05 сарын 03, Баасан
°C
USD 3,380.31
USD 3,380.31
EUR 3,622.00
JPY 21.74
GBP 4,235.02
RUB 36.63
CNY 466.82
KRW 2.46

ХАШАА /Егөө/

..Аа-аа-ааан,за нэг сайхан эвшээгээд суниачихлаа.Ах маань харагдана уу?...Аан энд байх шиг байна,ахаа өлсөөд байна юм идье ээ-ээ-ээ! -Цаад талхны саваа цэвэрлээ.Овоо үйрмэг үлдсэн байх учиртай...Хэц-с,овоогоо ч алддаа,аан гэхдээ хурдлахгүй бол дүү өрсчихнө,алив гялс...ням...ням...Өө дуусчихлаа.За яах вэ ямарч байсан нэг юм өл залгачихлаа. За одоо харин нэг жаахан ч удаа гол ороод авсаных уншигч тантай танилцаад авъяа.Намайг Түмэн-дрА гэдэг л дээ.Учир нь би залхуу,идэмхий унтаахай мөртлөө хэл ам минь гүйцэгддэггүй дараатай нэгэн болохоор "дрА" гэж өхөөрдсөн юм гэнэ билээ.

Дээрээ нэг ахтай.Ахыгаа зүгээр л нэр цээрлэдэг тэр л заншлаар Ах л гэе..Гэхдээ ах минь жижигхээн биетэй ч билчээр томтой хойд хамар хашааны Монхор ахтай төрсөн ах,дүү шиг байж чаддаг,урд хамарын Далай сайн найзтай эгээ л хэлхээтэй юм шиг байж чаддаг их ухааны хүн л дээ. Бас,бус зөндөө олон найзтай. Би бол Оргилболдоос ч том биетэй ч унтах,сэрээд ахаас идэх юм нэхэхээс өөр ажилгүй жаргалтай нэгэн.Дүү минь харин жаахан зовлон үзсэн ч түүнээ огт тоодоггүй өөдрөг л дөө. Ээж маань өгсөн нэр юм гэнэ билээ.Эмзгээ гээд их хөөрхөн өхөөрдсөн нэртэй өрөвдмөөр нэгэн л дээ.

Хэнз юм болохоор нь их жижигхэн,давжаа болох байх гээд Эмзгээ гэж өхөөрдөж өгсөн нэр юм гэнэ билээ.Одоо бол харин манай Эмзгээ жил болгон өсөж томорсоор Ахаас ч тэр биеэрээ хамаагүй өсгөлүүн болчихсон л доо.Эр өснөө гэж. Уг нь Эмзгээ маань 10 гаран 20 шахуу л настай болохоор та урд өмнө нэрийг нь сонсоогүй,өөрийг нь үзэж хараагүй ч байж магад л даа. Манайх гэдэг айл овоо том хашаатай.Урд нь өндөр өвгийн үед бүүр ч том байсан юм гэнэлээ.Гэхдээ одоо ч гэсэн манай хашаа бол Наран гуайн хашааг 4 нийлүүлсэн юм шиг том гээд бодохоор бас ч гэж овоо том хашаа байгаа биз?.Та манай урд хашаан дээр гараад хар даа...Энэ Далай гуайн хашааны тээр тэр цаад булангаад хуучин саарал тоосгон хашаа харагдаж байгаа биз?Тэр хүртэл уг нь манай хашаа байсан гэнэлээ.За,одоо Монхор ахын хашааны тэр нэг тогтоол ус байнаа?

Тэрнээс чинь цаадах,бүүр цаадах газар нь ч бас л манай хашаа байсан юм гэнэлээ.Өндөр өвгийг нас барсных нь дараа хөвгүүд нь ийм том хашааг булаацалдаад хоорондоо зодолдож байх араар нь Монхор гуайн өвөө ч тэр,Далай гуайн өвөө ч тэр хашаагаа наашлуулж хатгаад хороо хориноос газрын бичгий нь авчихсан байсан юм гэнэ билээ.Тэгэхдээ тэр нь ч бас дээр л дээ.Даахгүй нохой булуу хураана гэж,тэр том хашааг би л лав,цэвэрлэж арчилж тордож чадахгүй юм чинь.Яагаад гэвэл Ах айлын том гээд ихэрхээд юун тэр цэвэрлэгээ,мэвэрлэгээ...Эмзгээ болохоор би айлын бага эрх хүүхэд байх учиртай,ажил битгий хэл сураагүй гээд хойшоо урвайгаад саваад уначихна.Тэгээд л том биетэйгээр нь надад л тэр хар бор ажил нь оногдоно.Гэхдээ би ч бас тэнэг биш юм болохоор Ахыг шүүр,хувин,гаргуур,угаалгын нунтаг,шалны саван бас шалны мод,бас шалны...гээд өөр бас бус зөндөө юм нэхээд сандаргачихна.

Тэгэхээр ах тийм их юм авах мөнгө хэтэвчнээс нь гарах болохоор чимээгүй болчихно.Тэгээд л би хийх ажилгүй унтаж байгаад...Аа-аа-ааавввв...Яасан сайхан эвшээвээ?Уншигч та залхуурахгүй бол намайг жаал хүлээгээрэй.Түмэн-дрА нь жаал унтчихаад босч ирээд хоёулаа буу халъяа... -Айн,идэх юм байгаа юм уу?Тэгээд түрүүний хэлэхгүй дээ...Аан байхгүй юм уу?Би ч өлөн унтаж сурчихсан юм өө...Аа-аа-ааавввв...Хрррр-хррр-хррр... ...Ёо-ёо-ёо,сайхан унтах гэсэн чинь Ахын нөгөө Түмэн-дрА дүүгээ үйрмэг иддэггүй,өөрөө талхаа зүсээд иддэг болгоно гэснийг зүүдлээд сэрчихлээ.Ахаа,өлсөөд байна.Би юу идэх юм бэ?...Талхны саваа?Талхны савыг өнөө өглөө хоггүй болтол нь долоочихсон шүү дээ,өлсөөд байнаа! Айн?Өө та цайгаа уучихсан юм уу,түрүүний хэлэхгүй дээ.Ширээн дээрхийг хамах юм уу?Ураа!Өө,ахаа талхны таваг чинь баргалж л юмгүй байна шүү дээ.Гэхдээ үнхчихье,хөп...ням...ням. Түрүүн юу ярьж байлаа,би чинь өнөөдөр ямар яриа болчихоо вэ?...Аан,тийм л дээ.Унтаж босч ирээд л Ахаас яг саяынх шиг юм нэхээд үйрмэг,мүйрмэгхэн олоод үнхчихнэ.

Ах маань жаахан нэрэлхүүдүү.Хамар хашааныхан,ер айл аймгийнхан харвал миний дүү нар цатгалан юм шиг цаад чүдэнзнийхээ модноос аваад шүдээ чигчийлээрэй.Цатгалан хүн чинь хүнд гоё харагддаг юм байхгүй юу гээд л сургана.Ахын үлдээдэг үйрмэгнээс арай өөр юм идмээр санагдвал хашаандаа байгаа өнгө,өнгийн чулуунаас ч юм уу,аль эсвэл та энэ гэрийн араар хардаа,хэдэн бут,бургас байгаа биз?Эндээс Ахаас нууж байгаад хэдэн тэврийг сэмхэн урд хамрын Далай гуайн хөвгүүдэд хашааны завсраар өгөөд боов,боорцог төмс,лууванхнаар сольчихдог юм.Гэхдээ дандаа үйрмэг иддэг надад арай ахдаад байдаг юм болов уу даа,пологтчих гээд сандаргаад байдаг юм.Бас манай хашаанд бид нар жоохон хүүхэд байхдаа гар резинээр байлддаг байхдаа хийж байсан хөнгөн цагаан сум,заримдаа бүүр зэс,гуйлан сум ч олдоод байдаг юм.Усны тэрэг эвдрэхээр аавын багладаг байсан пэрээс /пресс/-ний төмөр утас ч байдаг.

Далай гуайн хүүхдүүд нь хашааны завсраар дуудаад наадхаа түүгээд өг гээд л байдаг ч Ах тэгүүлэх үнэхээр дургүй.Дургүй юм уу гэхээр Далай гуайн хүүхдүүдэд хашааны урд руу байгаа аргал,хөрзөнг зүгээр өгөөд байна.Надад хэлэхдээ хог төдий юм,хоёрхон тэргийг өөрөө түүгээд ав гэчихлээ.Чи ямар тэр хогийг түүж цэвэрлэж чадах биш гэнэ.Далай гуайн хүүхдүүд үнэхээр ажилсаг болохоороо 2 тэрэг ав гэхэд л тэнэг юм шиг тэр хогийг 20-30 тэрэг ч хамаагүй түүгээд цэвэрлээд өгнө.Би өөрөө түүмээр байсан ч залхуу хүрээд,дээр нь Ах хориод тиймэрхүү заваан ажил надаар хийлгэдэггүй юм.Намайг жаахан өнгийн чулуу түүгээд нааш,цааш болгох гэхээр Ах "Гэнэт олсон чулуу" юм чинь арван чулууныхаа зургааг нь,үгүй ээ долоог надад заавал өг гээд дээрлэхээд байдаг юм.Манай Ах Түмэн-дрА дүүгээ энэ мэтчилэнгээр их харж үзнээ.Эмзгээг бол өрөвдөөд л хөөрхийлөөд байна.Манай муу Эмзгээ ч яах вэ,Далай гуайн хүүхдүүдээс миний өнгө,өнгийн чулуугаар сольж авсан хулгана,жоомны хороор ч болтугай хоол хийгээд өөрийгөө аргалаад байдаг юм.

Тэр өвдөнө зовно гэж айлтгүй.Өвдсөн ч Ах маань нэг сайхан хөөрхийлөхөд л эдгэчихнэ.Зундаа бол энэ гэрийн урдуур урсдаг горхины эрэг дээр л хэвтэж байна.Өвөл эрх биш гэрт ороод пийшингийн доогуур,тогооны саван доогуур ч юм уу нэг жоохон хөндий байхад л Эмзгээд хангалттай.Нээрээ горхи гэснээс манай хашаанд том,жижиг тогтоол уснууд зөндөө байсан.Хойшоо урагшаа урссан том жижигхэн горхинууд ч зөндөө л байсан.Ойрдоо бороо ороогүй болохоор ихэнх нь хатчихаад байгаа юм.Нээрээ жаахан үйрмэг идчихсэн,дээр нь өөртэй чинь баахан чалччихсан чинь ам хатаж байна.Би гарч ойроор нь гэрийн гадаах горхиноос хэд балгаад,нүүрээ угаачихаад ирье... Өө зайлуулаа,өмхийрөөд ногоороод уух нь байтугай нүүр угаах ч аргагүй болоод зарим газраараа тасарчихаж.За байз,гэрийн арын хэдэн бургасанд байдаг тогтоол ус руу тос асгачихсан,тэр ч бас ууж болохгүй.Баруун зүүн тийш явъяа гэхээр гуталгүй хөл нүцгэн явахад манай хашаа хад,чулуу хог ихтэй хэцүү л дээ.Нааш,цааш явдаг хэдэн жимтэй бол ч явж ус ууж,нүүрээ угаачихмаар л байна...

Айн юу гэнээ,Ахаа?...Өө ямар гоё вэ,манай хашааны зүүн булангаас баруун өнцөг хүртэл Далай гуайн хүүхдүүдээр жим гаргуулахаар болсон гэнээ?...Айн,би юу?Тэр жимээр тэгээд "Гялаан" /машины халзарч хээгүй болоод хаягдсан дугуй/ түрээд гүйсэн ч болох юм уу?Ээ гялай,ээ гялай ингэж башийх гэж,ямар гоё вэ?...Ахаа та тэгээд "Маргаашийн жим" гээд бүүр нэр өгчихсөн юм уу?Ах маань ийм л сэргэлэн хүндээ.Түмэн-дрА дүү намайгаа зовоохгүйгээр Далай гуайн хүүхдүүдээр тэр жимийг гишгүүлж байгаа юм байна.За тэр маргааш нь түргэн болоосой,"Маргаашийн жим"-ээр түрэх гялаангүй ч явж үзнээ...Аа-аа-аааааввввввв,За ингээд нойр хүрээд эвшээгээд эхэлдэг юмаа...Хрррррр-хррррррр-хррррррррр... ...Аа-аа-аааааавввввв,за нэг сайхан эвшээгээд,суниачихлаа.Энэ чинь юу билээ,маргааш болчихсон байгаа юм уу?За тэгвэл гарч Ахын нөгөө "Маргаашийн жим"-ээр алхалдаг хэргээ хө...Юу вэ,энэ чинь?Яагаад гэрийн хаалга онгойхгүй байнаа,Ахаа?...Хүүе Ахаа та хаана байнаа?Би өлсөөд байнаа,юу идэх юм бэ?...Үгүй ээ,энэ Ах хааччихдаг байнаа?

За ямар ч байсан тооноор толгойгоо цухуйлгаад нэг хараад орхиё...Юу вэ,энэ чинь?...Юуны чинь "Маргаашийн жим" гэж???Хашаа барьчихсан байх чинь вэ?...Ахаа та хаана байна вэ?...За,за ямарч байсан ширээн дээрээс жаахан ч гэсэн үйрмэг олж үмхэхийг бодъё,Ах заавал ямар нэгэн юм Түмэн-дрА дүүдээ үлдээдэг юм чинь...Үйрмэг алгаа,өө энэ юун цаас вэ?...Долоо дугаар ангийн Түүхийн сурахын арын хуудас шив дээ...Өө ах маань надад бичиг үлдээсэн байна шүү дээ...Үйрмэг тэнд,энд байгаа л гэж байгаа байх даа,бодвол.За уншъя байз..."АХ НЬ ХАШААГАА ТАЛЛААД МОНХОР АХ, ДАЛАЙ САЙН НАЙЗ ХОЁРТ ЗАРЧИХСАН ШҮҮ!ТА ХОЁР АЯАА БОДООРОЙ"...

С.Б.Бат-Эрдэнэ.Япон,Ивай.2007-07-12

Жич: Энэ бол өнгөрсөн зуны байдлаар миний ажигласанаар иймэрхүү л байлаа. Гэтэл өнгөрсөн долоо хоногын байдлаар ашигт малтмалын 45%-ыг ашиглахгүй хадгална гэсэн мэдээ гарч ирж байна. Байгаа юмаа хайрлах нь нөөцлөх нь хадгалах нь зөв л байлгүй яах вэ гэж. Гэхдээ хамгийн сонирхолтой нь “Маргаашийн жим” –ээс хойшихыг нь хөндөхгүй хадгалъя гэж байх юм. За даа мань мэтийн “Түмэн дрА” яаж л “Ах”-ынхаа араншинг танив гэж…

С.Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай 2007-11-07 /Аугаа их Октябрын… за,за халуурах нь больё гэж/


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.