05 сарын 04, Бямба
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

ХҮНИЙ АРАНШИН БУЮУ МУУХАЙ МОНГОЛ ЗАН:№37:ЧИ ЯАГААД МАЛГАЙ ӨМСДӨГГҮЙ ЮМ БЭ?

Явган шог /анекдот буюу орчин үед сунжирсан хэлбэр нь онигоо/ өгүүлье. Нэг удаа Баавгай туулайг ''Чи яагаад малгай өмсдөггүй юм бэ?'' гээд зодчихож гэнэ. Мэдээж хэрэг зүгээр байж байгаад зодуулчихсан Туулай засаг захиргаатай л юм чинь, Араатны хаан Арсланд гомдол мэдүүлж гэнэ дээ. Арслан ч ''Ийм явдал болсон нь туйлын харамсалтай, үүнийг үүгээр магадлaя'' гээд Туулайг аргалан өөрөөр нь Баавгайг дуудуулж гэнэ. Туулай ч итгэхийн дээдээр эрхэм дээдэст итгэн хоцорлоо гэнэ дээ. Харин Араатны хаан Арслан гуай Баавгайд ''Чи Туулайг зүгээр байхад нь зодож болохгүй шүү дээ! Ямар нэгэн шалтаг дурдах хэрэгтэй'' гэхэд Баавгай ''Би ч уг нь шалтаг олсон л доо, Чи яагаад малгай өмсдөггүй юм бэ? гэж байгаад зодсон шүү дээ'' гэхэд Араатны хаан Арслан ''Наадах чинь ч тийм ч бодитой буруутгах шалтаг биш л дээ. Чи энэ ойд ямар нэгэн малгайтай амьтан байхыг харсан уу? Тэрнээс арай өөрөөр жишээлбэл: Туулайг алим аваад ир гэчихээд хэрвээ улаан алим авчирвал ногооныг авчирсангүй гээд, хэрвээ ногоон алим авчирвал улааныг авчирсангүй гээд зодчихож болно шүү дээ! Энэ чинь л бодит шалтаг болно'' хэмээгээд ойн амьтдаас ''Шаргал дээл /арьс/-ээрээ  ялгаран явж одов гэнээ.

Баавгайтан ч Араатны хаанд бангадуулсан уурандаа хариугаа авахаар тэр дор нь хөөрхий муу зовлонт, ядарсан Туулайг дуудуулаад ''Чи надад алим авчир!'' хэмээн лүндэн буулгахад нь байнга л зодуурын бай болж байдаг Туулай аль болохоор аргыг нь олохоор хичээн ''Баавгай ах аа, ногооныг авчрах уу, аль эсвэл улааныг авчрах уу?'' хэмээн асуухад Баавгай хэлэх үгээ олж ядан ээрснээ ''Энэ ойн амьтад бүгдээрээ малгайгүй байхад ядаж л чи яагаад малгай олоод өмсчихөж чаддаггүй юм бэ?'' гээд зодчихож гэнэ дээ...  Уг нь энэ онигоонд Баавгай хэлэх үгээ олж ядан бантсандаа ''Үгүй ээ, ингэхэд чи ер нь яагаад малгай өмсдөггүй юм бэ?'' гэдэг ч энэ удаа өөрийнхөөрөө засварлаж орхилоо гэж.

Энэ онигоог мэдэхгүй хүн ч гэж хэн байх вэ дээ. Би ч анх сонсчихоод ха-ха-ха инээгээд л өнгөрснөөс өөрөөр бодож яваагүй байж дээ. Гэтэл нэг л өдөр эх нутгаас минь дахин, дахин утас цохин /Яс юман дээрээ дахин, дахин дохиод тэр болгонд нь би гуай өөрт байгаа хомсхон хэдхэн минуттай кадо /карт/ -гаараа залгаад л байсан хэрэг л дээ. Над шиг овоохон худлаа залчихдаг эр хүнд бол утсаа тасалж амжаагүй байхад дараагийнх нь, бүр дараа, дараагийнх нь дохиур орж ирээд байсан гээд бод доо!/ Тэр болгонд нь наашаа харан инээж, цаашаа харан арай ч уйлчихаагүй л дээ. ''Дараа сарын цалин хол байна даа, хол байна'' гээд хэтэвчиндэх хэдээ тоолоод үлдэж байгаа хүн чинь бүтэн сар ар гэртэйгээ холбоо барих кадоныхаа хомсхон минутнаас хүссэн ч, эс хүссэн ч бан цунгаар нь аваад хаячихаж байгаагийн учир арай ч уйлчихалгүй асуусан болгонд нь хариулт өгсөөр  арай гэж ''Утсан байцаалт''наас салаад хэдийвээр тэр өдөр овоохон ажил амжуулчихъя гэж дотроо төлөвлсөн ч ажил хийх урам минь хугаран, хувирч  ажлаа хаян гарч гүйн далиманд нь ганц сагс хар  ''KIRIN'', гэхдээ бүр томоос нь авчран шимэн суугаад жаал бодол боллоо...
Бодох тусам дээрхи явган шог нь ''Хүчтэний дэргэд хүчгүй нь буруутай'' гэсэн манай цэцэн цэлмэг ардын үгийн амьд жишээ болохыг л өдий дөч гаран насандаа л арай гэж л ухаарч байгаа юмдаг уу даа. Цаашлан өөрийнхөөрөө ургуулан бодоод хөөгөөд байвал ганц шөнө бүү хэл бүхэл бүтэн амьдрал минь ч хүрэлцэхгүй нь ойлгомжтой байлаа. Жишээ дурдая,

Нэгэн зүйл:
Цэцэрлэгийн нялзрай байлаа. 4-5 хан настай үеийн хөвгүүд охид дотор хамгийн ''Газрын бэтэг'' нэг байсан ч цэцэрлэгийн ''Хаминдаа''/Комендат- цэцэрлэгт яагаад л дээрхи албан тушаалтан байсныг би одоо хир нь бодоод, бодоод ойлгодоггүй юм. Уг нь бол ч Аж ахуйн нярав л даа/ гуайн зээ хүү, цэцэрлэгийн эрхлэгч багшийн хүүгийн учир тэр муу нусан буу, нусан чавх манайдаа л Баавгай байлаа. Баавгай буюу Газрын бэтэгтэй санаандгүй шүргэчихвэл хамгийн гайгүйдээ л буланд буруу харан зогсох, эвгүйдвэл бяд муутай бальчирхан гарандаа ахадсан сарампай /фанерь/ модон сандал өргөж зогсохын учир бүгд аясаар нь байдаг байлаа. Нялх багаас минь хүлцэнгүй байхын хичээлийг ингэж заав.

Нэгэн зүйл:
Сургуульд орвоо. Дээрхи түүх давтагдав. Манай сургуулийн хичээлийн эрхлэгчийн /Энэ албан тушаалыг одоо хир нь миний мөхөс ухаан ойлготол задраагүй ээ гэх, би чинь ухаанаараа олиггүй УО шүү дээ. Хичээл- эрхлэх гэсэн хоёр үг. Хичээл нь ойлгомжтой. Эрхлэх тоглож, эрхлэхийн эрхлэх үү? Аль эсвэл ажил, хөдөлмөр эрхлэхийн эрхлэх үү? Тийм бол хичээл эрхлэнэ гэхээр маниудтайгаа адилхан сурагч ч юм шиг, ухаан хүрэхгүйгээр өдийг хүргэж дээ/ амин ганц хүү манай ангид байлаа. Уг нь манай анги өөрийн гэсэн ''Араатны хаан Арслан'' буюу ангийн атaман ''Тэмээ Болд''той байсан ч бүүр ч том ''Араатны хаан Арслан'' гуайн амин ганц ''Гүег''  манай ангид байсны учир нөхөртэй тэрсэлдсэн болгон хэдийвээр сурлага сайтай байсан ч ямар нэгэн аргаар пялагдаж орхидог байв. Би ''Гүег''- ийн хажуу, хормойд нь аялдан дагалдаж үхчих л үгүй үлдсэн Туулай гэж, малгайгүй байсан ч сайхан долигновол амьд үлднээ гэх...

Нэгэн зүйл:
ТМС-ийн хүүхэд болов. Уг нь оюутан гэх ганц ганган нэрийг энд зүүж үзсэн удаатай ч ёстой л нөгөө ''Ногоон алим'', аль эсвэл ''Улаан алим''ны зовлонг эр биеэрээ эдлэх хувь тавиланг энд үзэв. Жишээ нь: ''Ах нар унтаж байхад дүү нар унтсангүй'' гээд ухамсрын шанаа хүртээнэ. Эргээд ороод ирэхэд нь унтдаг хүн болох гээд шал худлаа нүдээ анин гүрийж хэвтээд ''Ах нар унтаагүй байхад дүү нар давраад унтаад байна уу?'' гэсэн шалтгаар бас л бага биш ''Авахуулж орхино''. Яагаад ч гарах газар үгүй л дээ, энэ дэг гээч юмнаас.
Жамтай юм жамаараа болж, хорвоогийн шар нар, бор хоног ээлжилсээр л... Нэг л мэдэхэд хоёр дугаар курст орлоо. Эхний жил Туулай л байсан, харин дараа жил нь хүссэн ч, эс хүссэн ч Баавгай болоод улаан, ногоон алимны үлгэрийг хэрэгжүүлж эхэлсэн гэх...
За даа үүнээс цааш цэрэг байсан, ард болсон, ажилчин болсон, авгай авсан, аав болсон ... гээд өөр, өөр юу ч байдаг юм өгүүлэхэд тэр болгонд малгай өмсөөгүйн зовлонг эдэлсээр...

Нэгэн зүйл:
Замын цагдаа гэж нэг бас жинхэнэ Баавгай ах байх. Зогсоосон л бол яаж, ийж шалтаг хайсаар байгаад ''Малгай өмсөөгүйг'' минь олж харчихаад заавал зодож байж л сална даа.
 Талхны мөнгө олохоор саарал микроны жолооч боллоо. Нэг биш бүүр хоёр Баавгайд зодуулдаг болов. Хотын тээврийнхэн гээд огт сураггүй байсан Баагийнууд шугаманд микро явж эхэлснээс хүчээ аван савхин формоор гангарсан гайтай Баавгайнууд болон хувирсан үнэн түүхтэй...

Нэгэн зүйл:
Бас нэгэн зүйл буюу энэ бүхнийг эрээчихэд хүргэсэн ёстой, бүүр жинхэнэ утгаараа Баавгай ахын тухай өгүүлсүү.
Наран нутаг руу гарах гээд зүтгэж байхдаа дээр дурдсан холбоо хоёр Баавгай ахыг тэжээж байсан саарал микрогоо зардлын жийрэг болгох гээд зарж орхисоны учир хөлөө олсон тэр л үедээ ар гэрлүүгээ авто машин ачууллаа. Анхны удаа юм мэдэхгүйн гайгаар дотор нь баахан хог, новш чихээд явуулчихсан юм. Гэтэл дотор нь байгаа зүйлийнхээ тоймтой томыг нь ''Гаалийн мэдүүлгэнд бичээгүй'' шалтгаар гаалийн байцаагч Баавгай ахад гайгүй сайн зодуулж байж арай л гэж машинаа салгаж авсан юм. За тэгээд байж байтал түрүү жилийн /2006 он/ намар он гараад гаалийн татвар айхтар нэмэгдэнэ гэсэн сурагаар Монголд байгаа бараг л бүх хүн машин авах юм болоод энд байгаа үйлтэй Баагий би хэдэн өдрийн ажлаа алдаж байж нөхдийн захисан морьдыг нас, шүд, зүс царайгаар нь олж бүрдүүлэн ачуулваа. Баагий ах машин ачуулж байгаа сураг намайг машинуудаа ч олоогүй байхад Наран нутаг дахь ардын аман араажаваар тархаж Баагий ахаа ганц юм хийчихье гэсээр байгаад бас л овоохон хог, новш чихэгдлээ.

Энэ удаагийн Баавгай ах хуучин юм хамаагүй ээ, шинэ юмнуудаа нэгд нэгэнгүй бичих ёстой гэсэн шалтгаар бас л овоохон зодож байж санаа нь амрав. Мөн л найз нөхөд, хамаатан садангынхны захиасыг оноос өрсөж амжуулахаар яаравчилсаар бас нэг чингэлэг ачуулав. Энэ удаа ''Маш нууц''ын зэрэгт хамруулсных илүү дутуу хүн амьтны хог, новш чихсэнгүй. Гэсэн ч Баавгай ах мөн л бүрдүүлэлтэнд ороогүй дугуйнууд илрүүлэн, дугуй нуусан шалтгаар бас л зодож байж салав. Үнэндээ би ганц ч дугуй хийгээгүй юм. Ачиж, бэхэлгээ хийсэн Баагийнууд хэдэн ширхэг обудгүй хогийн дугуй энд, тэнд нь жийрэг хийж хамгаалсныг нь ''Чингэлэгт орсон л бол заавал тоо ширхэгийг нь нарийвчлан, тэр бүү хэл үнэ, жин гээд заавал бичих ёстой'' гэсэн шалтаг гарган зодчихсон нь энэ л дээ.
Бүтэн хоёр жил Монголын замд унасан тэргийг мараалдаж байгаад тооцон шинэчлэхээр шийдэн тэгээд ч бас л хүмүүсийн гуйлгаар нэг чингэлэг ачуулав. Урд нь зодуулсаар байгаад хаширчихсан хөөрхий муу Туулайхүү урдны Баавгай ахын гаргасан шалтгуудыг тооцон аль болох өө гаргахгүйг хичээн улаан, ногоон алим энэ тэр гээд л мэдүүлгэнд бичсэн ч энэ удаагийн Баавгай ах хуучин юмсыг ч жижиг гэхгүйгээр үнэлж, тоо ширхэгийг нь бичих дүрэмтэй гэсээр байгаад бас л зодож байж саллаа. Өөрийн анх ирэхдээ л Монголоос өмсөж ирсэн хувцаснуудаа энд өмсдөггүйн учир өсөж яваа хөвгүүдээ өмсөг гэж бодоод хийчихсэн юм чинь одоо яаж үнэлэх ёстой юм, ёстой л чөтгөр бүү мэд!
Ингээд бодохоор манай гаальчин Баавгай ах нар ямар нэгэн аргаар хөөрхий муу Туулайг заавал зодож байж кайф авдаг бололтой юм. Хэрвээ үйлдвэрээс гарсан цоо шинэхэн дөрвөн тэрэг хийгээд явуулбал хажуугаар нь яагаад ямар нэгэн юм хийдэггүй юм бэ? гээд ч юм уу, ямар ч байсан заавал нэг зодож байж санаа нь амрах юмдаг уу даа...

С.Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай 2007-11-28


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.