05 сарын 10, Баасан
°C
USD 3,381.49
USD 3,381.49
EUR 3,630.03
JPY 21.70
GBP 4,219.25
RUB 36.66
CNY 467.99
KRW 2.47

ДЭЭДСҮҮДЭЭН ӨМӨӨРӨХҮЙ

20160316 001

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангын "Цензургүй яриа" болон "Цензургүй сурвалжлага" нэвтрүүлгүүдийг байнга гаргадаг С-1 ТВ- ийн хамт олон "Цензургүй сурвалжлага" багийнхны бүтэн сар гаран нойр хоолоо хагаслан, хөлс хүчээ баран байж зүтгэн байж хийсэн МҮҮН хэмээх үндэстэн дамнасан Энх тайвны хэмээх тодотголтой сайхан нэрнүүдээр халхавч хийн дэлхийн бөмбөрцөгийг нэгэнтээ тэр чигт нь хэрсэн асар том аюултай чухамдаа бол аймшигт аалзны тор, нийгмийн төрөл бүрийн байгууллагууд, улс төр, боловсрол, соёл урлаг, спорт, санхүү, хэвлэл мэдээлэл, медиа, зэвсэг, усан онгоц, авто машины төрөл бүрийн үйлдвэрүүд, давраад хүний наймаа гээд байж болох бүх салбарыг хамарсан бизнесийн хамгийн том бүтцийн Монгол дахь үйл ажиллагааных нь тухай өөрсдийн хир хэмжээнд баталгаажуулсан баримт факттай, зөвхөн нэг талыг бариагүй тэр гаж урсгалыг дэмждэг, дэмждэггүй аль аль талынх нь хүмүүстэй уулзаж ярилцсан, ер нь бол сэтгэлд хүрэхээр сайн бэлтгэсэн "Цензургүй сурвалжлага" -ыг гэнэтхэн эфирээрээ цацахыг хориглосон шийдвэр гаргасантай холбогдуулан өнөө цагийн нэгэн давуу тал болох интернет хэмээгдэх сошиал ертөнцөөр тарааснаас сүүлчийн хэд хоног үнэхээр эх орноо гэх сэтгэлтэй хүн бүхэн л энэ сэдвээр амисгалж, үнэхээр сайн маргалдахын үндэс боллоо.

Зурагт араажаваар цацахгүй болсон гол шалтгаан нь энэ дээр байгаа дээдсүүд, томоохон улс төрчдийн хийж байгаа ажил, тэд нь анхны, удаагын, өнөөгийн ерөнхийлөгч (Хачирхалтай нь Шар дээлт гуай үнэхээр ариун цагаан хүн байсан бололтой энд харагдсангүй) гээд манай энхрий хайрт ерөнхийлөгчид болон Женко болон Боловсролын сайд, нөгөө Баавгай гуайн охин гээд тоолж тоочиж барамгүй олон эрхэм байгааг манай сошиал ертөнцийн алдарт хомээнтчдын хомээнтолсноос нь мөхөс би вээр ухаж ойлгов. Харамсалтай нь "Цензургүй сурвалжлага" багийнхан ч тэр, алдарт хомээнтчид ч тэр "За энэ муу дураах шүү дээ, улаан мүүнчин эзэн нь..." гэгээд тогтоочихсон юм ч алга, тийм ч бололцоогүй бололтой. Хэдэн зуу, мянгаар тоологдох сэтгэгдлүүд дундаас харахад "Газар хүргэхгүй хайрлах юм даа" коментын эзэд л явж, явж одоохондоо ороогдож байгаа гол эзэд нь бололтой юм. 5-6 жилийн өмнө бил үү дээ "Монгол хэл- уран зохиол" -ын хичээлийг ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн программаас хассан нь ч тэр газар хүргүүлэхгүй хайрлагддаг хадагтайн ажил гэдгийг эрхэмсэг хомээнтчид баталж байна.

20160316 002

Гэхдээ юманд учир, суманд гичир гэж нэг монгол ардын зүйр цэцэн үг байдаг даа.
Ихэнх хүмүүсийн харж, үзэж, хардаж байгаагаар бол энэ жил сонгуулийн жил, сонгууль дөхөж байгаа болохоор энэ бүхэн бол сонгуулийн шоу, бие биенээ хараар будаад эхэлж байгаа юм байна гэж ойлголоо. Тийм ч байх, үгүй ч байх.

Сонгуультай жилүүдийн хавартаа ер нь бол С.Зориг асны хэрэг бараг л илэрчих гэгээд, гол эзэн нь бараг л баригдангаа алдаад чимээгүй болдог нь ч гэм биш зан болсон нь ч үнэн л түүх.
Урьд өмнө хаа нэгтэйгээс Мүүний шашин гэж ТВ болон сошиал ертөнцөөс өнгөц төдий л (Би түй ч лам бурхангүй нүгэлт нэгэн л дээ) хальт хараад өнгөрч байснаас биш ингэтлээ газар авчихсан бузар бизнесийн бүлэглэлийн даварчихсан үйл ажиллагаа гэж мэдээгүй явснаа энэ нэвтрүүлгийг үзсэнээр МҮҮН гэж юу болох ямар, ямар бусармаг арга замаар залуу үе, үр удмыг минь алгуураар өөртөө элсүүлж мунхруулан бүр төрсөн эцэг эхийг нь хүртэл мартуулах их хүч чадалтай, ямар ямар мундаг даян дэлхийн энх тйвны төлөө төлөө төлөө ТББ- ууд байгуулан, улмаар улс эх орныг минь аажмаар аалзны торондоо баттай гэгч нь баглаж авч буй талаар бага боловч мэдээлэлтэй боллоо, баярлалаа Цэнхэр үст Цээгий,сэтгүүлч Л.Мөөгий- Баагий болон түүний "Цензургүй сурвалжлага" багийнханд, бас дахин баярлалаа!
Үнэхээр үе үеийн ийм Монголоо гэсэн сэтгэлтэй, Монголын төлөө цохилох зүрхтэй, жинхэнэ эх орончдоор ("Адгийн шаарнууд аргаа барахаараа эх оронсог" гэж Оросын аугаа их зохиолч Л.Толстойн хэлснээр ҮЭ- ийн Ганбаа, Уянга мэтийн төрийн хутгуур- гудамжны улс төрчид, төрийн ордон руу нум сум, давраад галт зэвсэг бариад дайрдаг анархист Мөнхбаяр, Босоо хөх монгол мэтийн хогийн бас хөгийн рекетчдийг би хэлээгүй шүү!) эх орон минь тасардаггүй тулдаа л эх орон минь өдий зэрэгтэй туурга тусгаар улс шиг улс байгаадаа би бахархдаг, бас баярладаг!

Уг нэвтрүүлэгт гарсанаар бол МҮҮН гээч юм чинь өнгөрсөн зууны ерөөд оны эхээр Монголд анх орж иржээ хөөрхий. Хөөрхийлөхийн учир бол тэр цаг үе бол одоо манай энэ цаг үеийнхний харааж зүхээд байгаа ардчилал дөнгөн данган мөлхөх төдий өнөө муу хомуунизмаас татгалзаад хавьтаалийст нийгэм байгуулахаар тэвдэж асан үе аж. Ёстой нөгөө "Өглөө" каниун дээр Хачиг Луузангын хэлдэгээр "Ардын засаг ч гэж юу байлаа? Авдаг өгдөг ч гэж юу байлаа даа?" л үе шүү дээ. Түрүүчийн байгуулсан социалист нийгэм буюу орос ах нарын туршилтын туулай болон далан жил буруу замаар будаа тээсний гор нь гарч буцахдаа шороо тээхийн үлгэрээр улс эх орон мөнгөгүйдэж, дэлгүүр хоршооны лангуун дээр дотоод үйлдвэрийн давснаас өөр бараагүй, үйлдвэрлэл түй ч байхгүй бараг л нойл зогсчихсон хоёр дахь ч түүхий эд нэрээр урьд өмнө ажиллаж байсан үйлдвэр заводуудынхаа зэс болон хөнгөн цагаан кабелууд болон гуулин араа зэргээ, хэдэн малынхаа арьс үс, ноолуурыг л тэр чигээр нь түүхийгээр нь урагшаа гарган гол зогоож байснаа нэг үеэ бодвол ганзагын наймаагаар л улс орноо чадан ядан аргацааж байсан үед гаднаас гэнэтхэн нэгэн "гэгээнтэн" буянтан "Даян дэлхийн энх тайвны төлөө" яриад ббббөөн мөнгө чирээд ороод ирэхээр чинь "Чи цаашаа хө" гэгээд хөөх ухаантан байх байсан гэж үү?

Цагийн юм цагтаа гэж тухайн үед буруу харж ярвайгаад, зөв харж малийж угтахаас өөр арга байгаагүй ч байж мэднэ. Мөн тэр цаг үед шашинжсан энх тайвны хөдөлгөөн мэт харагдавч цаад сүүдэртэй тал нь ил гарч, зэс нь цухуйгаагүй байсан болохоор тэр цаг үеийн улс төрчид гэнэн цагаан хүүхдийн цайлган зангаар угтсан нь одоо бол бараг л зориутаар өөрсдөө очоод урьж залаад ирсэн мэт коментлох нь нэг л учир дутагдалтай санагдана.

Яах вэ, нэгэнт өнгөрсөн явдал. Нэгэнт өнгөрсөн цаг хугацааг эргүүлж авчирч болдоггүй гачлантай хорвоод нэгэнт л одоо но- г нь мэдсэн болохоор харин эргэж алдахгүйн төлөө л бүгдээрээ эвлэлдэн нэгдсэн нь дээр бус уу?

20160316 003

Тэр МҮҮН ёсолгоо л гэнэ. Санаатай ч бай, санаагүй ч бай ижил төстэй ёсолгоог алийг тэр гэх вэ дээ. Эбэ ерөнхийлөгчийг мүүний ёсолгоогоор ёсоллоо л гэнэ. Тэр ёсолгооныхоо утга учрыг ч тухайн цаг үедээ тайлбарлаж хэлж ярьж л байсан байлгүй. Тийм л сүрхий юм бол яг тэр ёсолж байх үед нь хэлж яриад болиулахгүй яасан юм ер нь? Тэгэх эрх нь та бидний хэнд ч бий. Битгий өнгөрсөн борооны хойноос цув нөмөргөөд олон юм бувтнаж, бавтнаад бай гэж.

Өнгөн дээрээ тэдний хүн болж ёсолж дөвчигнөөд цаанаа бол өнөөх мүүнийг чинь хошгоруулж өгөөд улс эх орондоо хэрэгтэй хөрөнгө оруулалт салгачихсан ч юм бил үү, хэн мэдлээ гэж.
Ёсолгоо ярих юм бол фашистын германаас бусад бараг бүх орны эр цэргүүд баруун гараа санчиган тушаагаа аваачиж ёсолдог. Тэгэхээр нь аль дайсны, аль нь манай ёсолгоо байж таарах вэ?
Юун тэр гучаад онд төрсөн Мүүн, түүнээс хэдэн зуун, мянганы өмнөөс хөх тэнгэрээ шүтэж ирсэн өвөг дээдэс минь хөх тэнгэртэйгээ харьцаж хоёр гараа өргөн (Яг одоо л санахгүй байгаа болохоос биш хуучны монгол кинонууд дээр "Ээ хөх тэнгэр минь!" гэгээд хоёр гараа өргөн сөгдөж мөргөж байгаа өвгөд, эмгэд гарч л байдаг санагдах юм) хөх тэнгэртээ мөргөн сөгдөж, залбирч шүтэж л явсан байх учиртай бус уу?
За даа сонгуультай жилийн хаврын синдром эрт эхэлж байгаа бололтой. Үзэг цаас нийлүүлээгүй (ффү, яг үзэг цаас нийлүүлж харагдаач, их бодож хомпүүтрийн хийбоорд л жаал балбаа юм бид дээ) удсан би хүртэл ингээд нэг нийтлэлэнцэр тэрлэчих гэж.

Жич: Би аль нэгэн шашин шүтлэгтэн ч биш, бас аль нэгэн нам хүчин,эвсэл хөдөлгөөн холбооны ч гишүүн биш, би зүгээр л ямар ч шараа тушаал, алба хашдаггүй эгэл нэгэн Монгол улсын иргэн л билээ.

Сартуул Б.Бат-Эрдэнэ Улаанбаатар, Баянзүрх 2016-03-13


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.