05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

"ААВЫНХАА ХҮСЛИЙГ ГҮЙЦЭЭНЭ"-ЯРИЛЦЛАГА-ЦУВРАЛ 9

gungaa1
...Түүнтэй уулзахаар би Сан-Францискогийн Беркелеи дахь Harding ахлах сургууль дээр очсон юм. Хэлгүй сонсголгүй хүүхдүүдэд зориулсан онцгой боловсролын программтай энэхүү ердийн ахлах сургуульд Т. Гунгаа туслах багшаар ажилладаг аж. Намайг ихэд сонирхсон түүний шавь нар надтай “nice to meet you” гэж америк дохиогоор мэндчилж, бас энэ дохиогоо надад зааж өгцгөөлөө. Энэ сургуулийн үндсэн багш Англи гаралтай Rachel Zemach  надад Т.Гунгаагийн тухай ихэд бахархалтайгаар магтан ярьж, түүнд маш их ирээдүй байгаа, түүнтэй хамт ажиллаж байгаадаа маш их баяртай байгаа тухайгаа ярьсан.
Хэлгүй сонсголгүй хэрнээ энэхүү өвөрмөц ертөнцдөө хийж бүтээсэн, бахархах зүйл ихтэй энэ бүсгүйтэй энэ ертөнцөд нь нэгэн өдөр хамтдаа байж, ярилцлаа.
 
 
Түвшинбатын Гунгаа
Нэг. Намтрын товчоон

-Завхан аймагт төрсөн
-1991 онд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн дунд сургууль төгссөн
-1998 онд Улаанбаатар хотод ДУДэС-ийг бакалавр зэрэгтэй төгссөн
-1992-2000 онуудад   Хүүхдийн мульт медиа хүрээлэнд хүүхэлдэйн киноны зураач
"Цөлийн гэгээ" кино компанид туслах зураачаар тус тус ажилласан
-2009 онд Berkeley City College-d  суралцаж төгссөн
"Apple" худалдааны төвд компьютер мэдээллийн системийн мэргэжилтэн
-2010 оноос  Academy Art of University -д "kино найруулагчийн  мэргэжлээр суралцаж
Harding дунд сургуульд туслах багшаар ажиллаж байна
 
Хоёр: Бага насны он жилүүд
 
Г.Г-Уучлаарай хэлгүй сонсголгүй болсон харамсалтай тавилангийнхаа тухай ярьж болох уу?
Т.Г-Би айлын том хүүхэд болж төрсөн. 5 настай байхдаа хүндээр өвдөж, амь насаа авч үлдэх сонголт дээр хийлгэсэн тарианы улмаас хэлгүй, сонсголгүй болсон. Өвдөж шаналж байхдаа "Тэнгэрээс цагаан морьтой, цав цагаан дээлтэй, цав цагаан сахалтай өвгөн намайг дуудаад байна. Aаваа намайг битгий өгөөрэй " гээд аавыгаа тэврээд уйлаад байсан гэдэг. Мэдээж намайг амьд үлдээх гэж, бас эдгээх гэж аав ээж 2 минь бүх л боломжийг хайж, аргаа л барцгаасан. Эцэстээ бүгдээрээ л энэ хувь тавилантайгаа эвлэрцгээсэн дээ.
 
 
Г.Г-Сургуульд орохдоо 29-р сургуульд орсон уу?
Т.Г-6 настайдаа 29-р сургуулийн 1-р ангид орсон. Байнга л "Буратино" зурж, "Буратино"-гоор тоглодог байсан гэдэг. 29-р сургуульд ороод миний анхны хэл болох монгол дохионы хэл сурч, амны хайрцгаар уншиж сурлаа. Ээж минь бага ангийн багш байсан болохоор намайг хичээлээс ирэхэд өөрөө яс сууж миний хичээлийг давтуулдаг. Ээж бид 2-ыг хичээлээ давтах үед дүү нар минь тойрч суугаад сонирхоно. Тэгсээр тэд ч бас дохионы хэл сурцгаасан. Тухайн үед тэд маань надаас дутахгүй сурсан байсан.
Ээж минь охиныхоо төлөө санаа зовсон сэтгэлээрээ 29-р сургуулийн багш нараас ч илүү зүтгэл гаргаж намайг сургасан даа.
 
 
Г.Г-Эх хүн л үр хүүхдийнхээ төлөө бусдаас илүү шаналж, бусдаас илүүг хийж чаддаг.
Т.Г- Миний ээжийг Амаржаргал гэдэг. Одоо ч миний хамгийн сайн найз, бас хамгийн сайн зөвлөж туслагч хэвээрээ. Ээж минь надтай хичээллэж байхдаа, намайг өөрөө илүү сайн сургаж чадах юм байна гэдгээ мэдээд, 29-р сургуулиас гаргаж өөрийнхөө ангид авсан. Үүний тулд заах ангиа надад тааруулан өөрчилж байсан гэдэг.
Ердийн хүүхдүүдийн хичээлд би эрүүл хүүхдүүдийн адил л сурсан. Хичээлийн үед хүүхдийн хажууд суугаад хичээлээ хуулж бичнэ. Тэр явцдаа уншиж ойлгоно. Ер нь боломжийн сурсан шүү.
Би ер нь их ч хөдөлгөөнтэй, дүрсгүй талдаа байсан болохоор анги ахих тусмаа ангидаа "атаман" болж эхэллээ. Сургууль дотроо нилээд эрх дураараа, харин гэртээ бол ээжийн хяналт дор томоотой. Нилээд хугацааны дараа миний дураараа, сахилгагүй, дээрэлхүү байдал ээжид мэдэгдэж, ээж минь намайг нилээд зэмлэж "номхруулсан" даа.
 
 
Г.Г- Дунд сургуулиа төгсөөд ямар сонголт хийв?
Т.Г-Би багадаа их зурах дуртай, бас бага зэрэг авьяастай байсан байх. Дунд сургуульд сурч байхдаа хэд хэдэн удаа зургийн уралдаанд оролцож шагнал авч байлаа. Мэдээж хэлгүй сонсголгүй болохоор өөрийн бодол санаа, хүсэл мөрөөдлөө зургаар илэрхийлэх боломж нь илүү байсан байх. 8-р ангиа төгсөөд СУИС-ийн харьяа Дүрслэх Урлагийн Дунд Сургуульд шалгалт өгч тэнцээд Төмөрбаатар багшийн шавь болсон. Дараа нь ДУДэС- гээд нийтдээ 6 жил суралцаж, амжилттай төгссөн.
...Түүний зурсан зургуудыг үзэж байхад өвөрмөц дүрслэлтэй, өнгө будгийн сонин зохицолдоотой, ихэвчлэн үндэсний агуулга өгүүлэмжтэй байлаа. Монгол бүсгүй болон байгаль, амьтны сэдэвтэй зургууд нь илүү сонирхолтой санагдсан. Харин сүүлийн үеийн зургууддаа монгол гэрийн дүрслэлийг бэлэгдлийн шинжтэйгээр ихэд хослуулсан нь нилээд өвөрмөц байв.
 
Гурав: Хөдөлмөрлөж зүтгэсэн он жилүүд
 
Shooting_in_LA_1_of_1Г.Г-Чиний зургууд нилээд өвөрмөц зохиомжтой юм. Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажилласан уу?
Т.Г- Сургуулиа төгсөөд аавтайгаа хамт ажиллах гэж кино үйлдвэрт очсон. Аавыгаа дагаж кино зурганд их явна. Миний аавыг Түвшинбат гэдэг. Кино зураглаач хүн л дээ. Их ч олон сайхан бүтээл хийж, өөрийн бүтээлээрээ " ГОО МАРАЛ " наадмын тэргүүн шагнал авч байсан юм.
Би аавынхаа эрх охин нь. Аав минь энэ амьдралд намайг гоо сайхан, уран бүтээл хэмээх агуу тогоо рүү гараас минь хөтөлж оруулсан. Их ч зүйл зааж, их ч зүйл ойлгуулж, их ч зүйлд сургажээ. Алив зүйлд бууж өгдөггүй шазруун, бас өөрийнхөөрөө зүтгэдэг занг би ааваасаа л өвлөж авсан байх.
Аав минь миний бахархал. Харамсалтай нь аав минь саяхан бурхан болсон доо.
 
 
Г.Г-Харамсалтай байна. Аавыг тань би мэдэх юм. Сайн ч уран бүтээлч байсан. Мэдээж чамд нилээд сайнаар нөлөөсөн байх л даа.
Т.Г-Миний аав охиндоо урмын үг барагтай л бол хэлэхгүй их чанга хүн. Тэр хэрээр би өөрийгөө улам ч ирлэж, ааваасаа сайхан үг сонсох гэсэн хор шараар буцалж л явсан. Хүнд зөв хор шар байх хэрэгтэй гэж аав минь ярьдаг байсан.
Ээж aавынхаа итгэлийг алдахгүй гэсэндээ би өөрийгөө улам л ирлэж амьдардаг. Ингэж хичээснийхээ хүчинд өөрийн хүссэн олон алхмуудыг хийж, олон ч бэрхшээлийг даван туулж байлаа. Гол нь би ямар нэгэн бэрхшээлд бууж өгөх дургүй хүн юм шиг байгаа юм. Харин аав минь болохоор зөөлөн байх юмандаа зөөлөн байж, хатуу байх зүйлдээ хатуу байж чаддаг эгэл жирийн монгол эр хүн байсан даа.
 
 
Г.Г- Мэдээж чи уран бүтээлээ хийж байсан байх?
OrlooТ.Г-Тийм ээ! Мэргэжилдээ дуртай болохоороо зурж байсан л даа.  Намайг ДУДэС-д суралцаж байхад танилцсан америк багш, надад америк дохионы хэл зааж өгч, бас олон зүйл дээр намайг дэмжиж тусалж байв. Ингээд л гадаад дохионы хэл сурсан миний хувьд, 2001 оны өвөл анх удаа Хонг-Конгд 29-р сургуулийн зургийн багш Дашдэндэв, өөр нэг багш нарын хамт Азийн Сонсголын бэрхшээлтэй улсуудын Asian Pacific Conference уулзалтад оролцож, дэлхийгээр тойрч болох анхны гараагаа эхэлсэн дээ.
Харин 2002 онд АНУ-д болсон "Deaf Way 2" нэртэй урлагийн томоохон наадамд Монголоос 10 бүтээлчдийг оролцуулах урилга ирлээ. Энэ наадамд оролцох уран бүтээлчдээс, би уран зургаар оролцсон л доо. Энэ болгонд би "юм үзэж, нүд тайлж", их олон боломжуудыг мэдэрч байлаа.
2002 оны өвөл Gallaudet-д уран зургийн чиглэлээр сурахаар ирээд 3 сар суралцаад сургуулиасаа гарсан.
 
 
Г.Г- Яагаад Gallaudet-эд суралцахаас татгалзсан гэж?
Т.Г-Нэг талаас Gallaudet-д суралцахад надад тэтгэлэг олдоогүй. Жилийн 26000$-ын төлбөрийг би төлж дийлэхгүй байсан. Нөгөө талаас Монголд ДУДэС-д суралцаад төгсчихсөн байсан надад энэ сургуулийн уран зургийн хөтөлбөр нь таалагдаагүй. Энд уран зургийг анхан шатнаас нь зааж эхэлдэг бол, би энэ чиглэлээр сургууль төгсчихсөн байдаг. Яг үнэндээ Монголын ДУДэС-ийн сургалт нь их ч сайн шүү дээ.
 
 
Г.Г- Сургуулиа орхиод?...
ZuuZuuТ.Г- Сургуулиа орхиод монголдоо буцаж ирээд зургаа зурж эхэллээ. Худалдаа Хөгжлийн Банк, ХААН банк болон хувь хүмүүс намайг дэмжиж, миний зурсан зургуудаас худалдаж авдаг байсан л даа. Надад АНУ-д зорчих 10 жилийн виз байсан болохоор хэд хэдэн удаа Америкт ирээд буцаж байв. Нью-Йоркд намайг тусалж дэмждэг "хуурай" аав ээжтэй ч болсон. Миний зурсан зургуудыг тэдний найз нар сонирхож, заримдаа худалдаж авцгаадаг, заримдаа захиалж зуруулдаг ч байсан.
Нэг удаа намайг Нью- Йоркд тусгай сургуульд лекц уншиж байхад Америкийн Үндэсний Музеид ажилладаг дохионы орчуулагч, намайг энд хааяа болдог зургийн дуудлага худалдаанд оролцохыг зөвлөлөө. Тэнд зөндөө олон мөнгөтэй хүмүүс цуглаад, яг тэр газраа зураачдын нэг цагийн дотор зурсан зургуудыг үнэ хаялцан худалдаж авдаг юм билээ. Би бүртгүүлчихээд яг зурах цаг эхэлсэн чинь "юу зурах вэ?" гэдгээ санаандаа оруулж чаддаггүй ээ.
Нилээд тэвдэж сандарсан хэдий ч, сүүлийн мөчид тайвширсан хойноо зурсан зураг минь нилээд үнэ хүрч зарагдлаа. Энэ тохиолдол надад их урам, эрч хүчийг өгсөн. Эндээс багагүй мөнгөтэй болоод гэртээ харьсан.
 
 
Г.Г-Энэ их сонин тохиолдол болжээ. Тэгэхээр энэ чиглэлээр цаашдаа хөгжих бодол байсан уу?
Т.Г- Миний гол мөрөөдөл бол кино л байсан. Аав минь сайн уран бүтээлч байсан хэдий ч хийж амжаагүй, хийхийг мөрөөдөж байсан олон зүйл түүнд байсан. Олон жилийн өмнө Казахстантай хамтран хийсэн " Хүмүчи мэргэн" кино нь одоо хэр нь Монголын  дэлгэцнээ гараагүй юм шүү дээ. Аавд минь авьяас чадвар, алдар хүнд байсан ч зовлон шаналал ч багагүй байсан. Аавынхаа хайртай охин нь байсны хувьд, аавынхаа хүсэл мөрөөдлийг би л үргэжлүүлэн биелүүлэх ёстой.
Энэ зорилгоор 2008 онд Berkeley City College-д элсэн орж, 2 жил компьютерийн график программд суралцаад "Video production" мэргэжлээр төгссөн. 2010 оноос багшийнхаа саналаар мэргэжлийн түвшинд заадаг kиноны техникээр маш сайнд тооцогддог  Academy of Art University.d "кино найруулагч"-ийн мэргэжлээр мастер-т суралцаж байгаа.
 
gungaa
 
Г.Г-Мэдээж ердийн Их, Дээд Сургууль болон Berkeley city College хэлгүй сонсголгүй хүүхдүүдийн сургууль биш болохоор, энд суралцахад чамд амаргүй байдаг уу?
Т.Г- Berkeley City College анх байгуулагдахдаа эмзэг бүлгийхэнд зориулсан программтай үүссэн коллеж болохоор, мэргэжлийн дохионы хэлмэрч орчуулагч бэлтгэх арга зүйн системээрээ Сан Францискодоо дээгүүрт ордог. Хэл яриа cонсголын бэрхшээлтэй хүмүүст үйлчлэх, хаа ч орсон тэдэнд орчуулга хийх боломжоороо Сан-Франциско их ч мундаг. АНУ-ын 50 мужаас дохионы хэлмэрчид энд ирж ажиллахыг хүсдэг ч  орон тоо байдаггүй. Тэд мэргэжлийн өндөр түвшинд ажилладаг болохоор цалин хөлс нь ч өндөр байдаг.
Энд ийм хүмүүсийг маш их хүндлэн, тэдэнд бүх л боломжийг олгож чаддагаараа үнэхээр гайхалтай. Тэгээд ч бид энд амьдарч, ажиллаж, суралцахдаа маш дуртай байдаг гээч. Энд эхлээд англи хэл, америк дохиог зэрэг сурах хэрэгтэй болдог. Америк дохио байтугай Монгол дохио ч бас хэл. Хэл сурна гэдэг бас авьяас шүү дээ.
Намайг энэ сургуульд суралцахад хичээл дээр 2 орчуулагч үйлчилдэг. Тэд маш их ажилладаг болохоор 20 минут тутамд сэлгэгдэнэ. Ердийн оюутнууд багшийн лекцийг сонсоод, үзэх юмаа үздэг бол, миний хувьд 5 зүйл дээр зогсолтгүй анхаарах хэрэгтэй болдог. Багшийн яриа хөдөлгөөн, дэлгэц самбар дээрх тэмдэглэгээ, орчуулагчийн дохио, компьютер, өөрөө бичиж тэмдэглэж амжих гээд маш их ачаалалтай. Эхлээд юу ч ойлгож амжихгүй, нүд ядраад их л хэцүү байдаг байсан. Одоо бол гайгүй ээ. Гол нь оюун ухаанаа л их хурдан, сайн ажиллуулах хэрэгтэй. Энгийн хүнээс дутахгүй л сурч байна даа.
 
 
Г.Г-Чиний хичээл зүтгэл мундаг байнаа. Татгалзахгүй бол намайг онгоцноос тосч аваад, өдөржингөө бидэнтэй хамт байгаа найз залуугийнхаа тухай ярьж болох уу?
Т.Г- Миний найз залууг Норман гэдэг. Tэр маань надтай адил хэл ярианы бэрхшээлтэй нэгэн. Аав нь япон, ээж нь Хонг-Kонг гаралтай хүмүүс. Норман Сан-Францискод төрөөд, эндээ дунд сургууль, дээд сургуулийг компьютерийн мэргэжлээр төгсөж , одоо нэг компанид мэргэжлийн дагуу инженерээр ажиллаж байгаа. Бид танилцаад 7 жил болж байна. 2006 онд Сан-Францискод National Asian Deaf Congress чуулган болоход Норман намайг урьж оролцуулсан юм. Түүнээс өмнө бид нэт-ийн найзууд байсан л даа. Найз залуугийнхаа хүсэлтээр 2007 оноос Сан-Францискод ирж хамтран амьдарч байна.
Миний өмнөх амьдрал ойлголцдоггүйгээс болоод хоёр тийш болсон л доо. Одоо бол Норман бид 2 илүү сайн ойлголцож, хамтдаа л мөрөөдөж, сайхан амьдрал руу тэмүүлж байгаа. Манай хүн монголд их элэгтэй, монгол хоолонд дуртай, монгол хүмүүст туслах их дуртай. Энд миний хүсэлтээр ирсэн монголчуудад дуртайяа тусалж, тэдэнд үйлчлэхдээ баяртай байдаг юм.  Миний аавын, манай гэр бүлийн хамгийн дотны нь хүн болсон. Ийм сайн хүнтэй учирсан болохоор би их азтай бүсгүй.
 
 
Г.Г-Тийм ээ! Та 2-ыг хамтад байгааг харахаар надад ч бас сайхан санагдаж байна. Сайхан гэр бүл гэдэг их ч боломж төдийгүй сайхан ирээдүйг бий болгодог.
Т.Г-Тийм болохоор би ч бас их хичээж байгаа.  Berkeley City College-д сурахын хажуугаар 2009 онд "Apple"-ийн худалдааны төвд ажилд орсон. Манай ажлынхан надад их ч сайнаар хандаж, их ч тусалдаг. Дарга маань ажилчиддаа дохионы хэл сурахыг шаардаж байгаа. Манай ажилчид надтай хэрдээ л  хөөрхөн дохиогоор ярьдаг юм шүү дээ.
2010 оноос Harding дунд сургуульд туслах багшаар давхар ажиллаж байна. Одоогоор монголд минь хэлгүй сонсголгүй хүүхдүүд амжилттай сайнаар суралцаж боломж тааруу байгаа. Би алсдаа монголдоо эргэн тойрон хамгаалалтай, саадгүй алхах боломжтой, хотын төвөөс холгүй хэлгүй сонсголгүй хүүхдэд зориулсан сургууль нээж, америкийн сургалтын системээр ажиллахыг хүсч байна. Үүний тулд надад зөндөө их туршлага хэрэгтэй.
Ийм сургуулийн багш болохын тулд дохионоос гадна нүүрний хөдөлгөөн, илэрхийлэл их чухал. Үүнийг сурахад  Rachel багш чин сэтгэлээсээ тусалж байгаа. Энэ сургуульд ажиллахдаа би их юм сурч их ч хөгжиж, бас үргэлж хөгжилтэй, баяр баясгалантай байж чаддаг юм.
 
 
Г.Г-Сурах ажиллах, хажуугаар нь олон нийтийн ажил хийх гээд энэ бүхнийг яаж амжуулж байнаа?
Т.Г-Нэгэнт өмнөө зорилго тавьсан болохоор зүтгэхээс өөр аргагүй. Нөгөө талаар бид өөрсдөө хүний гар харалгүй, бие дааж амьдарч сурах хэрэгтэй байна. Амьдралд юу эс дутагдах вэ? Сургалтын төлбөр, байр машины төлбөр, хоол унд гээд. Бид хэлгүй сонсголгүй гээд зүгээр суугаад байж бүр ч болохгүй. Бид хүнээр өрөвдүүлэх үнэхээр дургүй. Бид ав адилхан л хүмүүс шүү дээ.
 
 
Г.Г-Энэ бүхний хажуугаар чамайг хэлгүй, сонсголгүй хүмүүсийн дэлхийн мисс-ийн тэмцээнд Монголоо төлөөлөн оролцсон тухай мэдээлэл үзэж байсан?
gungaa2Т.Г-2010 онд Лас-Вегас хотод болсон "Miss Deaf International"  тэмцээнд Монголоо төлөөлөн оролцлоо. Харин 2010 оны 3 сард Улаанбаатар хотноо "Miss Deaf Mongolia" тэмцээнийг зохион байгуулсан.  Үүний дараагаар Монголоос 5 хүнийг авчирч Лас-Вегас хотод болсон дээрх тэмцээн болон энэ үеэр болсон Deaf Nation World Expo томоохон үзэсгэлэн болон бусад арга хэмжээнд оролцуулав.
Энэ бүхэн Дэлхийн хэлгүй сонсголгүй хүмүүсийн ертөнцөд Монголыг сурталчилж, Монголын хэлгүй сонсголгүй хүмүүсийг ийм олон арга хэмжээнд оролцуулах боломжийг нээх зорилготой юм. Монголынхоо хэлгүй, сонсголгүй цөөхөн ч болов залуус, энэхүү гадаад ертөнц болон олон боломжуудтай танилцаж, өөрсдийгөө хөгжүүлээсэй гэж хүсч байна даа.
Г.Г-Бас өөр олон арга хэмжээнд оролцож байгаа тухайгаа?
Т.Г-Энэ оны 1-р сард Сан-Францискод болсон Deaf World Art Festival  үзэсгэлэн, дуудлага худалдаанд монголын зураач Түвшинжаргалын бүтээлүүд / surrealism урсгал/ энэ наадмын гол бүтээл болж, үзэгчдэд өндрөөр үнэлэгдлээ. Харамсалтай нь Түвшинжаргал маань өөрөө ирж чадаагүй, бүтээлүүдээ явуулсан юм.
Ирэх зун Монголоос мисс, зураач  оролцсон урлагийн бүрэлдэхүүнийг  Америкт болох томоохон фестивальд оролцуулах бодолтой байгаа.
Энэ оны 3 сард Калифорны Их Сургуульд болох  "Youth Filmmaker"  наадам, 9 сард Европт болох олон улсын deaf зураачдын наадамд шүүгчээр оролцох урилга авсан. Надад олон оронд хамтран ажиллаж, бие биенээ дэмждэг найзууд бий. Энэ бол бас нилээд боломжийг бидэнд олгодог юм.
Г.Г-Энэ бүхэн чамд төдийгүй Монголын хэлгүй сонсголгүй олон залуус болон иргэдэд сайхан боломжуудыг авчрах байх гэж найдаж байна. Бас Монгол дахь "Сэтгэлийн дэм" нэртэй ТББ байгуулан үйл ажиллагаа явуулж байгаа тухай цахим хуудаснаас тань үзсэн.
Т.Г- "Сэтгэлийн дэм" ТББ-аа 2002 оны 4 сарын 29 нд байгуулсан. Монголынхоо соёлыг дэлхийд таниулах, олон улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй төрөл бүрийн сургалт, уулзалт, семинаруудад сонсголын бэрхшээлтэй иргэдээ оролцуулж, гадаадад суралцах боломжийг нээж, мэдээ мэдээлэлээр хангах зорилготой. Мөн олон улсуудын хооронд соёлын солилцоо бий болгон, гадаадын сонсголын бэрхшээлтэй иргэдийг Монголын хээр нутагтаа аялуулах гэх мэтийн олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм.
 
Дөрөв: Мөрөөдөлд хязгаар үгүй
Г.Г-Чи ер нь их ч хөдөлгөөнтэй, алив зүйлд их авхаалжтай болохоор бага гэлтгүй хугацаанд их зүйл хийж амжуулжээ. Мэдээж энэ бүхэн эхлэл байх гэж бодож байна.
Т.Г- Хүсч мөрөөдөж байгаа зүйл их байнаа. Монголд хэлгүй, сонсголгүй хүүхдүүдийг их багаас нь бүх зүйлд маш сайн сургах хэрэгтэй байна. Тэдэнд энэ байдалдаа гуньж гутарч суулгүйгээр, энэ дэлхий ертөнцөд байгаа их боломжуудыг мэдрүүлэн ойлгуулах хэрэгтэй байна. Үүний тулд тэдэнд англи хэл, америк дохионы хэлийг сургавал бүр ч сайн. Монгол дохионы хэл бол зөвхөн Монголдоо л ашиглагдана. Гэтэл англи хэл, америк дохионы хэлтэй бол дэлхий ертөнцтэй харилцах боломж нээгдэнэ гэсэн үг. Тэгэхээр монголын ийм сургуулийн сургалтын хөтөлбөр агуулгыг ч өөрчлөх хэрэгтэй. Магадгүй ийм төрлийн хувийн олон ч сургуулиуд байгуулагдвал зүгээр байх.
Г.Г-Яг энэ тухай өмнө нь Б.Намираатай хийсэн ярилцлага дээр дурдагдаж байсан. Тэгэхээр та нарын хүсэл сонирхолд адил зүйл олон байх шиг...
Т.Г- Б.Намираа бид сайн танилууд. Би нэг удаа Вашингтонд Gallaudet дээр зохион байгуулагдсан, Дэлхийн Сонсголын бэрхшээлтэй кино бүтээгчдийн томоохон наадамд оролцохдоо түүнтэй уулзаж ярилцаж байсан. Бидний зовлон жаргал адил болохоор хүсэл мөрөөдөл минь ч адил байдаг. Бид бие биенээ дэмжиж хамтран ажиллах цаг ирэх байхаа.
Г.Г- Би ч бас та нарыг нэгэн зорилгын төлөө бие биенээ дэмжиж хамтран ажиллаасай гэж хүсч байна. Эрүүл хүмүүс болон сонсголгүй хүмүүсийн харилцааны талаар чиний бодлыг сонсвол?
Т.Г- Хэлгүй, сонсголгүй хүмүүсийг өрөвдөх биш, ойлгож дэмжих нь хамгийн чухал. Эрүүл хүмүүс, сонсголгүй хүмүүс хоорондоо ойлголцдог байхад их зүйл өөрчлөгдөнө. Манай Монголд хэлгүй сонсголгүй хүмүүсийг "оюуны хомсдолтой" мэт ойлгож, харьцдаг харилцааг өөрчлөхөөс л бүх зүйл эхлэх хэрэгтэй мэт. Хэдийгээр бид сонсдоггүй, ярьж чаддаггүй ч бидний оюун санаа эв эрүүл. Харин ч энэ байдлаасаа болж оюун ухаан, мэдрэмж нь илүү хөгжсөн байж болох. Тийм болохоор DEAF PEOPLE IS NOT AN ISSUE!
Өнөөдөр дэлхий нийтэд дохионы хэл их хөгжиж, эрүүл хүмүүс, хэлгүй сонсголгүй хүмүүс ойлголцох боломж бүр ч ихээр нэмэгдэж байна. Ядахнаа л зурагтын нэвтрүүлгүүдэд дохионы хэл болон үсгээр гарах бичлэг оруулахад л хүмүүст ямар их нөлөөлж чадна гээч.
gungaa3Г.Г-Тийм шүү! Энэ асуудалд чин сэтгэл, хүн чанар, санаачлага дутагдаад байгаа мэт.
Т.Г- Би энд байгаа 2 монгол охиныг дохионы хэлний чиглэлээр сургуульд суралцаач гэж санал тавьж байгаа. Тэд эхлээд англи хэл, америк дохионы хэл сурцгаана. Дараа нь хэлгүй, сонсголгүй хүмүүст хэлмэрчилж байхдаа өөрсдөө маш их хөгжих боломжтой. Дэлгүүрт, эмнэлэгт, сургуульд, үйлчилгээний газарт хүмүүст орчуулга хийж байхдаа давхар ямар олон зүйлд суралцаж болно гээч. Дахиад л хэд хэдэн мэргэжил эзэмших шахуу болно доо.
Монгол залуус минь Америкт байхдаа энэ чиглэлээр суралцаж мэргэжвэл, монголдоо ч үүнийг хөгжүүлэх боломж бүрдэнэ гэсэн үг.
 
 
Г.Г-Тийм ээ! Энэ бас сайхан санаа, хэрэгтэй боломж байна. Бас гол мөрөөдөл тань кино болохоор хийх зүйл их байгаа байх?
Т.Г- Аав минь хорт хавдраар өвчилсөн байсан. Намайг Монголдоо "Deaf miss Mongolia" тэмцээнийг зохион байгуулж байхад бие нь маш хүнд муу байсан ч "миний охин хийх ажлаа л заавал хийж дуусга" гэсэн. Энэ тэмцээний дараахан аав минь нас барсан. Аавыгаа амьсгал хураах мөчид тэвэрч байгаад " Aав минь та одоо амар даа. Охин чинь бүхнийг хийх болноо" гэж чихэнд нь шивнэсэн. Хэзээ нэгэн цагт Холливуудад Монголын жинхэнэ бүтээлийг авч очиж амалснаа биелүүлэх л болно.
Одоогоор ажиллаж сурахын хажуугаар Лос-Анжелост байгаа нэр хүндтэй, сонсголын бэрхшээлтэй уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байгаа. Эд хүчирхийлэлийн эсрэг, хүүхэд эмэгтэйчүүдийн эрх ашгийг хөндсөн баримтат кино хийсэн юм. Саяхан тэдний хийж байгаа нэгэн баримтат кинон дээр Julie Smario гэдэг найруулагчийн туслахаар ажилласан. Удахгүй дэлгэцээр гарна.
 
Тав. Сан-Франциско бидэнд хамгийн таатай орчин
 
...Тэр өдөр Т.Гунгаа Норман 2 намайг дагуулж Berkeley City College сургуулиа танилцуулж, Fremon-д орших хэлгүй сонсголгүй хүүхдүүдэд зориулсан дунд сургуулийн цогцолбор, коллежийг үзүүллээ. Орой нь дунд сургуулийн цогцолборт болсон хэлгүй сонсголгүй хүмүүстэй Америкийн түүх судлаач, зохиолч Edwin Black-ийн хийсэн уулзалтад оролцов. Энд намайг хамгийн ихээр гайхашруулсан зүйл нь "орчуулга" байлаа. Тайзан дээрээс ярьж байгаа хүний яриаг дэргэдээс нь дохионы хэлээр орчуулж байхад, танхимаас англи хэлээрэ шууд орчуулж байв. Уулзалтад оролцогсод асуулт асууж хариу авах үед тайзнаас болон танхимаас яг зэрэг орчуулга хийгдэж байсан нь ямар ч саад бэрхшээл үгүйгээр, хэл нэвтрэлцэн ойлголцож байх боломжийг олгож байх аж.
Уулзалтын төгсгөлд California school for the Deaf-ийн захирал ноён Henry Klopping  бидэнтэй уулзахдаа " Гунгаа надад Монголын тухай ярьж байсан болоод би монголыг маш их сонирхдог. Хэрэв Монголын хэлгүй сонсголгүй хүүхдүүдээс манай сургуульд суралцахыг хүсвэл, ийм сургуулийн багш нар мэргэжил дээшлүүлэхийг хүсвэл би боломжоороо туслахад бэлэн байна" гэж өгүүлсэн.
 
Г.Г-Сан-Францискод ажиллаж амьдрахад та нарт үнэхээр тааламжтай байдаг нь мэдрэгдэж байна шүү?
Т.Г- Би дэлхийн нилээд олон орноор явж үзсэн. Би сонсголын бэрхшээлтэй хүний хувьд, эдлэх эрхээ хангалттай эдэлж чаддаг xамгийн их таалагдсан Сан-Франциског сонгосон л доо. Энд дохионы орчуулга болон үйлчилгээ нь үнэхээр мундаг. Түүнээс гадна энд ийм сургуулийн бүтэн цогцолбор байдаг болохоор хэлгүй, сонсголгүй хүмүүст зориулсан олон арга хэмжээ зохион байгуулагддаг. Ийм арга хэмжээнд оролцох болгондоо их ч олон хүнтэй танилцаж, ойлголцож, энэ хэрээрээ бие биенээ дэмжиж, хамтран ажиллах боломж олддог юм. Бас сэтгэл санаагаа ч сайн нээж ярилцана гээч.
 
 
Г.Г-Өнөөдрийнх шиг ийм уулзалтууд олон болох уу?
Т.Г- Сард нэг удаа ийм арга хэмжээ заавал зохиогдоно. Тэр болгонд хэлгүй сонсголгүй хэрнээ их мундаг яваа олон ч хүмүүс ирж оролцдог юм. Эдэн дотор төрийн өндөр албан тушаалтан, мундаг эрдэмтэн профессорууд, хуульчид, том компаны захирлууд, Оскарын алдарт жүжигчин, тэр байтугай тэрбүмтан хүн ч байдаг шүү. Тэдэнд ийм уулзалт маш их хэрэг болдог.
 
 
Г.Г-Өөрийн ертөнцдөө зогсолтгүй тэмцэж, хөдөлмөрлөж, өөдрөг сайхан яваа та нараар бахархаж байнаа. Надтай цаг гаргаж, чин сэтгэлээсээ ярилцсанд их баярлалаа. Та нарын ажил амьдрал өөдрөг байж, мөрөөдөл тань биелэг ээ!
Т.Г- Танд ч бас их баярлалаа. Биднийг зорин ирж цаг заваа зарцуулан байж, уулзаж ярилцсанд сайхан байлаа. Монголчууд та бүхэндээ болон хэлгүй сонсголгүй хэдий ч ажил амьдралын сайн сайхан бүхэн рүү тэмүүлж яваа залуус та бүхэндээ сайн сайхныг ерөөж, амжилт бүтээлийн дээдийг хүсье.
 
...Сан-Францискод тэдэнтэй хамт өнгөрүүлсэн нэгэн өдөр надад сайхан байлаа. Эрүүл саруул бидэн тэгтлээ анзаарч мэдэрдэггүй олон зүйлийг энэ өдөр анзаарсан. Энэ бол их өвөрмөц ертөнц байв. Амьдралын элдэв тохиолдлоос хэлгүй сонсголгүй болсон тэр хүмүүс бидэнтэй яг адилхан ажиллаж, амьдрахыг хичээж л явдаг. Тэд биднээр өрөвдүүлэх биш, ойлголцохыг л илүүтэй хүсдэг.  Тэд бидэнтэй л адил хайрлаж дурлаж, хийж бүтээж, бусдад илч гэрлээрээ, сайхан сэтгэлээрээ хандаж байхыг хүсэцгээдэг.
Хэдийгээр тэд бидэнтэй адил сонсож, ярьж чадахгүй ч бидэнтэй адил, тэр ч бүү хэл биднээс ч илүү сэтгэж, хөдөлмөрлөж, хүсч мөрөөдөж амжилт гаргаж чаддаг аж. Энэ өвөрмөц ертөнцөд өөрийн авьяас билэг, хөдөлмөр зүтгэлээрээ Т.Гунгаа гэдэг монгол бүсгүй амжилт гаргаж өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх гэж хичээж яваа нь бүр ч бахархууштай.
Энэ бол Монголчууд бидэнд олдож болох нэгэн боломж, хүрч болох орон зай, биелэж болох хүсэл мөрөөдлийнх нь нэгэн жигүүр болох буйз.
 
 
Т.Гунгаагийн тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл:
сайтуудаар нь зочлоорой.
Та нарын ажил үйлс ямагт өөдрөг байж, хүсэл мөрөөдөл тань биелэх болтугай.
 
 
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

e-mail:   gala_mn@yahoo.com 2011-02-24


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.