05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Карнеги Холл-д дуулсан монгол бүсгүй Эрдэнэбатын Саран

Нэг. Намтарын товчоон

1985 онд 17 дунд сургуулийг математикийн Хишигжаргал багштай 10а ангийг төгссөн.
1991-1996 онд Соёл Урлагийн Их Сургууль (дуулаач)
1996-1998 онд магистер СУИС (дуулаач)
1998-2000 онд Их Засаг Их Сургууль(ерөнхий хуульч)
2010-2012 онд Жонс Хопкинсийн Их Сургуулийн Пийбоди Консерватори (дуулаачийн мэргэжлээрээ магистер)
1996-2000 онуудад Цагдаагийн Дуу Бүжгийн Чуулга
2000-2004 онуудад Дуурь Бужгийн Эрдмийн Театрт гочлол дуучнаар
2004 оноос хойш АНУ-д ажиллаж,сурч байгаа.

Хоёр .Дуулах авьяас, сонголт
-Г. Галбадрах: Багаасаа дуулах авьяастай байсан уу?

-Э. Саран: Би 7 хүүхэдтэй айлын дээрээсээ 2 дахь нь. Дүү нараа их хардаг эгч. Тэр үеийн айл болгонд байсан цагаан толгойтой пүрштэй орон дээр дүүгээ тэвэрч суугаад бүүвэйлэнгээ их дуулна. Ээж минь хааяа найранд уригдахаараа намайг дагуулаад явна. Өөрт нь дууны дугараа ирэхээр " Миний охин хөөрхөн дуулдаг юм, ээжийнхээ оронд дуулна" гэдэгсэн. Одоо бодоход хүмүүсийн өмнө нүүр хагаруулах гэж л намайг дагуулж явдаг байж дээ.

-Г. Галбадрах: Ээж тань охиныхоо авьяасыг мэддэг байж дээ?
-Э. Саран: Хүний нүүр харагдахгүй бол чангаар дуулж гарна.  Гэрийн гадаа сонсогдож байсан байж таараа. Бага дүүг минь 3 настай байхад ээж минь өөд болсон. Биднийг "ингэ тэг" гэж чиглүүлж өгч амжаагүй дээ. Би багаасаа л урлагт дуртай байв.Телевизээр гарах балет, цирк, дуурийн дуучид оролцсон тоглолтуудийг их үзнэ. Заримдаа дуурийн дуучдийг дууриаж чангаар дуулахад эгч маань " чи их адилхан дуугарч байна ш дээ" гэж урам өгдөг сөн.

-Г. Галбадрах: Дунд сургуульд хаана суралцав?
-Э. Саран: 1-р ангидаа Хайлаастын 49-р сургуулийн дэргэдэх бага сургуульд Нүрзэд багштай 1-б ангид орсон. Тэгээд 4 ангидаа 49-р сургуульд, дараа нь 72-р сургууль шинээр баригдаад тийшээ хуваарилагдаж очсон. Тэгж байтал намайг 5-р ангид байсан жил аав минь "Гавьяат барилгачин" болж, шинэ байраар шагнуулж бид нүүсэн. Ингээд 50-р дунд сургуулийн сурагч болсон. Хожим нь дахиад эмээгээ ойрхон эргэж байхын тулд 17-р сургуульд орсон доо. Ингээд 1985 онд математикийн Хишигжаргал багштай 10-а ангийг төгсөв.

-Г. Галбадрах: Дунд сургуульд байхдаа урлагийн үзлэгт их оролцдог байв уу?
-Э. Саран: Харин бүүр оролцдоггүй байсан. Нэг удаа бага ангид байхдаа пионерийн удирдагчдаа "би дуулж чаддаг" гэлээ. Тэгээд "за дуулаад үзүүл дээ" гэсэн чинь сандраад дуу гарахгүй байснаа, нээх эвгүй солгой дуулж билээ. Тэгэхэд аймаар их ичиж байснаа л санаж байна. Тэгээд түүнээс хойш дуулах оролдлого хийгээгүй байж байгаад СУИС-д орох гэж л дуулсан даа.

-Г. Галбадрах: 10-р ангиа төгсөөд хийсэн сонголт тань?
-Э. Саран: Би эмч болохыг их хүсдэг байлаа. АУДС-д орох элсэлтийн шалгалтандаа бүдрээд АУДуС-д орох эрх дээр буусан боловч "цаг алдалгүй ирэх жил гэхэд дахиад шалгалт өгье" гэж тухайн үедээ их ухаан гаргаад, АУДуС-д оролгүй татгалзсан. Дараа нь тэр шийдвэртээ маш их харамсаж билээ. Гэвч хувь заяа минь намайг урлагийн хүн болгож бүх зүйл өөрчлөгдөнө гэж мэдээгүй байсан юм. АУДС-д хурдан элсэх боломж бол тэр сургуулийн хуваарь ирдэг газар ажиллах байлаа. Тэгээд яслид ажилд ороод хуваарь авах гэж зүтгэвээ. Гэтэл надад тэр хуваарь
яаж амар олдох билээ. Олон жил ажилласан дадлага туршлагатай хүмүүстээ эхэлж өгнө. Миний нэр дарааллын сүүлд. Жилд ганцхан хуваарь ирнэ.Тэгж явсаар 1990 он гарч хүссэн сургуульдаа шалгалт өгөх боломжтой болсон доо.

-Г. Галбадрах: Нэг ёсондоо сонголт хийх боломж харьцангуй их болсон хэрэг байх даа.
-Э. Саран: Тийм шүү.Тэр үед миний олон найзууд АУДС-д элсээд, зарим нь төгсөж байсан л даа. АУДС-д тэр жилээс "1 жил асрагч хийж байж орно" гэдэг заалт гарсан байсан. Дээр нь 6-7 жил сурна. Тэр үеийн эдийн засаг хүртэл их сонин, толгой эргэм болж ирсэн шүү дээ. Юмны үнийг "2 дахин өсгөх" заалт гараад лангуу хоосроод л аймаар байсан. Тэр олон жилийг ийм байдалд давахааргүй санагдаад, бүүр багын сонирхолоо дагаад урлагийн сургуульд шалгалт өгөхөөр шийдлээ. Энэ нь миний амьдралыг эргэлт буцалтгүй өөрчилсөн юм даа. Тэр үед СУИС 4 жил
байснаа намайг орох жил 5 болж бэлтгэл анги нэмэгдсэн. 

 

Гурав: Их урлагт хөл тавьсан жилүүд

-Г.Галбадрах: СУИС-д шалгалтаа яaж өгөв ?
-Э. Саран: Өө, амаргүй байсан. Би хэрдээ өөрийгөө "дуулж чаддаг" гэж бодоод байдаг. Гэвч хэн нэгэн дуулаачийн мэргэжлийн хүнтэй уулзаж зөвлөлгөө авах хэрэгтэй болсон. Урлагийн нэг ч хүн таньдаггүй. "Ардын элч" киноны Ариунаагийн дүрд тоглосон Цэвэлсүрэн гуайг дуучин хүн гэж сонсож байсан учраас түүн дээр очлоо. "Та миний хоолойг сонсоод зөвлөлгөө өгөөч"гэлээ. Цэвэлсүрэн гуай "Би яг одоо зав муутай байна .Чи энэ хажуугийн өрөөнд Загдсүрэн багш сууж байгаа, асуу даа" гэлээ. Анх тэгж Загдсүрэн багштай нүүр тулж уулзсан юм. Миний хүсэлтийг сонсоод Загдсүрэн багш уриалгахан нь аргагүй төгөлдөр хуурийнхаа ард суугаад хэдэн дасгал уншуулаад "уг нь боломж байна, гэхдээ сайн бэлтгээрэй" гэж зөвлөлөө.

-Г. Галбадрах: Бие дааж бэлтгэх үү?
-Э. Саран: Тэр үеийн Соёлийн дунд сургуулийн багш Цэрэндолгор гуай дээр хөгжмийн онол, солфеджио, ДБЭТ-н гоцлол дуучин байсан Оюунцэцэг эгч дээр дуулах дуу, аригаа бэлтгэж байгаад шалтгалтанд орсон доо. Шалгалтанд орох үеэр Цэрэндолгор багш гадаа хүлээгээд, хувцасны минь захыг мушгиад хүлээж суусан. Цэрэндолгор багшийн ачаар онол, салфеджио их сайн сурсан даа. Тэр үед бас миний хоёр найз Цээгий Тунгаа нар минь дүн гартал надтай хамт байж сэтгэл догдлон хүлээцгээж байсан.

-Г. Галбадрах: СУИС -д ороод ?
-Э. Саран: СУИС-д ороод эхлээд АЖ. Загдсүрэн багш дээр хуваарилагдаж очсон. Дараа нь хүүхдийн тоо нь хэтрээд намайг МУГБ. Дашама багш руу хуваарилсан юм.
Сургуульд ороод эхэндээ сайн сурч чадахгүй, бүүр дуучин болж чадах эсэхдээ эргэлзэж байсан үе бий. Зарим хүмүүс "дуулж сурах гэж ингэж олон жил сураад байх даа яахав дээ" ч гэж гайхаж байсан удаатай. Гэвч мэргэжлийн дуучин болно гэдэг амаргүй. Хүний хацар, хамар, дух зэрэгт хөндий байдаг. Энэ хөндийнүүдийг ашиглаж хоолойгоо микрофонтой юм шиг хүчтэй, өсгөж дуулна гэсэн үг. Бас гарт баригдахгүй, нүдэнд үзэгдэхгүй "хоолойн хөвч" гэдэг хоёр нимгэхэн, ялтас шиг эмзэг эрхтэнг багшийн заасны дагуу, бас мэдрэмжээрээ, ухаанаараа
удирдаж сурна гэсэн үг. Буруу дуулвал дахиж дуулахгүйгээр хоолойний хөвчөө гэмтээх магадлал өндөр. Олон жил сурахыг шаарддаг мэргэжил юм даа. Миний хувьд одоо ч сурсаар л байна.

-Г. Галбадрах: Шантрах үе байсан уу?
-Э. Саран: Эхэндээ олигтой сурч чадахгүй багшдаа загнуулна. Сэмхэн уйлах бол энүүхэнд. Нэг удаа " тайзны хөдөлгөөн"-ий  Уртнасан багшаас, "багшаа би жүжигчин болж чадах болов уу?" гэж асуулаа. Ер нь таньж мэдээгүй юм заримдаа амархан харагддаг даа. Уртнасан багш " чи хичээвэл жүжигчин болж чаднаа" гэж байна. Уг нь сэтгэл минь бол дуучин болох л байлаа. Тэгээд Дашама багшаасаа " Багшаа та яг үнэнийг надад хэлээд өгөөч. Би дуучин болж чадах уу?" гэж асуулаа. Багш маань "эхэлж байгаа оюутнуудыг яг сайн дуучин болно, эсвэл дуулж чадахгүй
гэж хэлэхэд эртэднэ. Зарим оюутнууд эхлэхдээ тааруухан байж байгаад төгсөхдөө сайн өсдөг. Зарим сайхан дуучин болчих болов уу? гэсэн оюутнууд огт өсөөгүй төгсдөг тал бий. Хэр сайн өсөх чинь чамаас л шалтгална даа" гэлээ. "Авьяас байгаа" гэж багш маань хэлснээс хойш бүх зүйл надаас өөрөөс минь шалтгаалах юм байна гэдгийг бат ойлгож аваад эргэлзэлгүйгээр дуугаа сонгож, их ч хичээсэн дээ.

-Г. Галбадрах: Заримдаа хэн нэгэн багшийн шавьдаа онож хэлсэн үг насан туршид нь "сургааль" болж үлдэх нь бий. Тэгэхээр энэ үг л чиний цаашдийн замд их нөлөөлжээ?
-Э. Саран: Тийм шүү. Би багшдаа дандаа талархаж явдаг. 1996 онд сургуулиа төгсөөд Цагдаагийн Чуулгад дуучнаар орлоо. Тэр жил Цагдаагийн Чуулга шинээр байгуулагдаж байсан юм. Энэ чуулгад 4 жил дуулахдаа их зүйл сурсан шүү. Тайзан дээр гарч, үзэгчидтэйгээ харьцаж сурсан. Над шиг ичимхий байсан хүнд их том сургууль болсон.

-Г.Галбадрах: Дуулахын хажуугаар мэргэжлийн чанартай уралдаанд оролцож байсан гэсэн.
-Э.Саран: Тэр үед залуу дуучдийг хамарсан мэргэжлийн олон уралдаанууд болж байсан. Би хэд хэдэн уралдаанд амжилттай оролцож гайгүй үнэлгээ авлаа. Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Д.Пүрэвдоржийн нэрэмжит, Төрийн соёрхолт Б.Шаравын нэрэмжит уралдаануудаас гадна "Учиртай гурван толгой" дуурын уралдаанд Нансалмаагийн дүрээр 2-р байр эзэлж байлаа. Тэр жилийн Б. Шарав гуайн уралдаанд эрэгтэйчүүд их сайн оролцож, эхний гурван байрыг эзлэхэд , би 4-р байрт орон шагнуулж байсан цахилгаан индүү маань одоо хүртэл ажиллаж байгаа шүү.
Харах болгонд дурсгалтай сайхан санагддаг юм.

-Г.Галбадрах: Энэ уралдаануудад оролцож байсан нь өөрийг чинь сонгодог чиглэл рүү татаж байж дээ?
-Э.Саран: Тэр уралдаануудад оролцож явахдаа л ДБЭТ-ийнханд тоогдсон. Найруулагч УГЗ Эрдэнэбулган гуай нэг удаа надад хандаж " Чи дуурийн театрт ажилламаар байна уу?" гэж асууж, намайг энэ театрт ажиллах сонирхолтой байгааг минь сонсоод "тэгж байгаад утасдаж магадгүй шүү" гэж санууллаа." Утасдаж магадгүй" гэж жил хүлээгээд горьдлого бараг тасарч байхад МУГЖ. Эрдэнэбат дарга утасдаж, ДБЭТ-т ажиллах болсныг дуулгасан юм.Тэгээд 2000 оноос ДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллаж эхэлсэн.

-Г.Галбадрах: ДБЭТ-т дуулахдаа бүтээж байсан дүрүүдээсээ нэрлэвэл?
-Э.Саран: 2000 оны хавар АНУ-аас удирдаач, хоорийн багш 2 ирж манай театрт анх удаа Америкийн дуурь, Гершвиний "Порги Бесс хоёр"-ийг концертийн хэлбэрээр тавихад Бесс-т дуулж байлаа. "Учиртай гурван толгой" дуурийн 21 дэхь Нансалмаа болж байлаа. Германы хөгжмийн зохиолч Николай Отто -гийн "Виндзорийн овжин авхай нар" дуурийн Аннад дуулсан мөч надад их дурсгалтай байдаг юм. Уг дуурийг ивээн тэтгэсэн хоёр Герман өөрсдөө ирээд зогсоогүй онгоц дүүрэн үзэгчидтэйгээ ирж байсан юм. Тайзан дээр тэр эрэгтэй эмэгтэй 2 Герман гарч ирээд, эрэгтэй нь надад баяр хүргэж, гарыг минь үнсээд дараа нь дурсгалын зургаа татуулсан нь надад их урам өгсөн. Харамсалтай нь тэдний нэрийг санадаггүй. Бизе-гийн "Кармен" дуурийн Праскита, Пуччини-ийн "Эрвээхэй Хатан" дуурийн хадагтай Пинкертон, Пүрэвдоржийн "Дэлхий ээжийн төрсөн өдөр" дуурийн "Зун авхай" зэрэг дүрүүдэд дууллаа. 2003 онд Төрийн шагналт Б.Шарав-ийн " Чингис Хаан" дуурийн Хадаан болон Орбай хатан зэрэгт дуулав."Чингис Хаан" дуурийн Хадаан миний хамгийн хайртай дүрүүдийн нэг. Америк руу нисэхээсээ 2 хоногийн өмнө Хадаанд дуулж байхдаа "дахиад энэ дүрд дуулах боломж гараа ч уу, үгүй чүү "гэж бодогдож, үнэн зүрхнээсээ хайрлаж дуулж билээ. Харин 2009 онд ДБЭТ-таа эргэн очиж Пуччини-ийн "Эрвээхэй Хатан" дуурийн Чио-Чио Сан-д дуулсан.
                                           

Дөрөв: АНУ дахь зам мөр

-Г.Галбадрах: АНУ-д хэдийд ирсэн бэ?
-Э.Саран: 2004 оны 1-р сарын сүүлээр Виржиниа мужийн Радфорд-ийн Их Сургууль дээр зохиогдсон "Азийн шинэ жилийн фестиваль" арга хэмжээнд оролцохоор урлагийн хэдэн нөхөдтэйгээ ирсэн. Тэгээд л энд үлдэхээр шийдсэн. Энэ тухай эртнээс бодож байсан л даа.Надад зорилго байсан. Америк том орон, энд ганц урлаг төдийгүй бусад бүх салбарт өрсөлдөөн жинхэнэ утгаараа явагдаж байдаг. Америкийн дуурийн танилцуулгыг үзэж байхад маш олон орны дуучид оролцсон байдаг нь ажиглагдсан. Энэ нь надад их боломжийг мэдрүүлж байв. Дотор сэтгэлдээ "энд Монгол дуучин байж болно шүү дээ"гэж хэлж байв. Өөрөөр хэлбэл "их урлагийнх нь хязгааргүй далайгаас жаахан ч атугай хүртэх хүсэл, нөгөө талаас Монголын дуучиддаа энэ том зах зээлд гарах боломжийг нээх" гэсэн мөрөөдөл байсан.

-Г.Галбадрах: Америк дахь анхны оролдлого тань?
-Э.Саран: 2004 оны 8-р сард Спрасино найруулагчийн "Белканто" дуурийн компанид шалгаруулалтанд орлоо. 2 ари дуулсаны дараа тэнд сууж байсан 4 хүн их л нааштай хүлээж авлаа. Англи хэл мэдэхгүй болохоор тэдний яриад байгааг ойлгодоггүй. Толгой дохиод л "еэс, еэс" тийм тийм гээд л байлаа. Тэндээс гармагцаа Лхагвадорж ах руу утасдаж тэдэнтэй яриуллаа. Гэтэл шалгаруулалтанд тэнцээд 2005 оны 1 сард болох гала-тоглолтонд дуулуулахаар болсон байв. Тэр үед миний визний хугацаа дуусах дөхөж, визний ангиллаа солиулахаар хөөцөлдөж байсан юм.
Тэднээс  "ногоон картанд спонсорлохыг" хүсээд тэд ч зөвшөөрсөн боловч тухайн үеийн санхүүгийн байдлаасаа болоод энэ боломжоо алдсан. Гэхдээ би эндээс өөртөө "боломж байгаа"г мэдэрсэн л дээ.

-Г.Галбадрах: Гэхдээ чамайг хэд хэдэн удаа тоглолтоо хийснийг тань санаж байна.
-Э.Саран: Визныхаа ангиллыг солиулж F1 буюу оюутны ангиллын визтэй болсон. Визээ хадгалахын тулд ажиллахын хажуугаар хэлний Инлингуа сургуульд явж эхэлсэн.
2007 оны 11 сард Мариланд Холл-д анх удаа тоглолтоо тавьсан. Энэ тоглолтонд төгөлдөр хуурч Б.Мөнхшүр эгч тоглож тусалсан. Надад их тус болж, хэрэгтэй зөвлөлгөөнүүд өгч байсанд одоо хэр Б.Мөнхшүр  эгчид талархаж явдаг. Өөрийнхөө бие даасан болон хамтарсан, оролцсон тоглолтуудын тоо 150 орчим болсон байна лээ.
Жонс Хопкинсын Их Сургуулийн Пийбоди Консерватори-д 2010 оны 1 сард материалаа явууллаа. Ингээд явуулсан материал маань тэнцэж дараагийн шатны буюу биеэр очиж дуулах шалгалтыг 2010 оны 5 сард өгсөн. Пийбоди Консерватори шалгалтаа 2 сард болон 5 сард 2 удаа авдаг бөгөөд 5 сард бол орох найдвар бага байдаг. Учир нь ихэнхи сонголтууд түрүүчийн шалгалтын үеэр хийгдсэн байдаг. Яг үнэндээ тэр үед " ороо ч уу, угүй ч уу" гэж бодож байсан болохоор нэг их тэвдээгүй. 2 ари дууллаа. Харин тэд надаас Монголын дууриас дуулахыг санал болгоход нь
Х.Билэгжаргалын "Ламбагуайн нулимс" дуурийн Цэрэнлхам-ийн ари-г дууллаа. Тэр шалгалтанд тэнцээд Консерватурын оюутан болсон минь бас нэг алхам байлаа.

-Г.Галбадрах: Алдарт "Карнеги Холл"-д дуулсан тань энд ирсэн зорилгын тань оргил нь байсан гэж бодсон шүү.
-Э.Саран: Ер нь дэлхийн дуурийн дуучдын мөрөөдөл нь Карнеги Холл-д дуулах. Энд дуулсан гэдэг намтар нь өөрөө нэр хүндийн хэмжүүр болж, цаашид амжилттай дуулах гараа нь болдог. 2009 оны 2-р сард Карнеги Холл-д (Ваел ресайтал холл) дуулах хүсэлтээ гаргаж захидлаар харилцаж эхэлсэн.Тэдний шаардсан бүх материалыг илгээв. Нилээд харилцсаны эцэст 4 сард зөвшөөрсөн хариу ирж, 5 сард биеэрээ очиж гэрээнд гарын үсгээ зурлаа.Тэгээд л бэлтгэлдээ орсон. Төгөлдөр хуурч Сюзан Риччи- Рогю-тэй хамтарч бэлтгэлээ хийсэн. Сюзан бол олон жил дуучидтай ажилласан маш туршлагатай төгөлдөр хуурч л даа. Ер нь би өөрийгөө сайн багш нар, сайхан хүмүүстэй хамтран ажиллах завшаантай "их азтай хүн" гэж боддог юм. Энэ тоглолтыг Саран гэхээсээ илүү "Монгол дуучин" гэдгээр хүлээж авна, бас Монголын сонгодог урлагийн хэр хэмжээг мэдрэх учраас их хичээж бэлтгэсэн. 10 гаруй ари 5 романс, зохиолын дуунаас бүрдсэн нилээд амаргүй хөтөлбөртэй. Ихээхэн чадвар шаардсан тоглолт болсон. Энэ дашрамд миний тоглолтыг зорьж ирж үзсэн Монголчууд, мөн Нью- Йорк хот дахь НҮБ-ийн хамт олон болон найз нөхөддөө "их баярласан шүү" гэдгээ хэлье.Энэ тоглолтондоо би маш их сэтгэл хангалуун байгаа.

-Г.Галбадрах: Таныг Карнеги Холл-д дуулсныг сургууль тань яаж хүлээж авав?
-Э.Саран: Нээрээ би сургуулиасаа гурван ч шагнал авсан юм байна. Энэ үед би Консерваторид элсэж амжаагүй, харин Препраторид Алина Козинска багштай ажиллаж байсан л даа. 2010 оны 6 сарын 6 нд болсон Пийбоди Институт-аас "оны шилдэг"-үүдээ шалгаруулах уламжлалт ёслолын арга хэмжээн дээр "Захирлын нэрэмжит шагнал", "Оны шилдэг тоглолт" бас "Мэргэжилдээ амжилт гаргасаны төлөө" гэсэн 3 шагналыг захирал Жефрей Шарки хүндэтгэлтэйгээр гардуулж өгсөн. Энэ шагнал гардуулах ёслол Фриедберг Холл-д болдог юм билээ. Энэ үеэр миний багш МУГБ Д.Дашама багш, багшийн минь нөхөр "Ардын зураач" Ч.Гунгаасүх нар манайд зочилж ирээд байсан үетэй яг таарч,тэд маань энэ ёслолд оролцсон. Бас Пийбоди Консерватори-д элсэн суралцах болсон баяртай мэдээг ч энд байхдаа хуваалцсан. Би Дашама багшдаа үргэлж талархаж явдаг. Ер нь миний амжилт болгоны ард миний багш, найз нөхдийн минь туслалцаа дэмжлэг их байсан даа.

-Г.Галбадрах: Тийм ээ, харь газар ч гэсэн хэн нэгний тус багаддагүй.
-Э.Саран: Лхагвадорж ах надад олон удаа хэлмэрчилж бас виз-ний ангилал солиход тус болж байлаа. Лхагвадорж ах түүний гэргий Оюунаа эгч хоёртоо баярлаж явдаг юм. Бас нэг удаа бөөр өвдөөд хэцүү байхад минь дуучин Амарбүрэн "ээж уугаад гайгүй болсон юм" гээд надад эм авчирч өгч тус болж байлаа. Монголчуудын холбооны Аюуш миний резуме-г орчуулж өгч, СУИС-н магистрт хамт суралцаж байсан Лхамдидэрмаа маань санхүүгийн хүнд байдалд байхад минь боломжийн цалинтай ажил олж өгч тус болж байлаа. Флорида мужид ажиллаж амьдарч байсан гэр бүл Батнаа Жагаа 2 минь өөрөө бизнес хийж, хүний хараат бус ажиллах боломжийг олгож өгсөн. Бас Монголчуудын холбооны Ганзориг маань байна.Тэд бүгд надад хэрэгтэй үед ямар их үнэтэй туслалцаа үзүүлсэнээ ч анзаарахгүй, дурсаад ярихад бүүр мартчихсан байсан шүү. Боломжтой үедээ нэгэндээ хүргэсэн тусаа сануулаад байдаггүй, Монгол хүний сайхан чанар юм даа.

-Г.Галбадрах: Америкт байгаа хэрнээ Италийн театртай гэрээ хийсэн тухай бас сонссон.
-Э.Саран: 2010 оны 7 сард Италийн Ромд болох гэж буй уралдаант шалгаруулалтанд материалаа явууллаа. Ер нь аль ч газар руу материалаа явуулахдаа ихэвчлэн доорхи 4 материалыг голчилдог.
1.резуме
2.Товч намтар
3.бүтээлийн СД, ДВД
4.Хамгийн сүүлд авахуулсан фото зураг
Заримдаа эдгээр дээр нэмээд багш нарын тодорхойлолт, биеийн харьцааны хэмжээсүүд болон паспортын хуулбар, дуулах ари романсын нэрс, мөн төгөлдөр хуурчийн зардал зэргийг шаарддаг. Гэхдээ арга хэмжээ зохион байгуулж байгаа газраасаа л хамаардаг юм. Итали руу явуулсан материал минь тэнцээд 2010 оны 12 сард Итали явлаа. Энэ шалгаруулалтанд тэнцэж Пуччинийн "Эрвээхэй хатан" дуурийн Чио-Чио Санд дуулах эрхээр шагнагдсан. Энэ дуурь 2011 оны 9 сард тоглогдох байсан боловч хойшлогдоод 2012 оны 10 сард тоглогдохоор болоод байгаа. Монголд 2009 оны 12 сард Чио-Чио Саны дүрд дуулсан. Тэгэхдээ бас 2 удаа хойшлоод 3 дахь удаад нь дуулж байсан юм. Төрөлх театраа их санадаг байсан учраас тетрынхаа алтан тайзан дээр дахин дуулах боломж олдоход маш их баярлаж билээ. Манай хамт олон их сайхан хүлээж авсан. "Эрвээхэй хатан" дуурийн найруулагч АЖ,Төрийн шагналт Х.Уртнасан багш, концерт мастер багш МУГЖ Б.Солонго нартай ажиллаж байгаад дуулсан даа. Уртнасан багш минь их олон зүйл зааж, хэлж өгч байсан. Саяхан 2012 оны 4 сарын 27нд гоцлол дууны анги үүсэн байгуулагдсаны 60 жилийн ой болсон. Бух дуучид багш нартаа 60 жилийн ойн баярын мэндийг уламжилж байгааг минь дамжуулж өгнө үү?

-Г.Галбадрах: Тэгэлгүй яахав. Ямартай ч Америкт зорьж ирсэнээ биелүүлж л яваа юм байна.Цаашдын чинь зорилгын талаар сонирхвол?

-Э.Саран: Жонс Хопкинсын Их Сургуулийн Пийбоди Консерваторийг магистрийн зэрэгтэйгээр энэ 5 сард төгсөнө. Бодож байгаа зүйл их бий. Мэдээж дуулна. Бас оюутнуудтай ажиллаж эхэлж байгаа. Алсдаа өөрийн гэсэн студитэй болох санаатай. "Дүүдэйхүү сан"-ийнхаа шагналыг, оны шилдэг уран бүтээлчид шалгаран оролцдог "Виртуозо" гала тоглолтонд оролцож байгаа дуурийн залуу гоцлол дуучиндаа 2008 оноос хойш олгосоор ирсэн. Дээр нь Монголынхоо авьяаслаг хүүхдүүдийг дэмжих бодол бий.
                                             

Тав: Харьцуулсан бодролууд

-Г.Галбадрах: Чи Монголд ДБЭТ-т дуулж байлаа. Одоо Америкт дуулж бас суралцаж байна. Дуурийн дуучны хувьд үүнийг харьцуулбал?
-Э.Саран: Монголд ДБЭТ-т дуучин болвол тэндээ сар болгон цалингаа аваад ажиллана. Америкт бол дуурийн компаниуд олон. Маш өрсөлдөөнтэй. Дундаж дуурийн компани бүтэн улирлын турш 4-7 дуурь тавих жишээтэй. Тэр дууриудад дуулах дуучдаа шалгаж сонгож авна. Нэг дуучин нэг юм уу түүнээс дээш дүрд дуулах гэрээнд гарын үсэг зурна. Тэгээд улирал юм уу дуулах ёстой дуурь тавигдаад дуусахад тэр дуучин ажилгүй болж дахиад л дуулах боломж хайн, өөр компаниудын шалгаруулалтанд орох хүсэлтээ илгээдэг. Заримдаа өөр хот, мужаас сайн дуучдыг урьж дуулуулах явдал гардаг. Дуучин хүнд нэг гэрээ гэдэг маш чухал байдаг. Дараагийн ажил олох магадлал энэ удаагийн дуурьт амжилттай дуулахаас их шалтгаална. Энд Вашингтон ДС-д гэхэд "Кеннеди-ийн Төв" гэж нэрлэдэг том театр бий. Гэвч тэд өөрсдөө цөөхөн дуурь тавьдаг бөгөөд ихэнхи дууриа гаднаас буюу бусад дуурийн компаниас авчирч тавьдаг. Чанар муутай тавигдсан дуурь авахгүй. Маш нарийн шатлалтай бизнес юм даа. Дуучдын хувьд маш их ажиллаж шинэ зүйл байнга сурах шаардлага тавигддаг. Харин ам бардам хэлэхэд Монголын сонгодог урлаг хаана ч гологдохгүй. Харин манай хүн амын тоо, сонгодог урлагийн үнэлэмж зэргээс хамаараад нэг дуурийг сарын турш тавих ямар ч боломжгүй  байдаг нь харамсалтай.

-Г.Галбадрах: Сургалтын хувьд?
-Э.Саран: СУИС-д мэргэжлийн багш хоолой халааж дасгал өгсний дараа төгөлдөр хуурчтайгаа ажилладаг. Харин энд төгөлдөр хуурын ангийн оюутнуудтай л ажиллана. Багш нар тэр болгон зүйлийг тайлбарлахгүй. Өөрсдөө л учрыг олох ёстой.
Оюутнуудаас маш их санаачилгатай ажиллах шаардлага тавигдана. Энэ зарчмаар явахаар оюутнууд сургуулиа төгсөхдөө, дуучид болон хөгжимчидтэйгээ ажиллаж сурсан байдаг. Бас жилдээ хэд хэдэн дуурь тавьдаг. Хичээл эхлэхээс өмнө дахин уралдаант шалгаруулалт явуулж дүрүүдээ сонгож авдаг. Аль курсэд байгаагаас үл шалтгаалан зөвхөн дуулах чадварт нь тохируулан дүрүүдээ өгнө. Төгсөхдөө хэд хэдэн дуурьт дуулаад нилээд чадвартай дуучид болсон байдаг юм билээ.

-Г.Галбадрах: Оюутнууддаа өөрсдөд нь боломж олгож, өөрсдийг нь дайчилж чадсан сайн тогтолцоо байна.
-Э.Саран: Энд бас нэг ажигласан зүйл бол зарим Ази оюутнууд багшийнхаа зааврийг л хүлээгээд байдаг. Өөрсдөө ч хэлэхдээ "бид хэзээ ч багш юм ярьж байхад асуулт асуудаггүй, өгсөн үүргийг л биелүүлдэг" гэж байсан. Эндхийн зарчмаар бол оюутнуудыг өөрсдөөр нь эрэл хайгуул их хийлгэж, өөрийг нь дайчилж ажиллуулна. Ази, Америкийн сургалтын ялгаа онцлог нь энэ юм уу даа.

-Г.Галбадрах: Хэрэгтэй сэдвээр сонирхолтой яриа өрнүүлсэнд их баярлалаа. Бас Америк оронд Монголынхоо нэрийг гаргаж , Монголын сонгодог урлагийн чансааг мэдрүүлж яваа танд талархал илэрхийлж амжилт хүсье. Цаашид зорьж зүтгэж яваа бүхэн тань биелэлээ олох болтугай.
-Э.Саран: Ярилцлагадаа урьж оролцуулсан танд ч бас их баярлалаа. Энэ дашрамд намайг үргэлж дэмжиж байдаг мэргэжил нэгт найз нөхөд болон Америкт аж төрж суугаа Монголчууддаа талархал илэрхийлье. Бас Монголын сонгодог урлагт зүтгэж яваа мэргэжил нэгт нөхөддөө ч баяр хүргэж байна. Та нар минь үнэхээр мундаг шүү.

...Би тэр жил Э.Сарантай анхны тоглолтынх нь дараа ярилцлага хийж "Монголын тал нутаг" нэртэйгээр бичиж байсан. Тэр цагаас хойш багагүй хугацаа өнгөрч, энэ хооронд Э. Саран нилээд амжилттай суралцаж, дуулж яваа аж. Хааяа ЭСЯ болон Монгол Соёлын Төвийн зохион байгуулсан олон арга хэмжээн дээр тааралдаж, энэ арга хэмжээнүүдийн төгсгөлд түүний дуулах "Монголын тал нутаг" дууг сонсох дор сэтгэл сэмэрч, цээж огшдог юм. Заримдаа хүмүүс өөр дуу дуулсан ч, шаардаж байгаад л "Монголын та нутаг"-ийг дуулуулна. Энэ дууг сонсох бүрдээ гадаадад байгаа монголчууд маань сэм сэмхэн нулимсаа дотогшоо "залгина". Харин тэрээр дуучны мэргэжилдээ чадваржиж байгаагийн нэгэн нотолгоо нь Нью-Йоркид байх алдарт Карнеги Холл-д дуулсан тоглолт. Би энэ тоглолтыг үзэж амжаагүй ч үүнийх нь төлөө түүнд талархаж явдаг. Харин энэ удаад бид анхны ярилцлагаас хойш түүний хичээж зүтгэсэн зүтгэл болон олж авсан олон ухаарлынх нь талаар ярилцлаа. Монголд минь дуулах хүсэлтэй, авьяастай залуус олон болж байна. Энэ ярилцлага минь тэдэнд бага ч болтугай эргэцүүлэл, ухаарал хайрлах болтугай. Харь энэ оронд Монголын сонгодог урлагийн чансааг мэдрүүлж, Монгол дуучны чадварыг нотолж яваа Э.Саранд маш их баярлалаа. Урлагийн тэнгэр ивээж яваг.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

e-mail;  gala_mn@yahoo.com                                                                                    2012-05-19


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.