, хүний хайрыг хүлээх, эргээд хүний хайрыг дааж чадах гэсэн хүний заяагдмал чадварыг олж авахын нэр болохоос ямар нэг эрдэм боловсрол, эд хөрөнгө олж авахын нэр биш.
-С.Эрдэнэболд: Хөндлөнгөөс харахад Эрдэнболд гэдэг хүн албан тушаалын төлөө шат, шатаар ахиж байгаа юм шиг харагдаж болох ч миний дотор бол тийм биш байхгүй юу. Харвардын харагдах байдал чухал ч, юу нь надад чухал байсан бэ гэвэл тэс ондоон зүйл байсан. Жон Кеннидигийн ажлын өрөөнд хоёр сандал байдаг юм. Нэг нь Харвардын логотой нөгөө нь, Жэсэй гэсэн бичигтэй. Мань хүн юу гэж хэлдэг байсан бэ гэвэл “Харвард бол надад оюун санааны итгэл үнэмшлийг өгсөн. Жэйсэй бол надад хүмүүсийн төлөө халуун зүрх цуглуулах тэр сүсэг хүсэл мөрөөдлийг өгсөн” гэж хэлдэг байж. Энэ үг надад маш хүчтэй нөлөөлсөн бөгөөд Харвард буюу маш олон жилийн түүхтэй оюун санааны сан хөмрөгт юу байдгийг л мэдэхийг хүсч байсан юм. Тэр утгаараа л би энд ирсэн юм. Харин Афган руу яагаад явсан бэ? гэвэл Чингис хааны байлдан дагуулж байсан бүх газраар явж үзье л гэсэн хүсэл төрсөн дөө тэр. Монголд би олон сайхан профессоруудтай хамт Чингис хааны түүхэн газруудаар явж байсан бөгөөд яг тэр газар нь очоод байц уул хадаар нь явах, хонох мэдрэмж өөр шүү дээ. Хөндлөнгөөс намайг харахад хүсэл мөрөөдөл минь амархан уншигдчихаж болохоор мэт байгаа боловч дотор минь байгаа зүйл харагдаж байгаагаасаа их өөр...
-С.Эрдэнэболд: Манлайллыг хэдэн мянган янзаар тодорхойлж болох ч Харвардад мянга гаруй хичээл байгаа, манай Кеннеди сургууль гурван зуун хичээлтэй. Би арван хичээлийг хоёр семестэр аваад төгсөж байна. 1000 хичээлийн 10 хичээл гэхээр 1 хувь. Би Харвардын зууны нэг хувийг цухасхан мэдэрчихээд "Харвард төгссөн" гээд төвхөлзөж явах утгагүй асуудал. Гэхдээ хуулиараа Харвард төгссөн, бүх л хүн тэгж төгсөж байгаа. Хэрэв мянган хичээлд бүгдэд нь сууж, дээрээс нь MIT-гаас хичээл авбал насаараа сураад барахгүй, хүний амьдрал хязгаартай. Эдийн засаг, математик, улс төрийн загварчлал, өрсөлдөх чадвар гэх түмэн янзын хичээлүүдийн гүн ухаан нь юу вэ гэж бодохоор бүх хичээл нэг цэг дээр очин уулздаг.
-С.Эрдэнэболд: Нэг: Та өөрийгөө хар, ойлго, ямар хүсэл мөрөөдөлтэй, алдаа, оноо, өнөөдрийг хүртэл бусдад ямар алдаа гаргаж ирсэн, хэн байж ирсэн, хаана байгаагаа ойлго гэж л хэлдэг. Хоёр: Түүхэнд байсан хүмүүсийн сайн жишээ, муу жишээ. "Яагаад сайн байсан нь ийм учиртай, муу хүмүүсийг яагаад муу гэсэн гэхээр ингэсэн" гээд тайлбарлана. Чамд сонголт байна, чи аль нь ч байж болно. Заавал тэр бай гэж хэлэхгүй. Тэгэхээр өөрөө асуултанд хариулна, өөрийг нь өөрөөр нь хайлгах (self search). Эртний Грекээс гаралтай no fisel гэдэг үг байдаг. Fisel нь yourself гэсэн утгатай, Өөрийгөө хайрла гэсэн үг. Харвардад Буддын гүн ухаан маш их нэвчсэн. "Энэ ертөнцийн хамгийн хол аялал юу вэ? гэхээр тархинаас зүрх хүртэл 20см" зай. Тархи зүрхээ яаж ойлгох мэдрэх, өөрийгөө олох тэр аялал. Хүн чанартай, хүнлэг, худлаа биш, аливаад бодит үнэн хандах, алдаа оноогоо шударгаар хүлээн зөвшөөрөх гэдгийг л заадаг. Түүнээс биш математик загварчлалаар Төрийн онолыг яаж босгохыг заахгүй. "Чи өөрийнхөө тухай бод, өөрийгөө л хай" гээд дахин дахин заана. Үүнд төгс хариулт байхгүй, өөрөөрөө бодоход ямар нэгэн үндэс тавигдана.
-С.Эрдэнэболд:

Тэгэхээр Харвард бол нэг жил сураад төгсөх сургууль биш, өнөөдрийг хүртэл ирсэн хугацаагаар өөрийгөө дэнслээд "Цаашдаа яаж амьдрах вэ?” гэсэн асуултын тэмдэг тавьж эхэлдэг цэг. Цаашид энд сурсан, энэ ярьж байгаа зүйлс надад өглөө босоход бодогдоно. Энгийн, төлөв даруу, хүнлэг байхыг л заана, үүн дээр л жишээ түүх үздэг.

Харвард явсан Эрдэнэболд, Оюун-Эрдэнэ, Отгонбат нарыг төгсөж ирээд "Улсаа өөрчилнө" гэж хүмүүс гэнэн бодож, амархан хүлээж авдаг. Үгүй ээ. Харвард хүнд дахиад нэг өөр өнцгөөс юмыг тунгаах бололцоог олгож байгаа болохоос, төгс юмны гарцыг зааж байгаа газар биш. Хүн заавал Харвард явах албагүй. Хархорин, Архангайд сууж байгаад ч энийг бодож ойлгож болно.
-С.Эрдэнэболд: Чингисийн хэлсэн "Сэтгэлийг нь эзэмдвээс бие нь хаа одох вэ?" , Тоо Ван Тогтохтөрийн хэлсэн "Зарим хэрэгт уул мэт суу, зарим хэрэгт ус мэт дөлгөөн, зарим хэрэгт өвс мэт нал, зарим хэрэгт гал мэт дүрэлз"гэсэн үгнүүд энд бодогддог. Монгол ардын зүйр цэцэн үгний ухаан бүр энд гардаг хичээлүүдтэй наалдаж дүйцэж байдаг. Би хичээл бүрийн бичлэг дээр заавал Монголын нэг хэлц үгийг оруулах зорилготой байлаа. Манай ангийн хүүхдүүд сүүлдээ бүр матёотик үзлийг байж болох утгаар нь үзүүлсэн. Тэд "Үнэхээр Монголын төлөө зүрхтэй боллоо" гэж хэлдэг. Би самбар дээр их зурж хичээл заана, морь азарга зураад тайлбарлаж өгнө. Надад гүн гүнзгий ёзоорлож язгуурласан Монголын тухай мэдрэмжүүдийг энд танилцуулснаараа би содон болж байгаа. Эндээс адилхан уншсан номыг яривал би ялгарч чадахгүй. Жишээ нь: Чингис хааны хэлж байсан үг, билэг сургаалиас

Алд бие минь алжааваас алжаатугай
Ахуй төр минь бүү алдартугай
Бүтэн бие минь зовбоос зовтугай
Бүрэн улс минь бүү сандартугай

гэдэг бол өөрийн биеийг золиослон төрийн зүтгэлтэн хүний хувьд ингэж байсан байна гэхээр бүгд шагширдаг.
-С.Эрдэнэболд: Америкийн Нэгдсэн Улс байгуулагдаад төрийн сүлдээ хийхдээ бүргэдтэй хийсэн. Бүргэдийн зүүн талын атганд яагаад 13 сум хийсэн гэхээр, Алунгоо эхийн домгоос сэдэвлэж хийсэн байдаг. Эх сурвалж, бүр протокол нь хүртэл байгаа. Энэ тухай ном удахгүй 11 сард хэвлэгдэнэ. Би эх сурвалжтай юм л яриад байгаа. Манай өвөг дээдсийн өв соёлоос та бүхэн ч бас суралцаж байсан. 1206 онд Монголын эзэнт гүрний мандан бадралын угтагч нөхцөл болсон "Их Засаг" Хууль батлагдаж байжээ. Берклейгийн Их Сургуулийн профессор Америкийн иргэн Саблоф гэдэг эрдэмтний хэлснээр "Их засаг " хууль нь ардчиллын дөрвөн суурийг тавьж багана болгож өгсөн гэж бичжээ. Тэр тухай нь "Танай Америкийн эрдэмтэн ингэж дүгнэсэн байна, монголчууд илд сэлмийн ирээр, эмээлт морины давхилтаар ертөнцийг эзлээгүй, бидэнд шашны эрх чөлөө, хүйсийн тэгш харьцаа байсан, бид Олон Улсын харилцааны үндсэн сууриудыг тавьсан, чөлөөт худалдааны замыг тавьсан юм" гэхээр манай ангийхан гайхаад бүр сонирхоод Жак Уэтерфорд, Аким нарын номыг Монголоос захиулж байгаад бөөн бөөнөөрөө худалдаж авсан . Бид өөрсдийн үндэсний давуу талыг эдний түвшинд гаргаж өгөх хэрэгтэй. Би энд "юмтай" ирж байгаа хүн. Дайн байлдаантай орноос хүмүүс ихэвчлэн зовлон ярьж ирдэг, улс болгон өөрийн гэсэн зовлонтой, төгс улс гэж байхгүй.
-С.Эрдэнэболд: Би Америк, Афган гээд янз бүрийн орноор явж үзлээ. Залуу хүн учраас хөнгөн, мөчид ойлгосон зүйл байгаа байх. Монгол гэж үнэхээр гайхамшигтай орон. Одоо байгаагаа муулаад л байгаа. Шүүмжлэх хэрэгтэй, гэхдээ шүүмжлэл нэрийн дор, ардчилал нэрийн дор талцаж, бие биеэ үзэн ядаж, өширхөж, түүнээсээ болж хувийн эрх ашгийнхаа төлөө Улсынхаа нэр төрийг унагаана гэдэг аймшигтай, боломжгүй зүйл.
...С.Эрдэнэболдыг би эчнээ танина, бас сошиал ертөнцийн "найзууд". Хааяа утсаар ярьж санаа бодлоо хуваалцана. Нэгэн удаа "Эзэнт гүрний туульс" номоо Монголоос надад бэлэг болгон илгээхэд нь бэлэгшээж баярласан. Түүний бичсэн бичвэрүүдийг уншихаар "Үндэсний бахархал" мэдрэгдээд байдаг юм. Түүнийг Харвардад суралцахаар ирэхэд нь би лав баярласан. Урд жилийн өдийд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж ярилцсан шиг түүнтэй уулзаж ярилцахыг хүссэн юм. "Чи Харвардад ирж сураад Монголын улстөрд байснаасаа огт өөр юуг олж мэдрэв?" гэж асуухыг л хүсч байлаа. Харин түүнтэй уулзаж ярилцсаны дараа түүнийг "Бичгийн их хүн юм" хэмээн бахархах сэтгэл төрөв. Бас Харвардад "Монголын бахархал хийгээд үзэл санаа"-г түгээж мэдрүүлснийх нь хувьд түүнд талархлаа. Харвардаас "авч" болохоос гадна "өгч болох" ажээ. Гэхдээ орон орноос ирсэн хүн болгон ингэж чадах бил үү? Хувь хүн болгоны дотоод сэтгэлийг анирдаж мэдрэх гэдэг амаргүй. Мэдрэмж зөв аваас хүмүүсийн сэтгэл ойртон дотносдог.
Энэ ярилцлагыг тэрлээд уджээ. Түүний зав чѳлѳѳ хийгээд Монголдоо очоод хийж буй үйлдлүүдийг ажсан хэрэг. Тэрээр яг одоо АН ын дэргэдэх АЗХ ны Ерѳнхийлэгчийн сонгуульд ѳрсѳлдѳж байгаа. Тэгэхээр түүний тухай бичвэрээ бусадтай хуваалцах цаг нь болжээ хэмээн сэтгэв. Хэрхэн хүлээж авах нь таны мэдрэмж бас сэтгэл. Таалан болгооно уу?

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
www.galbadrakh.com 2017-11-07


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.