05 сарын 21, Мягмар
°C
USD 3,381.28
USD 3,381.28
EUR 3,676.47
JPY 21.71
GBP 4,292.20
RUB 37.25
CNY 467.55
KRW 2.49

УРУСАЙ* ЭЗЭН

Уг нь би одоо л орсон ажилдаа л нам хэвтэж байгаад арыг нь харна даа гэж дотроо өөртөө төлөвлөж бодож, санан хэдийвээр мэрийсэн  ч санасанаар болдоггүй хорвоо гэж, нэг л мэдэхэд цүнхтэй хувцсаа чирсээр эки**(ТЗ-ын, метроны буудал) -н дээр зогсож байлаа. Бас ч гэж болоогүй ээ, дахиад нэг том цүнхтэй, дотор нь “Юугаар баян, түүгээр дайлна” гээчийн үлгэрээр 5кг-аар савласан угаалгын нунтаг нэг, гар нүүрийн болон ванны шинэ алчуур пиг чихчихсэн нь нөгөө үлдэж байгаа хэдийн маань сэтгэлийн дэм “Баагий ахаа, очоод хүн амьтны ам хаагаарай!” байгаагийн учир ачаа ихтэй. Наран нутагт, Наран хүн хэзээ ч хоёрын хоёр том цүнх чирээд деншя***(Метро) -гаар зорчдоггүй л байхгүй юу. Гэвч яая гэх вэ, хүмүүс сэтгэлээрээ өгч байхад хаячилтай биш. Тэгээд ч үнэхээр хүнд хэрэгтэй зүйлсийн учир чирэхээс өөр аргагүй. 

Одоо хаачих вэ?... Хаашаа очих вэ?... Хэнийд орогнох вэ?... Яаж ажил олох вэ?... Хаалт???... Хаалт ч дүүрчээ, ажилтай л болж байвал... Энэ сард бас л төлөвлөсөн хэмжээнд хэдэн зоос явуулж дөнгөхгүй нь ээ... Гэр лүүгээ ямар шалтаг хэлж хуйхаа маажих вэ?... гэсэн хар мянган яагаад завсар, зайлхаагүй толгой нүдсээр л... Ямар ч байсан явна гэсэн амандаа багтаад явах л учиртайгаас хойш эхний ирсэн Токио зүгийн деншянд хөл дөрөөллөө. Өглөө эртдээ санаандгүй гэнэт гарсан болохоор таниж, мэддэг цөөхөн хэдэн монголчууд руугаа утас цохиод ч нэмэргүй. Ажлын цаг учраас хэн нь ч утсаа авахгүй.

Ямар ч байсан хуучин нутаг руугаа зүглэх нь ёсын учир Чиба руу чиглэлээ. Анх Наран нутагт хөл тавихад л хөтлөөд дагуулсан дүү хүүгийнд эхлээд очих нь л бичигдээгүй хууль. Тэр үед очих болгондоо “Ах нь чамайг үгүй мөн их зовоож байна даа” гээд л ордогсон. Одоо бол бас ч цагийн эрхээр нэг их биш боловч овоо хэдэн хүнээс энэ үгийг сонсоод авсан гэж байгаа, цаг эргэхийн учир л тэр шүү дээ! Түүнээс биш миний сайных ч биш.
Дүү хүүгийнд 2 хоноод дараагийн ажилдаа шургалаа. Бас л овоохон адал явдалтай учирч, үхэн хатан зүтгэсээр нэг юм ажилтай боллоо. /Энэ тухай ХААЛТ-нд тодорхой дурьдсан буй/.Уг кашений нэр нь NANSOU-SHIGENKATA.

Накамура сан гээд эзэн, эзний их хүү Масуто, бага хүү Юки болон хоёр зовлонтой амьтан /Бие эрхтэн бүтэн ч мэдрэл муутай. Наран нутагт одоо хир нь атомын бөмбөгний уршигаар бүхэл бүтэн жаран өнгөрсөн ч иймэрхүү тахир дутуу ч юм уу, мэдрэл муутай улсууд их олон байх л даа/ , бас нэг Хашияа сан гээд хазгар өвгөнтэй, өөр нэг монгол дүү хүү нийтдээ наймуулаа ажиллах байлаа. Тэр дүү хүү нэг ч их удсангүй, арав гаран хоног хамт ажиллаад цалин буусны маргааш өглөө согтуу архи нь гараагүй баагий эзний их хүүтэй заамдалцаад баяртай болсон юм. Наран нутагт архи уухад өглөө нь гардаггүй нэг гэмтэй. Манайхан л болсон хойно тийм ч амар карданаа татах биш дээ. Нэг бол хэтэвчнийхээ бядыг, нэг бол өөрийн бядыг барж байж зогсдогийнх ингээд ганцаараа болвоо хөөрхий. Уг нь хоёулаа овоо санаа оноо, гар нийлэх янзтай байсан ч харамсалтай юм болсонсон.
Энэ ажил маань PACHINKO буюу манайхны мэдэхээр “777” болон бас нэг тиймэрхүү төмөр үрэл /шарико/ унагаадаг мөнгөний тоглоомнуудыг эвдэж устгадаг газар байлаа. Байсхийгээд л Токио руу голдуу пачинконд явна. Пачинко гэж чавхыг хэлдэг ч энэ тоглоомнуудыг ямар утгаар ингэж нэрлэсэнийг бүү мэд. Токиогоос пачинко ачиж авчрах ч ёстой там даа. Тэр халуунд Токио хотын тэр зай завсаргүй шигүү хэдэн түм, хэдэн буман албан газар, амь айлуудын тасалгааны агааржуулагчаас гарах халуун агаарт бүүр ч бүгчимхэн амьсгалахад ч бэрх, бороотой бүрхэг өдөр бол бүүр ч бүгчим, амьсгалахад ч үнэхээр хүнд. Ядаж байхад хуучин пачинконууд нь голдуу газрын доод давхрын агуулахуудаас явган шатаар мөрлөхдөө мөрлөн, тэврэхдээ тэврэн гаргаж ирж тэргэндээ ачина. Арай гэж аччихаад буцахад л тэргэн дотор хүйтэн агааржуулагчийн хүчинд сайхан сэрүүцэж авна даа. Хувцас бол өдөрт 3-4 солих ч энүүхэнд, ялангуяа футфолка бол дор хаяж хоёр сольж таарна. Өмд ч шал ус болчихно. Ажилд ороод 3-4 л хонож байтал салтаа хорсоод нэг л бишээ. Нөгөө ядрахаар цагаан мах эргэнэ гэдэг нь л болж байгаа юм байх гэсэн чинь ар нуруу даган урссан хөлс ацаа дагасаар хөлсөндөө түлэгдчихсэн юм байж. Азаар муу хань минь ууц, нуруугаа тосолж байгаарай гээд өгч явуулсан сүүлний тос байсан тэр л аминд орсонсон. Өглөө гарахдаа суга, салтаа хоёроо сайтар тосолж аваад л ажилдаа гардаг байсан юм.

Авчирсан “777” болон пачинкогоо нэг бүрчлэн задлаад төмрийг нь төмрөөр нь, хуванцрыг нь хуванцраар нь ялгаад савлахыг нь савлаад, прессэлж шахахыг нь шахаж боогоод буцааж энд, тэнд аваачиж шахдаг нэг ёсондоо хоёр дахь ч түүхий эд бэлтгэх газар байлаа. Хуванцруудыг дотор нь төрөл, төрлөөр нь ялгана. ABS, PC, PP...  гээд арав гаран хориод маркийн хуванцар байна. Заримыг нь хараад шууд таниж байхад, заримыг нь хугалж хагалж үзэх, шатаагаад үнэрлэх, шатаагаад чагнах, газар шидээд дуугаар нь ялгах гээд янз, янзаар үзэж ялгана. Хооронд нь хольчихвол хямдхан болчихно гээд бүхэл бүтэн хагас тонны тусгай уутанд савласан хуванцарт ганц ч ширхэг, бүр хумсын чинээ ч өөр төрлийн хуванцар оруулахгүй. Ялгасныхаа дараа өдөр, өдрөөр ээлжлэн тээрэмдэж жижиглэнэ. Анхандаа ялгаж, салгах гэж танихгүй факталдаг байснаа сар болоход муу санаагаараа тийм пачинконд тийм, тийм маркынх байдаг... Ийм 777-нд ийм, ийм маркынх байдаг гэж нүдлээд дараа нь лавлаж шалгаж, ялгаж сурсанаар арай амар болсон юм. Бага хүү Юки нь гурав дахь жилдээ ажиллаж байгаа мөртлөө бүрэн ялгачихаж чаддаггүй байсан гээд бодохоор Наран хүмүүс ямар нэг юм сурахдаа жаахан маруухан санагдсан шүү. Хажуугаар нь ундаа, пивоны дэгзэн /хөнгөн цагаан/ лааз худалдаж авч пресслээд шахна. Энэ лаазыг нь ганц бие Хуурин сан гээд хужики*(гуйлгачин) өвгөн авчирч тушаана. Эзэн болон хөвгүүд нь, ер нь хэн нь ч гэсэн хоорондоо хужикигаар нь ярих боловч яаж ч байсан нүдэн дээр нь Хуурин сан гэж гуайлж л ярина. 2-3 хоноод ч юм уу, заримдаа 4-5 хоноод л унадаг дугуйныхаа ар дээр нь хоёртоо хоёр, гуравтаа гурван цэнхэр мяндсаар өөрөө оёж хийсэн дүнхүүнүүдэд пэндийтэл нь чихэж авчраад буулгачихаад яваад өгнө. Хоёр гурван ирэлтнийхээ дараа багцаагаар 7-10 хоногтоо лаазнуудаа нэг удаа шахна.

Анхандаа эзэн ч юм уу, аль эсвэл хоёр хүүгийнх нь нэг жинлэж авдаг байснаа намайг таниад, мэдээд ирсэн тэр үедээ надад даатгаад орхичихсон юм. Би жинлэж аваад төдөн кг гэж цаасан дээр цохолт /бичээд, Наран нутагт миний цохолт хийнэ гэж юу байх вэ дээ/ хийж өгөөд Хуурин сан өөрөө эзэдтэй тооцоо хийнэ гэсэн үг л дээ. Түүнээс биш юу л боллоо гэж нарийхан баагийнууд надаар мөнгөн тооцоо хийлгээ аж. Авчирсан лааз нь нэг удаа шахахад дунджаар  200-300кг болдог байсан бөгөөд энэ нь ойролцоогоор түм гаран ээнээс ихдээ л хоёр түмэн ээнэ болдог байсан юм. Ямар нэгэн мацури**(баяр, ёслол) болсны дараа нүд нь гэрэлтчихсэн баясгалантай өнжөөд л нэг, өнжөөд л нэг заримдаа өдөртөө нэг авчирч хаяад л “Мацури ийнээ, кан ооё, ооё” /Баяр ч сайхан байна шүү, лааз их байнаа/ гээд л хөл хөнгөрчихсөн тууж байна. Тийм үедээ мань өвгөн дээд тал нь тав, зургаан түм ч олчихно. Мань өвгөнөөс 65 ээнээр аваад пресслээд Тakamatsu гэж каше***(пүүс, компани)-нд 90 ээнээр шахна. Энэ бүхнийг пресслэх нь миний үндсэн ажил байлаа. Пресс хийгээгүй үедээ, завсар зайгаар нь пачинко задлана. Илуу дутуу ачаа жинлэж хүлээж авах, ачих болон пресс шахаад энэ бүхнийхээ завсар зайгаар нь босоо суугаа задлахад л би, өдөрт дунджаар таваас арвыг элбэг задлаж орхидог байхад хоёр зовлонтой амьтны Эндо нь өдөрт дөрөв, Такаши нь мундаг тавыг задалчихдаг байсан гэхээр эзэн маань бас цаагуураа якузагын дарамтанд хэцүүхэн л байсан байх магадлалтай.

Тakamatsu- д лаазнаас гадна зэс, гууль, хөнгөн цагаан гээд дан өнгөт металлуудаа шахна. Мөн нэгэн хогийн кашенаас ундааны хуванцар сав ачиж авчран пресслээд бас Ичи-Хара руу өөр каше руу дамжуулж зарна. Тэр каше руу дандаа хуванцрууд шахна. Энд өөрийнхөөсөө  гарсан хуванцраас гадна Мацуод байдаг нэгэн хогийн кашенаас хөөсөнцөр хайлуулж шахсан шахдас аван дамжуулж шахдаг байсан юм. Мөн хуучирч муудсан, эвдэрсэн тасалгааны халуун, хүйтэн агааржуулагч /Аэр-кондешн/ болон хийгээр ус халаагч төхөөрөмжүүд авчирч шахдаг хэдэн ченжүүд байна. Эд нар нь Хуурин санг бодвол арай том гарууд гэх үү дээ. 2тн-ны ачааны тэрэгтэй нэг өвгөн, мань өвгөнөөс тусдаа бас хоёр залуу хамтдаа авчирдаг байсан юм. Авахдаа нэг тонны пүүн дээр нэг бүрчлэн жинлэж аваад фариато /Манайхны хэлдэгээр подон буюу модон тавиур/ -н дээр эвээр нь өрөөд гадуур нь нурахаас хамгаалж гялгар уутан туузаар ороогоод сая буцааж ачихад бэлэн болно. Уг нь их энгийн нэг л хийчих ажлыг хоёр хийгээд байгааг нь хараад өрөвдөвч миний үгийг авахааргүй сэхүүн толгойнууд л даа. Гэвч тэснэ, тэснэ гэхэд яаж тэсэх вэ гэгчээр нэг өдөр ирэхээр нь эзэнд би жинлэж авъя, ямар нэг алдаа гарахгүй гэж гуйтал эзэн “Алдаа гарвал хална шүү” гээд зөвшөөрлөө. Тэгж хэлэнгүүт нь ойлголоо гээд шууд нэг тавиур авч жинлээд дээр нь тавиурныхаа жинг биччихээд шууд рифто /по-грузка буюу манайхны нэрлэж заншсанаар по- гүрүүшк/ -ны хоёр сэрээнд углан машиных нь тэвштэй зэрэгцүүлж байгаад дээр нь ачаагий нь шууд шилжүүлэн ачаад буулгангуутаа гялгар туузаар ороогоод тэр чигт нь жинлээд, тавиурныхаа жинг хасахад эзэн толгой сэгсэрсэнээ анх удаа “Атама ийнээ” /Ухаантай юмаа/ гэснээр миний ажил бас нэмэгдчихэв. Ингээд түүгээр явсан гайг үүгээр дуудсан ч эзний надад итгэх итгэл нь илт өөрчлөгдөж байгаа нь мэдрэгдэж л байлаа. Мань нөхдүүдтэй заримдаа үнэ өртөг тохирдоггүй байсан юм болов уу даа буцаагаад аваад явчих тохиолдол ч байна. Тэр үед нь явсных нь хойно хоорондоо хужикаар нь дуудаж ярилцана гэж байгаа. Дээрхи хуучирсан, эвдэрсэн агааржуулагч, ус халаагчийг холдоо бараг зуугаад км-ын тэртээх Нуда хотоос болон эргэн тойрны ойр хавийн хотуудын денкия-сан*(Цахилгаанчин, цахилгааны компани)-гуудын гаднаас бас өөрсдөө очиж ачиж авна. Энэ нь хувь айл, албан газруудын агааржуулагч, ус халаагчийг шинээр сольж өгөөд хуучныг нь авчраад гаднаа овоолж байгаад бөөн болгоод утсаар хэлэхээр нь очиж үнэгүй авдаг хэрэг л дээ. Түүнийгээ хаа байсан Иока-Хама руу аваачиж хэдэн хужаад шахна. 

Ажил нь ер нь нэг иймэрхүү. Харин эндээс хуучин пачинконоос гарсан мод шил хоёр нь л ганц проблем нь байдаг байсан юм. Шил нь ч бас яах вэ, сайн жижиглээд  хагалчихад болчихно. Мод нь яалт ч байхгүй хаа байсан Чоши руу, Хитачи гол даван Ибракины Хасакид хамаатныхаа хөгшнийд аваачиж 4 тн-ны тэргээр нэг модыг гурван түмэн ээнэ /Тухайн үеийн ханшаар 270-аад мянган төгрөг/ төлж шатаалгана. Энэ үедээ эзний дуу нь ч гарахаа байчихна. Яагаад гэвэл мөнгө төлж байгаа учраас. Харин бусад мөнгө болдог зүйлсээ тушаахдаа нүд нь сэргээд л дуу аялаад сайхан зантай болчихно. Тэр үедээ буу халах гээд л хэлгүй би яах вэ дээ, ойлгоогүй ч “Аа тийм үү?... Сүрхий юмаа... Тийм, тийм”  гээд л  амыг нь дагуулсан шиг, уухайлсан шиг явна.
Нэг өдөр нөгөө хоёр зовлонтой амьтнаар шил хагалуулдаг юм. Үдийн хугас хагалаад гараас нь юм гарсангүй, ерөөсөө яг хэвээрээ. Тэгсэн эзэн надад “Чи орой үдэш завтай байхдаа хагалж бай” гэхээр нь өөдөөс нь илүү цагийн мөнгө өгөх үү гэсэнд “Чи кашений байранд үнэгүй суудаг юм чинь, иймэрхүү юм байх шүү дээ” гэх ухааны юм ярьж байна. Үнэгүй гэж анх тохирсон ч сар болгоны цалин дээрээс “Энэ сарын цахилгааны мөнгө их гарлаа, газ их гарлаа...” энэ тэр гэж шалтаг тоочиж байгаад багадаа 5000, ихдээ түмэн төгрөг ч суутгадаг байсан л даа. Би ч бодъё гээд өнгөрлөө. Үгүй гэвэл пялуулчих магадлалтай, за гэчихвэл өдрийн ажилдаа нухлуулчихаад оройд нь амрах цагаасаа хасан, хасан амралтгүй ажиллах болчихоод байдаг...

Шал дургүй хүрэн зурагт харсан шиг бодолд автан хэвтэж байтал зурагтаар нэг томоо үйлдвэр гарч, тэнд том, том дугуй төмөр торхнууд гарахад дулааны станцын нүүрс бутлагч тээрэм санаанд ороход өөрийн эрхгүй гүйн гарлаа. Цех рүү орон багадаа барилдаж явсаны хэрэг юу билээ гэгчээр, залуудаа төмөртэй ноцолдож явсных хайсаар хэрэгтэй багажнууд болон хийх материалаа цуглуулан санасан санаагаа гүйцэлдүүлэхээр дайран орлоо. Наран нутагт ямар ч газар, юу ч хийсэн багаж техникээр дутахын зовлон байх биш дээ... Ажилдаа улайраад цаг өнгөрснийг ч мэдсэнгүй, хийгээд дуустал гэгээ орж байлаа. Наран нутагт өглөө эрт болж, орой эрт харанхуй болдог болохоор зундаа бол 3 өнгөрөөгөөд л үүр цайна даа. Туршиж үзсэн болох янзтай болохоор нь хэсэг шил хийж асааж хаячихаад дэргэд нь хүлээзнэн хураалттай пачинкон дээр хэвтэж байсан нам явчихаж... Батаасан, энэ юу вэ? хэмээн орилох чимээнээр арайхийн нойроо дийлэн сэртэл бүгдээрээ ирчихжээ. Би хийсэн юм гээд зогсоогоод амыг нь нээн хартал сэтгэсэн минь санасанчлан бүтжээ. Гурил шиг болтлоо тээрэмдэгдсэн шилийг хараад эзэн ОК! Гэтэл Масуто “Их цахилгаан үрэх юм байна, би тооцоо хийж, тооцож үзэж байж шийднэ” гэж голоо цохиж байна. Уг хийсэн тээрэм маань үнэндээ нэг их цахилгаан идэж шалихгүй жижигхэн 200 литрийн төмөр торх голоор нь гол төмөр шургуулан хөндөлдүүлээд хоёр хөлөн дээр тогтоосон, тэнхлэгээрээ эргэлдэж байдаг тийм л эд байсан юм. Хийсэн материалууд нь ч дандаа хаягдал материалууд ашиглаж хийсэн эд л дээ. Төмөр, Цахилгаан хөдөлгүүр, туузан дамжуурга шил бутлах төмөр үрэл гээд дандаа манайд хогоороо байдаг материалууд байсан ч хамгийн гол асуудал нь өөрсдөөс нь асууж хийлгүй, том толгойлсонд л байлаа. Хэрвээ асуусан бол ДАМЕ! /болохгүй/ гэсэн ганц хариулт л ирэх байсан учраас үр дүнгий нь л үзүүлье гэж бодсон юм.

Ажиллах зарчим нь торхныхоо нэг бөөрөнд дөрвөлжин ам гаргаад түүгээрээ хагархай шилнүүд уг амаар орохоор нь төмөр үрэл болон, ашиглалтгүй байсан хэдэн төмөр туухайтай хольж хийгээд л эргүүлээд орхичихно. Дараа нь төмөр үрэл, туухайгаа соронзоор авчихад л цаана нь гурил шиг болсон шил үлдэхээр нь хонхор, хотгор газруудад тараагаад асгачихад л болохоор болдог тийм л тээрэм байсан юм. Гэхдээ үүнийг ашигтайг нь эзэн хараад л мэдэж байсан болохоор тэгсхийгээд дуугүй болсондоо. Масуто болохоор өөрийгөө Токиогийн их сургууль төгссөн, би бол лаг, маг гээд их юманд бодчихсон хоосон толгой байсан юм. Надад ихэрхэх нэг шалтгаан нь Масуто “айхтар сүрхий Англи  хэлтэй” байсных л даа. Манайхан дээр үед бүгд л хальт, мульт Оросоор ярьж гангардаг байсан шиг Япончууд хальт, мульт ч гэхэд хаашаа юм, зарим нь гайгүй А-хэлтэй, ихэнх нь арав, хорин А-үгтэй улсууд л даа. Түүгээрээ их түрүү барьж онгироод байхаар нь нэг гайгүй А- хэлтэй залуу ирэхээр нь Японоор ганц ч үг бүү дуугараарай, зөвхөн англиар л яриарай гэхэд нөгөө “айхтар сүрхий Англи  хэлтэй” хүн чинь ажилдаа хэт их улайраад ер анзаарах зав болоогүй юм. Өөрөө чадахгүй ч чаддагаар нь хандыг нь хага даруулна гэгч болон түүнээс хойш А-хэл гэж ганц ч дуугарахаа больсон доо. Би шартай хүн чинь өөрөө ч мэдэлгүй мань эртэй нэг л мэдэхэд тэрсэлдэж орхисон байдагсан. Тэрний их сургууль төгссөн, миний олон газар явж, янз бүрийн хүмүүстэй харьцаж сурсан, янз бүрийн ажил, төрөл эрхлэж юм, юмны захтай болсон туршлага дадлага хоёр хоорондоо хол зөрнө л дөө. Эзэн, Масуто хоёр ямар нэг юм зүйрлэж ярихаараа ерөөсөө л Америктай жишнэ, нэг бол өөрийн орны сүрхийг л гайхна. Дэлхий дээр энэ хоёр улс л байдаг юм байхаа. Тэгээд л өөрийн кашег маш их гайхуулна. Ийм мөнгө зарахгүй мөнгө олдог каше хаана ч байхгүй. Ямар ч паченко, 777-г үнэгүй аваад эргүүлээд бид мөнгө болгож байгааг чи харж байна уу? Бид хоёр ийм ухаантай гээд л яншчихна. Наран нутгаар нэг тархсан пачинко задалдаг кашенууд байхад зөвхөн манайх, бид хоёр гэж онгирох нь утгагүй л дээ.

Баагий болохоор Юкигийн хөлд нь сууж, гэзэг ороосоор бас ч гэж юм яриулаад авчихаад байдаг байсан юм. Юки нь дунд сургуулиа төгсөөд 2 жил шуудан зөөгч хийгээд дараа нь энд аавынхаа кашег бараадсан дуугүй даруухан залуу байсан юм. Тэр үед насаар 22-23 л байсан юм болов уу даа. Удаан ч гэсэн, нилээд махруун, зүтгэлтэй хүүхэд байлаа. Сул яваа үедээ яг шинэ цэрэг шиг гүйж явна. Гүйх ч гэж дээ би алхаад л, мань эр хоёр хөлөө чирэн пир, парр...гүйгээд явахад л зэрэгцээд байдаг байж дээ. Тэр үед шууданчийн цалин сонирхоход “Зөвхөн нямд л амардаг.Бороо, цас, хүйтэн халуун, баяр ёслол хамаагүй ямар ч үед ажиллаад 12 түмэн ээнэ авдаг” гэж сонсож байсан нь үнэндээ хорин хэд хоног мотоцикль унаж давхиад халуунд, халж хүйтэнд нь хөрөөд авдаг цалин гэхээр үнэхээр бага цалин шүү. Цайны ч цаггүй гүйх энүүхэнд гэж ярьж байсан юм. Үнэхээр ч энд, тэнд мотоцикль дээрээ суугаад хоолоо идчихээд яваад өгч байхтай нилээн хэдэн удаа тааралдсан даа.
Эзэн, Масуто хоёроос юмны үнэ асуухад зарим юмыг их дарж, зарим юмыг их өсгөж ярина. Дарж хэлдэг юмнууд нь дандаа буцааж энд, тэнд шахах үнэ нь, өсгөж хэлэх нь өөрсдийн мөнгө төлдөг татвар ч юм уу, гарах гарлага нь байна. Нэг жишээ дурьдахад анх энд ороод кашений дээд давхрын агуулахад бөөн хог шороон дунд сар гаран амьдарсан юм. Хэсэгхэн газрыг новшийг нь зайлуулан татами**(
Японы уламжлалт сүрлэн шахмал ширдэг) тавиад л  ажиллаж амьдарч нэг ёсондоо туршилтын журмаар байгаад нөхдүүдийн сэтгэлд хүрсэнээр мужаан дуудан жижиг өрөө бэлдэж, гадаа халуун усны газар барьж өгсөнөө эзэн 30 түм болсон гэж, Масуто нь 40 түм болсон гэж даваадуулсан юм. Миний нэг танил барилгын ажил хийдэг залуу үзчихээд энэ хоёр үсрээд л их үнэтэй байхдаа 25 түмээс илүү яагаад ч гарахгүй гэснийг нэг удаа Юкигээс үг сонсоход 22 түм болсон гэж хэлж байж билээ. Ингээд бодохоор ямаршуухан улс нь мэдэгдэнэ. Хэдийвээр надад ихэрхэж худлаа ярьдаг ч зарчмын юман дээр Япон хүн гэдэг утгаараа үнэхээр зарчимч улсууд байсан юм.

Нэг удаа Хашияа сантай хоёулаа хэдэн 777 ачиж ирэхээр Сакура хот руу явбаа. Гэхдээ яг хотын төв нь биш хөдөө талдаа гэхүү дээ. Наран нутгийн зам гээч юм бидний хэдэн Монголчууд хүний нутагт үргэлж сэтгэл давчдаж, бачуудаж байдаг шиг тийм л давчуу бачуугийн учир машин тэрэг хоёр толио эвхээд л арай чүү багтах газар их байх. Тэр удаа Хашияа сан бид хоёр бас тийм давчуу, 4тн-ны тэрэг арай гэж багтдаг тийм газар би урд талаас нь хоёр талыг нь ээлжлэн харж мань өвгөн зугуу зугуухан урагшлан гарч яваад яг дуусч, гарахын алдад ачаа татсан гар тайлны бариул нь айлын хашааны үзүүрийн гурван тоосгыг шүргээд унагаачихав. Хавь ойрд хүний бараагүй. Хашияа гуай ч гараад зуугаад метр яваад тэрэг тавьж болохоор зайнд гарч тэргээ тавьчихаад эргээд ирлээ. Энэ хооронд нь би нөгөө гурван тоосгыг нь буцааж эвээр нь тавьчихаад хүлээж байлаа. Энэ гурван тоосго нь шүргүүлж л байдаг, унаж л байдаг огт наалт шаваргүй болчихсон, ер нь тэр хашааны тэр хэсэг нь шүргүүлсээр байгаад өчнөөн зурагдаж, сараачигдсан байх нь тэнэг хүнд ч илт харагдахаар байлаа. Ирсэнээ засаад тавьчихав уу гэж асууснаа нөгөө айлын урд хаалгаар нь очлоо. Эзэнгүй. Хөршийнх нь айл ч эзэнгүй. Машин луугаа явлаа. Орж суугаад бүсээ бүслээд явахад бэлдтэл нөгөө Хашияа сан чинь үзэг цаас болоод л “Би тийм газар ажилладаг ,тэр байна...” гэж байгаад зурвас бичсэнээ шуудангийнх нь хайрцганд хийж үлдээлээ.
Ирээд эзэнд хэлтэл нэг дуу тэнгэрт, нөгөө дуу нь газарт Масуто, эзэн хоёр барьж идэх нь ээ... Маргааш нь үлдэгдэл 777-г ачиж ирэхээр бас дахиад л бид хоёр явав. Энэ удаа Хашияа сан 4тн-оор, би 1,5 тн-ы тэрэг унаад явлаа. Хашияа гуай нэг хайрцагтай гарын бэлэг бэлдсэнээ нөгөө айлын эзэнд өгөн уучлалт гуйхад гэрийн эзэн нь тэгдэг юм гээд тоосон шинжгүй л харагдсан юм. Энэ өдөр том тэргээ өчигдрийн сүүлд нь тэргээ тавьдаг газар тавиад, жижиг тэргээрээ дөрвөн удаа зөөж ачин махлуулаад жижиг тэргэндээ дахиад нэг ачиж аваад ирсэн юм.

Хашаагаа шүргүүлсэн айлын эзэн тоохгүй байхад манай эзэн, Масуто хоёрын хувьд манай муу өвгөнийг л зад загнаж кайф авах шалтаг нь л болж байгаа юм. Тэртэй, тэргүй Хашияа гуайг загнахгүй үглэхгүй өдөр гэж байдаггүй л байсан юм чинь.
Манай өвгөн Япон хүн гэхэд жаахан заваан талдаа, бараг сар болж байж л явж халуун усанд явж ордог нь хүн үнэмшихийн аргагүй. Хувцас тайлнаа мэдэхгүй, хувцастайгаа л бүтээлэг нөмрөөд л унтаад өгнө. Орой болохоор сакэ уугаад л зурагт хараад суучихдаг хүн байсан юм. Миний хувьд тэр халуунд, тэгж хөлсөндөө баригдчихаад яагаад ч усанд орохгүй байж чадахгүй л дээ. Халуун ус барьж өгөхөөс өмнө крантны хүйтэн усанд орж, хөлс хирнээсээ салж байж л сая нэг амарсан болдог байлаа. Ганц өдөр өнжиж үзсэн, хөлсний тийм гэх аргагүй нэг л эхүүн үнэр өөрт мэдрэгдээд хэдийвээр шөнө болчихсон сэрүү орсон байсан ч хүйтэн крантандаа чичрэн байж угааж авч байж л амарч байсан даа.
Хашияа гуайг загнах шалтаг янз, янз. Жишээ нь: Цахилгаанчны гадаанаас хуучин сольсон агааржуулагч, ус халаагчнууд очиж авахад угаалгын машин, тоос сорогч гээд гэр ахуйн хуучин эвдэрсэн, эвдрээгүй цахилгаан хэрэгсэлүүд байж байна. Бүгдийг нь ачих номтой. Түүнээс биш өөрт ашигтайг аваад, хэрэггүйг нь үлдээнэ гэсэн ном байхгүй. Тэр чигт нь ачаад ирвэл за тэгээд л бөөн юм болно доо. Тийм болохоор Хашияа сан бид хоёр угаалгын машин зэрэг хэрэггүй юмнуудыг нь хамгийн дээр буулгахад бэлэн тавьчихаад яваад л замдаа хүн амьтанд харагдахааргүй газар ой руу нисгэж орхидог байлаа. Наран нутгийн цэвэр цэмцгэрийг бүгд л гайхдаг ч яс юман дээрээ хот суурин газраа л гэхээс хөдөө зам дагуу эргэлт тойруу гээд хэсэгтээ урд, хойноо машинд харагдахааргүй газрууд бол ер нь л хогондоо дарагдчихсан хогийн цэг л байдаг юм. Манайхан ч түүнд нь овоо хувь нэмрээ оруулна. Машин тэрэгтэй Баагийнууд бол ер нь тэр гэртээ хогын уут авч, хог ангилна гэсэн ойлголт байхгүй бөөндөж аваад л ойд төөрүүлж орхино. Нэг хүүхэн бүүр “Ийм сайхан газар байхад, хогоо хаяхгүй бол хогны заяа гомдчихно” гээд нэг их цэцэн цэлмэг үг хэлж байгаа юм шиг тэнэгтэж л байсан юм даа.

Нэг удаа Хашияа сан “Намайг явахаар миний өрөөнд байгаа том зурагт, тэр видео хальснуудыг аваарай” гэхэд нь гайхан асуувал “Цалин буухаар би бүүр явна, харин чи хэнд ч хэлж болохгүй шүү” гээд түүнээс хэдхэн хоногийн дараа цалингаа аваад долоо хоногийн барьцааны мөнгөө ч авахгүй яваад өгсөн юм. Япон хүн барьцааны мөнгөө авахгүй яваад өгч байна гээд бодохоор ямаршуу урусай улсууд байсан нь төсөөлөгдөх байхаа.
Ингээд бодохоор манай эзэн ч, хүү нь ч үнэндээ нарийн, ядуу улсууд нь юм, юман дээр харагдаад л байдаг байлаа. Наран нутагт насанд хүрсэн хүн бүхэн машинтай байдаг, машин жирийн л хэрэглээ байдаг. Ийм болохоор айлууд дор хаяж 2 тэрэгтэй, зарим баячууд бол арав, хорин тэрэгтэй ч байдаг, тэр ч бүү хэл нэг хоббитой баян нөхрийн тухай зурагтаар харж байхад арван хэдэн Ролс-Ройстой л байсан юм. Харин манай эзэн хамтран амьдрагчтайгаа дундаа нэг тэрэгтэй, хоёр хүү нь дундаа нэг тэрэгтэй байсан гээд бодохоор аль хир баян, ядуу нь анзаарагдах байхаа. Авгайтайгаа таарахгүй салчихсан, хоёр хүү нь ээжтэйгээ хамт Кучикурид амьдардаг байсан юм.

Кашений хувьд нэг үзлэгт ороогүй бага оврын ачааны 350кг даацтай тэрэгтэй, Тонн хагасын бас нэг тэрэгтэй, дээр нь дөнгөж саяхан лизингээр авсан хуучин 4тн- ны нэг тэрэгтэй байлаа. Хашияа санг явсанаас хойш мань Баагий “Зодуурын хиа”- гын үүрэг гүйцэтгэх боллоо. Эрхэм уншигч та бүхэн “Жонон, гуйлгачин хоёр” зохиолыг санаж байгаа байхаа. Тэнд хаанхүүг ямар нэгэн алдаа хийхэд өмнөөс нь зодуулдаг зодуурын хиа гэж гардаггүй юу. Яг түүнтэй адилхан манай эзэн, Масуто хоёрт үргэлж загнуулж, үглүүлж нөхөр хоёрт кайф өгч байх ёстой нэг хүн заавал байх ёстой байсан юм болов уу даа. Тэр нь би болж хувирав аа. Хэн нэг нь алдаа хийхэд л “Батаа, даме” /Батаа, болохгүй/ гэдэг үг байнга гарна. Хашияа сан оргож явсанаар мань өвгөний ажил надад шилжсэн нь, жолоо мушгин хэдэн кашений хооронд гишгэх нь сайхан ч түүнийхээ хирээр үглүүлж, яншуулах нь залхмаар. Хүн дутмаг болсных нэгэн Япон эр ажилд авлаа. Мань хүнийг бүгд Сэнсэй /багш/ гэж дуудна. Сэнсэй нь хоёр агуулгатай. Нэг нь ямар нэгэн ажил мэргэжилд үнэхээр гаршсан хүнийг авгайлж, нөгөө нь жаахан шарик дутуу Баагийнуудыг дооёолж дуудна. Мань сэнсэй хоёр дахь ангиллын хүн байлаа. Урд өмнө Хашияа санг байхад би гүрүүшкээр хамт явдаг байсан бол одоо Сэнсэй, Эндо, Такаши гээд гурван зовлонтой амьтны аль нэгийг дагуулж явдаг боллоо. Эндотой явна тэргэнд суугаад л хажууд ганцаараа яриад л, үглээд л тэгснээ аймааар, аймаар инээгээд л... Очоод ганц пачинконы булан даахгүй гай болно. Такаши нь орж ирээд л дэргэд хурхираад өгнө. Очоод мөн л адил хүн махлаад хаячихна. Сэнсэйтээ явнаа, хүүр чинь надад дүрэм заагаад явуулахгүй ядаргаа болно. Нөхрийн хэлснээр явах юм бол өдөртөө багтаж ирэхгүй юм болно. Очоод мөн л дээрхи хоёроос ялгарах юм байхгүй гай болно. Ингээд сүүлдээ Юкиг надтай явуулсанаар овоо гар нийлэх янзтай боллоо. Би ч дотроо эзний хүүгээр гүрүүшкээ хийлгэж байна гэж бодохоор нэг л сэтгэл өег.

Орой 6-7 гээд ажил бууна. Буучихаад чимшо***(Ажлын байр, контор)-нд бүгдийг нь суулгачихаад юу нь мэдэгдэхгүй юм чальчаад суучихна. Найм, найм хагас, магад ч үгүй ес ч хүргэж байж магадгүй. Өдрийн ажилдаа алжаасан хүн өөрийн эрхгүй үүргэлэхэд “Батаа, даме”-дана. Сүүлдээ тэсвэр алдан нэг өдөр өөдөөс нь дүрэлзлээ. Хүн хэлгүй ч олон өдөр дотроо дасгал сургууль хийгээд ирэхээрээ, уурлахаараа хэлтэй болдог л юм билээ.
- Ядарч байна, ажлыг чинь хийгээ биз дээ? Би чинь хүн, амрах цаг хэрэгтэй байна. Та нарын юу чалчиж байгааг ойлгохгүй байна, Ойлгохыг ч хүсэхгүй байна. Эртхэн шиг хоолоо хийж идэж, эртхэн шиг амарч баймаар байна! гэж хэлчихээд юу хэлэхийг нь ч хүлээлгүй гаран дээшээ байдагтаа орон тэгэхээс тэгэх гэж мах, ногоо арилгаж хөшиглөхдөө аль болохоор дуу чимээтэй тачигнуулж өглөө. Уг нь ч би өглөө эрт хоолоо хийчихдэг, оройны хоол бэлэн байсан ч ам нээвэл уушиг нээ гэгчээр нэг тулаад авсаных нэг мөсөн тулахаар шийдсэн хэрэг л дээ. Дээр өрөөндөө байхад доор ярилцаж байгаа нь тодхон сонсогддог болохоор яаж түжигнэсэн нь ойлгомжтой. Тэгснээ мах, ногоогоо аван доошоо орон хоолоо хийхээр сонгино хууртал тэндээс балиар, өмхий үнэртүүллээ гэж хуцаж дургүй хүргэж байна. Цонх, монхоо онгойлгон, сэнс энээ тэрээ болон дүвчигнэхэд нь би улам ч эсэргүүцэн сармис нэмж хуурч гэдийсээр хоолоо хийж гүйцчихээд эргэж гарлаа. Энэ өдрөөс хойш ажил дууслаа л бол шууд ороод амарчихдаг болсон болохоор бас гэж дотроо өөдрөг байлаа. Өдөр хоног ээлжилсээр, би ч зодуурын хиагынхаа ажлыг жинхэнэ гартаа хийж авсан тэр үедсэн.

Нэг өдөр Иока-Хама орж ачаа буулгачихаад ирэнгүүтээ эзэнд зодуулахаар /загнуулахаар, сайн ч явсан муу ч явсан заавал яншиж байж санаа нь амардаг, би ч бүр чихгүй толгой болон дөжирч гүйцсэн байсан даа/ чимшо руу бараа тушаасан паданаа барин ортол нэг хар, бас нэг халтар хоёр эзэнтэй яриад сууж байна. Хүн дутуу гээд энэ хоёрыг авч байгаа юм гэнэ. “Чи энэ хоёрын алийг нь дагуулж явж байх вэ?” гэж байна. Би ч наад хоёр чинь нүүрэн дээрээ хар визтэй юм байна. Надад аюултай, би авч явж чадахгүй гэсэн чинь “Чи өөрөө адилхан гайжин*(Гадаадын иргэн) байж энэ хоёрыг өрөвдөхгүй байна уу?” энэ, тэр гээд л нэг их хүнлэг юм ярьж байсан нь сайндаа ч биш өдрийн таваар /би тэр үед өдрийн 6800ээнээр ажиллаж байлаа/ ажиллах хоёрын хоёр хүн олчихоод л баярлаад байсан нь тэр л дээ. Бадарчин баярлах болоогүй, Бадарчин явсан газар балагтай гэгчээр тэр хоёрыг хямдхан авч ажиллуулсныхаа горыг эзэн маань ч амсаж, тэр давалгаанд нь би ч бас л цүнхээ үүрэх хэрэг гарсандаа. Яасан гэхээр Кенийн хар нь арваад хоног ажиллаад ажил хийж чадахгүй байна гэж гологдоод, Пакистан нь хориод хоног ажиллаад 4тн-ны ачааны тэрэг ухрааж байгаад бүүр жижиг ачааны тэргийг “харахгүй” мөргүүлснээр бас л хөөгдөв. Сонирхолтой нь нөхөр хоёр пялуулаад сар ч болоогүй байхад 4тн-ны ачааны тэргийг хулгай авсанаар бүх юм шувтрах замдаа орсон доо. Хэдийгээр Япон нутагт хулгай байхгүй гэдэг ч байхдаа том, том хулгай л байдаг юм. Дэлхий дээр хаа газар, Пакистан, Кенийнхэн машины наймааг атгаж байдгыг мэдэхгүй хүн гэж байхгүй байлгүй дээ. Чухам харин хэн нь туусан бол доо, аль эсвэл хоёулаа хоршоо гарууд байв уу? Ямар ч байсан миний бодлоор бол яагаад ч гэсэн тэр хоёроос гарахгүй.

Хулгай дотроосоо гэж нэг байдагчлан мань эрчүүд дотор нь орж судалгаа хийсэн нь л тэр л дээ. Энэ өдрөөс Масуто, эзэн хоёрын үглэж, янших, загнах нь хирээс хэтэрлээ. Дахиад нэг хоёр долоо хоночихвол цалин буух байлаа. Ямарч байсан цалин хүртэл гүрийгээд Хашияа гуайн замаар, долоо хоногийн барьцаагаа хаян “Зодуурын хиа”-гын ажлаа орхихоор шийдлээ. Яг цалин буудаг өдөр тээрэмдсэн бутархай хуванцарууд аваачиж шахах ажилтай байлаа. Маргааш эндээс явна гээд бодчихсон чинь өглөө яагаа ч үгүй эрт сэрчихээд, сэрчихээрээ эргэж хэвтэж чаддаггүй хүн чинь хийх юмаа олж ядахдаа зүгээр суухаар, зүлгэж суу гэгчээр ууталсан хуванцруудыг жинлэн дээр нь жингий нь бичиж байсан гайтай юм шиг 512кг гэж бичих гээд эндүүрэн 52кг гээд биччихжээ. Хэн ч хараажийн тоо л хаягдаж бичсэн нь ойлгомжтой ч Масуто урусай царайлан өөрөө бүгдийг нь жинлэтэл жинлэсэн уут болгон нэг бол 500гр ихдэн, эсвэл 500гр багадан бөөн хэрэг мандаваа. Яс юман дээрээ нэг тонны пүүн дээр гарах ёстой л хэлбэлзэлийг их юм болгоход нь шал дургүй хүрэн нэгэнт явахаар шийдчихсэн Баагий “Үгүй ер нь, энэ муутай яалцсан ч яадаг юм бэ” хэмээн дургүй хүрэн өөдөөс нь хэрэлдлээ. Масуто ч дуу нь чангаран босч ирэхэд цохиод авах хүсэл маш их байсан ч цалингаа аваагүй тулдаа л тэсэж байлаа. Яг энэ үед эзэн ирэн юу, юугүй надруу асан довтлоход нь “Канкинай, губикудасай! Орой икимашёо” /Хамаагүй ээ, намайг хална уу, би явлаа/ гээд шууд эргэн холдож зогсонгуутаа анх тоссон дүү хүү рүү утасдчихаад хувцас, пүүгээгээ баглаад зам дээр гараад суучихав.

Эзэн хоёр хүүтэйгээ чимшо руу ороод таг чиг болон, нөгөө хэдэн өрөвдөлтэй амьтны цуглуулга нь ажилламар болж харагдана. Төд удалгүй Юки жижиг тэрэгтэй гарч явснаа хагас цагийн дараа эргэж ирсэн нь миний цалингийн мөнгөнд явсан нь тэр юмсанж. Үдийн цайны цаг болон дүү хүүг ирэх бараанаар чимшо руу алхтал өөдөөс Накамура сан /эзэн/ хоёр дугтуйтай мөнгө барьж гар чирсэнээ “Энэ өнгөрсөн сарын цалин, энэ нь саяын долоо хоногийн цалин” гэж өгчихөөд өөр юу ч хэлэлгүй эргээд алхсанаар миний хувьд завшаантай хэрэг болон, энэ “Урусай* эзэн” (яршигтай, төвөгтэй)-ийд есөн сар хагас ажиллаад сэтгэл дүүрэн эргэсэн дээ. Уг нь би долоо хоногийн барьцаагаа хаяж явах гэж байсан ч азаар Масутогын буянаар цалингаа бүтэн авсан нь энэ.
Одоо яая гэх вэ, алдсан хүний арван тамаа гэж. Алдсан ачааныхаа машиныг намайг л гулруулчихлаа гэж хардаад боож үхэх гээд байсан нь тэр юм билээ. Тэгтэл сар гарангийн дараа над руу утасдан ирж ажлаа хий, цалинг чинь нэмье гэж утасдсаныг бодоход ганц номхон, гол ажлыг нь нугалж байсан “ажлын мал”-аа хэрэггүй явуулсанаа хэзээ хойно ухаарч байгаа юмсан уу даа. Баагий хүү эр хүнд нэг л пялуулна уу гэхээс хоёр дахиа яагаад ч пялуулахгүй ээ гэх...
Жил гарангийн дараа хажуугаар нь гарахад модондоо дарагдчихсан миарч эхэлж байгаа нь илт харагдаж байлаа. Өнгөрсөн зун Чиба орчихоод буцах замдаа мөн л дэргэдүүр нь гарахад аль хэдийн танил дотно, нүдэнд дасал болсон “NANSOU-SHIGENKATA” гэсэн хаяг нь алга болон оронд нь миний мэдэхгүй аалзан үсгүүд арзайж огт танихгүй Наран хүмүүс тэс өөр ажил хийж харагдсандаа.
 
С.Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай 2008-01-10
 
ТАЙЛБАРУУД:
Урусай* - яршигтай, төвөгтэй
Эки** - ТЗ-ын, метроны буудал
Деншя*** - Метро 

Хужики* - гуйлгачин
Каше** - пүүс, компани       
Мацури*** - баяр, ёслол
Денкия-сан* - Цахилгаанчин, цахилгааны компани
Татами** - Японы уламжлалт сүрлэн шахмал ширдэг
Чимшо***- Ажлын байр, контор
Гайжин, гайкюжин* -Гадаадын иргэн


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.