05 сарын 07, Мягмар
°C
USD 3,381.46
USD 3,381.46
EUR 3,638.96
JPY 21.99
GBP 4,250.16
RUB 36.93
CNY 468.61
KRW 2.48

БАЛЕТИЙН ТӨГӨЛДӨР ХУУРЧ-ЯРИЛЦЛАГА-ЦУВРАЛ 7

... Би анх Мөнгөнчимэгийг 2010 оны сүүлээр Вашингтон ДС-д тоглосон З.Хангал агсны уран бүтээлийн "Аяны шувуу" тоглолт дээр харсан юм. Тэгэхэд түүнийг Чикагогийн Joffrey Ballet-д хөгжимчинөөр ажилладаг, АНУ-ын Цагаачдын Албаны шагнал хүртсэн гэдгийг сонсож мэдээд, уулзаж ярилцахыг хүссэн л дээ. Шинэ жилийн өмнөхөн Мөнгөнчимэг бид хоёр Чикагогийн нэгэн хоолны газар сууж, оройжин ярилцлаа. Тэрээр их завгүй байсан ч миний хүссэнээр цаг гаргаж, энэ ярилцлагыг бэлтгэх боломж олдсон хэрэг.
Буриадын Мөнгөнчимэг

Нэг. Намтрын товчоон
1978-1986 Хөгжим Бүжгийн Дунд Сургууль
1986-1990 ОХУ-ын Москва хотын Gnesinii нэрэмжит Хөгжмийн Дунд Сургууль

1990-1998 Дуурь Бүжгийн Академик Театрын балетийн төгөлдөр  хуурч

1992-1993 Болгарын Софи хотын Дуурь Бүжгийн Театрын балетийн төгөлдөр хуурч
1998-2009 АНУын Чикаго хотын Балетийн Сургууль
2001- одоо хүртэл Joffrey Ballet  Компаны-ы төгөлдөр хуурч

Хоёр. Нот судлахад хүний тархи хөгждөг

Г.Г-Ихэнх урлагийн хүмүүс багаасаа л авъяас нь тодорч, түүнийгөө хөгжүүлсэн байдаг.
Б.М- Би цэцэрлэгт байхдаа л мандолин хөгжим тоглодог байсан. Намайг дуртай болохоор нь аав мандолин хөгжим авч өгчээ. Нэг өдөр эмээ минь намайг дагуулаад автобусанд сууж л дээ. Автобус дүүрэн хүн. Би ч мандолинаа энгэртээ тэврээд л зүтгээд байж. Эмээ нэг суудал олж суугаад амсxийж байтал,  гэнэт автобусанд хөгжим дуугараад л хүмүүс инээлдээд байсан гэнэ. Эмээ гайхаж байснаа хүмүүсийн дундуур зүтгэж очоод харсан чинь, би автобусны хойшоо харсан суудалд  суучихсан нөгөө мандолиндаа 'Жалам хар"-ыг тоглож байсан гэдэг.
Хүмүүс өхөөрдөж, эмээ минь ичсэндээ намайг бушуухан л аваад буужээ. Тэгээд "миний охин, олон хүмүүсийн дэргэд ингэж болдоггүй юм" гэж захисан сан. Одоо бодоход нэг их ичих зүйлгүй л байсан санагддаг юм. Би ер нь урлагийн хүн болох учиртай л байсан юм шиг билээ.

Г.Г-Тэр үед урлагийн авьяастай хүүхдүүд ихэвчлэн Хөгжим Бүжгийн Коллеж /ХБК/-д суралцдаг, тэр үеийн сургалт нь их сайн байсан санагддаг юм.
Б.М-Би ХБК-д яаж орсоноо тэгтлээ санадаггүй юм. Ямартай ч шалгалт өгч л орсон.
Тэнцэж орсон хойноо хөгжим сонгох болов. Надад хийл, виоленчел санал болгоод байдаг. Миний нүд тэртээх буланд байгаа төгөлдөр хуур руу ширтээстэй. Нилээд зайдуу зогсож байсан орос багш, бусдын нүдийг хариулж байгаад, надад төгөлдөр хуур руу дохидог юм. Ингэж л төгөлдөр хуурыг анх сонгож, Муравский багшийн шавь болсон доо.
Би багаасаа л аавынхаа ажил дээр очих дуртай. Аав минь Монгол телевизийн хөгжмийн редакцид ажиллаж байсан. Гол шалтгаан нь аавын ажил дээр байгаа төгөлдөр хуур. Их ч сайхан, сүрлэг харагддаг байж билээ.
ХБК-д тэгээд л хичээллэж эхэлсэн дээ. Анх нот сурч  байхдаа зүүн гарын "соль" нотыг   хэлж чадаагүй гээд муу дүн авчихаад уйлаад л гарч байсан. Гэртээ төгөлдөр хуур байхгүй байсан болохоор нотоо л цээжилнэ. Нот судалж байгаа хүний тархи их хөгждөг юм шүү. Нотны тэмдэглэгээ аялгуу болж, хүний тархинд буудаг болохоор аргагүй шүү дээ.

Г.Г-Нотоо цээжлэхээс гадна заавал сонсож, тоглож байх хэрэгтэй биз дээ. Ялангуяа гарын болон хөдөлгөөний эвсэл маш чухал байдаг байх.
Б.М-Нэг өдөр хичээлээ тараад гэртээ ирсэн чинь манайх цоо шинэ төгөлдөр хуур худалдаж авчихсан байлаа. Гайхаж, бас баярласандаа дуу алдаж орхив. Аав минь намайг хичээлээ давтаж чадахгүй байна гэж санаа нь зовсондоо зөндөө л юмаа зарж байгаад 3000 төгрөгөөр худалдаж авсан байсан. Тэр үеийн 3000 төгрөг гэдэг ямар их мөнгө байсан гээч.
Тэгээд л шөнө өдөргүй тоглож гарсан. Төгөлдөр хуурынхаа хаалтыг авч байгаад, яг тоглож байхад даруулууд нь яаж хөдөлж байгааг харах дуртай. Хаалтыг нь авчихсан болохоор улам л чанга дуугарна.
Нэг өдөр манай хөрш Сүрэн гуай, манайд орж ирэнгүүтээ шууд алхаж очоод миний төгөлдөр хуурыг нэг их хүч гарган түлхэж хананаас холдуулж, нөгөө талын хананд байрлуулж орхиод гарч одож билээ. Хөөрхий минь унтаж амрах боломж өгөхгүй их л хэцүү байсан байх.

Г.Г- Миний мэдэхийн хөгжимд суралцаж байгаа хүүхдүүд, тоглох ч завгүй хичээллэдэг, бас тодорхой дэгэнд сурсан байдаг.
Б.М-Би их мэриймтгий хүүхэд байсан л даа. Бас нийгмийн  идэвхи сайтай. Бүх ажлаа амжуулахын тулд хичээлээсээ орж ирэнгүүтээ даалгавраа шууд хийнэ. Дараа нь гэрийн ажлаа хийдэг.Буцаад л сургууль руугаа явна.  Өөртөө тоглох цаг гаргахын тулд заавал бүх ажлаа хурдан хийж амжих хэрэгтэй. Эндээс л дэгэнд сурдаг юм.
Ямар ч их ажилтай байсан бүх ажлаа заавал амжуулдаг хэвшил, миний амьдралд өдий хүртэл их ч хэрэг болж байгаа. Бүх хичээлдээ яс онц сурдаг байсан.

Г.Г-ХБК тэр үед 8-р ангиас хуваарь өгдөг байсан уу?
Б.М-ХБК-д 8-р ангиа онц төгслөө. . Тэр үед 8-р ангиас Орост Хөгжмийн сургуулийн хуваарь ирдэг байсан юм.
Манай ангийн багш Энхтүяа намайг их дэмждэг байсан л даа. Энхтүяа багш санаа тавьж хөөцөлдөөгүй бол, би тэр сургуульд орж чадахгүй л байсан байх. Багш тэгээд  "Ядаж байхад аав чинь санаа тавихгүй юм" гэнэ.
Аав болохоор "Өөрийнхөө чадлаараа орвол ор, чадахгүй бол боль" гээд нэг их тоохгүй. Хүүхдүүд шалгалт өгөх гээд эцэг эхээ дагуулаад л ирнэ. Би болохоор ганцаараа ирээд шалгалтаа өгчихнө. Гэхдээ бүх шалгалтаа 15 өгсөн шүү.

Г.Г-Хуваарь өгөхдөө онц сурахаас гадна, мэргэжлийн ур чадварыг, цаашид илүү сайн хөгжих боломжийг нь онцлон харгалздаг байсан байх.
Б.М-Тэр жил 3 хүүхдэд Орост сурах хуваарь өгсөн юм. Томилолтоо авах гээд Ардын Боловсролын Яам /АБЯ тэр үеийн нэрээр/ дээр очлоо. Материал шүүгээд нөгөө 2 маань Ереваны Хөгжмийн Сургуулийн хуваариа авчихлаа. Минийх байдаггүй ээ. Эхлээд гайхаж байснаа сүүлд нь гомдоод уйллаа. Гэтэл тэд дахиад л шүүж үзсэнээ миний томилолт Москвагийн Хөгжмийн Сургуульд гэж байсныг олсон. Анхнаасаа л Ереван гэж бодож байснаас Москва гэж төсөөлөөгүй л дээ. Moсквагийн  хуваарь нь ховор ирдэг, босго өндөртэй сургууль байлаа.
Баярлах гайхах зэрэгцээд сургууль дээрээ очиж мэргэжлийн  багш Ганчимэгтээ томилолтоо үзүүлсэн чинь "Москва ч чанга даа. Чи ч бараг шалгалтанд нь тэнцэхгүй байхаа даа. Хэрэв шалгалтанд нь тэнцэхгүй бол нөгөө хоёр дээрээ Ереванд очоорой" гэж захилаа. Багшийн үгнээс гардаггүй хүн чинь шууд л дотроо " Би ч Москвагийн сургуульд нь тэнцэхгүй юм байна" гээд л бодчихсон.

Гурав. Москвад

Г.Г-Москва гэдэг Орост суралцаж байгаа оюутнуудын мөрөөдөл байлаа. Ямар сайндаа "алтан Москва" гэнэ. Ер нь нилээд гайгүй хүүхдүүд нь Москвад очиж сурдаг байсан.
Б.М-Москвад очлоо. Вагоноос буугаад хэсэг хүүхдүүдийг дагаад л ЭСЯ дээр очдог юм. Тэндээс нэр дуудаад л оюутнуудыг ийш тийш нь хуваарилаад явуулаад байдаг.  Миний нэр байдаггүй. Ганцаар үлдчихээд, хуваарилж байсан хүн дээр нь очоод асуутал "Үгүй чи чинь энд ирэх биш, шууд сургууль руугаа явах ёстой юм байна шүү дээ. Одоо яах билээ" гэж дуу алдав. 'Би орос хэл мэднэ" гэсэн чинь таксинд суулгаж өгөөд сургууль руу явуулав.
Шууд дотуур байранд нь очоод "би хаана орох вэ?" гэж асуусан чинь, "охин минь эхлээд сургууль дээр бүртгүүлдэг юм шүү" гэж тэнд байсан орос авгай хэлж өгөв. Шөнө орой болчихсон, дээр нь өлссөн ядарсандаа болоод тэнд байсан диван дээр шууд л унтаад өгсөн. Өглөө босоод сургууль дотроо төөрч мунгинасаар яваад, шууд захирал дээр нь очлоо. Тэд надад хэлж өгч, декан дээр дагуулж очин бүртгүүлж билээ. Нилээд хөгөлж будилж байж л байрандаа оров.

Г.Г-Шууд сургуульдаа орсон юм уу?
Б.М- Үгүй ээ, шалгалт өгөх байсан. Анхнаасаа л "шалгалтандаа тэнцэхгүй байх" гэсэн бодолтой ирсэн хүн чинь "явахаасаа өмнө Москваг сайн үзэж авья" гэж бодоод л шалгалтандаа бэлтгэхийн оронд хотоор тэнэнэ. Бусад орноос ирсэн хүүхдүүд шалгалтандаа бэлтгээд завгүй.
5 хоногийн дараа шалгалтаа өгөх боллоо. Урд хаалганы орос охиноос индүүг нь гуйж авч юбкээ индүүдэж өмсөөд л шалгалтандаа орсон. Эхлээд сүрдэж тэвдэж байснаа өөрийнхөө ээлж болохоод тайвширчихсан. Улсын шалгалтын бүх программыг тоглууллаа. Сүүлд нь Гончигсумлаа гуайн 1-р prelude  -ыг тоглосон. Гэтэл шалгалт авч байсан хүмүүс "Гончигсумлаагаа дахиад нэг тогло доо" гэв. Намайг дахиад тоглож байх хооронд тэд хоорондоо шивнээд л яриад байсан.
Дүн гарах боллсон чинь хүүхдүүдийг нэр дуудаад л урагш нь гаргаад байх юм. Тэгж тэгж 4, 5 хүүхэдтэй би үлддэг юм.  Урагшаа гарсан хүүхдүүдийг "та нар тэнцсэнгүй, дараа ирж шалгалт өгөөрэй, уучлаарай" гээд гаргачихав. Тэр хүртэл өөрийгөө тэнцэнэ гэж бодоогүй байсан би гайхсандаа, "би нээрээ тэнцчихсэн юм уу?"  гэж асуусан чинь тэд инээлдээд л.
Тэр үед л өөрөөрөө бахархаж "би тэнцчихлээ шүү дээ" гэж бардамнасан даа. Эндээс л өөртөө итгэх итгэл минь асч эхэлсэн юм. Яг үнэндээ багш минь намайг эхнээсээ л айж сүрдээд тэвдчих вий гэж бодсондоо л "чи тэнцэхгүй байх" гэж хэлсэн юм билээ.

Г.Г- Олон жил хүүхэдтэй ажилласан туршлагатай багш нар хүүхдийнхээ зан араншинг маш сайн мэддэг болохоор, хэдийд юу гэж хэлж, яаж нөлөөлөхөө сайн мэддэг.
Б.М- Миний гар нилээд хөлөрдөг. Их тэвдсэн үед гар хөлрөх юм бол алдах магадлал өндөр. Анхнаасаа тайван байсан болохоор яг тоглох үедээ сандраагүй. Ер нь төгөлдөр хуурын ард суухдаа, эхлээд сэтгэл догдолдог. Харин  даруул дээрээ гар хүрч тэнд эгшиглэж байгаа аялгууг сонсохдоо л гэнэт тайвширч, өөртөө итгэлтэй болно. Одоо ч тийм хэвээрээ.
Сургуульдаа тэнцчихээд хэнтэй баяраа хуваалцахаа мэддэггүй. 60 копеикны үнэтэй хар чавга 2 кг-ыг авчихаад өдөржингөө л ганцаараа идэж билээ. Дуртай зүйлээрээ өөрийгөө баярлуулж байгаа хэрэг.
Тэгээд л хичээллэж эхэлсэн. Москвагийн Хөгжмийн Дээд Сургуульд 2 монгол оюутан суралцаж байсан. Тэр 2 тоо хааяа их эрхэлнэ. Хичээлийн бус цагаар ном л их уншина. Ном их уншихаар хэл хурдан сайжирсан. Хэл сайжрахаар зөндөө л олон боломжууд нээгддэг. Би их ч сониуч хүүхэд байсан.

Г.Г- Хэдэн жил сурав даа?
Б.М-4 жил их ч сайн сурсан. Дунд сургуулиа төгсөөд, Хөгжмийн Дээд Сургуульд шалгалт өгөөд тэнцсэн байсан. Амралтаараа Монголдоо ирчихээд намар нь сургуульдаа явах гэсэн чинь явуулаагүй. АБЯ зөвшөөрөөгүй. Заавал 2 жил ажиллаж байж, сургуульд сурсан өрөө улсад төлөх ёстой гэсэн л дээ.
Хэрэв тэр үед боломж олдоод буцаад явсан бол "би балетийн төгөлдөр хурч болохгүй байсан байх"  гэж одоо хэр нь бодогддог юм.

Дөрөв. Балетийн төгөлдөр хуурч

Г.Г- Сургуулиа төгсөөд Орост буцаж явж чадаагүй болохоор шууд ажилласан уу?
Б.М- Би өөрөө сонгож, Дуурь Бүжгийн Эрдмийн Театр /ДБЭТ/-т хөгжимчнөөр орсон. Ихэвчлэн дууны хөгжим тоглоно. Ерөнхийдөө ажил багатай. Ажил багатай үедээ гэртээ л өнжинө. Харин балетийнхан болохоор ямар ч завгүй, байнга сургуулилттай.
Нэг өдөр аав хэлж байнаа. "Чи яагаад зүгээр байгаад байнаа. Хэрэв ажил багатай байгаа юм бол Эрдэнэбyлганд хэлээд бүжигт оч!'. Би дотроо дургүй л байлаа.  Маргааш нь ажил дээрээ байж байтал, Эрдэнэбүлган гуай дуудаад Жамьяндагва гуай руу очуулсан.
Тэр үед балетийн хөгжмийг дандаа орос мэргэжилтнүүд тоглодог байсан юм. Монголчуудыг нэг их тоохгүй. Жамьяандагва гуай намайг тоомжиргүйхэн харснаа "чи чадах юм уу?" гэлээ. Энэ үг л миний шарыг хөдөлгөсөн. Дотроо болохоор "чадаж байгаад харуулнаа" гэж л өөртөө амалсан.

Г.Г- Төгөлдөр хуурч, балетийн төгөлдөр хурч ер нь ямар ялгаатай юм бэ?
Б.М- Tөгөлдөр хуурч дуучин,  эсвэл хамтран тоглож буй хөгжимчнөө сонсож, тааруулж тоглодог. Балетийн төгөлдөр хуурч аялгуу эгшиг сонсохгүйгээр бүжиглэж байгаа хөдөлгөөнийг харж, уг хөдөлгөөндөө тохируулж тоглоно.Тийм болохоор нилээд ялгаатай. Мөн хөгжмийн асар их баярлаг сантай байх хэрэгтэй. Яагаад гэвэл, дасгалын явцад ямар ч хөгжим хэрэг болж магадгүй. Багш болгон өөр, дасгал болгон өөр өөр. Нэг дасгал 1цаг 30 минут байдаг, нэг хөдөлгөөнд дунджаар 5 минут зарцуулна гэж бодоход хичнээн хөгжим хэрэгтэй болох вэ? Тийм болохоор бэлэн мэдэж байгаа хөгжимнөөс гадна, шууд зохиож тоглох шаардлага гардаг.  Бодох хугацаа их байхгүй, багш хөдөлгөөнөө үзүүлж байх хугацаанд л, хөгжмөө бодож олсон байх ёстой. Их л хурдан сэтгэх хэрэгтэй гэсэн үг.
Ийм мэтчилэн нарийн ялгаа их бий. Хөгжмийн сургуулиудад, дуучинтай болон хөгжимчинтэй яаж хамтарч тоглох вэ? гэдгийг заадаг тусгай хөтөлбөр бий. Гэтэл бүжигт яаж тоглох тухай хаана ч заадаггүй. Энэ болгоныг ажил дээр гарч байж л сурч байлаа. Тийм болохоор би, одооны залуу хөгжимчдөд энэ бүхнийг зааж, хэлж өгөх юмсан гэж их боддог юм.

Г.Г-Мэдээж ''чадна'' гэж дотроо амалсан болохоор хичээж эхэлсэн байх.
Б.М-Эхлээд амаргүй байсан. Орос мэргэжилтэн маань намайг тэгтлээ тоохгүй. Тэр үед манай бүжгийн заал модон шалтай байсан болохоор бүжигчид зааланд  дасгал хийхээр  тоос их босдог. Түүнийг дарахын тулд усаар шүршинэ, алчуур норгож тавина. Надаар дандаа л алчуур норгуулна. Дотроо болохоор "би хөгжим тоглох гэж ирсэн болохоос, алчуур норгох гэж ирсэн юм уу?" гэж бухимдалдаа л үглэх.
Нэг өдөр тэсэлгүй орос багшдаа " Би Москвад сургууль төгссөн ш дээ"  гэж хэллээ. Эхлээд анзааргагүй байснаа гэнэтхэн "Чи Москвад ямар сургууль төгссөн юм бэ?" гэж асуув. Тэр цагаас хойш бидний харьцаа шал өөр болж, намайг "тоож", бас чангалж эхэлсэн.

Г.Г- Тэр үед Оросын мэргэжилтнүүд бүхнээс мундаг, биднээс илүү гэсэн нийтлэг ойлголт, хандлага байсан л даа. Гэхдээ тэдний бидэнд тусалсан тус, ачийг үгүйсгэх аргагүй.
Б.М- Миний багш казах эмэгтэй байсан. Заuреша гээд. Их чадварлаг хэрнээ эршүүд талдаа. Ажлын дараа надад бүх нотоо тэврүүлээд, гэртээ дагуулж ирнэ. Өөрөө хоолоо хийх завсраа миний тоглохыг сонсож, алдааг хэлж өгч зааварчилдаг. Намайг сургахдаа хамгийн хэцүүгээс нь шууд эхэлсэн. "Нойрссон гүнж"-ээс. Энэ нь надад их хэрэг болсон шүү.
Дуу дагаж аялаад, дуусахаар нь шууд төгөлдөр хуур дээр тоглуулдаг. Нотгүйгээр. Энэ бас их хэрэгтэй сайн дасгал байв.
Нэг удаа "Бөртэ чоно"-ын нэг үзэгдлийг бие дааж тоглолоо. Тоглоод дууссан чинь Жамьяндагва гуай "Энэ чинь харин овоо доо" гэж хэлсэн шүү.

Г.Г-Зөв хор шар байх хэрэгтэй юм шиг. Сэтгэл дотроо "энэ муу!" гэж бодохоосоо, "би үүнийг илүү сайн хийж чадна " гэж бодоод зүтгэхэд, заавал сайн үр дүнд хүрнэ. Хожим хойно ч тэр хүндээ талархах сэтгэл төрдөг.
Б.М-Яг үнэндээ Жамьяндагва гуай миний хор шарыг малтаж байж гаргаж ирсэн юм шүү. Өөрөө ч их хичээж, их ч хөгжсөн. Тэр цагаас хойш байнга хичээж, ажилдаа дуртай, аз жаргалтай байх болов. Монголдоо цорын ганц балетийн төгөлдөр хуурч гэдэг бодлоор ямагт л хичээж байсан.
Нэг удаа Орост очоод багштайгаа уулзсан. Тэрээр миний тоглохыг үзээд " Би чамд 4 жил техник заасан боловч чамайг задалж чадаагүй. Харин чи 2 жилийн дотор задарч чаджээ" гэж хэлсэн юм даг. Намайг балетийн хөгжим задалж хөгжүүлсэн.
Түүнээс хойш 20 жил өнгөрчээ. Энэ бол миний 20 жилийн турш өөртөө бий болгож чадсан, миний үнэт баялаг.

Г.Г-Мэдээж хөгжиж, үнэ цэнээ бий болгож байсан болохоор дандаа л ДБЭТ-т тоглоод байгаагүй байх.
Б.М-1992 онд Болгарт Наранханд, Бат-Эрдэнэ, Дашлхагва бид хэд конкурст явлаа. .Тэд нарын зардлын талыг нь улс гаргаж, талыг нь өөрсдөө гаргах байсан.  Би болохоор өөрөө зардлаа даах ёстой байлаа. Tэд онгоцоор нисч, би араас нь вагоноор хэдэн хоног гүрийж байж Болгарт очлоо. Очоод надад байр олдохгүй, нуугдан байж нөгөө хэдтэйгээ амьдардаг. Эхний даваанд би Дашлхагваагийн бүжгийн хөгжмийг тоглосон. Бат-Эрдэнэ Наранханд 2-ын эхний бүжиглэлтэд бичлэг нь тасалдаад, сүүлийн шалгаруулалтад би хөгжмийг нь тоглолоо.
Гэтэл Солонгосоос ирсэн бүжигчин намайг тоглож өгөөч гэж гуйлаа. Нот байдаггүй. Тэгэхэд л нөгөө сонсон хөгжмөө тоглуулаад байсан казак багшийн сургасан эрдэм хэрэг болсон доо. Дараа нь Оросын бүжигчин бас гуйдаг юм. Бас л тоглосон. Гайхалтай юм болж бүжгийн хөгжим тоглосон гэж надад 200 левийн цалин өгөв. Гэнэт баяжиж орхиод, их ч баярлаж байж билээ.Сайхан ч байж дээ.

Г.Г-Тэр уралдаанд та хэд ямар амжилт үзүүлэв дээ?
Б.М-Бид Бат-Эрдэнийг байр эзэлнэ гэж найдаж байлаа. Харин тэр шагналт байранд орсон л доо. Конкурсийн хүлээн авалт дээр нэг болгар хүн бидэнтэй ирж уулзаад, Болгарын театрт шалгалт өгч үзээч гэж хүссэн юм. Бид ярилцаад шалгалт өгөхийн тулд, театрын улирал эхлэхийг хүлээхээр шийдлээ. Наранханд буцаад Бат-Эрдэнэ бид 2 үлдсэн. Мөнгө байхгүй, амьдрах гэж их ч хөгөлсөн дөө.
Энэ конкурсын финалд үлдэж, би хөгмжийг нь тоглосон солонгос залуу талархлаа илэрхийлж надад 100$ бэлэг болгож өгсөн юм. Тухайн үед бидний авч байсан цалинтай харьцуулахад 100$ гэдэг чинь их мөнгө байлаа шүү дээ. Театрын улирал эхлэхэд  шалгалт өгч,  тэнцээд, намар буцаж ирэхээр болж Монгол руугаа буцлаа.

Г.Г-Тэгээд Болгарт буцаж ирж ажилласан уу?
Б.М-Болгарт 1992 онд ирээд 1 жил ажилласан.    Жилийн дараа Грект ажилах санал ирсэн. Их халуун байдаг гэж сонсоод тийшээ яваагүй. Ер нь тэр үеэс л "гадагшаа гарья" гэдэг бодол төрж эхэлсэн дээ.
Манай балетчин, "Ардын жүжигчин" Ганбаатaр  ах нэг удаа надад хандаж " Mөнгөнөө! Балетийн төгөлдөр хуурчид дэлхийд ч ховор байгаа. Чи хаана ч очсон тоглож чадна" гэлээ. Хариуд нь би тоглоомоор "Америкт ч гэсэн үү?" гэсэн чинь "Tийм ээ! Америкт ч, ер нь хаана ч чи хоолтой шүү" гэж хэлж билээ.

Тав. Америкт

Г.Г-Америкт хэзээ яаж ирсэн юм бэ?
Б.М-Нөхөр минь 1996 онд Америкт ирсэн юм. Хэрдээ л охин бид 2-ыг авах гэж хөөцөлдөж, бас нилээд судалж, хэд хэдэн балетийн театртай уулзсан юм билээ. Тэд бага зэрэг сонирхоод "бичлэгийг нь үзье" гэж л дээ. Тэр үед би Соёл Урлагийн Их Сургуульд 1-р курст суралцаж байлаа. Угтаа бол Цолмон багшийн сурагчдын төгөлдөр хуурын концертыг үзээд л "шинэ бүтээл хийе, өөрийгөө сайн цэнэглэж авья" гэж бодсон юм.
Тэгээд нөхрийнхээ шаардсанаар бичлэгээ хийж явууллаа. Бараг жилийн дараа л тэд зөвшөөрсөн. Миний бичлэгийг Их Сургуулийн багш нар үзэж зөвшөөрөөд, албан ёсны бичиг баримтыг нь бүрдүүлэх гэж нилээд удсан юм билээ. Тэгээд 1998 онд цагаачлалын албаны бичиг баримтаар Н-1 визээр орж ирсэн.

Г.Г-Ирээд шууд төгөлдөр хуурчаар ажилласан уу?
Б.М-Үгүй ээ! Эхлээд " Балет Чикаго" гэдэг сургуульд ажиллав. Хэдийгээр Монголд байхдаа өөрийгөө мундаг гэж бодож байсан ч, энд ирээд би хэн ч биш байлаа. Энэ сургуулийн сургалт нь Balanchine гэдэг хэлбрээр явагддаг сургууль байсан. Бүх зүйлийг яг л эхнээс нь эхэлсэн. Дотроо их дургүй байсан ч өөр яах ч билээ.   Англи хэл мэдэхгүй. Хурдан удаан, баруун зүүн гэдэг үгнүүдээс л эхэлсэн. Амаргүй үед зөндөө л байсан.
Хааяа "Joffrey ballet" -ийн  хажуугаар өнгөрөхдөө "энд орж тоглодог болчихвол сайхнаа..." гэж мөрөөдөж байсан үе бий.
Нэг өдөр захирал намайг дуудаад "чи Joffrey-т очоод  нэг дасгал тоглоод өгөөч " гэж хүссэн. Яваад очсон чинь "чи нот мэдэх үү?" гэж асууж байна. " Нот мэднээ" гэлээ.   Маргааш нь ажилдаа очтол захирал "өнөөдөр дахиад л Joffrey дээр очих хэрэгтэй байна гэв. Дахиад л очлоо. Тэгээд маргааш үргэлжилсээр, зөвхөн дасгал тоглох байсан хүн чинь  "Шелкунчик"-ийг бүгдийг нь тоглосон доо.

Г.Г-"Нот мэдэх үү?" гэж асууж байсныг бодоход чамайг тэгтлээ үнэлж мэдэхгүй л байж дээ.
Б.М-Манай ажлынхан хүртэл эхэндээ намайг монгол гэж мэдэхгүй байсан. Дараа нь намайг монгол гэж мэдчихээд ихэд гайхаж "танайхан тэмээгээр шуудангаа зөөдөг үү?" гэж асууж байсан гээд бод доо. Харин одоо бол монгол гэдгээрээ гайхуулах дуртай.

Г.Г-Тэгээд Joffrey-т ажиллах болсон уу?
Б.М-Joffrey-d  ажиллахын тулд визний ангилалаа солих хэрэгтэй болсон. Визний ангилал сольтол, 2001 оноос хойш сургуульдаа болон Joffrey-d зэрэг ажиллаж байв. Харин Joffrey-аас хариуцаж миний визний ангиллыг солисноос хойш Joffrey-тоо дангаар ажиллаж байгаа.

Г.Г-Хүсч мөрөөдөж байсан Joffrey-dоо ажиллаад хэр өөрчлөгдөн хөгжив дөө?
Б.М-Хөгжилгүй яахав. Joffrey их ч өндөр шалгуур, өндөр шаардлагатай. Байнга шинэ балет тоглоно. Тэр болгоныг сурах гэж үргэлж л давтаж суудаг юм шүү дээ.Янз бүрийн хэлбрийн балетууд орж ирнэ, зөвхөн сонгодог ч биш.  Хөдөлгөөний маш мундаг мэдрэмжтэй байх хэрэгтэй. Энэ мэдрэмж бараг л рефлекс болно гэсэн үг. Ер нь байнга тоглож байх ёстой. 2.3 өдрөөр тоглохгүй байхад л хэмнэл алдагддаг.
Би энэ мэдрэмжээрээ машин барихдаа хүртэл их амархан сурсан. Төгөлдөр хуурын педаль гишгэх, машины хааз гишгэх, бүжгийн хэмнэлд тохируулах, машины хурд тохируулах гээд адилхан мэдрэмж шаарддаг.

Г.Г-Америкт бие даасан уран бүтээлийн тоглолт хийж байв уу?
Б.М-2006 онд бие даасан тоглолт, 2002 онд Хадбаатар, Энхтөр 2-той хамтарсан тоглолт хийсэн. 2007 онд Америкийн зүүн эргээс баруун эрэг хүртэлх нилээд том аялан тоглолтод оролцлоо. Энэ үед л өөрийгөө хөгжимчин гэдгээ мэдэрсэн дээ. Төгөлдөр хуурчид зөвхөн нотоо л авч явна. Бусад бүх зүйлийг нь тусгай хүмүүс бэлэн байлгадаг. Бид зөвхөн л тоглоно. Ямар үнэ хүндтэй, эрхэмсэг байдгийг тэнд л мэдэрсэн. Сайхан байсан.
Энэ оны 5 сарын эхээр Оросын бүжиг дэглээч Юрий Посохов,  Чикагод нилээд том балет тавина. Энэ балетийн хөгжим нь Рахманниновын бүтээлүүд. Энэ тоглолтод тоглох санал надад тавьсан. Энэ бол нэр төр төдийгүй ур чадварын том үзүүлэлт болно. Үүнд бэлтгэж байгаа.

Г.Г-Чамайг бас Америкийн Цагаачлалын байгууллагын нилээд том шагнал авсан гэж сонссон.
Б.М- Америкийн Цагаачлалын Байгууллага жилд хэд хэдэн хүнд өөрийн шагналаа өгдөг юм билээ. Америкт цагаачилж ирээд их амжилт гаргасан, нээлт хийсэн, өөрөөр хэлбэл Америкийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан хүмүүст өгдөг шагнал. 2004 онд Чикагод 4 хүнд энэ шагналыг олгосны нэгд нь би багтсан. Энэ үнэхээр санаандгүй зүйл болсон.
Яг шагнал гардуулах арга хэмжээнд оролцохдоо багагүй сандарсан. Гэвч хөтлөгчийн хүсэлтээр, тэр арга хэмжээнд оролцсон бүх хүмүүст зориулж "Шопены 7-р вальс"-ийг тоглосон . Энэ бол их хүндэтгэл байлаа.

Г.Г-Баяр хүргэе! Энэ бол үнэхээр том хүндэтгэл. Олон орны цагаачид дундаас монгол бүсгүй ийм шагнал хүртэнэ гэдэг мундаг үзүүлэлт. Энэ бол олон олон монголчуудад боломж болон урам зоригийг өгч байгаа хэрэг.
Б.М- Баярлалаа. Тийм шүү. Яг үнэндээ тухайн үед балмагдаад нэг их ойлгоогүй. Сүүлд нь энэ шагналын тухай уншиж танилцаад багагүй баярласан, бас өөрөөрөө бахархсан шүү. Надаас ч мундаг явж байгаа зөндөө олон монголчууд байгаа.

015Г.Г-Гэр бүлийнхээ тухай товч танилцуулж болох уу?
Б.М-Миний хань Ганхуяг балетчин. Бид 2 Дуурийн Театрт ажиллаж байхдаа танилцсан. 2 охин 1 хүүтэй. Toм охин маань Чикагогийн Балетийн Сургуульд 11 жил сурч байна. Бүжигчин болохгүй ч гэсэнгөө сайхны мэдрэмж, хувийн дэглэмд сураг гэж бодож анх энд оруулсан. Одоо бол өөрөө их дуртай, сургуулийнхаа бүх тоглолтод оролцдог. Өнгөрсөн 12 сард болсон З.Хангалын "Аяны шувуу" концертод анх удаа монгол балет бүжиглэсэн. Тэр үед охиноороо их бахархаж байлаа.
2 бага маань 7 настай, 3  настай. Ар гэр, хүүхдүүдийнхээ асуудлыг нөхөр минь зохицуулж байна. Би чинь үргэлж завгүй, цаг нартай уралдаж ажилладаг болохоор... Аав минь намайг өдий зэрэгтэй явах замыг минь тэр эрт зааж өгөөд, одоо болтол бүх талаар дэмжиж явдаг. Ээж минь хатуу ч гэсэн үнэн үгтэй сурган хүмүүжүүлэгч хүн бий. Эцэг эхийнхээ үгийг л үргэлж сонсож, түүнийг дээдэлж явдаг. Энэ бол монгол хүний нэг сайхан чанар нь юм шүү дээ.

Г.Г-Монголоос гараад удаж байгаа ч ДБЭТ-ынхантайгаа холбоотой байгаа юу?
Б.М-Холбоотой байгаа. Би саяхан монгол явж ирсэн. Цөөхөн хоног ч гэсэн ДБЭТ, СУИС, ХБК-ийн төгөлдөр хуурын хөгжимчид болон оюутнуудтай уулзаж ярилцсан. Яг өнөөдөр Монголд балетийн  төгөлдөр хуурчид бэлтгэж байгаа сургалт гэж алга. Одоо л бэлтгэж эхлэх хэрэгтэй байна. Өөрийн санал бодлоо солилцож зөндөө л ярилцсан.
Яг энэ асуудал дээр очихоор нөгөө л зардал мөнгөгүйн зовлон хэвээрээ. Намайг монголдоо ажиллаж байхад яригдаж байсан зовлон бэрхшээлүүд, сая очиход бараг хэвээрээ байгаа нь сэтгэл их зовоосон.
Хэрэв зардал мөнгөний асуудлыг шийдэж чадвал, Монголдоо очоод балетийн төгөлдөр хуурын чиглэлээр ядаж л 7-21 хоног сургалт явуулах хүсэл байна. Ядаж л арга зам, боломжийг нь зааж өгөх хэрэгтэй байдаг. Balanchine хэлбрээр яаж тоглох, ялгаа нь юу болох зэрэг шинэ соргог зүйл монголд минь их хэрэгтэй байна шүү дээ. Мөн нот их хэрэгтэй байгаа юм шиг санагдсан. Төгөлдөр хуурчид харж тоглоод урын сангаа баяжуулах хүсэл байвч, шинэ нот хангалттай биш байна. 
Мэдээж ямар нэгэн алхам хийх хэрэгтэй байна. Надад боломж л олдвол өөрийн мэдэж чадаж байгаа зүйлээсээ монголын залууст зааж сургавал хичнээн сайхан.  Гэхдээ нэг үеийг бодвол монголд сонгодог урлаг хөгжиж эхэлж байна. Энэ дээр л залуусыг бэлтгэж амжих хэрэгтэй.

Г.Г-Би ярилцлага хийж байгаа хүмүүстээ өөрийн эрхгүй л ''чи үнэхээр мундаг байнаа" гэж хэлдэг. Ярилцаад дуусахад хүртэл сэтгэлд нэг сайхан гэрэл гэгээ, урам зоригтой болдог гээч. Чи үнэхээр мундаг байнаа, чамаар бахархаж байна. Урд чинь зөндөө их боломж, амжилт, хөгжил байгаа. Чамд чин сэтгэлээсээ амжилт хүсье!
Б.М-Танд ч бас их баярлалаа. Ярилцаж суухад сайхан байлаа. . Одоо ч гэсэн гадаадад мэргэжлээрээ хичнээн мундаг түвшинд яваа олон монгол залуус байгаа. Бид өөрсдөө хичээх юм бол бүгдээрээ л амжилтад хүрэх боломжтой. Та нартаа эрүүл энх, саруул ухаан, авьяас билэг тань ундарч байхыг ерөөе.
Б.Мөнгөнчимэг найз нөхөд, уран бүтээлчдийнхээ хамтаар, хийл болон төгөлдөр хуурын хамтлаг байгуулж, сонгодог хөгжим болон гайхамшигт олон аялгууг тоглох болсон нь, Америкт байгаа монголчуудын оюун санаа болон сэтгэл зүрхэнд хүрч байгаа. Америкт байгаа монголчуудын эв нэгдэл, үр дүнтэй хамтын ажиллагаанд тэд өөрсдийн гэсэн орон зайтай болж байгаа нь хамгаас сайхан зүйл. Өөрсдийн мэргэжил болон ур чадвараараа бусаддаа гэрэл гэгээ, сэтгэлийн урам зориг өгнө гэдэг их ч буянтай үйлс.
Та бүхний гэр бүл болон уран бүтээлд тань хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монголчуудын сэтгэл зүрх оюун санаа, ямагт гайхамшигтай сайхан хөг аялгуунд, хичээл зүтгэлд, чин сэтгэлийн дэмжлэгт уяран, талархаж байх болтугай.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
e-mail:  gala_mn@yahoo.com


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.