04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

БҮСЭЭ Л БҮСЭЛЧИХ! ТЭГЭХ ҮҮ???

20160614 007

Ердөө л саяхан хэдхэн хоногын өмнө хамаатны минь нэгэн эгч Манжуурт аялалаар явж байгаад автын ослоор алтан амиа алдлаа. Тун ч харамсалтай. Монгол хүмүүс л болсон хойно ёс заншлыг нь гүйцээж лам хард очиж шинжээг нь, "Алтан хайрцаг" -ыг нь нээлгэж үзвэл "Нас нь болсон" байна гэж айлджээ. Нэгэнтээ өөд болчихсон нь үнэн учир тийм ч байх, үгүй ч байх. Буддын, шарын шашны ёсоор бол үхсэнийхээ хойноос үхэх биш гэгчээр үлдсэн хүмүүсийнх нь сэтгэл санааг тайвшруулах зорилгоор л ингэж сэтгэл санааг нь тайвшруулах зорилго агуулдаг юм болов уу даа.
Ер нь ажиглаад байхад энд тэнд иймэрхүү ажил явдалд оролцож явахдаа сонсож байх нь ээ дандаа л "нас нь болчихсон" хүмүүс бүр зарим нь хоёр гурван жил ч илүү насалчихсан (өнгөрсөн жил муу том эгч минь бурхан болоход шинжээг нь нээсэн ламтан тэгж айлдсан л) байх нь элбэг ажгуу. Би ч лам бурхангүй буруу номтон л доо. Гэнэтийн ослоор өөд болж байгаа азгүй, гэнэтийн ус уух хувьгүй болж байгаа хүмүүс ямар юмных нь "нас нь болсон" байдаг юм, ердөө л жолоо барьж яваа жолоочын хариуцлагагүй байдал болон хувь хүн таны өөртөө анхаарал тавилгүй, ердөө л өөрийнхөө амь нас- эрүүл мэндэд анхаарал тавиад 2-3 секунд зарцуулаад хамгаалах бүсээ бүсэлчихээгүйд л гол нь байгаа юм даа. Би хөдөө гадаа аялал зугаалганд явахдаа гэрийнхнээсээ ганц шаарддаг юм бол ердөө л ар, өвөргүй бүгд бүсээ бүсэлхийг л хатуу шаарддаг юм. Учир нь ингэж хөдөө гадаа явахдаа ихэнхдээ л нийтийн баяр ёслолын үеэр явж таарах бөгөөд хол замд жолооч ядардаг, анхаарал суларч сарнидаг болон баяр ёслолын үеэр ёс юм шиг согтууруулах ундаа хэргэлчихээд (Зуу татчихсан үед санаанд багтдаг юмаа, би жаахан л татсан, энүүхэн хооронд яав л гэж... гээд санаанд багтаад байдаг туучий боловч худлаа л байхгүй юу даа!!!) согтуу галзуу замын хөдөлгөөнд оролцдог хэнэггүй нь дэндсэн нөхдүүд замын хөдөлгөөнд оролцох нь нийтлэг, элбэг үзэгдэл учраас л би хамт яваа хүмүүсээс бүсээ бүсэлж зорчихыг чанд шаардсныхаа хариуд "Үгүй энэ эзгүй хөдөө хээр ямар цагдаа байх биш, сэнтэгтэй юм бэ ямар???" гэсэн төвөгшөөсөн харцыг ялангуяа залуусын харцнаас мөн ч олон удаа анзаарсан даа.
Үгүй дээ, залуус минь! Та нарын ад үзээд байдаг "хараал идсэн цагдаа" -даа биш харин та нарын амь насны чинь төлөө тэр ерөөл шингэсэн 2-3 секунд зарцуулаад бүсэлчихэж чаддаггүй тэр бүсэнд л хамаг учир байдаг юм шүү дээ!

Энд тэнд явж байхад хамгаалах бүсээ урьдчилаад бүсэлчихсэн, бүсэн доогуураа шургаж ороод "Муу сайн тэнэг цагдаануудыг сайхан хуурчихдаг" супер ухаантай залуус хүүхнүүд өчнөөн л тааралддаг. Үхсэн баланцагынх нь тэнэг цагдааг хуурдаг юм, өөрөө өөрийгөө л хуурч, өөрөө өөрийгөө л эрсдэлд оруулж байгаагаа ойлгооч дээ!
Зүгээр л бүсээ бүслээд сурчих, ердөө л суулаа, татлаа, хоногонд нь шургууллаа! Үсрээд л 2-3 хан секунд шүү дээ. Би хэдий залхуу ч гэсэн харин жолооч болсон цагаасаа л бүсийг бол харин ч нэг яс бүсэлж сурсан даа.
Ердөө л хэдхэн хоногын өмнө болсон энэхүү эмгэнэлт явдлын тухай сонсоод нетээр хайвал ийм аймшигтай сэтгэл сэрдхийлгэсэн дүр зураг гараад ирэх нь тэр. Монголын сайтууд дээрх мэдээллийг харвал 2 хүн газар дээрээ талийгч болж бусад хүмүүс нь хүнд болон хөнгөн бэртсэн гэх аж. Ямар болов ч нэг талийгч нь манай хамаатны эгч болох нь ойлгомжтой, харин нөгөө хоёр жолоочын хэн нь ус уух хувьтай байсан юм бол доо л гэж тухайн үед бодож байлаа. Гэтэл үгүй аж, манайхны хувьд хятад хүн хүн биш юмдаг уу даа, нөгөө машин буюу Хятад иргэдийн зорчиж явсан машины 5 зорчигч бүгд бурханы оронд илгээгдсэн аж, аръяа булам ум ма нийбад мэ хум!

Хамаатныхаа талийгчын ажил явдалд оролцож байхдаа үр хүүхдүүдээс нь сонсох нь ээ харин манай талийгч жолоочын арын суудалд зорчиж явсан байх нь тэр. Би болон бусад хүмүүс эгчийг бүгд л урд сууж явсан юм бодоод байсан үгүй болж таарав. Ингээд бодох нь ээ манайхны хэнэггүй зангаар зөвхөн "цагдаад л таалагдах" гэж бодвол торгуулиас айсан жолоочын шаардлагаар л байх магадлалтай бүсээ бүслээд урд сууж явсан "цаг нь, нас нь болоогүй зорчигч" амьд үлдсэн байх нь. Хот дотор хэдэн буудлын хооронд холхидог микробус биш хил дамнаж хот хооронд зорчдог алсын аялалын микробусны бүх суудал урагшаа л харсан байх ёстой, тийм болохоор осол болох үед манайхны хэнэггүй, хамгаалалтын бүсээ бүсэлж сураагүй зангаараа бүсээ бүслээгүй явсан эгч минь жолоочын араас очоод наалдчихсан нь ийм эмгэнэлт явдалд хүргэсэн ажгуу, еэ аръяа булам ум ма ний бад мэ хум!

Залуус минь, хүмүүс минь та бүхний ад шүд үзэж, тээр дараа болгож хялалзаж хараад байдаг хамгаалах бүс чинь ердөө л таны төлөө зориулагдсан, та бүхнээс ч илүү ухаантай, хүний төлөө төрсөн ухаант хүмүүсийн өнгөрсөн зуунд бүтээсэн техникийн ололт амжилт юм шүү дээ! Тэнэг цагдааг хуурч байна гэж өөрийгөө хуурч эрсдэлд оруулахын хэрэг байна уу даа, үгүй юу???
Бас дахин хэлье, зүгээр л бүсээ бүслээд сурчих, ердөө л суулаа, татлаа, хоногонд нь шургууллаа! Үсрээд л 2-3 хан секунд шүү дээ!

Сартуул Б.Бат-Эрдэнэ Улаанбаатар, Баянзүрх 2016-06-13

20160614 008

20160614 009


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.