05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

ШИНЭ ҮЕИЙНХЭН - Баярсайханы Халиунаа ("Монголчууд Америкт" цуврал ярилцлага-29)

Нэг. Намтрын товчоон

 

-1993 онд Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн
-Солонгос улсад бага дунд сургууль
-2003 оноос АНУ-д ирж дунд болон ахлах сургуульд суралцсан
-2012 онд UCLA \University of California, Los Angeles\ -д элсэн орж байгаа
:2005 онд АНУ-ын Ерөнхийлэгч Ж. Бушийн нэрэмжит шагнал
:2008 онд California Junior Scholarship Federation Honor Award
:2009 онд Лос-Анжелос хотын "Шилдэг монгол сурагч" шагнал
:2011 онд МЗХ-ны "Тэргүүний сурагч" алтан медаль

Хоёр. Харьд өнгөрүүлсэн хүүхэд нас

-Г.Галбадрах: Хаана төрж хаана өсөв?

-Б.Халиунаа: Би 1993 онд Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн гэдэг. Намайг төрсний дараа аав ээж 2 минь Солонгос Улсад ажиллахаар явж би эмээтэйгээ өссөн.Эмээ минь надад их тусалж, нөлөөлж байв. Намайг монголоор сайн ярьж сурахад эмээ л их тусалсан даа.

2 жилийн дараа Солонгост аав ээж дээрээ очиж, тэндээ 3 жил хамтдаа амьдарцгаалаа.Тэнд цэцэрлэгт явлаа. Би ганцаараа монгол, тэгээд ч солонгос хэл мэдэхгүй. Сайн санахгүй ч нэг л мэдэхэд солонгосоор ярьдаг болсон байсан. Сургуульд орох болсон чинь би үеийнхнээсээ 1 насаар эгч. Багш нар нь намайг 2-р ангид тест өгөхийг зөвлөлөө. Тестээ өгөөд 1-р ангийг алгасаж 2-р ангидаа орсон ч хэдэн сар хичээлдээ суугаад Монгол руугаа буцах болсон.

-Г.Галбадрах: Аав ээж 2 тань Монголдоо буцах болсон хэрэг байх?

-Б.Халиунаа: Тийм ээ. Монголдоо ирээд хэдэн сар болсон л доо. Тэгээд гэнэт Америк явах болоод дахиад л нүүж байгаа юм. Монголдоо ирээд Солонгост дасчихсан байсан болохоор аав ээж 2-оосоо "Эмээгээ аваад Солонгост буцаж очьё" гэж гуйдаг байсан гэсэн.

-Г.Галбадрах:Америкт ирээд?
-Б.Халиунаа: Анх бид Лос-Анжелост буугаад Солонгос таунд очсон юм билээ. Кинонд харж байснаар Америкийг нэг их өндөр өндөр барилгуудтайгаар төсөөлж байсан чинь Солонгос таунд ирээд их л гайхаж байгаа юм. Солонгос таунд бүх л газрууд нь солонгос хаягтай, яг л Солонгост байгаа юм шиг л санагдаж байв. Тэгээд л амьдрал эхэлсэн. Нэг байр хөлсөлж, юу байхгүй болохоор бүгдээрээ газарт унтацгаана.Аав ээж 2 минь ажил хайж, яваандаа жаахан учраа олж байгаа юм. Тэр үед Иракийн дайн эхэлж байсныг сайн санаж байна.

Тэгсээр 4 сард сургуульдаа орлоо. 3 дахь удаагаа 3-р ангид орж байгаа юм. Англи хэл мэдэхгүй болохоор бүх зүйл шинээр эхэлж байлаа.

-Г.Галбадрах: Англи хэлийг хэр хурдан сурав даа?
-Б.Халиунаа: Манай ангид нэг солонгос охин байсан юм. Түүнтэй анх солонгосоор яриад найзаллаа. 2 сар болж байхад дахиад нэг солонгос хүүхэд нэмэгдэж ирснээр 3 -уулаа болоод найзалсан. Би математикийн хичээлдээ сайн хэрнээ англи хэлэндээ тааруухан. Англи хэлийг сайн сурахыг хичээж байсан ч 4-р ангидаа арай гайгүй болж 5-р ангидаа нилээд сайжирсан. Солонгос хүүхдүүдтэй найзалж байсан ч бид хоорондоо битүүхэндээ өрсөлдөцгөөнө. Найз минь аль нэгэн хичээлдээ сайн үнэлэгдэж урамшуулал авахад нь түүнээс давахын тулд хичээлдээ улам л чармайна. Гэхдээ бие биедээ тусалдаг сайн найзууд хэвээрээ. Энэ нууцхан өрсөлдөөн намайг их ч хөгжүүлсэн. Бас солонгос хүүхдүүдтэй найзлахаар солонгос хэлэндээ ч их сайн болж байгаа юм. 7-р ангидаа ороод америк хүүхдүүдтэй найзалж, америкийн амьдралд дасч эхлэв.

Гурав: Америкийн дунд болон ахлах сургууль

khaliun2-Г.Галбадрах: Чи түрүүн Америкийн дунд сургуулийн урамшууллын тухай дурдлаа шүү дээ. Тийн урамшууллын талаар ярьж өгөөч.

-Б.Халиунаа: Америкийн дунд сургуульд хүүхдүүдийг сайн чаддаг зүйлээр нь их урамшуулдаг юм. Олон ч янзын шагнал урамшуулал өгнө. Сар болгон л сайн хичээсэн хүүхдүүдэд урам өгдөг. Энэ нь шагнал гэхээсээ "чи үүнийг сайн хийж чадаж байна" гэсэн утгатай урамшуулал юм. Жишээ нь аль нэгэн хичээлд үнэхээр сайн хичээсэн бол урамшуулал өгнө. "Сарын шилдэг хүүхэд", "Сард хичээлээ таслаагүй хүүхэд", "Математикийн хичээлд сайн сурсан хүүхэд" гэхчилэн. Ийм урамшуулал авсан хүүхэд дараагийн сард улиралд улам л их хичээж байгаа юм.

Америкийн сургуульд хичээл таслахгүй байхыг ихэд онцлон хүндэтгэж үздэг. \Тэрээр надад хавтас дүүрэн өөрөө авсан урамшууллын шагналуудаа үзүүлэв\

Дунд болон ахлах сургуульд амжилттай сайн суралцсан хүүхдүүдэд тусгай тэмдэг бүхий шагналыг бүх хүүхдүүдийн өмнө хүндэтгэлтэйгээр гардуулан өгнө. 2005 онд АНУ-ын Ерөнхийлэгч Ж.Буш болон эхнэрийнх нь гарын үсэгтэй шагналыг авахдаа би их ч баярлаж урам орсон. Яг үүн шиг Монгол Улсын Ерөнхийлэгчийн гарын үсэгтэй шагналыг Монголын дунд, ахлах сургуулийн хүүхдүүдэд өгдөг бол тэд их баярлана даа гэж тэр үед бодож байсан. \ Ерөнхийлэгчийн гарын үсэгтэй шагнал нь President s Educatoin Awards Program гэсэн толгойтой бас тэмдэгтэй байв\

Бас тэр жил Лос-Анжелосийн Монголчуудын Холбооноос зарласан зургийн уралдаанд оролцож шагнал авсан л даа. Би тийм сайн зурж чаддагүй ч миний гаргасан санааг "их сайн болж" гэж үнэлж байсан. Тэгэхэд надад алив зүйлд "санаа их чухал юм" гэсэн ойлголт үлдсэн.

-Г.Галбадрах:Америкийн дунд сургуулиудад тухайн хичээлийн агуулгыг эзэмшүүлдэг онцлог нь юу байна?
-Б.Халиунаа: Монголд бүх хүүхдүүд сайн ч муу ч сурсан нэг ангидаа хамт л яваад байдаг. Америкт бол тухайн программыг сайн эзэмшсэн нь цаашаа ахиад л яваад байна. Хэрэв программаа эзэмшиж чадаагүй бол түүнийг заавал эзэмшсэний дараа л дараагийн программ руу ордог. Гэхдээ тэр хүүхдэд тэр программыг эзэмших бүх л боломжийг олгодог. Энэ зарчмаараа хүүхдүүд анги ахих тусмаа чадвараараа ялгарч эхэлдэг. Нэг ёсондоо сайн сурах чадвартай хүүхдүүдэд улам ч шахаж, илүү боломж олгоод, сурч чадахгүй хүүхдэд тодорхой түвшинд сурах боломж олгож байгаа юм шиг гэх үү дээ.

-Г.Галбадрах: Тэгэхээр ахлах сургуульд бүр илүү шаардлага тавигддаг гэсэн үг байх.

-Б.Халиунаа: Ахлах сургуульд ороход эхний өдрөөс л "Чи ирээдүйд хэн болохоо одоо л бодож эхлэ" гэдэг. Тэгэхээр тэр цагаас ирээдүйнхээ тухай бодож өмнөө зорилго тавьж эхэлнэ гэсэн үг. Зорилготой болчих юм бол боломжууд илүү олдоод байна. Хичээлээ сайн хийгээд л байх юм бол боломжууд олддог. Хичээлээ хийхгүй байх юм бол боломжууд улам л багасна.

-Г.Галбадрах:Чамайг " их хичээж байж дээ" гэж бодогдож байна?
-Б.Халиунаа: Анх дасахад их хэцүү байсан. "Би чадахгүй юм байна" гэж бодож шантрах үе байсан. Аав ээж 2 минь их зүйлийг хэлж өгдөг байлаа. Аймаар их ч үглэдэг байсан \инээв\. Заримдаа ч залхмаар шүү дээ. Тэр үед стресстээд л , уурлаад л. Дараа нь эргээд бодож байхад миний төлөө санаа зовж, надад хэрэгтэй зүйлийг л хэлж байсныг ойлгож байлаа.

Намайг 8-р ангид орж байхад миний дүү төрсөн юм. Их хол зөрөөтэй төрсөн ч дүүдээ л анхаарлаа хандуулах болсон. Дүүгээ харж байхдаа "Тэлмэн намайг л харж өснө шүү дээ" гэж бодоод хичээлээ их сайн хийнэ. Дүүтэй болсон минь надад бас сайнаар нөлөөлсөн шүү. Одоо ч дүүдээ бүх талаар л үлгэр жишээ байхыг хичээж байгаа.

-Г.Галбадрах: Яг л чамтай адилаар Америкийн дунд, ахлах сургуульд суралцаж байгаа олон монгол хүүхдүүд бий.
-Б.Халиунаа: Монгол хүүхдийн сэтгэхүй их мундаг. Гэхдээ үүнийгээ сайн ашигладаггүй тал бий. Зарим монгол хүүхдүүд их залхуугаасаа болоод өөртөө байгаа боломжоо ашиглаж чадахгүй алдаад байгаа юм шиг санагддаг. Нөгөө талаас монгол хүүхдүүд ямар нэгэн зүйлийн тухай муугаар эхэлж бодоод байх шиг. Ямар нэгэн хүүхэдтэй найзалсан ч, хамтраад юм хийсэн ч "энэ бүтэхгүй байхаа" гэж эхлээд бодож хайнга хандах нь зөндөө. Гэтэл Америк хүүхдүүд хичээлдээ тийм ч сайн биш байсан ч алив зүйлийг дандаа өөдрөг сайхнаар хардаг, бас аль болохоор болгож бүтээхийг хичээдэг. Энэ нь багаасаа өссөн орчноосоо ч болдог байх.

-Г.Галбадрах: Тийм тал байж магадгүй. Тэгэхээр гэр бүлийн орчин болон аав ээжийн хандлагаас хамаарч байж болох юм.
-Б.Халиунаа: Манай монголчуудын хувьд аав ээж нь ажил хийгээд амьдралынхаа төлөө явж байгаа болохоор хүүхдүүддээ анхаарал тавих нь бага. Тэгээд ч англи хэл сайн мэдэхгүй болохоор сургууль дээр нь очиж уулздаггүй, хичээлийг давтуулж тусалж чаддаггүй. Зөвхөн хүссэн мөнгийг нь өгөөд байхад сайн болохгүй л дээ. Америкийн ахлах сургуулиудад муу нөлөө зөндөө бий. Ахлах ангид орохоороо хүүхдүүд өөрийгөө олж мэдрэх гэж юм юмыг сонирхдог. Гэтэл ахлах сургуулийн хүүхдүүд ихэвчлэн групп группээрээ бие биедээ сайн муугаар нөлөөлөх тохиолдол элбэг. Хар тамхи хүртэл хэрэглэдэг тохиолдол зөндөө. Заримдаа бие засах газраас гарч яваа зарим хүүхдүүдийн хажуугаар зөрөөд өнгөрөхөд л эвгүй муухай үнэр нь анзаардагддаг. Гэтэл тийм юм сонирхоод, өөрийгөө татаж авч чадахгүйгээр муу зуршилд орж болно шүү дээ.

Эцэг эхчүүд нь өөрийнхөө хүүхдүүдийг "ухаантай" гэж боддог. Харин ийм насан дээрээ л хүүхдүүд хожим хэн болох нь мэдрэгддэг юм даа. Зөвхөн хүссэн мөнгөө аваад л байвал аав ээжтэйгээ ойлголцохгүй л дээ.

khaliun3Дөрөв. "Монгол клуб"-ийн тухай

-Г.Галбадрах: Тийм ээ, энэ талаар чамтай санал нийлж байна. Бид болохоор "монгол хүүхдүүд мундаг гэж бодож, мундаг байгаасай" гэж хүсдэг. Монгол гэдгээрээ бахархах бахархал бас хэрэгтэй мэт.
-Б.Халиунаа: Намайг 9-р ангид ороход хүүхдүүд надаас "чи солонгос уу?" гэж асуулаа. "Үгүй ээ би монгол" гэсэн чинь тэд гайхаад л "Монгол гэж хаана, ямар улс байдаг юм бэ?" гэж сонирхон асуугаад байсан. Тэгэхэд л би "эд нар яагаад Монголыг мэдэхгүй байгаа юм бол?" гэж гайхсан. Яг үнэндээ залуус "Чингис" гэхээр мэдээд "Монгол" гэхээр мэддэггүй юм билээ. Тэгээд хамт суралцдаг монгол хүүхдүүдтэйгээ нийлээд сургууль дээрээ "Монгол клуб " гэж нээлээ. Сургуулиуд дээр тийм клубууд зөндөө байдаг юм.

Цайны цагийн 30 минутад хүүхдүүдэд Монголоо сурталчилна. Эхлээд хүүхдүүд цуглуулаад Монголын тухай танилцуулж, тэдний сонирхсон асуултуудад хариулж байсан. Дараа нь цамц, футболк дээр уйгаржин монгол бичгээр "Монгол" гэж бичүүлээд тараасан. Хэрдээ л хичээж ажиллаж байв. Бид 2 жилийн хугацаанд 60 гаруй үйл ажиллагаа явуулсан.

-Г.Галбадрах:Мэдээж энэ клубийг байгуулахдаа тодорхой зорилго тавьсан байх?
-Б.Халиунаа: "Бид монгол хүүхдүүд мөн үү?" гэж асуувал найз нар минь " Мөн, чи ямар тэнэг юм асуугаад байгаа юм бэ?" гэж бодож болох л доо. Гэхдээ надад "Монгол хүүхэд" гэдгээс өөр хариултгүй болчих вий" гэдэг айдас байдаг. Өөрөөр хэлбэл бид "Монгол" гэх үнэт зүйл \values\сээсээ өөрсдөө мэдэхгүй салж байгаа юм биш байгаа.

..."Миний аав ээж, өвөө эмээ тэдэн онд тэндээс нүүж ирсэн юм гэнэ билээ"гээд ярьж байдаг жишээ, Америкт суралцаж байгаа хүүхдүүдийн дунд зөндөө байдаг. Тэгэхээр шинэ үеийхэн \second generation\ бидний хувьд Монгол орныхоо түүх соёл, уламжлалаа хадгалж үлдэх нь чухал юм. Хүссэн хүсээгүй бид гадны улсад өсч торниж байгаа. Тэгээд л энэ клубийг ажиллуулж эхэлсэн. Клубийг ажиллуулахын тулд бид өөрсдөө Монголынхоо тухай маш их зүйлийг уншиж судлах хэрэгтэй байлаа. Нөгөө талаар бид Монголынхоо төлөө энэ газарт сэтгэлээрээ нэгдэж чадсан.

-Г.Галбадрах: Энэ бол сайхан санаачлага байна.
-Б.Халиунаа: Эхэндээ 20 шахам монгол хүүхдүүд энэ ажлыг эхэлсэн. 7 хоног бүрийн 4 дэх өдөр цайны цагийн 30 минутын хугацаанд. Бага хугацаанд олон ч ажлыг амжуулдаг болгож биднийг сургасан. Харамсалтай нь монгол хүүхдүүд маань аажим аажмаар цөөрсөөр сүүлдээ 5-уулаа үлдсэн дээ. Зарим хүүхдүүдэд маань энэ хугацаанд Монголоо сурталчилж байснаас өөр хүүхдүүдтэй хамтдаа хоолоо идэж байсан нь дээр гэж санагдсан байж магадгүй. Гэтэл биднийг сонирхдог бусад орны хүүхдүүд цөөрөөгүй. Энэ жил би сургуулиа төгсөж байгаа болохоор өөр хүүхдүүдэд клубийнхээ ажлыг санал болгож байгаа.

Уг нь монгол хүүхдүүд суралцдаг бүх л сургуулиудад ийм клубтэй болчихвол, тэгээд үүнийг нь тэр хотод байгаа Монголчуудын Холбоо болон бусад байгууллагууд дэмждэг болчихвол сайхан л даа. Энэ жил сургуулиудад элсэх өргөдөлдөө энэ тухайгаа бичсэн нь надад бас сайнаар нөлөөлсөн байж магадгүй.

Тав.Өөдрөг ирээдүй

-Г.Галбадрах: Чиний яриаг сонсож суухад өөртөө итгэлтэй байдал мэдрэгдэж байна.
-Б.Халиунаа: Хүн болгон анхнаасаа мундаг байдаггүй л дээ. Өөрөө өөрийгөө л ялэх хэрэгтэй. Жишээ нь: Биеийн тамирын хичээл дээр сургуулийн талбайг 4 удаа тойрч барианд хүрэх ёстой. Үүнийг бид байнга хийдэг ч миний хувьд барианд орох нь гол зорилго. Бусад хүүхдүүд " ингэж биеэ зовоож яанаа, алхаад л хүрч болно шүү дээ" гэж хэлж байсан ч би гүйх л ёстой. Энэ бол миний хувьд аливаад хандах хандлага минь болдог.

Бид бие хүн болж төлөвших шилжилтийг туулж байгаа өсвөр насныхан. Энэ нь магадгүй, насан туршдаа бусдад үнэлүүлэх зан суртахуун минь энэ мөчид тогтох болно гэсэн үг. Мэдээж бидний хэн нь ч азгүй, ааш араншин муутай, амжилтад хүрч чадаагүй нэгэн болохыг хүсэхгүй. Тэгвэл бид өөртөө эерэг чиг хандлагыг аливаа үйл үйлдэл бүхэндээ сонгосноор амжилтад хүрнэ.

-Г.Галбадрах: Зорилго нь тодорхой болох юм бол хүмүүс маш олон оролдлгыг хийж чаддаг.
-Б.Халиунаа: "Үүнийг хийгээд үзье, бүтэхгүй байсан ч би алдахгүй" гэж өөртөө хэлдэг. Хэрэв бүтвэл сайн. Бүтэхгүй байхад энэ нь туршлага болж үлдэнэ. Харин дараагийн удаад би арай өөрөөр хандана. Хүн ер нь өөрөө л хичээгээд байх юм бол ажил үйлс аяндаа л бүтээд байдаг.

Би энэ жил сургуулиа төгсөхөөс өмнө 7 сургуулд өргөдлөө өгсөн. Эхний сургуульдаа өргөдлөө өгөхдөө, "бүтвэл сайн, бүтэхгүй байсан ч би алдахгүй" гэж бодсон. Гэтэл эднээс
-University of California Los Angeles (UCLA)
-University of California San Diego (UCSD)
-University of California Santa Barbara (UCSB)
-California State University Nortridge (CSUN)
4 сургууль зөвшөөрсөн хариу ирүүлсэн. Тэгээд би эндээс UCLA -г сонгосон л доо.

-Г.Галбадрах: Энэ сонголтод тань юу нөлөөлсөн гэж?
-Б.Халиунаа: UCLA бол АНУ-ын тэргүүлэх сургуулийн нэг төдийгүй, Калифорнь муждаа эхний 2-т ордог, энэ чиглэлээрээ дэлхийд эхний 25-д багтдаг юм билээ. Энэ жил энэ сургуульд элсэхээр 90 гаруй мянган сурагчид хандсанаас 10 орчим хувь нь суралцах боломжтой болсон гэсэн.

-Г.Галбадрах: Цаашид ямар мэргэжлээр суралцах бодолтой байгаа вэ?
-Б.Халиунаа: Би олон улсын харилцааны чиглэлээр суралцаж, тэр дундаа дипломатч болох сонирхолтой. Би солонгос англиар ярьдаг, бас хятад хэлийг сонирхож байгаа. Өөр ч олон хэлийг сурах хүсэлтэй. Монгол орон минь газар нутаг их томтой. Ихэнх нь ашиглагдахгүй байгаа. Магадгүй ирээдүйд энэ чиглэлээр гадаадын олон улс орнууд сонирхох байх. Тэгэхээр бид өөрсдөө гадаад харилцааны чиглэлээр сайн мэргэжилтэн болох хэрэгтэй байна. Ер нь дэлхий ертөнц хил хязгааргүй, нээлттэй болж байгаа нөхцөлд гадны улс орнуудтай харилцах харилцаа их чухал. Бид одооноос л Монгол орныхоо ирээдүйн талаар бодож байх хэрэгтэй болно. Миний дараагийн мөрөөдөл болон алхам минь Stanford-ын Их сургууль байх болно.

-Г.Галбадрах: Баяр хүргэе, өөдрөг сайхан хүсэл мөрөөдөл, зорилго байна. Дипломатч болох хүнд маш олон чадварууд хэрэгтэй. Түүнээс гадна хувийн үзэл бодол, итгэл үнэмшил, соёл болон хөгжил ч их чухал байх.
-Б.Халиунаа: Тэгэлгүй яахав, өөрийгөө бэлтгэнээ. Би 10-р ангид байхаасаа ажил хийж эхэлсэн. Солонгос ресторанд кассчин. 7 хоногт 10 цаг ажилладаг юм. Мөнгөндөө гол нь биш, хүмүүстэй харилцаж сурахад их хэрэг болж байгаа. Харин авч буй цалингаараа өөрийнхөө ойр зуурын хэрэгцээг хангачихна. Ингэж ажиллахдаа мөнгөний үнэ цэнийг л их сайн мэддэг болж байна. Хүмүүс хэрхэн ажиллаж, амжиргааны өртгөө олж, яаж зарцуулдагийг анзаарч байгаа.

Би ер нь азтай. Дандаа л сайн хүмүүстэй тааралддаг юм. Тэгж уулзаж найзалсан хүмүүстэйгээ одоо хүртэл холбоотой байдаг. Заримдаа янз бүрийн хүмүүстэй тааралддаг. Хэрвээ надад таалагдахгүй бол зай бариад л холдчихдог. Заавал муудалцах хэрэггүй юм шиг билээ. Солонгосчуудын ахмад хүмүүсээ их хүндэлдэг, дүү нараа сайн асардаг заншил нь надад их таалагддаг юм. Монголчууд ч бас тийм заншилтай байсан, харин одоо жаахан алдагдаад байгаа юм шиг санагдаад байдаг юм.

-Г.Галбадрах: Гэхдээ энэ нь залуус та нараас их шалтгаална шүү дээ. Гэр бүлийнхнээ танилцуулаач.
-Б.Халиунаа: Манай ам бүл 4, аав ээж дүүгийын хамт амьдардаг.Аавыг минь Гомбын Баярсайхан, ээжийг минь Батцэрэнгийн Энхжаргал, дүүг минь Тэлмэн гэдэг.Миний дүү одоо дөнгөж 4 настай.

-Г.Галбадрах: Энэ жил ахлах сургуулиа амжилттай төгсөж, АНУ-ын нэр хүндтэй сургуульд элсэж байгаад тань баяр хүргэе. Уулзаж чин сэтгэлээсээ илэн далангүй ярилцсанд баярлалаа. Цаашдын хичээл сурлагад тань амжилт хүсч, өөдрөг хүсэл мөрөөдөл тань сэтгэлчлэн бүтэх болтугай гэж ерөөе.
-Б.Халиунаа: Танд ч бас их баярлалаа. Бид АНУ-ын соёл боловсрол, хуулийн орчны хүрээнд өсөн торниж байгаа "шинэ үеийнхэн". Аав ээж нарын минь хөлс, хөдөлмөр энэ цаг мөчид биднийг хүргэж ирлээ. Цаашдаа "Монгол" хэмээх эрхэм нэрийг хадгалан хамгаалж явах нь бид бүхний хичээл, хөдөлмөр зүтгэлээс хамаарах ёстойг ухаарах хэрэгтэй болж байна. Бид дор бүрнээ хичээх болноо.

...Лос-Анжелост би тэдний гэрт зочлон очиж Б.Халиунаатай уулзаж ярилцсан юм. Б.Халиунаагийн хэлсэнчлэн өдгөө гадаадын олон улс орнуудад төрж өсч, суралцаж байгаа монгол хүүхдүүд бол "шинэ үеийнхэн". Өсч хүмүүжиж байгаа орчноосоо хамаараад тэдний сэтгэхүй болон төлөвшил нь огт өөр байгаа. Энэ бол анхаарч судлах ёстой шинэ үзэгдэл. Бас бидний санааг зовоосон асуудал.

Миний мэдэхийн АНУ-д ажилаж амьдарч байгаа аав ээжүүдийн олон хүүхдүүд мундаг сайн яваа. Бас болохгүй бүтэхгүй, санаа зовоон шаналгаж байгаа хүүхдүүд ч бий. Б.Халиунаа бол тэдний л нэг. Хамгийн мундаг нь ч биш ч тэдний нэгэн төлөөлөл. Тийм болохоор би уулзаж ярилцахыг хүссэн хэрэг. Эндээс бид олж харах зүйлээ олж харах, анзаарах цаг болж байна. Ажил амьдралын ачаа болон амжиргааны өртгөө залгуулах гэж үүртэж яваа олон монгол эцэг эхчүүд өөрсдийнхөө жаргалын төлөө бус, үр хүүхдийнхээ сайхан ирээдүйн төлөө л зүтгэж байгаа.

Харин үүнийг ойлгож талархаж байгаа, эс ойлгож тэнэглэж байгаа нь хэд болохыг бид мэдэхгүй.
Харин тэдэнд олон олон сайн "үлгэр жишээ" хэрэгтэй байгааг бид сайн мэдэж байгаа. Тийм болохоор ийм монгол хүүхдүүдийг сурвалжлан олж тэдний тухай бусдад сайн жишээ болгон, байгаа олон боломжуудыг мэдрүүлэх хэрэгтэй байна. Үүний төлөө энэ олон мэдээллийн сувгууд ажиллаж байвал сайн сан. Үр хүүхдээ "эрхэм баян" гэж үзэж, "номонд мэргэн, нойронд сэргэг" байхыг сургаж, "эдээр биеэ чимэхээр эрдмээр биеэ чимэх"-ийг захидаг Монгол үндэстэн бидний үнэт чанаруудын нэг нь энэ.

МОНГОЛЫН САРУУЛ УХААНТ ҮРС ОЛОН БОЛТУГАЙ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.