05 сарын 04, Бямба
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

ХАРВАРДАД ХҮРЭХ ЗАМ Мөнхбатын Нямсүрэн цуврал ярилцлага-01

DSC04960

Нэг. Намтрын товчоон

-          1992-1994 Улсын  24 ийн цэцэрлэг
-          1995- 1997 Нийслэлийн 48-р сургууль
-          1998 Баянхонгор аймагийн Нэгдүгээр арван жил
-          1999-2000 Талст Хувийн сургууль
-          2001 Нийслэлийн 82 сургууль
-          2002-2004 Mонгень хувийн сургууль
-          2001- 2004 Хүүхдийн эрхийн төв
-          2005 Цагаан –Уул ахлах сургууль
-          2005- 2010 Хятадын Шанхай их сургууль  Олон улсын худалдаа
-          ADM21 Co ., LTD Хятадын бүсийн худалдааны мэрэгжилтэн
-          2009 Олон улсын Авто машины үзэсгэлэн худалдаа
-          2010- 2012 Inlingua хэлний сургууль
-          2012 Keller мастерийн их сургууль

Би М.Нямсүрэнтэй өнгөрсөн хавар Элчин Сайдын Яаман дээр оюутнуудтай уулзахдаа танилцсан юм. Вашингтон ДС-д оюутан залуусын клуб байгуулан ажиллах саналг тэрээр дэмжиж анхнаас нь бүх ажилд санаачлага гарган оролцож яваа. Аливаа ажил хэрэгт тууштай хэрнээ санаачлагатай оролцож, хүн бүхнийг уриалж, зохион байгуулж ажиллах чадвар нь надад ажиглагдсан л даа. Тэр чадвараараа надад ч нэг бус удаа тус дэм болж, намайг дэмжиж байдагт нь би түүнд талархдаг юм. Нэг удаа бид уулзаж ярилцаж суухад тэрээр гэнэт дараа жил Харвардад очиж суралцах болсон тухайгаа хэлэв. Бид ч багагүй гайхаж "чи яагаад энэ тухайгаа бидэнд өмнө ярьсангүй вэ?" гэсэнд тэрээр "энэ чинь бусдад гайхуулаад байх ч зүйл биш л дээ" гэж хариулсан юм даг. Түүнээс хойш л би түүнээр өөрийнх нь тухай яриулж, бидний ярианаас надад төрсөн сэтгэгдлээ бусадтай хуваалцах гэж энэ ярилцлагыг хийлээ.

DSC03590

                                                         Хоёр. Эмээ өвөөтэйгээ өссөн бага нас

-Г.Галбадрах:  Хаана төрж өсөв?

-М.Нямсүрэн:  Улаанбаатар хотод төрсөн.  Харин мэдээ орж дурсамж санахтай болсон газар бол Улиастайн ам.  Намайг 4 настай байхад  эмээ өвөө хоёр минь нүүж ирж Улиастайн аманд суурьшсан юм.  Ээж минь өөрөө бага залуу байхдаа намайг төрүүлсэн юм билээ.  Тэр үед хүн болгон нь амьдралд хөлөө олох гэж зүтгэж байхад, аав ээж хоёр минь бусдын жишгээр наймаанд явцгааж, завгүй болсон болохоор би үндсэндээ өвөө эмээ хоёр дээрээ ирсэн хэрэг.  Хүмүүс бага байхдаа ээжтэйгээ байсан үеэ ихэвчлэн санадаг бол би эмээ өвөөтэйгээ мөн өвөөгийн ээж болох эмэг эмээтэйгээ  өссөн үеэ л илүү санадаг юм.

-Г.Галбадрах:  Улиастайн аманд суурьшсан гэхээр эмээ өвөө хоёр тань малтай байж дээ?

-М.Нямсүрэн:  Тийм ээ, малтай байсан. Тэгээд намайг маш их ажилд сургасан даа.  "Ажил хийвэл ам тосдоно" гэдэг сургааль эмээгийн минь амны уншлага.  Хөдөөний хүүхэд яаж ажилд сурдаг билээ яг л түүн шиг намайг жижиг гэхгүй бүх л ажилд сургасан. Малд явна, аргал түүнэ, худгаас ус авна, за тэгээд гэрийн ажил барагдахгүй шүү дээ.  Эмээ маань бүх л зүйлийг зааж, үглэхээр надад их төвөгтэй санагддаг байж билээ.  Тэр жаахан ухаандаа хааяа эмээгээ тээршааж  "би ер нь өөрийнхөөрөө явж болох уу?" гэж хэгжүүрхэн бодно. Гэхдээ тэдний үгийг сөрж хэрхэн зүрхлэх билээ.

-Г.Галбадрах: Гэхдээ хөгшчүүдийн ухаан айхтар. Тэд  үр хүүхдүүдээ хэдийд юу гэж хэлж, яаж байлгахаа ч сайн мэднэ.

-М.Нямсүрэн:  Эмээ минь намайг чанга хатуу гараар өсгөсөн, ер нь хатуу талдаа.  Харин өвөө минь намайг их эрхлүүлнээ.  Би ойр зуурын ажилд сайн болсон болохоор, өвөө маань  хот руу явж ирэх болгондоо надад зайрмаг авчирч өгдөг. Орой хэрд өвөөгийнхөө ирэх цагаар харуулдаад суучихна. Өвөөгөө хармагцаа бөөн баяр, өвөөдөө гүйж очиж үнсүүлэнгээ "надад юу авчирсан бэ?" гэж шалгаана.  Эмээ чангалж, өвөө аргаддаг болохоор дотроо "эмээ бол муу хүн, өвөө бол сайн хүн" гэсэн бодолтой.  Заримдаа эмээдээ загнуулаад шарандаа гэрийн хаяанд суучихаад өвөөгөө ирэн иртэл тасралтгүй уйлдаг байж билээ.  Одоо бодоход дурсамжтай сайхан үе, жинхэнэ жаргалтай байсан юм шигээ.

-Г.Галбадрах:  Сайн өвөө эмээтэй байж дээ?

-М.Нямсүрэн: Тэд маань одоо ч Улиастайн амандаа байгаа. Өвөө минь жолооч байсан. Эмээ минь авто тээврийн баазад  ня-бо хийдэг байсан гэдэг.  Их ухаантай сайхан буурлууд. Одоо ч би Монголд очихоороо тэдэн дээрээ л хамгийн түрүүнд очдог юм. Би бас их азтай хүн.  Өвөөгийнхөө ээж болох миний эмэг эмээ, бид түүнийг Өвгөн ээж гэж дууддаг байсан.  Тэгэхээр би өөрөөсөө дээш гурав дахь үетэйгээ уулзаж байсан гэсэн үг.  Өвгөн ээжээсээ амьдарлын ухаан, мөн хүн хүндлэх ёс заншлийг өвлөж авч үлдсэн.

-Г.Галбадрах: Хотын ойрхон хэрнээ хөдөөгийн амьдралд өссөн гэхээр эрх танхи биш, хар бор амьдралд суралцаж дээ?

-М.Нямсүрэн:  Хожим өсч сургуульд суралцаж байхдаа зуны амралтаараа өвөө эмээ дээрээ очиж ажилд нь  тусална.  Хамгийн аз жаргалтай үе минь  тугалаа хариулж, үнээнийхээ сүүг зарах байлаа. Эмээ минь надад анхны тугалаа өгсөн юм. Тэд маань өсөөд би чинь одоо гурван ч үнээтэй болоод, эцэст нь зараад сургуульд явахдаа зардалдаа нэмэрлэсэн.  Үнээгээ саачихаад сүүг нь зарах гэж 2 км орчим алхаж орон сууцны  байрууд дээр очно. Очоод л "сүүгээ аваарай, сүүгээ аваарай" гээд орилж өгнө дөө.  Хүмүүс заримдаа "унтаж байхад орилоод" гээд л загнана. Би тоохгүй ээ.  Надтай хамт нэг эмээ сүүгээ зардаг байсан юм.  Эмээ хэзээний өөрийн гэсэн үйлчлүүлэгчтэй болохоор сүүгээ хурдан зараад, би  үлдчихнэ. Уг нь манай үнээний сүү их өтгөн, тослогтой.  Тэгээд л хүмүүсээс гүйна шүү дээ. "Та манай сүүг авчих л даа, их өтгөн тослог шүү" гээд л сурталчилна. Тэгсээр сүүлдээ нилээд олон үйлчлүүлэгчидтэй болж амжсан. Нөгөө эмээ минь надад жаахан дургүй.  Гэхдээ би өөрийн авчирсан сүүгээ зарчихаад эмээг сүүгээ зарахад нь тусалдаг  болсноор бид сүүлдээ сайн "найзууд" болсон л доо.

-Г.Галбадрах:  Сүүгээ зарчихаад хэрдээ баян болно биз?

-М.Нямсүрэн: Зөндөө мөнгөтэй, баян болно. Мөнгөө бусдаас нууж номны завсар хавчуулж хадгалдаг. Гол нь тэр мөнгөөрөө үнээнүүдийнхээ өвлийн тэжээлийг бэлтгэх гэж тэр шүү дээ.  Намайг мөнгөтэйг мэдмэгцээ ах эгч нар маань "зээлэх" гэж бөөн драм болно.  Заримдаа тэднийг "Энэ чинь үнээнүүдийн тэжээл авах мөнгө, та нар өөрсдөө мөнгөө олохгүй юу? Энэ хэдэн үнээний буянгаар та нар гэдэс цатгалан явдаг биз дээ?" гэж шүүмжилж байгаад л зодуулна. "Хар багаасаа яасан  их үгтэй юм бэ? чи" гээд л авч өгнө шүү дээ. "Та нар насанд хүрсэн ажил хийх боломжтой, би насанд хүрсэнч болоосой” үгэлдэг байсан юм.  Хөгжилтэй ч байж дээ. Хожим олон жилийн хойно ч мөнөөх номны завсраас мөнгө гарч ирж байсан удаатай.

                                                         Гурав: Хор шар буцалсан сургуулийн жилүүд

-Г.Галбадрах:  Сургуульд хаана оров?

-М.Нямсүрэн:  1-р ангидаа Сансарын 48-р сургуульд оров. Улиастайгаар Сансар руу автобусаар хичээлдээ явдаг .  Анх сургуульд ороход өвөө хүргэж өгсөн юм. Тэгээд түүнээс хойш ганцаараа л явдаг болсон.  Хичээлээсээ хоцрохгүйн тулд өглөө 5 цагт босно.  8 цагт хичээлдээ  амжиж очихын тулд шүү дээ. Автобусны буудал хүртэл нилээд зайтай, бас харанхуй болохоор хэрдээ л айдаг. Айдсаа дарахын тулд хангинатал дуулна. Дуу дуулахаар айдас намжих шиг болдог сон.  Нэг удаа хичээлээсээ хоцроод багшдаа загнуулснаас хойш бүр ч эрт  босдог болсон.  Энэ  үеэс л би цаг барих гэдгийг сурсан даа. Цагтаа очихын тулд бүх л зүйлээ урьдчилан сайн тооцоолдог  болсон гэсэн үг. Одоо ч энэ хэвшил миний амьдралд хэрэг болж байгаа.
-Г.Галбадрах: Заримдаа "Яагаад би ганцаараа ингэж явдаг юм бол?" гэж бодож байв уу?

-М.Нямсүрэн:  Би ер нь багаасаа л бусдад тээр болохыг хүсдэггүй байсан юм . Өөрөө л бүх юмаа хийх ёстой гэж бодно.  Бусад хүүхдүүд хичээлдээ аав ээж, эмээ өвөөгөөрөө хүргүүлж ирж байхад, би дотроо  "би ингэж л явах ёстой" гэдэг хатуу бодолтой байсан.  Нэг удаа ангийн багш минь өвөө эмээтэй уулзах гэж надтай хамтад  Улиастай руу автобусаар явж байхдаа гайхаж байсан.  Багш минь надаас "чи ингэж явахдаа айдаггүй юм уу?" гэж асуухад нь  "би айхаараа дуу дуулдаг юм" гэж хариулж байсан юм даг.  Энэ бүхэн "би бүх зүйлээ  бусдад найдалгүйгээр өөрөө шийдэж, өөрөө л хийж байх ёстой" гэсэн итгэл үнэмшилд сургасан юм даа.

-Г.Галбадрах: Магадгүй ийм амьдрал заримдаа хүүхдийг багаасаа хэрсүү, биеэ дааж сурахад нөлөөлдөг байж болох юм.

-М.Нямсүрэн:  2-р ангиасаа аав ээжтэйгээ хамт хөдөө амьдрахаар боллоо.  Бид  Баянхонгор аймаг руу нүүж, тэнд 3 жил амьдарсан юм.  Би дороо 2 дүүтэй.  Нэг маань миний дараагийн ангид суралцаж, бага дүү минь ой гарантай л байсан.  Аав ээж хоёр минь хөдөө сумууд руу явж ажилладаг.  Би хоёр дүүтэйгээ л үлдэнэ.  Ээж  хөдөө явахдаа дэвтэр дээр бүх зүйлийг бичиж, мөнгөний хамт үлдээнэ.  Өглөө хичээлдээ явахдаа бага дүүгээ цэцэрлэгт хүргэж өгөөд, орой цэцэрлэг тарахаар очиж авна.  Жаахан байсан болохоор хэрдээ айх боловч хоёр дүүдээ айж байгаагаа мэдэгдэхгүйг хичээнэ.  Ээжийн үлдээсэн мөнгийг юунд хэрхэн зарцуулснаа нэгд нэгэнгүй бичиж тэмдэглэдэг. Дараа нь ээж бүх тооцоог шалгаж үзнэ.  Энэ 3 жилд би жинхэнээр тооцоонд суралцсан даа. Нэг ширхэг бохь авсан ч заавал  бичиж тэмдэглэдэг байж билээ. Эндээс л миний бусдыг захирах, уриалан дуудах замнал  эхэлсэн гэж боддог.

-Г.Галбадрах:  Бас хажуугаар нь хичээлээ хийнэ?

-М.Нямсүрэн:  Баянхонгорт эхлээд 1-р 10 жилийн сургуульд суралцаж байгаад дараа нь хувийн "Талст" гэдэг нэртэй сургуульд суралцсан.  Сургуульдаа болохоор "хотоос ирсэн хүүхэд мундаг" гэж харуулахыг хүсдэг.  Хичээлээ их ч давтана.  Хотоос ирсэн мундаг хүүхэд гэхээсээ олны анхаарлын төвд байхыг их ч хүснэ. Одоо бодоход тэр хүсэл минь гэртээ аав ээжийнхээ анхаарлын төвд байгаагүйнх юм шиг билээ.  Аав ээж минь бусад найз нарынхаа хүүхдүүдийг магтахаар дотроо шар хөдөлж, "би яагаад тийм байж чадахгүй гэж?" гэж бодно.  Тэгээд л чадах гэж мэрийдэг. Их ч шаралхуу хүүхэд байсан юм шиг байгаа юм.

-Г.Галбадрах: Хүүхэд насны бусдын анхаарлын төвд байх хүслийг анзаарч  мэдрээгүйгээс л томчууд бид их алддаг юм шиг.

-М.Нямсүрэн: 3 жилийн дараа манайх Баянхонгороос нүүж Улаанбаатарт буцаж ирээд  1-р хороололд 1 өрөө байртай болоход бид учиргүй их баярлаж байж билээ. Аав ээж хоёр минь наймаа хийж  олсон мөнгөөрөө авсан энэ байраа хожим нь 2 өрөө болгон томсогосон юм даг.  Бид өөрийн гэсэн байртай болно гэдэг тэр үедээ их л том боломж болж байв. Ээжийн минь олон жил зүтгэсэн хүсэл мөрөөдөл энэ байсан байх.  1-р хорооллын 82-р сургуулийн 6-Г ангид орж байхдаа их л гайхаж байсан сан. Дандаа л "А", "Б" ангиудад сурч байсан хүүхэд чинь гэнэтхэн "Г" ангид орохоороо гайхаж байгаа хэрэг.   Бараг л "муу анги нь юм болов уу?" гэж хардсан байх.

-Г.Галбадрах: Хөдөөнөөс хотод ирж сурч байгаа хүүхэд?

-М.Нямсүрэн: Уг нь би чинь хотын хүүхэд, хөдөө очиж сурч байгаад хотдоо эргэж ирж байгаа хэрэг шүү дээ. Гэтэл ангийнхан минь намайг "хотын хүүхэд" гэж огт хүлээж авдаггүй, "хөдөөний хүүхэд" л гэнэ.  Эндээс л хот хөдөөний ялгааг мэдэрч байгаа юм. Тэд намайг огт тоохгүй, хэрдээ дорд үзэх хандлагатай.  Багш нар хүртэл "хөдөөний хүүхдүүд сурлага муутай" гэж ярилцахыг сонсоод "онц л сурах хэрэгтэй юм байна" гэж бодсон.  Би англи хэлэндээ сайн, тоондоо муу.  Гэтэл тоондоо сайн хүүхдийг англи хэлэнд муу байсан  ч  "онц" тавиад, англи хэлэндээ сайн хүүхдийг тоондоо  муу байхад  "муу" л тавих жишээтэй.  Тэгээд л хичээж эхэлсэн.  Бас ангидаа "гоц" байхыг хүсэв. Огт авьяасгүй хэрнээ бүх л юманд оролцоно. Ямар сайндаа ангийнхаа  урлагийн үзлэгийн 11 номерын 7 д нь би гарч  байхав дээ.  Багш нар ч битүүхэндээ миний идэвхийг анзаарч дэмжих болсон.  Ангийнхныгаа их шүүмжилнэ.  "Хичээхгүй, идэвхгүй байна" гээд л авч өгнө шүү дээ. Өөрөө болохоор бөөн идэвхи. Яагаад гэхээр гоц хүүхэд биш байсанч , хүсэл зорилгоор , өөрийн хүчин чармайлтаар бусдад нөлөөлж болохыг мэдэж авсан.

-Г.Галбадрах:  Ангид нэг идэвхитэй хүүхэд байхад багш нь  аль болохоор дэмжихийг хичээдэг. Хичнээн амаргүй байлаа ч бусдад нөлөөлөх нөлөөлөл нь аажим аажмаар нэмэгдэг талтай.

-М.Нямсүрэн:  Нэг удаа  "Байгаль орчинд хүүхэд бидний оролцоо" сэдэвтэй илтгэлийн уралдаан зарлагдаж, ангийн багш минь намайг оролцохыг даалгалаа. Их л хариуцлагатай үүрэг хүлээсэн хүн чинь   яаж хийхээ удаан бодлоо.  Өөрөө болохоор тэр талаар юу ч мэдэхгүй.  Тэгээд БОХЯ  \Байгаль Орчныг Хамгаалах Яам\-дээр очоод суучихлаа. Мэргэжлийн хүнээс зөвлөлгөө авах гэсэн хэрэг шүү дээ.  Яамны жижүүр нь оруулсангүй.  Гэртээ буцаж ирээд шөнөжингөө л "Яамны жижүүрт юу гэж хэлбэл оруулах бол?" гэж бодож зөндөө л бэлтгэж байгаа юм.  Маргааш нь хичээлээ тарж ирээд л Яаман дээр очиж жижүүрээс нь гуйлаа. Одоо бодоход их "том том" юм ярьсан байх. Жижүүр нь орууллаа. Хэнтэй уулзахаа мэдэхгүй өрөө өрөө шагайгаад л яваад байх. Намайг тоодог хүн байдаггүй ээ. Тэгж тэгж хамгийн захын өрөөг шагайгаад ажлаа хийж суусан нэг ахад хамаг учраа тоочив. Гэтэл тэр ах уриалгахан нь аргагүй намайг оруулж "яасан сайн хүүхэд вэ?" гэсээр номын сангаасаа 4 ном авч өглөө.  Баярласандаа тэр номнуудыг хоёр 7 хоногт уншиж дуусгав.

-Г.Галбадрах: Энэ маш хөөрхөн түүх байнаа.

-М.Нямсүрэн:  Тэр номнуудыг уншаад ой модыг хугалж болохгүй, хамгаалж байх ёстой юм байна гэдгийг л маш сайн ойлголоо.  Илтгэлээ тавихдаа гаднаа ихэд сандарч байсан ч түүнээ мэдэгдэхгүйг хичээн хэрдээ л нүүрэмгий байсан нь олон юманд тусалсан. Илтгэл тавьсан 10 хүүхдээс 3 нь шалгарах байсан юм. Гэхдээ оролцох хүүхдийг  6-р анги гэж заагаагүй байсан л даа.  Дүн гарахад 2-р байранд орсноо мэдээд хичнээн их баярласан гээч. Энд шалгарсан 3 хүүхэд дүүрэгт оролцох болов.  Яаман дээр нөгөө ах дээрээ очиж 4 номоо буцааж өгөнгөө  2-р байр эзэлснээ дуулгаад,  дүүргийн уралдаанд оролцохын тулд  дахиад 2 ном авлаа. Энэ удаад зөвхөн илтгэлээ л явуулах байсан л даа. Нилээд сайн бэлтгэж байгаад илтгэлээ явуулав. Бараг сарын дараа дүн гарч 2-р байранд орсноо мэдсэн.  Дараа нь Улсад оролцох ёстой байсан.  Харамсалтай нь Улсад оролцох миний материал  "алга болчихсон" гэсэн.  Гэхдээ би эндээс маш их зүйлийг ойлгосон.  "Хүн хичээвэл юуг ч хийж чадах юм байна" гэдгийг. Энэ л надад том "олз" байлаа.

-Г.Галбадрах: Тийм ээ, энэ бол хүүхдийн өөртөө итгэлтэй болохын эхлэл нь болдог.

-М.Нямсүрэн: 7-р ангиа төгсөхөд аав ээж 2 минь намайг "Монгени"-д орууллаа.  Энд орох болсон шалтгаан нь эцэг эхчүүдийн нууцхан өрсөлдөөнөөс үүдэлтэй.  Наймаанд явж байгаа эцэг эхчүүд хүүхдээ хаана, ямар сургуульд сургаж байгаагаараа бие биедээ гайхуулдаг юм билээ. Төлбөр өндөртэй,  чанартай сургууль "моод"-онд орж байсан хэрэг.  Нөгөө талаар мөнгө олж байгаа хэрээрээ хүүхдүүдийнхээ ирээдүйд анхаарч эхэлсэний илрэл байх.  Би тэр үед ер нь өөртөө итгэлгүй байсан л даа.  Ээж минь сайхан сэтгэлтэй хэрнээ , их ч ширүүн ханддаг байж. Тэр болгонд л  "яанаа би зөв юм хийсэн болов уу? буруу юм хийсэн болов уу?" гэж өөртөө эргэлзэнэ, бас айна.  "Монгени" -д ороод анхнаасаа л хичээж эхэлсэн.  Ихэнх нь боломжтой айлын хүүхдүүд болохоор хэрдээ зиндаархуу.  Өмсөж зүүснээрээ, эдэлж хэрэглэж байгаагаараа, хэлж ярьж байгаагаараа  ялгарч найзалдаг.  Хүүхдүүд их л гоё чамин юм хэрэглэх мөртлөө "онц" сурдаггүй, сурахыг ч тэгтлээ хичээхгүй.
Би энд хүүхдүүдээр "өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй " гэдгийг ойлгож байв. Заримдаа хэн нэгэн охинд хатуу үг хэлснийхээ төлөө "дарамтлуулах" үе ч байсан. Тэр болгоныг ээж аавдаа хэлэхгүй, өөрөө л давж гарах хэрэгтэй болно.  Гэхдээ л зүтгэж байлаа. Монгол бичгийн хичээлээр багаар уралдахад хүүхдүүдээ зохион байгуулж багаараа 2-р байр эзэлж байв. Хүүхдүүд ч аажим аажмаар намайг ойлгож эхэлж байсан. Ангидаа ч дасч эхэлсэн.

-Г.Галбадрах:  Мэдээж "өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх"-ийн тулд тэднээс илүү сурах хэрэгтэй болдог.

-М.Нямсүрэн:  Би математикийн хичээлдээ ерөөсөө ч сайжирдаггүй.  Хичээгээд байхад ч "чи чаднаа" гэж хэлж, урамшуулж  байсан багш байгаагүй юм даг. Нэг удаа аав минь сургууль дээр ирж зарим багш нартай уулзсан. Тэгээд дараа нь надтай ярилцаад Хөвсгөлийн Магсаржав гэдэг математикийн багшид хувиараа хичээл заалгахаар боллоо.  Магсаржав багш намайг юун дээр алдаад байгааг анзаарч мэдээд , өөрийнхөө аргаар сургаж ердөө л 2 сарын дотор эрс өөрчилсөн дөө.  Яг үнэндээ суурь мэдлэгээ бүрэн олж аваагүй л бол дараа нь хичнээн хичээгээд ч нэмэргүй гэдгийг ойлгосон.  Үнэхээр мундаг багш. Өмнө нь надаас "С", "Д" авах бодлого авах уу? гэж асуудаг байсан математикийн багш маань надаас "В" авах бодлого авах уу? гэж асууж байсан гээд бод доо.

-Г.Галбадрах: Тийм ээ, үнэхээр сайн багш хүүхдүүдийг өөрчилж чаддаг, тэр хэрээрээ дагуулж ч чаддаг.

-М.Нямсүрэн: 7,8-р ангидаа "Монгени"-д суралцсан би, Магсаржав багшийг "Цагаан-Уул" нэртэй хувийн сургууль байгуулахад нь тэнд нь орж суралцлаа. Бас л шинэ орчин. Тэнд бас "гоцлох хэрэгтэй".  Математикийн хичээлд сайжирсан урмандаа өглөөний 7 цагаас оройн 7 цаг хүртэл сургууль дээр сууж хичээлээ давтдаг байв.  Жил болгон явагддаг дүүргийн математикийн олимпиадад оролцлоо. 10-р ангийн бодлогод алт мөнгөн медаль авсан хүүхэд байгаагүй.  Харин намайг хүрэл медаль авсныг дуулгаад захирал баяр хүргэсэн юм.  Энэ бол миний хувьд огцом өөрчлөлт байлаа. Бүгдээрээ л бөөн баяр болцгоож  өвөө эмээ минь хүртэл ирж  бяцхан "найр" болсон юм даг.  Энэ болгонд би бага багаар өөртөө итгэлтэй болж байв.

-Г.Галбадрах: Өөрийгөө ялахад хичээл зүтгэл л хамгийн их тус болдог. Магадгүй заримдаа олон зүйлээс "татгалзах" хэрэгтэй болох нь бий.

-М.Нямсүрэн:  10-р ангидаа ороод ёстой л "бужигнуулсан" даа.  Хүүхдүүд 10-р ангид орохоороо өөрсдийгөө  "том хүн" болж харагдуулахыг хүсэцгээдэг. Тамхи татаж, хааяа наргиж цэнгэнгээ ууцгааж, хамтдаа зугаалж шоудна.  Тэр болгоноос татгалзаж үлдэнэ. Найзууд минь  намайг " хэнхэг" гэж нэрлэн, хааяадаа тоглоом шоглоомоор "чи ч юманд хүрнэ шүү" гэж хэлдэг байв. Тэр жил их ч хичээсэн. Гэртээ ч байхгүй шахам. Дүү минь л гэрийн бүх ажлаа хийдэг байж дээ.

-Г.Галбадрах: Сургууль төгсөх гэж байгаа болохоор хичээх хэрэгтэй болсон байх. Бас мэргэжлээ сонгох гэдэг амаргүй асуудал бий.

-М.Нямсүрэн:  Би эдийн засгаар суралцах сонирхолтой  байсан болохоор энэ тухайгаа багшдаа хэлбэл "чи нийгмийн идэвхи сайтай хүүхэд, алсдаа улстөрөөр явбал амжилтад хүрч магадгүй" гэж зөвлөлөө.  Харин аав минь болохоор "эмэгтэй хүн улстөрөөр яаваад ч дэмий дээ" гэсэн л дээ. Би ч дотроо гомдож л байв. "Яагаад эмэгтэй хүн гэхээрээ л ямар нэгэн хоригтой тулж байх ёстой юм бэ?" гэж бодож шаралхаж байсан л даа.

-Г.Галбадрах: Тэгээд элсэлтийн шалгалтаа яаж өгөв?

-М.Нямсүрэн:  СЭЗДС-д шалгалт өгөөд оноо дутаад орж чадаагүй. Шалгалтанд орох өглөө нь халуурч байсан юм. Намайг сургуульдаа орж чадаагүйд ээж минь бөөн бухимдал. Намайг ч зэмлээд, аав руу ч утасдаад. Тэр үед л  "үүр хүүхэд нь муу явбал аав ээжид нь хамгийн хэцүү байх юм даа" гэж бодож байсан шүү.  Бас л бөөн асуудал болж аав минь хөөцөлдөж байж  СЭЗДС-д  оруулахаар боллоо.  Нэгэнт өөрөө шалгалтыг нь өгөөд тэнцэж чадаагүй байж, бусдад төвөг удан байж  тэр сургуульдаа орно гэдэг миний хувьд ичгэвтэр л байсан л даа.  Гэтэл нэг өглөө аав ээж 2 минь намайг дуудаад "Чи Хятадад сурах юм уу?" гэж асуулаа.  Би ямар ч эргэлзэх зүйлгүйгээр "тэгье" гэж дуу алдсан.  Тэгээд л 17 насандаа Шанхайн Их Сургуульд суралцахаар явлаа. Өөрийгөө хэзээ ч "жаахан" гэж бодож, голж  болохгүй. Намайг жаахан байхад ингэж бодох завгүй ачаалалтай өсгөсөн юм даа.

                                                     Дөрөв. Шанхайд би өөрийгөө л нээсэн.

-Г.Галбадрах: Гэнэтийн сонголт болжээ.

-М.Нямсүрэн: Шанхай явах гээд вагонд орсон чинь надтай хамт 3 охин явж байлаа. Гэрээсээ гарч яваа болохоор гурвуулаа уйлчихсан. Би болохоор "хол газар явж байна, зөндөө олон гоё юм узнэ" гэсэн хөөрүүдүү бодолтой.  Намайг үдэхдээ эмээ минь "Хүний нутагт эрдэм сурна гэдэг сайхан. Одоо бол чамайг Нямсүрэн гэж дуудахгүй,  Монгол гэж л дуудна, хичээгээрэй" гэж захиж билээ.

-Г.Галбадрах:  Мэдээж зорилготой очиж байгаа болохоор хичээсэн байх.

-М.Нямсүрэн:  Шанхайн Их Сургуульд орсон л доо.Эхний жил амаргүй байсан. Юу ч ойлгохгүй байгаа хэрнээ ойлгож байгаа дүр үзүүлнэ.  Гэхдээ хичээж байв.  Үндсэндээ эхний 3 жил нилээд гүрийсэн.  Харин сүүлийн 2 жил арай амар, бас хөгжилтэй өнгөрүүлсэн дээ.  Сүүлийн 2 жилд франц оюутнуудтай их найзаллаа.  Тэдэнтэй найзалснаар Европын талаар болон тэдний сонирхол, хандлагыг нилээд мэдэх болов.  Тэд их энгийн байдаг нь надад таалагдаж байсан.
Монгол оюутнууд янз янз л даа. Зарим нь их л хичээж суралцдаг. Мөнгөтэй боломжтой айлын хүүхдүүд болохоор бие амар байж, өөрийгөө зовоохыг хүсдэггүй нь ажиглагдаж байсан л даа. Тэр хэрээрээ тэд өөртөө итгэдэггүй. Энд бас л миний ахлах сургуулийнх шиг  зиндаархаж, баян чинээлэгээрээ нийлж ууж идэж наргих нь элбэг. Хэн юу хийж байгаа нь тэгтлээ мэдэгдэхгүй, хичээж зүтгэж байгаа нь ч анзаарагддагүй.

-Г.Галбадрах: Сургалтын төлбөр, ойр зуурын хэрэгцээний мөнгө гээд амаргүй байсан байх.

-М.Нямсүрэн:  Мэдээж аав ээжийнхээ мөнгөөр сурч байгаа болохоор хэмнэлгүй яахав. Аль болохоор тэднийхээ сэтгэлийг зовоохгүйг хичээнэ.  Утсаар ярих болгонд нь  "зүгээр ээ, санаа зоволтгүй, болж байна" гэнэ.  Авчирсан жаахан борц, хүнсээ хэрдээ гамнаж, хүргэхийг л хичээдэг байв. Гэсэн хэрнээ амаргүй.  Сурахын хажуугаар ажил олоод хийчих санаатай. Гэтэл найзууд маань  "Хятадад монгол оюутан ажил олж хийнэ гэж ёстой байхгүй дээ" гэцгээнэ.  "Яагаад болохгүй гэж, та нар харж байгаарай, би заавал ажил олж хийнэ" гэж ам гарсан.  Ажил олж хийх боломжийг хайж судалж байв.  4 дахь жилийн хавраас  дадлага хийх газраа хайж эхэллээ. Манай ангид нэг солонгос охин сурдаг байсан юм. Тэрээр нэг удаа ахтайгаа очиж уулзахаар явахдаа намайг хань татлаа. Тэр охины ах нь автомашины шил арчигч үйлдвэрлэдэг компанитай. Ахтай нь англиар ярилцахдаа ажил хайж байгаа тухайгаа ч учирлаж амжсан. Нилээд хугацааны дараа тэр компаниас Олон Улсын автомашины үзэсгэлэн дээр хэлмэрч тайлбарлагчаар ажиллуулах санал ирсэн. Мэдээж би ч уухайн тас л зөвшөөрсөн.

-Г.Галбадрах: Энэ ямар үзэсгэлэн байсан юм бэ?

-М.Нямсүрэн: 2010 онд Шанхайд  Олон Улсын автомашины EXPO  үзэсгэлэн болсон юм.   Тэр компани маань ADM 21 Co Ltd  нэртэй автомашины шил арчигч үйлдвэрлэдэг 3 том үйлдвэртэй  компани байсан.  Тэр үзэсгэлэн дээр хэлмэрч, тайлбарлагчаар  8 хоног ажиллахдаа олон улсын хэмжээнд  хүмүүстэй хэрхэн танилцаж, яаж харилцахыг сурсан.  Үзэсгэлэнгийн 4 билетээ найз нартаа өгч тэднийг үзэсгэлэн дээр дагуулж ирж үзүүлэв. Найз нартаа төдийгүй өөр бусад оюутнуудад мөн өөртөө “Хүн хүсвэл биелдэг ” гэдгийг 2 дахь удаагаа баталсан юм.  Энэ үзэсгэлэнгээс хойш тэр компаниас,  компанидаа ажиллах санал хүлээж авсан. Тэдэнтэй бага хугацаанд ч хамтран ажиллаж байсандаа би баяртай байгаа.

-Г.Галбадрах: Шанхайд суралцаж байхдаа нийгмийн идэвхээ орхиогүй биз дээ?

-М.Нямсүрэн: Шанхайд анх ирэхдээ  "Би ямархуу орон зайд хэн байх вэ?" гэдгээ л бодож эхэлсэн.  Нөгөө талаасаа  "би" гэхээсээ илүүтэй "Монгол" гэдэг нэрийг гаргахыг хүссэн.  Шанхайд би "онц сурлагатан" байгаагүй.  Гэхдээ хийх ёстой зүйлээ л хийж байв.  Хийхдээ, сайн хийж байсан. Хичээлээсээ гадна нийгмийн хэмжээний олон ажилд амжилтай оролцож байлаа.  Жишээ нь:
- 2009 онд Шанхай дахь олон улсын оюутнуудын  дунд явагдсан ширээний теннисний тэмцээнд  4-р байр эзэлсэн.
-2009 онд оюутнуудын дунд зарласан тэтгэлгийн уралдаанд оролцож 7000 юаны тэтгэлэг авч байв. Энэ тэтгэлгийг нийтдээ 3 оюутан авсан юм.
-2010 онд Шанхайд болсон дэлхийн EXPO-д бүх орны оюутнуудын оролцсон найрал дуунд сургуулиа төлөөлж группээрээ оролцож байв. Энд монгол үндэсний хувцастай оролцсон юм.
 Томхон нь энэ, жижиг жижиг олон арга хэмжээг санаачилж оролцож байсан. Энэ бүхэн минь  энэ оронд  Монгол гэсэн нэрээ гаргах, монголчууд мундаг гэдгийг харуулах  хүсэлтэй минь л холбогдож байсан. "Хүний нутагт нэрээ хичээж явах нь зүйтэй" гэж боддог, яагаад гэвэл би чинь Монголд үйлдвэрлэгдсэн шүү дээ.

-Г.Галбадрах: Сайн байна шүү.

-М.Нямсүрэн: Сургуулиа төгсөхдөө монгол оюутны хувьд 4 удаа урамшуулал авах гэж индэр дээр 80 орны оюутаны өмнө гарсан. Эхлээд сургууль төгссөн дипломоо авах гэж, дараа нь Сургуулийн захиргааны "баярын бичиг" авах гэж, тэгээд мөнгөн шагнал, хамгийн сүүлд нь сургуульдаа "мастерт" Шанхайн ЗГ-ын тэтгэлгээр сурах эрхийн бичиг авах гэж.  Энэ бүхэнд монгол хүний үнэ цэнэ, чадварыг харуулж чадлаа гэж хожим нь өөртөө баярласан.

-Г.Галбадрах: Сургуульдаа ЗГ-ын тэтгэлгээр "мастер"-т сурах эрх авсан гэдэг тань сонирхолтой байна.

-М.Нямсүрэн: Сургуулиа төгсөхөөс өмнө Шанхайн ИС даа  ЗГ-ын тэтгэлгээр "мастер"-т сурах хүсэлт гаргаж өргөдлөө явуулсан юм.  Энэ өргөдөлдөө хичээлийн дүнгүүдээсээ гадна, би энд  суралцах хугацаандаа "хэр их бүтээлч байсан бэ?" гэдгээ л нотолж бичсэн юм. Харин сургуулиа төгсөх үед надад зөвшөөрсөн хариу ирсэн . Түүнийг төгсөлтийн ёслол дээр надад гардуулж өгсөн юм.

-Г.Галбадрах: Тэгээд яагаад энэ боломжоо ашиглаагүй юм бэ? гэдгийг тань гайхаж байна?

-М.Нямсүрэн: Би бага наснаасаа өөрөө хичээж  зүтгэж байж олдсон боломжоосоо  илүү боломж руу тэмүүлж байжээ. Одоо ч тэр хэвээрээ.  Хүн өөрийгөө голохгүйгээр  хүсч мөрөөдөж, түүн рүүгээ тэмүүлж чадвал  ямар их хол явж чаддаг юм бэ? гэдгийг л харуулж нотлохыг хүсч байгаа.  Одоо ч би нас залуу байна. Миний ирээдүй өмнө минь байгаа. Би яагаад нэг боломж дээрээ сэтгэл ханаад зогсох ёстой гэж? "Хэзээ нэгэн цагт өөрийн хүсэл мөрөөдлийнхөө оргил дээр гарч зогсох л болно" гэж ямагт өөртөө хэлдэг. Одоо ч гэсэн өмнөө байгаа маш олон боломжуудыг харж байна.
Шанхайд аав ээжээсээ хол байхад амьдарлын минь чиглүүлэгч нь ном, найз нөхөд мөн бусад хүмүүсийн амьдралын алдаж , оносон туршлагаас суралцсан минь байлаа.

-Г.Галбадрах: Тэгэхээр боломж руу тэмүүлсэн дараагийн алхам тань Америк байжээ гэж таалаа, тийм үү?

-М.Нямсүрэн: Сургуулиа төгсөөд Монголдоо очоод байж байхдаа Америк руу явуулах боломжтой гэсэн сургалтын төвд бүртгүүлсэн юм. Тэр үед надад мөнгө байгаагүй болохоор Америк явна гэдэг их л холын мөрөөдөл мэт санагдаж байсан. Яагаад ч юм бэ? Америк руу зөвхөн мөнгөтэй, боломжтой айлын хүүхдүүд л явдаг гэсэн таамаглал байсан. Гэхдээ "юмыг яаж мэдэх вэ?" гэж бодсон хэрэг гэх үү дээ. Ээж минь намайг ятгаж байснаас гадна, ажиллаж байсан компаны захирал "Хэрэв чи мастерт сурах боломж олдвол Америкт илүү дээр шүү" гэж зөвлөж байсан нь ч нөлөөлсөн.  Гэтэл АНУ-д мастерт сурах боломж олдлоо.  Тэгэхэд л би өөртөө олдсон бүх боломжоо орхиод л наашаа зүтгэсэн. Ээж минь намайг зорилгод минь хүргэхийн төлөө өөрөө автобусны мөнгөгүй үлдсэн дээ.

                                     Тав. Америк бол миний  хувьд боломж руу тэмүүлсэн  орон

-Г.Галбадрах: Америкт ирсэн анхны сэтгэгдэл тань?

-М.Нямсүрэн:  2010 оны 9 сарын 23 нд АНУ-д хөл тавьсан юм байна.  Яг үнэндээ энд ирээд шууд шоконд орсон. Шанхай бол их өндөр өндөр барилгуудтай, цэвэрхэн цэмцгэр хот.  Америкийг түүнээс илүү  том сайхан хотуудтай гэж төсөөлж байснаас шал өөр байлаа.  Хамгийн хэцүү зүйл нь ганцаардал байлаа. Миний амьдрал үндсэндээ газар доорх гэмээр метрогоор хязгаарлагдаж байв. Гэр-метро-сургууль-гэр. Анхандаа шантарч байсан шүү. Гэхдээ буцах аргагүй.  "Хөлөө л олох хэрэгтэй" гэж өөртөө хэлж байв. Мэдээж амжиргааны өртгөө залгуулахын тулд ажил олж хийлээ. Одоо бол нэг үеэ бодвол аргаа олж дасч байнаа.

-Г.Галбадрах: Ямар сургуульд суралцав даа?

-М.Нямсүрэн: Би эхлээд  Анандальд байдаг Northern Virjina-гийн хэлний сургуульд ирсэн юм.  Энэ сургууль маань ихэвчлэн солонгос багштай. Нэг л биш ээ. Мөнгө , цагаа энэ сургуульд үрэх нь хайран байлаа. Тэгээд  судалж байгаад Инлингуагийн хэлний сургууль руу шилжлээ.  Тэнд  жил хагас сурахдаа нилээд сайн сурсан.  2 дахь жилээсээ "мастер"-т сурах сургуулиа сонгосон.  Энэ бол одоо миний суралцаж байгаа Keller Graduate Management University. Их л олон сургуулиудыг  судалсан боловч энэ сургууль маань зардал нь арай хямд байсан гэх үү дээ.  Судалж байгаад АНУ-ын гайгүй гэсэн хэд хэдэн том сургуулиуд руу өөрийнхөө материалуудаа явуулсан л даа. Жорж Вашингтоны ИС, Мариландын ИС,  Харвардын ИС гэхчилэн. Тэр сургуулиудын төлбөр нь дэндүү үнэтэй байв.  Гэхдээ эндээ боломжийн хэрээр сурч л байна. Ирэх жилийн 9 сард энэ сургуулиа төгсөнө.

-Г.Галбадрах: Харвардын Их Сургуульд материалаа явуулж  тэнцээд, сурах боломжтой болсон тухай чинь сонирхож байна л даа?

-М.Нямсүрэн:  Харвардад өөрийн материалаа явуулахаар бодож байхдаа  "бүтэхгүй л байх даа, тэглээ гээд надад алдах зүйлгүй юм чинь үзээд алдья" гэж бодсон. Харвардын ИС-ийн Leadership хөтөлбөрт материалаа явуулахдаа, өөрийн хүсэж зорьж байгаа зүйлээ л маш тодорхой гаргасан.  Би өөрийн хүсч зорьж байгаа зүйлийнхээ төлөө өмнө нь юу хийж чадсан юм бэ, цаашид би юу хийхийг хүсч байгаа болон юу хийж чадах тухайгаа л илүү сайнаар илэрхийлсэн юм.  Харин тэд маш сайнаар хүлээж авсан шүү.  2012 оны 4 сард Харвардаас  суралцахыг зөвшөөрсөн хариу ирэхэд нь хичнээн их баярласан гээч.  Энэ тухайгаа ээждээ дуулгасан чинь "ээж нь чамайг их мөнгөтэй баян явж байна гэж баярлахаас илүүтэй бусдын төлөө хэрэгтэй зүйл хийж, сайхан сэтгэлийн тус болж яаваад чинь л илүү баярлах болно шүү" гэж хэлсэн. Энэ үг надад их юм бодогдуулсан даа.

-Г.Галбадрах: Харвард бол дэлхийн хэмжээний боловсролын бренд.  Хүссэн хүн болгон орж суралцах боломжгүй. Нөгөө талаар амжилтад хүрэхийг зорьсон хүн болгоны мөрөөдлийн зогсоол. Тэгэхээр энэ сургууль  чиний ямар тодорхойлолтыг онцолж үзсэн юм бол?

-М.Нямсүрэн: Би дунд  сургуульд суралцаж байхаасаа л нийгмийн чиг хандлагатай маш олон ажилд оролцож байлаа. Тэр үеийн ХЭХТ \Хүүхдийн Эрхийг Хамгаалах Төв\-д гишүүнээр элсэж олон ч ажилд нь оролцож байв. Сургууль дээрээ ХЭХ клуб байгуулан удирдаж ажиллаж байлаа. Тэр жил ЗГ-ын ордонд болсон "Хүүхдийн дуу хоолой"  нэртэй уулзалт арга хэмжээнд оролцож байсан гээд тоочвол зөндөө л ажил бий. Энэ үеэс л хүмүүсийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд туслах ажил хийхийг хичээдэг болсон. Хэн нэгэнд хүргэж байгаа жижигхэн ч гэсэн тус нийгмийн амьдралыг, хүмүүсийн сэтгэл зүрхийг дулаан болгодог.
Оюутан болсон хойноо ч ийм ажлуудыг орхиогүй. Хүн болгон л оюутны амьдралыг туулдаг. Гэсэн хэрнээ "оюутнууд юу хийж чадах юм бэ?" гэж бодоцгоодог. Хэрэв хүн ямар нэгэн ажлыг хийхийг хүссэн л бол заавал биелдэг. Өнгөрсөн жил Монголдоо  хүүхдэд туслах "Нямжаргал" нэртэй сан байгууллаа. Энэ миний бага дүүгийн нэр л дээ. Өвөл Монголдоо очихдоо Нийслэлийн 25-р тусгай сургууль дээр очсон юм.  Улс анхаарах ёстой газар бол энэ юм билээ.  Мэдрэлийн болон хөгжлийн бэрхшээлтэй болсон нь тэдний буруу биш шүү дээ. Тэгээд л тэдэнд туслахаар шийдэж энэ сургуулийг сонгож авсан юм.

-Г.Галбадрах: Тийм ээ, энэ бол үнэхээр хэрэгтэй, буянтай сайн үйлс юм шүү.

-М.Нямсүрэн: АНУ-д буцаж ирээд  сүмүүдээр явж хувцас цуглуулсан. Америкчууд их тусархуу болохоор нийтдээ 18 хайрцаг хувцас цуглуулж Монгол руу ачуулан тэдэнд тараасан юм. Бас Инлингуа хэлний сургуулийнхантай хамтран 8 компьютер авч  25-р сургууль руу явууллаа.  Хүмүүстэй хамтарч 1500 -аад ширхэг англи хэлний сурах бичиг цуглуулж Монголын хөдөөгийн сургуулиуд руу илгээлээ. Энэ санд болон үйл ажиллагаанд надаас гадна 4 залуу оролцдог юм. Тэд одоо Монголдоо боломжийн бизнес болон ажил эрхэлдэг хүмүүс. Гол нь тэдний сэтгэл, бусдад тус болох хичээл зүтгэл нь үнэхээр мундаг. Энэ ажлууд эхэлж байна. Цаашид хийхээр бодож байгаа зөндөө ажлууд бий.

-Г.Галбадрах: Магадгүй Харвардын төсөл чиний энэ сэтгэл зүтгэлийг үнэлж, сонирхсон байж болох юм.

 -М.Нямсүрэн: Тийм ээ, тэд надад хандаж  "Чи ийм залуу, тэгээд монгол хүн.Гэтэл чиний санаж бодож, хийж бүтээж байгаа бүхэн чинь бидний сонирхлыг татаж байна" гэж хэлсэн.  Ирэх жилийн 9 сард энэ сургуулиа төгсөөд , дараа нь Харвардад очиж энэ хөтөлбрөөр суралцах юм.

-Г.Галбадрах: Энэ бол бага бус амжилт гэж бодож байна. Энэ бүхний цаана ирээдүйгээ харсан том зорилго оршиж байгаа гэж төсөөлж байна.

-М.Нямсүрэн: Би багаасаа л яагаад ч юм бэ," Монголдоо хэрэгтэй, Монголыг хөгжүүлэхэд тус болох мундаг хүн болно. Тиймээс маш сайн ажилтан болох хэрэгтэй"  гэж, бараг "хөгжил гэж юу юм бэ" гэдгийг мэдэхгүй байхдаа л бодож байсан. Тэр мөрөөдлөө гүйцээнэ. Хоёр том гүрэнд боловсрол эзэмшлээ. "Хөгжил гэдэг чинь хүн өөрөө л юм байна" гэдгийг ойлгосноос хойш, эзэмшсэн мэргэжилдээ хамгийн мундаг нь байхыг хичээх болно. "Хүн ажлыг голж болохгүй" гэдэгчлэн ямар ч ажил хийсэн, гол нь хөдөлмөрлөж байгаа болохоор сайхан шүү дээ.

 -Г.Галбадрах: Сургуулиа төгсөөд хаана ажиллахаар бодож байгаа вэ?

-М.Нямсүрэн: Сургуулиа төгсөөд Хонгконг руу явж Азийн зах зээл дээр ажиллахаар бодож байгаа. Дэлхийн эдийн засгийн хөгжил Ази руу чиглэсэн энэ үед Монгол заавал тодорч гарч ирнэ.  Орчин үеийн Монголын залуучууд энд маш их үүрэг гүйцэтгэх болно. Монголыг дэлхийн тавцанд бүрэн гүйцэд таниулахад гадаадад сурч ажиллаж байгаа залуучууд гүүр нь болох болов уу гэж төсөөлж байгаа.
Нөгөө талаар хүний төлөө ажиллана гэдэг бол хамгийн сайхан зүйл. Би үүнээс өөрийн баяр бахадлаа мэдэрч чаддаг. Тийм болохоор одоо эхэлж байгаа хүмүүнлэгийнхээ ажлыг улам ч өргөжүүлэн ажиллуулах бодолтой байгаа. Цааш нь өргөжүүлэхдээ Монгол хүн, монгол хүнээ дэмжиж эхэлснийг бусдад ойлгуулах болно.

Г.Галбадрах: Уулзаж ярилцах сайхан байлаа. Чамаас маш их эрч хүч, өөдрөг хүсэл тэмүүлэл мэдрэгдэж байнаа.  Чиний бодол санаа, хүсэл эрмэлзлэл тань маш их таалагдаж байна. Тэгэхээр чамд амжилт хүсье.

М.Нямсүрэн: Эцэст нь хэлэхэд миний туулж өнгөрүүлсэн амьдрал, миний аав ээжийн сургааль, буурлуудын минь намайг хүмүүжүүлсэн хүмүүжил л хүн болгоны хүсч мөрөөдөж байдаг Харвардын Их Сургуулийн хаалган дээр хөтөлж авчирлаа. Би ингэж хүсч мөрөөдөж, тэмүүлж чадсан юм чинь бусад олон монгол залуучууд ч чадах болно.
Мөнгөгүй хүнийг ядуу хүн гэж хэлдэггүй юм. Харин хүсэл мөрөөдөлгүй, амьдралын зорилгогүй, урсгалаараа яваа хүнийг л жинхэнэ ядуу сэтгэлгээтэй, ядуу хүн гэж нэрлэх байх даа.

...Түүнтэй ярилцаж дуусаад  миний сэтгэл ихэд урамтай байлаа. Өнөөгийн Монголын залуус минь ийм л урам зоригоор дэлхийн хэмжээнд сэтгэж, дэлхийн хэмжээнд хүрэх гэж тэмүүлж явна. Хөдөөгийн тарчигхан амьдралд өсөхдөө өөртөө шингээсэн амьдралыг үзэх үзэл, бусдад хандах хандлага, балчирхан ухаанд ассан "хор шар", бусдаас илүү байх гэсэн зүтгэл, биеэ дааж, бусдад дарамт болохгүйгээр өөрийгөө авч явах ухаарал бүхэн нь түүнийг энд авчирч чаджээ. Өнөөгийн монголчууд бидний мөнгөгүйдээ "шаналж", хийж чадахгүй байгаа бүхнийхээ бурууг "мөнгөгүйд" тохож, сэтгэлээ хүлж гутранги яваагаас огт өөрөөр залуус амьдралыг боломжийг харж байна. Мөнгөтэй ч байлаа бэлэн бүхэн дээр "ялархаж", өдөр хоногийг зугаа цэнгэлээр өнгөрөөж, нөхөрлөлийг "зоосны нүх"-ээр хэмжиж, амар хялбраар  амьдрахыг хүсэгчдээс ч тэд огт өөрөөр сэтгэж байна. Тэгээд бодохоор Монголын минь ирээдүй өөдрөг сайхан харагдаж байнаа. Залуус та бүхэндээ амжилт хүсье.  Ийм залуус л олон олон болох болтугай.

                                                        Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
e-mail:  gala_mn@yahoo.com                                                                                                                          2012-10-03

DSC03609

DSC04969


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.