05 сарын 05, Ням
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Сангидоржийн Сансаргэрэлтэх: Бид зүүдээ сонгодоггүй- "Монголчууд Америкт" цуврал ярилцлага-35

Нэг. Уран бүтээлч хүн гэдэг...

-Г.Галбадрах: Уран бүтээлч хүний тухай хүмүүс янз бүрээр төсөөлдөг.

-С.Сансаргэрэлтэх: Уран бүтээлч хүн гэдэг яг л бадарчин шиг байдаг. Энд тэндээс уран бүтээлийн үр тариаг олж авч байх учиртай. Өөрөөр хэлбэл дэлхийг таньж, тэр хэрээрээ өөрөө задарч, улам илүү хөгждөг. Алдарт зураач Ван Гог Нидерландын школьтой байсн хэрнээ Францад очоод л задарсан. Хичнээн олон жилийн өмнө бүтээлээ туурвиж байсан ч Бетховен, Моцартыг одоо ч дэлхий нийтээрээ мэддэг. Энэ нь уран бүтээлч хүн өөрийн бүтээлээрээ мөнхөрдөгийн жишээ юм уу даа. Уран бүтээлч хүн тухайн нийгэмдээ заавал зохицож байх албагүй. Яг л тэр үедээ зориулж бүтээл хийгээд байвал хөгжихгүй. Харин тэр цаг үеэсээ түрүүлж явах ёстой юм билээ. Тэгэхээр ямар ч уран бүтээлийг зөвхөн цаг хугацаа л үнэлж шүүдэг гэсэн үг юм даа.

-Г.Галбадрах: Тэгвэл уран бүтээл гэдгийг юу гэж ойлгох хэрэгтэй гэж?

-С.Сансаргэрэлтэх: Миний бодлоор бол уран бүтээл хүн төрөлхтөн үүссэн цагаас л хамтдаа үүссэн зүйл. Хүний амьтдаас ялгарах гол онцлог нь түүнд мэдрэмжүүд хүчтэй хөгжсөнд байдаг байх. Энэ нь ухамсрын мэдрэмжүүд юм уу даа. Баярлах гомдох, ганцаардах шаналах, жаргах зовох гэхчилэн бүх төрлийн ухамсрын мэдрэмжүүд нь бусад амьтдаас илүү хөгжсөн байдаг. Тэрийг дагаж уран бүтээл үүссэн юм болов уу. Гэхдээ уран бүтээл нь амьдралын шаардлагаар, захиалгаар гарч ирдэг зүйл. Амьдралаас гадна ямар ч хамаагүй зүйлээс гардаг зүйл биш гэж би боддог. Жишээ нь, бидний мэдэх эртний хүмүүсийн бүтээсэн хадны зургууд байдаг даа. Түүнийг зүгээр л хэн нэгэн хүн уйдсандаа зураагүй байх. Энэ нь амьдралын ямар нэгэн ач холбогдол өгөх ёстой байсан үйлдэл, ан ингэж хийдэг гэх ч юм уу өөрийн туршлагаа үлдээсэн байж болно. Эсвэл өөрийн амьдардаг агуйгаа гоёх гэж зурсан байж болно. Тэгээд бодохоор энэ нь амьдралын захиалга, шаардлага байж болох юм.

-Г.Галбадрах: Магадгүй, хүссэн хүн болгон өөрийн дураараа уран бүтээл хийгээд байдаггүй байх л даа. Миний бодлоор бол энд ямар нэгэн өгөгдөхүүн, эсвэл авьяас заавал байх хэрэгтэй юм болов уу?

-С.Сансаргэрэлтэх: Уран бүтээлийг 3 зүйл дээр тулгуурлан хийдэг болов уу? гэж би боддог. 1-рт Түрүүний миний нэрлэсэн ухамсрын мэдрэмж нь маш их хөгжсөн байх ёстой. 2-рт мэдлэг буюу туршлага. Мэдрэмжээрээ олсон зүйлийг хийж бүтээхэд мэдлэг туршлага заавал хэрэг болдог. Мэдлэг туршлагыг сургуулиар олж авдаг болохоор хүн гэдэг амьтан насан туршдаа суралцана гэсэн үг. 3-рт чадвар. Чадвар нь бидний ярьдгаар авьяас юм болов уу. Хөгжимчин хүнд хэрэгтэй өнгийг дуугаргах чадвар нь авьяас, төгөлдөр хуурч хүнд тэр хөгжмийг алдаа мадаггүй тоглох чадвар нь авьяас, хөгжмийн зохиолч хүнд тэр олон хөгжмийг нэгтгэн сонсох чадвар нь авьяас, зураач хүн хоосон цаасан дээр тэр дүрслэлийг бийр харандаагаар тодруулж гаргаж ирэх чадвар нь авьяас байж болох юм.

-Г.Галбадрах: Урлагийн бүтээлд хамгийн чухал зүйл нь юу юм бол, таны бодлоор?

-С.Сансаргэрэлтэх: Урлагийн бүтээлд үнэн байх гэдэг нь хамгийн чухал зүйл. Тэр урлагийн бүтээлийг бүтээх санаа нь зайлшгүй шаардлагаар ирсэн байж гэмээ нь үнэн болдог гэж боддог. Нөгөө талаар урлагийн бүтээл зүүдтэй адил юм уу даа. Хүн зүүдээ сонгодоггүй. Хүний амьдралд тохиолдсон ямар нэгэн үйл явдлаас ургаж зүүд ирдэг. Урлагийн бүтээл яг л зүүдтэй адил, хүнээ сонгож ирж чаддаг байх. Түүнийг олсон хүн л урлагийн бүтээлээ хийвэл үнэн болно гэж би боддог юм. Уран бүтээлч хүн өөрийн мэдлэг чадвар дээрээ тулгуурлан боловсруулж байж өөрийн стилээ гаргаж ирнэ. Гэхдээ хүн тэр стилээ хайх биш, тэр стиль нь уран бүтээлчээ олсон байвал бас үнэн болно. Энэ бол дуураймал биш, шинэ урлагийн бүтээл төрж байгаа хэрэг. Харин "би ийм стилээр хиймээр байна" гээд явбал тэр бүтээл худлаа болох байх. Нэг ёсондоо тэр бүтээлийн санаа, загвар, стиль нь өөрөө тэр хүнийг олж авдаг гэсэн санаа.

-Г.Галбадрах: Энэ харин сонин санаа байна. Гэхдээ үргэлжлэл, эсвэл үгүйсгэл гэж бас байдаг байх л даа.

-С.Сансаргэрэлтэх: Уран бүтээлч хүн маань түрүүчийн уран бүтээл дээр өөрийнхөө уран бүтээлийг нэмж тавьдаг. Нэг талаасаа үргэлжлүүлж байгаа ч юм шиг, нөгөө талаасаа үгүйсгэж байгаа ч юм шиг. Моцарт байгаагүй бол Бетховен байхгүй л байх байсан. Урлаг ингэж л хөгжиж явдаг. Агуу хүмүүс "урлагийн бүтээл илүү ч үгүй, дутуу ч үгүй байвал сайхан бүтээл болно" гэж хэлдэг байсан юм. Тэгэхээр уран бүтээлч хүн өөрийн уран бүтээлийг амьдралаасаа, байгалаасаа, нийгмээсээ өөрийн ухамсрын өндөр мэдрэмжээр олж авч, мэдлэг туршлагандаа тулгуурлан ургуулан бодож, өөрийнхөө чадвар тэвчээр, авьяасаар бүтээдэг.

-Г.Галбадрах: Өөрийн тань уран бүтээлүүд бас ингэж бүтээгдэх үү?

-С.Сансаргэрэлтэх: Миний өөрийн уран бүтээл бас л тэр сэтгэлийн, ухамсрын мэдрэмж , тархины хөөрлөөс үүсдэг гэж би өөрөө итгэдэг юм. Хамгийн сүүлд бүтээсэн "Төгөлдөр хуурын симфони найрал хөгжимд зориулсан бүтээл" минь байгальтай холбоотой. Гэхдээ би өөрийн бүтээлээ хүмүүст яг нарийвчлан тайлбарлахыг хүсдэггүй. Яагаад гэвэл, урлагийн бүтээлүүд хүмүүст очихдоо янз бүрийн хэлбрээр очих эрх чөлөөтэй байвал эрхэмсэг сайхан урлаг болдог юм. Хүн хөгжмийн зохиолыг сонсож, сэтгэлийн таашаал авах үедээ өөрийгөө тэр бүтээлийн гол баатар болгон төсөөлж болох юм л даа. "Иймэрхүү зүйлийг би бодож хийсэн юм шүү" гэсэн санаагаа би ерөнхийлэн тавьж, сонсогчид цаашид өөр өөрийн мэдрэмжээрээ ургуулан бодож болно.

-Г.Галбадрах: Тэгэхээр энэ бүтээл тань байгальтай холбоотй гэхээр магадгүй өөрийн тань сэтгэлийн шаналал шингэсэн байж болох юм аа даа?

-С.Сансаргэрэлтэх: Хүн төрөлхтөн байгаль ээжийгээ хайрлахгүй юм бол, түүний өвөрт байгаа гэдгээ мартах юм бол, бид ямар их гамшиг зовлонд нэрвэгдэх бол оо гэж бодож энэ бүтээлээ туурвисан. Хүн төрөлхтөн нийгэмшиж амьдардаг. Энэ дэлхий дээр олуулаа нэгдэж, бие биедээ дэм болон амьдардаг. Яагаад гэвэл хүн гэдэг амьтан тийм ч их арчаатай амьтан биш. Өөрийн оюун ухаан, ухамсрын мэдрэмжээрээ энэ дэлхийг гартаа хийж өөрийнхөө түүхийг бичиж явна. Харин энэ түүхэн дотор нь "хүн төрөлхтөн
байгалиа ингэж сөнөөсөн юм шүү" гэсэн гунигт түүх битгий байгаасай гэж би хүсдэг юм. Хэрэв хүн байгаагүй бол байгаль байж л байх байсан, харин байгаль байхгүй бол хүн яаж байх юм бэ? Хүн байгалиа хэдий чинээн гомдооно, байгаль ч гэсэн гомдлоо хүн төрөлхтөнд харуулдаг юм байна гэдгийг бид олон юман дээрээс анзаарсан. Байгаль талхигдаад ирэхээр түүнд өөрчлөлт орж, гомдол нь газар хөдлөлт, зуд гачиг, цунами, үер усны гамшиг гээд олон зүйлээр илэрч байгаа.

-Г.Галбадрах: Төгөлдөр хуурын концертынхоо талаар арай дэлгэрүүлж ярьвал болох уу?

-С.Сансаргэрэлтэх: Төгөлдөр хуурынхаа концертыг 2011-2012 оны хооронд бүтээсэн. Энэ зохиол маань миний эгч төгөлдөр хуурч С.Саянцэцэгийн тоглосноор, бидний хайртай аав Ч.Сангидоржид зориулан анхны удаа тоглогдох гэж байгаа. Энэ зохиолд минь байгалийн тухай бичигдсэн болохоор би аавынхаа домогт "Зулай цагаан Алтай"-ны аялгууг дотор нь нууцалж оруулсан байгаа. Байгалийн өнгө, гайхамшигт зохицолдоог аавынхаа энэ сайхан аялгуугаар төсөөлье гэж бодсон юм. Бас "Зулай цагаан Алтай"-н аялгууг монголын ард түмнээс гадна, дэлхий дахин сонсоосой гэж хүссэн юм.

Энэ тухай нилээд яриа болсон л доо. Аав минь амьд сэрүүн байхдаа надад хандаж "Миний хүү тэрнээс ч сайхан аялгууг чи гаргаж чадна, яах гэсэн юм бэ? тэр аяыг заавал оруулж" гэж хэлж байлаа. Тэгэхэд нь би аавдаа хандаж "Зулай цагаан Алтай"-н аялгууг тэр чигт нь оруулаагүй юм аа аав аа, үүнийг өөрийнх нь зохиолын байгаль гэдэг утга санаандаа авцалдуулж, таны аялгуу миний аялгуутай хосолж явах юм" гэж учирласан. Энэ үгэнд аав минь маш их баярлаж, энэ аялгууг өөрийн бүтээлдээ оруулахыг надад зөвшөөрсөн юм.

Аав минь энэ зохиолын тоглолтыг хүлээж байсан боловч, харамсалтай нь хувь заяаных нь төөрөг нь бидний дунд сонсохгүй байхаар заяаж дээ. Гэхдээ миний аавын сэтгэл дэхь ариун сайхан дурсамж нь энэ зохиолыг байнга сонсож байх болно.

-Г.Галбадрах: Миний хувьд уран бүтээлийн тухай таны бодол, бас бүтээлийн санаа тань их сайхан санагдлаа.

-С.Сансаргэрэлтэх: Саяын ярьсан уран бүтээлийн тухай яриа бол зөвхөн миний хувийн бодол юм шүү дээ. Уран бүтээлийн тухай хүн болгон өөр өөрийн бодол санаатай байгаа. Мэргэжлийн уран бүтээлчид болон урлаг сонирхогчид, судлаачид янз бүрээр бодож, тайлбарладаг болохоор би энэ талаар учирлаж байгаа юм.

-Г.Галбадрах: Учирлал гэснээс уран бүтээлчдийг зарим хүмүүс өөрийн дуртай зүйлээ хийгээд аз жаргалтай байдаг байх хэмээн төсөөлөх нь бий.

-С.Сансаргэрэлтэх: Миний хувьд уран бүтээлчдэд цагийн хуваарь гэж байдаггүй юм шиг санагддаг. Хэн ч хэзээ ч цагийн хуваариар зохиол туурвиж байгаагүй байх. Түүгээрээ бусад мэргэжлээс онцлог болов уу.
Дуртай зүйлээ хийж байгаа нь үнэн боловч асар их тэвчээр мэдлэг шаарддаг, яагаад гэхээр тэр бүтээл түүний амьдралын түүх байдаг. Заримдаа "хийе" гэж хичээгээд ч юу ч хийж чадахгүй үе бий. Гэтэл заримдаа "юу болов" гэмээр асгарч бялхах нь бий. Хүмүүс ердийн ажил хөдөлмөр эрхлээд, цагаар цалингаа тооцоод авч, сэтгэл амар явдагтай огт адилгүй.

  Хоёр. Аавын тухай гэгээн дурсамж

Aav bid 2

-Г.Галбадрах: Уучлаарай, аав тань бурханы оронд залраад удаагүй байгаа. Энэ ярилцлага маань ч тэр шалтгаанаар нилээд хойшилсон. Амаргүй байгаа хэдий ч аавын тань тухай дурсамж энд орох ёстой гэж бодсон юм аа?

-С.Сансаргэрэлтэх: Миний аав хөгжмийн зохиолч, УГЗ Чойгивийн Сангидорж. Аав минь миний амьдралд 3 том үүргийг гүйцэтгэсэн. 1. Намайг хөгжмийн ертөнцөд хөтлөн алхуулж, хөгжим зохиох урлагт буцалтгүй түлхэн оруулсан анхны багш минь. 2. Аав минь миний хамгийн дотны мэргэжил нэгт анд нөхөр, үнэнч зөвлөх минь байсан. 3. Намайг болон үр хүүхдүүдээ өсгөх аав хүний нэр хүндтэй үүргээ нэр төртэй биелүүлсэн ачтай хүн.
Аавыг минь ширүүн дориун ааштай, хурц үгтэй гэж хэлэх ч хүмүүс байдаг. Хэдий тийм ч гэсэн миний аавын дотоод сэтгэл торго мэт зөөлөн, аливаа юманд нулимстайгаар хандаж чаддаг тийм л хүн байсан.

Энэрэнгүй үзэл, нигүүлсэнгүй сэтгэл гэдгийг хүний амьдралын хамгийн эрхэм зүйл гэж үздэг байсан. Бурханы шашин гэж сүйдтэй мөргөж шүтдэггүй байсан ч өөрийнхөө хэд хэдэн том бүтээлүүдийг бурханы шашинд зориулан бүтээсэн байдаг. Аавын минь найрал дууны томоохон бүтээлүүд нь хэзээ нэгэн цагт Монголын томоохон бүтээлүүд болж хүлээн зөвшөөрөгдөнө гэдэгт би итгэж байгаа. Тэр бүтээлүүдийг би хүүгийнх нь хувьд бус, мэргэжлийн түвшинд авч үзэхэд чанарын өндөр түвшинд бүтээгдсэн маш сайн бүтээлүүд гэдэг нь мэдрэгдэж байсан.

-Г.Галбадрах: Аавын тань бүтээсэн байгаль болон гол мөрний тухай олон сайхан дуунуудыг бид сайн мэддэг.

-С.Сансаргэрэлтэх: Аав минь Монгол орныхоо байгаль, гол мөрнийг их шүтдэг байсан. Тийм болохоор ийм сэдвээр бүтээгдсэн олон сайхан дуунууд нь Монголын ард түмний чихэнд хоногшиж, хойч үед ч өвлөгдөн үлдсэн байгаа. Алдарт "Зулай цагаан Алтай", "Монгол далай", "Хан Хэнтий уул", "Увс нуур", "Орог нуур", "Хатан тунамал Туул" гэхчилэн олон сайхан дуунууд байдаг. Яагаад ч юм бэ, аавын минь байгалийг шүтэн биширдэг зан нь надад цусаар дамжсан юм болов уу? Аавын минь хэлэх гэж байсан гол санаа нь "Байгаль гэж ийм сайхан ертөнцийг хүн
төрөлхтөн тахин шүтэж, түүнийг хайрлаж, түүгээр бахархаж, ундаалж, түүгээрээ сэтгэлийн таашаал эдэлж явах болтугай" гэж энэ дуунуудаа бүтээсэн байх.

-Г.Галбадрах: Аав тань Монголын хөгжмийн урлагт өөрийн гэсэн томоохон орон зайг эзэлж байсан хүн гэдгээр олон хүн бахархдаг.

-С.Сансаргэрэлтэх: Миний аав хариултгүй олон асуултуудтай байсан юм болов уу? гэж санагддаг юм. Тэр нь түүний хямрал болон хувирч, тэр хямралаа өөртөө уун шингээдэг байсан. Магадгүй миний аав түүнийг уугаагүй бол дуулахгүй л байх байсан байх. Миний аав нийтийн дуунуудаас гадна Монголын хөгжмийн зохиолчдын тэр болгон ноцолдоод байдаггүй сонгодог хэлбрийн чиглэлээр асар их бүтээлүүд туурвисан нь бас л Монголын сонгодог урлагийн нүүр царай болж байгаа юм. Олон сонгодог бүтээлүүд нь тэр болгон олон нийтэд тоглогдож амжаагүй ч гэсэн хэзээ нэгэн цагт тоосноос нь гаргаж, Монголын ард түмэнд болон дэлхийн хэмжээнд тоглогдох болно гэдэгт итгэж байгаа. Тийм ч учраас Монголын урлагийн түүхэнд өөртөө маш том орон зайг эзэлж, сонгодог урлагийн суурийг тавихад ихээхэн хувь нэмрээ оруулж, бүтээсэн бүтээлүүд хойч үедээ "Ийм нэгэн хөгжмийн зохиолч, тийм бүтээлүүдийг тэртээ 20-р зуунд хийж байжээ" гэж дурсагдах болно.

-Г.Галбадрах: Бас хүүхдүүд та нар нь аавынхаа үргэлжлэл нь...

-С.Сансаргэрэлтэх: Аав минь өөрийн 4 хүүхдээ 4-үүлэнг нь хөгжмийн ертөнцөд дансалж өгсөн урлагийн үнэт түшмэл байлаа. Амьдралынхаа сүүлчийн мөчийг хүртэл бүтээлээ бичсээр байгаад л тэнгэрт хальсан. Алив зүйлээс хэзээ ч хойш сууж байгаагүй, хийсэн бүтээсэн бүтээлтэй, хэзээ ч хэнтэй ч ярихад нүүр бардам хөгжмийн зохиолч байсан. Бид аавынхаа үргэлжэл гэдгээ сайн мэддэг. Тийм болохоор бид хэзээ ч муу бүтээл хийх эрхгүй.

                                    Гурав. АНУ дахь уран бүтээлүүдийн эхлэл
Art9

-Г.Галбадрах: Basic Sound студи байгуулж зарим нэгэн уран бүтээлүүд хийж байгаа талаар тань сонирхож байна л даа.

-С.Сансаргэрэлтэх: Америкт ирж амьдарснаас хойш энд их олон найз нөхөдтэй болж, олон уран бүтээлчидтэй танилцаж, янз бүрийн уран бүтээл хийж үзэж байгаа. Миний хуурай дүү, жүжигчин Болдбаатартай хамтран Basic Sound нэртэй студийг албан бусаар байгуулж, анхны уран бүтээлээ хийж байснаас хойш багагүй хугацаа өнгөрчээ. Ер нь ямарваа нэгэн юм хөгжлийн хуулиар явдаг болохоор студи маань өнөөдөр жижигхэн, хүн болгон мэдэхгүй хэдий ч бид 2-ын өөрсдийн зориг ухаан, мэдрэмж тэвчээр, хөдөлмөрч зангаас шалтгаалж хэзээ нэгэн цагт томоохон хэмжээний уран бүтээл гаргана гэдэгтээ итгэлтэй байгаа.

-Г.Галбадрах:Гэхдээ одоогийн байдлаар зарим нэгэн уран бүтээлүүдийг хийж байгааг тань сонсож мэдэрч байгаа.

-С.Сансаргэрэлтэх: Болдбаатарын яруу найргийн уран уншлагын, мөн өөрийнх нь бичсэн шүлгүүдийг оролцуулж "Харьд явахад нутгаа..." гэдэг нэртэй яруу найргийн СД хийсэн. Монголчууд өнөөдөр ганц Америкт биш, дэлхийн олон оронд ажиллаж амьдарч байгаа. Энэ хүмүүст зориулж, " бид юун тухай бодох вэ?, эх орон гэж юу вэ?" гэсэн санааг гаргасан юм. Түүнээс гадна богино хэмжээний хэд хэдэн кино зохиомжуудыг хийж туршиж үзлээ.

-Г.Галбадрах: Өнгөрсөн жил сүүлийн үед туурвисан бүтээлүүдээрээ "MONGOLS" нэртэй СД бүтээжээ. Энэ бүтээл тань арай л өвөрмөц байдлаар хийгдсэн юм шиг надад санагдсан. Энэ СД-д хэдэн бүтээл орсон юм бэ? Өгүүлэмжүүдийнхээ талаар товч ярьж болох уу?

-С.Сансаргэрэлтэх: Энэ СД-д 7 бүтээл орсон юм.

1."Өүлэн эхийн домог". Энэ зохиомжийг бүтээхдээ ээжийнхээ тухай их бодож, ээждээ зориулж хийсэн. Миний ээж энэ амьдралын хатуу хөтүүг их туулж өнгөрүүлсэн хүн. Тэртээ нэгэн цагт домог болон мөнхөрсөн Өүлэн эх, миний ээж 2-т адилтгах зүйл олон бий.
2. "Булаагдсан бүсгүйн домог" . Хүмүүс бид энэ хорвоод төрж өсөөд их зүйлийг туулж өнгөрүүлдэг. Тэр тусмаа бүсгүй хүн яг өөртөө тулгарсан хүнд хэцүү бүхнийг даван гарахдаа бараг биднээс ч илүү. Амьд байх, амьдрахын тулд өөрөөс хамаарах бүхнийг хийж чаддаг бүсгүй хүний тухай өгүүлсэн юм.
3. "Рубрук". Рубрук бол Монгол руу зорихдоо Францаас биш, Туркийн Станбулаас гарсан юм билээ. Би Турк, Перс хөгжмийг жаахан гадарлана. хөгжмийг зохиохдоо газарзүйн хэлбрээр бичсэн юм. Уулархаг өндөөр газраас уудам тал руу орж ирж байгаагаар төсөөлж бичсэн дээ. Рубрук эхлээд Бат хаан дээр очиж байсан, харин дараа нь Хархорумд ирсэн юм билээ. Тэрээр монголчуудыг " маш их ихэмсэг хүмүүс " гэж дурссан байдаг, Тийм болохоор Рубрукийн энэ аялалын тухай бодож бичсэн.
4." Цамын хөгжим". Яг үнэндээ би цамын бүжгийг үзээгэүй л дээ. Гэхдээ яг зорилгоос нь ургуулж, дотоод сэтгэлдээ мэдрэгдсэн мэдрэмжээрээ л хийсэн.
5. "Нутгийн зүүд". 2008 онд Ховд аймагт судалгааны ажлаар явж байхдаа хөдөөний айлд очлоо. Тэнд бид хөдөөний амьдралын дуу чимээг яг оригоор нь бичиж авсан. Бичиж авсан хүн нь энэ бичлэгээ надад үлдээсэн юм. Бичлэг нь чанарын маш өндөр түвшинд хийгдсэн байсан болохоор энд ашигласан.
6. "SOS" Аюулын дохио. Рок сонгодог оркестр оруулсан юм. Өнөөдөр монголчууд бид өөрсдийн хийж байгаа үйл ажиллагаагаа эргэж харах цаг болжээ. Улаанбаатарын хорт утаа, угаар, байгаль орчны сүйтгэл гээд. Үүнийг хийж байхдаа миний өөрийн мэдрэмж туйлдаа хүрсэн. Бага зэрэг бачимдлын өнгө аястай. Бид ирээдүйгээ харах хэрэгтэй байна гэсэн санаа, бас санаа зовж, шаналж байгаа зүйлийн илрэл.
7. -Омголон монголчууд". Монголчууд бид баялаг түүхтэй, их ч эрч хүчтэй, бардам ард түмэн. Бидэнд өөдрөг ирээдүй байгаа шүү гэсэн санааг гаргасан

...Бид 2 энэ СД-г сонсонгоо ярилцлаа.

-Г.Галбадрах: СД- гээ хэр борлуулж байна даа.

-С.Сансаргэрэлтэх: Би чинь бизнесийн хүн биш болохоор борлуулалтын асуудал амаргүй. www.amazon.com дээр тавьсан байгаа.
-
                                Дөрөв. Хөгжмийн ертөнцөд орох алхам

-Г.Галбадрах: Бага насныхаа тухай хуучилбал?

-С.Сансаргэрэлтэх: Би Улаанбаатар хотод төрсөн. 1977 онд Хөгжим Бүжгийн Дунд Сургууль \ХБДС\, 1989-1997 ОХУ-д Чайковскийн нэрэмжит Хөгжмийн Сургуульд суралцсан. Дараа нь Испаны Мадридад 2 жил мэргэжил дээшлүүлэх чиглэлээр суралцсан. Энд гол нь Европын Хөгжмийг судалж, танин мэдэх зорилготой байв.

-Г.Галбадрах: Харин одоо Америкт төгөлдөр хуурын сургалт байгуулан ажиллаж байгааг тань мэдэх юм. Энэ талаар товч боловч танилцуулахгүй юу?

-С.Сансаргэрэлтэх: Америкт анх ирээд л өөрийнхөө мэргэжлийн дагуу бяцхан хүүхдүүдэд хөгжим зааж, тэднийг урлагийн гоо сайхан руу хөтөлж оруулах энэ аз завшаан надад шууд олдоогүй юм. Америк оронд маш их боломжууд байдаг ч, бүх юмыг өөрсдөөр нь эхлүүлж чаддаг орон. Би энд анх ирээд л өөрийн гэсэн жижигхэн студитэй болохсон гэж мөрөөддөг байв. Тэндээ бичлэгээ хийчихдэг, бас хүүхдүүдэд хөгжмийн хичээлээ заачихдаг студи гэж...Энэ мөрөөдлөө биелүүлэхийн тулд АНУ-д бусадтай адил бүх л төрлийн ажлыг хийж үзсэн.

-Г.Галбадрах: Харин одоо бол нэгэнт мөрөөдөлдөө хүрч яваа аж.

-С.Сансаргэрэлтэх: Одоо бол мөрөөдөлдөө хүрч, өөрийн гэсэн студитэй болж олон үндэстэн ястны хүүхдүүдэд "хөгжим гэж юу болох", тэр тусмаа төгөлдөр хуур гэдэг хөгжмийг заан сургаж, хөгжмийг ойлгох, амьдралын мэдрэмжийн салшгүй хэсэг нь хөгжмийн урлаг байх ёстой гэдгийг ойлгуулахын тулд хичээж байна. Үүгээрээ би бас Америкт амьдрах боломжоо бүрдүүлж, гэр бүлээ ч авч явж байна. Одоогоор нилээд хүүхдүүд хичээлллэж байгаа шүү.

-Г.Галбадрах: Танай сургалтад сурч байгаа хүүхдүүд өөрсдийн бүтээлээрээ СД хийдэг гэсэн.

-С.Сансаргэрэлтэх: Хүн болгон хөгжмийн төлөө төрөөгүй, бас хүн болгон хөгжим сайн тоглох албагүй. Гэхдээ хөгжмийг ойлгож чаддаг байвал боллоо. Мөн хөгжмөөс таашаал авдаг байвал амьдралд нь сайнаар нөлөөлж чадна. Тэгэхээр тэр хүүхэд нэг өдөр эхлэхэд, хэзээ нэгэн өдөр хөгжим тоглохоо больж болно. Гэтэл тэр хүүхдийн "би хөгжим тоглож байлаа" гэсэн сайхан дурсамж нь үлдэж байвал хожмын нэгэн бахархал болох юм уу гэж бодож үүнийг хийдэг юм.

-Г.Галбадрах: Энэ бол маш сайхан санаа төдийгүй, санаа авахуйц сайхан туршлага байна.

-С.Сансаргэрэлтэх: Тийм учраас бүх хүүхдүүдийн СД-г фото зурагтай нь, хөгжмийн тухай өөрийнх нь бодлыг нь, ярьсан яриатай нь, бас тоглосон зохиолуудтай нь хийж өөрсдөд нь өгдөг юм. Би өөрийнхөө бага нас 7, 8 , 10 настай үедээ тоглож байсан хөгжмөө хэзээ ч бичүүлж чадаагүй. Тэр үед тийм боломж нь ч байгаагүй. Хэрэв тэр үед тийм боломж нь байгаад би бага насандаа хөгжим тоглож байсан бичлэгээ хийлгэж байсан бол тэр нь өнөөдөр миний амьдралд үнэлж баршгүй үнэт зүйл байх байсан. Тийм учраас л би өөрийн шавь нартаа энэ бүхнийг хийж өгч, бага насных нь үнэт дурсамжуудыг бэлтгэж өгдөг юм. Студийн маань гол зорилгын нэг нь бас энэ.

                                            Тав. Амархан амьдрал гэж байдаггүй

-Г.Галбадрах: Америкт амьдарч, хажуугаар нь уран бүтээлээ хийнэ гэдэг амаргүй байгаа байх?

-С.Сансаргэрэлтэх: Америкт амьдарч байгаа миний амьдралын хэв маяг бол бусад хүмүүсийн амьдралын хэв маягтай адилхан. Хүний амьдрал амархан байх тусам хүний тархины хөөрөл, мэдрэмж нь устаж эхэлдэг юм болов уу? гэж бодсон. Робинзон Крузо ганцаараа арал дээр хаягдчихаад амьдрахын тулд, өөрийнхөө амьд байх орчинг үүсгэж чаддаг. Үүний тулд тэр хүний тархины хөөрөл үүсч, байгалиас хэрэгтэй зүйлсээ олж харах мэдрэмжүүд нь нэмэгдсэн. Түүнийгээ дагаад мэдлэг чадварын туршлага ч нэмэгдсэн. Яг л тийм мэдрэмжүүд хүний амьдралд хэрэгтэй.

-Г.Галбадрах: Тийм ээ, наад зүйрлэлтэй тань санал нэг байна. Америкт монголчууд өөрсдийн амьдралаа босгож, орон зайгаа бий болгохын тулд маш их хөдөлмөрлөж байгаа.

-С.Сансаргэрэлтэх: Америкт 1990 -ээд онд, 2000 оны эхээр ирсэн монголчууд 1-2 чемодантай, халаасандаа 100-1000 доллартай л ирж байсан байх. Тэд бол Америкт гарсан монголчуудын анхны үе. Энэ хүмүүс чадлынхаа хэрээр, ухааныхаа оюуныхаа чадвараар, биеийнхээ хүч чадлаар мундаг сайхан л амьдарч яваа. Энэ олон монголчууд маань түүхэнд бичигдээд л үлдэнэ. Энэ бол Монголын нэгэн түүх. Ингэж л монголчууд 1990-ээд оноос олноороо АНУ-д ирсэн юм гэсэн түүхийг бид хамтдаа бичилцэж яваа. Энэ бүхэн тийм ч амар байгаагүй ээ. Анх ирж байсан монголчууд нийтээрээ, хоорондоо зохицож бүх л зүйлийг цоо шинээр эхэлж байв.

Яваандаа тус тусдаа арга замаа олон явцгааж, үр хүүхэдтэй болцгоож, бага насанд нь авчирсан хүүхдүүдээ өсгөж, "Америкт ингэж амьдрах ёстой юм байна" гэсэн замуудыг олж харж, нээж тэр л замаараа америкийн цагаачдын амьдралаар амьдарцгаасан.

-Г.Галбадрах: Харин одоо 2 дахь үе бий болж байгаа нь мэдрэгдэж байгаа шүү.

-С.Сансаргэрэлтэх: Маш олон сайхан залуучууд энд байна. Харин тэдний үр хүүхдүүд Америкийн монголчуудын 2 дахь үе болон өсч өндийж байгаа. Америкт байгаа монголчуудын бас нэг эрхэм зорилго нь өөрсдийнхөө үр хүүхдүүдийг хүний дайтай хүн болгочих юм сан гэсэн хүсэл. Өөр зорилгууд ч байдаг л байх л даа. Миний таньж мэддэг ихэнх монголчууд "хүүхдүүдээ сайн сургуульд оруулж, сайн хүн болгочих юм сан" гэж хүсдэг. Үүний тулд тэд маш их хөдөлмөрлөж байна. Тэр хүүхдүүдийг сургах зардал болон дэвтэр ном, амьдрах орчин бүхнийг хангахын тулд хамгийн хатуу дэглэмээр амьдарч байгаа.

-Г.Галбадрах: Тийм ч учраас маш олон залуус , амжилтад хүрч бусдад үлгэр дуурайлал болж чадаж байна.

-С.Сансаргэрэлтэх: Энэ хүмүүс л Америкийн монголчуудын бүхэл бүтэн түүхийг бичилцэж байгаа. Та бид 2 тэдний л нэг нь.

-Г.Галбадрах: Миний саналыг хүлээж авч уулзаж ярилцсанд их баярлалаа. Олон сайхан уран бүтээлийн гараан дээр зогсож байгааг тань анзаарч байгаа. Энэ хэрээрээ Монголын нэрийг дэлхийн хэмжээнд дуурсгаж яваарай гэж ерөөе, Маш их баярлалаа.

-С.Сансаргэрэлтэх: Танд ч бас их баярлалаа. Биднээс гадна олон сайхан монгол залуус дэлхийн урлагийн тавцан дээр гарч ирцгээж байна. Монгол хүний авьяас чадвар, мэдрэмж мундаг болохоор хэзээ нэгэн цагт дэлхий даяар гайхуулан бишрүүлэх байхаа гэж бодож байна. Монголчууд та нартаа ч бас дор бүрнээ амьдралаа авч явж, их зүйлийг бүтээхийг хүсье.

... Тэр нэгэн жил Монголын нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав гуай Вашингтон ДС орчмын монголчуудтай уулзалт хийсэн юм. Тэр уулзалтад оролцогч нэгний "Та нар Монголын хөгжмийн урлагийн аугаа суутнууд мөн. Харин одоо та нарыг залгамжлах ямар залуус байна вэ?" гэж асуусан асуултад Лувсаншарав гуай огтхон ч түгдрэлгүйгээр "Сүүлийн үеийн залуусаас С.Сансаргэрэлтэх байна" гэж хариулж байсан нь анхаарал татаж билээ. Хожим нь бид танилцаж, хааяаа уулзаж чин сэтгэлээсээ "буу халж" суудаг болсон. Түүний аливаа юманд өөрийнхөөрөө, үнэнээсээ ханддаг, өөртөө итгэлтэй байдал нь бидэнд их ч анзаарагддаг.

Тэдний гэрийн доод давхарт тохижуулан хийсэн студи нь үнэхээр мундаг. Аргагүй л уран бүтээлч хүний сэтгэлийн эрч, хөг нь мэдрэгддэг юм. Харин тэрээр сүүлийн үед бичлэг хийхэд зориулсан , нилээд сайн техникүүдийг худалдан авч байгаа. Ямар ч тохиолдолд өөрийн зорьж зүтгэсэн бүхэндээ хүрч чаддаг болохоор, одоо түүнд амжилт хүсэх л үлдэв шив дээ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
e-mail; gala_mn@yahoo.com 2012-06-09


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.